Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2018/01297

 

С н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2018/00054 дүгээр шийдвэр,

           Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00042 дугаар магадлалтай, 

            С н нэхэмжлэлтэй,

            Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгт холбогдох

          Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 31 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч С н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би хүүхдийн цэцэрлэгт 15 жил ажилласан. Захирал Н.Алтыны 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 31 тоот тушаалаар миний цалинг 20 хувиар буруулж арга хэмжээ авсан. Энэ шийдвэрийг би эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан маань би тус цэцэрлэгт туслах багшаар ажилладаг. Тэр хүүхдүүдэд хоол өгөх нь миний үүрэг биш. Би хүүхдүүдийн бааж, шээснийг болон ангийг цэвэрлэх л үүрэгтэй. Тиймээс хоол өгөх нь миний биш үндсэн багш н.Өнергүлийн үүрэг байгаа. Хүүхдүүдийн хоолыг гал тогооноос өөрөө авчирч өгөх ёстой. Манай ажилчдын хооронд 35 хүний бүрэлдэхүүнтэй хурал болсон байгаа. Тэр хурал дээр н.Өнергүл тэр нарийн боовыг хүүхдүүдэд хувааж өгсөн хүн би байсан гэж хүлээн зөвшөөрсөн байгаа. Тэр үед захирал цаас шийдэж чи тэгвэл ажлаас гар зөрчил гаргасан чи юм байна шүү дээ гэж хэлсэн байдаг. Тэр нарийн боовыг хүүхдүүдэд өглөө талыг нь, орой талыг нь хувааж өгч байсан хүн би байсан гэж хэлсэн байгаа. Тийм учраас би энэ шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхэд гомдол гаргасан. Тиймээс энэ захирлын 31 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Н.Алтыны шүүхэд ирүүлсэн тайлбарт: С  багш тайлбартаа худлаа хэлж байна. Яагаад гэвэл тухайн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би бүх ангиудаар ороод цонхны тавцан дээр илүү дутуу юм тавьсан байгаа багш нарт сануулж хэлээд явж байсан. Тэгээд 10 цагийн үед тус бүлэгт орж ирэхэд хүүхдийн хоолыг өгсөн байсан. Тэгээд энэ хүмүүс бас цонхны тавцанд юм тавьсан байхаар нь энэ савнуудаа яагаад хоолны шүүгээнд тавихгүй байна гээд хоолны шүүгээг онгойлгоход дотроос нь ууттай дотроо 15 нарийн боов гарч ирсэн. “Энэ өнөөдрийн авсан боов байна. Та нар илүү боов авсан байгаа юу” гэж энэ 2 багшаас асуухад ерөөсөө дуугараагүй. Тэгээд би гал тогоонд ороод тогоочоос та нар энэ С  багшийн бүлэгт илүү боов өгсөн үү гэж асуухад өнөөдөр 31 хүүхэд ирсэн болохоор бид нараас 31 боов авсан байгаа гэж хариулсан. Тэгээд би дахиад бүлэгт орж ирээд та нар энэ боовыг яагаад өгөөгүй вэ хүүхдүүд цөөхүүлээ ирсэн үү гэж хүүхдүүдийг тоолоход 29 хүүхэд байсан. Энэ боовыг та нар яагаад өгөөгүй вэ гэхэд н.Өнергүл багш өчигдөр С  багшийн нэг найз нь боов өгсөн тэрийг хүүхдүүдэд өгсөн байгаа гэж худлаа ярьсан. С  багш дуугүй байсан. Гэхдээ тэр хувааж өгсөн нь тухайн өдөр нотлогдсон. Хамт олны хурал хийгээд энэ хүмүүс алдаагаа хүлээн зөвшөөрсөн. Бид нар хуваагаад өгсөн гэж хэлсэн нь бичлэг дээр бас байгаа. Өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. С  багш удаа дараа зөрчил гаргасан. 4 дүгээр сард бас ноцтой зөрчил гаргаад би ажлаас халчихаад дараа нь бага насны хүүхдүүдтэй эмэгтэй хүн байна гэж дахиад ажилд авсан боловч дахиад алдаа гаргасан. Тухайн өдөр гал тогооноос боовыг С  багш авсан байсан. С  багш өөрөө хуваагаад өгсөн гэж хэлсэн нь бичлэг дээр бас байгаа. Манай цэцэрлэгт 200 хүүхэд байгаа. Энэ бүлэгт 35 хүүхэд байгаа. Бага бүлгийн хүүхдүүд. Эд нар бол сүүлийн 15 хоног боовыг хүүхдүүдэд хуваагаад өгч байсан гэж өөрсдөө хэлсэн байгаа. Тухайн өдөр хүсэлтээ гаргаж өгсөн. Зөрчил гаргасан нь нотлогдож арга хэмжээ авагдсан байгаа гэжээ.                                  

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2018/00054 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 31 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр цэцэрлэгээс 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00042 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2018/00054 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан С гийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгт холбогдуулан гаргасан тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 31 дүгээр Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьездийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00042 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх С н нэхэмжлэлтэй, Өлгий сумын хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчид холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн хариуцагчийн эрх ашгийг илт хамгаалан хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тус цэцэрлэгийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.3-т “Ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр ажлын байрнаас ямар нэг зүйл \эд хогшил, техник хэрэгсэл\ гадагш гаргах, байгууллагын эд хөрөнгийг ашиглан хохирол учруулсан ба ажлын байрнаас хүүхдийн хоол хүнсний материал болон бусад өмчийг авах, авахыг завдсан зөрчил бол сахилгын ноцтой зөрчил гэж үзэхээр тусгасан байна. Гэтэл С  нь ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр ажлын байрнаас ямар нэгэн зүйл буюу эд хогшил, техник хэрэгсэл гадагш гаргах, байгууллагын эд хөрөнгийг ашиглаж хохирол учруулсан ба ажлын байрнаас хүүхдийн хоол хүнсний материал болон бусад өмчийг авах, авахыг завдсан зөрчил гаргасан нь тогтоогдоогүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан байгууллагын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлд хүүхдүүдийн боовыг хувааж өгдөг талаар бичигдсэн, мөн С гаас 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хүсэлтэд хүүхдүүдэд тараах боовыг өөртөө хувьдаа авах, авахыг завдсан агуулгатай зүйл бичигдээгүй юм. Иймд байгууллагын ажилчдын хурлын тэмдэглэлийг үндэслэн цэцэрлэгийн хүүхдүүдэд тараах цайны боовыг өөртөө авахаар завдаж ашиглахаар байлгасан гэж үзэх боломжгүй юм. Ажил олгогчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 31 дугаартай С д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд ажилтан С  нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажлын байрнаас хүүхдийн хоол хүнсний зүйлийг авахаар завдсан гэсэн үндэслэлээр сахилгын арга хэмжээ тооцсон боловч нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлгээр тухайн өдрийн 10 цагийн үед цэцэрлэгийн эрхлэгч Н.Алтын нь хоолны шүүгээг онгойлгож үзээд 15 ширхэг боов байсныг илрүүлэн хураан авч туслах тогоочид хүлээлгэн өгсөн байна. Иймээс С  нь сахилгын зөрчлийг санаатайгаар гаргасан гэх асуудал нь эргэлзээтэй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт “2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар “Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаалаар тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 31 дүгээр тушаалын үндэслэх хэсгийн “Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.2.7” гэсний дараа “Хөдөлмөрийн тухай хуулийн” гэсэн нэмэлт, "131 дүгээр зүйлийн 131.1.2” гэснийг “131 дүгээр зүйлийн 131.1” гэсэн өөрчлөлт, “ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.5, 2.2 дахь хэсгийн "А” гэсний дараа "5.3” гэсэн нэмэлт, "цэцэрлэгийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.3 дахь хэсэг” гэсний дараа "17.1” гэсэн нэмэлт оруулжээ” гэжээ. Ингэхээр давж заалдах шатны шүүхийн хариуцагчийн анх гаргасан тушаалыг зөвтгөн түүнд ашигтай байдлаар тайлбарлан ажил олгогчийн сүүлд гаргасан тушаалыг хууль ёсны нотлох баримтаар үнэлж байгаа явдал нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэгч С н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үр дагавар үүсгэсэн юм. Үүнийг давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-ыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00042 дугаартай магадлалыг хүчингүй болгон, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2018/00054 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

Нэхэмжлэгч С  нь ажил олгогч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 31 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал”-ыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажилтны гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж маргажээ.

Зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хангасан бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсгийг баримтлан сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдлыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасан байна.

Нэхэмжлэгч нь “...хүүхдийн өглөөний хоол хүнсийг авахаар завдсан гэж өөрийг нь буруутгасан нь үндэслэлгүй, туслах багшид уг асуудал хамаагүй, үндсэн багшийн буруутай үйл ажиллагаанаас болсон зөрчил”-д өөрөө буруугүй гэсэн үндэслэлээр шаардлагаа тайлбарлаж, 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлын байрны тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгчээ.

Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.2.7, 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.2, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.5, 2.2 дахь хэсгийн А, цэцэрлэгийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан, цэцэрлэгийн туслах багш ажилтай С  нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажлын байрнаас хүүхдийн хоол хүнс авахаар завдаж, багшийн ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан зөрчил гаргасан гэж үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. 

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэрийн үндэслэл дэх хуулийн зүйл, заалтыг залруулсан баримтыг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүх ажил олгогчийн гаргасан энэ баримтыг “...анх гаргасан сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэл, агуулгыг өөрчлөхгүйгээр, хууль зүйн техникийн хувьд зөвтгөн, энэ талаар шүүхэд баримт гаргаж тайлбарласныг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.3, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 11 дүгээр тушаал, С н 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр үйлдсэн баримт 2 ширхэг, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн иргэн Ж.Айнурын өргөдөл, С н өргөдөл, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн цэцэрлэгийн багш, ажилчдын хурлын тэмдэглэл, мөн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэл, С н 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хүсэлт, хоолны шүүгээнд хадгалсан гэх ууттай боорцгийн гэрэл зураг, цэцэрлэгийн дотоод журам, цэцэрлэгийн багшийн ажлын байрны тодорхойлолт, хүүхдийн цэцэрлэгийн туслах багшийн ажлын байрны тодорхойлолт, гэрч Т.Өнергүл, Р.Манат нарын шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг баримт хэрэгт авагджээ.

Хэрэгт авагдсан дээрх баримт, зохигчдын тайлбараас үзэхэд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр цэцэрлэгт туслах багш ажилтай С  нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хариуцсан бүлгийн хүүхдүүдийн өглөөний хоолыг /боорцог/ зохих ёсоор бүрэн өгөөгүй, цэцэрлэгээс хүүхдийн өглөөний цайнд зориулж өгсөн боорцгийг хоёр хувааж, талыг нь хүүхдүүдэд өгч, талыг нь өөртөө хэрэглэхээр шүүгээнд далдлан тавьсан үйлдэл нь тус цэцэрлэгийн дотоод журмын 15 дугаар зүйлийн /Дотоод журмаар хориглох зүйл/ 2 дахь хэсгийн /Сахилгын ноцтой зөрчил/ 15.2.3.-т ... ажлын байрнаас хүүхдийн хоол хүнсний материал болон бусад өмчийг авах, авахыг завдсан гэсэн зөрчлийн шинжийг агуулсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Түүнчлэн ажилтны гаргасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг ажил олгогч нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр газар дээр нь илрүүлсэн, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө багш, ажилчдын хурал хийж, зөрчил гаргасан багш нараас тайлбар авах зэргээр зөрчлийг хангалттай шалгаж тогтоосон, түүнчлэн уг зөрчил бүлгийн багш Т.Өнергүлийн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлгээр давхар нотлогдсон байна.  

Ажилтан С г 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 1.5.-д “Цэцэрлэгийн дүрэм, дотоод журам, ... чанд сахин ажиллах” гэж заасныг, Өлгий сумын 9 дүгээр цэцэрлэгийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 15.2.3.-т “... ажлын байрнаас хүүхдийн хоол хүнсний материал болон бусад өмчийг авах, авахыг завдсан” гэж заасныг тус тус зөрчиж, хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмаар тодорхойлсон хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон байх тул түүнд сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэрийг  үндэслэлтэй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймээс ажил олгогчоос ажилтан С д ногдуулсан үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл нь ажилтны гаргасан зөрчилд тохирсон, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсгийн 131.1.2.-т нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Анхан шатны шүүх “...С  нь уг 15 ширхэг нарийн боовыг өөртөө ашиглах, авах санаа зорилготой байсан гэж үзэх боломжгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс шийдвэрийн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн сахилгын шийтгэл ногдуулах эрх зүйн зохицуулалтад нийцээгүй байна. 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байх тул  магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00042 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН