Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ц” ХХК 

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.Г 

Гуравдагч этгээд: “НЭ” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 07/153/405 тоот дүгнэлт, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 07/153/61 тоот барилга угсралтын ажлыг зогсоох тухай актыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Улсын мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 07/153/405 тоот дүгнэлт, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 07/153/61 тоот актын улмаас учирсан хохирол 770,089,736.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулах

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Ө.Э, хариуцагч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн захирал М.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Ө.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц” ХХК нь 2008 онд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууц, үйлчилгээний зориулалтаар барилга барихаар 10025 м2 талбай бүхий газар авсан бөгөөд уул газартаа орон сууцны барилга барьж байгаа юм. 

Гэтэл иргэн Н.Э-оос ирүүлсэн гомдлын дагуу Улсын мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.Г 2015 оны 08 сарын 13-ны өдөр ирж тухайн барилга дээр хяналт шалгалт хийсэн бөгөөд хяналтаар манай барилгаас “О*******” хотхоны 201 дүгээр байрны хана хүртэл 25,18 м байгаа нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн 4-р хавсралтын 1.6 дахь заалтыг зөрчсөн гэсэн 2015.06.30-ны 07/153/405 дүгнэлтийг хийж, үүний үндсэн дээр “Барилга угсралтын ажлыг зогсоох тухай” 2015.08.17-ны 07/153/61 тоот “Улсын байцаагчийн акт”-аар барилгын ажлыг зогсоосон. 

Бид Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын ******* оны 03 сарын 18-ны 174 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, дээрх даалгаварт үндэслэн баталсан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Н-ийн баталсан эх загвар зураг, “З” ХХК-ийн боловсруулж Барилгын хөгжлийн төв 2015 оны 199/2015 магадлалын ерөнхий дүгнэлт хийгдсэн ажлын зураг, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын ******* оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0000514 №342/******* дугаар бүхий барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хүрээнд өөрийн барилгын үйл ажиллагаагаа эхлүүлж, үргэлжлүүлж байна. 

Ийнхүү бид эрх бүхий төрийн байгууллагуудын өнөөдөр ч хүчин төгөлдөр байгаа зохих зөвшөөрлийн дагуу Барилгын хөгжлийн төвөөс магадлал хийгдсэн зураг төслөөс нэг метр ч илүү зөрүүлэлгүйгээр барилгын ажлаа гүйцэтгэж байхад, мэргэжлийн хяналтын байцаагч акт гарган, барилгын ажлыг зогсоохоор шийдвэрлэж байгааг дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өмнө дурьдсанчилан манай компани төрийн эрх бүхий байгууллагуудаас зохих журмын дагуу авсан баримт бичиг, зөвшөөрлийн үндсэн дээр барилгын ажил гүйцэтгэж байсан. 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 31.1.1 “хяналт шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг” хэлнэ гэж заасанчлан Засгийн газрын тохируулагч агентлаг болох Мэргэжлийн хяналтын газар, түүний байцаагчид нь барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа иргэн, хуулийн этгээд, тухайн тохиолдолд, манай компани тухайн барилгаа Нийслэлийн Засаг даргаас авсан зөвшөөрөлтэй газраа, батлагдсан зураг, төсвийн дагуу барьж байгаа эсэх, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, техникийн нөхцлүүдийг зохих ёсоор авсан эсэх зэрэг барилга угсралтын ажлыг гүйцэтгэх талаар Барилгын тухай хууль болон Нийслэлийн Засаг даргаас тогтоосон дүрэм журам хэрхэн хэрэгжсэнийг шалгаж, хянах үүрэгтэй байтал барилга хоорондын зай алдагдсан гэж, биднийг буруутгасан.  

Энэ нь Барилгын тухай хуулийн 34.1 Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 34.1.1 “Барилгын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах”, 34.1.4 “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах”, 34.1.6 “Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг сурталчлах, нэвтрүүлэх, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах”, 35.1 “Аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 35.1.6 “Барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах” гэж заасан чиг үүргийнхээ хүрээнд барилгын норм стандартын хэрэгжилтийг хангасан байна, гэж үзэж зураг төсөлд магадлалын ерөнхий дүгнэлт хийсэн Барилга хот байгуулалтын яам барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд халджээ. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг буруутгасан, түүний гаргасан эрхийн актын үйлчлэлийг зогсоосонтой адил агуулгатай байна. 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 Төрийн хяналт шалгалт хийхэд дараах зарчмыг баримтлана 4.1.7 “хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх” гэж заасан. 

Гэвч мэргэжлийн хяналтын улсын байцаагч хуулиар өөрт олгосон эрх хэмжээг хэтрүүлж төрийн эрх бүхий өөр байгууллагаас гаргасан захиргааны актын талаар бие даан дүгнэлт хийж түүний үйлчлэлийг зогсоох арга хэмжээ авсан байна. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” байхад тус компаний барилгын ажлыг түр зогсоож мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан "Барилга угсралтын ажлыг зогсоох тухай” 2015.08.17-ны 07/153/61 тоот “Улсын байцаагчийн акт” илт хууль бус байна. 

Төрийн байгууллагаас өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан захиргааны акт хууль, холбогдох дүрэм журам зөрчсөн гэх эрх нь хөндөгдөж буй этгээд үзвэл дээд шатны байгууллага болон захиргааны хэргийн шүүхэд хандаж эцэслэн шийдвэрлүүлсэнээр тухайн актыг хууль холбогдох дүрэм журам зөрчсөн байна гэж үзэж хүчингүй болгох, үйлчлэлийг зогсоох үр дагаврыг үүсгэдэг. 

Гэтэл мэргэжлийн хяналтын байцаагч өөрийн хяналт шалгалт, түүгээр хийсэн дүгнэлт, актаар шүүхийн эрх хэмжээний асуудлыг бие даан шийдвэрлэсэн нь илт хууль бус байна. 

Энэ асуудлаар “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга бөгөөд улсын ерөнхий байцаагч Ц.Ш******* гомдол гаргасан боловч бидний гомдолд тус газрын төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ч.Э 2016 оны 11 сарын 1-ны 3/3084 албан бичгээр гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тухай хариу өглөө. Үүгээрээ Мэргэжлийн хяналтын газар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.6-д улсын байцаагчийн үйл ажиллагаа болон хяналт шалгалттай холбогдуулан гаргасан гомдлыг Улсын ерөнхий байцаагч хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг мөн зөрчлөө.

“Ц” ХХК-ийн үйл ажиллагаа төрийн захиргааны байгууллагын зөвшөөрлөөр явагдаж байгаа. Улсын байцаагчийн дүгнэлтэд дурдагдаад байгаа барилга хоорондын норм стандарт зөрчсөн эсэх асуудалд Барилгын хөгжлийн төв чиг үүргийнхээ хүрээнд хяналт тавина. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар болон Барилгын хөгжлийн төвөөс хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд хяналтаа тавиад, “Ц” ХХК-д холбогдох зөвшөөрлийг өгсөн байгаа. Харин “Ц” ХХК болон “НЭ” ХХК нь Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон барилгын ажлын зөвшөөрөл, эскиз зураг,  Барилгын хөгжлийн төвөөс батлагдсан ажлын зургийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан тохиолдолд л улсын байцаагч акт тавина.

 Барилгын хөгжлийн төвөөс хуульд заасан чиг үүргийнхээ дагуу тухайн барилгын үйл ажиллагаа хууль болон барилгын норм, стандарт зөрчсөн эсэхэд хяналт шалгалт тавьж байгаа. Энэ нь холбогдох хууль болон норм, стандартаар зохицуулагдан. Тэгэхээр “Ц” ХХК-ийн үйл ажиллагаа Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар болон Барилгын хөгжлийн төвөөр шалгагдаад, дүгнэгдчихсэн. Хэрэв энэ нь зөрчлийн шинжтэй бол “Өмнө нь дүгнэгдчихсэн асуудал байна” гээд харьяаллынх дагуу шийдвэрлэж, өргөдөл, гомдол гаргасан этгээдэд нь мэдэгдэх хуулийн зохицуулалттай. Гэтэл улсын байцаагч шууд очиж барилгын үйл ажиллагаанд дүгнэлт бичээд, дараа нь акт тавиад барилгын үйл ажиллагааг зогсоосон нь хууль зөрчсөн. 

Магадлалын дүгнэлт нь гараад, зөвшөөрөл олгочихсон нөхцөлд улсын байцаагч бие даасан хяналт шалгалт хийх боломжгүй. Улсын байцаагчид төрийн захиргааны байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу явагдаж байгаа үйл ажиллагааг зогсоох эрх хэмжээ байхгүй. Гэтэл улсын байцаагч Д.Г нь захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх шинжтэй дүгнэлт гаргасан байна. 2015 оны 08 дугаар сард улсын байцаагчийн дүгнэлт гарснаас хойш барилгын үйл ажиллагаа зогссон. Өөрөөр хэлбэл улсын байцаагчийн актаас болоод 3 жилийн турш “Ц” ХХК болон “НЭ” ХХК-иудын хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна. Норм, стандартын хувьд Барилгын хөгжлийн төвөөс “Барилгын норм, стандартуудыг хангаж байна. Нарны тусгал зэргэлдээх барилгад нөлөөлөхөөргүй байна” гэсэн дүгнэлтүүдийг хийсэн. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан үндэслэлүүдээр улсын байцаагч барилгын үйл ажиллагааг зогсооно. Гэвч хуульд заасан барилгын үйл ажиллагааг зогсоох үндэслэлүүд харагдахгүй байна.  Бусад тохиолдолд улсын байцаагчид барилгын ажлыг шууд зогсоох эрх хэмжээ байхгүй.  

Барилгын үйл ажиллагааг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь хэсэгт “...хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх” гэж заасан үндэслэлээр зогсооно. “Ц” ХХК-ийн хувьд энэ үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10 дахь хэсэгт “...улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, өөртэйгээ болон эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, садан төрлийн хүмүүст холбогдох асуудлыг шалгахаас татгалзах, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй” гэж заасан байгаа. Улсын байцаагч Д.Г нь энэ үүргээ дутуу биелүүлсэн буюу хяналт шалгалтыг дутуу хийсэн. Бид энэ үндэслэлээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандсан. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12 дахь хэсэгт “...Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд, 10.12.1 дэх хэсэгт “...холбогдох байгууллагатай тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх” гэж заасан байна. Биднийг гомдол гаргаж байхад Мэргэжлийн хяналтын байгууллага үүнийг дотооддоо комисс гаргаад, асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан.

Улсын байцаагч алдаатай дүгнэлт гаргасан байж болно. Үүнийг засах боломжийг дээд шатны байгууллагад нь олгосон. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.12 дахь хэсэгт “...Шалгалтын үр дүнд илрүүлсэн зөрчлийг таслан зогсоох зорилгоор улсын байцаагч тухайн шалгуулагч этгээдийн үйл ажиллагааг түр зогсоосон, эд хөрөнгийг битүүмжилсэн тохиолдолд дээд шатны улсын байцаагч ажлын 5 өдрийн дотор улсын байцаагчийн авсан арга хэмжээг хянан үзэж түүнийг өөрчлөх эсэх асуудлаар шийдвэр гаргаж, шалгуулагч этгээдэд албан ёсоор бичгээр мэдэгдэнэ. Байгаль орчны хяналтад энэ хэсгийн заалт хамаарахгүй” гэж заасан. Гэтэл энэ арга хэмжээ хийгдээгүй. 

Иймд “Улсын мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 07/153/405 тоот дүгнэлт, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 07/153/61 тоот барилга угсралтын ажлыг зогсоох тухай актыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О, Д.Т нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны О******* Виллаж хотхоны 201 дүгээр орон сууцны 206 тоот оршин суугч Н.Энхцолмонгийн өргөдлийн мөрөөр Дэд бүтцийн хяналтын газрыын даргын баталсан 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 07/151 тоот удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа “Ц” ХХК-ийн “О******* хотхон” орон сууц, үйлчилгээний барилгад Хот байгуулалтын тухай, Барилгын тухай хуулиудад болон бусад холбогдох хууль, тогтоомж тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарттын хэрэгжилтийн байдалд 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр захиалагчийн инженер Х.Б-ийг байлцуулан газар дээр нь хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. 

Шалгалтаар “Ц” ХХК-ийн О******* хотхоны үйлчилгээний орон сууцны барилгын ханаас “О*******” хотхоны 201 дүгээр байрны хана хүртэл 25.18 м зайтай байхаар барилгажих талбайн схем зураг болон эх загвар зураг /эскиз/, ажлыг зураг төслийг баталж, магадлан хяналт хийсэн, түүний дагуу баригдаж байгаа нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1.6 дахь заалтыг зөрчсөн тул 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 07/153/405 тоот улсын байцаагчийн дүгнэлтийг “Ц” ХХК-д, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Барилгын хөгжлийн төвд 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 7/2087 тоот албан бичиг, дүгнэлтийн хамт тус тус хүргүүлж, хариуг иргэн Н.Э-д дүгнэлт, албан бичгийн хамт хүргүүлсэн. 

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Барилгын хөгжлийн төв нь албан бичиг, дүгнэлтэнд заасан заалтын хэрэгжилтийг хангуулж, холбогдох арга хэмжээ авсан тухай хариу ирүүлээгүй болно. 

Дахин 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргйин 26 дугаар хорооны О******* Виллаж хотхоны 201 дүгээр орон сууцны 206 тоот оршин суугч Н.Э-оос ирүүлсэн өргөдлийн дагуу 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 07/153/405 тоот улсын байцаагчийн дүгнэлтийн хэрэгжилтэнд 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэн Н.Э, “Ц” ХХК-ийн захиалагчийн инженер Х.Б, “О*******” СӨХ-ны дарга Л.Б нарыг байлцуулан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Шалгалтаар “Ц” ХХК нь дүгнэлтэд заасан заалтын дагуу холбогдох арга хэмжээ аваагүй тул 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 07/153/61 тоот үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл түр зогсоох улсын байцаагчийн актыг үйлдсэн. 

“О*******” СӨХ-оос 2016 оны 05 дугаар сарын 23, 24-ний өдрийн 16/54, 16,55 тоот албан бичиг ирүүлсэнийг судалж танилцан “Ц” ХХК-ийн ерөнхий инженер Х.Б, “НЭ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ө, О******* хотхоны 201 дүгээр орон сууцны оршин суугч Н.Э, тус СӨХ-ны дарга болон оршин суугчдын төлөөллийг байлцуулан газар дээр нь улсын байцаагчийн дүгнэлт, актын хэрэгжилтийн байдалд гүйцэтгэлийн хяналт шалгалтыг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хийж гүйцэтгэсэн. Тус шалгалтаар актанд заасан заалтыг биелээгүй тул 768000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч бүрэн барагдуулсан. 

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт улсын байцаагчийн актын дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллах тухай 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 7/1822 тоот албан бичгийг хүргүүлсэн. 

“Ц” ХХК-иас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хяналт шинжилгээ, дотоод аудитын хэлтэст ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн “Ц” ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3/3084 тоот албан бичгээр “Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.Гийн гаргасан шийдвэрүүд нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэж хариу хүргүүлсэн болно. 

Иймд улсын байцаагч Д.Г “Ц” ХХК-ийн дээрх зөрчилд нь холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 07/153/405 дугаар дүгнэлтийг үйлдэж, Тухайн үед улсын байцаагчийн акттай “Ц” ХХК-ийн захиалагчийн хяналтын инженер н.Б, захирал н.Б нар нь тус тус танилцаж, улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зуран, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан байдаг. 

Харин Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Т.Э нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүргүүлсэн бичгийг хүлээж аваад, зөрчлийг арилгуулах талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүйгээр 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Ц” ХХК-ийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хугацааг 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан. “О” СӨХ-оос дээрх зөрчлийг арилгуулахаар 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 16/54, 05 дугаар сарын 24-ний өдрийн 16/55 дугаар албан бичгүүдээр дахин манай байгууллагад гомдол гаргасан. 

Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.Г нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9, Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт тус тус заасан улсын байцаагчийн нийтлэг эрхийнхээ хүрээнд тус компаниудад холбогдох удирдамж, хяналтын хуудсын хүрээнд хяналт шалгалт хийгээд, улсын байцаагчийн акт үйлдэж, холбогдох төрийн байгууллагуудад үүрэг даалгавар өгч, албан бичгээр хүргүүлж ажилласан. 

Ингээд 201 дүгээр байр болон “Ц” ХХК-ийн О******* хотхоны цэцэрлэг бүхий үйлчилгээний орон сууцны “Б” блокийн барилга хоорондын зай нь 25,18 метр байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, 12.8, 22 дугаар зүйлийн 22.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.5, Барилгын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3, 3.3.1, Орон сууц, барилгын зураг төсөл, төлөвлөлт буюу БНбД31-01-10 дугаар зааврын 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтыг тус тус зөрчсөн болох нь хавтаст  хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. “Ц” ХХК-иас улсын байцаагчийн акттай холбогдуулаад 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа гомдол ирүүлсэн. Тус гомдлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянаад, зохих ёсоор хариуг хүргүүлсэн байдаг. Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартын дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт шалгалт хийсэн. Нэхэмжлэгч давхардуулж хяналт, шалгалт хийсэн гэдэг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлд улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан эрх үүргээс гадна Барилгын тухай хуульд заасан хяналт шалгалтын эрх, үүргийг хэрэгжүүлэхээр  зохицуулсан. 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх хэсэгт “хяналт шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг” гэж заасан байдаг. Хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа гэдэгт төрийн байгууллагын үйл ажиллагаа мөн хамаарч байгаа учир хяналт шалгалт хийсэн. 

Архитектур төлөвлөлтийн даалгаврыг ерөнхий архитектур баталдаг. Барилгын зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэмд “...Ерөнхий архитектур баталж, олгоно” гэж заасан байдаг. Гэтэл ерөнхий архитектур өөрөө ******* оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 174 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын 12 дугаар зүйл буюу “Хот төлөвлөлтийн онцгой нөхцөл” гэсэн заалтад “...барилга хоорондын зайн хэмжээнд БНбД31-01-04-ийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг барина” гэж заасан байгаа. Гэтэл БНбД31-01-04-ийн 2 дугаар зүйлийн 2.11 дэх заалт нь өөрөө 4 давхар хүртэлх тууш барилгын хоорондын зайн хэмжээг зохицуулсан заалт байгаа. Орон сууцны төлөвлөлтийн барилгажилтын норм дүрэм нь 16 давхар барилгын хоорондох зайн хэмжээг зохицуулах норм, дүрэм байгаа. Гэтэл 16 давхар барилга баригдаж байгаа, хажууд нь 12 давхар барилга баригдсан барилгад буруу норм, дүрэм хэрэглэж архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулсан байна. Мөн барилгажилтын схем зургийг батлахдаа анхнаасаа барилга хоорондын зай 25,18 метр квадрат байхаар баталсан байна. 2016 онд тухайн орон сууцны Сууц өмчлөгчдийн холбооноос манайд 2 ч удаа гомдол гаргасан. Тухайн гомдлынх нь хүрээнд гүйцэтгэлийн дахин шалгалт хийхэд тухайн барилгын 3 давхрын угсралтын ажил явчихсан байсан. Анх шалгалт хийхэд зоорийн цутгалтын ажил явагдаж байсан. Энэ талаар дүгнэлтдээ бичсэн. Нэхэмжлэгч талаас “барилга угсралтын ажил явагдаагүй” гэж байна. Гэтэл одоо барилга угсралтын 9 давхар дээр явж байна. Тийм учраас 770,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.  

Улсын байцаагчийн акт нь 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гарсан. Нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сард нэхэмжлэл гаргасан байна. Улсын байцаагчийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гаргасан акт нь 2002 оноос хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үйлчилж байсан хугацаанд үйлдэгдсэн акт байгаа. Актыг хүлээж авснаас хойш урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдах ёстой. Хуульд зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байхыг шаарддаг. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болдог. Хэрэв нэхэмжлэгч хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэж байсан бол тухайн үедээ тухайн захиргааны байгууллага, албан тушаалтны шууд харьяалагдах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд нь хандаж, эрхээ зөрчигдсөн талаараа мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч нь 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн. Тэгэхээр нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхээ алдсан байна. 

“Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.12 дахь хэсэгт заагдсан ажиллагаа хийгдээгүй” гэж яригдлаа. Хяналт шалгалтын явцад улсын байцаагчийн үйлдэж байгаа дүгнэлт, актын хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд дээд шатны байгууллагад нь гомдол гаргах эрх нь “Ц” ХХК-д нээлттэй байсан. Хуулийн хугацаанд гомдлоо гаргаагүй учир Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.12 дахь хэсэгт заагдсан агуулгыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувьд “НЭ” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу захирал Т.Ө гэсэн нэрээр н.А гэдэг хүнд итгэмжлэл олгосон байдаг. Тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг үзэхэд Т.Ө гэдэг хүний нэр бүртгэгдээгүй байсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас авсан лавлагаанд Т.Ө гэдэг хүний нэр бүртгэгдээгүй байсан. Тэгэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Мөн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг тушаасан байдаг. Энэ нь Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт “...Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдуулж төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулна” гэж заасныг зөрчсөн байна. “НЭ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг “Хамтран ажиллах гэрээний дагуу барилгын ажил цаг хугацаандаа хийгдээгүй учир хохирол учирсан” гэж тайлбарласан байна. Шүүхэд нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож өгсөн хамтран ажиллах гэрээнийх нь 2 дугаар зүйлд талуудын эрх үүргийг “Б тал буюу “НЭ” ХХК Монгол улсад мөрдөгдөж байгаа Барилгын норм, дүрэм, стандартын дагуу барилгыг барих үүргийг хүлээнэ” гэж заасан байдаг. Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт “...хот байгуулалтын тухай хууль тогтоомж, норм ба дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөх”, 22.1.5 дахь хэсэгт “...хот байгуулалтын үйл ажиллагааны сөрөг үр дагаврыг мэдээлэх, эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” гэж тус тус заасан байдаг. Улсын байцаагч Д.Г нь иргэний гаргасан гомдлын дагуу хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт шалгалт явуулахад зөрчил илэрсэн тул хуульд заасан үндэслэл журмын дагуу арга хэмжээ авч ажилласан байдаг. Мөн хамтран ажиллах гэрээний 3 дугаар зүйлд “...гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тал  нөгөө талдаа учирсан хохирлыг хариуцан барагдуулна” гэж заасан нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх асуудал байгаа тул Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх маргаанд хамааралгүй асуудал байна. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ

Гуравдагч этгээд “НЭ” ХХК –ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Гуравдагч этгээд “НЭ” ХХК нь “Ц” ХХК-тай ******* оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/17 тоот “Хамтран ажиллах гэрээ” байгуулан Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ц” ХХК-ийн эзэмшил газарт өөрийн хөрөнгөөр үйлчилгээтэй 3 блок орон сууц бүхий хотхон” барьж байгуулахаар тохирч гэрээний дагуу барилгын үйл ажиллагааг хэрэгжүүлж байсан. Талуудын хоорондын байгуулсын гэрээний дагуу болон холбогдох журмын дагуу дээрх барилгын баримт бичгүүд бүгд газар эзэмшигч буюу “Ц” ХХК-ийн нэрээр гаргасан. 

Улмаар гэрээ болон журмын дагуу “Ц” ХХК нь төриийн эрх бүхий байгууллагуудаас дараах зөвшөөрөл, хууль ёсны хүчин төгөлдөр эрх зүйн актуудыг аван хуулийн хүрээнд өөрийн барилгын үйл ажиллагаагаа эхлүүлж, үргэлжлүүлж байна. Үүнд: Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын ******* оны 03 сарын 18-ны 174 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, дээрх даалгаварт үндэслэн баталсан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Н-ийн баталсан эх загвар зураг, “З” ХХК-ийн боловсруулж Барилгын хөгжлийн төв 2015 оны 199/2015 магадлалын ерөнхий дүгнэлт хийгдсэн ажлын зураг, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын ******* оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0000514 №342/******* дугаар бүхий барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон. 

Дээрх зөвшөөрлүүдэд үндэслэн “НЭ” ХХК нь хөрөнгө оруулагчийн дүгээс хөрөнгө оруулалт хийж барилгын ажилд оролцож байна. Гэвч 2015 онд иргэн Н.Э-оос ирүүлсэн гомдлын дагуу шалгалт хийгдэж байна хэмээн Улсын мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.Г 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ирж хяналт шалгалт хийсэн бөгөөд хяналтаар манай барилга “О*******” хотхоны 201 дүгээр байрны хана хүртэл 25,18 м байгаа нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн 4-р хавсралтын 1.6 дахь заалтыг зөрчиж байна гэж 2015.06.30-ны 07/153/405 дүгнэлтийг хийж үүний үндсэн дээр “Барилга угсралтын ажлыг зогсоож тухай” 2015.06.17-ны 07/153/61 тоот “Улсын байцаагчийн акт” гарган гарган барилгын ажлыг зогсоосон. 

Дээрх үйлдлээс болж захиалагч, бэлтгэн нийлүүлэгч, ажил гүйцэтгэгч, хамтрагч “Ц” ХХК-иудтай байгуулсан гэрээний дагуу манай компани барилгын ажил цаг хугацаандаа баригдаагүйн улмаас төлөх 700сая орчим төгрөгиийн алданги буюу бодит хохирол учраад байна. Дээрх хохирол нь улсын байцаагчийн хуульд үндэслэгдээгүй, хууль бус актын улмаас үүсч буй хохирол хэмээн үзэж байна. 

Иймд “Улсын мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.Гийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 007/153/405 тоот “Улсын байцаагчийн дүгнэлт” Барилга угсралтын ажлыг зогсоох тухай” 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 17/153/61 тоот “Улсын байцаагчийн акт-уудын улмаас үүссэн бодит хохирол болох 770,089,736.00 төгрөгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.7-д зааснаар гаргуулж “Н” ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ. 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрин итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь тус шүүхэд хандан Улсын мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 07/153/405 тоот дүгнэлт, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 07/153/61 тоот барилга угсралтын ажлыг зогсоох тухай актыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гуравдагч этгээд “Н” ХХК-иас Улсын мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 07/153/405 тоот дүгнэлт, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 07/153/61 тоот актын улмаас учирсан хохирол 770,089,736.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулах бие даасан шаардлага гаргасан байна. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно. 

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “О*******” хотхоны 201 дүгээр орон сууцны 206 тоотод оршин суугч Н.Э-оос “Ц” ХХК-ийн захиалгаар бариулж байгаа “Н” ХХК-ийн барилгыг зогсоож, холбогдох арга хэмжээг авч өгнө үү гэсэн өргөдөл гаргажээ .

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ДБХГ-ын даргын баталсан 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 07/151 дүгээр удирдамжид шалгалтын зорилгыг иргэн Н.Э-ийн гаргасан өргөдлийн дагуу “Н” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын угсралтын үйл ажиллагаанд Хот байгуулалтын тухай, Барилгын тухай хуулиуд болон бусад холбогдох хууль тогтоомж тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтэнд хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөх гэж тодорхойлсон байна . 

Улмаар Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 07/153/405 тоот улсын байцаагчийн дүгнэлтээр “Ц” ХХК-ийн О******* хотхоны үйлчилгээтэй орон сууцны барилга “О в” хотхоны 201 дүгээр байрны хоорондын зай хэмжээг хангахгүй байгаа зөрчилтэй архитектур төлөвлөлтийн даалгавар болон эх загвар зураг /эскиз/, ажлын зураг төслийг баталгаажуулсанаас зөрчил гарах үндсэн шалтгаан болсон байна. Иймд “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД31-01-10-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1.6 дахь заалтыг хангасан архитектур төлөвлөлтийн даалгавар болон эх загвар зураг /эскиз/, ажлын зураг төслийн дагуу угсралтын ажлыг гүйцэтгэх нь зүйтэй байна гэжээ .   

Үүний дараа 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 07/153/61 дүгээр актаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтыг үндэслэн шинээр баригдаж байгаа “Ц” ХХК-ийн О******* хотхоны үйлчилгээтэй орон сууцны барилгын хананаас “О*******” хотхоны 201 дүгээр байрны хана хүртэл 25.8 м зайтай байгаа нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД31-01-10-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1.6 дахь заалтыг зөрчиж байгаа тул “Ц” ХХК-ийн “О******* хотхон”-ы үйлчилгээтэй, орон сууцны барилгын угсралтын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар зогсоосон байна .  

Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын ******* оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 174 тоот архитектур төлөвлөлтийн даалгавраар  Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ц” ХХК-д цэцэрлэг бүхий үйлчилгээтэй 57*20 метр хэмжээтэй 3 блок, 18*17 метр хэмжээтэй 1 блок төмөр бетон карказан хийцтэй, 16 давхар барилгын зураг төсөл боловсруулах даалгаврыг баталжээ . 

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ******* оны 8 дугаар сарын 01-ний өдөр 0000514№342/******* дугаар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгож, улмаар хугацааг сунгасан байна . 

“Ц” ХХК-ийн “О*******” орон сууц үйлчилгээний хотхоны эскиз зургийг Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга баталж , ажлын зургийг “З” барилгын зураг төслийн компани хийж гүйцэтгэжээ.  

Барилга хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 199/2015 дугаар Зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтээр тус компанийн хийж гүйцэтгэсэн ажлын зурагт дүгнэлт гаргасан байна . 

Хариуцагчаас захиргааны актуудыг гаргахдаа “Ц” ХХК нь холбогдох хууль тогтоомж, норм дүрмийг зөрчөөгүй, харин тус компанийн захиалгаар бариулж байгаа барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, ажлын зураг, түүнийг баталсан магадлалын ерөнхий дүгнэлтээр барилга хоорондын зайг бага байхаар тогтоосон нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД31-01-10-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1.6 дахь заалтыг зөрчсөн. Уг зөрчлийн талаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар болон Барилгын хөгжлийн төвд албан бичиг хүргүүлсээр байхад арга хэмжээ аваагүй учир барилгын ажлыг зогсоосон. Эдгээр төрийн байгууллагын гаргасан архитектур төлөвлөлтийн даалгавар болон магадлалын ерөнхий дүгнэлт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д заасан хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа гэдэгт хамаарч байгаа тул мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох,...” 2008 оны Барилгын тухай хуулийн 25.2.”Барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль-д заасан эрх, үүргээс гадна дараахь чиглэлээр хяналт шалгалт явуулна:”, 25.2.3. “хот байгуулалтын баримт бичиг, зураг төслийн хэрэгжилт;”, 25.2.6. “барилга, байгууламжийн зураг төсөл, инженер-геологийн судалгааны ажлын чанар;”, 25.2.10.“зураг төсөл боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэхтэй холбогдсон зөрчлийг шалгаж дүгнэлт гаргах;” гэсэн салбар хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд эдгээр шийдвэрүүдийг гаргасан гэж тайлбарлаж байна. 

Нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6 “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн үндэслэлээр улсын байцаагчаас гаргасан захиргааны актуудыг илт хууль бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргажээ. 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ДБХГ-ын даргын баталсан 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 07/151 дүгээр удирдамжаас үзвэл “Ц” ХХК-ийн захиалсан барилгын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгэхээр гарчээ. 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д ”хяналт шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг;” гэж улсын байцаагчийн хяналт тавих үйл ажиллагааны цар хүрээг хуулиар тодорхойлж өгчээ. 

Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын ******* оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 174 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар болон Барилга хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 199/2015 дугаар Зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргах эрх зүйн үндэслэлийг  Барилгын тухай хуулийн /2008 оны/ 6 дугаар зүйлийн 6.2.9. “магадлал хийх ажлыг зохион байгуулах”, 13 дугаар зүйлийн 13.1. “Барилгын зураг төсөлд хийх магадлалыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 6.2.8-д заасны дагуу сонгосон иргэн, хуулийн этгээд болон зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.”, 5 дугаар зүйлийн 5.1.”Засгийн газар барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 5.1.6. “барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм батлах;” Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн Гурав-ын 3.2.4-т “барилгын байршлын бүдүүвч зураг болон архитектур төлөвлөлтийн даалгаврыг аймаг, нийслэлийн хот байгуулалтын алба боловсрлууж, ерөнхий архитектор зөвшөөрсөн байна:” гэж хуульд тусгасан байх бөгөөд эдгээр шийдвэрүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон бичгээр гаргасан захирамжилсан захиргааны акт байна. 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д заасан “хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа” гэдэгт эдгээр төрийн байгууллагуудаас өөрийн эрх хэмжээний хүрээнд хуулиар олгогдсон чиг үүргийнхээ дагуу хийж гүйцэтгэж, Захиргааны ерөнхий хуулийн дагуу гаргасан захиргааны акт гаргах үйл ажиллагаа хамаарахгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасан тухайн захиргааны байгууллага /улсын байцаагч/ өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй ажээ. 

Мөн улсын байцаагч нь Барилгын тухай хуульд заасан барилга байгууламжийг барих, өргөтгөл, шинэчлэл, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагаанд мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан хяналтыг хэрэгжүүлэхдээ иргэн, хуулийн этгээдээс Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, норм, дүрэм, стандарт, холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, албан даалгавар, дүгнэлтийн дагуу барилгын ажил явуулж байгаа эсэхэд хяналт тавих эрх хэмжээтэй болохоос төрийн байгууллагаас хуулийн этгээдэд олгосон зөвшөөрөл, дүгнэлтийг хянаж, захиалагч “Ц” ХХК-ийн барилгын үйл ажиллагааг зогсоох эрх хуулиар түүнд олгогдоогүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн үндэслэл мөн тогтоогдож байна. 

Иймд нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 07/153/405 тоот дүгнэлт, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 07/153/61 тоот барилга угсралтын ажлыг зогсоох тухай актыг тус тус илт хууль бус болохыг тогтоож шүүх шийдвэрлэлээ. 

Харин барилга хоорондын зайны асуудал нь уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарахгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудалд дүгнэлт өгөх боломжгүй.  

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэж заасан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэсэн тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 

 “Ц” ХХК нь “Н” ХХК-тай үйлчилгээний зориулалт бүхий хэсэгтэй нийт 3 блок, 16 давхар орон сууцны барилга барих ажлыг хийж гүйцэтгэхээр ******* оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 01/17 тоот хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Иймд “Н” ХХК өөрт хохирол учирсан гэж үзвэл гэрээний Гурав-ын 1-д зааснаар “Ц” ХХК-иас нэхэмжлэх эрхтэй. 

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар  “Н” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ц.О байх тул Ц.Ө нь тус компанийг төлөөлөх эрхгүй, түүнээс олгосон итгэмжлэлийг үндэслэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бие даасан шаардлага гаргасан нь нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

Иймд дээр дурдсан үндэслэлээр гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн 54.1.5 дахь хэсэгт зааснаар “... нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэсэн үндэслэлээр мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.3, 47.1.6, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.1, Барилгын тухай хуулийн /2008 оны/ 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.2.9. 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Улсын мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 07/153/405 тоот дүгнэлт, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 07/153/61 тоот барилга угсралтын ажлыг зогсоох тухай актыг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн 54.1.5 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд “Нандин эрхэм” ХХК-иас Улсын мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 07/153/405 тоот дүгнэлт, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 07/153/61 тоот актын улмаас учирсан хохирол 770,089,736.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулах бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ц” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын мэргэжлийн хяналтын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид,  гуравдагч этгээд “Н” ХХК-иас төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж түүнд тус тус олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                             Л.ӨЛЗИЙЖАРГАЛ