Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2022/0032/З |
Дугаар | 221/МА2022/0496 |
Огноо | 2022-07-20 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2022/0496
Д.Г-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн Д.Г
Нэхэмжлэгч: Д.Г-
Хариуцагч: Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажлаас түр чөлөөлөх тухай” Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох ”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч Б.Э нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2022/0032/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Г- нь Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдуулан “Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажлаас түр чөлөөлөх тухай” Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох”-оор маргасан байна.
2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 33.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г-ийн Увс аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажлаас түр чөлөөлөх тухай” Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт “.... нэхэмжлэгч Д.Г-ийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасан журмаар буюу төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас эхний ээлжид тусгай шалгалт өгөх” эрхийн хүрээнд Улаангом сумын байгаль хамгаалагчийн албан тушаалыг эрхлэж байгаагийн хувьд тусгай шалгалтыг өгч тухайн албан тушаалд шатлан дэвших зарчмын дагуу дэвшин ажиллахаар байжээ. Гэтэл Д.Г- Улаангом сумын байгаль хамгаалагчийн албан тушаалаас чөлөөлснөөр төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлын талаарх баталгааг эдлэх эрхгүй болсон байх бөгөөд Д.Г-ийн ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн мэдээллийн сан хариуцсан мэргэлжилтний албан тушаалд шууд томилсон нь буруу. Харин Д.Г- намайг Улаангом сумын байгаль хамгаалагчийн албан тушаалаас чөлөөлөхгүйгээр төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн албан тушаалын үүргийг түр орлон гүйцэтгүүлж байсан тохиолдолд тэргүүн ээлжинд тусгай шалгалтыг өгөхөөр байжээ” гэсэн үндэслэлээр миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3.2. Гэтэл намайг төрийн албанаас түр чөлөөлсөн боловч дараагийн албан тушаалд томилоогүй бөгөөд миний бие нь төрийн албанд тавигдах шаардлагуудыг хангаж, дэс түшмэлийн шалгалтад орж тэнцэж, байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад шатлал дээшилж мэргэжилтний ажил үүрэг гүйцэтгэх болсон нь хууль зөрчөөгүй юм. Иймээс мэргэжилтний албан тушаалд дахин шалгалт өгөх шаардлага байхгүй байхад сул орон тоо гэж үзэж сонгон шалгаруулалт явуулсан үндэслэлгүй гэж үзэж байна.
3.3. Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орж, тусгай шалгалт авах журам гарсан нь төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан миний эрх зүйн байдлыг дордуулж ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Учир нь:
3.4. Миний бие нь 2017 онд төрийн албаны шалгалтад орж тэнцсэн тул шатлал дэвшүүлэх журмаар тухайн албан тушаалд томилогдсон. 2019 онд тангараг өргөж дэс түшмэлийн ангилал уруу орсон. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэнээс, тусгай шалгалт тухайн албан тушаалыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т зааснаар шатлал ахиулж шалгалтаа өгч тэнцэж төрийн албан хаагчийн тангараг өргөсөн намайг Төрийн албаны шинэчилсэн хуулийн дагуу ажлын байрны тусгай шалгалт өг гэж миний эрх зүйн байдлыг дордуулж, Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч талаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.
2 Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Д.Г нь Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын /цаашид “даргын” гэх/ 2016 оны Б/29 дүгээр тушаалаар Хяргас сумын байгаль хамгаалагчаар 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн түр томилогдон ажиллаж байгаад мөн оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, даргын 2016 оны Б/40 дүгээр тушаалаар Улаангом сумын байгаль хамгаалагчаар түр томилогдсон, мөн даргын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар Улаангом сумын байгаль хамгаалагчаар томилогдон ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/37 дугаар тушаалаар уг албан тушаалаас чөлөөлж, Ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний албан тушаалд мөн өдрөөс томилжээ.
4. Дараа нь Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “...Төрийн албанаас түр чөлөөлөх тухай” Б/07 дугаар тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2.2, 33.3 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоол, Байгууллагын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг тус тус үндэслэн Ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Д.Г нь тухайн албан тушаалын тусгай шалгалтад ороогүй томилогдсон, 2021 онд зохион байгуулагдсан албан тушаалын тусгай шалгалтад 3 дугаарт шалгагдсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч Д.Г-ээс дээрх тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ... Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй, дэс түшмэлийн ангилалд шалгалт өгч тэнцсэн байхад тусгай шалгалтыг авсан, тусгай шалгалтгүйгээр дэвшин ажиллах боломжтой, ямар үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан байна.
6. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2-т төрийн жинхэнэ албаны шалгалтын төрлийг ерөнхий болон тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-тай байхаар нарийвчлан зохицуулсан байх бөгөөд мөн зүйлийн 33.3-т “... тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж заасан байна.
7. Энэ хэргийн тухайд, Д.Г нь 2019 оны 10 дугаар сард маргаан бүхий Ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдох үед Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн байсан бөгөөд уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан журмын дагуу төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөхөөр байна.
8. Гэтэл дээрх журмыг баримтлаагүйгээс гадна Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасны дагуу “тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг авалгүйгээр Д.Г-ийг тухайн албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн байх тул хариуцагчаас маргаан бүхий 2022 оны Б/07 дугаар тушаалаар “албан тушаалын тусгай шалгалт ороогүй томилогдсон” үндэслэлээр Д.Г-ийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
9. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо “... төрийн албанаас түр чөлөөлсөн боловч дараагийн албан тушаалд томилоогүй бөгөөд миний бие нь төрийн албанд тавигдах шаардлагуудыг хангаж, дэс түшмэлийн шалгалтад орж тэнцэж, байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад шатлал дээшилж мэргэжилтний ажил үүрэг гүйцэтгэх болсон нь хууль зөрчөөгүй, дахин шалгалт өгөх шаардлага байхгүй байхад сул орон тоо гэж үзэн шалгаруулалт явуулсан нь үндэслэлгүй” гэж дурджээ.
10. Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-т “Дэс түшмэлийн албан тушаалд яамны ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, ахлах зохион байгуулагч, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна” гэж зааснаас үзэхэд, маргаан бүхий Ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас” уг орон тоог нөхөж томилохоор хуульд нарийвчлан зохицуулсан, тодруулбал, байгаль хамгаалагчийн албан тушаалаас “... мэргэжилтэн”-ний албан тушаалд томилогдон ажиллахад тухайн албан тушаалын тусгай шалгалтыг заавал өгөхөөр заасан байхад “мэргэжилтэн”-ээр ажиллах тохиолдолд тусгай шалгалт өгөхгүй шаардлагагүй гэх гомдол нь хуулийн үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
11. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” гэж зааснаар иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчимтай бөгөөд нэхэмжлэгчийн тухайд хуулиар тусгайлан шаардсан нөхцөлийг хангаагүй буюу “мэргэжилтэн”-ий албан тушаалын тусгай шалгалт өгөлгүйгээр анх томилогдсон, түүнчлэн тусгай шалгалт өгсөн хэдий ч оноогоороо 3-т эрэмбэлэгдсэн энэ тохиолдолд тус албан тушаалд томилогдох эрх нь хязгаарлагдах бөгөөд нэхэмжлэгчийн “... төрийн албан хаагчаар ажиллаж байсан миний эрх зүйн байдлыг дордуулсан ...” гэх гомдол үндэслэлгүй байна.
12. Харин төрийн захиргааны албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлага, нөхцөлийг хангасны үндсэн дээр аливаа төрийн албан тушаалд томилогдон ажиллах эрхийг энэхүү магадлалаар хязгаарлаагүй болно.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ