Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 04

 

 

 

           Ц.Г-д холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалан, шүүгч Л.Алтан,  Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолтой Ц.Г-д холбогдох, 2035001380159 дугаартай эрүүгийн 1 хавтас хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор А.Анхбаяр нар оролцов.

Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Ц-ын Г ...... оны ..... дугаар сарын ...-ны өдөр Увс аймгийн ........ суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .......-д суралцдаг, ам бүл ...., ......-ийн хамт Увс аймгийн ...... сумын ... дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, /Регистрийн дугаар: ................/

Шүүгдэгч Ц.Г нь Увс аймгийн ....... сумын ..... дугаар нутагт 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр насанд хүрээгүй хохирогч С.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х ургийн овогт Ц.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг нэг жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар тэнсэгдсэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокуророос Ц.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллагдагчаар татсан бөгөөд тухайн яллагдагчаар татагдсан зүйл анги нь “дөрвөн зуун нэгжээс таван мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан.

Гэтэл шүүх шүүгдэгч Ц.Г-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар тэнсэгдсэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзнэ.

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах “хорих” ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх ойлголт болохоос хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт ял оногдуулахыг тэнсэж, үүрэг хүлээлгэхийг зохицуулсан зохицуулалт биш юм.

Иймд шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/162 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Ц.Г-д холбогдох,  2035001380159  дугаартай эрүүгийн хэргийг прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Увс аймгийн Прокурорын газраас Ц.Г-г  2020 оны 9 дүгээр сарын 14-ний  өдөр Увс аймгийн ....... сумын ..... дугаар багийн нутагт насанд хүрээгүй  хохирогч С.Б-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэх үндэслэлээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн,  шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ц.Г-д  холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж,    эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн  гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн  дүгнэлээ.

Хууль тогтоогч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлээр зохицуулсан ба тухайн зүйлийн 1.1 дэх хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болох”-оор хуульчилсан байна.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг хэрэглэх гол үндэслэл нь тухайн гэм буруутай этгээд гурван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулж болохоор тухайлан заасан гэмт хэрэг үйлдсэн байх, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх нөхцөл юм.

Хууль тогтоогч Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага буюу ялын төрлийг  торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял гэсэн дарааллаар тодорхойлж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал,  гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэмжээнээс хамаарч оногдуулах ялын төрөл, хэмжээг ялгамжтай тогтоосноос үзэхэд хорих ял хамгийн хүнд буюу гэмт этгээдийг цээрлүүлэх хамгийн хүнд хэлбэрийн ял байхаар хуульчилсан байх бөгөөд шүүхээс зарим тохиолдолд хорих ялыг хуульд заасан үндэслэлээр хөнгөрүүлэх, чөлөөлөх, эсхүл тэнсэх зэргээр хэрэглэх боломжтой байхаар зохицуулжээ.  

Гэтэл анхан шатны шүүх хорих ял оногдуулахаар заагаагүй буюу Эрүүгийн хуульд заасан бусад төрлийн хөнгөн ялтай гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал: Шүүгдэгч Ц.Г-ын үйлдсэн бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх , эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр заасан байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг нэг жил зургаан сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнсэгдсэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан нь дээрх хуулийн агуулгад нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчилд хамаарч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.   

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Г-д холбогдох 2035001380159 дугаартай  эрүүгийн хэргийг дахин  хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Ц.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.МӨНХЖАРГАЛ                                                   ШҮҮГЧИД                   Л.АЛТАН                                                                                                     Д.ЖАМБАЛСҮРЭн