Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 162

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ургийн овогт Ц-ын Г-д холбогдох эрүүгийн 2035001380159 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Ц-ын Г 2000 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын үндэсний их сургуулийн 2 дугаар курст суралцдаг, ам бүл тав, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:............

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.Г нь Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар нутагт 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр насанд хүрээгүй хохирогч С.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035001380159 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Насанд хүрээгүй хохирогч С.Б-н “...2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ...хичээл 12 цаг гээд тараад шууд гэртээ ирсэн. Тэгээд гэртээ байж байтал орой манай найз Б.П, А хоёр манай гадаа ирээд намайг дуудаж бид гурав зааланд тоглохоор болж Б.П-гийн мотоциклтой Б гэх найзынхаа гэр лүү явж байтал сумын төв гудамжинд Н.М, Ц.Г, Э нар таарч би сонин юу байцгаан гэж хэлсэн чинь Ц.Г гэх залуу над руу ирээд чи юу гэнээ гээд намайг шууд нүүрэн тус газар гараараа хоёр удаа цохиод авахаар нь би та яаж байгаа юм бэ? гээд мотоциклоосоо буугаад тэврээд авсан чинь дахиад нүүрэн тус газар баруун гараараа цохиход би ухаан балартсан. Би доош тонгойтол хөмсөг тус газар хөлөөрөө хоёр удаа өшиглөж байтал Н.Ш ах, Н багш нар ирээд салгасан юм.... ” гэх мэдүүлэг[1],

2. Насанд хүрээгүй гэрч Ч.Амин-Эрдэнийн “...С.Бг дуудаж зааланд тоглохоор Б гэх найзынхаа гэр лүү явж байтал гудамжинд Н.М, Ц.Г, Э нартай таарч С.Б тэд нар дээр очиж юу байцгаан гэж хэлтэл Ц.Г С.Бг нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиод авсан юм. Тэгээд С.Б доош тонгойтол хөлөөрөө нүүрэн тус газар нь хоёр удаа өшиглөөд авсан юм. Тэр хооронд би Б.Пгийн ахыг дуудах гээд яваад өгсөн. Тэгээд Б.Пгийн ахтай цуг иртэл хүн байхгүй байсан юм...” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч Н.Ш-ын “...2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ... 17 цагийн үед гэрээсээ гараад хашааныхаа гадна зогсож байтал гудамжинд хүүхдүүд зодолдож байх шиг байхаар нь би яваад очтол С.Бг Ц.Г гэх залуу нүүрэн тус газар нэг удаа баруун хөлөөрөө өшиглөхөөр нь би гүйж очоод юу болоод байна боль гэж хэлсэн чинь С.Бг өшиглөсөн Ц.Г гэх залуу мотоциклийн ард суугаад зугтаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Б.Н-гийн “...би яваад очтол Н.Ш гээд манай сумын олон нийтийн цагдаа тэр хүүхдүүдийг салгасан байсан. Тэгээд юу болсон гээд асуутал сургуулийн хоёр хүүхэд буюу Б гээд хүүхэд зодуулсан, хөмсөгнөөс нь цус гоожсон байдалтай байсан. Яагаад хүүхэд цохиод хаячдаг юм гэж би хэлсэн чинь Н.М гээд хүүхэд юу ч болоогүй багшаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Б.А-ын “...2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр жижүүр эмчийн ээлжинд гарч байсан, 18 цагийн үед манай эмнэлэг дээр зодуулсан хүүхэд ирсэн байна гэх дуудлага авч, сургуулийн насны 12 дугаар ангийн С.Б, Б.П гэсэн 2 хүүхдийг үзсэн. Тухайн үед С.Б-н хөмсөг нь задарч цус гарсан байдалтай байсан ба би хөмсгөнд нь 3 удаа оёдол тавьж цусын тогтоосон юм...” гэх мэдүүлэг[5],

6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “...Үзүүлэгч С.Б-н биед гэмтэл учирсан байна. Баруун хөмсөг язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алимны салстад, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, духны баруун хэсэгт зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 2020.09.14-ний 21 цаг 00 минутын үед үүсчихсэн байсан талаар эмчийн тодорхойлолтод бичигдсэн байна. Баруун хөмсөг язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн 599 дугаартай дүгнэлт[6],

7. Шүүгдэгч Ц.Г-ын яллагдагчаар өгсөн “...та нар миний дүү хэзээ ийм том болцон юм гээд би очоод С.Б-г нүүрэн тус газар нь хоёр удаа баруун гараараа цохиод авсан юм. Тэгээд С.Б намайг заамдаад авахаар нь би баруун гараараа нэг удаа нүүрэн тус газар нь цохиод авсан чинь С.Б нь доош тонгойхоор нь баруун хөлөөрөө С.Б-гийн нүүрэн тус газар нь хоёр удаа өшиглөсөн тэгсэн С.Б-гийн хөмсөгнөөс цус гараад байхаар нь би гэр лүүгээ яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг[7] зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Г нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутагт үл ялих зүйлээр шалтаглан насанд хүрээгүй хохирогч С.Б-г зодож, насанд хүрээгүй хохирогчийн биед “баруун хөмсөг язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алимны салстад, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, духны баруун хэсэгт зулгаралт” гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Насанд хүрээгүй хохирогч С.Б-н биед учирсан “баруун хөмсөг язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 599 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Г нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Г-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нэхэмжлээгүй болох нь насанд хүрээгүй хохирогч С.Б-н “...Надад ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй болсон...” гэх мэдүүлгээр[8] тогтоогдож байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч П.Б-гийн мэдүүлэг[9], гэрч П.Ц-ын мэдүүлэг[10], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11] зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Г эцэг, эх, хоёр дүүгийн хамт амьдардаг, Монгол Улсын үндэсний их сургуулийн 2 дугаар курст суралцдаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа ойлгож ухамсарласан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар тэнсэгдсэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ургийн овогт Ц-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Ц.Г-д тэнсэгдсэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Г-д мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ц.Г-д хяналт тавих үүргийг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д өмнө авсан Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.МӨНХЗАЯА

 

 

 


[1] хх-ийн 26-27 дугаар хуудас

[2] хх-ийн 28 дугаар хуудас

[3] хх-ийн 29 дүгээр хуудас

[4] хх-ийн 30 дугаар хуудас

[5] хх-ийн 31 дүгээр хуудас

[6] хх-ийн 40-41 дүгээр хуудас

[7] хх-ийн 59-60 дугаар хуудас

[8] хх-ийн 26-27 дугаар хуудас

[9] хх-ийн 32-33 дугаар хуудас

[10] хх-ийн 34-35 дугаар хуудас

[11] хх-ийн 64 дүгээр хуудас