Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 17

 

 

 

Ч.Батбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Анхбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Одгэрэл /онлайнаар/  түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, шүүгдэгч Ч.Батбаяр түүний өмгөөлөгч Б.Хосбаяр, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолтой, Ч.Батбаярт холбогдох эрүүгийн 173700002002 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг  үндэслэн, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Усныхан овгийн Чимэддоржийн Батбаяр нь Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хилийн цэргийн 0130 дугаар ангийн Ярантийн заставын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа албандаа хайнга хандаж хууль захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу Монгол улсын хилийн зурвас бүхий газарт зохих хяналт тавьж ажиллаагүйн улмаас хохирогч З.Одбаяр нь хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч “Жарын тохой” гэх газарт байх Булган голд загасны тор татах гэж байгаад живж амь насаа алдсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Усныхан овогт Чимэддоржийн Батбаярыг хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, хайнга хандсаны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Чимэддоржийн Батбаярын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 6 сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр  1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Батбаярт тэнсэгдсэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Батбаярын тэнсэгдсэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд Ч.Батбаяр нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Батбаяраас 3178591 / гурван сая нэг зуун далан найман мянга таван зуун ерөн нэг/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Одгэрэлд олгож, 6123469 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Батбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учруулсан хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээнд нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд шүүгдэгчийн бичиг  баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Батбаяр түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт мөрдөн байцаалт явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн байна. Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн хүн бүрийг прокурорын шийдвэрээр дуудан ирүүлсэн талаар мөрдөгч нь тэмдэглэлд бичсэн байдаг гэтэл хавтаст хэрэгт прокурорын шийдвэр болон гэрчийг дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас байхгүй ба гэрчүүд нь өөрсдөө сайн дураараа зөвшөөрч очиж мэдүүлэг өгсөн гэж дүгнэх баримт хэрэгт байдаггүй энэ нь дээрх хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан мөрдөгч нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагчаас мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах зайлшгүй шаардлагатай бол прокурорын мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлнэ. Мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.34 дэх хэсэгт заасан Прокурорын шийдвэр гэж Прокурорын тухай хуулийн 31.1-д заасныг гэснийг зөрчжээ. Хэргийн оролцогч биш хүнээс гаргасан гомдол, хүсэлтүүдийг шийдвэрлэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн шинжээч томилох тогтоол, шинжээчийн дүгнэлтүүдийг хэргийн оролцогч биш хүнд танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1, 15.4 мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4, 27.7-д заасныг тус тус зөрчжээ. Дээрх зөрчлүүдийг үл хайхран шийтгэх тогтоол гаргаж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3 мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол гэснийг зөрчсөн байна.

             Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа туйлын хангалтгүй буюу зөвхөн яллагдагч Ч.Батбаярыг буруутгах, яллах байр сууринаас хийгдсэн гэж үзэж байна. Учир нь тухайн хэрэг учрал гарах үед амь хохирогчтой хамт байсан гэх нэр бүхий хилийн цэргийн албан хаагчдын үйлдлийг нарийвчлан тогтоох талаар ямар ч арга хэмжээ аваагүй байдаг.         Тухайлбал нэр бүхий албан хаагчдын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дураараа аашлах, хууль бусаар ан агнах, цэргийн албанаас оргон зайлах, хилийн алба хаах журам зөрчих зэрэг гэмт хэргүүдийн шинж байна гэж үзэж байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад заставын дарга нь хилийн зөрчлийг биечлэн илрүүлэх талаар ямар нэгэн дүрэм, журмаар үүрэг хүлээдэг талаар нотлох баримт хэрэгт байдаггүй гэрчүүдийн болон яллагдагчийн мэдүүлэгт дурдсан биечлэн хяналт тавих талаарх эх сурвалж болох /заавар, дүрэм, журам, хуулийн заалт, заставын даргын ажлын байрны тодорхойлолт/, мөн ангийн даргын цөөн хүчээр хил хамгаалах тухай тушаал зэрэг бичиг баримтууд хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд бодит байдал болон нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоогоогүй гэж үзэж байна гэжээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2-д Хууль сахиулагч, эмнэлгийн ажилтан, шуурхай яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх албаны ажилтан үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон, бусдад их хэмжээний хохирол учирсан бол гэж... уг хэргийн субъектийг тодорхой дурьдсан байхад шүүх шийтгэх тогтоолоор Ч.Батбаярыг албан тушаалтан албандаа хайнга хандаж хууль, захиргааны актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж мөн Хилийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2. 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь хэсгүүдэд заасан хил хамгаалах байгууллагын эрх үүргийг заставын даргын эрх үүрэг мэтээр дүгнэснийг шүүх хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

            Мөн шүүгдэгч Ч.Батбаяр нь хууль сахиулагч мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдоогүй буюу эргэлзээтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэв.

            Прокурор шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолтой танилцаад гаргасан хариу тайлбартаа: Гэрчээс мэдүүлэг авахдаа прокурорын шийдвэрээр дуудан ирүүлсэн гэж байцаалт авсан байх боловч гэрчийг дуудсан тэмдэглэл хавтаст хэрэгт байхгүй мөн шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтийг З.Одгэрэлд танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

             Шүүх уг зөрчлүүдийг үл хайхран хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг туйлын хангалтгүй буюу зөвхөн яллах байр сууринаас мөрдөн байцаалт явуулсан.        Ч.Батбаяр нь хууль сахиулагч биш байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг зүйлчилсэн нь хууль буруу хэрэглэсэн байна.’ гэжээ.

            Шүүгдэгч Ч.Батбаярт холбогдох эрүүгийн 1737000020002 дугаартай хэргийг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхээс хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтууд болох хохирогч З.Одгэрэл, шинжээч эмч Б.Цэндхүү. гэрч Б Батжаргал, Э Булганбаяр. Б.Отгонпүрэв. Б.Энхсайхан, Ч.Анхбаяр нарын мэдүүлэг Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлт, ажлын байрны тодорхойлолт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудын хүрээнд шийдвэрлэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна

            Мөрдөгч гэрчээс мэдүүлэг авахдаа прокурорын шийдвэрээр дуудан ирүүлсэн гэж мэдүүлэг авсан нь хэргийн оролцогчийн хэн нэгний хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй, эрхийг зөрчөөгүй харин мөрдөгч гэрчээс мэдүүлэг авахдаа прокурорын шийдвэрээр дуудан ирүүлсэн гэж бичсэн нь мөрдөгчийн гаргасан бичиг техникийн алдаа юм.

            Харин шинжээчийн дүгнэлтийг 3.Одгэрэлд танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж шүүгдэгчийн өмгөөлөгч үзсэн байх ба хэрэв З.Одгэрэлийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль бус гэж үзсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох, өөрчлөх талаархи санал, хүсэлт"-ийг үндэслэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж уг асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан ба өмгөөлөгч уг асуудлаар санал хүсэлт гаргаагүй нь уг ажиллагаа хууль ёсны гэж үзэх хангалттай үндэслэл юм. Мөн уг ажиллагааг шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнээгүй болно.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч "хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг туйлын хангалтгүй буюу зөвхөн яллах байр сууринаас мөрдөн байцаалт явуулсан" гэж гомдолдоо дурдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно." гэж заасан үүргийнхээ хүрээнд мөрдөн байцаалтаар хэрэгт хамааралтай яллах болон цагаатгах, хүндрүүлэх болон хөнгөрүүлэх бүхий л нотлох баримтыг цуглуулж хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “шүүгдэгч Ч.Батбаяр нь хууль сахиулагч биш байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг зүйлчилсэн нь хууль буруу хэрэглэсэн байна" гэж гомдолдоо дурджээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хууль сахиулагч, эмнэлгийн ажилтан шуурхай, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх албаны ажилтан үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон, бусдад их хэмжээний хохирол учирсан бол” гэж гэмт хэрэг байхаар хуульчилсан. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлд “Хууль сахиулагч" гэж цагдаа, тагнуул, тахар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно гэж тайлбарласан байна.

            Уг тайлбараас үзэхэд шүүгдэгч Ч.Батбаяр нь заставын даргын ажлыг түр оролхоор ажил хүлээлцсэн акт, тэмдэглэл болон ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээдэд хамаарах тул гэмт хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй болно. Шүүхээс уг хэргийг эцэслэн хянан шийдвэрлэж, шүүгдэгч Ч.Батбаярыг гэм буруутайд тооцохдоо хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно гэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Одгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой маргах зүйл байхгүй. Шүүх хуулийн дагуу хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолтой танилцсан. Тухайн үед заставын даргын үүргийг гүйцэтгэж байсан шүүгдэгч нь хилийн зурваст хоёр машин нэвтрэн орохыг харсан хэрнээ хяналт шалгалт хийгээгүй учир уг хэрэг гарсанд гомдолтой байна. Иймээс шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

            Хохирогчийн хууль ёсны өмгөөлөгч Б.Ганбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчид хүндэтгэн үзэх шалтгаан байсны улмаас үүргээ зохих ёсооор гүйцэтгээгүй байна гэж үзэх үндэслэлгүй юм. Шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо шүүгдэгчийг хууль сахиулагч биш байхад хууль сахиулагчаар зүйлчилж оруулж ирсэн нь буруу бөгөөд нотлох баримтууд нь хуулийг зөрчсөн гэж гомдол гаргасан уг гомдол нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь шүүгдэгч нь хууль сахиулж байсан гэдэг нь тогтоогдсон учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдолд дурдсан  асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

            Прокуророос Ч.Батбаярыг Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хилийн 0130 дугаар ангийн Ярантийн заставын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа албандаа хайнга хандаж хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу Монгол Улсын хилийн зурвас бүхий газарт зохих хяналтыг тавьж ажиллаагүйн улмаас хохирогч З.Одбаяр нь хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч “Жарын тохой” гэх газарт байх Булган голд загасны тор татах гэж байгаад живж амь насаа алдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүхээс Ч.Батбаярыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг шийдвэрлэжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэг дүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг хуульчлан тодорхойлсон ба энэ хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.”

            -1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”

            -2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заажээ.

            Хэргийн баримтыг шинжлэн судлахад: Ч.Батбаяр нь. . .албандаа хайнга хандаж хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байна.

            Өөрөөр хэлбэл Ч.Батбаяр нь ямар дүрэм, журам, тушаал, заавар зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой тогтоогдоогүй мөн хууль сахиулагч мөн эсэх дээрх гэмт хэргийн шинж байгаа эсэх болон” Жарын тохой “гэх газар нь “ Хилийн зурвас  газар “ мөн болохыг ямар хууль, эрхийн актаар тогтоогдож байгаа  нь тодорхой бус Ч.Батбаяр нь заставын даргын ажлыг орлож байсан гэх боловч эд хөрөнгө хүлээлцсэн актаас өөр баримт байхгүй бөгөөд тушаал гаргасан эсэх нь тогтоогдоогүй байна.

             Дээрх хэргийн нөхцөл байдлыг шалгаж тогтоосны үндсэн дээр Ч.Батбаяр нь ямар төрлийн /шинжтэй/ гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгаж шийдвэрлэх нь зайлшгүй шаардлагатай байна

             Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дээр дурдсан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэхээр заасан байна.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулах шаардлагатай байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Батбаярт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Батбаярт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар мөн шүүхэд буцаасугай.

            2.Хэрэг шүүхэд очтол Ч.Батбаярт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

            3.Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ,

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Н.ТУЯА

 

                    ШҮҮГЧИД                                               Д.МӨНХӨӨ

          

            Б.ДАМБА