Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 08

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Б.Дт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                                                    Б.Батсайхан

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Н.Энхжаргал

            Өсвөр насны шүүгдэгч                                            Б.Д

            Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч                      О.Ганчимэг

            Нарийн бичгийн дарга                                              Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Дын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Б.Дт холбогдох 1712001070034 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ,, Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 16 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, МСҮТ-д оюутан, Архангай аймгийн ,, оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, Г овогт Б-ийн Д

 

Б.Д нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн ,, тоотод оршин суух хохирогч Б.Агийн байшингийн цонхоор нь хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан авч 124.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Дт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Г овогт Бгийн Дыг бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Дыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Дын эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 86 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор эдлүүлэхээр тогтоосон 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дтт оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дын цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шүүгдэгч Б.Доос 124.400 /нэг зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж, хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр баг Бортолгойн 42-03 тоотод оршин суух Дархчуул овогт Батхишигийн Амарсанаад олгож, Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

 Өсвөр насны шүүгдэгч Б.Дын гаргасан давж заалдах гомдолд:

“Бямбасүрэн овогтой Доржзодов миний бие 2001 оны 06 сарын 24-нд төрсөн. 17 настай, аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. Би 2017 оны 08 сарын 24-нд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 гэх зүйл ангиар 2018 оны 01 сарын 26-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчийн хохирол гомдлыг бүрэн төлж барагдуулсан. Бусдад өгөх төлбөргүй. Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

“Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайхан би Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйл, Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4, 39.5-т заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Дт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд прокуророор оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Б.Д нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр баг, Бортолгойн 42-03 тоотод оршин суух хохирогч Б.Агийн байшингийн цонхоор нь хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан авч 124.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог. Прокурорын газраас Б.Дт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 37 дугаартай шийтгэх тогтоолоор түүнд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэж байна. Учир нь түүний урьд үйлдсэн хэрэг болон сүүлд үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу нэмж нэгтгэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн холбогдох заалтыг хэрэглэж хамгийн доод хэмжээгээр буюу 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Шийтгэх тогтоол нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн шийдвэр болсон гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж прокурорын зүгээс дүгнэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өсвөр насны шүүгдэгч Б.Дын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Шүүгдэгч Б.Д өмнө нь үйлдсэн хэргээ шүүхээр шийдвэрлүүлж байх явцдаа дахин гэмт хэрэг үйлдсэн. Өмнөх шийтгэх тогтоол гарахаас өмнөх цаг хугацааны асуудал байдаг. Шүүгдэгч нь учруулсан хохирлоо биет байдлаар болон мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан. Мөн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хохирол төлбөрийг хохирогчид өгсөн боловч баримтаа авч чадаагүй, хохирогчийн утас нь холбогдохгүй байгаа учраас нотлох баримт авч ирж чадаагүй. Шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдсэн гэмт хэргийг нэмж нэгтгээд шийдвэрлэх боломжтой гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа шүүхийн практик байгаа учраас шүүгдэгч Б.Дын хувьд мөн энэ практикаар шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Б.Дын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Б.Дыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр бүлэглэж бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Дыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

 

Мөн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Гэгээн овогт Бямбасүрэнгийн Доржзодовыг бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Дыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Дын эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 86 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор эдлүүлэхээр тогтоосон 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад өсвөр насны шүүгдэгч Б.Дын 2017 оны 08 сарын 24-ний өдрийн бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэх үйлдэл нь бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр бүлэглэж бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлсан гэх үйлдлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүссэн бөгөөд анхан шатны шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь өсвөр насны шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, дүгнэлт болон ял оногдуулахад ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

 

 Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Дын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна.

 

 Өсвөр насны шүүгдэгч Б.Дын холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болно.

 

Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 86 дугаартай шийтгэх тогтоолыг хуульд заасан журмын дагуу хянуулах боломж нь нээлттэй байна.

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэрэг шүүхэд очтол Б.Дт цагдан хорих таслан сэргийлэх авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                                            Н.ЭНХМАА

                                                             В.ЦЭЦЭНБИЛЭГ