Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01220

 

 Ш-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

 

             Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00430 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 853 дугаар магадлалтай,

   Ш-ы нэхэмжлэлтэй,

            Ц , Я  нарт холбогдох

            90,605,045 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш-, хариуцагч Ц , Я , нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ц ын аав Я ы нөхөр Ш.Цогтсайхан нь Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 4а байр 18 тоот өөрийн байрыг зээлээс чөлөөлж авахын тулд 2006 оны 01 сарын 18-ны өдөр Ш- миний байрыг Капитрон банк, “Гэрэг инвест” ХЗХ-д 3,500,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Зээлийг төлж чадахгүй байсаар 2008 оны 03 сарын 07-ны өдөр нас барсан. Би өөрийн байрыг зээлээс чөлөөлж “Гэрэг инвест” ХЗХ-нд 4,405,045 төгрөгийг төлсөн. Өвлөгч Ц  нь өр төлбөрөөс зугтаж зээлийн барьцаанд байсан гэрчилгээг Ш- намайг хулгайлсан гэж гүтгэж, үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газарт зээлийн барьцаанд бүртгэгдсэн гэрчилгээг шинээр гаргуулахдаа үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газарт хүсэлт гаргаж, ямар нэгэн асуудал үүсвэл бид нар хариуцна хэмээн шинэ гэрчилгээ гаргуулсан байсан. Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 45/4-48 тоот байрны өмчлөгчөөр Я , Ц  нар бүртгэлтэй байна. Ш.Цогтсайханы төлөх ёстой өр 86,200,000 төгрөг бөгөөд “Гэрэг инвест” ХЗХ-ны өр төлбөр 4,405,045 төгрөг, нийт 90,605,045 төгрөгийг түүний өвлөгч Я , Ц  нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлд бичигдсэн “Гэрэг инвест” ХЗХ-ны өр төлбөрийн талаар өмнө нь олон удаа шүүхээр хэлэлцэгдэж хэрэгсэхгүй болсон. Иймд Ш-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Я ы шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие охин Ц ын хамт талийгаач нөхөр Ш.Цогтсайханы нэр дээр үлдсэн Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол 45/4-р байр 48 тоот 2 өрөө орон сууцны өвлөгч болж 2013 оны 10 сарын 15-ны өдөр хамтран өмчлөлийн 000280619 дугаартай гэрчилгээг авсан. Миний нөхөр Ш.Цогтсайхан нь 2008 онд нас барсан бөгөөд 2013 он хүртэл ямар нэгэн өр төлбөр нэхэгдэж шүүхэд дуудагдаж байгаагүй. Харин өөрийн өмчлөлийн тус байрнаас Ш-ы эд зүйлийг гаргуулах тухай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд анх хандсан. Энэ үеэс Ш- нь Н.Ойдовдорж гэх хүнтэй нийлж янз бүрийн нэхэмжлэл гаргаж шүүхээр явсан. Гол зорилго нь тус байрыг өгөхгүй гэж хамаатнуудаараа нийлж биднийг шүүхэд өгч байсан. Талийгаач Ш.Цогтсайхан нь ийм их өр төлбөртэй байгаагүй бөгөөд хэрэв өртэй байсан бол өөрийнх нь амьд сэрүүнд шүүх цагдаад хандах боломж байсан. Ш- нь Н.Ойдовдорж, н.Сосор нартай нийлж зохион байгуулсан хуурамч баримтууд тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00430 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1., 515 дугаар зүйлийн 515.2.-т зааснаар нэхэмжлэгч Ш-ы хариуцагч Я , Ц  нарт холбогдох 90,605,045 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 853 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00430 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш-ы давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш-ы хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00430 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 853 дугаар магадлалыг хянуулахаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 186.1 гэж хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэсэн гомдлыг шийдвэрлэж өгөөгүйд гомдолтой байна. Магадлалд Ц ын гуйвуулснаар миний төлсөн баримтуудыг Ш.Цогтсайхан төлсөн болгож Ш.Цогтсайхан зээл авахдаа зурсан жинхэнэ өөрийнх нь гарын үсэг зээлийг төлөхөд зурсан миний гарын үсэг хоорондын ялгааг хэн ч шууд хараад ялгаж болох байтал эргэлзээгүй нотлох баримт шаардсан нь ойлгомжгүй нэг талыг барьсан дүгнэлт болжээ. Эргэлзээтэй гэж үзвэл Шүүхийн шинжилгээний төвд өгч шалгуулах, тодруулах эрх нь хариуцагч, шүүгч нарт байсан. Хэргийн 60 талд Ц  Гэрэг ХЗХ-оос 2014.10.30-нд Ш.Цогтсайхан нь өр төлбөртэй харин Ц  нь аавынхаа өр төлбөрийг төлөөгүй гэж тодорхойлж өгснийг өөртөө ашигтай болгохоор засварлаж өр төлбөр гэснийг “гүй” гэж хөх өнгийн үзгээр засч хэрэгт өгсөн нь засварласан хуурамч нотлох баримт ашигласан гомдлыг магадлалаар авч хэлэлцээгүйд гомдолтой байна. Мөн хэргийн 61 талд өгсөн тайлбар өр төлбөр төлөх үндэслэлгүй гэх баримт нь Ш.Цогтсайхан ба Я , Ц , Ц.Болдбаатар нар нь 1979 оноос хойш тасралтгүй хамт амьдарцгааж, БГД-ийн 4 хороо 4а байр 18 тоот 2 өрөө байртай, Ш.Цогтсайхан нь 2008.03.07-нд энэ БГД-ийн өөрийнхөө гэрт нас барсан байдаг учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бид өр төлбөргүй гэсэн тайлбар өгч нотлох баримтаар өвлөж авсан байрныхаа лавлагааг хэрэгт өгсөн байдаг. Энэ нь Иргэний хуулийн 519.1-д зааснаар өв нээгдэх газар буюу Ц , Я  нарын өв хүлээн авах, өвлөгдвөл зохих өмч хөрөнгө нь БГД-ийн 4 хороо 4а байр 18 тоот 2 өрөө байр учраас өвлөгч бид өр төлбөргүй. Ш.Цогтсайханд СБД-ийн 3 хороо 45-4-48 байр хамааралгүй учраас Ш.Цогтсайханы Гэрэг инвест ХЗХ-ны өр төлбөрийг бид төлөхгүй гээд тайлбар өгсөн байдаг. Яг энэ маягаар бидэнд өр төлбөр хамааралгүй, Ш- өөрийнхөө байраар өөрөө л өр төлбөр тавьж бид нараар төлүүлэх гээд байна гэж олон жил зугтсан бөгөөд төлбөр авагч нар нь надаар төлүүлснийг шүүх 186.1 гэж үзсэнд давж заалдах гомдол гаргасныг шийдвэрлэж өгсөнгүй. Уг байранд би 45 жил амьдарсан бөгөөд байраа алдахгүйн тулд Ш.Цогтсайханы өр төлбөрийг эд зүйл, газар зэргээ зарж төлсөн. Ц т гэрчилгээ хулгайлсан гэж гүтгүүлсэн нь Ш.Цогтсайханы өр төлбөрийг төлж одоо хохирлоо олж авахаар өвлөгч нараас нэхэмжилснийг анхан шатны шүүх 186.1 буюу хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч гэж ойлгосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргасан байдаг. Би уг нь хохирлоо олж авах гэж 45-48 тоот байрыг өвлөгч нараас нэхэмжилж хохирлоо төлүүлэх гэсэн шаардлага юм. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд давах гомдлоо ядаж нотлох баримт нь хангалттай байгаа 4,405,045 төгрөгийн шаардлагыг хангаж өгнө үү гэж гаргасан. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Ш.Цогтсайхан нь Гэрэг инвест ХЗХ-ноос 2006 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зг06-02/10 тоот зээлийн гэрээ байгуулж 500.000 төгрөгийг, мөн 2006 оны 06 сарын 30-ны өдөр зг06-06/30 тоот зээлийн гэрээ байгуулж 1,500,000 төгрөгийн зээл авсан. Дахин 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1,500,000 төгрөгийн зээл авсан нь гэрээнүүд болон Гэрэг инвест ХЗХ-ны орлого, зарлагын ордероор нотлогдож байна” гэжээ. Энэ бүх гэрээ, орлого зарлага дээр Ш.Цогтсайханы гарын үсэг зурагдсан байгааг зээл төлсөн эргэн төлөлтийн ордер дээрх гарын үсэгтэй адилгүйг хэн ч шууд хараад мэднэ. Эргэн төлөлтийн ордер дээрх гарын үсэг нь эрс өөр байгаа нь Ш- төлсөн нь ойлгогдоно. Зээл авахдаа Ш.Цогтсайхан гарын үсгээ зураад, өр төлбөрөө төлөхгүй болохоор нь байраа алдахгүйн тулд би төлөөлж зураад төлбөрийг төлснийг шууд хэрэгт өгсөн ордеруудаас хараад мэднэ гэж нотлох баримтуудыг өгсөн. Анхан шатны шүүх нотлогдож байна гэж үнэлсэн. Харин Нийслэлийн шүүх Ц , Ш.Цогтсайхан төлсөн гэж гуйвуулсныг хүлээн авсанд гомдолтой байна. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ “зээлийн гэрээнүүд болон ХЗХ-ны албан тоот, орлого зарлагын ордероор нотлогдож байна” гэсэн тул ядаж 4,405,045 төгрөгийн хохирлыг төлүүлж шийдвэрлэж болох байсан гэж үзэж хяналтын шатны шүүхэд хандаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 4,450,045 төгрөгийг гаргуулахаар хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. 

                                                            ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ш- нь хариуцагч Ц , Я  нарт холбогдуулан “Гэрэгэ инвест” ХЗХ-нд төлсөн 4,405,045 төгрөг, мөн Д.Сосорт төлсөн төлбөр 35,000 евро буюу 61,500,000 төгрөг, Н.Ойдовдоржид төлсөн 24,700,000 төгрөг, нийт 90,605,045 төгрөгийг төлсөн тул Ш.Цогтсайханы хөрөнгийн өвлөгч Я , Ц  нараас уг төлбөрийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч,  “Гэрэгэ инвест” ХЗХ-ны өр төлбөрийн талаар шүүхээс хэрэгсэхгүй болгосон, талийгаач нөхөр Ш.Цогтсайханы нэр дээр үлдсэн 2 өрөө орон сууцны өвлөгч болж гэрчилгээг авсан. Ш.Цогтсайхан нь 2008 онд нас барсан бөгөөд 2013 он хүртэл ямар нэгэн өр төлбөр нэхэгдэж шүүхэд дуудагдаж байгаагүй. Ш- нь байрыг өгөхгүй гэж Н.Ойдовдорж, н.Сосор нартай нийлж, хуурамч баримтууд гаргаж байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Ш.Цогтсайхан нь 2008 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нас барсан ба түүний хууль ёсны өвлөгчид нь Я , Ц  нар байх бөгөөд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Төмөр замын 45 дугаар байрны 48 тоот 2 өрөө байрыг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өвлөн авсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Ш- төрсөн дүү Ш.Цогтсайханы барьцаанд тавьсан байрыг алдахгүйн тулд “Гэрэгэ инвест” ХЗХ-оос авсан зээлийн төлбөрт 4,405,045 төгрөгийг түүний өмнөөс төлсөн, мөн Д.Сосорт төлөх ёстой 35,000 евро буюу 61,500,000 төгрөг, Н.Ойдовдоржид төлөх ёстой 24,700,000 төгрөгийг Ш.Цогтсайханы өмнөөс төлж барагдуулсан гэж Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсгийг үндэслэн өвийг хүлээн авсан Я , Ц  нараас шаардсан боловч дээрх 90,605,045 төгрөгийн төлбөрийг нас барагчийн өмнөөс төлсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

Хэргийн 37 дугаар талд авагдсан 2008 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 400,000, 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1,100,000, 41 дүгээр талд авагдсан 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 432,400, 2006 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 600,000, 42 дугаар талд авагдсан 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 119,000, 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 300,000, 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 402,535, 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 200,000 төгрөгийг “Гэрэгэ инвест” ХЗХ-нд төлсөн тухай баримтад төлбөр төлөгч Ш.Цогтсайханы гарын үсэг зурагдсан ба түүний ард “ –ийг” гэж Ш- гарын үсэг зурсныг нэхэмжлэгчээс төлбөр төлснийг эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх боломжгүй, төлбөр төлснөө өөр бусад байдлаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Н.Ойдовдоржид 24,700,000 төгрөгийн төлбөр, Д.Сосорт 61,500,000 төгрөгийн төлбөр төлснийг нотолно гэж хариуцагчийн заасан баримтууд нэхэмжлэлийн үндэслэл нотлох шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч нарт Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсээгүй гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс тогтоов.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00430 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 853 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

              2. Нэхэмжлэгчийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2018/06353 дугаар шүүгчийн захирамжаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН