Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 93

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны   шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд  нээлттэй хийсэн хуралдаанаар Э.Эрдэнэзаяагийн нэхэмжлэлтэй, Х.Нарантуяад холбогдох “29.665.000 төгрөг гаруулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн “алданги 1726.020 төгрөгийг  нэмж гаргуулахаар”-ыг хүссэн  нэхэмжлэлтэй иргэний  хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх  хуралдаанд:

            Нэхэмжлэгч: Э.Эрдэнэзаяагийн өмгөөлөгч:М.Гансүх

            Хариуцагч: Х.Нарантуяагийн өмгөөлөгч Г.Амартүвшин

            Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.

                                                                           

                                                      Тодорхойлох нь:

            Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 4 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 002 тоотод оршин суух хаягтай, “Итгэлт- Агь” ХХК-ий захирал ажилтай, Баатар овгийн Эрдэнэцогтийн Эрдэнэзаяа /регистрийн дугаар МЗ-82121202/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          ...Нэхэмжлэлийн утга: Х.Нарантуяа нь 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Э.Эрдэнэзаяа надтай албан ёсны зээлийн гэрэ байгуулан 12.000.000 төгрөгийг 6-н  сарын хугацаатай, сарын 8%-ийн хүүтэй зээлэн авсан болно.

             Уг мөнгийг “том хүүгийнхээ байрны урьчилгаанд төлнө” хэмээн авсан.  Х.Нарантуяа нь 2014 оны 09 дүгээр сарын 15-нд зээлийн хүү болох 960.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 15-нд зээлийн хүү 960.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 15-нд зээлийн хүү 960.000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс хойш төлөөгүй байж байгаад 2015 оны 3 дугаар сард 2014 оны 12 дугаар сарын 15 болон 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн хүү болох 1920.000 төгрөгнөөс 1500.000 төгрөг төлөн үлдэгдэл 420.000  дутуу төлсөн болно. Мөн зээлийн гэрээ 2015 оны 02 дугаар сарын 15-нд дуусахад үндсэн зээл болох 12.000.000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл болох 420.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн хүү болох 960.000 төгрөг нийт 13.380.000 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүртэл намайг хохироож байна.

             Э.Эрдэнэзаяа би “Зээлийн гэрээний  5 дугаар зүйлд зааснаар “зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд  хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн мөнгөн дүнгийн 0.3%-ийн алданги тооцон нийт 406 хоногоор / нэг хоногийн 13380.00 х 0.3%= 40.140/ 16285.000 төгрөг, төлөгдөөгүй үлдсэн зээл болох  13.380.000 төгрөг нийт 29.665.000 төгрөгийг нэхэмжилж байна.

             Х.Нарантуяа нь зээлийн  барьцааны гэрээнд өөрийн Ү-1317007142 дугаар бүхий үл хөдлөх, Г-1317001142 дугаар бүхий газрыг барьцаалан барьцааны гэрээ байгуулан Улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн бөгөөд  уг гэрээнд хариуцагч өөрийн үл хөдлөх хөрөнгийг харилцан тохиролцон 12.000.000 төгрөгөөр үнэлсэн болно.

 

 

Нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяа миний нэхэмжилсэн  мөнгөн дүн болох  29.665.000 төгрөг нь барьцаа хөрөнгөнөөс хэт давсан байх тул нэхэмжилж буй мөнгөний  12.000.000 төгрөгөнд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үлдэгдэл мөнгө болох 17.665.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан хохиролгүй болгож өгнө үү!...гэжээ.      

 

           Нэхэмжлэгч: Э.Эрдэнзаяа  2016 оны 06 дугаар сарын 10-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргасан нэхэмжлэлдээ:

       ... Алданги 2015 оны 02 дугаар сарын 15-наас 2016 оны 03 дугаар сарын 29-нийг хүртэл 406 хоногоор бодсон нь шүүх шийдэх өдөр хүртэл 43 хоног дутуу бодогдсон байна. 

            Иймд хоногийг 40.140 төгрөгийн алдангийг 43 өдрөөр тооцон нийт 1726.020 төгрөгийг нэмж нэхэмжилж байна... гэжээ.

 

            Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 155 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй   

            Боржигон овгийн Хандсүрэнгийн Нарантуяа /регистрийн дугаар МЮ- 67111401/  шүүхэд гаргасан тайлбартаа:

         ...Х.Нарантуяа миний бие нь Э.Эрдэнэзаяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Э.Эрдэнэзаяа бид хоёрын хооронд 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 12.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлсэн юм.

             Зээлийн хүүнд өгсөн мөнгийг Э.Эрдэнэзаяа нэхэмжлэлдээ бичихдээ 2014 оны 09 дүгээр сарын 15-наас 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 2880.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сард 1500.000 төгрөг, нийт 4380.000 төгрөг гэсэн байна.

              Миний бие дээрх мөнгөнүүдийг хүүнд нь өгсөн нь үнэн боловч Э.Эрдэнэзаяа нь зарим өгсөн мөнгөнүүдийг хүүнд нь оруулалгүй дутуу бичсэн байна.  Учир нь 2014 оны 12 дугаар сард 100.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 26-нд 1500.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд 850.000 төгрөг нийт 6830.000 төгрөг болно. Эдгээр мөнгийг шилжүүлсэн баримт болон гэрчүүд байгаа болно.

              Иймээс Э.Эрдэнэзаяагийн нэхэмжилсэн үндсэн зээлийн хүү дууссан гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.

 

              Хариуцагч: Х.Нарантуяа нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 08-нд шүүхэд тайлбар гаргахдаа:

           ...Э.Эрдэнэзаяагийн гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Миний хувьд өмнөх тайлбар дээрээ дурьдсанчлан хүү нь дууссан гэж үзэж байна. Иймээс нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.. гэжээ.  

 

                 Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж

Үндэслэх нь:

              Э.Эрдэнэзаяа нь Х.Нарантуяад холбогдуулан “зээл, зээлийн хүү, алданги нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нийт 31.391.020 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэл гаргасан байна.

             Э.Эрдэнэзаяа нь  Х.Нарантуяа нар нь 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “Зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ” байгуулан 12.000.000 сая төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн барьцаанд Х.Нарантуяагийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 155 тоотод байрлах 000103344, 000092691 тоот  гэрчилгээтэй, Ү-1317007142 дугаар бүхий 108 мкв хувийн орон сууц, Г-1317001142 дугаар бүхий улсын бүртгэлтэй 2145.4 мкв өмчилсөн газар бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан, барьцааны гэрээг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бүртгүүлснээр дээрх гэрээнүүд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болжээ.  

            Зохигчид нь “Зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ” байгуулсан эсэх, гэрээнд зааснаар анх авсан 12.000.000 төгрөгийг зээл, зээлийн хүү, бусад  нөхцлөөр маргаагүй байна.

            Харин нэхэмжлэгч үндсэн зээл 12.000.000 сая төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 1380.000 төгрөг, алданги 18.011.020 /анх алданги 16285.000 нэхэмжилж + нэмэгдүүлсэн шаардлага алданги 1726.020 төгрөг бүгд 18.011.020 төгрөг/ гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч зээлийн гэрээний дагуу 6 сарын үндсэн зээлийн хүүг бүрэн төлж барагдуулсан гэж маргажээ.

          Иргэний хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигчдын хооронд 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан  “Зээлийн гэрээ”болон  “Барьцааны гэрээ” –ний дагуу хариуцагч нь 12.000.000 сая төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй авсан байх ба гэрээнд заасны дагуу  2014 оны 9, 10, 11 дүгээр сарын 15-нд зээлийн хүүд сар бүр 960.000 төгрөг нийт 2880.000 төгрөг, мөн 2015 оны 3 дугаар сард “2014 оны 12 дугаар сар, 2015 оны 1 дүгээр сарын хүү 1920.000 төгрөг” төлөхөөс 1500.000 төгрөгийг төлж хүүгийн үлдэгдэл 420.000 төгрөг төлөгдөөгүй,  бүгд 2015 оны 02 дугаар сарын 15-нд зээлийн гэрээ дуусахад нийт 4380.000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн болох нь хариуцагчийн өөрийн тайлбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “ ...Мөн зээлийн гэрээ 2015 оны 02 дугаар сарын 15-нд дуусахад үндсэн зээл болох 12.000.000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл болох 420.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн хүү болох 960.000 төгрөг төлөгдөөгүй ...” гэж бичсэнээр нотлогдож байна.

           Харин хариуцагч Х.Нарантуяа нь 2015 оны 02 дугаар сарын 15-наас хойш буюу нэхэмжлэгчийн өөрийн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд төлөгдсөн зээлийн хүүг тооцон бичсэн өдрөөс хойш нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяагийн өөрийн эзэмшилийн ХААН банкны 5675404023 тоот  дансанд 2015 оны 04 дүгээр сарын 24-нд 1500.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 100.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 400.000 төгрөг бүгд 2000.000 төгрөг төлсөн болох нь ХААН банкнан дахь Х.Нарантуяагийн эзэмшлийн 5675305985 тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

            Дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч Х.Нарантуяа нь нэхэмжлэгчид 6380.000 төгрөг төлсөн ба, зээлийн гэрээний дагуу 12.000.000 сая төгрөгийн нэг сарын хүү 960.000 төгрөг болох бөгөөд 6 сарын хүү 5760.000 төгрөг болж,  хариуцагч зээлийн хүүг бүрэн төлж барагдуулсан ба уг төлбөрөөс 620.000 төгрөг зээлийн хүүд илүү төлөгдсөн байна.

           Иймд зээлийн хүүд илүү төлөгдсөн 620.000 төгрөгийг үндсэн зээл болох 12.000.000 төгргөгнөөс хасч үндсэн зээлийн төлбөрт 11.380.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

           Зохигчдын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ”-ний 5 дугаар зүйлд “гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй төлөөгүй тохиолдолд үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцно” гэснээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 11.380.000 төгрөгний 0.3 хувь буюу хоногийн 34.140 төгрөгөөр алдангийг хэрэг шийдвэрлэх хүртэл хугацаагаар тооцвол 10.241.000 төгрөг  болох ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “... анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж хуульчилсан байх тул  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 11.380.000 төгрөгний 50 хувь болох 5690.000 төгрөгийн  алданги, үндсэн зээл 11.380.000 төгрөг нийт 17.070.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 14.321.020 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  үндэслэлтэй байна.

           Мөн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Э.Эрдэнэзаяа,  Х.Нарантуяа нарын 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдийн  “Барьцааны гэрээ”-гээр барьцаалбар болсон Х.Нарантуяагийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 155 тоотод байрлах 000103344 тоот гэрчилгээтэй, Ү-1317007142 дугаар бүхий 108 мкв хувийн орон сууц,  000092691 тоот  гэрчилгээтэй, Г-1317001142 дугаар бүхий улсын бүртгэлтэй 2145.4 мкв өмчилсөн газар бүхий үл хөдлөх хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.         

           Нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяа нь анх зээл, зээлийн хүү, алдангийн хамт    “29.665.000 төгрөг гаруулахаар нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 306.275 төгрөг төлөх хугацааг шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч тэмдэгтийн хураамж төлөхийг  хойшлуулсан, мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 1726.020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 40.140 төгрөг төлөхийг 14 хоногийн хугацаагаар хойшлуулж, 2016 оны 06 дугаар сарын 23-нд 42.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураажид төлсөн байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлөх 306.275 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж,  нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр буюу 17.070.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 243.300 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.  

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1140 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийг шийдвэр биелэгдэх хүртэл хугацаагаар хэвээр үлдээх нь зүйтэй байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шүүх хурлын товыг нэхэмжлэгчид боломжит хугацаанд мэдэгдсэн боловч ... “нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяа нь байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар   зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар Х.Нарантуяагаас  17.070.000 төгрөгийг гаргуулан Э.Эрдэнэзаяад олгож, үлдэх 14.321.020 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Х.Нарантуяагийн нэг хүний эзэмшлийн № 000103344 дугаартай, Ү-1317007142 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 багийн 2 дугаар хэсгийн 155  тоотод байрлалтай 108 мкв талбайтай орон сууцны зориулалтай барилга,   №000092691 дугаартай, Ү-1317001142 дугаарт  бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 багийн 2 дугаар хэсгийн 155  тоотод байрлалтай 2145.4 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний  өмчилсөн  газар  зэрэг  барьцаа  хөрөнгөнөөс албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг  хангуулсугай.

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6, Шүүхийн шийдвэр Гүйцэтгэлийн тухай хуулийн 43 дүгээр зүйлийн 43.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа явуулах этгээдээр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 306.275 төгрөгийг нөхөн төлүүлж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 17.070.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 243.300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг  дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан  хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.5-д зааснаар мөн  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны  дагуу  хүрэлцэн   ирж  шүүхийн шийдвэрийг  аваагүй бол  шүүх  хугацаа  өнгөрснөөс 7 хоногийн   дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан  авсанд  тооцсугай.

8. Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш  14 хоног дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ