Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 389

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, 79 дүгээр байрны 7 тоотод оршин суух, Сэмбэ овогтой Аварзэдийн Цэндсүрэн  /РД:ЙЭ82122916/-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Тоо вангийн гудамж 25 дугаар байрны 1 тоотод байрлах “Цайны зам трейд“ ХХК /РД:2045893/-д холбогдох

 

         Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 60.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2014 оны 11 дүгээр сарын 21-ний гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.2.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинжаргал, хариуцагч компанийн төлөөлөгч П.Буяннэмэх, хариуцагчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, Д.Төмөрбаатар, гэрч П.Хүрэлбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

                                                                                                                  

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч хариуцагч компанитай 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Гүрж улсаас нэг удаагийн цай татан авалтын өртөг болох 160.000.000 төгрөгийг Зээлийн гэрээ байгуулан 79 хоногийн хугацаатайгаар зээлж, дээрхи мөнгийг 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр гэхэд 200.000.000 төгрөг болгож өгөхөөр тохиролцон гэрээ байгуулсан. Гэрээний дагуу хариуцагчийн Төрийн банкных нь дансанд 160.000.000 төгрөг орсон байдаг. Бид хоорондоо бие биенээ танидаг хүмүүс юм. Энэ зээлийн талаар 9 дүгээр сард ярилцаж эхлээд 11 дүгээр сард зээлийн гэрээ байгуулсан юм. Ямар ч байсан энэ зээлийн гэрээний үлдэгдлийг барагдуулж өгнө үү. Энэ хүн өөрөө гарын үсгээ зурсан хэлцэл байгаа. 160.000.000 төгрөгийг 200.000.000 төгрөг болгож өгнө гэсэн байгаа. Тэгээд үлдэгдэл 40.000.000 төгрөгийг алданги 20.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

          Хариуцагч компанийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс өмнө манай дээр борлуулагчаар ажилладаг н.Хүрэлбаатар гэх хүн А.Цэндсүрэн гэж хүнийг дагуулж ирсэн юм. Бид ярилцаад тохирчихлоо энэ цайгаа бид нарт зараачээ гэсэн хүсэлтийг тавьсан. Би графикаа зөрчихгүйн тулд хамтран ажиллахаар шийдсэн юм. 160.000.000 төгрөгийн татан авалтын мөнгийг А.Цэндсүрэн гаргана гээд гурвуулаа харилцан тохиролцсон. Танилцсан өдрөө танд 160.000.000 төгрөг өгчихөж байгаа юм чинь гэрээ хийчихье гэсэн болохоор би гэрээ байгуулсан байгаа. Ямар гэрээ байгуулах юм бэ? гэхэд зээлийн гэрээ хийе гээд бид зээлийн гэрээ байгуулсан. А.Цэндсүрэн 160.000.000 төгрөгөө шилжүүлсэн. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр цай орж ирсэн. Энэ хоёр бие биенээ сайн мэддэг хүмүүс байсан юм. 2015 он гараад 7 билүү 8 сарын үед А.Цэндсүрэн над руу залгаж мөнгөө авч чадахгүй байна гэсэн. Би гайхаад асуухад н.Хүрлээ ах чинь надад юм өгөхгүй байна гэсэн. Тэгээд н.Хүрэлбаатар руу би залгаад асуухад н.Хүрэлбаатар зарим мөнгийг өгөөгүй байгаа гэж хэлж байсан. Энэ хэргээс болж 240.000.000 төгрөгийн үнэ бүхий цайг маань битүүмжилж, цай маань хөгзөрч эхэлсэн. Энэ талаар өөр шүүхэд тусдаа нэхэмжлэл гаргасан байгаа. Гэтэл гэнэт эрүүгийн хэрэг үүсгэгдэн сэжигтэн, яллагдагчаар татагдсан гээд байсан. Би юу болоод байгаа учрыг нь олоогүй байж байгаад гэнэт хохироод сэтгэл санааны дарамтанд орж бие муудсан. Миний аваагүй мөнгийг зээл гээд байдаг. Ямар мөнгийг нэхээд байгааг би ойлгохгүй байгаа. Би мөнгөнд нь таарсан цайг нь өгчихөж байгаа юм. Н.Хүрэлбаатартай тэр хоёр хамтран ажиллаж байсан болохоор бие биенээ танидаг гээд над дээр дагуулж ирж хамтран ажиллая гээд мөнгөө өгөхөд би цайг нь өгсөн байхад яагаад зээл гээд нэхэмжлээд байгааг ойлгохгүй байгаа. Би өрөө банкнаас зээл авдаг. Зээлээ би хугацаандаа төлдөг. Надад зээлээ төлөөгүй нэг ч тохиолдол байхгүй. Би хэрвээ зээл авсан бол яагаад өгөхгүй байгаа болон аваагүй зээлийг яагаад би төлөх болчихоод байгааг би мэдэхгүй байна. Энэ болсон үйл явдлыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Очир гээд залуу бас бүгдийг мэднэ. Хэдэн хүний амь амьдралыг залгуулаад явж байгаа компанийг хохироож, ийм адгийн байж болох юм уу, өөрсдөд нь цайг нь хүлээлгээд өгсөн байхад яагаад ийм байдал гаргаж байгааг би ойлгохгүй байна. Би нэг ч хүнийг хохироож үзээгүй. Би ийм мөнгө зээлж аваагүй. Гэрээний дагуу бол 44.800.000 төгрөгийг надад өгөх байсан юм. Гэтэл надад өгөөгүй. 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэлцэл хийсэн. Хэлцлээр Хүрэлбаатар надад 44.800.000 төгрөг өгөх байсан юм. Иймд үндсэн нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би дээрхи зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Миний сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ, хэлцлийг тус тусад нь авч үзээд байх шиг байна. Хэлцэл гээд хавсралт 2 гээд байгааг шүүх сайн хараарай. Энэ нь Зээлийн гэрээг баталгаажуулсан байгаа юм. 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн хэлцэл байж байгаа. Энэ хэлцэл бол зээлийн гэрээтэй нягт холбоотой юм. Хүрэлбаатар, Очир гээд энэ гэрээг хийхэд хамт байсан хүмүүс мөн энд байж байна. Энэ хэлцэл дээр зээлдүүлэгч, зээлдэгч гэсэн нэр томъёотой байгаа. Хэрэв хамтран ажиллах гэрээ хийсэн бол хамтран ажиллах гэрээ гэж бичнэ. Гэтэл хамтран ажиллах гэрээг амаар хийсэн гээд байгаа. Хамтран ажиллах гэрээг амаар хийж болохгүй. Энэ компани нь зөндөө олон хүнтэй ажилладаг бөгөөд олон компаниудтай харилцаж байгаа байх. Гэтэл тэр болгондоо хамтран ажиллах гэрээг амаар хийдэг гэж бодохгүй байна. 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нэхэмжлэгчээс цайгаа авчирахын тулд хугацаатай 160.000.000 төгрөгийг зээлсэн байгаа. Энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд Зээлийн гэрээ байгуулагдсан. Тэгэхээр хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох ёстой. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.3, 56.1.8 дахь хэсэгт тус тус заасны дагуу гэрээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Яагаад гэвэл гэрэнд вагон цай авахын тулд буюу энэ 160.000.000 төгрөгийг бол зайлшгүй вагон цай авахад зарцуулна өөр үйлдэл хийхийг хориглосон байдаг. Дүр үзүүлэн хийсэн гэрээ хэлцэл байгаа. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг хүү, анз, алданги тооцохгүйгээр байгуулсан байдаг. Харин Хамтран ажиллах гэрээ бол ашиг авдагт байдаг. Тэгэхээр энэ гэрээн дээр бол дандаа ашиг гэж байдаг. Тэгэхээр 40.000.000 төгрөг гэж бичсэн байгаа нь ашиг. Нэхэмжлэгч алданги тооцоод байгаа. Гэтэл  40.000.000 төгрөгийг ашиг гээд заасан байгаа. Гэтэл зөвхөн Хамтран ажиллах гэрээн дээр ашиг яригддаг. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд хамтран ажиллах гэрээ юм гэдгийг гэрч гэрчилж мэдүүлэг өгсөн. Хэрвээ Буяннэмэх мөнгө зээлсэн байсан бол Буяннэмэх төлөхгүй Хүрэлбаатар төлөөд яваад байгаа нь нотолж байна. Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт  зааснаар хамтран ажиллах гэрээг амаар байгуулж болох талаар заасан байгаа. Нутгийн цай ХХК-тай амаар хамтраад ажилладаг байснаараа хамтраад ажилласан байгаа. Хэзээ ч зээлийн гэрээн дээр ашиг яригддаггүй. Тэгэхээр энэ гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 58.2.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч гэв.

 

Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Цэндсүрэн нь хариуцагч “Цайны зам трейд” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 60.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч 2014 оны 11 дүгээр сарын 21-ний гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.2.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн хувьд:

Нэхэмжлэгч А.Цэндсүрэн нь хариуцагч “Цайны зам трейд” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 40.000.000 төгрөг, алданги 20.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч тал нэхэмжлэгч А.Цэндсүрэн нь 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагчийн Төрийн банкны дансанд 160.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэдэг талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч хариуцагчийг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 160.000.000 төгрөгийг, хүүгүйгээр, 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 79 хоногийн хугацаатай 200.000.000 төгрөг болгож өгөхөөр харилцан тохиролцон байгуулсан боловч зээлийн үндсэн төлбөрөө бага багаар өгсөн боловч үлдсэн 40.000.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хугацааны алданги 20.000.000 төгрөгийг төлөөгүй тул үлдсэн төлбөр 40.000.000 төгрөг, алданги 20.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөгийг шаардаж байна гэжээ.

Нэхэмжлэгч хариуцагчид 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 160.000.000 төгрөгийг, хүүгүйгээр, 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 79 хоногийн хугацаатай 200.000.000 төгрөг болгож өгөхөөр 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь хариуцагчид 160.000.000 төгрөгийг зээлдүүлсэн гэх баримт хэрэгт авагдсан байна. /хх4,9/

Нэхэмжлэгч нь дээр дурдсан 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 160.000.000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн гэдгийг  хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзэв.

Харин хариуцагч нь бидний хооронд хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсаны дагуу нэхэмжлэгч мөнгөө шилжүүлсэн бөгөөд бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгчийн хэлсэнээр мөнгө шилжүүлсэн тул ямар нэгэн баримт үйлдэх шаардлагатай гэсний дагуу зээлийн гэрээг дүр үзүүлэн байгуулсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа нь маргааны үндэслэл болжээ.

Ийнхүү талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээг шүүх эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг бичгээр байгуулсан байна гэж үзэхээр байна.

Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу мөнгийг бодитойгоор нэхэмжлэгч хариуцагчид 2014 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр түүний дансанд шилжүүлсэнээр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэсэн шаардлагыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй байна гэж үзлээ./хх9/

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасны дагуу талууд Зээлийн гэрээний 3 дахь хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор заасан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй байна гэж үзлээ. /хх4/

Харин хариуцагч “....талуудын хооронд хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгчээс дээрхи мөнгийг зээлж аваагүй, зээлийн гэрээ байгуулагдаагүй. Энэ гэрээ хамтран ажиллах гэрээг халхавчлах зорилгоор нэхэмжлэгч мөнгө шилжүүлсэн тул ямар нэгэн баримт үйлдэх шаардлагатай байна гэснээр анзааралгүйгээр зээлийн гэрээ гэдэг дээр гарын үсэг зурсан. Хэрэв зээлийн гэрээ байгуулсан бол хүүгүй гэрээ байгуулах боломжгүй. Харин мөн өдөр байгуулсан хэлцэлд дээрхи мөнгийг зарцуулах талаар тусгахдаа зээлж авсан мөнгийг ашгийн хамт 200.000.000 төгрөг болгож өгнө гэсэн байгаа. Энэ нь ашиг хуваах талаар буюу хамтран ажиллах гэрээ гэдгийг баталж байгаа.“ гэж татгалзжээ.

Хэдийгээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.”гэж тус тус заасны дагуу өөрийн татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд шүүхэд ирүүлсэн зээлийн гэрээ /хх4/, хэлцэл /хх5/, мөнгөн шилжүүлэг /хх9/, Хаан банкны мөнгөн шилжүүлэг, 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн нэхэмжлэл, хариуцагч тал П.Хүрэлбаатартай байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 07, 2016 оны 3 дугаар сарын 06-ны зээлийн гэрээ болон хэлцэл, Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, нэхэмжлэл, цай хүлээн авсан акт, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Хаан банкны гадаад гуйвуулгын даалгавар, гэрч П.Хүрэлбаатарын шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хариуцагчийн татгалзал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Зохигчид зээлийн гэрээнд хүүгүй гэж заасны доогуур зурж гэрээг байгуулсан хэдий ч үндсэн зээл болох 160.000.000 төгрөгийг 200.000.000 төгрөг болгож өгөхөөр харилцан тохиролцож, мөн өдөр талуудын хооронд байгуулагдсан хэлцэлээр дээрхи зээлийг чухамд юунд зарцуулах талаар тусгаж, зээлж авсан 160.000.000 төгрөгөө цайгаа борлуулсаны дагуу түүний ашгийн хамт 200.000.000 төгрөг болгож өгнө гэсэн нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно.”гэж заасны дагуу хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ. 

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.”, 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.  Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.”, 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.”, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус заасныг баримтлан 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 40.000.000 төгрөг, алданги 20.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүх үзлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд:

 

Шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч “Цайны зам трейд” ХХК нэхэмжлэгчтэй байгулсан 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгийн үед хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2014 оны 11 дүгээр сарын 21-ний зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.2.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар тодруулжээ.

Шүүх хариуцагч талын дээрхи сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгаа нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж үзэхгүй тул  нэхэмжлэгч тал шүүх хуралдааны явцад тайлбараа гаргаад явна гэж байгааг үндэслэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хуульд харшлахгүй гэж үзлээ. 

Хариуцагч дээрхи зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл;”, 56.1.2 дахь хэсэгт “дүр үзүүлэн хийсэн хэлцэл;”, 56.1.3 дахь хэсэгт “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл;”, 56.1.8 дахь хэсэгт “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл;”, 58 дугаар зүйлийн 58.2.1 дэх хэсэгт “хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн;” гэж тус тус зааснаар хамтран ажиллах гэрээг халхавчлах зорилгоор зээлийн гэрээ хийж дүр үзүүлэн, хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр, хамтран ажиллах гэрээ бус өөр зээлийн гэрээ нэртэй гэрэ байгуулахыг анзааралгүйгээр зөршөөрөн хийсэн тул хүчин төгөлдөр бус гэрээ гэжээ. 

Харин нэхэмжлэгч дээрхи зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлж, ямар нэгэн хамтран ажиллах гэрээг халхавчлах зорилго байгаагүй бөгөөд хариуцагчийн зээлийн гэрээг хүүтэй гэж байгуулах юм бол маш өндөр хүү төлөхөөр байсан тул өөрийнх нь хүссэнээр 40.000.000 төгрөг нэмж, нийт 200.000.000 төгрөг төлөхөөр, хэрэв тохирсон хугацаандаа гэрээний үүргээ биелүүлэхгүй бол 0,5 хувийн алданги тооцно гэж харилцан тохиролцсоны дагуу зээлийн гэрээг байгуулсан тул зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч хамтран ажиллах гэрээг халхавчлах зорилгоор зээлийн гэрээ байгуулсанаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж шаардаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ.”, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно.”гэж тус тус заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлага хариуцагч эхэлж нотлох үүрэгтэй тул талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, дээрхи гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.2.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудын хүрэнд тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Дээрхийг нэгтгэвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Цайны зам трейд” ХХК-с 60.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Цэндсүрэнд олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.2.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 458.000 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1.022.500 төгрөг төлсөнийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 458.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 381.950 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан хариуцагчид тус тус олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 117, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3  282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Цайны зам трейд ” ХХК-с 60.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Цэндсүрэнд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.2.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагчийн гаргасан 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 458.000 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1.022.500 төгрөг төлсөнийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 458.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Цэндсүрэнд олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 381.950 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан хариуцагч “Цайны зам трейд” ХХК-д тус тус олгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт тус тус зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд оролцогчид шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ талууд биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

      

 

 

 

                 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ