Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01374

 

Ц ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

             Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/00487 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 986 дугаар магадлалтай,                                                                                                     

             Ц ийн нэхэмжлэлтэй,

             “Н ” ХХК-д холбогдох

              Гэрээний үүрэгт 191,654,400.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

            Нэхэмжлэгч Ц ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Би Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Таравлин хотхоны зүүн талд залгаа 000540101 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 133014/0121, 18646311277495 дугаартай, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 дугаар захирамжтай, амины орон сууцны зориулалттай, 700 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай эзэмшдэг. Би “Н ” ХХК-тай газрын эрх шилжүүлэх, хариу төлбөрт нийт 130.7 м.кв талбай бүхий үйлчилгээний талбай, орон сууц шилжүүлэх тухай арилжааны гэрээг 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулж өөрийн эзэмшиж буй газартай холбоотой бичиг баримтыг захирал С.Билэгтэд хүлээлгэн өгсөн. Дээрх газрыг 250,000,000 төгрөгөөр тооцож нийт 130.7 м.кв бүхий 4 ширхэг /ашиглалтанд орсон Е блокын 6 давхрын 42 тоот 31.5 м.кв орон сууц, 2015 оны 3 дугаар улиралд ашиглалтанд орох D блокын 1 давхрын A хэсгийн 38.2 м.кв, D хэсгийн 31.5 м.кв, Е хэсгийн 29.5 м.кв/ орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэх арилжааны гэрээ, орон сууц захиалан бариулах тухай гэрээг тус тус байгуулсан. Өөрөөр хэлбэл, би өөрийн эзэмшлийн 700 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг 250,000,000 төгрөгөөр худалдахдаа энэ үнэд нийцүүлэн 4 орон сууц авахаар тохиролцсон. Улмаар гэрээний дагуу ашиглалтанд орсон Е блокын 6 давхрын 42 тоот 31.5 м.кв орон сууцыг шилжүүлэн өгч, өөрийн өмчлөлдөө авч улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. 2015 оны 3 дугаар улиралд ашиглалтад орсон D блокын 1 давхрын A хэсгийн 38.2 м.кв, D хэсгийн 31.5 м.кв, Е хэсгийн 29.5 м.кв орон сууцуудыг орон сууц шилжүүлэх тухай арилжааны гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу өнөөдрийг хүртэл өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхгүй харин ч бүр “Н ” ХХК-ийн захирал С.Билэгт нь намайг дуудаж Е блокын 6 давхрын 42 тоот байраа чи ав, өөр байр өгөхгүй, заргалдаад яв гэсэн. “Ноёд констракшин” XXK нь Ц э миний хүсэлт, газрын гэрчилгээ, газар эзэмших эрх зэрэг бичиг баримтуудыг авч газрын албанд хүргүүлж газар эзэмших эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон боловч газрын албанд хүсэлтээ огт илэрхийлээгүй. Харин эсэргээрээ миний газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах үйл ажиллагаа явуулж улмаар Баянзүрх дүүргийн засаг даргын А/642 дугаар захирамжийг хүчингүй болгосон боловч уг шийдвэрийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 866 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон. Иймд “Н ” ХХК-иас газрын эрх шилжүүлэх, хариу төлбөрт нийт 130.7 м.кв үйлчилгээний талбай, орон сууц шилжүүлэх арилжааны гэрээ болон орон сууц захиалан бариулах гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Маахуур гудамж, D блокын 1 давхрын A хэсгийн 38.2 м.кв 2 өрөө орон сууц буюу 73,802,400 төгрөг, D хэсгийн 31.5 м.кв 1 өрөө орон сууц буюу 60,858,000 төгрөг, Е хэсгийн 29.5 м.кв 1 өрөө орон сууц буюу 54,994,000 төгрөг, нийт 191,654,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Н ” ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: “Н ” ХХК анх 2010-2011 онд Сэлэнгэ 888 төсөл хэрэгжүүлж орон сууцны барилга барих болон гаднах зам, талбайг тохижуулах ажил эхлүүлэх үед барилгын ажлын талбайн орчим 20 шахам иргэд газар эзэмших эрхийн гэрчилгээгүй гараж барьсан байсан бөгөөд “Н ” ХХК-ийн хувьд эдийн засгийн ихээхэн зардал гарган гараж нүүлгэх ажлыг хийсэн. Энэ үед Ц э гэгч 700 м.кв талбай бүхий газрын гэрчилгээ үзүүлж бидний ажилд төвөг учруулж эхэлсэн тул арга буюу гэрээ байгуулсан. Гэвч “Н ” ХХК-д газрын эзэмших эрхийг одоог хүртэл шилжүүлээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Ц ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Н ” ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: “Н ” ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд Таравлин орон сууцны цогцолборын барилгын ажлыг хэрэгжүүлэх явцдаа барилгын талбайн зүүн талд байрлах автомашины гаражийн газрыг эзэмшигчидтэй нь тохиролцож, нөхөн төлбөр олгох замаар чөлөөлүүлсэн. Уг газрын эргэн тойронд инженерийн шийдэл бүхий барилгууд баригдсан, газрын доогуур шугам хоолой байршуулсан, амины орон сууцны зориулалтаар газар эзэмших боломжгүй байхад Ц э 2014 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын А/642 захирамжаар газар эзэмших эрхтэй болж улмаар Нийслэлийн засаг даргын 2015 оны А/08 тоот захирамжаар баталгаажуулсан байдаг. Нэхэмжлэгч Ц э 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Н ” ХХК-тай газрын эрх шилжүүлэх, хариу төлбөрт нийт 130.7 м.кв үйлчилгээний талбай, орон сууц шилжүүлэх тухай арилжааны гэрээ, энэхүү гэрээний үндсэн дээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах 700 м.кв талбай бүхий газрын эрх шилжүүлэх гэрээг байгуулсан боловч өнөөдрийг хүртэл газрын эрхээ шилжүүлэн өгөөгүй. 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах тухай гэрээг /нийт 4 гэрээ/ компанийг төлөөлөх эрхгүй этгээдүүдтэй байгуулсан. Мөн гэрээний 3 дахь заалтад эрх бүхий этгээдэд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заасан боловч бүртгүүлээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Иймд Ц этэй 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан газрын эрх шилжүүлэх, хариу төлбөрт нийт 130.7 м.кв талбай бүхий үйлчилгээний талбай, орон сууц шилжүүлэх тухай арилжааны гэрээ, газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ, орон сууц захиалан бариулах тухай гэрээ /энэ гэрээ 4 ширхэг/ гэх 6 ширхэг гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, орон сууц захиалан бариулах тухай гэрээний дагуу Ц ийн өмчлөлд шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Таравлин хотхон Е барилгын 6 давхрын 42 тоот дахь 31.5 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг “Н ” ХХК-д шилжүүлэхийг Ц эд даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэгийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Ц э болон “Н ” ХХК нар нь газрын эрх шилжүүлэх, хариу төлбөрт нийт 130.7 м.кв үйлчилгээний талбай, орон сууц шилжүүлэх тухай арилжааны гэрээ, газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Дээрх гэрээг үндэслэн орон сууц захиалан бариулахаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Маахуурын гудамж хаягт байрлах

1. Е блокын 6 давхрын 42 тоот 31.5 м.кв орон сууц,

2. D блокын 1 давхрын A хэсгийн 38.2 м.кв орон сууц,

3. D хэсгийн 31.5 м.кв орон сууц,

4. Е хэсгийн 29.5 м.кв орон сууцуудыг тус тус Ц ийн өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэйгөөр 4 гэрээ байгуулсан. Эдгээр гэрээнүүдээс Е блокын 6 давхрын 42 тоот 31.5 м.кв орон сууцны өмчлөх эрхийг Ц эд шилжүүлж, бусад 3 орон сууцыг шилжүүлээгүй. “Н ” ХХК-ийн захирал М.Билэгт өөрөө газрын эрх шилжүүлэх, хариу төлбөрт нийт 130.7 м.кв талбай бүхий үйлчилгээний талбай, орон сууц шилжүүлэх тухай арилжааны гэрээ, газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                           

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/00487 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч “Н ” ХХК-иас 191,654,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц эд олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасныг баримтлан, хариуцагч “Н ” ХХК-ийн газрын эрх шилжүүлэх, хариу төлбөрт нийт 130.7 м.кв талбай бүхий үйлчилгээний талбай, орон сууц шилжүүлэх тухай арилжааны гэрээ, газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ, орон сууц захиалан бариулах тухай гэрээ /энэ нь 4 гэрээ/-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, урьд шилжүүлсэн нэг орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг Ц эд даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг зааснаар, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ц ийн урьдчилан төлсөн 1,116,230 төгрөг, хариуцагч “Н ” ХХК-ийн урьдчилан төлсөн 1,409,000 төгрөгийг тус тус улс орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Н ” ХХК-иас 1,116,230 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц эд олгохоор шийдвэрлэжээ.

                                   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 986 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/00487 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 986 дугаар магадлал нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Ц э нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Н ” ХХК-д холбогдуулан орон сууцны үнэ 191,654,400 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2017 оны 10 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн нэг хувийг 2017 оны 10 сарын 13-ны өдөр хариуцагч “Н ” ХХК-д гардуулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх, үүргийг 2017 оны 10 сарын 17-ны өдөр тайлбарлан өгснөөр эрхээ хэрэгжүүлж өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрх нь нээлттэй, хэргийн материалтай танилцах өмгөөлөгч авах боломжоор 126 хоног хангасан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очирт “Н ” ХХК-иас олгосон итгэмжлэлээс үзвэл түүнд компанийг бүрэн төлөөлөх эрхийг өгөөгүй, өмгөөлөгч авах эрх олгогдоогүй атал шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж өмгөөлөгчтэй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ 2018 оны 02 сарын 06-ны өдөр байгуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалттай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, “Н ” ХХК нь хүсэлт гаргаагүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулаагүй байна. Ингээд шүүх хуралдаанд хурал хойшлуулах, хэргийн материалтай танилцах хүсэлтийг гаргасан нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хурал хийлгэхгүй байх нэг арга байсан. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн авсан өмгөөлөгчийг шүүх хуралдаанаас өмнө хэргийн материалтай танилцах боломжоор хангаж "Хэргийн материалтай танилц, хурлаа үргэлжлүүлэн хийе" гэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч зөвшөөрөөгүй учир шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгон захирамж гаргаж хурлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв болсон. Энэ нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн эрхийг хязгаарласан, шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчим хэрэгжүүлэх боломжоор хангаагүй гэж үзэхгүй. Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч авах боломжийг удаа дараа олгож эрхийг нь хэрэгжүүлсэн, шүүх хуралдаанаас өмнө өмгөөлөгч авч хэргийн материалтай танилцах эрхээ хэрэгжүүлээгүй нь шүүхийн буруу биш юм. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, хохирсон, чирэгдүүлсэн нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн нь буруу тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/00487 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ц э нь хариуцагч “Н ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 191,654,400.00 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн газрын эрх шилжүүлэх, хариу төлбөрт нийт 130.7 м.кв талбай бүхий үйлчилгээний талбай, орон сууц шилжүүлэх тухай арилжааны гэрээ, газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ, орон сууц захиалан бариулах тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, орон сууц захиалан бариулах гэрээгээр шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Таравлин хотхон Е барилгын 6 давхрын 42 тоот дахь 31.5 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг “Н ” ХХК-д буцаан шилжүүлэхийг Ц эд даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

2015 оны 5 сарын 27-ны өдөр Ц э болон “Н ” ХХК-ийн хооронд хийгдсэн “Арилжааны болон эрх шилжүүлэх” тухай хэлцлээр Ц э нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байршилтай, эзэмших эрхийн 000540101 дугаарын гэрчилгээтэй, 700 м.кв талбай бүхий, амины орон сууцны зориулалттай газрыг, эзэмших эрхийн гэрчилгээний хамт “Н ” ХХК-д шилжүүлэх, “Н ” ХХК нь тухайн газрын төлбөрт 250,000,000 төгрөгийн үнэ бүхий 4 орон сууцыг Ц ийн өмчлөлд шилжүүлэх үүргийг харилцан хүлээхээр тохиролцсон, энэ талаарх баримт хэрэгт авагдсан байна.

Зохигчдын хооронд хийгдсэн арилжааны гэрээгээр нэхэмжлэгч Ц э тухайн газрын эзэмших эрхийг 250,000,000.00 төгрөгөөр үнэлж худалдах, “Н ” ХХК нь газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсны хариу төлбөрт 250,000,000 төгрөгийн үнэ бүхий 4 орон сууцны байр шилжүүлэхээр харилцан үүрэг хүлээсэн нь худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан, гэрээний зүйл нь Иргэний хуулийн  260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэсэн анхан шатны шүүхийн  дүгнэлтийг буруутгах боломжгүй, шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

Хэрэгт авагдсан “Арилжааны гэрээ”-ний 2-т “Н ” ХХК нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан Ц ийн эзэмшил газрыг шилжүүлэн авна, 5-д Ц э нь Өмч газрын харилцааны албанд газар шилжүүлэхтэй холбогдсон аливаа бичиг баримтыг “Н ” ХХК-д саадгүй гаргаж өгнө гэж заасан ба хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээ, кадастрын зураг зэрэг тухайн газартай холбоотой баримт бичиг болон газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг бичгээр гарган “Н ” ХХК-д хүлээлгэн өгсөн, “Н ” ХХК дээрх баримт бичгүүдийг хүлээн авсан талаар маргаагүй байна.

“Н ” ХХК-ийн зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргасан эсэх, эрх шилжүүлсэн бүртгэл хийхээс татгалзсан талаар баримт хэрэгт авагдаагүй, тухайн газрын эзэмших эрх нь эрхийн доголдолгүй болох нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 866 дугаар, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 953 дугаар шийдвэрээр тус тус тогтоогджээ.

Талууд Арилжааны болон Эрх шилжүүлэх гэрээ байгуулсны үндсэн дээр орон сууцнуудыг шилжүүлэхтэй холбоотойгоор 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 4 гэрээ байгуулсан байна. Орон сууц захиалан бариулах тухай эхний гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5-р хороо, Маахуурын гудамж, Е блокын 6 давхрын 42 тоот 31.5 м.кв талбайтай, 58,345,600 төгрөгийн үнэ бүхий орон сууц, хоёр дахь гэрээгээр D блокын 1 давхрын A type-ийн 38.2 м.кв талбайтай, 73,802,400 төгрөгийн үнэ бүхий орон сууц, гурав дахь гэрээгээр  D type-ийн 31.5 м.кв талбайтай, 60,858,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц,  дөрөв дэх гэрээгээр Е type-ийн 29.5 м.кв талбайтай,  56,994,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь эхний гэрээнд заасан орон сууцыг шилжүүлэн авч улмаар өмчлөгч нь болсон ба харин үлдсэн гурван гэрээнд заасан орон сууцыг шилжүүлэн өгөх үүргээ нөгөө тал биелүүлээгүй гэж тухайн орон сууцны үнийг гэрээнд заасан хэмжээгээр тооцож, хариуцагчаас 191,654,400.00 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч тал нь дээрх 4 гэрээг компанийг төлөөлөх эрх бүхий этгээдтэй байгуулаагүй гэж тайлбарлаад, гэрээнүүд хүчин төгөлдөр бус, эхний гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгуулахаар сөрөг  шаардлага гаргасан байна.

 Дээрх гэрээнд “Н ” ХХК-ийг төлөөлөн тус компанийн ерөнхий менежер Л.Чадраабал  оролцсон, хариуцагч нь “Сэлэнгэ 888” төсөл хэрэгжүүлэх үед Ц ээс гадна 10 гаруй иргэдтэй байгуулсан гэрээ, хэлцлийг ерөнхий менежер Л.Чадраабал  хийсэн  тухай баримт  хэрэгт авагдсан, хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгч Ц э гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, хариуцагч “Н ” ХХК орон сууц шилжүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тул хоёр, гурав, дөрөв дэх гэрээнд заасан орон сууцны  үнийг хариуцагчаас шаардах эрх нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.3-д нийцнэ гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй, шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч “Н ” ХХК-иас 191,654,400.00 төгрөг  гаргуулсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн гэж үзнэ. 

 Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээнүүдийг шүүх хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч “Н ” ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан Арилжааны гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ болон Орон сууц захиалан бариулах 4  гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Ц эд шилжүүлсэн нэг орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасныг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг “...хариуцагчийн сонгосон өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах эрхээр хангаагүй нь шүүхийн өмнө талууд эрх, тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчимд үндэслэн хэрэгжих Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлийн заалтыг зөрчсөн” гэж буруутган шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т нийцсэнгүй. 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар  зохигчдод эрх, үүргийг тайлбарласан, шүүх хуралдаан хэд хэдэн удаа хойшилж байсан, хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан өмгөөлөгч авах хүсэлтийн дагуу шүүх хуралдаан өмнө нь хойшилж байсан, талуудад хурлын товыг мэдэгдсэн байдал, тухайн хуралд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож эрхээ хэрэгжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, хугацаа зэргээс үзэхэд анхан шатны шүүхийг талууд шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэхгүй. 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 986 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/00487 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.   

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 1,116,230.00 /нэг сая нэг зуун арван зургаан мянга хоёр зуун гуч/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН