Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 874

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

ХБЭХА

авагчийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/00284 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХБЭХАавагчийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ЖГ” ХХК-д холбогдох

 

88 330 658 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХБЭХАавагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаар тушаалаар Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч банкны эрх хүлээн авагчийг томилсон. Хадгаламж банк ХХК-д авсан банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг хэд хэдэн удаа сунгаж мөн өдрийн А-216 дугаартай тушаалаар Банкны эрх хүлээн авагчаар М.Энхтөрийг томилсон.

Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Хадгаламж банк ХХК, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Монгол банкнаас 2013 онд Хадгаламж банкинд хийсэн шалгалтаар Монгол банкны улсын байцаагч нь Хадгаламж банкнаас Монгол шуудан банкны жижиг хувьцаа эзэмшигчдэд хувьцааны төлбөрт төлсөн төлбөрийг төлүүлэхээр 116/13/003 тоот актыг гаргасан. Хадгаламж банкнаас актад дурдсан нийт 765 690 016,36 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр бүртгэсэн.

“ЖГ” ХХК-аас Хадгаламж банкинд 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн 1/244 дугаар шаардах эрх шилжүүлэх албан бичигт тус компанийн барьж ашиглалтад оруулсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөөнд байрлах барилгаас орон сууц худалдан авсан “Олон овоот гоулд” ХХК-ийн нэр бүхий ажилтнуудад Хадгаламж банкны зээлээр 25 000 000 төгрөгийг олгосон. “Олон овоот гоулд” ХХК нь санхүүгийн нөхцөл байдлын улмаас үлдэгдэл төлбөрийг хариуцан барагдуулах боломжгүй болсон бөгөөд ажилтнуудын ажилласан хугацаанд ногдох төлбөрийг байгууллага хариуцаж, үлдэх төлбөрийг ажилтан хариуцан барагдуулахаар ажилтан тус бүртэй төлбөр хариуцан барагдуулах гэрээ байгуулж нийт 490 922 873 төгрөгийн төлбөрийг барагдуулахаар тохиролцсон. Дээрх төлбөрөөр “ЖГ” ХХК нь танай банкинд хариуцан төлөх ёстой Монгол шуудан банкны жижиг хувьцаа эзэмшигчдэд төлсөн хувьцааны төлбөрийг барагдуулахаар төлөвлөж буй тул энэхүү төлбөрийн шаардах эрхийг холбогдох гэрээ байгуулсаны үндсэн дээр танайд өгөх саналыг хүргүүлж байна гэж дурдсан. Үүний дараа буюу 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “ЖГ” ХХК, Хадгаламж банкны хооронд 7/1-440 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулж, гэрээний 1 дүгээр хавсралтад заасан төлбөр хариуцан барагдуулах гэрээнүүдийн төлбөрийг хүлээн авах эрхийг “ЖГ” ХХК-аас Хадгаламж банкинд шилжүүлсэн. Гэрээний хавсралтад дараах иргэдийн доорхи хэмжээгээр “ЖГ” ХХК-д төлөх төлбөрийн шаардах эрх нь Хадгаламж банкинд шилжсэн. Үүнд:

1.Иргэн А.Батсайханаас авах 14 177 143 төгрөгийн шаардах эрх /хавсралт 34/

2.Иргэн П.Ганзамаас авах 16 658 143 төгрөгийн шаардах эрх /хавсралт 5/

3.Иргэн Д.Ганболдоос авах 12 192 343 төгрөгийн шаардах эрх /хавсралт 23/

4.Иргэн Г.Дагвасүрэнгээс авах 13 917 143 төгрөгийн шаардах эрх /хавсралт 32/

5.Иргэн С.Цогтбаяраас авах 11 968 743 төгрөгийн шаардах эрх /хавсралт 21/

6.Иргэн Л.Мөнх-Отгоноос авах 13 917 143 төгрөгийн шаардах эрх /хавсралт 33/

7.Иргэн Г.Энхээгээс авах 12 756 429 төгрөгийн шаардах эрх /хавсралт 30/

Банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкны хуучин удирдлагуудаас хүлээн авсан Хадгаламж банкны 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар тэнцэлд дээрх нэр бүхий 7 иргэдийн тус бүрийн нэр дээр “ЖГ” ХХК-тай байгуулсан шаардах эрх шилжүүлэх гэрээг үндэслэн шилжүүлэн авсан шаардах эрхийн хэмжээгээр 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр данс нээж, “ЖГ” ХХК нь шаардах эрхээ шилжүүлсэн тухай төлбөр төлөгчид албан бичгээр мэдэгдэх үүргийг хүлээсэн.

Банкны эрх хүлээн авагчаас үүрэг гүйцэтгэгч иргэн А.Батсайхан, П.Ганзам, Д.Ганболд, Г.Дагвасүрэн, С.Цогтбаяр, Л.Мөнх-Отгон, Г.Энхээ нараас үүргийн гүйцэтгэлийг шаардсан боловч үүрэг гүйцэтгэгч нар нь уг мөнгийг “ЖГ” ХХК-д бэлнээр болон бэлэн бусаар төлсөн баримтыг шүүхэд гаргаснаар шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Хариуцагч “ЖГ” ХХК нь төлбөр барагдуулах гэрээний дагуу бусдаас авах төлбөрийн шаардах эрхээ нэгэнт бусдад шилжүүлж шаардах эрх нь дуусгавар болсон байхад үүрэг гүйцэтгэгч иргэн А.Батсайхан, П.Ганзам, Д.Ганболд, Г.Дагвасүрэн, С.Цогтбаяр, Л.Мөнх-Отгон, Г.Энхээ нараас нийт 88 330 658 төгрөгийн төлбөрийг авч үндэслэлгүй хөрөнгөжсөн.

Иймд “ЖГ” ХХК-иас 88 330 658 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч “ЖГ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ХБЭХАавагч нь нэр бүхий 7 иргэн тус бүрээс шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу холбогдох төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн боловч уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Хадгаламж банк ХХК-ийн банкны эрх хүлээн авагч нь “ЖГ” ХХК-аас тухайн мөнгийг гаргуулахаар шаардах эрхгүй. 88 330 658 төгрөгийг шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу шаардсан нь үндэслэлгүй. Манайх Хадгаламж банк ХХК-ийн банкны эрх хүлээн авагч, “ЖГ” ХХК-ийн хооронд байгуулагдсан шаардах эрх шилжүүлэх гэрээ дууссан талаарх “ЖГ” ХХК-иас Хадгаламж банкны эрх хүлээн авагчид хүргүүлсэн 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б-01/42 дугаартай албан бичгийг нотлох баримтаар шүүхэд гаргасан. Тухайн албан бичигт шаардах эрх шилжүүлэх гэрээгээр манай компани ямар нэгэн үүрэг хүлээгээгүй болохыг баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл “ЖГ”ХХК нь Хадгаламж банк ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 7/1-440 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж уг гэрээнээс татгалзсан саналаа Хадгаламж банкинд тавьсан боловч албан ёсоор хариу өгөөгүй. Манайх гэрээнээсээ татгалзчихсан учир уг гэрээ дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЖГ ХХК-иас 88 330 658 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК-ийн банкны эрх хүлээн авагчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т заасныг баримтлан Хадгаламж банк ХХК-ийн эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч ЖГ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 599603 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй.

"ЖГ" ХХК, Хадгаламж банкны хооронд 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 7/1-440 дугаартай "Шаардах эрх шилжүүлэх гэрээ" дуусгавар болсон.

Нэхэмжлэлд Монгол банкнаас Монгол шуудан банкны жижиг хувьцаа эзэмшигчдэд хувьцааны төлбөрт төлсөн төлбөрийг төлүүлэхээр 116/13/003 тоот акт гаргасан. Хадгаламж банкнаас актанд дурдсан нийт 765 690 016,36 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр бүртгэсэн" гэсэн. “ЖГ” ХХК нь Хадгаламж банкинд төлөх өр төлбөргүй бөгөөд тухайн үед "ЖГ" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал Ш.Батхүү нь Хадгаламж банкны хувьцаа эзэмшигч байсан бөгөөд Хадгаламж банкны хувьцаа эзэмшигчийн хувьд дээрх төлбөрийг төлж барагдуулахаар "ЖГ" ХХК-ийн дэмжлэгийг авсан. Өөрөөр хэлбэл '"ЖГ" ХХК нь Хадгаламж банкинд ямар ч өр төлбөргүй боловч санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Гэрээ байгуулсаны дараа 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Монгол банкны ерөнхийлөгч Л-153 тоот тушаал гаргаж, Хадгаламж банкинд эрх хүлээн авагч томилсноор шаардах эрх шилжүүлэх гэрээг цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй болсон. Гыэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн тул “ЖГ" ХХК нь Төрийн банк болон Хадгаламж банкны эрх хүлээн авагчдад гэрээнээс татгалзаж буйгаа илэрхийлсэн албан бичгийг явуулсан. Мөн нэхэмжлэлд хавсаргасан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд шаардах эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь уг гэрээ нь хуульд нийцсэн эсэхэд өгсөн дүгнэлт болохоос биш уг гэрээ дуусгавар болсон уу гэдэгт өгсөн дүгнэлт биш.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу Хадгаламж банкны эрх хүлээн авагчид нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр "ЖГ" ХХК-аас шаардах эрхгүй. ХБЭХАавагч нь "ЖГ"' ХХК-аас 88 330 658 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг үндэслэсэн.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэг болон 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах эрхтэй байхаар хуульчилсан. Иймд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс тухайн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Нэхэмжлэлд дурдсан нэр бүхий иргэд нь "ЖГ" ХХК-д хөрөнгө буюу үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн тул 492.1 дэх хэсэгт заасан "хөрөнгө шилжүүлсэн этгээд" болох ба Хадгаламж банк ХХК дахь эрх хүлээн авагч нь хөрөнгө шилжүүлсэн этгээд биш тул 492.1.1-т заасны дагуу шаардах эрхтэй субъект биш. Иймд "ЖГ" ХХК нь нэхэмжлэлд дурдсан нэр бүхий иргэдээс үлдэгдэл төлбөр 88 330 658 төгрөгийг авсан нь үндэслэлтэй бөгөөд гэрээний үүргээ зөрчсөн зүйл байхгүй. Анхан шатны шүүх энэ асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүучингүй болгож эс бөгөөс хэргийг шийдвэрлэх гол үйл баримт болох "ЖГ" ХХК-аас Хадгаламж банкны эрх хүлээн авагч, Төрийн банк нарт хүргүүлсэн гэрээнээс татгалзаж буй тухай албан бичгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэг заасанд нийцээгүй байна.

            Нэхэмжлэгч ХБЭХАавагч шүүхэд хандан, хариуцагч “ЖГ” ХХК-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 88 330 658  төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

            Талуудын хооронд 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 7/1-440 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан, гэрээгээр хариуцагч “ЖГ” ХХК нь “Төлбөр хариуцан барагдуулах гэрээ”-нүүдийн төлбөрийг хүлээн авах шаардах эрхээ “Хадгаламж банк” ХХК-д шилжүүлсэн болон уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар, мөн хариуцагч тал гэрээ байгуулснаас хойш нэр бүхий 7 иргэний төлбөрийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаангүй. Харин шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан үндэслэл, хариуцагч “ЖГ” ХХК нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК-д өглөгтэй байсан эсэх болон гэрээ дуусгавар болсон талаар маргаж, нэхэмжлэгчээс шүүх хуралдааны үеэр гэрээ байгуулсан үндэслэлээ нотлох зорилгоор “ЖГ” ХХК-аас ирүүлж байсан албан бичгийг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргажээ. /хх 119 дэх тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт шүүх хуралдааны явцад зохигч талуудын мэтгэлцээний явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхийг шүүх эдлэх бөгөөд энэ тохиолдолд шүүгч захирамж гаргахаар зохицуулсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

            Учир нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, үүний улмаас үүрэг үүссэн эсэх нь маргааны зүйл болж байх бөгөөд энэ тохиолдолд талуудын хооронд шаардах эрхээ шилжүүлсэн гэрээ байгуулсан үндэслэл, хариуцагч нь нэхэмжлэгч талд өглөгтэй байсан эсэх талаарх нотолгооны ажиллагаа нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой тул анхан шатны шүүхийн, нэхэмжлэгч талын хүсэлтийг шийдвэрлээгүй зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлд хамаарч байна.

            Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийж, хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэх эрхтэй хэдий ч дээрх алдааг залруулах боломжгүй учир хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2018/00284 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 600 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

           

                                         ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Ч.ЦЭНД