Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 967

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Л.Оюун, шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,  

нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

иргэдийн төлөөлөгч С.Сүмжидмаа,

шинжээч О.Болороо,

гэрч Б.У,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М , түүний өмгөөлөгч Д.Нарангэрэл /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2356/,

шүүгдэгч Ж.Б , түүний өмгөөлөгч Ш.Оюумаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0596/, Г.Ганбат /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1912/ нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ж-н Б-д холбогдох  1905005620135 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны .... дугаар сарын ....-ны өдөр .... улсын .... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн .... дугаар хороо, ... ... дугаар гудамж, .... тоотод оршин суудаг улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: /, Х овогт Ж.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ж.Б  нь 2019 оны 1 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр ... дугаар гудамжны ... тоотод оршин суух гэртээ С.Б хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар маргалдаж С.Б толгойн тус газар нь цохиж гавал тархины гэмтэл учруулан алсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ж.Б-г Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

 

Талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан яллах, цагаатгах дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

            Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн “...Баянгол дүүргийн ... дугаар хороо ... тоотоос С-н Б  нь 103-аар гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн ирж эрчимт эмчилгээний тасагт нас барсан...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 3 тал/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 4-13 тал/,

 

            Цогцост үзлэг хийсэн “...духны баруун дээд хэсэгт 1,8 см, 2 см хоорондоо тэгш өнцөг үүсгэсэн шархтай. Оёдол тавьсан уг шархны баруун талаар болон доод хэсгээр хавдсан, шархнаас цус гарч арагш дагз руу урсаж хатсан, духны баруун хажуу, хажуу баруун хацраар 1,2*0,2 см хүртэл хэмжээний жижиг зулгаралт, хамрын баруун угалзанд 1,3**0,2, 0,5*0,2 см, эрүүний төвгөрийн баруун талд 0,6*0,2 см зулгаралттай, хамрын баруун нүхний амсараас уруулын салт хүртэл эрүүний зугаралттай ижл чиглэлтэй 3*0,3 см зулгаралттай уг зулгаралтын 0,5 см хэсэгт мэс заслын оёдол тавьсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн- 14-18 тал/,

 

            Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн ... дугаар хороо ЗН-...  тоот хашаанд байрлан 4 ханатай урдаа модон амбаартай монгол гэр байна. Монгол гэрийн модон амбаарнаас хаалганаас Ертөнцийн зүгээр баруун тийш доош уруудсан хэсэгт үзлэг хийхэд, хаалганаас баруун тийш уруудсан газар байх ба өндөрлөсөн хэсгээс доош 3 метр 60 см зайд шаргал өнгийн өвс мэт зүйл байх ба доош уруудсан хэсэг рүү налсан байдалтай байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 19-24 тал/,

 

            Шүүгдэгч Ж.Б-биед 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр үзлэг хийсэн “...Хүзүүний ар хэсэгт хэсэгт 0,1*4 см хэмжээтэй хөндлөн шархтай, хамрын зүүн талд 0,5*4 см хэмжээтэй шархтай, баруун гарын бугалганы гадна хэсэгт 0,3*0,3 см хэмжээтэй шархтай, баруун гарын чигчий хурууны үеэн дээр 0,2*2 см хэмжээтэй шархтай, Зүүн гарын шуу хэсэгт 3,5*1 см хэмжээтэй шархтай, зүүн гарын тохой хэсэгт 0,5*0,2 см хэмжээтэй хуучин шархтай...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 28 тал/,

 

            Цагдаагийн ахлах дэслэгч Д.Шандас, Г.Д нарын “...Баянгол дүүргийн ... дугаар хороо ...  тоотод оршин суух Ж овогтой Б нь талийгаач С  овогтой Б тай хамт архи ууж байгаад хоорондоо маргалдсаны улмаас холбогдогч Б нь хохирогч С.Б ыг модоор зодоод байхаар нь гэрийнхээ гадаа байдаг уруу хэсэг рүү түлхээд унагасан ба араас Б гэж дуудахад юу гэж хариулж байсан тэгэхээр би зүгээр байна гэж бодоод гэртээ орсон гэснийг БС-лагаар илрүүлэн тогтоож гэрчийн мэдүүлэг авч ажиллагаа...” гэсэн илтгэх хуудас /1 хх-ийн 30 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /1 хх-ийн 46, 47 тал/,

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 21 цагийн орчим найз Б-тэйгээ утсаар яриад түүний гэр рүү явсан. Шөнө 23 цагийн орчим манай нөхөр Б-н утсаар яриад би Б-д байна оройтвол энд хононо гэхээр нь би болж өгвөл гэртээ ирж хоноорой гэж хэлсэн. 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өглөө 07 цагийн орчим Б-н 94160350 гэсэн дугаар руу залгаад Б  байна уу гэхэд Б  энд хоноогүй, орой чамтай ярингуутаа гараад явсан гэж байсан. Өөр юм хэлээгүй. Тэгээд ... цагийн орчим цагдаа нар манай нөхөр Б ыг нас барсан талаар надад мэдэгдсэн. Талийгаачийн шарилыг нь гэмтлийн эмнэлэг дээр очиж харахад хамрыг нь дагаж цус гарч, духны дээд хэсэгт оёдол тавьсан. Дагзны баруун хэсэгт нь хавдар үүсэж цус шүүрсэн байсан. Мөн гэмтлийн эмч гавлын яс цуурсан, цус хурсан, цус харвасан, их олон гэмтэлтэй гэж байсан. Тиймээс уг байдлыг гадны нөлөөтэй гэж үзэж байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 64-65 тал/,

Мөн гэрчээр мөрдөн шалгах  ажиллагаанд өгсөн: “...Би Хар хорин захын гадна талбайд хувиараа худалдаа эрхэлдэг юм. Тэгээд тэр өдөр зах тараад орой 19 цаг өнгөрөөд 20 цаг болох гэж байхад гэртээ харих гээд хорооллын эцсийн буудал автобусны буудал дээр буухад талийгаач нөхөр маань намайг тосож аваад бид хоёр гэртээ 20 цаг өнгөрч байхад хамт ирсэн юм. Тэгэхэд манай бага охин О сая Б ах ирээд явлаа гэсэн чинь талийгаач нөхөр маань Б рүү утсаар яриад гэрт нь очихоор болоод 20 цаг 30 минутын үед Б-ний гэр лүү явсан юм. Талийгаач нөхөр маань гэрээс гарахдаа архи согтууруулах ундаа хэрэглээгүй, биед нь гэмтэл шархгүй гарсан юм. Тэгээд орой нь 23 цаг өнгөрч байхад яг хэдэн цаг болж байсныг нь мэдэхгүй байна над руу талийгаач нөхөр маань Б-ний утсаар миний 89125635 дугаарын утсаар залгаад би Б-тэй нэг юм уугаад сууж байна гэхээр нь би аятайхан шиг уучихаад хүрээд ир аль эсхүл наанаа хоночихгүй юу гэж хэлээд утсаа тасалсан байсан юм. Түүнээс хойш яриагүй байж байгаад маргааш өглөө нь 07 цагийн үед би Б рүү залгаад нөхрийгөө асуухад Б чамтай ярьсныхаа дараа гараад явсан шүү дээ гэж хэлсэн юм. Архи уусан үедээ заримдаа жаахан үгэлж байгаад л унтаад өгдөг бусдаар хэн нэгэнтэй маргалдаад зодолдоод байдаггүй юм. Талийгаач нөхөр маань мэдэрлээ алдатлаа архи уудаггүй болохоор яаж ч уусан гэртээ хүрээд ирдэг, архи уусан юм чинь гуйвж дайвах юм байдаг, гэхдээ унаж тустлаа архи хэзээ ч ууж байгаагүй. ...Б нь хөдөө гадаа яваагүй үедээ өдөр болгон манайхаар орж ирж гарч байдаг 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр манайхаар Б орж ирсэн. Тэгэхэд Б-ний биед гэмтэл шарх учраагүй байсан тэр үед Б сургалтанд суугаад шалгалт өгөх гээд байна гээд л цэмбэгнээд л яваад байсан юм...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 42-43 тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 29-ний өглөө би гэртээ байж байтал манай ээж Ц  09 цагийн үед над руу утсаар залгаад аав чинь өнгөрчихсөн байна гэж хэлэхэд нь би итгэхгүй үнэн юм уу гэхэд ээж маань үнэн цагдаа нар гэрт ирчихсэн байна, гэрт хүрээд ир гэж дуудахаар нь би шууд ээж аавынхаа Баянгол дүүргийн ... дугаар хороо Зүүн нарангийн .... тоот гэрт нь очиход цагдаа нар ирчихсэн аавыг маань нас барсан гэдгийг хэлсэн юм. Би хамгийн сүүлд аавтайгаа 2019 оны 01 дүгээр сарын сарын 20-ны өдөр гэрт нь очиж уулзсан ба 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 13 цаг өнгөрч байхад дүү О ийн утсаар нь видео колл хийж ярихад аав маань зүгээр эрүүл саруул гэрийнхээ цэвэрлэгээг хийгээд байж байсан юм. Гомдолтой байна. Оршуулгын зардалд 6,000,000 төгрөг орсон байгаа баримтуудыг хэрэгт хавсаргуулж байна. Гэмт буруутай этгээд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 69-70 тал/,

 Шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манай аавыг нас барснаас хойш энэ хүн нэг ч удаа манайд ирж бид нартай уулзаж уучлалт гуйгаагүй. Оршуулын зардал өгөөгүй. Оршуулыцн зардал 5.728.819 төгрөг, бинзен 800.000 төгрөг болсон. Оршуулгад явсан буяны машины зардал учраас хасахгүй, нэхэмжилнэ. Мөн өмгөөлөгчид төлсөн зардлаа гэсэн гаргуулмаар байна. Аавыг маань алсан учир хариуцлага хүлээлгэж ял өгмөөр байна. Эрүүл байсан хүнийг гэртээ дуудаж ирээд алсан. Энэ хүн анх мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчтэй өгсөн. Манай гэрт чөлөөтэй өдөр, шөнөгүй ирж идэж уудаг, ном уншаад суудаг байсан байж одоо худал хэлж байна. Манай аав 57 настайдаа нас барсан. Маш их гомдолтой байна...” гэв.

 

Гэрч Г.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би аав Б , ээж Ц  нарын хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо Зүүн нарангийн ... тоотод оршин суудаг байсан юм. 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өглөө манай аав маань өөрийн төрсөн ахын буяны ажилд яваад ... цагийн үед гэртээ ирчихээд ... цагийн үед ээжийг хорооллын эцсийн буудлаас тосож авах гээд явсан юм. Аавыг ээжийг тосохоор явсны дараа аавын найз Б манайд ирж аавыг асуучихаад гэрлүүгээ яваад өгсөн юм. Тэгээд аав ээж хоёр 20 цаг болж байхад гэртээ ирэхэд нь би аавд Б ирээд таныг асуучихаад явлаа гэсэн чинь аав намайг утсаараа Б рүү залгаад өгөөч гэхэд нь би өөрийн 86125635 дугаарын утаснаасаа Б-ний утас руу залгаж хаана байгааг нь асуухад Б би гэртээ байна гэсэн. Тэгээд аав маань би Б-д очиж юм аваад ирье гээд 21 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад явсан юм. Тэгээд ээж бид хоёр унтах гээд байж байтал аав маань 23 цаг өнгөрч байхад Б-ний утсаар ээжийн утас руу залгаад бид хоёр юм яриад сууж байна, жаахан юм уучихлаа энд хоночихож ч магадгүй очиж ч магадгүй гэхэд нь ээж маань юм уучихсан юм бол наанаа хонуул хоночих өөрөө л мэд гэж хэлээд ээж бид хоёр унтаад өгсөн. Тэгээд шөнө аав маань гэртээ хоноогүй болохоор өглөө нь 07 цаг болж байхад Б рүү утсаар залгаад аавыг асуусан чинь Б ээжид чамтай утсаар ярьсныхаа дараа гэртээ харих гээд явсан шүү дээ, энд хоноогүй гэж хэлсэн. Тэгээд байж байтал цагдаа нар ирж аавыг маань нас барсан талаар хэлсэн юм. Аав маань Б-ний гэр рүү явахдаа архи согтууруулах ундаа хэрэглээгүй, биед нь гэмтэл шарх учраагүй байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 69-70, 2 хх-ийн 44 тал/,

 

Гэрч Т.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 00 цаг өнгөрч байхад манай нохой хуцаад байхаар нь цонхоор хартал эрэгтэй бараан хувцастай хүн манай хашааны урд хэсэгт гуйвж дайваад яваад бас өнхөрч унаад босоод байсан. Би салхивчаа нээж байгаад юун хүн бэ яах гээд байгаа юм гэж хэлтэл эргэж босч ирснээд дахиад газар унасан. Би тэгэхээр нь 102 цагдаа дуудсан. Цагдаа ирэхэд нөгөө хүн хэвтсэн хэвээрээ л байсан, удалгүй 103 ирээд аваад явсан. ...Түргэн тусламж ирээд судсыг нь дарж үзэхэд гараа савж эсэргүүцсэн тэгээд түргэн та босоорой гээд хоёр талаас нь сугадаад машиндаа суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 75-76, 2 хх-ийн 54-55 тал/,

 

Гэрч П.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө манайх цагаан сарынхаа бууз хийж байсан. Би 00 цагийн үед гал түлэх гээд гаднаас нүүрс авах гээд гэрээсээ гадагшаа гарахад Б-ний гэрийн баруун доод талын улаан тоосгон байшинтай айлын хашаан дотор, хашааны баруун урд байрлах жорлонгийн баруун талын овгор шороон дээрээс бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн унаад дээш босоод дахин унаад яваад байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 77-78 тал, 2 хх-ийн 52-53 тал/,

 

Гэрч У.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 28-ны 19:00 цагаас 2019 оны 01 дүгээр сарын 29-ний 09:00 цагийн хооронд Бугат-112 чиглэлд БГД-н 8,10,13-р хорооны нутаг дэвсгэрт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө Бугат 10-с 00:38 цагт БГД-н 10-р хороо ЗН-н 12-...  тоот хашаан дотор согтуу хүн ороод ирсэн байна хөлдчихвий гэх дуудлага ирсэн дуудлагын дагуу 00:55 цагт очиход уг тоот айлын хашаан дотор буюу машин ордог хаалганы дотор талд 50 орчим настай эрэгтэй хүн толгойноос цус гарсан байдалтай доош хараад хэвтэж байсан. Тухайн хүний толгой хагарч цус гарсан байдалтай байсан. Түргэний тэрэг ирээд аваад явахад уг хүн өөрийгөө хэн гэдгийг болон юу болсон талаар надад хариулаагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 79-80, 85 тал/,

 

Гэрч Т.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 29-ний шөнийн жижүүрт гарах хугацаанд 02 цагийн орчимд 103-аар C.Б гэх өвчтөн хүргэгдэн ирсэн ирэх үедээ ухаан бүдэг хөөрлийн байдалтай асуултанд тодорхой бус хариулна, дух баруун чамархай орчим 3х4 см орчим шархтай байсан. Шархыг цэгцлээд рентген зураг авч үзэхэд ясны хугарал байсан учир тархины нарийн шинжилгээ КТГ шинжилгээ хийж онош анхдагчаар тодорч сэхээн амьдрах тасагт хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 86 тал/,

 

Гэрч Б.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 29-ний өглөө цагийг нь санахгүй байна, өглөө эрт Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Нарангийн ... дугаар гудамжнаас Гэмтэл согог судлалын төвд хүргэгдэн ирсэн хүн нас барлаа гэх мэдээллийн дагуу, уг амь хохирогч олдсон гэх Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Нарангийн 12 дугаар гудамжны ...  тоот хашаанд тус хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д-н хамт очсон. Хэргийн газар дээр очиход амь хохирогчийн анх очсон хашааны зүүн талын буюу дээд талын хашаагүй монгол гэрийн баруун доод хэсэгт эрэгтэй хүний малгай байхаар нь уг хашаагүй айл руу Д-н хамт орсон. Бид хоёрыг гэрт ороход Б гэх хүн галаа түлээд сууж байхаар нь бид хоёр Б эс талийгаач Б ыг таних уу, урьд шөнө юу болсон юм бэ танайд зодоон болсон юм уу гэж асуухад Б , Б ыг танина, бид хоёр урд шөнө хамт архи уусан, Б  архи ууж байгаад гэр лүүгээ явна гээд байхаар нь би хоноод яв гэсэн боловч өөдөөс агсам тавиад, миний хамар луу цохьчихоор нь би гэрээс гаргаад түлхчихсэн гэж ярьж байсан. Тухайн үед миний гэдэс өвдөөд гэрээс гараад явсан. Харин Д Б-ний яриаг гар утсаараа бичээд зогсож байсан юм...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 121-122 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед хэргийн газарт өглөө 7 цагийн үед очиж Д-тай хамт ажилласан. Д түрүүлж гэрт орсон. Намайг шүүгдэгч Б-нийн гэрт ороод байж байхад Б талийгаачтай маргалдаад түлхсэн. Талийгаач шүүгдэгчийг цохихоор түлхсэн гэж ярьж байсан. Би тэр үед сонсон зүйлээ л хэлж байна. Д хэлж байгаа зүйлийг нь утсаараа бичлэг хийж авсан. Тухайн үед гэдэс эвгүйрхээд би гэрээс гарсан. Шүүгдэгчийг айлгасан, түлхсэн гэж хэл гэж хэлүүлсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 29-ний өглөө 08-09 цагийн үед байсан байх өглөө цагийг нь санахгүй байна, Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Нарангийн ... дугаар гудамжнаас Гэмт согог судлалын төвд хүргэгдэн ирсэн хүн нас барлаа гэх дуудлага мэдээллийн дагуу, уг амь хохирогч олдсон гэх Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Нарангийн ... дугаар гудамжны ...  тоот хашаанд хэлтсийн мөрдөн байцаах тасгийн алба хаагчид болон Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчдын хамт очсон. Хэргийн газарт очсны дараа хэргийн газрын ойр орчимоор биечилсэн сурвалжлага хийхээр тасгийн алба хаагчид тарж явсан ба эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Уранбаяртай хамт амь хохирогчийн анх олсон хашааны зүүн талын буюу дээд талын хашаагүй Монгол гэр рүү ороход Б гэх хүн галаа түлээд сууж байсан. Мөн гэрт нь архины шил байхаар нь хэнтэй архи уусан юм бэ талийгаач Б ыг таних уу урд шөнө юу болсон юм бэ танайд зодоон болсон юм уу гэж асуухад, Б , Б ыг танина, бид хоёр урд шөнө хамт архи уусан, архи уугаад оройтчихоор нь гэрт хоноод яв гэхэд Б  танай ноорхой гэрт хонохгүй, танайд хонодог хүн би биш гэж агсам тавиад миний нүүр лүү модоор цохьчихоод гэрээс гарахаар би араас нь гараад, би Б ыг явуулахгүй гээд, Б  явна гээд маргалдсан. Маргалдаж байгаад би Б ыг түлхчихсэн чинь Б  доошоо газрын уруу өнхөрөөд уначихаар нь араас нь очдог юм билүү гэсэн чинь, Б  ёоё гээд өндийгөөд босож байх шиг чимээ гарахаар нь, би гэр лүүгээ ороод унтаж амарсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би гар утсаа гаргаж бичлэг хийн ярьсан зүйлийг нь дахин яриулж баталгаажуулж авсан юм...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 123-124 тал/,

Шүүгдэгч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 28-ны орой 20 цагийн үед би Б ын гэрт очиход 3 Б ын охин О гэртээ байсан ба Б ыг гэртээ байхгүй байна гэхээр нь би шууд гэртээ хариад байж байтал 22 цаг болж байсан байх Б ын охин О над руу утсаар залгаад та гэртээ байна уу, гэртээ байж байх уу, аав танайд очино гэж байна гэхээр нь би гадагшаа дэлгүүр гарч нүүрс аваад 20 орчим минутын дараа гэртээ ирэхэд Б  манай гэрт нилээд халамцуу байдалтай ирчихсэн сууж байсан юм. Тэгээд бид хоёр манайд байсан 0,75 литрийн Нутаг нэртэй архийг хувааж уугаад 2 цаг орчим суусан тэгэхэд Б  нилээд согтоод муудахаар нь би чи муудсан байна манай гэрт хоноод яв гэсэн чинь Б  би ийм гэрт хонодог хүн бишээ гээд агсам тавьж эхэлсэн юм. Тухайн үед би зуухныхаа өмнө гал түлээд сууж байтал Б  хойморын орон дээр сууж байгаад зуухны урдаас миний түлж байсан модноос аваад намайг цохих гэхэд нь баруун гараараа хаасан чинь гарнаас нь мод нь сугараад миний хамар луу цохиод шалбалчихаад үүд рүү гараад явах гэхэд нь би чи их согтсон байна шүү дээ унтаад яв, архи хувааж уугаад дуусгачихаад яв гээд гэр лүү буцаж ороод архиа хувааж ууж дуусгасан. Тэгэхэд Б  арай гайгүй болчихсон сууж байснаа гэнэт би явдаг хүн гээд хаалга саваад гэрээс гараад явчихаар нь би 5 орчим минутын дараа араас нь гарсан чинь Б  гадаа харагдахгүй байхаар нь би Б гээд хашгирсан чинь юм дуугараагүй, тэгэхээр нь би Б ыг явчихсан юм байх гэж бодоод гэрээ ороод унтаж амарсан юм. Гэрийн гадаа үүдэн хэсэгт Б  намайг заамдаад боохоор нь би гарыг нь хоёр гараараа салгасан, тэгээд бид хоёр буцаад гэрт ороод үлдэгдэл архиа уусан юм. Цагдаа нар Б ыг доор унасан байсан гэж ярихаар нь би түлхсэн шиг санагдаад тэгж мэдүүлэг өгсөн одоо бодоод байсан чинь би түлхээгүй юм байна. Намайг заамдахад нь хоёр гарыг нь хоёр гараараа тавиулсан юм...” /1  хх-ийн 167-168 тал/,

Яллагдагчаар мэдүүлсэн: “...Бид хоёрын дунд зүгээр л маргалдсан асуудал байгаа зодоон цохион болсон асуудал байхгүй. Б  гэрлүүгээ явна гээд би хоноод яв гээд маргаан болж санал зөрөлдсөн. Тухайн үед би цочирдсон, мөн намайг хэргийн газар дээр очоод намайг гараараа заагаад зогсож бай гэж заалгаж байгаад зураг авсан. Би юу болоод байгааг огт мэдээгүй. Анх манай гэрт очиж намайг авч ирсэн хүмүүс та талийгаачийг түлхэн унагаасан гээд мэдүүлэг өгчих юм бол зүгээр болчихдог юм, тэгж мэдүүлэг өгөх юм бол нэг шил архи авч өгье гэсэн болохоо тэгж мэдүүлсэн...” /1 хх-ийн 249-250 тал/,

“...Би арьсны өвчтэй болохоор бие захднаад хэрэг гарахаас өмнө 3-4 хоногийн өмнө маажаад хүзүү, баруун шуунд үүссэн зулгаралт үүсгэсэн, хамрын зулгаралтыг болохоор нүдний шилний маань зөөлөвч унаад төмөр нь нухаад хэрэг гарахаас бараг 7 хоногийн өмнө шалбарчихсан байсан юм. ...Б  нилээд халамцуу гэрт ирчихсэн сууж байхаар нь би чи хаана архи уучихваа гэж асуухад Б  ажил явдал гараад ирлээ, ажил явдал тараад уучихсан, уух юм байна уу гэхээр нь би гэртээ байсан 1 шил 0,75 граммын Нутаг нэртэй архиа гаргаж ирээд бид хоёр хувааж уусан. Тэгсэн Б  миний утсаар эхнэр лүүгээ залгаж ярьчихаад Б  манай эхнэр намайг дуудаад байна, харьлаа гэхээр нь би чи нилээн муудсан байна, хоноод яв гэсэн чинь Б  ямар ч байсан архиа ууж дуусгая гээд бид хоёр архиа хувааж ууж дуусгасан. Тухайн үед гал түлээд гэр халуун байсан болохоор би нэг мэдэхэд сууж байсан суудал дээрээ унтаад өгсөн байсан. Тэгээд шөнийн 12 цаг болж байсан байх сэрээд хартал гэрийн хаалга онгорхой Б  гэрт байхгүй байсан...” /2 хх-ийн 68-69, 137-138 тал/ гэсэн,

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Бид хоёр нэг шил архи хувааж уусан. Тэгээд зурагт хараад юм ярьж сууж байгаад талийгаач гэрлүүгээ утсаар яриад явахаар болсон. Би хоноод яваач гэж хэлсэн. Би тухайн үед архи хувааж уугаад диван дээр сууж байгаад жаахан зүйрмэглэсэн байсан. Гэтэл талийгаач нэг мэдсэн явлаа гэж байсан. Маргааш өглөө талийгаачийн эхнэр над руу утсаар яриад манай нөхөр танайд хоносон уу гэхээр хоноогүй явсан гэж хэлсэн. ...Би гэртээ галаа түлээд байж байтал Баянгол дүүргийн хоёр цагдаа ирсэн. Цагдаа нар гэрт орж ирээд намайг архи уусан уу гэхээр нь би уугаагүй гэж хэлсэн. Та хоёр зодоон хийсэн үү гэхээр нь үгүй гэсэн. Танд талийгаачийн эхнэр гомдол гаргасан гэхээр би тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Миний нүдний доор сорви байсан. Тэр сорвийг хараад цагдаа нар бид хоёрыг зодоон хийсэн байна гэхээр нь би юу гэж тэгэх юм гэж хэлсэн. Цагаан сарын өмнө болсон асуудал, цагдаа нар намайг та тэгээд хэлчих гэхээр нь би тэгж хэлсэн...” гэх мэдүүлгүүд,

 

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Мэдүүлэг шалгах ажиллагааг БГД ... хороо, ЗН ...-...  тоотын хашаанд байх ертөнцийн зүгээр баруун зүгт харсан төмөр хаалгатай амбаартай урагш харсан хаалгатай бага 4 ханатай гэрээс эхлэн хийхэд Ж.Б  нь намайг энд сууж байхад С.Б  нь намайг цохисон гэсний дагуу Ж.Б эр заалган сууж байсан гэх зуухны зүүн талд байх ягаан өнгийн сандлыг заасныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Ж.Б үргэлжлүүлэн намайг энд сууж байхад С.Б нь хоймрын орон дээр сууж байсан ба босож ирээд намайг цохисон гэсний дагуу мөн өөрөөр нь заалган гэрийн хойд хэсэгт байх ор луу заасныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг үргэлжлүүлэн Ж.Б  нь гэрийн гадаа гарч амбаарны хаалганы орчимд С.Б  нь намайг заамдаад байсан тэгэхээр нь би гарыг нь тавиулах гээд түлхсэн. Тэгсэн С.Б  нь гэрийн баруун талаас доош баруун тийш уруудсан хэсэг рүү өнхөрөөд унасан гээд өөрөө зааж харуулсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч гэрээс баруун тийш доош уруудсан хэсгийг баруун талын улаан тоосгон өвлийн сууж хүртэл хэмжиж үзэхэд 14 м зайтай байсныг тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 92-96 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 423 дугаартай: Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр хоёр чамархай, зулай ясны суурийн дунд хонхор хүрсэн хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрхи, доорхи цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн тархмал, зүүн тал бөмбөлгийн чамархай, дух, хажуугийн ховдлын дээд хэсэг, дух, чамархайн суурийн хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, баруун, зүүн дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсэг, баруун чамархайн хажуугийн хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн чамархай, дух, дагзны хуйхны цус хуралт, духны шарх, хамрын нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас барсан болно. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт /1 хх-ийн 109-111 тал/,

 

Шинжээч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаачийн биед учирсан хоёр чамархай, зулай ясны суурийн дунд хонхор хүрсэн хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрхи, доорхи цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн тархмал, зүүн тал бөмбөлгийн чамархай, дух, 5 хажуугийн ховдлын дээд хэсэг, дух, чамархайн суурийн хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, баруун, зүүн дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсэг, баруун чамархайн хажуугийн хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн чамархай, дух, дагзны хуйхны цус хуралт, духны шарх, хамрын нурууны зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Баруун, зүүн чамархайд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн болно. Гараар цохиод үүсэх боломжгүй гэмтэл юм. Харин цохиулаад унахад үүссэн байх боломжтой юм. Уг гэмтлийг авсан хүн хэсэг хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Амь насыг аврах боломжгүй байсан байна. ...Гавал тархинд үүссэн гэмтэл нь нэг талаас цохиулаад нөгөө талаараа унах үед үүсэх гэмтэл байна” гэх мэдүүлэг /1 хх-ийн 112-113, 2 хх-ийн 51 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэг өгсөн: “...Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Мохоо зүйл гэдэгт хурц иртэй зүйлээс бусад зүйл хамаарна. Талийгаачид учирсан гавал тархины хугарал гэмтэл нь хүний гараар үүсэх боломжгүй. Хүний гараас давсан хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. Талийгаачийн тархинд үүссэн гэмтлүүдээс харахад тухайн үед талийгаач газарт унахад тус гэмтэл үүссэн байх боломжтой. Гараар цохиход тийм гэмтэл учрах боломжгүй. Талийгаачийн толгойны хоёр талд гэмтлүүд үүссэн байгаа. Тийм учраас тархины хоёр талд хоёуланд нь хүч үйлчилсэн харагдаж байна. Ингэж хүч үйлчлэхдээ хүний гараар цохихоос илүү хүч үйлчилсэн байна гэж ойлгох ёстой. Харин талийгаачийн хамрын зулгаралт, духны шарх цус хуралт бол аль ч үед буюу гараар цохих, унах үед үүсэх боломжтой...” гэв.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Мөр судлалын шинжилгээний 867 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хөх, цагаан судалтай улаан цамцанд товчны тасралт шинээр хөх хүрэм, саарал өмдөнд гогодолт хуучин эдэлгээний явцад гарсан байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 120-123 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1866 дугаартай: “...Ж.Б-н биед хамар, хүзүү, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,6-д зааснаар эрүүл мэндийг сарнулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /1 хх-ийн 131 тал/,

 

Шинжээч эмч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б-н биед үүссэн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд буюу ойролцоо цаг хугацаанд үүснэ. Нэг цаг хугацаа гэдэг нь 1-2 цагийн зайтай учрах гэмтэл болохоор хоорондоо ялгарахгүй. Хэрэг гарах цаг хугацаанд үүссэн байж болох гэмтлүүд юм...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 65 тал/,

 

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 333 дугаартай: “...Ж.Б-н баруун нүд нь нүдний даралт ихсэлт, болорын цайлтын улмаас хараагүй болсон байна. Зүүн нүдний хараа нүдний даралт ихсэлтийн улмаас буурсан байна. Ж.Б-н  баруун нүд хараагүй, зүүн нүдний ойрын хараа шилгүй үедээ 20 хувь, шилтэй үед 80 хувьтай хардаг болсон байна. Ж.Б-н зүүн нүд нь Arial 12 фонтоор бичигдсэн мэдүүлгийг шилгүйгээр харахад бэрхшээлтэй /бүрэлзэх/ шилтэй үед харах боломжтой” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 155 тал/,

 

Шинжээч Ч.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хараа муутай хүн нүд зовхины хөдөлгөөнөөр харж буй зүйлийнхээ покусыг тааруулж харж чаддаг тул байцаалтыг шилгүйгээр уншиж чадна. 20 хувьтай харна гэсэн нь нүдний эмчийн үзлэгээр тогтоогдсон байсан. Хараа зүйн шинжилгээ нь үзүүлэгч өөрөө харахгүй байна гэх л  юм бол хараагүй гэж гарах боломжтой шинжилгээ юм. Б-н  хувьд нэг нүд нь хараагүй гэдэг нь тогтоогдсон байдаг...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 66-67 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Гарын мөрийн шинжилгээний 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 840 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 2, 4 гарын мөр, мөн С.Б  гарын дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. ...Шинжилгээнд тэнцэж буй 2 дугаартай гарын мөр санд 2711336 MN000710009469 дугаараар 2 удаа бүртгэгдсэн Жамбалын Б-н гарын эрхий хуруугаар, 4 дугаартай гарын мөр Ж.Б-н зүүн гарын долоовор хуруугаар үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 134-143 тал/,

 

Сэжигтэн Ж.Б эс мэдүүлэг авах үеийн камерын бичлэгийг хуулбарлан авсан 1 ширхэг сидиг Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 хх-ийн 48 тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 49 тал/,

 

Мөрдөгч Г.Д-с гаргаж өгсөн өөрийн гар утсан дээр яллагдагч Ж.Б тэй ярилцаж бичсэн гэх бичлэгийг хүлээн авсан тухай тэмдэглэл /2 хх-ийн 62 тал/, 

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 63 тал/,

 

С ийн Б ын Гэмтэл Согог үндэсний төвөөс гарган өгсөн өвчний түүх /1 хх-ийн 176-187 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирол төлбөрийн талаарх баримтууд /1 хх-ийн 32-39, 40-43 тал/ хамаарна. 

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Б-ээс  гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, 1 дүгээр хавтас хэргийн 89, 90-91 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

         Шүүхийн дүгнэлт:

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:

Хэрэг учрал болсон 2019 оны 1 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө шүүгдэгч Ж.Б-н Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Нарангийн 12 дугаар гудамжны ...  тоот гэрт шүүгдэгч Ж.Б , хохирогч С.Б  хоёр архи согтруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн “шөнийн цагаар согтуугаар харих гэлээ, явуулахгүй” гэсэн шалтгаанаар өөр хоорондоо маргалдан зодолдсон, улмаар хохирогч С.Б ыг шүүгдэгч Ж.Б  нь түлхэхэд хохирогч нь газрын уруу хэсэг рүү унаж, гавал тархины гэмтлийн улмаас нас барсан болох нь нотлогдон тогтоогдож байна. 

 

Тодруулбал, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй харилцан хамаарал бүхий нотлох баримтууд болох Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн “...Баянгол дүүргийн ... дугаар хороо ЗН-12-...  тоотоос С ийн Б  нь 103-аар гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн ирж эрчимт эмчилгээний тасагт нас барсан...” гэсэн тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн “...духны баруун дээд хэсэгт 1,8 см, 2 см хоорондоо тэгш өнцөг үүсгэсэн шархтай. Оёдол тавьсан уг шархны баруун талаар болон доод хэсгээр хавдсан, шархнаас цус гарч арагш дагз руу урсаж хатсан, духны баруун хажуу, хажуу баруун хацраар 1,2*0,2 см хүртэл хэмжээний жижиг зулгаралт, хамрын баруун угалзанд 1,3**0,2, 0,5*0,2 см, эрүүний төвгөрийн баруун талд 0,6*0,2 см зулгаралттай, хамрын баруун нүхний амсараас уруулын салт хүртэл эрүүний зугаралттай ижил чиглэлтэй 3*0,3 см зулгаралттай уг зулгаралтын 0,5 см хэсэгт мэс заслын оёдол тавьсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Ж.Б-н биед үзлэг хийсэн “...Хүзүүний ар хэсэгт хэсэгт 0,1*4 см хэмжээтэй хөндлөн шархтай, хамрын зүүн талд 0,5*4 см хэмжээтэй шархтай, баруун гарын бугалганы гадна хэсэгт 0,3*0,3 см хэмжээтэй шархтай, баруун гарын чигчий хурууны үеэн дээр 0,2*2 см хэмжээтэй шархтай, Зүүн гарын шуу хэсэгт 3,5*1 см хэмжээтэй шархтай, зүүн гарын тохой хэсэгт 0,5*0,2 см хэмжээтэй хуучин шархтай...” тэмдэглэл, Цагдаагийн ахлах дэслэгч Д.Ш, Г.Д нарын “...Баянгол дүүргийн ... дугаар хороо ...  тоотод оршин суух Ж овогтой Б нь талийгаач С  овогтой Б тай хамт архи ууж байгаад хоорондоо маргалдсаны улмаас холбогдогч Б нь хохирогч С.Б ыг модоор зодоод байхаар нь гэрийнхээ гадаа байдаг уруу хэсэг рүү түлхээд унагасан ба араас Баагий гэж дуудахад юу гэж хариулж байсан.  Тэгэхээр би зүгээр байна гэж бодоод гэртээ орсон гэж хэлсэн...” гэсэн илтгэх хуудас, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар хураан авах тухай прокурорын зөвшөөрөл,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц гийн “...2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 21 цагийн орчим найз Б тэйгээ утсаар яриад түүний гэр рүү явсан. Шөнө 23 цагийн орчим манай нөхөр Б-н утсаар яриад би Б-д байна оройтвол энд хононо гэхээр нь би болж өгвөл гэртээ ирж хоноорой гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Т.Н-н “...2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 00 цаг өнгөрч байхад манай нохой хуцаад байхаар цонхоор хартал эрэгтэй бараан хувцастай хүн манай хашааны урд хэсэгт гуйвж дайваад яваад бас өнхөрч унаад босоод байсан. Би салхивчаа нээж байгаад юун хүн бэ яах гээд байгаа юм гэж хэлтэл эргэж босч ирснээд дахиад газар унасан. Би тэгэхээр нь 102 цагдаа дуудсан. Цагдаа ирэхэд нөгөө хүн хэвтсэн хэвээрээ л байсан, удалгүй 103 ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг, гэрч П.М-н “...2019 оны 1 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө манайх цагаан сарынхаа бууз хийж байсан. Би 00 цагийн үед гал түлэх гээд гаднаас нүүрс авах гээд гэрээсээ гадагшаа гарахад Б-ний гэрийн баруун доод талын улаан тоосгон байшинтай айлын хашаан дотор, хашааны баруун урд байрлах жорлонгийн баруун талын овгор шороон дээрээс бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн унаад дээш босоод дахин унаад яваад байгаа харагдсан...” гэх мэдүүлэг, гэрч У.З-н “...эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 2019 оны 1 дүгээр сарын 29-ний шөнө Бугат 10-с 00:38 цагт БГД-н 10-р хороо ЗН-н 12-...  тоот хашаан дотор согтуу хүн ороод ирсэн байна хөлдчихвий гэх дуудлага ирсэн. дуудлагын дагуу 00:55 цагт очиход уг тоот айлын хашаан дотор буюу машин ордог хаалганы дотор талд 50 орчим настай эрэгтэй хүн толгойноос цус гарсан байдалтай доош хараад хэвтэж байсан. Тухайн хүний толгой хагарч цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.О-н “...ухаан бүдэг хөөрлийн байдалтай асуултанд тодорхой бус хариулна, дух баруун чамархай орчим 3х4 см орчим шархтай байсан. Шархыг цэгцлээд рентген зураг авч үзэхэд ясны хугарал байсан учир тархины нарийн шинжилгээ КТГ шинжилгээ хийж онош анхдагчаар тодорч сэхээн амьдрах тасагт хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.У-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 1 дүгээр сарын 29-ний өглөө эрт Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Нарангийн ... дугаар гудамжнаас Гэмтэл согог судлалын төвд хүргэгдэн ирсэн хүн нас барлаа гэх мэдээллийн дагуу, уг амь хохирогч олдсон гэх Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Нарангийн ... дугаар гудамжны ...  тоот хашаанд тус хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д-ын хамт очсон. Хэргийн газар дээр очиход амь хохирогчийн анх очсон хашааны зүүн талын буюу дээд талын хашаагүй монгол гэрийн баруун доод хэсэгт эрэгтэй хүний малгай байхаар нь уг хашаагүй айл руу Д-н хамт орсон. Бид хоёрыг гэрт ороход Б гэх хүн галаа түлээд сууж байхаар нь бид хоёр Б эс талийгаач Б ыг таних уу, урьд шөнө юу болсон юм бэ танайд зодоон болсон юм уу гэж асуухад Б , Б ыг танина, бид хоёр урд шөнө хамт архи уусан, Б  архи ууж байгаад гэр лүүгээ явна гээд байхаар нь би хоноод яв гэсэн боловч өөдөөс агсам тавиад, миний хамар луу цохьчихоор нь би гэрээс гаргаад түлхчихсэн гэж ярьж байсан. Тухайн үед миний гэдэс өвдөөд гэрээс гараад явсан. Харин Д Б-ний яриаг гар утсаараа бичээд зогсож байсан юм...”, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Шүүгдэгчийг дарамталсан, түлхсэн гэж хэл гэсэн юм байхгүй.  Тухайн үед намайг гэрт нь ороход шүүгдэгч Б өөрөө хохирогчтой маргалдаад цохихоор нь түлхсэн гэж хэлсэн. Би тэр сонссон зүйлээ л хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Д-н “...амь хохирогчийн анх олсон хашааны зүүн талын буюу дээд талын хашаагүй Монгол гэр лүү ороход Б гэх хүн галаа түлээд сууж байсан. Мөн гэрт нь архины шил байхаар нь хэнтэй архи уусан юм бэ талийгаач Б ыг таних уу урд шөнө юу болсон юм бэ танайд зодоон болсон юм уу гэж асуухад, Б , Б ыг танина, бид хоёр урд шөнө хамт архи уусан, архи уугаад оройтчихоор нь гэрт хоноод яв гэхэд Б  танай ноорхой гэрт хонохгүй, танайд хонодог хүн би биш гэж агсам тавиад миний нүүр лүү модоор цохьчихоод гэрээс гарахаар би араас нь гараад, би Б ыг явуулахгүй гээд, Б  явна гээд маргалдсан. Маргалдаж байгаад би Б ыг түлхчихсэн чинь Б  доошоо газрын уруу өнхөрөөд уначихаар нь араас нь очдог юм билүү гэсэн чинь, Б  ёоё гээд өндийгөөд босож байх шиг чимээ гарахаар нь, би гэр лүүгээ ороод унтаж амарсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би гар утсаа гаргаж бичлэг хийн ярьсан зүйлийг нь дахин яриулж баталгаажуулж авсан юм...” гэх мэдүүлэг, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Ж.Б  нь намайг энд сууж байхад С.Б  нь намайг цохисон гэсний дагуу Ж.Б эр заалган сууж байсан гэх зуухны зүүн талд байх ягаан өнгийн сандлыг заасныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Ж.Б  үргэлжлүүлэн намайг энд сууж байхад С.Б  нь хоймрын орон дээр сууж байсан ба босож ирээд намайг цохисон гэсний дагуу мөн өөрөөр нь заалган гэрийн хойд хэсэгт байх ор луу заасныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг үргэлжлүүлэн Ж.Б  нь гэрийн гадаа гарч амбаарны хаалганы орчимд С.Б  нь намайг заамдаад байсан тэгэхээр нь би гарыг нь тавиулах гээд түлхсэн. Тэгсэн С.Б  нь гэрийн баруун талаас доош баруун тийш уруудсан хэсэг рүү өнхөрөөд унасан гээд өөрөө зааж харуулсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч гэрээс баруун тийш доош уруудсан хэсгийг баруун талын улаан тоосгон өвлийн сууж хүртэл хэмжиж үзэхэд 14 м зайтай байсныг тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл, Сэжигтэн Ж.Б эс мэдүүлэг авах үеийн камерын бичлэгийг хуулбарлан авсан 1 ширхэг сиди, уг сиди дэх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгч Г.Д-н гар утсан дээр бичигдсэн яллагдагч Ж.Б тэй ярилцаж бичлэгийг сидид хуулбарлан хүлээн авсан тухай тэмдэглэл, уг камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 423 дугаартай: Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр хоёр чамархай, зулай ясны суурийн дунд хонхор хүрсэн хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрхи, доорхи цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн тархмал, зүүн тал бөмбөлгийн чамархай, дух, хажуугийн ховдлын дээд хэсэг, дух, чамархайн суурийн хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, баруун, зүүн дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсэг, баруун чамархайн хажуугийн хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн чамархай, дух, дагзны хуйхны цус хуралт, духны шарх, хамрын нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас барсан болно...” гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Мөр судлалын шинжилгээний 867 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хөх, цагаан судалтай улаан цамцанд товчны тасралт шинээр ...гарсан байна...” гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1866 дугаартай: “...Ж.Б-н  биед хамар, хүзүү, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,6-д зааснаар эрүүл мэндийг сарнулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт,

шинжээч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баруун, зүүн чамархайд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн, ...Гавал тархинд үүссэн гэмтэл нь нэг талаас цохиулаад нөгөө талаараа унах үед үүсэх гэмтэл байна. Уг гэмтлийг авсан хүн хэсэг хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Амь насыг аврах боломжгүй байсан байна...”, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Мохоо зүйл гэдэгт хурц иртэй зүйлээс бусад зүйл хамаарна. Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг ялгаж ойлгох хэрэгтэй. Гавал тархины гэмтэл нь гарны хүчин зүйлээс давсан хүч үйлчилснээр үүсгэгдсэн гэмтэл. Талийгаачийн тархинд үүссэн гэмтлүүдээс харахад тухайн үед талийгаач газарт унахад тус гэмтэл үүссэн байх боломжтой. Гараар цохиход ийм гэмтэл учрах боломжгүй. Талийгаачийн толгойны хоёр талд гэмтлүүд үүссэн байгаа. Тийм учраас тархины хоёр талд хоёуланд нь хүч үйлчилсэн харагдаж байна. Ингэж хүч үйлчлэхдээ хүний гараар цохихоос илүү хүч үйлчилсэн байна гэж ойлгох ёстой. Харин талийгаачийн хамрын зулгаралт, духны шарх цус хуралт бол аль ч үед буюу гараар цохих, унах үед үүсч болно...” гэх мэдүүлэг,

шинжээч эмч Ц.Бадралын “...Б-н биед үүссэн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд буюу ойролцоо цаг хугацаанд үүснэ. Нэг цаг хугацаа гэдэг нь 1-2 цагийн зайтай учрах гэмтэл болохоор хоорондоо ялгарахгүй. Хэрэг гарах цаг хугацаанд үүссэн байж болох гэмтлүүд юм...” гэх мэдүүлэг, нотлох баримтууд болсон үйл явдлыг буюу хэрэг гарах цаг хугацаанд хохирогч С.Б , шүүгдэгч Ж.Б  нар нь хамтдаа шүүгдэгчийн гэрт архи ууцгаасан, үл ялих зүйлээс өөр хоорондоо маргалдаж хэн хэнийхээ биед гэмтэл учруулсан, улмаар шүүгдэгч Ж.Б-н хохирогч С.Б ыг түлхсэн үйлдлийн улмаас хохирогч С.Б  газрын уруу хэсэг рүү унасан болохыг, мөн хохирогч унасан даруй тодорхой хөдөлгөөн хийж унаж, босоод гуйвсан байдалтай явж байхыг харсан гэрч цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгснөөр хохирогчийг тухайн газрынхаа орчимд хэвтсэн байдалтай байхад цагдаа, түргэн тусламж ирж авсан байх ба хохирогч С.Б  нь гэмтлийн эмнэлэгт очсоныхоо дараа гавал тархины хүнд гэмтлийн улмаас амь хохирсон үйл баримтыг тус тус нотолсон байна.

 

              Эдгээр хохирогч, гэрч нарын хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг, бусад нотлох баримтууд болох шинжээч эмч нарын мэдүүлэг, 423, 1866, 867 дугаартай дүгнэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг сиди бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б-н  “...бид хоёр зодолдож цохилцсон зүйл болоогүй. Тухайн үед ирсэн цагдаагийн ажилтан нар түлхсэн гээд хэлчих тэгэхээр гайгүй сална гээд байхаар нь би түлхсэн гээд хэлсэн...” гэх агуулга бүхий мэдүүлэг үгүйсгэгдэн няцаагдаж байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Б-ний согтуугаар амь хохирогч С.Б тай “гэр лүү нь явуулахгүй” гэсэн шалтгааны улмаас маргалдан зодолдож, улмаар түлхэн унагаасан үйлдэл, амь хохирогч С.Б  гавал тархины гэмтлийн улмаас нас барсан хоёр нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Учир нь Монгол улсын иргэний амьд явах эрх Монгол Улсын Үндсэн хуулиар үндсэн эрхэд хамаарах ба энэ эрхийг зөрчсөн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ж.Б-н  хохирогч С.Б тай маргалдан зодолдсон, түлхэн унагаасан үйлдэл нь хууль бус шинжтэй, түүний эрүүл мэнд, амь насанд аюултайг мэдэж, хүсч үйлдсэн, үйлдлээрээ үр дагаварт буюу хохирогчийн амь насыг хохироож буй гэм буруугийн шууд бус санаатай хэлбэртэй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Оюумаагийн “...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...”, өмгөөлөгч Г.Ганбатын “...гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус хүлээн аваагүй болно.

 

Иймд, шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Прокуророос шүүгдэгч Ж.Б д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож зөвтгөсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

            Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

Иймд энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол нь С.Б  амь нас хохирсон байдал ба үүнтэй холбогдон гарах бусад зардал нь хор уршигт тооцогдоно. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол төлбөрийн талаар /1 хх-ийн 32-43 тал/ нотлох баримтуудыг гарган өгсөн байх ба нийт 5.728.818 төгрөгийг хор уршигт тооцон нэхэмжилсэн, тэрээр гэм хорын шаардлага гаргах эрх бүхий этгээд байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ж.Б эс 5.728.818 гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М д олгохоор шийдвэрлэв.

 

Харин тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөллийн хөлс төлсөн зардлаа гаргуулмаар байна гэж мэдүүлж байгааг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь хохирогч өөрөө өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч авах эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр өмгөөлөгч сонгон авсан явдал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон гэмт хэргийн хохирол, хор уршигт хамаарахгүй юм.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Б  нь “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй. 

 

  Шүүгдэгч Ж.Б  нь хэрэг хариуцах чадвартай, сэтгэцийн ямар нэгэн өвчингүй болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр нотлогдсон, үйлдсэн гэмт хэрэг нь хүний амьд явах эрхийн эсрэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.... дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Мөн шүүгдэгч Ж.Б-н  хувийн байдалтай холбоотойгоор гэрч Э.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хувь хүний зан аашын хувьд зөөлөн, дөлгөөн ааштай, архи уухын хувьд уудаг. Агсам согтуу тавьж бусадтай зодоон цохион хийж байгаагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 99-100 тал/,

гэрч Э.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ах болохоороо архи уучихдаг болохоос агсам согтуу тавьдаггүй. Илүү дутуу зангүй хорхойд хоргүй хүн. Ажил төрөлдөө их сайн хүн байсан. Хүмүүс ажилд авах дуртай архи уучихдаг болохоор архиар ажлаа хийлгээд байдаг юм болов уу гэж бодсон. ...Дээд боловсролтой илүү дутуу зангүй хүн юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 101-102 тал/,

гэрч С.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б зан байдлын хувьд  даруу төлөв зантай хорхойд хоргүй олон таван үггүй, урьд өмнө хэрэгт орооцолдож байгаагүй. Эрүүлжүүлэгт ч орж үзээгүй. Бат-Эрдэн найз нөхдийн дунд нэр хүнд сайтай уурхайн хүмүүс ер нь Б инженер гэдгээр андахгүй, танихгүй хүн байхгүй, уурхайн салбарт нэр хүнд сайтай, найд нөхөд бид нар бүгд л хүндэлж явдаг хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 103-104 тал/,

гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б зан байдлын хувьд төлөв зантай өөрөө удирдах албан тушаал дээр ажиллаж байсан хэдий ч хүнийг загнаад байдаггүй найз нөхдүүд шиг эелдэг харьцдаг. Хүнд их тусархуу хүний төлөө гүйж явдаг. Боловсрол сайтай болохоор их даруу төлөв архи уусан үедээ ч гэсэн улам л даруухан болчихдог зантай хүн байгаа юм...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 105-106 тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 188 тал/, эд хөрөнгө бүртгэлгүй талаарх лавлагаа /1 хх-ийн 188-189 тал/, асап сангийн лавлагаа /1 хх-ийн 202-204 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 205 тал/, Монгол Чех метал ХХК-ийн тодорхойлолт /1 хх-ийн 206 тал/, бүрэн биш дунд боловсролын гэрчилгээ /1 хх-ийн 207-208 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /1 хх-ийн 242 тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүгдэгч Ж.Б-н  анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал,  хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

           

        Шүүгдэгч Ж.Б д хорих ял оногдуулсантай холбоотойгоор түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.... дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 05, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 323 /гурван зуун хорин гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолох хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тогтож, эрэгтэй хүний малгай 1 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгох, шаргал өнгийн ургамал, Нутаг нэртэй архины шил 1 ширхэг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.... дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Ж-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-г 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б д оногдуулсан 8 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.... дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-н  цагдан хоригдсон нийт 323 /гурван зуун хорин гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б эс 5.728.818 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-д олгосугай.

 

  6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 2 ширхэг Компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, эрэгтэй хүний малгай 1 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-д олгон, шаргал өнгийн ургамал, Нутаг нэртэй архины шил 1 ширхэгийг устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

           

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.БОЛОРТУЯА

           

                       ШҮҮГЧ                                 Ч.ОТГОНБАЯР

                       

                        ШҮҮГЧ                                   Л.ОЮУН