Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/01277

 

Г ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/00414 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 869 дүгээр магадлалтай,

            Г ын нэхэмжлэлтэй,

            Г д холбогдох

            5,242,380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

            Нэхэмжлэгч Г ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч О.Анхбаярын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г д 5000 ам.долларыг өгсөн. Г , Г  нар тухайн үедээ ямар нэг бичиг болон гэрээ байгуулаагүй. Хариуцагч намайг 2016 оны 9 сард Унгар Улс руу явна гэж хэлсэн. Ингээд 2016 оны 9 сард Г  олон хүний материал болчихоод 2016 оны 11 сар хүртэл хойшилсон гэж хэлсэн. Г  мөнгийг өгөхгүй, сургуулийн хариу ирнэ гэж хэлдэг байсан. Ингээд 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сарын хооронд Г гийн эгч гэх Т.Тунгалаг 2000 ам.доллар бэлнээр, 2017 оны 10 сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг /тухайн өдрийн Монгол банкны ханшаар 406.01 ам. доллар/, 2017 оны 11 сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг /тухайн өдрийн Монгол банкны ханшаар 407,44 ам. доллар/ буюу нийт 2,813.45 ам.долларыг өгсөн. Үүнээс хойш ямар ч мөнгө өгөөгүй. Г  нь Г ыг залилсан гэж үзээд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаснаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж 2017 оны 12 сарын 13-ны өдөр иргэний шүүхийн журмаар шийдвэрлэх асуудал гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тул шүүхэд хандсан. Талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан зуучлалын гэрээ байгуулагдсан. Г гээс 5000 ам.долларын үлдэгдэл болох 2186.55 ам.доллар буюу 5,242,380 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ .

Хариуцагч Г гийн шүүхэд гаргасан тайлбарт: Г  2016 оны 06 сарын 08-ны өдөр материалаа 10,000 ам.долларын хамт өгөхөөр нь тэрийг Х.Золбоод аваачиж өгсөн. Гэтэл Х.Золбоогийн хэлж ярьж байсан нь худлаа болж, би олон хүнээс мөнгө, материалыг нь аваад өгсөн байсан учир Цагдаагийн байгууллагад Х.Золбоо хууран мэхэлсэн талаар гомдол гаргахад эрүүгийн хэрэг үүсгэж Х.Золбоо нь 2017 оны 08 сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж одоо ялаа эдэлж байгаа. Би Х.Золбоод итгэж олон хүний мөнгийг аваад өгсөн байсан учир мөнгийг нь боломжийнхоо хэрээр хүмүүст буцааж өгч байсан. Тэдний нэг нь Г  юм. Түүнээс 10,000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 19,804,800 төгрөгийг авсан нь үнэн. Г аас авсан мөнгөө цувуулж өгөөд 2017 оны 08 сарын 22-ны өдөр Х.Золбоогийн шүүх хурал орох үед нийт 7,000 ам.долларыг өгсөн байсан. Энэ талаар Г  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьсан байгаа. Түүнээс хойш би 2017 оны 10 сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 11 сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг Г д өгсөн. Энэ нь тухайн үеийн буюу 2016 оны 06 сарын 08-ны өдрийн долларын ханшаар 1009 ам.доллар болж байгаа юм. Одоо 1991 ам.долларыг Г д өгөх ёстой. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар долларын ханш өссөн тул 2016 оны 06 сарын 08-ны өдрийн ханшаар тооцоход 1991 ам.доллар буюу 3,943,135.68 төгрөгийг Г д төлнө. 2017 оны 08 сарын 22-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 276 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтаар Х.Золбоогоос 119,156,640 төгрөг гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн дүнд Г аас авсан мөнгө орсон байгаа. Өнөөдрийг хүртэл Х.Золбоо ял эдлэж байгаа шалтгаанаар нэг ч төгрөг төлөөгүй. Би хүний өмнөөс өнөөдрийг хүртэл хохирсоор байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2016 оны 06 сарын 08-ны өдөр сургуульд суралцах шаардлагатай хамт 10,000 ам.долларыг Г д өгсөн. Г  нь мөнгийг Х.Золбоод өгсөн. Шүүх хурал болох хүртэл 7000 ам.долларыг буцаан өгсөн. Мөрдөн байцаалтанд Х.Золбоогоос мэдүүлэг авсан. Шийтгэх тогтоолд тодорхой байгаа. Төлбөрийг яагаад Г  өгнө гэж ярьсан гэхээр 2017 оны 08 сарын 22-ны өдрийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 276 шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дах заалтаар Х.Золбоогоос 110,156,640 төгрөг гаргуулж Г д олгохоор шийдвэрлэсэн. 2016 оны 06 сарын 08-ны өдрийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх, энэ өдрийн долларын ханшаар тооцоолж хохирлын тооцоог гаргасан. Зуучлагч үүргээ биелүүлээгүй гэж ярьж байна. Х.Золбоо дээр эрүүгийн хэрэг үүсгээд, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаад, Г тэй зээлийн гэрээ хийсэн. Нэхэмжлэл гаргасныг үгүйсгэхгүй. Г  мөнгийг өгнө гэж амласан. Зуучлалын гэрээ биш, мөнгө авсан байдлаа ямар нэгэн баримттай болгохын тулд зээлийн гэрээ хийсэн. Гэрээнд 10,000 ам.долларын асуудал ярьсан. Үүнээс 7000 ам.доллар төлсөн. 3000 ам.долларын үлдэгдэл байсан. Үүнээс 2,000,000 төгрөгийг өгсөн. Үүнийг 2016 оны 06 сарын 08-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдэх үеийн тухайн үеийн ханшаар хохирлын тооцоог гаргасан. Тооцоход 2,000,000 төгрөг 1900 ам.доллартай тэнцэж байгаа. Үлдэж байгаа 1991 ам.долларыг мөн тухайн үеийн ханшаар тооцсон. Энэ нь 3,943,135 төгрөгийг бид Г д төлнө гэдгээ илэрхийлсэн. Нэхэмжлэгч 2017 оны 12 сарын 20-ны өдрийн ханшийн тооцооллоор 2,000,000 төгрөгийг тооцоолоод 3000 ам.доллараас хасахад үнийн дүнгийн зөрүү гарсан. Шийтгэх тогтоол гарсан үеийн ханшаар хохирол төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж байна гэжээ.                                  

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/00414 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Г гээс 5,242,380 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,828 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г гээс улсын тэмдэгтийн хураамжид 98,828 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г д олгож шийдвэрлэжээ.                   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 869 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/00414 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 00414 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 869 дугаартай магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг ИХШХШ тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “ ... Иргэний хуулийн 218.1 дэх заалт нь Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн өөрийн үнэлгээ болох ханшны тухай зохицуулсан, уг зүйлд гадаад валюттай харьцах ханшны талаар заагаагүй.” гэж, магадлалын хянавал хэсэгт "... Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар ... буцаан төлөх үеийн ханшаар тооцож ам.долларыг төлүүлэхээр хуулийг тайлбарлан хэрэглэсэн нь зөв байна." гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийг 2015 онд шинжлэх ухааны / онолын / хувьд Иргэний хуулийн 218.1 дэх хэсгийг “мөнгөний ханш өссөн, буурсан бол төлөх өдрийнх бус, харин гэрээ байгуулсан өдрийн ханшаар” тооцохоор заасан байна гэж тайлбарласнаас үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Г  нь 2016 оны 06 сарын 08-ны өдөр Х.Золбоогийн хэлсэн 10,000 ам.доллар, сургуульд явуулахад шаардлагатай гэсэн материалын хамт авч Х.Золбоод дамжуулан өгсөн байгаа юм. Х.Золбоо нь сургуульд хүмүүсийг явуулна гэж өөрийн танил хүнээр дамжуулан их хэмжээний мөнгө авч залилах гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээсэн болох нь шүүхэд гаргаж өгсөн шийтгэх тогтоолоор батлагдана. 2017 оны 08 сарын 22-ны өдрийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “хохирогч Г гийн шүүхэд болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт нэр бүхий хүмүүсийн мөнгийг авч Х.Золбоод өгсөн болох” талаар, Г ын мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн мэдүүлэгт 10,000 ам.доллар өгсөн, үүнээс 7,000 ам. долларыг буцаан авсан талаар дурьдсан байдаг. Үүнээс үзэхэд хариуцагч Г  нь Г д 3,000 ам долларыг буцаан өгөх ёстой. Энэ талаар маргаагүй үлдэгдэл 3,000 ам.долларыг 2016 оны 06 сарын 08-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханш болох 1,980,48 төгрөгөөр тооцоход 5,941,440 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс хариуцагч Г  нь 2,000,000 төгрөг /1009 ам.доллар/-ийг төлсөн. Үлдэгдэл 1991 ам.доллар буюу 3,943,135.68 мөнгийг төлнө гэдгээ илэрхийлсэн байгаа. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн ам.долларын ханшаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгт “Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасныг дурьдаж Г  нь Г д зуучлалын хөлс төлсөн гэсэн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Зохигчийн хооронд ... зуучлалын гэрээ байгуулагдаж, улмаар татгалзсан талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна” гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Г гийн нэр бүхий хүмүүсээс мөнгө авч Х.Золбоод өгсөн / Г аас авсан 10,000 ам.доллар хохирлын тооцоонд орсон / Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 22-ны өдрийн 276 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дах заалтаар Х.Золбоогоос 118,000 ам.доллар буюу 119,156,640 төгрөг гаргуулж Г д олгохоор шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолоор Г д олгох валютын хохирлыг тооцохдоо гэмт хэрэг үйлдэгдэх үеийн валютын ханшаар буюу 1009 төгрөгөөр тооцсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хүлээн зөвшөөрч байгаа үнийн дүнгээр /1991 ам.доллар буюу 3,943,135.68 мөнгө /өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                             ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Г  нь хариуцагч Г д холбогдуулан зуучлалын гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 2,186.55 ам.доллар буюу  5,242,380.00 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба хариуцагч нь үлдэгдэл төлбөр 1991 ам. долларыг гэрээ байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ханшаар тооцож 3,943,135.68 төгрөгийг төлнө гэжээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийг Унгар Улсад сургуульд явуулахаар амлаж, хэлцэл байгуулах этгээдтэй холбож өгөхөөр 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 5000 ам.долларыг авсан боловч тэрээр бусдад залилан мэхлүүлснээс зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжих боломжгүй болж, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогдсон байна.

Хариуцагч Г  нь зуучлалын хөлсөнд авсан 5,000.00 ам.доллараас нэхэмжлэгчид 2,000.00 ам.доллар, 2,000,000.00 төгрөг буцаан өгсөн талаар талууд маргаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлсноос үзэхэд Г  нь 2016 оны 12 сараас 2017 оны 01 сарын хооронд 2,000.00 ам.долларыг, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000.00 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1,000,000.00 төгрөгийг Г д өгсөн байх бөгөөд 1 ам.долларын Монгол банкны ханш 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2 462 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2,454.00 төгрөг байсан нь нийтэд илэрхий үйл баримт тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 406 ам.доллар, 407 ам.доллар буюу нийт 2,813.00 ам.долларыг буцаан авсан гэсэн тооцоолол нь зөв байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, зохигчдын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлсон нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1-д нийцсэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан 5,000.00 ам.долларыг гэрээ байгуулсан өдрийн ханшаар төлөх ёстой гэж маргасан хэдий ч анхан шатны шүүх хариуцагчаас 5,242,380.00 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/00414 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 869 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Хариуцагч Г гийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,735.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН