Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01845

 

Д.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/01335 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1586 дугаар магадлалтай,

Д.Бын нэхэмжлэлтэй

Г.Эд холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 060 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Бын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Г.Эд 2.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн юм. Миний бие Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаанаас өмнө нэхэмжлэл гаргах байсан боловч 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор 5 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр болсон ба 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр суллагдсан юм. Ял эдэлж байх хугацаандаа ангийн захиргаанд хэд хэдэн хүнээс мөнгө авахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатайгаа илэрхийлэхэд ямар ч боломжгүй, чиний эрх хязгаарлагдсан гэсэн хариу өгч байсан тул хуульд заасан хугацаанд нэхэмжлэл өгч чадаагүй. Гэвч суллагдсаны дараа хууль шүүх гэхгүйгээр мөнгөө авах гэж ярьсан боловч сайн дураараа мөнгө өгөх хүн олдоогүй. Улмаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Иймд хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү. Г.Э нь 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 3 жил гаруй хугацаанд үндсэн зээл 1.000.000 төгрөгийг төлсөн, зээлийн хүүнд нэг ч төгрөг төлөөгүй. Иймд хариуцагч Г.Эаас үндсэн зээл 1.000.000 төгрөг, нэг сарын хүү 60.000 төгрөг, нийт 1.060.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.Бтай 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь үнэн боловч 2.000.000 төгрөгийг 100 хоногийн 20 хувийн хүүтэй, өдөрт 24.000 төгрөг гэж тооцоод тав хоног тутам 120.000 төгрөг төлж байхаар амаар тохирсон. Зээлийг графикийн дагуу төлж байсан бөгөөд төлөлт бүрийг гэрээний ард тэдэн сарын тэдэнд өгөв гэж өөрт нь байдаг гэрээний нэг хувь дээр гарын үсэг зуруулж авдаг байсан. Зээлийг надад хүлээлгэж өгөхдөө, мөн төлбөрийг авах бүрдээ иргэн Д.Б нь өөрийн эхнэр Дархисүрэнгийн хамт ирж өгч авдаг байсан бөгөөд иргэн Д.Б нь шоронд ял эдэлж байгаа гэх шалтгааны улмаас зээлийг эхнэр болох Дархисүрэн нь ирж төлөлтийг авч байгаад зээлийн гэрээг дуусгавар болгосон. Миний бие хамгийн сүүлд 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 240.000 төгрөгийг Дархисүрэнд өгснөөр зээл дууссан болно. Иймд Д.Бын нэхэмжилж байгаа мөнгийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/01335 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан Г.Эаас 1.060.000 төгрөг гаргуулах тухай Д.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29.990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1586 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/01335 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. 1. Д.Б миний бие 2013 оны 04-р сарын 08-ны өдөр хариуцагч Г.Эд 2 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар 6%-ийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж, зээлдэгчид мөнгийг шилжүүлсэн ба энэ талаар маргаагүй. Д.Б нь 2014 опы 04-р сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 4-р шүүхийн шийтгэх тогтоолоор 5 жил 1 сарын хугацаатай ялыг хаалттай буюу чанга дэглэмтэй шоронд эдэлсэн. Энэ явдал нь Иргэний хуулийн 78-р зүйлийн 78.1.3-д заагдсан нөхцөл үүссэн. Тэрээр чанга дэглэмтэй шоронд гадагш гарч чадахгүй, өөрийн биеэр шүүхэд нэхэмжлэл гаргаж чадахгүй, сонгуулийн сонгох, сонгогдох эрхээ хасуулсан байдалтай байсан. Гэтэл шүүх “итгэмжлэл олгох эрхээ эдлээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Нэхэмжлэгч нь чанга дэглэмтэй шоронд, өөрөөсөө өөр хэнд ч итгэх боломжгүй, хүнтэй уулзах цаг өдөр нь ч хязгаартай байхад энэ хүн хэнд итгэж итгэмжлэлээ олгож эрхээ шилжүүлэх ёстой болж байна вэ. Итгэмжлэл бусдад олгонгуут тэр хүн нь итгэмжлэлийг буруугаар ашиглахгүй гэсэн баталгаа байхгүй. Гэтэл шүүх “Чи бусдад эрхээ шилжүүлээгүй хохь чинь” гэж байгааг шүүх хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэсэн гэдэгт эргэлзээ төрж байна. Монгол улсад анх удаа бусдад эрхээ шилжүүлээгүй учир гэж заавал эрхээ шилжүүлэх ёстой байсан, үүрэгтэй байсан мэт гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. 2. Хариуцагч тал 2 000 000 төгрөг хүлээн авсан гэдэгтээ маргаагүй, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05-р сарын 23-ны өрийн 184/ШШ2018/01335 тоот шийдвэрийг дурьдаж зээлийн гэрээний дагуу 2 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулж, хөрөнгийг шилжүүлсэн гэдэгт маргаагүй гэж дүгнэчихээд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд маш их гомдолтой байна. 3. Хариуцагч тал 1 000 00 төгрөг 2014 оны 04-р сарын 10-нд төлж байсан гэсэн зүйл хэрэгт яригддаг. Итгэмжлэл өгөх нь “үүргээ” биелүүлээгүй гэж үзэж байгаа бол ядаж тэр 1 000 000 төгрөг өгсөн гэх өдрөөс хөөн хэлэлцэх хугацаагаа тооцмоор юм. Би энэ хүнийг жил гаран эрэн сурвалжилсан Иргэний шүүхийн ажиллагаа явагдсан. 4. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Шүүхийн шүүгч Р.Алтантуяа 2018 оны 04-р сарын 04-ний өдөр, дугаар 102/ШШ2018/01055-тай Д.Бын нэхэмжлэлтэй хариуцагч Нарантунгалагийн 2013 оны 01-р сарын 28-ны өдөр зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хэргийн 78-р зүйлийн 78.1.3-д заагдсан нөхцөл үүссэн гэж үзээд сэргээж шийдэж өгсөн байтал Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн давж заалдах шатны Шүүхийн 2018 оны 07-р сарын 06-ны өдөр дугаар 1586 тоот магадлалыг хүчингүй болгож, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдээс төлбөрөө гаргуулан авах боломж олгож хэргийг дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Чанга дэглэмтэй шоронгоос Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргалаа гэхэд Үндсэн хуулийн 16.14 дэх заалтанд заагдсан өөрийн шүүх хуралд биеэр оролцох эрхийг Иргэний шүүх хангаж байсан нэг ч тохиолдол Монголд байхгүй. Харин жирийн шорон бол тохиолдол бий гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Г.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 060 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үүргээ биелүүлсэн гэж маргажээ.

Анхан шатны шүүх Д.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэлийн үндэслэл болох зохигч талуудын байгуулсан 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний талууд аль аль нь үүргээ биелүүлэх ёстой байна. Уг гэрээний дагуу зээлдүүлэгч Д.Б нь 2 000 000 төгрөгийг Г.Эд 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн, хариуцагч 2 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар  маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь зээлдэгч буюу хариуцагчийг 1 000 000 төгрөгийг төлж, үлдэх 1 000 000 төгрөг, хүү 60 000 төгрөгийг төлөөгүй гэсэн бол хариуцагч нь зээлийг бүрэн, буцааж төлсөн гэж маргажээ.

Хариуцагч Г.Э үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан, нотлох баримтыг үнэлгээ шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой тусгагдсан, уг үнэлгээг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй байна.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүрэг дуусгавар болно. Зээлдэгч Г.Э нь зээлийг буцааж төлсөн, үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн болох нь гэрч Б.Дархисүрэнгийн мэдүүлэг, 2017 оны 02 сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст гаргасан Д.Бын гомдол, тайлбар, 2017 оны 02 сарын 14-ний өдөр Прокурорт гаргасан Д.Бын гомдол зэрэг бичмэл баримтуудаар нотлогджээ.

Шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн, зохигчид мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/01335 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1586 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29 000 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

             ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА