Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
Хэргийн индекс | 128/2018/0463/З |
Дугаар | 747 |
Огноо | 2018-11-28 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 747
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Иргэн Б.Т нэхэмжлэлтэй,
Хариуцагч: СЗХ ААД
Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 76 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох Захиргаа удирдлагын газрын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа болох 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг СЗХ ААД д даалгах Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Т миний бие нь Санхүүгийн зохицуулах хороонд 2015 оны 01 дүгээр сарын 28-нд анх ажилд орсон. Улмаар 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрийн албаны мэргэшлийн шалгалтыг өгч 1 дүгээр байр эзлэн тэнцэж Санхүүгийн зохицуулах хорооны нэгж болох хяналт шалгалтын газрын хянан шалгагчийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. Үүний дараа 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ажлын албаны даргын 232 дугаар тушаал болон 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Ажлын албаны даргын 245 тоот тушаалуудаар Санхүүгийн зохицуулах хорооны Зах зээлийн хөгжлийн газрын Эрсдлийн удирдлага мэдээллийн хэлтсийн референтээр 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс томилогдон ажилласан. Намайг ажлаас үндэслэлгүйгээр буюу миний ажлын үр дүнг зохих ёсоор үнэлэлгүй зөвхөн хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх зорилгоор халсанд гомдолтой байсан тул Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 57 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргасан.
Миний нэхэмжлэлтэй СЗХ ААД д холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0701 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2017/0804 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор хянан шийдвэрлээд, “...Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 57 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Тг Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа удирдлагын газрын Бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж нэхэмжлэгч Б.Тд олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албанд ...” даалгасан билээ.
Тус Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны хууль бус үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн хууль зөрчсөн хэрэг нь шат шатны шүүх дамжин хэлэлцэгдэж, Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэхээ тулж, улмаар өнөөдрийг хүртэл нэг жил гаруй хугацааг зарцуулж, энэхүү харилцаанд би өмгөөлөгч хөлслөн оролцохоос өөр аргагүйд хүрч, мөн үүнээс гадна одоог хүртэл цагдаа, тагнуулын байгууллагад СЗХ-ны хүсэлтээр гүтгэгдэн шалгагдаж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэвтүүлж, сэтгэл санааны дарамт шахалтанд орж хавчигдаж, цалин хөлс авах эрхээ хасуулж, давхар давхар хохирсоор байна.
Монгол Улсын дээд шүүхийн шийдвэрийг СЗХ ААД биелүүлээгүй тул Нийслэлий шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрааср шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа хийлгүүлж байх үед СЗХ-ны Захиргаа удирдлагын газрын батлагдсан бүтэц орон тоо 26 ажилтан байх боловч 30 гаруй ажилтан ажиллаж байгаа, миний ажлын байран дээр тус газар нэгжийн даргын хамаатан садан ажиллаж байгаа зэрэг хувийн сонирхолын үндсэн дээр намайг ажиллах ажлын байр, орчин нөхцөл, боломжоор минь бүрэн хангаж өгөхгүй, цалин хөлс бодож өгөхгүй байсаар, намайг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт огт гаргаж уламжлаагүй даргын 76 тоот тушаалаар “өөрийнх нь хүсэлтийг үндэслэн” хэмээн дахиад үндэслэлгүйгээр намайг ажлаас минь чөлөөллөө.
Иймд Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 76 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд буюу Захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Т Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албанд 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “...БНСУ-д эмчилгээнд явах шаардлагатай байгаа учир 2018 оны 11 дүгээр сард ажилдаа эргэж орох хүсэлтэй байна...” гэсэн утгатай өргөдлийг гаргасан байдаг.
Б.Тг СЗХ-ны ажлын албаны даргын 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 54 дүгээр тушаалаар ажилд нь эгүүлэн томилсон боловч нэг ч удаа ажлаа хийлгүй, ажлын байрандаа байгаагүй зөвхөн ажлаас ирсэн, явсан талаарх хурууны хээ бүртгэлийн системд 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд бүртгүүлсэн нь түүнийг ажлаас халах нөхцөл бүрдсэн.
Иймд Б.Тд сахилгын шийтгэл ногдуулах талаар судалж байхад Б.Т нь эмнэлэгийн шалтгаанаар 2018 оны 11 дүгээр сар хүртэл чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул сахилгын шийтгэл ногдуулах биш, түүний эрх ашигт хамгийн таатай нөхцөлөөр буюу Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан түр чөлөөлөх зохицуулалтын дагуу СЗХ-ны Ажлын албаны даргын 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 76 дугаар тушаалаар ажлаас нь түр чөлөөлсөн. Мөн Б.Т нь 2018 оны 11 дүгээр сарын хүртэл БНСУ-д эмчилгээ хийлгэх шаардлагатай тул ажиллах боломжгүй гэж чөлөөлөгдөх хүсэл зоригоо илэрхийлсэн тул түүний хүсэлтийг хүлээн авч, СЗХ-ны ажлын албанаас биелүүлж түүний эрх ашигт нь нийцүүлэн шийдвэрлэж, Б.Т нь биеэ эмчлүүлээд 2018 оны 11 дүгээр сард ажилдаа эргэн орох боломжийг нь олгосон байхад уг шийдвэрийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах талаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна” гэжээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Т нь Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 76 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох Захиргаа удирдлагын газрын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа болох 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг СЗХ ААД д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 54 дүгээр тушаалаар Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 51 дүгээр тогтоолыг үндэслэн Б.Тг Захиргаа удирдлагын газарт мэргэжилтнээр 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн эгүүлэн томилжээ .
Үүний дараа Б.Тгээс Санхүүгийн кохицуулах хорооны ажлын албанд хандан дараах өргөдлийг гаргажээ. “СЗХ-нд Б.Т миний биеийг Захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн ажлын байран дээр эргүүлэн томилогдож ажиллах шийдвэрийг Улсын Дээд шүүхээс гаргасан. Тиймээс миний бие эргэж ажлын байр, албан тушаал дээрээ ажиллах гэсэн боловч ажлын байрны орон тоо, бүтэц бүрэлдэхүүн дүүрсэн, ажлын байр, орон тоо байхгүй, ажиллах ширээ сандал, компьютер, шаардагдах орчин нөхцөл хангагдаагүй учир мөн миний бие БНСУ-д эмчилгээнд явах шаардлагатай байгаа учраас дотоод зохион байгуулалт, орон тооны асуудал шийдэгдтэл хүлээж, мөн тус эмчилгээнд яваад эргэн ирээд 2018 оны 11 дүгээр сард эргэж ажилдаа орох хүсэлтэй байгаагаа уламжилж байгааг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэсэн өргөдлийг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гаргажээ .
Дээрх өргөдлийг нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр бичсэнээ шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч тайлбар өгч байх бөгөөд ийнхүү бичих болсон үндэслэлээ ажиллах нөхцөл бололцоогоор байгууллага хангаагүй гэж тайлбарлаж байна.
Б.Тгийн өргөдлийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 76 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1, Санхүүгийн зохицуулах хорооны дүрмийн 4.5.4, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмын 5.11.3 дахь заалтыг баримтлан Б.Тг БНСУ-д удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон туд 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ .
Нэхэмжлэгч Б.Т нь намайг ажиллах нөхцөл бололцоогоор хангадаггүй, эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний хажууд ширээ, сандал, компьютер өгөлгүй суулгадаг, намайг цагдаагийн газарт шалгуулахаар байгууллага өргөдөл өгсөн учир арга буюу өргөдлөө өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч түүний тайлбар шүүхээс цуглуулсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 442 дугаар тогтоолоор “... Б.Т нь хамт ажилладаг ажилчдынхаа яриаг гар утсан дээр видео рекордер программ ашиглан бичсэн бичлэг байгаа талаар хамт ажилладаг хүмүүстээ болон Захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдаанд хэлсэн байх боловч тэрээр бичлэг хийж байгаагүй, хүмүүсийг айлгах, өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэх зорилгоор бичлэг байгаа талаар худлаа ярьсан болох нь ...тогтоогдож байна” гээд гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ.
Дээрх тогтоолоос үзвэл Б.Тгийн өөрийнх нь хэлсэн үг, хийсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар Санхүүгийн зохицуулах хорооноос цагдаагийн байгууллагад хандсаныг түүнийг дарамтлах зорилго агуулсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Мөн Б.Тг ажиллах нөхцөл бололцоогоор хангаж ажилласан боловч нэхэмжлэгч нь өөрөө ажлын байрандаа байгаагүй болох нь байгууллагын нярав болон мэргэжилтнүүдийг гэрчээр асуусан тэмдэглэл болон 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх 8 удаагийн цагийн бүртгэлээ бүртгүүлж байгаа видео бичлэгт зөвхөн хурууныхаа хээг уншуулаад гарч байгаа бичлэгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн ажиллах нөхцөл бололцоогоор хангаагүй гэсэн тайлбар үндэслэлгүй ажээ.
Иймд нэхэмжлэгч Б.Тгийн төрийн албанаас түр чөлөөлөгдөх хүсэлтийг гаргах болсон үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд уг өргөдлийг бусдын дарамт шахалтгүйгээр өөрөө гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилагаар төрийн албанаас түр чөлөөлнө:, 23.3.1.хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон гэсэн үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлсөн Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 76 дугаар тушаал нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2. Ажлын албаны үйл ажиллагааг Хорооны дүрмээр зохицуулна, Улсын Их Хурлын 2006 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 45 дугаар тогтоолоор баталсан Санхүүгийн зохицуулах хорооны дүрмийн Дөрөв-ийн 4.5.4-т ажлын албаны ажилтнуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу ажилд томилох, чөлөөлөх, тэдгээрт цалин, урамшуулал олгох шийдвэр гаргах гэсэн эрхийн хүрээнд хууль зүйн үндэслэлтэй гаргасан захиргааны акт байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.
Захиргааны хэргийн шүүх нь захиргааны актын улмаас учирсан хохирлын асуудлыг шийдвэрлэдэг тул нэхэмжлэгч Б.Тгийн шүүхийн шийдвэрээр ажилд томилогдсоноос чөлөөлөгдөх хүртэлх хугацааны буюу 2018.4.16-2018.5.4-ний өдөр хүртэлх хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийн 82.1.2 дахь заалтад заасан хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн 54.1.1 дэх заалтад заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус, иргэний шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байх тул мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Иргэн Б.Т нь 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаагаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу түүнийг төрийн албанаас түр чөлөөлсөн, ажлын байр нь хэвээр хадгалагдаж байх тул тэрээр эргэж ажилдаа орохоор байгууллагадаа хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Тэмжүүжингийн Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 76 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох Захиргаа удирдлагын газрын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа болох 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг СЗХ ААД д даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийн 82.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 04-ний хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг СЗХ ААД д даалгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ