Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 948

 

   А.Цэндсүрэнгийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/00389 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Цэндсүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Цайны зам трейд” ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй,

2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очир

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинжаргал

Хариуцагчийн төлөөлөгч П.Буяннэмэх

Хариуцагчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, Д.Төмөрбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагч компанитай 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Гүрж улсаас нэг удаагийн цай татан авалтын өртөг 160 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 79 хоногийн хугацаатайгаар зээлж, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэхэд 200 000 000 төгрөг болгож өгөхөөр тохиролцон гэрээ байгуулсан. Гэрээний дагуу хариуцагчийн Төрийн банкны дансанд 160 000 000 төгрөг шилжүүлсэн. Энэ зээлийн талаар 11 дүгээр сард зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд үлдэгдэл 40 000 000 төгрөг, алданги 20 000 000 төгрөг нийт 60 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч П.Буяннэмэх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс өмнө манайд борлуулагчаар ажилладаг н.Хүрэлбаатар гэх хүн А.Цэндсүрэн гэж хүнийг дагуулж ирсэн. Бид ярилцаад тохирчихлоо энэ цайгаа бид нарт зараачээ гэсэн хүсэлтийг тавьсан. Би графикаа зөрчихгүйн тулд хамтран ажиллахаар шийдсэн. 160 000 000 төгрөгийн татан авалтын мөнгийг А.Цэндсүрэн гаргана гэж гурвуулаа харилцан тохиролцсон. Танилцсан өдрөө танд 160 000 000 төгрөг өгсөн учир гэрээ хийе гэсэн тул бид зээлийн гэрээ байгуулсан. А.Цэндсүрэн 160 000 000 төгрөг шилжүүлсэн. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр цай орж ирсэн. Энэ хоёр бие биенээ сайн мэддэг хүмүүс байсан юм. 2015 он гараад 7 билүү 8 сарын үед А.Цэндсүрэн над руу залгаж мөнгөө авч чадахгүй байна гэсэн. Би гайхаад н.Хүрэлбаатараас асуухад зарим мөнгийг өгөөгүй байгаа гэж хэлж байсан. Энэ хэргээс болж 240 000 000 төгрөгийн үнэ бүхий цайг битүүмжилж, цай хөгзөрч эхэлсэн. Би мөнгөнд нь таарсан цайг өгсөн. н.Хүрэлбаатартай тэр хоёр хамтран ажиллаж байсан болохоор бие биенээ танидаг гээд над дээр дагуулж ирж хамтран ажиллая гээд мөнгөө өгөхөд би цайг нь өгсөн байхад яагаад зээл гээд нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Би мөнгө зээлж аваагүй. Гэрээний дагуу 44 800 000 төгрөгийг надад өгөх байсан. Гэтэл надад өгөөгүй. 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хийсэн хэлцлээр н.Хүрэлбаатар надад 44 800 000 төгрөг өгөх байсан юм. Иймд үндсэн нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би дээрхи зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ, хэлцлийг тус тусад нь үзэж байна. Энэ нь зээлийн гэрээг баталгаажуулсан байна. 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн хэлцэл байгаа. Энэ хэлцэл зээлийн гэрээтэй нягт холбоотой. П.Хүрэлбаатар, Б.Очир нар энэ гэрээг хийхэд хамт байсан. Хамтран ажиллах гэрээ хийсэн бол хамтран ажиллах гэрээ гэж бичнэ. Гэтэл хамтран ажиллах гэрээг амаар хийсэн гэж байгаа ч хамтран ажиллах гэрээг амаар хийж болохгүй. Энэ компани олон компаниудтай харилцаж байгаа ч тэр болгондоо хамтран ажиллах гэрээг амаар хийдэг гэж бодохгүй байна. 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нэхэмжлэгчээс цайгаа авчирахын тулд хугацаатай 160 000 000 төгрөгийг зээлсэн. Энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Тэгэхээр хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох ёстой. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч “Цайны зам трейд” ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг хүү, анз, алданги тооцохгүйгээр байгуулсан байдаг. Харин хамтран ажиллах гэрээ бол ашиг авдаг. Тэгэхээр 40 000 000 төгрөг гэж бичсэн байгаа нь ашиг. Нэхэмжлэгч алданги тооцоод байгаа ч 40 000 000 төгрөгийг ашиг гэж заасан. Гэтэл зөвхөн хамтран ажиллах гэрээн дээр ашиг яригддаг. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд хамтран ажиллах гэрээ гэдгийг гэрч гэрчилж мэдүүлэг өгсөн. Хэрвээ П.Буяннэмэх мөнгө зээлсэн байсан бол П.Буяннэмэх төлөхгүй П.Хүрэлбаатар төлөөд яваад байгааг нотолж байна. Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээг амаар байгуулж болох талаар заасан. Бодит байдалд манайд А.Цэндсүрэнгээс тушаасан 160 000 000 төгрөг нэг вагон буюу 36 000 ширхэг цайг импортоор орууж ирэх төлбөр байсан. А.Цэндсүрэнтэй 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг үндэслэж хүчин төгөлдөр бусд тооцож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3  282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Цайны зам трейд ” ХХК-иас 60 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Цэндсүрэнд олгож,  

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.2.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагчийн гаргасан 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 458.000 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 022 500 төгрөг төлснийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 458 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Цэндсүрэнд олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 381 950 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан хариуцагч “Цайны зам трейд” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Цайны зам трейд” ХХК-иас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэрч П.Хүрэлбаатар нь энэ хэрэгт "Цайны зам трейд" ХХК гэрээний үүргийн дагуу цайгаа татан авч, хүлээлгэж өгсөн учир энэ хэрэгт хамааралгүй, харин ашгаас хувь авах байсан гэж болсон процессыг мэдүүлсэн. Гэвч гэрчийн мэдүүлгийг шүүх огт үнэлээгүй, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон гэрчийн мэдүүлэг байхад үүнийг үнэлэхгүй байгаа нь шүүх талуудын хоорондын тэгш байдлыг хангахгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасныг зөрчсөн байдаг. "Цайны зам трейд" ХХК-ийг цайны өртөг 160 000 000 төгрөг авсан, энэ мөнгийг хамтран ажиллах гэрээний үүргийн дагуу П.Хүрэлбаатар, нэхэмжлэгч А.Цэндсүрэнд төлснийг огт дурдаагүй, мөн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж чадахгүй цайны өртөг 160 000 000 төгрөгөө төлчихсөн байхад ямар үндэслэлээр нэхэмжлээд байгааг тайлбарлаж чадаагүй, гэтэл шүүх алданги гэж хариуцагч талын нэхэмжлэлийн үндэслэлийг өөрөө тодорхойлж өгдөг, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт цайг татан авах өртөгт 160 000 000 төгрөгийг "Цайны зам трейд" ХХК авсан гэдэгт талууд маргаагүй, мөнгийг П.Хүрэлбаатар нэхэмжлэгчид төлсөнд 2 тал маргаагүй байхад 40 000 000 төгрөгийн үлдэгдэл гэж шүүх тайлбарлаад уг мөнгийг хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч 40 000 000 төгрөгөө ямар үндэслэлээр нэхэмжилж байгаагаа тайлбарлаж чадааггүй, хариуцагч 40 000  000 төгрөгийг ямар үндэслэлээр нэхээд байгаа нь тодорхойгүй. Иргэний хуульд заагаагүй хүү, алданги, мөнгийг авах үндэслэлгүй байхад шүүх уг харилцааг зээлийн гэрээ гэж үнэлэн, үндсэн зээл 160 000 000 төгрөгөө төлчихсөн, үндсэн зээлийн үлдэгдэл байхгүй байхад 40 000 000 төгрөгийг хангаж, 20 000 000 төгрөгийн алданги тооцож байгаа нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 282.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч П.Хүрэлбаатарын мэдүүлгээр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан болох нь А.Цэндсүрэн, "Цайны зам трейд" ХХК-д вагон цайны өртөг 160 000 000 төгрөг өгсөн гэдэгтэй талууд маргадаггүй, хамтран ажиллах гэрээний үүргийн дагуу "Цайны зам трейд" ХХК уг 160 000 000 төгрөг авч, цайгаа оруулж ирээд хүлээлгэн өгснөөр үүргээ биелүүлсэн ба П.Хүрэлбаатар цайгаа борлуулаад А.Цэндсүрэнд цайны мөнгөө төлсөн. "Цайны зам трейд" ХХК-д ашиг болох мөнгө төлсөн баримт байдаггүй. Эдгээр баримтаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага нотлогддог. Иймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А.Цэндсүрэн нь хариуцагч “Цайны зам трейд” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Давж заалдах журмаар хэргийг хянан хэлэлцэх явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар зохигчид эвлэрэн хэлэлцэхээр тохиролцсныг тус шүүхээс шийдвэрлэх боломжтой.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд зохигчид харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч А.Цэндсүрэн нь нэхэмжлэлийн шаардлага 60 000 000 төгрөгийн 50 000 000 төгрөгөөс татгалзаж,  хариуцагч “Цайны зам трейд” ХХК нь 10 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч “Цайны зам трейд” ХХК нь 10 000 000 төгрөгөнд дугуй булант цай 1 бүрийн бөөний худалдааны үнийг 7000 төгрөгөөр тооцож, нийт 143 хайрцаг буюу 1430 ширхэг цайг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны дотор хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Талууд улсын тэмдэгтийн хураамжийн талаар тусгайлан тохиролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчид эвлэрэн хэлэлцэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон тохиолдолд төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй байхаар зохицуулсны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/00389 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Цэндсүрэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 60 000 000 төгрөгийн 50 000 000 төгрөгөөс татгалзсныг хариуцагч “Цайны зам трейд” ХХК нь 10 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч “Цайны зам трейд” ХХК нь 10 000 000 төгрөгөнд дугуй булант цай 1 бүрийн бөөний худалдааны үнийг 7000 төгрөгөөр тооцож, нийт 143 хайрцаг буюу 1430 ширхэг цайг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны дотор хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                              ШҮҮГЧИД                                         Ш.ОЮУНХАНД

                                                                                                                          Д.БАЙГАЛМАА