Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/01335

 

П.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 64 дүгээр шийдвэр,

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 08 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч П.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.О-т холбогдох,

Гэм хорын хохирол 1 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн цагдаа, шүүхэд дуудагдаж ирж, буцсаны зардал 276 400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бунжаагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б.О бэлчээр рүү нь манай адуу орлоо хэмээн автомашинаар хөөсний улмаас 2 адуу үхсэн билээ. Тухайн үед Б.Оадууны хохиролд мөнгө өгнө гэж байсан боловч тохиролцоогүй учир цагдаад хандсан. Улмаар цагдаагийн газраас зөрчлийн хэрэг биш гэж хэргийг хаасан.

Иймд Б.О-аас 2 адууны үнэ болох 1 200 000 төгрөг, мөн адууг үхэхээс өмнө очиж үзэхээр машин хөлсөлсөн унааны зардал болон өнчирч үлдсэн унага тэжээх тэжээлийн үнэд 300 000 төгрөг, нийт 1 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Б.О бол миний төрсөн хүү юм. Б.О нь өвөлжөөнийхөө хажууд 30-40 орчим адуу байсныг prius маркийн машинаараа 2 киллометр орчим газар тууж өөрийн эзэмшлийн сав газраасаа холдуулан гаргасан. Б.Онь уг адууг хөөгөөгүй, зүгээр л туусан. Энэ хугацаанд муудаж үхсэн адуу байхгүй. Уг аду уг холдуулж орхисон газраас морьтой хүн аваад явсан. Үхсэн адуунууд, хоосдож, баас алдаж үхсэн байсан. Энэ адууг Б.О-ын адуу хөөсөн газар машинаар ачиж хаячихаад адууны үнийг нэхэх зохиомол хэрэг үүсгэхээр ярьж байсан гэдэг. Эдгээр үхсэн 2 адууг Б.О төлөх ямар ч учир байхгүй. П.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Энэ асуудлаас болж цагдаа, шүүхэд дуудахад Land-80 маркийн машинаар 300 киллометр явж 70 литр бензин зарцуулсан. Дараа нь шүүхэд дуудагдан ирж 300 киллометр явж Land-80 маркийн машиндаа 70 литр бензин зарцуулсан.

Иймд бүгд 140 литр бензиний үнэ 246 400 төгрөг, 3 литр маслоны үнэ 30 000 төгрөг, цагдаа, шүүхэд дуудагдаж ирж, буцсаны зардал нийт 246 400 төгрөгийг нэхэмжлэгч П.Балдоржоос гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбын сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь миний бие 20 гаруй тооны адуунаас 2 /хоёр/ тооны адуу иргэн Б.О-ын буруутай үйлдлийн улмаас үхсэн талаарх гомдлыг 2017 оны 12 дугаар сард Цагдаагийн газарт хандаж шалгуулах явцад Б.О нь цагдаагийн байгууллагад дуудагдаж ирсэн. Улмаар цагдаагийн газарт хандаж шалгуулж шалтгааныг тогтоосны дараа Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Б.О-т холбогдуулан нэхэмжлэл өгснөөр шүүх хуулийн дагуу дуудсан гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 64 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Б.О-аас 1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300 000 /гурван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбын 276 400 /хоёр зуун далан зургаан мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-аас 33 350 /гучин гурван мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Б-д олгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 000 /долоон мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-аас1 942 /нэг мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулан Увс аймгийн Төрийн санд 150000941 тоот дансанд олгуулж шийдвэрлэжээ.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 08 дугаар магадлалаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 64 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “хариуцагч Б.О-аас1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300 000 /гурван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,” гэснийг “нэхэмжлэгч П.Б-ийн хариуцагч Б.О-т холбогдуулан гаргасан 1 500 000 /нэг сая төвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,” гэж, 2 дахь заалтын “хариуцагч Б.О-аас33 350 /гучин гурван мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Б-д олгож,” гэснийг хасаж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 350 /гучин гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

П.Б-ийн 2 гүүг хариуцагч Б.О машинаар хөөсний улмаас өвчилж үхсэн болох нь тухайн үеийн цагдаагийн байгууллагын шалгалтаар зөрчлийн хэрэг үүсгэж шалгах явцад нотлон тогтоогдсон байдаг. Үүнд анхан шатны дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянаж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч П.Б нь өөрийн өмчлөлийн адууг машинаар хөөж, туусны улмаас 2 адуу үхсэн гэж үзэн, эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгуулахаар 2 адууны үнэ болох 1 200 000 төгрөг, машин хөлсөлсөн унааны зардал болон өнчирч үлдсэн унага тэжээх тэжээлийн үнэд 300 000 төгрөг, нийт 1 500 000 төгрөгийг хариуцагч Б.О-аас гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч Б.О шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчид гэм хор учруулаагүй гэж нэхэмжлэлийг татгалзсанаас гадна үндэслэлгүй гомдол гаргаснаас болж хуулийн байгууллагад шалгуулан бензин тосны зардал гаргасан гэж 246 400 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч П.Б сөрөг шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн аль алинийг нь хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд дүгнэлт хийснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч П.Б-ийн гэх 2 адуу үхсэн шалтгаан тодорхой тогтоогдоогүй, хариуцагчийг нэхэмжлэгчид гэм хор учруулсан болох нь хангалттай нотлогдоогүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. 2 адуу үхсэн үйл баримтад хариуцагч Б.О гэм буруутай, түүний адуу хөөсөн үйлдэл, адуу үхсэн хоёр үйл баримтыг шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 497.2.-т зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй боловч гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 08 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН