Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/01276

 

“Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх

хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/00284 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 874 дүгээр магадлалтай,

            “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

             “Ж ” ХХК-д холбогдох

             88,330,658 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, Б.Энхсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

            Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаар тушаалаар “Хадгаламж банк” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч банкны эрх хүлээн авагчийг томилсон. “Хадгаламж банк” ХХК-д авсан банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг хэд хэдэн удаа сунгаж мөн өдрийн А-216 дугаартай тушаалаар Банкны эрх хүлээн авагчаар М ийг томилсон. Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар “Хадгаламж банк” ХХК, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Монгол банкнаас 2013 онд Хадгаламж банкинд хийсэн шалгалтаар Монгол банкны улсын байцаагч нь Хадгаламж банкнаас Монгол шуудан банкны жижиг хувьцаа эзэмшигчдэд хувьцааны төлбөрт төлсөн төлбөрийг төлүүлэхээр 116/13/003 тоот актыг гаргасан. Хадгаламж банкнаас актад дурдсан нийт 765,690,016.36 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр бүртгэсэн. “Ж ” ХХК-аас Хадгаламж банкинд 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн 1/244 дугаар шаардах эрх шилжүүлэх албан бичигт тус компанийн барьж ашиглалтад оруулсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөөнд байрлах барилгаас орон сууц худалдан авсан “Олон овоот гоулд” ХХК-ийн нэр бүхий ажилтнуудад Хадгаламж банкны зээлээр 25,000,000 төгрөгийг олгосон. “Олон овоот гоулд” ХХК нь санхүүгийн нөхцөл байдлын улмаас үлдэгдэл төлбөрийг хариуцан барагдуулах боломжгүй болсон бөгөөд ажилтнуудын ажилласан хугацаанд ногдох төлбөрийг байгууллага хариуцаж, үлдэх төлбөрийг ажилтан хариуцан барагдуулахаар ажилтан тус бүртэй төлбөр хариуцан барагдуулах гэрээ байгуулж нийт 490,922,873 төгрөгийн төлбөрийг барагдуулахаар тохиролцсон. Дээрх төлбөрөөр “Ж ” ХХК нь танай банкинд хариуцан төлөх ёстой Монгол шуудан банкны жижиг хувьцаа эзэмшигчдэд төлсөн хувьцааны төлбөрийг барагдуулахаар төлөвлөж буй тул энэхүү төлбөрийн шаардах эрхийг холбогдох гэрээ байгуулсаны үндсэн дээр танайд өгөх саналыг хүргүүлж байна гэж дурдсан. Үүний дараа буюу 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Ж ” ХХК, Хадгаламж банкны хооронд 7/1-440 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулж, гэрээний 1 дүгээр хавсралтад заасан төлбөр хариуцан барагдуулах гэрээнүүдийн төлбөрийг хүлээн авах эрхийг “Ж ” ХХК-аас Хадгаламж банкинд шилжүүлсэн. Гэрээний хавсралтад дараах иргэдийн доорхи хэмжээгээр “Ж ” ХХК-д төлөх төлбөрийн шаардах эрх нь Хадгаламж банкинд шилжсэн. Үүнд:

1.Иргэн А.Батсайханаас авах 14,177,143 төгрөгийн шаардах эрх /хавсралт 34/

2.Иргэн П.Ганзамаас авах 16,658,143 төгрөгийн шаардах эрх /хавсралт 5/

3.Иргэн Д.Ганболдоос авах 12,192,343 төгрөгийн шаардах эрх /хавсралт 23/

4.Иргэн Г.Дагвасүрэнгээс авах 13,917,143 төгрөгийн шаардах эрх /хавсралт 32/

5.Иргэн С.Цогтбаяраас авах 11,968,743 төгрөгийн шаардах эрх /хавсралт 21/

6.Иргэн Л.Мөнх-Отгоноос авах 13,917,143 төгрөгийн шаардах эрх /хавсралт 33/

7.Иргэн Г.Энхээгээс авах 12,756,429 төгрөгийн шаардах эрх /хавсралт 30/

Банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкны хуучин удирдлагуудаас хүлээн авсан Хадгаламж банкны 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар тэнцэлд дээрх нэр бүхий 7 иргэдийн тус бүрийн нэр дээр “Ж ” ХХК-тай байгуулсан шаардах эрх шилжүүлэх гэрээг үндэслэн шилжүүлэн авсан шаардах эрхийн хэмжээгээр 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр данс нээж, “Ж ” ХХК нь шаардах эрхээ шилжүүлсэн тухай төлбөр төлөгчид албан бичгээр мэдэгдэх үүргийг хүлээсэн. Банкны эрх хүлээн авагчаас үүрэг гүйцэтгэгч иргэн А.Батсайхан, П.Ганзам, Д.Ганболд, Г.Дагвасүрэн, С.Цогтбаяр, Л.Мөнх-Отгон, Г.Энхээ нараас үүргийн гүйцэтгэлийг шаардсан боловч үүрэг гүйцэтгэгч нар нь уг мөнгийг “Ж ” ХХК-д бэлнээр болон бэлэн бусаар төлсөн баримтыг шүүхэд гаргаснаар шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Хариуцагч “Ж ” ХХК нь төлбөр барагдуулах гэрээний дагуу бусдаас авах төлбөрийн шаардах эрхээ нэгэнт бусдад шилжүүлж шаардах эрх нь дуусгавар болсон байхад үүрэг гүйцэтгэгч иргэн А.Батсайхан, П.Ганзам, Д.Ганболд, Г.Дагвасүрэн, С.Цогтбаяр, Л.Мөнх-Отгон, Г.Энхээ нараас нийт 88,330,658 төгрөгийн төлбөрийг авч үндэслэлгүй хөрөнгөжсөн. Иймд “Ж ” ХХК-иас 88,330,658 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ж ” ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь нэр бүхий 7 иргэн тус бүрээс шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу холбогдох төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн боловч уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. “Хадгаламж банк” ХХК-ийн банкны эрх хүлээн авагч нь “Ж ” ХХК-аас тухайн мөнгийг гаргуулахаар шаардах эрхгүй. 88,330,658 төгрөгийг шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу шаардсан нь үндэслэлгүй. Манайх “Хадгаламж банк” ХХК-ийн банкны эрх хүлээн авагч, “Ж ” ХХК-ийн хооронд байгуулагдсан шаардах эрх шилжүүлэх гэрээ дууссан талаарх “Ж ” ХХК-иас Хадгаламж банкны эрх хүлээн авагчид хүргүүлсэн 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б-01/42 дугаартай албан бичгийг нотлох баримтаар шүүхэд гаргасан. Тухайн албан бичигт шаардах эрх шилжүүлэх гэрээгээр манай компани ямар нэгэн үүрэг хүлээгээгүй болохыг баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, “Ж ” ХХК нь “Хадгаламж банк” ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 7/1-440 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж уг гэрээнээс татгалзсан саналаа Хадгаламж банкинд тавьсан боловч албан ёсоор хариу өгөөгүй. Манайх гэрээнээсээ татгалзчихсан учир уг гэрээ дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                                              

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/00284 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ж ” ХХК-иас 88,330,658 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК-ийн банкны эрх хүлээн авагчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т заасныг баримтлан “Хадгаламж банк” ХХК-ийн эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “Ж ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 599,603 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.                      

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 874 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2018/00284 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 874 дугаартай магадлалыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна гэж буруу дүгнэсэн нь ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл болж байна.

Нэг. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна гэж буруу дүгнэсэн тухайд:

Тус хэргийн нэхэмжлэгч нь “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч бөгөөд нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар ямар нэгэн нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргаж байгаагүй тул дээрх дүгнэлт үндэслэлгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Ж ” ХХК нь Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас хүргүүлсэн шаардлагын хариуг 2014 оны 03 сарын 20-ны өдрийн 6-01/42 дугаартай “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичгээр ирүүлж байсан бөгөөд тус албан бичгийн хуулбарыг шүүх хуралдаанд гарган өгсөн нь хэргийн материалд авагдсан. Хариуцагчаас өөрийн ирүүлсэн уг албан бичгийг нотлох баримтын шаардлага хангуулах боломжгүй байгаа тул Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас гаргуулах хүсэлтийг гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг бичиг ирсэн талаар маргахгүй гэх тайлбар гаргаснаар шүүх хүсэлтийг хүлээн аваагүй. Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд “2014 оны 03 сарын 20-ны өдрийн 6-01/42 дугаартай Тайлбар хүргүүлэх тухай албан бичгээс өөр бичгийг Хадгаламж банкны эрх хүлээн авагчид хүргүүлж байсан ба үүнийг гаргуулахаар анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй” гэх худал тайлбарыг гаргаж шүүхийг төөрөгдөлд оруулсан. Шүүх бүрэлдэхүүнээс ирүүлсэн гэх бичгийн огноо, дугаарыг асуухад санахгүй байна гэх тайлбарыг хэлж байсан болно. Иймд нэгэнт байхгүй албан бичгийг гаргуулах боломжгүй болно. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэг заасанд нийцээгүй байна.

“Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч “Ж ” ХХК-д холбогдуулан 88,33,658.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

“Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-г “Хадгаламж банк”-тай байгуулсны дараа банкинд гэрээнээс татгалзсан санал тавьсан боловч албан ёсоор манайд хариу өгөөгүй, гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж хариуцагч маргасан байна.

“Хадгаламж банк” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай Монгол Банкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 сарын 22-ны өдрийн А-153 дугаар тушаалаар “Хадгаламж банк” ХХК-д 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1 жил хүртэл хугацаатайгаар Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авсан ба энэ нь Монгол Банкны ерөнхийлөгчийн тушаалаар жил бүр сунгагдаж, хамгийн сүүлд 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А-214 дүгээр тушаалаар 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 18 сарын хугацаагаар сунгасан байна.

Монгол Банкны Хууль, эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Минжүүрийн Энхтөрийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс “Хадгаламж банк” ХХК-ийн Банкны эрх хүлээн авагчаар томилсон тушаал хэрэгт авагджээ.

Банкны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар “Хадгаламж банк” ХХК-д банкны эрх хүлээн авагчийг томилсноор “Хадгаламж банк” ХХК, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжсэн тухай анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Хадгаламж банк” ХХК болон “Ж ” ХХК-ийн хооронд 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 7/1-440 дугаартай “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-гээр Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар төлбөр барагдуулах гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч тал болох “Ж ” ХХК нь өөрийн шаардах эрхийг “Хадгаламж банк” ХХК-д шилжүүлсэн байх бөгөөд энэ гэрээ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болжээ.

Дээрх гэрээгээр шилжүүлсэн шаардах эрхийн хэмжээ нь уг гэрээний 1 дүгээр хавсралтад заасны дагуу 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар нийт 490,922,876.00 төгрөг ба Төлбөр төлөгч нартай байгуулсан “Төлбөр хариуцан барагдуулах гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 1-д зааснаар тооцогдох төлбөр, бусад зардал байхаар  тохирсон байна. /хх-17-20/

Банкны эрх хүлээн авагч нь дээрх гэрээний 1 дүгээр хавсралтын 5, 21, 23, 30, 32, 33, 34 дүгээрт бичигдсэн нэр бүхий 7 иргэдээс авах нийт 88,330,658 төгрөгийг “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу тухайн хариуцагч нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүх “...төлбөр бүхий этгээд нь “Ж ” ХХК-д төлбөрүүдийг төлсөн болох нь нотлогдож байна” гэж дүгнэж, “Хадгаламж банк” ХХК-ийн банкны эрх хүлээн авагчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолууд хэрэгт баримтаар авагдсан байх тул  дээрх үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчөөгүй байна.

“Ж ” ХХК-ийн 2014 оны 03 сарын 20-ны өдрийн Б-01/42 дугаартай “Хадгаламж банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд танаа” гэсэн “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичгээр “... “Хадгаламж банк”, “Ж ” ХХК-ийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан “Шаардах эрх шилжүүлэх гэрээ” нь Хадгаламж банкинд эрх хүлээн авагч томилогдсноор дуусгавар болсон ба энэхүү гэрээний дагуу “Ж ” ХХК нь Хадгаламж банкны эрх хүлээн авагчид ямар нэгэн үүрэг хүлээгээгүй болно...” гэж хүргүүлсэн байхад манайд хариу ирүүлээгүй, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д заасны дагуу манайх гэрээнээсээ татгалзсан учир нэхэмжлэгч манайхаас тухайн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ тайлбарлажээ.

Хариуцагч нь уг гэрээг дуусгавар болгосон талаар бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй, “Ж ” ХХК-ийн 2014 оны 03 сарын 20-ны өдрийн Б-01/42 дугаартай “Хадгаламж банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд танаа” гэсэн “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичгээр гэрээг дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу “Хадгаламж банк” ХХК, “Ж ” ХХК-тай шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулсан, тухайн гэрээний хавсралтад заасан П.Ганзам, С.Цогтбаяр, Д.Ганболд, Г.Энхээ, Г.Дагвасүрэн, Л.Мөнх-Отгон, А.Батсайхан нарын 7 иргэдээс гаргуулахаар нэхэмжилсэн нийт 88,330,658 төгрөгийг хариуцагч “Ж ” ХХК-д төлөгдсөн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатын шүүхийн шийдвэрийн үндэслэлийг  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцсэн гэж үзнэ. 

Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч нь шүүх хуралдааны үеэр гэрээ байгуулсан үндэслэлээ нотлох зорилгоор “Ж ” ХХК-аас ирүүлж байсан албан бичгийг хариуцагчаас шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх шийдвэрлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй” гэж дүгнэн, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д нийцээгүй байна. /хх -119/

Зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн 2018 оны 01 сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүх хуралдаан завсарлахын өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...2013 оны албан бичгийг хариуцагчаас шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргаж байна” гэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...баримт нь манайд байхгүй, энэ хүсэлтийг хангахгүй орхиж өгнө үү” гэснээр хурал завсарлажээ. /хх-119/

Улмаар шүүх хуралдаан үргэлжилж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг танилцуулахдаа “нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны явцад нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангахгүй орхисон” тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Анхан шатны шүүгч дээрх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ захирамж гаргаагүй нь буруу байна. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчид эрх, үүргийг тайлбарласан, хэргийн материалтай танилцаж, талууд хүсэлт гаргаж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бүрэн хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа зэргээс үзэхэд энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэлээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 874 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/00284 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

      2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН