Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2018/ДШМ/26

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 09 өдөр                         

  2018/ДШМ/26                                                           Зуунмод

Д.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                   Г.Энхмаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч    Б.Жаргалмаа, түүний өмгөөлөгч Р.Булган,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                     Х.Даваахүү, Н.Баяр, Ж.Хандсүрэн,

шүүгдэгч                                                              Д.Б ,

Нарийн бичгийн дарга                                          Б.Буянхишиг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэсэн, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 447 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Д.Б-д холбогдох 201619000587 дугаартай 636 хуудас, 3 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Б.Баяр нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Төв аймгийн Сэргэлэн суманд 1956 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 61 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, Төв аймгийн .......... ажилтай, Төв аймаг, .................  тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Б , /РД:Н763/

 

  Д.Б нь 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн гэр хорооллын урд талд байрлах "Зуунмод-Налайх"-ын чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам дээр 55-68 ТӨВ улсын дугаартай Тоёота Клүгэр маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.11, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас унадаг дугуйтай О.Хөлгөнийг араас нь мөргөж, зам тээврийн ослыг гаргаж, ослын улмаас О.Хөлгөний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 447 дугаар шийтгэх тогтоолоор: 

 Шүүгдэгч Д.Б ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль., түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хассан эрх хасах ял /тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 9 дүгээр тогтоолоор 3 жил болгон залруулсан/-ыг шүүхээс оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаа эдэлж дууссан үеэс хугацааг тоолж,

Шүүгдэгч Д.Б  цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн голоороо хоёр хэсэг тасарсан, хойд дугуй нь салсан улаан, хар өнгийн унадаг дугуй 1 ширхэгийг, машины нэмэлт гэрлийн хагархай 1 ширхэгийг, гуперийн таг 1 ширхгийг. унадаг дугуйны цацруулагчийн хагархай 2 ширхэгийг, унадаг дугуйн арааны хагархай пивор 1 ширхгийг, будагны хэлтэрхийнүүдийг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахыг,

Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Б ын 151588 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассантай холбоотой зохих байгууллагад шилжүүлэхийг, 00498592 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг, ТА№ 0629397 дугаартай автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээг тус тус Д.Б д,

 Мөрдөгчийн шүүгдэгч Д.Б ын эзэмшлээс 300.000.000 /гучин сая/ төгрөгийн үнэ бүхий Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Жаргалан хотхоны 12-4 тоотод байрлах 41.2 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг битүүмжилсэн "Эд  хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож., хууль ёсны эзэмшигч Д.Б-д тус тус буцаан олгож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-с оршуулгын зардал 15.678.454 /арван таван сая зургаан зуун далан найман мянга дөрвөн зуун тавин дөрөв/ төгрөг, хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт цалингийн зээл 888.888 /найман зуун наян найман мянга найман зуун наян найм/ төгрөг, орон сууцны зээл 24.799.998 /хорин дөрөөн сая долоон зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн найм/ төгрөг, нийт 41.367.340 /дөчин нэгэн сая гурван зуун жаран долоон мянга гурван зуун дөч/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч СЮ91021607 дугаарын регистртэй, Боржигон овгийн Базархандын Жаргалмаад олгож,

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Боржигон овгийн Базархандын Жаргалмаа нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжилсэнийг хэлэлцэхгүй орхиж энэталаарх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны зээлийн 24.799.998 / хорин дөрвөн сая долоон зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн найман төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг тус тус дурдаж,

            Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж,

             Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах. шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч., иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдаж,

 Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 447 тоот шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Миний өмгөөлөлд байгаа Дорж овогтой Батдуламд Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль /2002 онд батлагдсан/, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг /2017 онд батлагдсан/ ноцтой зөрчиж мөн хууль ёсны зарчим хууль шүүхийн тэгш эрхтэй байх зарчмыг зөрчиж хэргийн бодит үнэнийг тал бүрээс нь бүрэн шалгаж хянаагүй, хууль зөрчиж цуглуулсан хуурамч, эргэлзээтэй нотлох баримтуудыг үндэслэн ял тулган халдаасанд гомдолтой байна.

1. Зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтооход хамгийн чухал холбогдолтой нотлох баримтууд болох хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд байдаг бөгөөд эдгээр 3 нотлох баримтууд нэг нэгнийг үгүйсгэхгүй, зөрөөгүй, ослын бодит байдлыг нотолж байхаас гадна ямар нэгэн албан тушаалтны нөлөөнд авагдаагүй үнэн зөв бүрдсэн байх ёстой гэж үзэж байна.

Гэтэл осол болсон 2016-08-13-ны өдрийн 16 цагийн үед хэргийн газрын үзлэгийг хяналтын прокурорт Г.Энхмаа, мөрдөгч Жаргал нар явуулж байтал үзлэг эхэлснээс хойш 18 цагийн орчим орлогч прокурор гэв гэнэт ирж /гэрийнхээ хувцастай., тухайн өдөр амралтын өдөр байсан/ Д.Б-г  загнаж, хэргийн газраас холдуулж, анх дугуй, машин хоёр мөргөлдсөн гэх хуурамч А цэгийг Д.Б болон хохирогчтой хамт явсан хүмүүсээс асуулгүй, осол болохыг өөрөө хараад зогсож байсан мэтээр дур мэдэн аашилж авсан байдаг. Сонинмөнх ямар учраас амралтын өдөр хяналтын прокурор байхад үзлэг эхэлснээс хойш 2 цаг гаруйгийн дараа ирсэн бэ? гэдэг асуулт зайлшгүй гарах ёстой. Бид прокурор Сонинмөнх хувийн сонирхлоор үзлэг хийж байгаа бүрэлдэхүүнд албан тушаалаа ашиглан нөлөөлж оролцсон гэж үзэж байгаа.

• А цэгийг хуурамч гэдэг нь

1. Зам дээр үүссэн гэмтэл., машины будагны хэлтэрхийг үндэслэж авсан гэдэг боловч замын зорчих хэсгийн хаана хаана. тус бүр байрласан эсэхийг тогтоогоогүй /хэдэн метрийн зайд/ байрлаж байгаа хэмжээсүүд схем зурагт байхгүй.

2 Замын гэмтлийн урт., өргөн., гүний хэмжээсийг тодорхойлоогүй., дугуй болон автомашины ямар эд ангиар цохигдож үүссэнг тодорхойлоогүй байхад А цэг үнэн гэж үзэх нь үндэслэлгүй.

3 Схем зурагт тэмдэглэгдсэн /1,2.3 гэсэн тоогоор/ зам дээр үүссэн гэмтлүүдийг тодорхойлсон хэмжээсүүд ойлгомжтой., фото зургаар бэхжүүлж авсантай таарч байдаг. Схем зургийг үйлдсэн замын байцаагч зам дээр 3 ширхэг гэмтэл байсан гэж шүүх хурал дээр мэдүүлдэг. Энэ байдал нь А цэг хуурамч гэдгийг гэрчилж байна.

4 А цэгийг бэхжүүлж авсан фото зураг 2ш байдаг бөгөөд чулуутай, чулуугүй байдаг. Энэ тухай схем зураг болон тэмдэглэлд тусгагдаагүй байдаг.

5. А цэг гэгч нь В үлд хөдлөх цэгээс 35,60м х 8,50м гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл гэрчүүдийн мэдүүлгийг шалгасан тэмдэглэл, схем зургуудад осол болсон цэгийг 20-25 метрийн зөрүүтэй заадгаар нотлогддог.

6. Схем зураг замын зорчих хэсгийн хойд захаас 2 метрийн зайд байгаагаар тэмдэглэдэг гэтэл гэрчүүд бүгд 40-50 см зайд цуварч явахад осол болсон гэж мэдүүлгээр няцаагдаж байдаг гэх мэт олон жишээ байна.

Хэргийн газрын үзлэгт шинжээчээр Доржзандан гэгч оролцсон гэж ярьдаг боловч оролцоогүй гэх үндэслэл байна.

1. Д.Б Доржзандан болон ээжийг сайн таньдаг, осол болсон өдөр ээж рүү нь залгаж асуухад байхгүй цагдаагийнхан Тэрэлжид зугаалж яваа гэж хэлсэн тухай мэдүүлдэг,

2. Ослын газрын фото зургуудыг н.Маргад гэгч шинжээч 163 дугаартай тамгаар дарж үйлдсэн байдаг.

3 Доржзандан өвчтэй учир зургийг шинжээч Маргадаар угаалгасан гэдэг боловч маргааш нь буюу 2016 оны 08 сарын 14-нд хувцасны болон цогцосны үзлэгт оролцож фото зургуудыг 11-26, 28-нд үйлдсэн байдаг. Ингэхээр Доржзандан худал мэдүүлэхээс гадна хамгийн ноцтой асуудал хэргийн газрын нөхөн үзлэгт оролцсон Булагмаа шинжээчийн 162 гэсэн дугаартай тамгыг ашигласан байдаг,

4 Хэргийн газар 49 ширхэг фото зургийг авсан гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл 40 ширхэг фото зураг хавтаст хэрэгт байгаа. Энэ 9 ширхэг фото зураг байхгүй алга болсон байгаа нь дээрх нотлох баримтууд үнэн зөв гэдэг эргэлзээ үүсгэж байдаг,

Шүүх хуралдаан дээр техникийн байцаагч н.Анхбаярыг оролцуулж миний зүгээс тэмдэглэлтэй танилцсан уу? гэхэд би танилцаж гарын үсгээ зурсан гэдэг боловч таны гарын үсэг хаана байна гэхэд хавтаст хэргийн тэмдэглэлийг уншиж байснаа алга байна ш дээ гэж гайхан зогсож байсан. Анхбаярын гарын үсэг зурсан тэмдэглэл хаашаа алга болчихсон бэ? жинхэнэ энэ тэмдэглэлд үнэн бичигдсэн байх ёстой гэж үзэж байна.

• Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл схем зурагтай Д.Б-г  танилцуулж гарын үсгийг зуруулаагүй нь хууль зөрчөөгүй гэж тайлбарладаг. Гэтэл ЭБШХ-ийн 130-р зүйлийн 130.1-д энэ хуулийн 146. 154 заасан журмын дагуу тэмдэглэл үйлдэнэ гэж заасан байдаг. Тэмдэглэлд сэжигтэн Д.Б гэж биччихээд гарын үсэг зуруулаагүй нь худал хуурмаг зүйлээ нуусан гэж үзэхээс өөр арга байхгүй.

Дээрх хуурамч, үнэн худал нь эргэлзээтэй нотлох баримтуудыг үндэслэж гаргасан шинжээч Болдсайханы дүгнэлт үндэслэлгүй байсан учир дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох хүсэлт гаргахад хүсэлт хүлээн авч шинжээч томилох тогтоол үйлдэхдээ ЭБШХ-ийн 157-р зүйлийн 157.1.1, 12, 1.3. 1.4-ийг зөрчиж, сэжигтэн яллагдагч, өмгөөлөгчийн эрхийг эдлүүлэхгүй, ЭХ-ийн 254. 255-р зүйлийг сануулахгүй шинжээчээр дүгнэлт гаргуулж хууль зөрчсөн 130 тоот шинжээчийн дүгнэлтийг үнэлж ял халдаасан гомдолтой байна.

Шинжээчид: А цэгт үндэслэлтэй гэж үзэж байгаа бол зорчих хэсгийн захаас 2 м зайд байрлан явсан хохирогч Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 23-р зүйлийн 23.4 дэх заалтыг /зорчих хэсгийн захад ойр явна гэсэн/ заалтыг зөрчиж явсныг дүгнэлтэндээ тус заах ёстой байсан.

Осол цуварч яваа дугуйчдын араасаа 6 хүнийг өнгөрөөд болсон гэж үзвэл гэв гэнэт машины урдуур зүүн тийш эргэх үйлдэл хийсэн тохиолдол жолооч зогсоох арга хэмжээ авах боломжгүй Замын хөдөлгөөний дүрмийн тайлбар: зогсоох арга хэмжээ нь жолоочийн самбаачлах хугацаа, Тоормосны механизм ажиллаж, дугуй эргэхээ болихгүй болж машин инерцээр явж зогсох процесс гэж тайлбарладаг. Иймд Д.Б-г  Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-г зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж үйлдэгдсэн эргэлзээтэй 7230 тоот дүгнэлтийг үндэслэл гаргасан техникийн шинжээчийн дүгнэлтээр Д.Б ыг Замын хөдөлгөөний дүрмийн 8-р зүйлийн 8.11-ийг зөрчсөн ч гэсэн үндэслэлгүй.

Тухайн хэрэгт ажлын хэсэг томилогдсон бүрэлдэхүүнд Цэрэндондов мөрдөгч томилогдоогүй бөгөөд Цэрэндондовын мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бүхэн Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж хийгдсэн байдаг. Жнь:

1 2017-07-17-ны 60 тоот хүсэлтийг гаргасан бөгөөд энэ хүсэлтдээ:

• Гэрчүүдийн мэдүүлгийг газар дээр шалгах

• Хэргийн газрын нөхөн үзлэгийг хийлгэх

• Техникийн шинжээчдийн дүгнэлтийг гаргуулахыг дурьдсан бөгөөд хүсэлтийн хариуг мөрдөгч н.Цэрэндондов 2017 оны 07 сарын 31-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор өгсөн тогтоолдоо гэрчүүдийн мэдүүлгийг шалгахыг хэрэгсэхгүй болгоод бусад 2 хүсэлтийг хангахаар дурьдсан Гэтэл тогтоолд заасан ажиллагааг хийхгүй гэрчүүдийн мэдүүлгийг шалгах ажиллагаа хийсэн бөгөөд ямар учраас тогтоолд дурьдсан нөхөн үзлэгийг хийхгүй байгаа тухай асуухад прокурор хийлгэхгүй байна гэсэн хариу өгдөг 2 гэрчүүдийн мэдүүлгийг шалгасан ажиллагааны гол нотлох баримт болох фото зургийн үзүүлэлтүүдийг хавтаст хэрэгт хийдэггүй алга болгодог бөгөөд хариуцлагагүй үйлдлээ хаацайлсан худал үнэн мэдэгдэхгүй тайлбар хийдэг.

• Шинжээч Галбадрахын гаргасан 5059 тоот шинжээчийн дүгнэлтэнд дугуй урд хэсгээсээ хойш нэг удаагийн үйлчлэлээр мөргөгдсөн гэж дүгнэсэн бөгөөд /хх 52-д/ гаргасан дүгнэлтээ тайлбарлаж мэдүүлгийг өгдөг бөгөөд шинжээч томилсон тогтоол ЭБШХ-ийн заалтыг зөрчөөгүй, оролцогчдын эрхийг бүрэн хангасан байсан.

* 2016 оны 12 сарын 05-нд үйлдэгдсэн 7230 тоот бүрэлдэхүүнтэй шинжээч томилох тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж гаргасан тухай Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 сарын 24-ний өдрийн 27 тоот магадлалын тодорхойлох хэсгийн 7-д тодорхой дурьдсан байдаг.

• Дээрх 7230 тоот дүгнэлт хоёр өөр тогтоолтой энэ тогтоолууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан сэжигтэн яллагдагч, өмгөөлөгчийн эрхийг хангаагүй, шинжээч нарын гарын үсгийн тайлалгүй дүгнэлт гаргах эрхгүй шинжээчээр дүгнэлт гаргуулсан байдаг Жнь: шийтгэх тогтоолын 2.13-д дурьдсан гэрч Баярмаагийн мэдүүлэгт манай лабораторид дэслэгч Г.Цэндсүрэн дэслэгч Мөнхдалай ахлагч Галбадрах гэсэн 3 шинжээч ажилладаг юм гэсэн байдаг. Тэгвэл 7230 тоот дүгнэлт гаргахад оролцсон Баттулга гэгч нь дүгнэлт гаргах шинжээч биш гэдэг нь нотлогдож байна.

2017 оны 05 сарын 24-ний өдрийн 27 тоот магадлалын 7 дахь заалт биелэгдээгүй, мөн хоёр дүгнэлт эргэлзээтэй зөрүүтэй байхад сэжигтэн яллагдагчид шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэдэг байтал хууль бус дүгнэлт гаргасан шинжээчдийг шүүгчид шүүх хуралдааныг эхлэх товлосон цагийг хойшлуулж шүүхийн машинаар шинжээчдийг авчирсан нь шүүхийн хараат бус байдал алдагдаж хохирогч талд үйлчилсэн гэж үзэж байна. шинжээчид дуудсан цагт ирж шүүх хуралдаанд оролцох ёстой байхад шүүх санаачлага гаргаж шинжээчдийг оролцуулсан нь хууль бус шийдвэр гаргах үндэс нь болсон гэж үзэж байна.

Тухайн хэргийг хяналт тавьж байсан Г.Энхмаа яллах дүгнэлт үйлдэх байтал 2017 оны 09 сарын 25-ны өдөр үйлдсэн 48А тоот яллах дүгнэлтийг орлогч прокурор Ц.Сонинмөнх үйлдсэн байдаг. Гэхдээ яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагч Д.Б-д холбогдох хэргийг ЭХ-ийн тусгай ангийн 27.10-д зүйлийн 4.2 дахь хэсгээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хүргүүлэх нь зүйтэй байна гэсэн байдаг Сонинмөнх хуульч мөн үү?

• ЭХ 27.10-р зүйлийн 4.2 дахь гэсэн нь хуулийн заалт байхгүй

• Д.Б-н эрх зүйн байдлыг дордуулж 2 буюу түүнээс олон хүний амь нас хохироосон хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь буруу. цааш нь яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн 1-д Эрүүгийн хуулийн 27.10-р зүйлийн 3 дахь хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай гэжээ.

Уг нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь гэсэн бол хуулийг зөв хэрэглэжээ гэж үзэх болов уу?

Шүүх бүрэлдэхүүн яагаад үүнийг анхаараагүй юм болоо Энэ тухай миний бие шүүх хуралдаанууд дээр тодорхой ярьж байсан.

6. Яллах дүгнэлтийг тэмдэглэх, тогтоох хавсралт хэсгээс бүрдэнэ гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10-р зүйлийн 2-д заасан байдаг гэтэл Батдуламд хавсралт хэсгийг гардуулж өгөөгүй байдаг,

7 Хавтас хэрэгт авагдсан хохирогчтой хамт явсан гэрчүүдийн мэдүүлэг хооронд зөрүүтэй шүүх хуралдаан дээр урьд өгсөн мэдүүлгээсээ буцдаг худал мэдүүлдэг, мөн эх сурвалжаа үнэн зөв заадаггүй юмаа.

8. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг шүүх үнэлэхдээ

• Хууль ёсны дагуу бүрдээгүй нотлох баримтыг үнэлсэн /оршуулгын зардал/

• Цалингийн болон орон сууцны зээлтэй холбоотой нэхэмжлэл нь тусгай гэрээгээр зохицуулагддаг шууд учирсан хохирол биш байхад Батдуламаас гаргуулахаар заасан нь үндэслэлгүй гэж үзэж байна

9 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Б ын эрх ноцтой зөрчигдөж байсан олон үйлдэл байсны жишээ бол сэжигтнээр татаж байцаалт авахдаа шөнийн цагаар байцаалт авсан, хэргийн талаар Улсын Ерөнхий прокурорын газарт хянуулахаар гомдол гаргахад хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж прокуророос худал мэдээлдэг гэх мэт,

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15-р зүйлийн 2, 16 1 -р зүйлийн 14 дэх хэсгийг удирдлага болгон 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 447 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 447 тоот шийтгэх тогтоолыг үл зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Өмгөөлөгч Х.Даваахүүгийн 2018 оны 01 сарын 17-ны өдөр гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж нэгэн адил асуудлаар гомдол гаргаж байгаа тул давхардуулахгүйгээр зарим зүйлийг тодруулж дараах гомдолыг гаргаж байна.

1. Шүүх Д.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтын шаардлага хангаагүй зүйлийг нотлох баримт гэж үзэж, нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үнэлж үзэлгүй нэг талыг баримтлан хууль зөрчиж шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

Тухайлбал: Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд "А” цэгийг ухагдсан шинэ гэмтэл Цагаан өнгийн будагны хэлтэрхий зэргийг үндэслэн авлаа гэж тэмдэглэсэн.

Гэтэл хэргийн газрын үзлэг хийхдээ цагаан өнгийн будагны хэлтэрхий тухайн газар байсан эсэх талаар тодорхой тэмдэглээгүй. Учир нь Цагаан өнгийн будагны хэлтэрхий хаана байсан, цагаан будагны хэлтэрхийн нь ямар жинтэй, хэмжээтэй, замын ирмэг толын шугам зэргээс хэр хол зайтай ямар зайнд байсан зэргийг тэмдэглээгүй .Мөн схем зурагт энэ талаар тэмдэглээгүй нь цагаан өнгийн будагны хэлтэрхий нь "А" цэгийн орчимд огт байгаагүй гэдгийг л нотлож байна.

Замын шинэ хагархайг мөргөлдсөн цэг гэж "А" цэгээр авлаа гэж үзлэгийн тэмдэглэлд тусгасан. Гэтэл энэ хагархай нь хэзээ, юунаас үүссэн юм бэ? гэдэг нь тодорхой тусгагдаагүй. Ямар өргөнтэй, ямар шалгаж тогтоогоогүй, ямар нэгэн хэв аваагүй нь ЭХХШТХ-ийн 23.3-ын 7-рт хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж бэхжүүлж авна.

Мөн хуулийн 16.7-ийн 1-д ......ул мөрөөс авсан хэв  нотлох баримт болно гэсэн заалтуудыг зөрчиж байгаа тул хууль ёсны нотлох баримт гэж үзэх хууль зүйн үндэслэл алга байна...Мөрдөн байцаалт явуулахдаа "А" цэг болгоод байгаа замын хагархайны хэвийг авч бэхжүүлэн ,юунаас үүсч болохыг мэргэжлийн байгууллагаар шинжлүүлэн тогтоолгоогүй, энэ талаар дүгнэлт гаргаагүй тул шүүхийн шатанд хийж гүйцэтгэх боломжгүй. Гэтэл анхан шатны шүүх дээрхи хууль баримтыг шийтггэх тогтоолын болгосон мөртлөө хуульд заасан журмаар авагдсан хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг үнэлж үзээгүй нэг талыг барьсан шийдвэр гаргалаа.

Тухайлбал: Гэрчүүдийн мэдүүлэг шалгах ажиллагаанд оролцож талийгаачийн мөргүүлсэн газрыг шууд заасан тухай мэдүүлгийг огт анхаарч үзээгүй.

 Гэрч н.Эрдэнэчимэг анхнаасаа өөрөө дангаар болон бусад гэрчүүдтэй нүүрэлдсэн мэдүүлэг өгөхдөө дугуйтай бөөн хүүхэд явж байсан. Д.Б  тэр хүүхдүүдийг тойроод эсрэг урсгалд орсон.Тэр үед бөөн хүүхэд дундаас нэг хүүхэд гарч ирээд царай нь харагдаад жолоочийн баруун урд талаар мөргөгдсөн. Би эргэсэн гэж бодож байна. Царай нь харагдсан гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлгийг бусад гэрчүүдтэй нүүрэлдэхдээ мөн мэдүүлсэн. Үүнээс үзвэл талийгаач сөрөг урсгалд тэднийг гүйцзж түрүүлж байсан тээврийн хэрэгслийн баруун урд талруу гэнэт эргэж орсноос энэ осол гарсан гэдэг нь тодорхой байгаа юм. Энэ нөхцөл байдлыг нотолсон олон нотлох баримт байна. Үүнд хэргийн газрын үзлэгийн схем зураг. фото зураг. Тээврийн хэрэгсэл болон дугуйн эд зүйл эсрэг урсгалд голын цагаан шугамнаас 80-90 см дотогш зайд байгаа нь мөргөлт эсрэг урсгалд болсон гэдгийг шууд нотолж байгаа нотолгоо.

Энэ шууд нотолгоог баталгаажуулсан хууль ёсны баримт нотолгоо гэвэл гэрч Эрдэнэчимэг болон бусад гэрчүүдийн мэдүүлэг шалгах үед осол болсон газрыг зааж өгсөн тухай мэдүүлэг /2-р хх-119-131/.

 

Түүнчлэн хх-ийн 11-12-р хуудсанд байгаа хэргийн газар үзлэг хийж байгаа байрлалаар нь бэхжүүлж авсан фото зураг, үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд зураг №4-д А цэгийн хажууд ямар нэг эд зүйл байхгүй, харин замын хязгаарлах шугамын цаана ойролцоо 2-3 эд зүйл байдаг. Энэ нь зурган дээр тод гарсан байсан. Гэтэл зураг № 3-д Уг эд зүйлийг нааш нь зөөж авчираад “А” цэгийн хажууд тавьсан байгаа нь тодорхой харагдаж байгаа зэргээс үзэхэд мөргөлдсөн "А" цэг эсрэг урсгалд байх ёстой гэдэг нь тодорхой байна. Гэвч шүүх дээрхи хууль ёсны нотлох баримтыг үл үнэлж хуульд заасан нотолгоо болж чадахгүй зүйлээр нотолгоо болгож хэрэг шийдвэрлэж байгаа нь нэг талыг барьсан хууль зөрчсөн асуудал. Шүүхийн шийтгэх тогтоолд дээрхи нотлох баримтуудыг яагаад нотлох баримт гэж үнэлэхгүй байгаа хууль зөрчсөн нотлох баримтыг яагаад нотолгоо гэж үзэж байгаа талаар тусгагдаагүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх өмгөөлөгчийн зүгээс мэдүүлэг шалгах ажиллагааны үед авсан фото зургийн үзүүлбэрийг шүүхэд нотлох баримт болгон хүлээлгэж өгөхөд шүүх нотлох баримтаар үнэлээгүй Тухайн үед гэрчийн мэдүүлэг шалгах ажиллагааны үед мөрдөгч Цэрэндовдон өмгөөлөгч Х.Даваахүү нар гэрэл зураг авч байсан ба мөрдөгчийн тухайн үед авсан гэрэл зураг нь тод сайхан гарсан байсан. Нэлээд олон хоногийн дараа устсан гэж Даваахүү өмгөөлөгчид хэлсэн байсан. Мэдүүлэг шалгах ажиллагааны үед хийсэн бүх хэмжилтээр фото зургийг нөхөн авч хэрэгт хийх боломжтой байсан. Мөрдөгч цуглуулсан нотлох баримтыг 2015 оны ЭХХШТХ-ийн 16.14-ийн 3-д зааснаар устах үрэгдэхээс хамгаалах арга хэмжээ авах ёстой байтал хамгаалаагүй харин устгасан. Энэ том зөрчлийг мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч арилгахгүй бол шүүх хийх боломжгүй .Энэ фото зурагнууд нь аль урсгалд талийгаач хаана мөргөгдсөн болохыг заасан ач холбогдол бүхийн нотлох баримт юм. Эдгээр нотлох баримтгүйгээр шүүх Д.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй .

2 Энэ хэргийн үнэн байдлыг тогтооход мөрдөн туршилт хийх зайлшгүй шаардлагатай .

Зорилго нь: Дугуйтай явсан талийгаачийн унаж явсан дугуйны аль хэсэгт хаанаас ямар чиглэлээр мөргөдсөн болох, Дугуй унаж яваа хүн мөргөгдөөд аль чигдэлд шидэгдэх боломжтой, Мөргөгдсөн цэгийг тогтоохын тулд сүүлчийн 7230 дугаартай шинжээчийн дүгнэлт бодит байдалд нийцэхгүй зарим шинжээч мөргөгдсөн тохиолдолд дугуй урагш шидэгдэж хүн хойшоо шидэгдэнэ гэсэнтэй зөрдөг. Иймд хэргийг зөв шийдэхийн тулд орчин үеийн техник хэрэгсэл чихмэл дүрс зэргийг ашиглан талуудыг оролцуулж туршилт хийлгэх нэн чухал,

2. Хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад баримтаар 11261660 төгрөгний баримт байсан ба үүнээс ямар нэг зөрчилгүй хуулийн шаардлага хангасан баримт 6566925 /оршуулгын зардал/ төгрөгний баримт байна. ЭХХШТХ-ийн 2.5-ын 1-д хүний амь нас, эд хөрөнгө .эрүүл мэнд бусад эрх, ашиг сонирхолд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасан. Гэтэл шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитойгоор тооцоогүй. Түүнчлэн хохирлын баримтууд нь хууль ёсны эсэхийг ялгаж салгаагүй бөөндсөн.

-Цалингийн ззэл 888888 төгрөг, Цалингийн зээл, орон сууцны зээл 24.799.998 төгрөгийг шүүх гаргуулахаар заасан. Үндэслэлгүй юм. Учир нь энэ хоёр зээл гэмт хэрэгтэй огт холбоогүй юм.  Тусгай гэрээгээр зохицуулагдаж явдаг. Орон сууцны зээл нь зээлийн оронд тухайн зээл авагчид орон сууц гэдэг үл хөдлөх хөрөнгө шилждэг зээл төлөгдөж дуусаад орон сууц тухайн хүний өмч болдог. Энд ямар нэг хохирол яригдах ёсгүй.

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017-12 сарын 22-ны өдрийн 447 тоот тогтоолыг хүчингүй болгож,  хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Д.Б өндөр настай, бие муутай, хэрэг нь хөнгөн. Мөн олон хүний цалингийн асуудал шийдэгдэхгүй хүлээгдэж байгаа тул бусдын батлан даалтанд гаргаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Д.Б нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 08 сарын 13-ны өдөр Зүүндэлгэр гэр хорооллын урд асфальтан зам дээр 15 цаг 50 минутын орчимд дугуйтай явж байсан О.Хөлгөнтэй мөргөлдөж осол гаргасан. Энэ ослын үеэр 15 цаг 54 минутанд түргэн тусламж дуудаж мөн 15 цаг 56 минутад цагдаад мэдэгдэж осол боллоо ирээч гэж дуудсан. Би өөрөө гар утсаараа дуудсан. Цагдаагийн мөрдөгч Жаргал, прокурор Г.Энхмаа нар 16 цаг 10 минутанд ирсэн. Мөрдөгч Б.Жаргал зам дээр үзлэг хийж наашаа, цаашаа нэлээд гүйсэн, осол сөрөг урсгалд гарсан байх магадлалтай болонгуут гэрч Э.Батжаргал, мөрдөгч Б.Жаргалыг хэл  үгээр өдөөд байтал мөрдөгч Б.Жаргал гэрч Э.Батжаргалд “Би ажлаа хийж байна. Чимээгүй болооч “ гэтэл гэрч Э.Батжаргал мөрдөгч Жаргалыг заамдан авч “муу гөлөг минь, чиний мөрдөстэй чинь ярина шүү, чи намайг хэн гэж бодоод байгаа гөлөг вэ, би том ар талтай хүн шүү” гэж дайрч заналхийлж байсан. Ер нь гэрч н.Батжаргал, н.Ариунбаяр, н.Хэрлэнбаяр нар зам дээр хэтэрхий түрэмгий, дээрэнгүй зан авир гаргаж байсан. Ялангуяа Э.Батжаргал бусдаас бүр хэт түрэмгий авир үзүүлж байсан. Үүнээс хойш мөрдөгч Б.Жаргал хөдлөхгүй, дууграхгүй зогсоод байсан. Энхмаа прокурор хажууд зогсоод байсан. Том ар тал гэдэг нь Хэнтий аймгийн тухайн үед орлогч прокурор, одоо ерөнхий прокурор Одгэрэл талийгаачийн аав нь байсан. Осол гардаг өдөр хагас сайн өдөр байсан. Орой 18 цаг өнгөрч байтал аймгийн орлогч прокурор Сонинмөнх ирсэн. Тэр гэрийн хувцастайгаа байсан. Иргэнгүүт би асуудлаа ярих гэтэл замаас намайг зандарч хөөж байсан. Дараа нь замын байцаагч Ш.Анхбаяр, А цэг авч байна гээд нэг том чулуу зөөж авчраад зам дээр тавьсан. Мөн хэмжилт хийсэн боловч гарын үсгээ зураагүй байдаг.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн газрын үзлэгийг мөрдөгч Жаргал явуулсан гарын үсгээ зурсан гэх боловч хэргийн газар дээр асуудал өөр байсан болохоор дээрх болсон асуудлыг бичлээ. Прокурор Сонинмөнх замын осолд онцгой оролцсон нь хувийн ашиг сонирхол байсан. Шүүхийн хэлэлцүүлэгт 2017 оны 09 сарын 21-ний өдөр газар дээр мэдүүлэг шалгахад мөрдөгч Жаргал яваагүй, мөрдөгч Цэрэндовдон явсан. Тухайн газар дээр хийгдсэн гэрчүүдийн мэдүүлгийг шалгасан ажиллагааны гол нотлох баримт болох фото зургийн үзүүлэлтүүдийн зураг алга болгосон. Цэрэндовдонгоос энэ тухай асуухаар би утсаа алга болгосон гэдэг. Мөн гэрчүүдийн мэдүүлгийг газар дээр шалгах хүсэлтийг өмгөөлөгч н.Даваахүү, Н.Баяр нар гаргаад байхад хүсэлт хангаагүй гээд дарамтлаад байна шүү дээ гэж байсан. Өмгөөлөгч нар прокурор дээр ороод нөхөн үзлэгийг хийлгүүлэх талаар амаараа бас хүссэн прокурор эрс татгалзаж байсан. Сүүлд 2017 оны 09 сарын 21-ний өдөо Цэрэндовон мэдүүлэг газар дээр шалгахад гэрчүүд осол гарсан зам дээр бүгд худлаа зааж байсан. Нөхөн үзлэг хийгдээгүй. Хэргийн газар, гэрчүүдийн мэдүүлэг шалгасан.

1. Нөгөө талын гэрч 8 хүн байдаг Тэдгээр хүмүүс гэрийн буйр шиг хагас дугуй хэлбэртэй гол нь гэрч Э.Батжаргал, Ариунбаяр нар зогсоод тойрч суусан хүмүүстэйгэээ үгээ нийлүүлж, бусад хүмүүст үг зааж өгч байсан. Гэрч Батжаргал бүгдээрээ байцаалт өгөхдөө нэгийн цуваагаар ар араасаа нэг эгнээнд явж байсан гэж хэлнэ шүү ойлгоо биз. Хэрэв бөөгнөрч явснаа хэлэх юм бол бид бүгд буруудна шүү гэж хэлээд үгээ нийлүүлж байсан. Би хажуу нь ойрхон зогсож байсан болохоор харсан, ярилцаж байгааг нь дуулсан.

2. Гэрчүүдийн анхан шатны мэдүүлэг хоорондын зай

Гэрч 1. Нямбаатар 9 хуудас 2.9 бид 40-50 см явж байсан. /1-р хх-н 121-122/

2. Хэрлэнбаяр 4-р хуудас 2.2 бид 70-80 см явж байсан. /2-р хх-н 150-151/

3. Батхүү 5-р хуудас 2.4 бид 50-60 см зайд явж байсан. /1-р хх-н 11-120/

4. Эрхэмбаярын 8-р хуудас 2.7 бид 20 см, 50 см, 60 см, 70-80 см зайд явж байсан /1-р хх-н 117-118/ гэх мэдүүлэг,

Харьцуулалт

Ослын зам дээр гэрчүүдийн мэдүүлэг хоорондын зай /метр/ мөрдөгч Цэрэндовдон 2017 оны 09 сарын 21-ний өдөр

Гэрч 1. Нямбаатар хоорондын зай 4.23 м, 8 м, 7 м, 10.9 м, 3.5 м

2. Хэрлэнбаяр хоорондын зай 20,3 м, 5.25 м, 6 м, 7 м, 4.7 м, 5.25 м,

3. Батхүү ирээгүй

4. Эрхэмбаяр хоорондын зай 20.3 м, 5.25 м, 6 м, 7 м, 4.7 м, 5.25 м гэж заадаг

Батжаргал, Идэрбаатар нар нар анх мэдүүлэг өгөхдөө хоорондын зайг хэлээгүй мөртлөө осол хэргийн газар дээр гэрчүүдийн мэдүүлэг шалгахад оролцсон.

  1. Э.Батжаргал хоорондын зай 13.5 м,
  2. Идэрбаатар хоорондын зай 4.7 м, 5_3 м, 4.5 м, 6.7 м, 4 м гэж хоорондын зайг мэдүүлэг өгөөгүй байж худлаа заадаг.Эдгээр хүмүүс анхнаасаа худал мэдүүлэг өгсөн учраас ослын зам дээр зааж чадаагүй ба бүгдээрээ нэгийн цуваагаар ар араасаа явж байсан гэж хоорондоо үгээ нийлүүлж ярьсан болохоор зам дээр очоод олон метрын зөрүүтэй зааж байгаа нь гэрчүүд худал яриад байгааг харуулсан нотолгоо юм.

Гэрчүүдийн мэдүүлэг уншихад бүх гэрч нар бид нар замын зорчих хэсгийн баруун гар талыг шахаад нэгийн цуваагаар явж байсан гэж нэгэн үгээр хэлээд байгаа нь үгээ нийлүүлсэн болохыг харуулж байна. Үнэхээр тэд нарын мэдүүлгээр 20-80 см зайнд замын хөдөлгөөнд ойрхон явж байсан юм бол замын техникийн байцаагч Ш.Анхбаяр схем зураг замын зорчих хэсгийн хойд захаас 2 метрийн зайд А цэгийг авсан байдаг. Цуварч явсан гээд байгаа нь няцаагдаж байна. Ш.Анхбаярын бүдүүвч зураг байдаг боловч зурагны тайлбар хийж гарын үсгээ зурсан гэх боловч хавтас хэрэгт гарын үсэггүй болсон байдаг. Зарим зүйл нь өөрчлөгдсөн, зарим зүйл зарим нь хэргийн материалаас алга болоод байгаа нь хянаж байгаа прокурортой холбоотой гэж үзэж байгаа. Яг үнэн хэрг дээр хүн бүр 20-80 см зайд гээд байгаа нь бөөгнөрч явсан хоорондын зай байгаа юм.

 Шүүхийн шижилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээ найман хүний дугаар байдаг,

1.2016 оны 08 сарын 18-ны 5065 дугаартай-Авто машин дугуйн урдаас хойш чиглэлд хатуу зүйлийн нэг удаа хүчтэй харилцан үйлчилсний улмаас гэж авто мшинд шинжилгээ хийжээ.

2. 2016 оны 08 сарын 24-ний өдрийн 5058 дугаартай Авто машинд гарсан гэмтлүүдийн талаар нэмэлт гэрэл байхгүй, урд салхины шид баруун хэсгээрээ хагарсан гэх мэт дүгнэлт гаргасан.

3. 2016 оны 08 сарын 25-ны өдрийн 7224 дугаартай автомашинд цагаан будаг тохирч байгаа талаар дүгнэлт,

4. 2016 оны 08 сарын 25-ны өдрийн 5080 дугаартай унадаг дугуйн эд ангийг шинжилсэн дүгнэлт, дугай хуваагдаж салсан, хэлбэрээ алдсан гэх мэт дүгнэлт,

5. 2016 оны 08 сарын 22-ны 5060 дугаартай Автомашин, унадаг дугуй хоёрын харьцуулсан шинжилгээ хийсэн байна. Автомашин, унадаг дугуй зэрэг шинжилгээнд тэнцсэн байна. Авто машины урд бамбайн баруун талын хэсэгтэй нэг удаагийн харилцан үйлчлэх үед дугуйн хэлбэрээ алдаж гажилтанд орсон гэх мэт,

6. 2016 оны 08 сарын 22-ны өдрийн 5155 дугаартай хураан авсан чулуу цус илэрсэн 01 бүлгийн харъяалал байна. Мөн хувцас шинжилгээнд тэнцсэн талаар дүгнэлт,

7. 2016 оны 08 сарын 19-ний өдрийн 5059 дугаартай унадаг дугуй урдаас хойш чиглэлд хатуу зүйлтэй нэг удаагийн хүчтэй харилцан үйлчлэлийн улмаас гэжээ. Энэ 5059 дугаартай шинжээчийг шүүхийн хэлэлцүүлэгт зориуд орхигдуулсан байдаг.

8. 2016 оны 12 сарын 15-ны 7230 дугаартай шинжээч 4 сарын дараагаар дугуйн талаар дахин шинжилсэн байдаг боловч 7230 дугаартай шинжээч нь дүгнэлт гаргах эрхгүйгээр шинжээчээр дүгнэлт гаргуулж байгаа бөгөөд үүнийг шүүхийн хэлэлцүүлэг,
О.Хөлгөний араас нь мөргөж зам тээврийн ослыг гаргасан гэдэг гэтэл 5065, 5059, 5060 гэсэн эрх бүхий гурван шинжээч нар ойлгомжтой тов тодорхой дүгнэлт гаргаад байхад ганцхан 7230 дугаартай шинжээчийн дүгнэлт барьж ял сонсгож байгаад гомдолтой байна. Гэтэл 7230 дугаартай шинжээч нь автомашин дугуйнд үзлэг шинжилгээ хийх эрх бүхий шинжээч биш юм байна.

Эрх бүхий гурван шинжээчийн дүгнэлт нь дугуйтай хүн өөрийн урсгалд явж байгаад огцом зүүн гар тал руу дугуйтайгаа эргэлт хийж жолоочийн баруун гар талын машины баруун талаас эсрэг урсгалд орж ирээд машинтай мөргөлдсөнийг нотолж байна.

1. Дугуйтай хүмүүс эхний хоёр хүн цуваагаар нэлээд хол зайд тасарсан, дунд хэсэгт хэсэг хүмүүс бага зэрэг хойно, урдаа орсон бөөгнөрсөн байдалтай арын хоёр хүн цуваагаар явж байсан. Үүнийг гэрч Эрдэнэчимэг удаа дараа тайлбарлаж мэдүүлэг өгдөг,

2. Дугуйтай хүмүүс маш ядарсан байдалтай доошоо хараад дугуйн урд үрүүл дээрээ хоёр гараа хооронд нь ойрхон тавиад толгойгоо болон цээжээ хэвтүүлэх маягаар явж байсан. Бид маш их ядарсан байсан гэж нөгөө талын гэрчүүд бүгд мэдүүлдэг,

3. Би арын хоёр хүнийг өнгөрөөд эсрэг урсгалд ороод явж байтал араас хэн нэг нь маш чангаар машин гэж орилсон /Хэрлэнбаяр/ гэтэл доошоо хараад явж байсан Хөлгөн гэнэт цээж өргөж дугуйтайгаа огцом зүүн гар дараад хөндлөн эргээд эсрэг урсгалд ороод ирсэн. Тухайн үед би голын цагаан шугамнаас хол зайтай явсан.

4. О.Хөлгөн анх явж байхдаа өөрийн явах урсгал буюу эгнээндээ голын тасархай цагаан шугамд тулсан баруун гар талд нь яваа дугуйтай хүмүүст нэлээд шахуулсан байдалтай явж  байсан.

5. Осол гарах үед Хөлгөн огцом зүүн гар тал руугаа дугуйтайгаа эргээд дарахдаа миний явж байгаа эсрэг урсгалд ороод ирсэн. Энэ осол эсрэг урсгалд болсон. Гэрчүүд мэдүүлэхдээ Хөлгөн бидний зүүн гар талд явж байсан, эсрэг урсгалд замын шороон хөвөөн дээр унасан гэдгийг бүх гэрч нар мэдүүлдэг, 

6. Хэрлэнбаяр машин гэж хоолой мэдэн чанга орилсон тэр агшинд Хөлгөн эргээд ухас хийсэн. Энэ үед осол болсон. Би эргээд ороод ирнэ гэж ганц орилсон гэж гэрчилдэг, бусад гэрчүүд хэн нэг нь машин гэж чанга орилсон гэж мэдүүлдэг,

Иймд би дугуйтай хүмүүс анхаарал суларсан, назгай, ядарсан байдалтай явж байсан болохоор цочоочих байх гэж бодоод дуут дохио өгөөгүй алсуур эсрэг урсгалд явж байсан. Дуут дохионы талаар анх мөрдөгч Жаргалд мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Мөрдөгч Цэрэндовдон надаас дуут дохионы талаар асуугаагүй юм. Мөрдөгч Жаргалаас өөрчлөөд, Цэрэндовдон дээр очсон хэний шийдвэрээр өөрчилснийг мэдэхгүй.

7. Би дугуйтай явж байгаа О.Хөлгөний араас нь мөргөөгүй, ухаан санаа эрүүл, согтууруулах ундаа огт хэрэглээгүй, урдаа байгаа саадыг сайн харж явсан, зам саадгүй эсрэг урсгал чөлөөтэй байсан.

8. Техникийн байцаагч Ш.Анхбаяр 2017 оны 12 сарын 22-ны шүүх дээр оролцсон өмгөөлөгч Х.Даваахүү замын ослын талаар асуухад хариулж чадаагүй мөн дахиад та А цэгийг яаж авсан бэ гэж асуухад Би А цэгийг авахдаа нөгөө талын гэрчүүд энэ багцаанд байгаа байхааг гэж зааснаар би А цэгийг авсан гэж мэдүүлж байсан. Энэ  нь надад маш гомдолтой байгаа. Намайг болохоор оролцуулахгүй хөөгөөд байсан. Анхбаяр анх надаас Тоормосны мөр чинь хаана байна гэж асуухад, би гэрч Эрдэнэчимэгтэй хамт яг тоормоз гишгэсэн мөрний хажууд  байцаагч нарт үзүүлэх санаатай зогсож байсан тэр мөрөө заасан чинь наадах чинь хамаагүй гээд яваад өгсөн. Тоормосны мөр шороон хөвөөний далан руу орох үед гишгэсэн шороо хонхойсон дугуй чирэгдсэн мөр байсан. Анхбаяр тэр үед шударга ажлаа явуулж байсан бол тэр гарсан Тоормосны мөрнөөс хурд тогтоож болох байсан. Тэр нэг талд хэт үйлчилсэн байгаа нь харагдаж байна. Анхбаяр Тоормосны мөр тусгаагүй хэмжилт аваагүй, хэрэг үзлэгээр тогтоосон акт бүдүүвч зураглал нь бүрэн бодитой, тов тодорхой, дэс дараалалтай биш ойлгомжгүй байсан. Мэргэжлийн ур чадвар дутагдалтайн гадна дадлага туршлагатай мэргэжлийн шинжээч хэрэг учралын газар оролцуулаагүй, бүдүүвч зураг, фото зураг, Анхбаярын бичсэн тайлбар зэрэг хоорондоо эрс зөрүүтэй үүнийгээ өөрөө ч дараа нь шүүх хурал дээр тайлбарлаж чадахгүй зогсож байсан. Үзлэг хийхэд намайг оролцуулаагүй, харин хохирогч, гэрчийг оролцуулан Ш.Анхбаяр “А” цэгийг тэдний зааснаар авах үед ыи гар утсаар авсан зураг, эсрэг урсгалд машины урд талын цагаан таг унасан тэр урсгалд осол болсон байхад нөгөө талаас асууж байгаад “А” цэгийг авсныг шүүх хурал дээр өөрөө ярьсан байдаг. Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоогоогүй зөрүүтэй, мөн хэрэг учралын газарт үлдэг хийсэн тэмдэглэлд хурд, Тоормосны мөр тусгаагүй зэрэг ноцтой үйлдэл Ш.Анхбаяр гаргасан учир гомдолтой байна.

9. Манай хүүхдүүд болон би ажил явдалд оролцох гэж маш их бодсон. Хүү Батмөнхийг цагдаагийн газар хэдэн удаа явуулж мөрдөгч Жаргалаас гэрийн хаяг, холбоо барих утасны дугаар олоод өгөөч гэхэд Жаргал прокурор Г.Энхмаа нар даанч хаяг, утас өгөөгүй. Бид бодохдоо аав, ээж нь Хэнтий аймагт, эхнэр, хүүхэд нь Улаанбаатар хотод байдаг байх гэж бодож байсан. Манай хүүхдүүд болон бид тэр үед ажил явдалд оролцож, эмгэнэл илэрхийлэх гэж 5.0 сая төгрөг цуглуулаад хадгалж байсан мөнгө одоо надад байгаа. Одоо ажил явдал дууссан болохоор юу гэж яаж өгөх учраа олохгүй юм. Жаргалмаагийн гомдож байгаа нь зөвөө, талийгаачийн талаар би одоо ч харамсаж байна. Талийгаач Хөлгөнөөс өмнө би ууган хүү Батсайханаа алдсан надад энэ зовлон ирсэн, тиймээс би Жаргалмааг сайн ойлгож байгаа. Эрхэм шүүгч та бүхэн миний бичсэн дээрх асуудлыг тал бүрээс нь шинжлэн судлаад нягтлан харьцуулж сайн үзэх байх гэж итгэж байна.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Булган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Сонинмөнх прокурорыг хийсэн ажилтай нь холбогдуулан ингэж хэлж байгаа нь хэр хууль зүйн үндэслэлтэй гэдгийг мэдэхгүй байна. Мөн Д.Доржзандан гэдэг хүнийг байсан байгаагүй гээд өмгөөлөгч нар тайлбарлаад байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тэр хүн байсан гэдэг нь тогтоогдсон. Өмгөөлөгч нар огт юу ч мэдэхгүй хүмүүс энэ хэргийг хянах гэж байгаа юм байна гэсэн байдлаар тайлбарлаж ярьж байна. Ингэж ярьж байгаа нь шүүгдэгчийг ял завшуулах, хэргийн бодит байдлыг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж бодож байна. Шинжээчийн №7230 дүгнэлтийг хэрэв өмнө нь гарсан бол хүлээн зөвшөөрөх байсан байдалтай ярьж байна. Шинжээчийн дүгнэлт хараат бусаар гарсан. Учир нь дугуй яаж эвдэрсэн, дугуйг хаанаас нь мөргөхөөр ийм гэмтлүүд гардаг юм бэ гэдэг дээр шинжээч нар өөрсдийнхөө тусгай мэдлэг болон техник хэрэгсэлээр тогтоосон дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээр дугуйны хойд талын дугуйны хоёр талд нь нугларсан гэмтэл гарсан байна. Энэ гэмтэл дугуйны араас маш хүчтэй хүч үйлчлэхэд энэ дугуй өөрөө цуурсан байгаа юм. Уг нь энэ дугуй өөрөө цууралт, хүчээс хамгаалдаг маш нарийн металлаар хийгдсэн дугуй байдаг. Хэрэв урдаас нь мөргөсөн бол энэ эвдрэл урд талын дугуйнд гарах байсан гэдгийг шинжээч анхан шатны шүүх хурал дээр тайлбарлаж өгсөн. Мөн хохирогчийг эсрэг урсгалд явж байсан гэдгийг шүүгдэгчийн өмгөөлөгч нар ярьдаг. Энэ хэрэг бол маш олон гэрчтэй, 9 хүүхэд цуваагаар унадаг дугуй унаад явж байсан. Энэ хүүхдүүд бүгд хохирогчийг хаана, ямар байрлалтай явж байсан гэдгийг хэлдэг. О.Эрдэнэчимэг гэдэг гэрч үнэн зөв ярьсан гээд яриад байна. О.Эрдэнэчимэг гэрч нь хэд хэдэн мэдүүлэг өгсөн бөгөөд анхандаа унтаж явсан мэдэхгүй гэдэг зүйлийг ярьдаг. Мөн 7, 8 хүүхэдтэй нүүрэлдүүлэн байцаахад ганц л өгүүлбэрээ хэлээд сууж байсан. Мэдүүлгийг газар дээр нь шалгахад мөрдөгч та зураг аваарай, бүгдээрэй зураг аваарай гэж хэлсэн гэсэн зүйл яриад байна, ийм зүйл огт хэлээгүй, мөрдөгч өөрөө ажлаа хийгээд би зургаа бэхжүүлж авах ёстой гээд гар утсаараа бэхжүүлж байсан. Бид нар өөрсдөө гар утсаараа бэхжүүлж авч байсан. Мөн мөр шинжээч нарын гаргасан дүгнэлтээс дугуйны химийн бүтцийн талаар асуухад бид химийн шинжээч биш учраас химийн бүтцийн талаар дүгнэлт өгч чадахгүй гэж хэлснийг өмгөөлөгч өнөөдрийн хурал дээр зөрүүтэй байдлаар тайлбарлаж байна. Мөн хохирлын асуудал яригдаж байна. Хохирогч оршуулгын үед тухайн үед санаж байсан баримтаа бүрдүүлж өгсөн, түүнээс биш хуурамчаар баримт бүрдүүлсэн зүйл байхгүй. Харин ч бүрдүүлж чадаагүй маш их хохирол байгаа. Орон сууцны зээлийн хувьд үлдсэн хүмүүсийн өмч болсон юм чинь үлдсэн хүмүүс хариуцах ёстой гэж байна. Орон сууцны зээлийг хохирогч өөрөө авсан. Энэ хүн амьд байсан бол ажлаа хийгээд зээлээ төлөөд явж байх байсан. Өнөөдрийг хүртэл шүүгдэгчийн талын хүсэлтээр 14 маш олон ажиллагаа хийгдсэн. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын яриад байгаа гомдол үндэслэлгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Б  нь тухайн хэрэг явдал болсонд харамссан сэтгэлээ илэрхийлээгүй, хүнээс хүн ёсоор уучлалт гуйгаагүй учир би анхан шатны шүүхийн ял хөнгөдсөн гэж бодож байна. Би энэ хүнд хамгийн дээд хэмжээ өгүүлэх хүсэлтэй байгаа. Учир нь энэ хүн хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшээгүй, та нар намайг гүтгэлээ гэж хэлдэг. Бид энэ хэрэгт маш хүлээцтэй хандаж байгаа, 2 жилийн хугацаа болж байна. Энд  хүний амь насны асуудал яригдаж байна. Мөрдөн байцаалтын шат эхэлснээс хойш шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр бүх ажиллагаа хийгдэж байсан. Тэгж байхад өөрсдөө хохирсон юм шиг зүйл яриад байна. Харин ч надад хохиролд оруулж чадаагүй өчнөөн баримт байна. Би энэ 2 жилийн хугацаанд цаг зав, ажил төрлөө алдаад цалингүй чөлөө аваад энэ хоёрын хооронд өчнөөн явж байна. Энэ нь эргээд миний амь насанд ч эрсдэлтэй алхам хийлгүүлж байна. Ийм байж утгагүй зүйл яриад байж байгаад гомдолтой байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Б  нь 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн гэр хорооллын урд талын “Зуунмод-Налайх”-ын чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам дээр 55-68 ТӨВ улсын дугаартай Тоёота Клүгэр маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас унадаг дугуйтай О.Хөлгөнийг араас нь мөргөж, зам тээврийн ослын гаргаж, ослын улмаас О.Хөлгөний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Мөрдөн байцаалтад гэрч О.Эрдэнэчимэгийн: “...замд маань дугуйтай ногоон хувцастай хүүхдүүд явж байсан. Д.Б нөгөө хүүхдүүдийг тойрох гээд эсрэг урсгал руу орсон чинь нөгөө хүүхдүүдээс нэг дугуйтай хүүхэд гараад ирсэн. Нэг инээмсэглэсэн царай гялс харагдаад тэр хүүхэд машинтай мөргөлдчихсөн...машинаа зогсоогоочээ гэсэн чинь Д.Б зогсохгүй байна ш дээ гээд байсан ба би дахиад зогсоогооч ээ гэсэн чинь Д.Б дахиад зогсохгүй байна ш дээ гээд хашгираад байсан.  /1 дүгээр хх-109-110/,

...Би цагаан зураас давсан гэж бодож байгаа эсрэг урсгалд орсон байсан.Тухайн үедээ  тойрох үйлдэп хийж байсан. Эсрэг урсгалд ороод яг хажууд нь очих тэр агшинд осол болсон...ойролцоогоор 10-аад хүн харагдаж байсан, цуварч яваа бол тэгж явахгүй. Талийгаачийн нүүр буюу царайг нь харсан тэрнээс биш би биеийг нь хаашаа харсаныг нь хараагүй. эхний хоёр хүнийг тойрч гарсэн тэгээд л эсрэг урсгалд орсон гэж үзэж байгаа...Би голын цагаан зураасыг хараагүй. Би яг машин цагаан зураас давсан эсэхийг хэлж мэдэхгүй байна...” /2 дугаар хх-133-134/,

 

            - Мөрдөн байцаалтад гэрч А.Хэрлэнбаярын: “..араас машин ирэх шиг болсон,би машин гэж ганц орилсон. Бид зам дээрх зорчих хэсгийн баруун гар талаа барин цуваа үүсгэн өгсөж байсан. Уг машин дуут дохио өгөөгүй бас их хурдтай явж байсан, манай талийгаач найзыг дайраад тормозоо ч гишгэлгүй яваад замаас ойролцоогоор 100 гаруй метрийн цаана очоод зогссон байсан...миний хажуугаар нөгөө машин 1 метр гаруй зайгаар өнгөрөөд талийгаачийн ард талаас нь тээврийн хэрэгслийнхээ баруун урд хэсгийн гуфер хэсгээрээ дугуйных нь араас мөргөөд талийгаач дээш шидэгдсэн, тэгээд буухдаа нөгөө машины салхиний шилний баруун дээд хэсэг болон дээд рам хэсэгт бууж улмаар замын эсрэг талын хөвөөн дээр унаад, миний харснаар нэг босож ирээд цаашаа шороон хөвөө рүү унасан.

            Талийгаач өөрийнхөө явж байсан урсгалд мөргүүлсэн. Бид нарын хувьд бөөгнөрч эгнэж явсан асуудал байхгүй тэгш биш байдлаар цувж явж байсан.”  /1 дүгээр хх-107-108, 2 дугаар хх-50-151/ гэх мэдүүлэг,

 

            - Мөрдөн байцаалтад гэрч А.Батхүүгийн: “...хажуугаар нэг тээврийн хэрэгсэл асар хурдтай өнгөрсөн чинь гэнэт пид гээд дуу гарсан, Хөлгөн мөргөгдөөд унаж байгаа харагдсан, гүйгээд очсон чинь жалганы уруу унаад өгсөн байдалтай судганд зүүн тийшээ толгойгоо харуулаад дээшээ хараад хэвтэж байсан, нэг гуталгүй байсан.  Тухайн үед Хөлгөн өөрийнхөө урсгалд байж байгаад л дайруулсан засмал замын ирмэгээс 50-60 см л зайтай явж байсан. Бид нар осол хэрэг болох үед нэгийн цуваагаар явж байсан бөөгнөрсөн асуудал байхгүй. Тухайн үед бид нар дугуйтай явж байхад нөгөө урсгалын хаялга дээр унаад цаашаа унасан гэхээр асар хүчтэй мөргүүлсэн. Тоёото клуггер тээврийн хэрэгсэл нь 100 км цагаас дээш хурдтай явж байсан, хурд хэтрүүлсэн, дуут дохио өгөөгүй /1 дүгээр хх- 111-112 / гэх мэдүүлэг,

            - Мөрдөн байцаалтад  гэрч Э.Батжаргалын: “...осол болох үед би талийгчийн яг урд талд явж байсан бөгөөд араас түс хийх чимээ гараад хүн орилохоор нь дугуйгаа зогсоогоод эргээд хартал талийгаач бид нараас ялимгүй зүүн талд цагаан өнгийн тээврийн хэрэгслийн баруун урд хэсгээр мөргүүлээд агаарт хөөрөөд замын эсрэг талд унаж байгаа харагдсан. Тэгэхэд нөгөө цагаан өнгийн Тоёота Клугер маркийн тээврийн хэрэгсэл миний хажуугаар маш хурдтай яваад өгөхөөр нь тэр машиныг би зугтлаа гэж бодсон. машин замын эсрэг тал руу замын далан мөргөсөн байдалтай зогсож байсан. Бид нар тухайн үед замын зорчих хэсгийн баруун гар талыг шахаад явж байсан ба яг осол үед талийгаач бид нарын явж байсан цуваанаас үл ялиг зүүн талд намайг харахад машинд мөргүүлж байсан. Бид нарын явж байсан зорчих хэсэг болон эсрэг талын урсгалд ямар нэгэн тээврийн хэрэгсэл байгаагүй. машин их хурдтай, миний бодлоор 130-140 орчим км/ цаг-аас доошгүй хурдтай явсан, хажуугаар явахдаа дуут дохио өгөөгүй. Осол болох үед цаг агаар өмнөөс бага зэрэг салхитай, дулаан тогтуун, замын нөхцөл байдал хэвийн, халтиргаа гулгаа байхгүй, замд ямар нэгэн эвдрэл байхгүй, шулуун дээшээ бага зэрэг өгсүүр зам байсан ба үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Бид нар бүгд толгойдоо хамгаалалтын каск малгайтай,  хамгаалалтын шар хантааз  хувцас өмссөн байсан.. Талийгаач өөрийнхөө явж байсан буюу хойд талын эгнээнд мөргүүлсэн. Би талийгаачийг мөргүүлж байгааг харсан тэгээд ойжиж байгаа харагдсан / 1 дүгээр хх-113-114,  2 дугаар хх-156-157/ гэх мэдүүлэг,

 

- Мөрдөн байцаалтад  гэрч Г.Ариунбаярын: “...хамгийн урд би миний ард бусад хүмүүс явж байсан. Тэгтэл  хажуугаар цагаан өнгийн Тоёота Клугер маркийн тээврийн хэрэгсэл замын эсрэг талын шороон хөвөөгөөр маш хурдтай тоос манаруулж яваад  замын хажуу хөвөө рүү хажуу талаараа маш эвгүй зогсохоор нь би юу болсон юм бол гээд эргээд харахад манай найзууд талийгаачийн хэвтэж байсан эсрэг талын замын хөвөөн дээр цугларсан байхаар нь очиход талийгаач замын эсрэг талын хөвөөний доор дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Бид нар тухайн үед замын зорчих хэсгийн баруун гар талыг шахаад, зам өгсүүр байсан болохоор хурд багатай явж байсан. Машин их хурдтай, ойролцоогоор 120 орчим км/цаг-ийн хурдтай явсан байх, дуут дохио өгөөгүй, ямар нэгэн машин явж байна гэх мэдэгдүүлэхээр арга хэмжээ аваагүй. Замын нөхцөл байдал хэвийн, халтиргаа гулгаагүй, замд ямар нэгэн эвдрэл байхгүй, шулуун дээшээ өгсүүр зам байсан ба өдөр байсан болохоор үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Осол өдрийн 16 цагийн орчим болсон. Бид нар бүгд каск, хамгаалалтын хувцас өмссөн байсан.  Машины жолооч хурд хэтрүүлсэн, дуут дохио өгөөгүй, өгсүүр зам дээр гүйцэт түрүүлэх үйлдэл хийсний улмаас осол болсон гэж үзэж байна. /1 дүгээр хх-115-116 / гэх мэдүүлэг,

- Мөрдөн байцаалтад  гэрч Э.Эрхэмбаярын: “...миний санаж байгаагаар Ариунбаяр, Батжаргал, талийгаач Хөлгөн нар миний урд, харин миний ард Хэрлэнбаяр, Батхүү, Гантулга, Нямбаатар, Идэрбаатар нар явж байсан. Тэгтэл араас хэн нэг нь машин гэж орилоход би өндийж хартал цагаан өнгийн дунд гарын жип маркийн тээврийн хэрэгсэл талийгаачийн араас нь мөргөхөд талийгаач агаар дээр хөөрч үсрээд, эргээд буухдаа машины урд салхины шилэн дээр цохигдоод, эсрэг урсгалын хөвөөн дээр унаж байсан, талийгаач нэг босож ирээд буцаад замын урд талын хөвөө хэсэг рүү далан уруудаад унаад өгсөн. Бид очиход талийгаач эсрэг талын замын хөвөө рүү өнхөрөөд унасан, дээшээ хараад баруун гараараа цээжний хэвлий хэсгээ бариад аманд дүүрэн цустай харагдсан.  Бид осол болох үед асфальтан замын зорчих хэсгийн баруун гар тал руу шахаад явж байсан ба талийгаач тухайн үед бид нараас бага зэрэг зүүн талд явж байсан.

 

Талийгаач ямар нэгэн эргэх үйлдэл хийгээгүй, би  замын ирмэгнээс 20 орчим см зайтай явж байсан болохоор талийгаач 70-80 см зайтай л явж байсан. Өөрийнхөө явж байсан урсгалд мөргүүлсэн. Бид нарын хувьд бөөгнөрч эгнэж явсан асуудал байхгүй тэгш биш байдлаар цувж явсан болохоор ард талаас хурдтай яваа хүнд эгнэж яваа юм шиг харагдсан байхыг үгүйсгэхгүй...” /1 дүгээр хх-117-118, 2 дугаар хх-152/ гэх мэдүүлэг,

 

- Мөрдөн байцаалтад  гэрч О.Гантулгын: “...Манайхны нэг нь машин гэж орилсон, харахад урд талд 40-50 орчим метр зайд манай хэдийн нэгийг нь мөргөсөн, мөргүүлсэн нэг маань замын тэмдэгт шонгийн хажууд бага зэрэг өндийснөө жалга руу өөрөө бөмбөрөөд унасан. Жолооч хурд хэтрүүлсэнээс зам тээврийн осол гаргасан гэж үзэж байна,  жолооч зогсоох арга хэмжээ аваагүй, дуут дохио өгөөгүй.” /1 дүгээр хх-119-120/ гэх мэдүүлэг,

 

- Мөрдөн байцаалтад  гэрч Г.Нямбаатарын: “...Зүүндэлгэр багийн урд талын засмалаар явж байсан хамгийн урд талд Ариунбаяр, Батжаргал, талийгаач Хөлгөн, Эрхэмбаяр, Хэрлэнбаяр, Батхүү, Гантулга, ард нь би, миний араас Идэрбаатар гэсэн дарааллаар засмал замын баруун гар талд замаа шахаад 40-50 см-ийн зайтай нэгийн цуваагаар хоорондоо 1-2 метрийн зайтай явцгааж байсан. Бидний араас нэг машин хурдтай орж ирсэн, сүн гээд машин өнгөрсөн чинь Хөлгөнийг пид гээд мөргөсөн. Хөлгөн  газраас 4-5 метрийн зайтай агаарт хөөрөөд газар унасан. Би мөргөж байх үеийг бол хараагүй, харин талийгаач мөргүүлээд агаарт хөөрч байгаа нь, нуруу толгой хэсэг нь буюу ар хэсэг нь харагдаж байсан. Тээврийн хэрэгсэл маш их хурдтай багцаагаар 120-130 км/цагийн хурдтай явж байсан бол уу гэж бодож байна. Яагаад гэвэл маш хурдтай сүн гээд өнгөрөхтэй зэрэгцээд пид гээд мөргөж байгаа нь сонсогдсон. 3амын нөхцөл байдал  тууш үзэгдэх орчин чөлөөтэй, шулуун ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Бид нар бүгд нэг шугаманд явсан, тэрнээс биш ямар нэгэн байдлаар бөөгнөрч эгнэж явсан зүйл бол байхгүй. Замын хойд талын урсгалд буюу өөрийнхөө явж байсан чиглэлийн урсгалд явж байсан. /1 дүгээр хх-121-122, 2 дугаар хх- 132 / гэх мэдүүлэг,

 

- Мөрдөн байцаалтад  гэрч Э.Идэрбаатарын: “...дарааллаар явцгааж байхад ард талаас маш хурдтай нэг цагаан өнгийн машин надтай ойрхон зөрж өнгөрсөн ба машин нүдэнд харагдаад өнгөрөх төдийд түс гэсэн чимээ гарахаар нь урагшаа харсан чинь талийгаач Хөлгөн машинд мөргүүлээд машинаас дээш 3-4 метрийн өндөртэй шидэгдэж байгаа харагдсан. Мөргүүлсэн дариуд нь бид нар дугуйгаа дор дор нь орхиод орилолдоод гүйлдэж очих хооронд нөгөө машин бүр цаашаа давхиад явчихсан. Миний багцаагаар хамгийн доод тал нь 120 км цагийн хурдтай явж байсан. Яагаад гэхээр нэгдүгээрт миний хажуугаар маш хурдтай зөрсөн, хоёрдугаарт талийгаач маш өндөр шидэгдсэн байгаа нь өндөр хурдтай явж байсан нь тогтоогдож байна. Талийгаачийг дайрсан тээврийн хэрэгсэл дуут дохио өгөөгүй, замын баруун гар талын эгнээнд буюу манай эгнээнд талийгаачийг дайрсан. 3амын нөхцөл байдал тууш, үзэгдэх орчин чөлөөтэй, шулуун ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан. Бид нар нэгийн цуваанд ороод нэг нэгнийхээ салхинд сууж явж байсан юм. Машин хурдтай явсан, зогсоох арга хэмжээ аваагүй,  анхааруулах дуут дохио өгөөгүйн улмаас осол хэрэг гарсан гэж үзэж байна...” /1 дүгээр хх-123-124 / гэх мэдүүлэг,

 

- Мөрдөн байцаалтад гэрч Ш.Анхбаярын: “...2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 55-68 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гаргасан хэргийн газрын үзлэгт оролцож осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч үйлдсэн. Асфальтан зам дээр үүссэн шинэ ухагдсан хэсэг болон цагаан өнгийн тээврийн хэрэгслийн асфальтан зам дээр унасан будагны хэлтэрхий зэргээр үндэслэж хяналтын прокурор Г.Энхмаа, Орлогч прокурор Ц.Сонинмөнх, мөрдөн байцаагч цагдаагийн дэслэгч Б.Жаргал, криминалистикийн шинжээч дэслэгч Д.Доржданзан зэрэгтэй зөвшилцөж “А” цэгийг тогтоож авсан. Хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтэнд тусгагдсан зураг №3-т заасан асфальтан зам дээр ухагдсан хэсэг эхнийх нь А цэг, дараагийнх нь 1 тоогоор дараагийнхийг 2 тоогоор, дараагийнхийг 3 тоогоор тэмдэглэсэн байна. Мөн миний үйлдсэн схем зураг дээр мөн адил тэмдэглэгдсэн, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд мөн адил бичигдсэн нь зөрүүгүй байгааг нотлож байна...” /1дүгээр хх-198/ гэх мэдүүлэг,

 

- Мөрдөн байцаалтад шинжээч С.Булагмаагийн:

хэргийн газрын нөхөн үзлэгт оролцож, гэрэл зураг дарж, үзлэгийн явц болон цэгүүдийг гэрэл зэргийн аргаар бэхжүүлсэн. Хавтаст хэргийн 26-27 дугаар хуудсан байгаа гэрэл зургууд миний авсан гэрэл зураг мөн байна. Хавтаст хэргийн 26 дугаар хуудсан байгаа Зураг №5-д тусгагдсан гэрэл зураг бол асфальтан зам дээрээс авсан гэрэл зураг. Тухайн зураг дээр дугуйтай хүн анх унасан газрыг Б1 гэсэн тэмдэгтээр тэмдэглэсэн зураг, тухайн зураг бол хөвөөн дээд хэсгээс асфальтан зам дээрээс авсан гэрэл зураг юм.” /1 дүгээр хх-200-202/ гэх мэдүүлэг,

 

- Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалмаагийн: “Би маш их гомдолтой байна. Манай нөхөр нь залуу хүн байсан гэр бүлээ тэжээдэг ажил хийж зээлээ төлдөг, залуугаараа ийм хүнд хэцүү байдалтай үлдсэндээ үнэхээр харамсалтай байна. Ослоос хойш манай нөхрийг дайрсан хүн болон тэдний ар гэрийн зүгээс ямар нэгэн туслалцаа үзүүлэх нь байтугай одоог хүртэл холбоо бариагүй, уулзаагүй. Бид хүлээцтэй хандаж ирсэн, мөрдөн байцаалтын бүх ажиллагаа шүүгдэгч талын хүсэлтээр явагдсан. Би баримтаар гаргаж өгсөн 13.178.454 төгрөгөө нэхэмжилж байгаа, мөн орон сууцны зээлний үлдэгдэл, цалингийн зээлний үлдэгдэл, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг 18 нас хүртэл нь нэхэмжилнэ. Хүний амь насыг хохироочихоод би буруугүй гээд байгааг ойлгохгүй байна.” /1 дүгээр хх-104-105,106/ гэх мэдүүлэг,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  №5065 дугаарт шинжээчийн дүгнэлтэд:

“ 1.Шинжилгээнд ирүүлсэн “Тоуоto klugger” маркийн 55-66 ТӨВ улсын дугаартай авто машины урд бамбайн баруун тал 50х33см, баруун урд гэрэл 16см, баруун урд далбаа 70x17см, урд капотны баруун тал 97х27см, зүүн урд их гэрэл урд бамбайнаас 1см зай гарсан, урд салхины шилний баруун тал 87х76см, баруун урд дээвэр 28х22см урдаас хойш чиглэлд хатуу зүйлтэй нэг удаагийн хүчтэй харилцан үйлчилсний улмаас гарсан шинэ хонхойж цуурсан гэмтлүүд байна.

            2. Шинжилгээнд ирүүлсэн чирэгчний таг, нэмэлт гэрэл нь “Тоуоto klugger”  маркийн 55-68 ТӨВ улсын дугаартай автомашины урд бамбайн баруун талд байрлах чирэгчний тагны суурь, нэмэлт гэрлийн суурьтай тохирч байна.

3.Шинжилгээнд ирүүлсэн чирэгчний таг, нэмэлт гэрэл нь автомашинаас ослын үед хатуу зүйлтэй хүчтэй харилцан үйлчлэх үед автомашины эд ангиудад хүчтэй доргилт хөдөлгөөн гарснаар салж унасан байх үндэслэлтэй байна.” /1 дүгээр хх-37-41/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  №7224 дугаарт шинжээчийн дүгнэлтэд: “хэргийн газрын үзлэгээр хурааж авсан цагаан өнгийн будаг нь шинжилгээнд ирүүлсэн “Тоуоto klugger” маркийн 55-68 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн урд хэсгээс харьцуулах шинжилгээнд зориулж бэхжүүлж авсан будагтай элементийн агууламж найрлагын хувьд таарч тохирч байна.” /1 дүгээр хх- 49-50/,

 

  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5059 дугаарт шинжээчийн

дүгнэлтэд:

“ 1. Шинжилгээнд ирүүлсэн унадаг дугуйны хойд дугуйн тоормосны торос утас тасарсан, урд талын баруун зүүн гарны ирмэг хэсэг язарсан, урд дугуйны зөөллүүрийн холбогч тасарч унасан, урд, хойд дугуй хэв гажилтанд орж нумарсан, дугуйн рам хоёр хэсэг болж салсан, дээд рам гулзайсан, урд талын хөтлөх араа нумарсан гэмтлүүд нь урдаас хойш чиглэлд хатуу зүйлтэй нэг удаагийн хүчтэй харилцан үйлчилсний улмаас гарсан шинэ гэмтлүүд байна.

   2.Шинжилгээнд ирүүлсэн цагаан гэрэл цацруулагч, “X” хэлбэрийн хар хуванцар, хагарсан гэрэл цацруулагчтай 5,5х4см хуванцар зэрэг нь “Lion bike” маркийн унадаг дугуйны урд гаранд байрлах гэрэл цацруулагчийн суурьтай, урд дугуйны гэрэл цацруулагчтай, урд хөтлөгч арааны хаалтны суурьтай тус тус тохирч байна.

   3.Шинжилгээнд ирүүлсэн гэрэл цацруулагчууд, хөтлөгч арааны хаалт унадаг дугуйнаас ослын үед хатуу зүйлтэй хүчтэй харилцан үйлчлэх үед унадаг дугуйны гэрэл цацруулагчид хугарч унан доргилтын нөлөөгөөр урд хөтлөгч арааны хаалт салж унасан байх боломжтой...” /1 дүгээр хх-52-56/, 

 

  •  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5060 дугаарт шинжээчийн

дүгнэлтэд:

“ ...2. Шинжилгээнд ирүүлсэн “Lions bike” маркийн унадаг дугуйны дугуйн хэсэг Тоуоtа Кlugger маркийн 55-68 ТӨВ улсын дугаартай автомашины урд бамбайн баруун талын хэсэгтэй нэг удаагийн харилцан үйлчлэх үед дугуй хэлбэр дүрсээ алдаж хэв гажилтанд орж нумарч, торос утас тасран, дугуйн рам гулзайн хугарч унадаг дугуй хоёр хэсэг болж салсан байх боломжтой байна...” /1 дүгээр хх- 64-66/,

 

  •  Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны №113 дугаарт шинжээчийн

дүгнэлтэд:

“ Талийгаачийн биед аман хүзүү хатан хүзүүний мултрал, мэдрэл гол судасны тасрал, нүүр болон их бие хүзүү мөчдөд язарсан шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэлүүд тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэлүүд байна. Дээрхи гэмтэлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчилэлээр үүсгэгдэнэ. Хүзүүний үений мултрал, мэдрэл, гол судасны тасарсанаас нас баржээ. Талийгаач нь 1-р бүлгийн цустай, талийгаачийн цусанд этилийн спирт илэрсэнгүй.” /1 дүгээр хх-69-70/,

 

  •  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5080 дугаарт шинжээчийн

дүгнэлтэд:

“ Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх чулуу мэт зүйл дээр илэрсэн цус нь 0/I/ бүлгийн харъяалалтай байна, бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй.” /1 дүгээр хх-76/,  

  • 2016.10. 24-ний өдрийн №00000114 дугаарт шинжээчийн дүгнэлтэд:

“...2.  55-68 ТӨВ улсын дугаартай “Тоуоto klugger” маркийн тээврийн хэрэгсэл  жолоодож явсан иргэн Д.Б  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8-р бүлгийн 8.11 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” 9-р бүлгийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд  аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

3. Унадаг дугуй унаж явсан иргэн О.Хөлгөн нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байх үндэслэл тогтоогдохгүй байна.

 6. 55-68 ТӨВ Улсын дугаартай “Т.Клугерь маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Д.Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11, 9.2-д тус тус заасан заалтуудыг зөрчсны улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...” /1 дүгээр хх- 85-90/,

 

  • 2016.11.24-ний өдрийн №00000130 дугаарт  шинжээчийн дүгнэлтэд:

“ 1. шинжээчийн № 114 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

   3. Хэрэгт авагдсан материалаас үзэхэд 55-68 төв улсын дугаартай Тоёото клюгэр маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Д.Б  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" мөн дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэв.

   5. Унадаг дугуй унаж явсан иргэн О.Хөлгөн нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзэв.

    7. 55-68 ТӨВ улсын дугаартай Тоёото клюгер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Д.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” мөн дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв.

  8. замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй /1 дүгээр хх- 204/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №7230 дугаарт шинжээчийн дүгнэлтэд:

“ ...2.Дугуйнд гарсан эвдрэлүүд нь хатуу гадаргуутай 2 удаагийн харилцан үйлчлэлээр гарсан байна.

  3.Унадаг дугуйны арын дугуйнд гэмтэл байна.

  4.Эхний эвдрэл нь эгц ар талаас, зүүн ар талаас хатуу гадаргуутай харилцан үйлчилсэний улмаас гарсан, 2 дахь гэмтэл нь урд талаас эгц хатуу гадаргуутай харилцан үйлчилсэний улмаас гарсан байна.

             5. Арын дугуйн обод хэлбэрээ алдаж сэнсэрсэн, хийгээс төмөр нумарч гулзайсан, обод төмөр цуурч, тэгширсэн гэмтэл нь араас урагш чиглэлд эхний удаа авсан гэмтэл байна. Дугуйн гол гулзайсан, ободод үүссэн дотогш чиглэлтэй нарийн зураас мөр гэмтэл зэрэг шинж тэмдэгт үндэслэн арын дугуйнд зүүн хойноос урагш чиглэлтэй хатуу зүйлээр харилцан үйлчлэхэд буюу унадаг дугуйн хурд бага тээврийн хэрэгслийн хурд их зэрэг ялгаатай байдлаас анх автомашин дугуйн ар талаас мөргөж, дахин зүүн араас чиглэлтэй мөргөхөд үүссэн байх үндэслэлтэй.

  6. Арын дугуйн обуд хэлбэрээ алдаж сэнсэрсэн, хагарч цуурч тэгширсэн дотогш чиглэлтэй нарийн зураасан мөрүүд гарсан, хатуу зүйлтэй хоёр удаагийн, хойноос болон зүүн хойноос урагш чиглэлтэй харилцан үйлчлэхэд гарсан шинэ эвдрэл, мөр, гэмтлүүд байна.

  7. Шинжилгээнд ирүүлсэн унадаг дугуйн рам болон арын дугуйнд хойноос болон зүүн хойноос урагш чиглэлтэй хатуу зүйлээр харилцан үйлчлэхэд буюу унадаг дугуйн хурд бага тээврийн хэрэгслийн хурд их зэрэг ялгаатай байдлаас анх автомашин дугуйн ар талаас мөргөж, дахин зүүн араас чиглэлтэй хүч үйлчлэхэд дугуйн рам доод талаар хугарч, дээд талаар гулзайлт үүсгэсэн байх үндэслэлтэй. Дугуйн рамны урд хугарсан хэсгийн дээд талаар дээш чиглэлтэй элэгдэж, мөр үүссэн, хажуу болон доод хэсгээр цуурч хугарсан зэрэг эвдрэл гэмтлүүдэд үндэслэн мөргөх үе дэх автомашины цохиолтын импульс хүчний нөлөөгөөр дугуй урагш шидэгдэн унахад урдаас хойш чиглэлтэй хүчний үйлчлэлээр дээрх эвдрэл гэмтлүүд үүссэн байх үндэслэлтэй.” /1 дүгээр хх- 209-213/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд,

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /1 дүгээр хх-3/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-4-8, 9,11-19/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-20-21/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-22-27/, шинжилгээнд зориулж дээж авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-35/, түрээсийн үйлчилгээний журам, түрээслэх, түрүүслүүлэх гэрээ, унадаг дугуй хүлээлцсэн акт /1 дүгээр хх-170-179/, 2017 оны 09 дүгээр сарын 021-ны өдөр мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл / 2 дугаар хх-119-131/, гэрч А.Хэрлэнбаяр, О.Эрдэнэчимэг нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 127-128 дугаар хуудас/, гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлүүд /1 дүгээр хх-ийн 125-130,  2 дугаар хх-135-149/  зэрэг хуулийн дагуу  цуглуулж бэхжүүлж авсан,  анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон  байна.

 

 Шүүгдэгч Д.Б-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд болон хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааснаас хойшхи хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хийж гүйцэтгэвэл зохих дутуу ажиллагааг нөхөн гүйцэтгэсэн, гэрч шинжээч нараас дахин мэдүүлэг авах, нүүрэлдүүлэн байцаах ажиллагаа хийсэн, давж заалдах шатны шүүхийн №27 дугаарт магадлалын заалт хангагдсан,  хэргийн оролцогчдын хүсэлтээр нэмэлт ажиллагааг хуулийн дагуу хийж гүйцэтгэсэн байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримтыг  тогтоох үндэслэл болсон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Б ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохируулан шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын үндэслэлийг хянавал:

1. “А” цэг хуурамч, үндэслэлгүй гэсний хувьд:

- “...талийгаачийг мөргөсөн гэх “А” цэгийг замын асфальтан хэсэг ухагдсан шинэ гэмтэл, цагаан өнгийн будагны хэлтэрхий зэргийг үндэслэн авахад уг “А” цэг нь  үл хөдлөх цэгээс тэгш өнцөгт гарган хэмжихэд  ертөнцийн зүгээр зүүн тийш 3560 метрийн зайд дахин хойд зүгт метрээр хэмжихэд 6.0 метрийн зайд байсныг “А” үсгээр тэмдэглэв” гэсэн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэмжилтийн бүдүүвч зураг /1 дүгээр хх-4,9,11-17/,

 

- гэрч Ш.Анхбаярын: “...Асфальтан зам дээр үүссэн шинэ ухагдсан хэсэг болон цагаан өнгийн тээврийн хэрэгслийн зам дээр унасан будагны хэлтэрхий зэргээр үндэслэж...“А” цэгийг тогтоож авсан. Хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтэнд тусгагдсан зураг №3-т заасан асфальтан зам дээр ухагдсан хэсэг эхнийх нь А цэг, дараагийнх нь 1 тоогоор, дараагийнхийг 2 тоогоор, дараагийнхийг 3 тоогоор тэмдэглэсэн” /1дүгээр хх-198/ гэх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ ..”А” цэгийг   дугуйны цацруулагч, машинаас унасан будаг, мөн зам дээр үүссэн эвдрэлүүдийг үндэслэж авсан, “А” цэг нь зорчих хэсгийн хойд талд буюу  тээврийн хэрэгслийн явж байсан чиглэлд тавигдсан, замын урд хэсэгт 3 гэмтэл учирсан байсан”   гэх мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг  зэрэг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан  нотлох баримтуудыг үндэслэн унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож явсан талийгаач О.Х-ийн зорчих хэсэгт “А” цэг тогтоогдсон, тэнд осол гарсан  талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Харин хэргийн газрын үзлэгт Д.Б ыг оролцуулаагүй, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд Д.Б , гэрч Ш.Анхбаяр нараар гарын үзэг зуруулаагүйгээрээ тухайн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, хуульд нийцээгүй гэх шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй бөгөөд  энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №7230 дугаарт 3 шинжээчийн бүрэлдхүүнтэй гаргасан дүгнэлтийн шинжээч томилсон тогтоолтой шинжээч Ж.Баттулга танилцаж, гарын үсгээ зурсан, хуулийн дагуу дүгнэлт гаргасан талаар өгсөн  шинжээчийн мэдүүлэг /2 дугаар хх-178/, архивт хадгалагдсан тогтоолын нэг хувийг хэрэгт хавсаргасан зэргээс дүгнэвэл Ж.Баттулга шинжээч томилсон тогтоолтой танилцсан байна. Харин гэрч Баярмаагийн мэдүүлэгт үндэслэн Ж.Баттулгыг эрх бүхий шинжээч биш гэж үзэх үндэслэлгүй юм. Гэрч Баярмаа  “ШШҮХ-д автотехникийн 3 шинжээч  ажилладаг” гэж мэдүүлснээс биш, “Ж.Баттулга шинжээчийн эрхгүй” гэж мэдүүлээгүй, харин  шинжээчийн дүгнэлтэнд дурьдагдсанаар Ж.Баттулга нь тус хүрээлэнгийн  Криминалистикийн  шинжилгээний газрын  мөр судлалын шинжилгээний лабораторийн эрхлэгч, эрх зүйч- криминалистикийн шинжилгээч мэргэжилтэй, мэргэжлээрээ 11 дэх жилдээ ажиллаж байгаа цагдаагийн хошууч цолтой, эрх бүхий шинжээч байх ба түүний  бүрэлдхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтийг  хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй байна.

 

            3. Шинжээч томилсон 3 тогтоолтыг /1 дүгээр хх-203, 205, 208/ сэжигтэн, яллагдагчид танилцуулаагүй, яллагдагчийн эрх зөрчсөн талаар гомдолд дурьдсан байх ба “тогтоолуудыг тухайн цагт нь танилцуулаагүй болохоор би гарын үсэг зурахаас татгалзсан, гэхдээ тухайн өдөр танилцсан” талаарх  яллагдагч Д.Б ын мэдүүлэг /1 дүгээр хх-234/, “Д.Б  болон түүний өмгөөлөгч Сувдмаа, Даваахүү нарт шинжээч томилсон тогтоол танилцуулах гэхэд  тогтоолтой танилцахгүй, дүгнэлттэй танилцана” гэсэн талаарх мөрдөгч д/ч Б.Цэрэндондовын тайлбар /1 дүгээр хх-226/ хэрэгт хавсаргагдсан байна. Мөрдөн байцаагч дээрх тогтоолуудыг тогтоол гаргасан даруйдаа танилцуулаагүй, харин дараа нь танилцуулсан байна.

 

4.Аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга цагдаагийн хошууч Ю.Чулуунбаатар 2016 оны 08 сарын 13-ны өдрийн “мөрдөн байцаагчийн ажлын хэсэг томилох тогтоол”-оор / 2 дугаар хх-10/  ажлын хэсэгт мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Жаргал томилогдон  ажиллаж  байгаад 2016 оны 10 сарын 02-ны өдрийн “эрүүгийн хэргийг өөр мөрдөн байцаагчид шилжүүлэх тогтоол”-оор /1 дүгээр хх-149/ тухайн хэргийг мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Жаргалаас, мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Цэрэндондовт шилжүүлж, мөрдөн байцаалтын ажиллагаа явагджээ. Энэ нь шүүгдэгчийн  өмгөөлөгч Х.Даваахүүгийн “ Цэрэндондов ажлын хэсгийн бүрэлдхүүнд томилогдоогүй тул түүний мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бүхэн ЭБШХ болон ЭХХШТХ-ийг зөрчсөн” гэсэн гомдол няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу томилогдсон, эрх бүхий албан тушаалтнууд хийж гүйцэтгэсэн, мөрдөн байцаалтын шатанд хийсэн ажиллагаа, цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хуулийн дагуу авагдсан учир анхан шатны шүүх  тухайн нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

5. Хасбанкны 2015 оны 11 сарын 30-ны өдрийн  №1040017101 зээлийн гэрээний үлдэгдэл 888.888 төгрөг, 2015 оны 04 сарын 20-ны өдрийн №1040015187 зээлийн гэрээний үлдэгдэл 49.599.997 төгрөгийн 50 хувь болох 24.799.998 төгрөг, оршуулганы зардал 15.678.454 төгрөг, нийт 41.367.340 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ хэргийн улмаас хохирогч О.Хөлгөний амь нас хохирч хүнд хор уршиг учирчээ.

Талийгаач О.Хөлгөн тухайн зээлийн гэрээний үндсэн зээлдэгч мөн бөгөөд  хохирогч талаас гаргаж өгсөн оршуулганы зардлын баримтууд /1 дүгээр хх-153-154,  3 дугаар хх-15/,  Хасбанкны зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг /3 дугаар хх-18-19, 25, 26-32, 33-40/  нотлох баримтуудыг шүүх тухайн нэхэмжлэлд  хамааралтай, хуулийн шаардлага хангасан гэж дүгнэн, нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэрлэсэн байна.

Шүүх иргэний нэхэмжлэлийн  үндэслэл, нотлогдсон байдлыг харгалзан нэхэмжлэлийг шийдвэрлэх ба хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал, гэм хор учруулсны хохирлыг  гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй.

Харин тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг жич нэхэмжлэхийг, банкны зээлийн нэхэмжлэлээс 24.799.998 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байна.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Б ын эзэмшлийн 30.000.000 /гучин сая/ төгрөгийн үнэ бүхий 41.2 ам метр талбай бүхий 1 өрөө орон сууцыг мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор битүүмжилснийг анхан шатны шүүх хүчингүй болгон шийдвэрлэсэн байх ба битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосон үндэслэлээ шийтгэх тогтоолд  дурьдаагүй байна. 

 

Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааны зорилго нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршигийг арилгуулахад чиглэгддэг бөгөөд тухайн 41.2 ам метр талбай бүхий 1 өрөө орон сууц нь Д.Б ын өмчлөлийнх /нэг хүний өмч/ болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000120579 гэрчилгээгээр /2 дугаар хх-4/ тогтоогдсон, хохирол  огт төлөгдөөгүй,  шүүх шийдвэртээ хохирол нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг хангах зорилгоор шүүгдэгч Д.Б ын өмчлөлийн 1 өрөө орон сууцыг битүүмжлэхээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзлээ.

 

Гомдолд дурьдагдсан шүүх нотлох баримтын шаардага хангаагүй зүйлийг нотлох баримт гэж үзэж ,нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үнэлээгүй, мэдүүлэг шалгах ажиллагаанд оролцсон гэрчүүдийн  мэдүүлгийг  анхаарч үзээгүй, өмгөөлөгчийн  авсан фото зургийг нотлох баримтаар үнэлээгүй, туршилт хийх зайлшгүй шаардлагатай байхад хийгээгүй, Доржзандан шинжээчээр оролцоогүй, мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчийн эрхийг зөрчсөн, иргэний нэхэмжлэл 13 сая төгрөгөөр гаргасан байхад шүүх 15 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх гомдлын хувьд анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шинжээчийн №5059 дугаартай дүгнэлт болон өмгөөлөгч Н.Баярын шүүхэд  гаргаж өгсөн фото зургийг яагаад нотлох баримтаар үнэлэх боломжгүй талаар,  унадаг дугуйтай зорчигч О.Хөлгөний зорчих хэсэгт осол гарсан, хэргийн газрын үзлэгээр тогтоосон  “А” цэгийг яагаад үндэслэлтэй гэж үзсэн талаар, шинжээчийн  №130, 7230 дугаартай дүгнэлтийн талаар шинжээч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг  хэрхэн үнэлсэн, зам тээврийн ослын шалтгаан юу болох, тухайн гэмт хэрэгт хэн гэм буруутай талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 447 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “ ...Мөрдөгчийн шүүгдэгч Д.Б ын эзэмшлээс 300.000.000 /гучин сая/ төгрөгийн үнэ бүхий Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Жаргалан хотхоны 12-4 тоотод байрлах 41.2 ам метр талбай бүхий 1 өрөө орон сууцийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Д.Б д тус тус буцаан олгосугай.” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ын өмчлөлийн 30.000.000 /гучин сая/ төгрөгийн үнэ бүхий Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Жаргалан хотхоны 12-4 тоотод байрлах 41.2 ам метр талбай бүхий 1 өрөө орон сууцыг битүүмжилснийг хэвээр үлдээж, зохих журмын дагуу төлбөрт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Н.Баяр нарын гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол,  эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.БОЛОРМАА

                                        ШҮҮГЧИД                                  Б.ЗОРИГ

                                                                                          Т.БЯМБАЖАВ