Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 979

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

хохирогч Б.Э

шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Н-ийн Э-д холбогдох эрүүгийн 1905040340507 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр хххххх аймгийн ххххххх суманд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ххххххххх дүүргийн х дугаар хороо, хх-хх тоотод оршин суудаг,

- урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 18/248 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгасан, Т овогт Н-ийн Э /РД: ХХ00000000/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 46 дугаар байрны гадна иргэн Б.Э, Г.Г нартай маргалдан улмаар Б.Э-гийн нүүр тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн зовхи хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

иргэн Г.Г-ийн толгой тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Э мэдүүлэхдээ: “...Гомдолтой байна. Мэс засалд орох шаардлагатай байгаа тул төлбөрийг шүүгдэгч Н.Эаас гаргуулмаар байна. Мөн хохирогч Г.Г-ийн энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлыг мөн нэхэмжилж байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

  1. Хохирогч Б.Э-гийн:

“...2019 оны 09 дүгээр сарын 01-ний шөнө 00:30 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг Руская гимназия сургуулийн дэргэдэх машины зогсоол дээр явж байхад хойно үл таних 2 залуу бид хоёрыг эм юм уу, эр юм уу гээд дуудаж асуусан. Юу гээд байгаа юм бэ гэж хэлээд намайг эр юм уу, эм юм уу гэж асууж байна гэхэд манай найз охин чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэр залуутай найз хүүхэн хэрэлдэж байхад нь би дундуур нь ороод хүн зүгээр явж байхад яахаараа дээрэлхээд байгаа юм бэ гэхэд миний хэн гэдгийг мэдэх үү миний өөдөөс үг хэлдэг хэн бэ гэж хэлсэн. Үл таних залуу түлхээд, үснээс үсдэж аваад би цаашаа түлхсэн чинь найз нь дундуур орж ирээд бид хоёрыг салгах гэтэл зүүн талын нүүр лүү дайраад цохисон. Би байшингийн хана толгойныхоо араар цохиулахдаа мөргөсөн. Хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх 21-22, 35-36/,

  1. Хохирогч Г.Г-ийн:

“...2019 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 00:10 цагийн үед Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт 41-р байрны гадна найз Э-ийн хамт алхаж явтал үл таних 2 залуу таараад намайг нэг нь энэ одоо эр юм уу эм юм уу гэсэн. Тэгэхээр нь манай найз бид 2 дуугүй өнгөрөөгөөд явсан чинь нөгөө 2 залуу одооны энэ янханууд эр эм нь мэдэгдэхгүй юмаа гэхээр нь би эргэж хараад та нарт ямар хамаатай юм бэ гэтэл Э гэгч залуу алнаа гэж ирэнгүүтээ манай найзын үснээс нь зулгааж байгаад нүүр лүү нь гараараа цохисон манай найз цохиулахдаа хана мөргөсөн. Э миний цамцнаас татаж зууралдаад толгой руу цохисон. Миний биед толгой доргиж, духанд самардуулсан сорвитой болсон. Би Э-д зодуулсандаа гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх 30-31/,

  1. Гэрч Б.З-ийн:

“...2019 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт 46-р байрны орчим нөхөр Э, Э найз Э нарын хамт зогсож байсан юм. Э, Э 2 тамхи татаад хоорондоо юм яриад л зогсоод байх шиг байсан. Тэгсэн танихгүй 2 эмэгтэй ирээд миний эр эм байх нь чамд ямар хамаатай юм гээд Э-ыг үснээс нь зулгаагаад дараад зууралдаад Э үснээсээ тавиулахад нөгөө 2 эмэгтэйгийн нэгийг нь нүүр лүү цохисон чинь нөгөө охин нь хана мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх 49-50/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 10793 тоот: 

“...Г.Г-ийн биед тархи доргилт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх 40/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 10623 тоот: 

“...Б.Э-гийн зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн зовхи хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна гэх дүгнэлт /хх 41/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Э-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Н.Э нь хохирогч Г.Г, Б.Э нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.  

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Эд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 46 дугаар байрны гадна иргэн Б.Э, Г.Г нартай маргалдан улмаар Б.Э-гийн нүүр тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн зовхи хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, иргэн Г.Г-ийн толгой тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- шүүгдэгч Н.Э-ы “...би нөгөө 2 эмэгтэйгийн Э-гийнх нь зүүн нүдний доод хэсэг орчим руу гараараа цохисон чинь Э байшингийн хана толгойгоороо мөргөсөн. Г-ийнх нь дух руу гараараа нэг удаа бас цохисон...” гэсэн мэдүүлэг,

- хохирогч Б.Э-гийн “...Үл таних залуу түлхээд, үснээс үсдэж аваад би цаашаа түлхсэн чинь найз нь дундуур орж ирээд бид хоёрыг салгах гэтэл зүүн талын нүүр лүү дайраад цохисон. Би байшингийн хана толгойныхоо араар цохиулахдаа мөргөсөн...” гэсэн мэдүүлэг,

- хохирогч Г.Г-ийн “...Э гэгч залуу алнаа гэж ирэнгүүтээ манай найзын үснээс нь зулгааж байгаад нүүр лүү нь гараараа цохисон манай найз цохиулахдаа хана мөргөсөн. Э миний цамцнаас татаж зууралдаад толгой руу цохисон...” гэсэн мэдүүлэг,

- гэрч Б.З-ийн “...танихгүй 2 эмэгтэй ирээд миний эр эм байх нь чамд ямар хамаатай юм гээд үснээс нь зулгаагаад дараад зууралдаад Э үснээсээ тавиулахад нөгөө 2 эмэгтэйгийн нэгийнх нь нүүр лүү цохисон чинь нөгөө охин нь хана мөргөсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 10793 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 10623 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Н.Э-ы дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Э--ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э, Г.Г нарын биед хөнгөн хохирол учирсан байх ба гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал, бусад гэм хорын зардалд хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Н.Э-аас 641.700 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-д 200.000 төгрөг, хохирогч Г.Г-д 441.700 төгрөг тус тус олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Харин хохирогч Б.Э нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.   

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Н.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд нэг удаа ял шийтгүүлж байсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Н.Э-ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт шүүх цадан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцохоор, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасахаар заасан бөгөөд шүүгдэгч Н.Э шүүхийн шатанд буюу 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийтдээ 8 хоног цагдан хоригдсныг түүний ял эдэлсэн хугацаанаас хасаж тооцон түүний биечлэн эдлэх ялыг хасаж тооцох хууль зүйн үндэслэлтэй. /8 хоног х8 цаг= 64 цаг/ Өөрөөр хэлбэл Н.Э-д оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 64 цагийг хасаж тооцон, түүний биечлэн эдлэх ялыг 436 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Э-д оногдуулсан 436 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв. 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 1905040340507 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: