Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2018/01296

 

М гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00601 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 863 дугаар магадлалтай,

   М гийн нэхэмжлэлтэй,

            Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

            Орон сууцны үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

      Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж, хохироож байгаа болохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын цахим хуудас болон Засгийн газрын мэдээ сонины 2017 оны 12 сарын 07-ны өдрийн дугаараас анх удаа өөрөө олж мэдээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалтай танилцсаны үндсэн дээр энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч бөгөөд өмчлөгч М  нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даан оролцож, өөрийн өмчлөлийн орон сууцныхаа талаар үнийн санал гаргах, шинжээчийн үнэлгээтэй танилцах, гомдол гаргах эрхтэй байсан. Гэтэл шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч Д.Гүндэгмаатай зөвхөн харилцаж, түүнийг ажиллагаандаа оролцуулж, М  намайг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гадна орхигдуулж, ямар нэгэн мэдээлэл мэдэгдэл өгөхгүй, санал, хүсэлт аваагүй. Тухайлбал, миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 4а байрны 14 тоот хаягт орших 3 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах, үниин санал авах, шинжээчээр үнэлгээ хийлгэх, гаргасан үнэлгээгээ танилцуулах зэрэг ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч бөгөөд өмчлөгч М д огт мэдэгдээгүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгийн өмчлөгч болон төлбөр төлөгчөөс үнийн санал авах, талууд харилцан тохиролцож үнэ тогтоох арга хэмжээ авах, шинжээчийн үнэлгээг талуудад танилцуулах тухай заасан байна. Зөвхөн нөгөө төлбөр төлөгч Д.Гүндэгмаагаас л үнийн санал авсан байдаг. “Лэндс” ХХК-ийн 2017оны 08 сарын 30-ны өдрийн үнэлгээгээр миний өмчлөлийн орон сууцыг зах зээлийн бодит үнэ ханшаас хамаагүй багаар үнэлсэн байна. Тус байр нь зах зээл дээр хамгийн багадаа 150,000,000 төгрөгийн үнэлгээтэй байхад 113,390,000 төгрөгөөр үнэлсэн байна. Түүний улмаас миний эрх ашиг хохироход хүрээд байна. Мөн уг асуудлаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч миний гомдлыг хүлээн аваагүй болно. Иймд эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 27-ны өдрийн 5472 дугаар шийдвэрээр Д.Гүндэгмаа, М  нараас 56,449,010 төгрөгийг гаргуулж “Хак кредит ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Д.Гүндэгмаа, М  нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч Д.Гүндэгмаа, М , М.Амаржаргал нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 4а дугаар байрны 14 тоотод байрлах 42 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 159/04 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2017 оны 06 сарын 15-ны өдрийн 159/05 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор барьцаалан хураасан. Төлбөр төлөгч Д.Гүндэгмаа, М  нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар битүүмжилж, хураасан үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг 2017 оны 06 сарын 22-ны өдрийн 3/17833, 3/17834 дугаартай албан бичгээр авахад төлбөр төлөгч Д.Гүндэгмаагийн зүгээс уг байрыг 120,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд өөрийн охин болох М г үнийн саналыг хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбар өгсөн бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс төлбөр төлөгч Д.Гүндэгмаа нь төлбөр төлөгч М гаас итгэмжлэл авчирч байж санал гаргах боломжтой бөгөөд төлбөр төлөгч М  бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд төлбөр авагч талд танилцуулж харилцан тохиролцсон тохиолдолд уг үнээр албадан дуудлага худалдаанд оруулах боломжтой болохыг тайлбарлан өгч тэмдэглэл хөтөлсөн. Төлбөр төлөгч М гийн зүгээс үнийн санал өгөөгүй, төлбөр авагч “Хак кредит ББСБ” ХХК-ийн зүгээс шинжээч томилж үнэлгээг тогтоолгох хүсэлтийг ирүүлсэн. Төлбөр авагч, төлбөр төлөгч талууд харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-иар үнэлгээг тогтоолгоход 113,390,000 төгрөгөөр тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоосон. Дээрх үнэлгээг 2017 оны 09 сарын 08-ны өдрийн 3/21928 дугаартай үнэлгээний мэдэгдлээр төлбөр төлөгч нарт 2017 оны 09 сарын 08-ны өдрийн 15 цаг 17 минутанд төлбөр төлөгч Д.Гүндэгмаагийн ажлын газарт, мөн баталгаат шуудангаар төлбөр төлөгчийн хаягаар хүргүүлж төлбөр төлөгч Д.Гүндэгмаатай 2017 оны 09 сарын 11-ний өдөр уулзан эрх үүргийг тайлбарлан өгч үнэлгээг танилцуулсан. Төлбөр төлөгч Д.Гүндэгмаа, М  нарын зүгээс 2017 оны 09 сарын 12-ны өдөр тус албанд хандаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62.1 дэх хэсэгт зааснаар өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа хүссэний дагуу 2017 оны 09 сарын 14-нөөс 2017 оны 10 сарын 14-нийг хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож төлбөр төлөгчдөд хөрөнгөө бие даан худалдан борлуулах хугацааг олгосон. Төлбөр төлөгчдийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй, өөрийн хөрөнгийг худалдан борлуулаагүй тул 2017 оны 11 сарын 24-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2017 оны 12 сарын 22-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байна. Төлбөр төлөгчийн зүгээс эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаанд оролцуулаагүй талаар гомдолд дурьдсан байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад хууль тогтоомжид шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчийг заавал байлцуулахаар зүйлчлээгүй, үнэлгээг харилцан тохиролцож тогтоох боломжтой байсан боловч үнийн санал өгөхөөс зайлсхийсэн төлбөр төлөгч Д.Гүндэгмаа уг үл хөдлөх хөрөнгийг 120,000,000 төгрөгөөр үнэлсэн байхад М гийн зүгээс нэхэмжлэлд дурьдсанаар 150,000,000 төгрөгөөр үнэлж байгаа нь төлбөр төлөгчид хоорондоо санал зөрүүтэй төлбөр авагчийн зүгээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар шинжээч томилж үнийг тогтоолгох хүсэлт гаргасан байх тул хуулийн дагуу шинжээчээр үнэлгээг тогтоолгосон. Төлбөр төлөгч М гийн зүгээс үнэлгээг танилцуулаагүй гэх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээтэй танилцсан болох нь мөн хуулийн 62.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хугацаандаа хөрөнгөө бие даан худалдан борлуулах хугацаа хүссэн 2017 оны 09 сарын 12-ны өдрийн хүсэлт, 2017 оны 09 сарын 13-ны өдрийн 3/22364 дугаартай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Иймд үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаа буюу 7 хоногийн дотор шүүхэд гаргаагүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хак кредит ББСБ” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт “Төлөөлөгч нь бусдыг төлөөлж байгаагаа мэдэгдэлгүйгээр хэлцэл хийсэн бол түүнтэй хэлцэл хийсэн этгээд бусдыг төлөөлж байгаа этгээдтэй хэлцэл хийж байгаагаа мэдэх ёстой байсан тохиолдолд төлөөлүүлэгчид хэлцлийн үр дагавар үүснэ” гэж заасан байх тул М г төлөөлөн төлбөр төлөгч Д.Гүндэгмаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцон Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хүрээнд хууль ёсны дагуу өөрийн эрх, үүргээ хэрэгжүүлсэн гэж ойлгож байна. Нэхэмжлэлийн шаардлагад тус барьцаа хөрөнгийг “Лэндс” ХХК нь 113,390,000 төгрөгөөр үнэлсэн байдаг нь зах зээлийн үнэ ханшид нийцсэн гэж үзэж байна. Д.Гүндэгмаагийн хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасныг ханган 1 сарын хугацааг төлбөр төлөгч талд олгож байсан боловч үр дүнд хүрээгүй. Зах зээлийн ханшид тохирохуйц үнэлээгүй гэх боловч төлбөр төлөгч талд өөрсдийн хүссэн үнээрээ худалдан борлуулах эрхтэй байсан хэдий ч тус хугацаанд борлуулж чадаагүй байдаг. “Лэндс” ХХК-ийн 2017 оны 08 сарын 30-ны өдрийн үнэлгээ нь 113,390,000 төгрөг, түүний 70 хувь болох 79,373,000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлага буюу үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.    Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00601 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 4а байр, 14 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч М гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.          

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 863 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00601 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргилын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.04.06-ны өдрийн 863 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь тус иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйл, мөн хуулийн 55.3 дугаар зүйл болон Иргэний хуулийн 177.1 дүгээр зүйлд заасныг тус тус хэрэглээгүй явдалд гомдолтой байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.12.14-ний өдрийн 101/ШШ2016/07029 дугаартай захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч М гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 4а байрны 14 тоот хаягт орших 42 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд шинжээч томилж, үнэлгээ хийлгэх ажиллагааг хэрэгжүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3 дугаар зүйл болон Иргэний хуулийн 177.1 дүгээр зүйлд заасныг тус тус зөрчсөн байдаг. Иргэний хуулийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно”, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т "Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөнө" гэж заасан. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.12.14-ний өдрийн 101/ШШ2016/07029 тоот захирамжаар үүрэг хүлээсэн төлбөр төлөгч нь Д.Гүндэгмаа, М  нар юм. Мөн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдаж, төлбөрт битүүмжлэгдэж, хураагдсан орон сууцны хууль ёсны өмчлөгч нар нь ч Д.Гүндэгмаа, М  нар юм. Тиймээс Д.Гүндэгмаа, М  нар нь тус шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх, барьцаа хөрөнгийг үнэлэх, дуудлага худалдаагаар худалдах зэрэг бүхий л ажиллагаанд адил тэгш эрхтэйгээр оролцоно. Гэтэл хариуцагч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхдээ зөвхөн төлбөр төлөгч Д.Гүндэгмаатай харилцаж, харин М г шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гадаа орхигдуулж ирсэн байдаг. Тухайлбал М гийн өмчлөлийн орон сууцыг битүүмжлэх, хураах, үнийн санал авах, шинжээчээр үнэлгээ хийлгэх, гаргасан үнэлгээгээг танилцуулах зэрэг ажиллагааг явуулахдаа М д бодитой мэдэгдээгүй, түүний санал, хүсэлтийг албан ёсоор аваагүй байдаг. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хавтаст хэрэг дэх холбогдох баримт материалуудад М гийн нэр бичигдсэн байдаг боловч тэдгээр нь яг албан ёсоор М д хүргэгдэж, албан ёсоор түүнд мэдэгдэж, түүний санал, хүсэлтийг нь авах ажиллагаа яг бодитой хийгдээгүй байдаг. Иргэний хуулийн 177.1 зүйл болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгийн өмчлөгч болон төлбөр төлөгчөөс үнийн санал авах, талууд харилцан тохиролцож үнэ тогтоох арга хэмжээ авах талаар заасан байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд талуудын хооронд эд хөрөнгийн талаар үнэ тохиролцох ажиллагаа хийгдээгүй, эд хөрөнгийн өмчлөгч, төлбөр төлөгч М гаас эд хөрөнгийн үнийн санал огт аваагүй, үнийн саналаа өг ч гэж хэлээгүй, шинжээчээр тогтоолгосон гэх үнэлгээгээ ч танилцуулаагүй. Зөвхөн нөгөө төлбөр төлөгч Д.Гүндэгмаагаас л үнийн санал авсан байдаг. Д.Гүндэгмаагийн гаргасан 2017.06.27-ны өдрийн үнийн саналд М  огт оролцоогүй байхад түүний нэрийг нь бичсэн байх жишээтэй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт материалууд дээр М гийн нэрийг бичсэнээр бус харин түүнийг бодитой оролцуулснаар түүний эрх хангагдана гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх дээр дурдсан бодит нөхцөл байдлуудыг харгалзан дүгнэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33.1, мөн хуулийн 55.3 болон Иргэний хуулийн 177.1-д заасныг тус тус хэрэглээгүй явдалд гомдолтой байна.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.21-ний өдрийн 101/ШШ2017/00601 дугаартай шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.04.06-ны өдрийн 863 дугаартай магадлалыг хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М  нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 4а байр, 14 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгох тухай шаардлага гаргасныг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, үнэлгээг хуульд заасан журмын дагуу тогтоолгосон, шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хак кредит ББСБ” ХХК оролцож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу үндэслэлтэй үнэлгээ тогтоогдсон, нэхэмжлэгч нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг өөрөө зарах хугацаа авсан тул үнэлгээг мэдээгүй гэдэг нь үндэслэлгүй гэж тайлбар гаргасан байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 5472 дугаар шийдвэрээр Д.Гүндэгмаа, М  нараас 56,449,010.00 төгрөгийг гаргуулж “Хак кредит ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар биелүүлээгүй байна. Шүүхийн хүчин төгөлдөр  шийдвэрийг үндэслэн төлбөр төлөгч Д.Гүндэгмаа, М , М.Амаржаргал нарын өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 4а байрны 14 тоотод байрлах 42 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан, төлбөр төлөгч Д.Гүндэгмаа нь орон сууцыг 120,000,000 төгрөгөөр үнэлсэн, М  үнийн санал өгөөгүй, төлбөр авагч “Хак кредит ББСБ” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн хариуцагч байгууллагаас томилогдсон шинжээч хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК нь орон сууцыг 113,390,000 төгрөгөөр үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан зарчимд нийцсэн.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч нарт 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр танилцуулсан, Д.Гүндэгмаа, М  нар 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагчид хандаж орон сууцаа өөрсдөө худалдан борлуулах 1 сарын хугацаа хүссэнээр 2017 оны 09 дүгээр сарын 14-нөөс 2017 оны 10 дугаар сарын 14-нийг хүртэл хугацаа олгосон боловч энэ хугацаанд барьцааны зүйл болох орон сууцыг худалдан борлуулаагүй зэрэг үйл баримт тогтоогдсон тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна. 

Төлбөр төлөгч Д.Гүндэгмаа, М  нар шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 113,339,000 төгрөгийн орон сууцыг бие даан борлуулахаар хариуцагчид хүсэлт гаргасан баримт хэрэгт авагдсан байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нэхэмжлэгчийг оролцуулаагүй гэсэн тайлбар үндэслэлгүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох болон түүнээс өмнө явагдсан ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан, үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон гэх нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч үнэлгээний талаарх нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т  заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00601 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 863 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН