Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2018/01335

 

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2018/01335

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Э-ын нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.060.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Г.Э, гэрч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Б миний бие 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хариуцагч Г.Эд 2.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн юм. Миний бие Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаанаас өмнө нэхэмжлэл гаргах байсан боловч 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор 5 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр болсон ба 20... оны ... дугаар сарын ....-ны өдөр суллагдсан юм. Ял эдлэж байх хугацаандаа ангийн захиргаанд хэд хэдэн хүнээс мөнгө авахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатайгаа илэрхийлэхэд ямар ч боломжгүй, чиний эрх хязгаарлагдсан гэсэн хариу өгч байсан тул хуульд заасан хугацаанд нэхэмжлэл өгч чадаагүй. Гэвч суллагдсаны дараа хууль шүүх гэхгүйгээр мөнгөө авах гэж ярьсан боловч сайн дураараа мөнгө өгөх хүн олдоогүй. Улмаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Иймд хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү. Г.Э нь 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 3 жил гаруй хугацаанд үндсэн зээл 1.000.000 төгрөгийг төлсөн, зээлийн хүүнд нэг ч төгрөг төлөөгүй. Иймд хариуцагч Г.Эаас үндсэн зээл 1.000.000 төгрөг, нэг сарын хүү 60.000 төгрөг, нийт 1.060.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Э нь 500.000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн, сүүлд хорих ял авахын өмнөх өдөр 1.000.000 төгрөгийг төлсөн гэв.

Хариуцагч Г.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Э миний бие нь иргэн Д.Бтай 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь үнэн боловч 2.000.000 төгрөгийг 100 хоногийн 20 хувийн хүүтэй, өдөрт 24.000 төгрөг гэж тооцоод тав хоног тутам 120.000 төгрөг төлж байхаар амаар тохирсон. Зээлийг графикийн дагуу төлж байсан бөгөөд төлөлт бүрийг гэрээний ард тэдэн сарын тэдэнд өгөв гэж өөрт нь байдаг гэрээний нэг хувь дээр гарын үсэг зуруулж авдаг байсан. Зээлийг надад хүлээлгэж өгөхдөө, мөн төлбөрийг авах бүрдээ иргэн Б нь өөрийн эхнэр Дархисүрэнгийн хамт ирж өгч авдаг байсан бөгөөд иргэн Б нь шоронд ял эдлэж байгаа гэх шалтгааны улмаас зээлийг эхнэр болох Д нь ирж төлөлтийг авч байгаад зээлийн гэрээг дуусгавар болгосон. Миний бие хамгийн сүүлд 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 240.000 төгрөгийг Дархисүрэнд өгснөөр зээл дууссан болно. Иймд Бын нэхэмжилж байгаа мөнгийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн Зээлийн гэрээ-ний дагуу үндсэн зээлийн төлбөрт 1.000.000 төгрөг, хүүгийн төлбөрт 60.000 төгрөг, нийт 1.060.000 төгрөгийг нэхэмжилж, хариуцагч Г.Э нь зээлийн төлбөрийг 2013 оны 7 дугаар сарын 8-нд бүрэн төлж дууссан, өнгөрсөн хугацаанд нэхэмжлээгүй байж одоо нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэснээр талууд маргажээ.

 

Зохигчид 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр, 2.000.000 төгрөгийг 1 сарын 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгээр зээлсэн, зээлийн гэрээний дагуу 2.000.000 төгрөгийг зээлдэгч хүлээн авсан талаар маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Иймд, дээрх гэрээний дагуу зээлдэгч Г.Э нь 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдөр, нийт 2.120.000 төгрөгийг Д.Бд төлөх үүрэгтэй, харин зээлдүүлэгч Д.Б нь уг мөнгийг Г.Эаас шаардах эрхтэй болсон байна.

Гэтэл зээлдүүлэгч Д.Б нь зээлийн төлбөрийг шаардах эрх үүссэн хугацаа болох 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс хойш 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 4 жил 23 хоногийн хугацаанд зээлдэгч Г.Эаас зээлийн төлбөрийг шаардаж байсан, эсхүл тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна., мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д: Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж тус тус заажээ. Хуулийн энэ зохицуулалт ёсоор зээлдүүлэгч Д.Б нь зээлийн төлбөрийг зээлдэгчээс шаардах эрх дуусгавар болсон гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Д.Б нь 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэж байсан, хорих байгууллагын ажилтан албан хаагчид, прокурорын зүгээс өргөдөл, нэхэмжлэл гаргуулдаггүй байсан тул эрхээ хэрэгжүүлж чадаагүй хэмээн тайлбарладаг. Эрүүгийн хуулийн /2002 оны/ 52 дугаар зүйлийн 52.1-д: Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хуульд заасан хугацаагаар эрх чөлөөг нь хязгаарлаж, нийгмээс тусгаарлан хорих анги, гянданд байлгахыг хорих ял гэнэ гэж заасан байна. Хуулийн энэ зохицуулалтаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх чөлөө-г хязгаарлаж, нийгмээс буюу олон нийтээс тусгаарладаг боловч Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон, өмч хөрөнгөө удирдах, захиран зарцуулах үндсэн эрхийг хязгаарладаггүй болно.

Нөгөө талаас, нэхэмжлэгч Д.Б нь 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хэлтэст хандаж гаргасан гомдолдоо: ...2014 оны 4 дүгээр сарын 11-нд шүүгдэж явсан. Явах үедээ зээлийн гэрээнүүд миний халаасанд байсан учир Б.Дархисүрэнд итгэл хүлээлгэж энэ хүмүүсээс мөнгөний хүүг авч намайг эргэж байгаарай, харин оронд нь чамд зээлдүүлсэн 12 сая төгрөгний хүүг би авахгүй харин үндсэн мөнгөө авна шүү гэж тохироод зээлийн гэрээнүүдээ өгсөн... гэж бичиж байсан бичмэл баримт,

Д.Б нь 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр цагдаагийн байгууллагад өгсөн тайлбартаа: ...би хоригдохоосоо өмнө Бо, Д нартай уулзаад би та хоёртой хамт ажиллаж байсан найдвартай учир мөнгө зээлсэн хүмүүсийн бичиг баримтыг өгөөд энэ хүмүүсээс та хоёр энэ мөнгөний хүүг аваад намайг эргэж байгаагай гэж хэлээд хийсэн зээлийн гэрээнүүдийг бүгдийг Б.Д-д өгсөн... гэж бичиж байсан бичмэл баримт,

Б.Дгэгчээс цагдаагийн байгууллагад өгсөн тайлбартаа: ...2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шүүхээр таслагдахаасаа өмнө нийт үндсэн мөнгөнөөс бүгдийг нь аваад 6 сая төгрөг үлдсэн байсан. Тэр нь О, Э, У нараас авах ёстой авлага үлдсэн. Тэрийг нь Быг .................. хорих ангид ял эдэлж байхад нь түүнийг байнга эргэж очдог, эргэж очихдоо хоол унд байшинг нь хүртэл засаж тохижуулахаас эхлээд их зардал гаргасан. Тэрэндээ л тэр мөнгийг нь аваад зарцуулсан юм. Мөн өмгөөлөгчид нь хүртэл мөнгө гэсэн... гэж бичсэн бичмэл баримт,

Д.Б нь 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр прокурорт гаргасан гомдолдоо: ...Д эгчтэйгээ нийлэн бүлэглэн миний өөрт нь итгэж үлдээсэн зээлийн гэрээнүүдийг болон бусад нотлох баримтуудыг ашиглан миний мөнгийг зээлсэн хүмүүсээс нь худал ярин зээлсэн мөнгөнүүдийг өөрийн мэдэлдээ шилжүүлэн авсны дараа нотлох баримтыг санаатайгаар устгаж, мөнгийг буцааж өгөхгүй байгаа болно... гэж бичиж байсан бичмэл нотлох баримтууд зэргээс үзвэл нэхэмжлэгч Д.Б нь зээлийн гэрээнүүдээ Б.Д-д өгч, бусдад буюу хариуцагч Г.Эд зээлдүүлсэн мөнгөө шаардах эрхийг Б.Д-д шилжүүлэх хүсэл зоригтой байсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн болон Б.Дгэгчийн гарын үсэг бүхий дээрх бичмэл баримтууд нь нэхэмжлэгч Д.Баас шүүх хуралдаанд тайлбарласан: ...хорих ял эдлэж байхдаа Г.Эаас мөнгөө нэхэмжлэх гэсэн боловч хорих байгууллагын ажилтан албан хаагчид нэхэмжлэл гаргуулаагүй... гэх тайлбарыг эргэлзээтэй гэж үзэхэд хүргэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

 

Түүнчлэн дээрх тохиолдод хорих байгууллагын ажилтан албан хаагчид хүний эрхийг зөрчсөн хэмээн тэднийг шууд бусаар буруутгаж, улмаар Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг шүүх сэргээх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч Д.Б нь 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Г.Эаас 1.000.000 төгрөгийг зээлийн төлбөрт авсан хэмээн тайлбарладаг. Хэрэв 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Г.Э нь зээлийн төлбөр төлж байсан нь тогтоогдвол Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, дахин тоологдох боломжтой.

Гэтэл хариуцагч Г.Э нь сүүлийн төлбөр тооцоог 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдөр төлж дууссан гэж маргаж буй тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг тоолоход ач холбогдол бүхий, өөрт ашигтай үйл баримт болох 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Энхжаргал төлбөр төлсөн гэх үйл баримтаа нэхэмжлэгч нь нотлогооны бусад хэрэгслээр давхар нотлох үүрэгтэй боловч тэрээр энэ үүргээ биелүүлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Б.Б нь: ...Д.Б нь шүүх хуралдааны өмнө /2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө/ бусдаас 1.000.000 төгрөг авсан байсан.... хэмээн мэдүүлэх боловч гэрчийн мэдүүлэг дэх бусдаас авсан гэдгийг Г.Эаас авсан гэж шууд үзэх боломжгүйгээс гадна 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хэлтэст өгсөн Ж.Э гэгчийн мэдүүлэгт: ...би Бд зээлсэн мөнгөнөөсөө шоронд явахаас нь өмнө 1.000.000 төгрөгийг Д-ийн хажууд Сансарт өгсөн, тэр үед 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байсан санагдаж байна ... гэх мэдүүлэг бүхий бичмэл баримт хэрэгт авагджээ. Энэ бичмэл баримт нь гэрч Б.Бы: ...бусдаас 1.000.000 төгрөг авсан... гэх мэдүүлгийг тодотгож, Г.Эаас 1.000.000 төгрөг авсан гэх Д.Бын тайлбарыг үгүйсгэж байна.

Нэхэмжлэгч Д.Б нь хорих байгууллагаас суллагдсанаас хойш, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагч Г.Эаас зээлийн төлбөр нэхэмжилж байсан баримт байхгүй, зөвхөн Б.Д, Б.Б нараас мөнгө нэхэж, эрх бүхий байгууллагад гомдол гаргаж байсан болох нь хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх 71, 72-р тал/

Ийнхүү нэхэмжлэгч Д.Б нь хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй, мөн хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар, зээлийн төлбөр шаардах эрх дуусгавар болсон гэж үзэж, энэ үндэслэлээр Д.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан Г.Эаас 1.060.000 төгрөг гаргуулах тухай Д.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29.990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ХИШИГБААТАР