Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 184/2017/03439/И |
Дугаар | 001/ХТ2018/01380 |
Огноо | 2018-10-12 |
Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2018/01380
Б ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/00549 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 878 дугаар магадлалтай, Б ын нэхэмжлэлтэй,
Ж д холбогдох
Нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэр төрд халдсан хэлбэр болох мэдэгдэл хийх хэлбэрээр няцаалт хийж түүнийг тараасан арга хэрэгсэл болох хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон өөрийн ашигладаг олон нийтийн сүлжээ, фэйсбүүк хуудсаар дамжуулан тарааж, уучлал гуйхыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мөнхзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж нь 2017 оны 11 сарын 06-ны өдөр Засгийн газрын ордонд хэвлэлийн бага хурал хийхдээ Б ын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд ноцтойгоор халдсан хэд хэдэн худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж, түүнийгээ фэйсбүүк хуудаст байршуулсан. Тэрээр “...Дамирангийн Энхбат гэдэг залууг Зориг агсны хэрэгт холбогдуулан Франц, Германаас унтуулдаг, нойрсуулдаг тариа хийж хулгайлж, хууль бусаар авчирсан хүн, тэр бүлэглэлийн гишүүн, төлөөлөгч хүн бол Б юм. Тагнуулын дарга С.Зоригийн хэргийг илрүүлснийхээ төлөө генерал цол хүртсэн байдаг, ...Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан хүн бол манай алдарт тагнуулч Б юм. Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх, нууцаар авч өгөх операцыг тагнуулын дарга, тухайн үед Б ыг томилсон Ч.Сайханбилэг нар Улсын Их Хуралд мэдэгдэхгүйгээр хийсэн. Сонгуулийг ашиглаж, ...Б ын бүлэглэлээс олон хүн айж, айдастай амьдардагийг би ойлгож байна. Гэхдээ аль болгон айж амьдрах юм бэ, насаараа айж амьдрах юм уу. Энэхүү мэдэгдлийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа ...Өнгөрсөн 4 жилийн турш Худалдаа хөгжлийн банкны бие төлөөлөгчөөр энэ хүн ажилласан. Ордон дотуур бичиг бариад л гүйдэг хүн байсан. Худалдаа хөгжлийн банкны бүр менежерийн ажлыг хийж гүйдэг байсан. Эрдэнэтийн 49 хувь дээр та дуугүй байгаач, битгий Д.Нямдоржтой нийлээч, Д.Нямдорж гэдэг чинь муу хүн шүү дээ гэдэг асуудлыг удаа дараа ордноор явж Улсын Их Хурлын гишүүдэд хэлдэг, ярьдаг байсан. Тагнуулын Ерөнхий Газрын дарга хувийн компанийн менежер хийж болдог юм уу, төрийн хүн Улсын Их Хурлын гишүүдэд очиж нууц баримт бичгийг дэлгэж ярьж болдог юм уу, хуулиар хориотой. Яагаад энэ хүн сүүлийн 4, 5 жил ийм ажлыг хийсэн юм бэ” гэх зэргээр огт ор үндэсгүй худал мэдээллүүдийг, ямар ч баримт нотолгоогүй Б ад хамаатуулан маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл МҮОНРТВ, ЕТВ, ТВ5, ТВ9, 25ТВ, Монгол ТВ, UВSТВ гэх мэт телевизүүд, мэдээллийн сайтууд, өдөр тутмын сонинууд, олон нийтийн сүлжээг ашиглан цацаж, Б ын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж, гутаан доромжиллоо. Түүний энэхүү мэдээлэл хийсэн зорилгыг мэдэхгүй ч иргэн Б ын нэр хүндийг ямар ч баримт нотолгоогүй гутаахаар оролдсон зохисгүй үйлдэл байна. Нэр төр бол хүний Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй чөлөөтэй байх эрхийн баталгаа, Хүний нэр төрийг доромжилж болохгүй. Хүний нэр төр, алдар хүндийг хүндэтгэх нь Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүрийн журамт үүрэг. Гэтэл Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж нь Б ын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг үл хүндэтгэн, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай нь холбоотойгоор худал мэдээлэл тарааж, Б ыг гүтгэж, доромжилж олон нийтэд илтэд бүлэглэлийн толгойлогч, хүн хулгайлагч, хэлмэгдүүлэгч, хувийн компанийн ажилтан, төрийн нууц задруулагч болгож гүтгэлээ. Гэтэл бодит байдал дээр Б Тагнуулын ерөнхий газрын даргын алба хашиж байхдаа Ж гийн дээр мэдээлсэн үйлдлүүдийг огт хийгээгүй, холбоогүй болно. Дамирангийн Энхбат гэдэг хүнийг хууль бусаар хулгайлсан бол Б нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу хүн хулгайлах гэмт хэрэгт буруутгагдан шийтгэгдэх байсан. Ж нь Б ыг үндэслэлгүй зүйлд гүтгээд зогсохгүй, гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж байна.
Б нь С.Зоригийн хэргийг илрүүлснийхээ төлөө биш, Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1.7, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1,15 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар батлагдсан цэргийн цол олгох журмын 2.1 дэх хэсэг, 2015 оны 182 дугаар зарлигаар батлагдсан дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 12 сарын 28-ны өдрийн 195 дугаар зарлигаар генерал цол хүртсэн. С.Зоригийн аллагатай холбоотой шүүхийн шийдвэр 2016 оны 12 сард гарсан. Б нь Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх ажиллагааг хийгээгүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллээр тэрхүү 49 хувийг Монголиан Коппер Корпорэйшн ХХК авсан гэж ойлгодог. Төрийн өмчит компанийн хувьцаатай холбоотой чиг үүрэг Тагнуулын ерөнхий газрын дарга буюу Б ын эрхэлж байсан албан тушаалын хүрээнд огт байдаггүй. Тийм ажиллагааг ч зохион байгуулах боломжгүй. Б ын бүлэглэл гэж огт байхгүй. Ж бүлэглэл, мафи зэргээр ярьж байгаа нь Б зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг толгойлдог, тийм бүлэглэлд хамаардаг мэт ойлгогдож байна. Мөн олон хүн айдастай амьдарч байна хэмээж байгаа бол айлгах, сүрдүүлэх нь гэмт хэрэг тул Б ыг мөн л гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж байна. Б ямар ч компанийн биет төлөөлөгч, менежерээр ажиллаагүй. Төрийн албаны тухай болон бусад холбогдох хууль тогтоомжоор Тагнуулын ерөнхий газрын дарга хүн тийм ажил хийх боломжгүй. Мөн Улсын Их Хурлын гишүүдэд ямар нууц баримт бичиг үзүүлж явсан хэмээж байгааг огт ойлгохгүй байна. Хэрвээ нууц баримт бичиг зохих журам зөрчин танилцуулсан бол төрийн нууц задруулсан гэмт хэрэгт холбогддог. Тэгэхээр Ж мөн л гэмт хэрэгт гүтгэж байна. Ж энэхүү асуудалтай холбоотой хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан, дээрх мэдээллийнхээ үнэн зөв гэдгийг шүүхийн өмнө нотлох үүрэгтэй. Хэрвээ нотолж чадахгүй бол Б ын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэр төрд халдсан хэлбэр болох мэдэгдэл хийх хэлбэрээр няцаалт хийж, түүнийг тараасан арга хэрэгсэл болох хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон өөрийн ашигладаг олон нийтийн сүлжээ фэйсбүүк хуудсаар дамжуулан тарааж, уучлал гуйхыг Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж гаас шаардаж байна.
Нэр төр сэргээлгэхтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмын онцлог тухайн хариуцагч өөрөө баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Үүнийг Иргэний хуулийн 21, 511 дүгээр зүйл заалтаар зохицуулсан. Олон нийтэд тухайн хүний талаар мэдээлэл хүргэн мэдээллийг нэхэмжлэгч нь өөрийн нэр төрд халдсан гэж үзсэн тохиолдолд шүүхэд хандах бөгөөд энэ тохиолдолд хариуцагч шүүхийн өмнө надад ийм баримтууд байсан учраас би ингэж ярьсан, баримт нь энэ байна гэж мэтгэлцдэг. Гэтэл өнөөдөр бүх мэдэгдлээ хийчихээд дараа нь шүүхэд ирээд нэхэмжлэгчээс тайлбар авна, та нар тийм зүйл болсон эсэх талаар бидэнд мэдэгдээч гэж байгаа. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.9, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т тус тус заасны дагуу нийтэд мэдээлэхдээ баримтуудыг өөрөө цуглуулаад баримтад тулгуурлан мэдээлэх үүрэгтэй. Гэтэл ярьсныхаа дараа баримт цуглуулж, ярьсан зүйлээ нотлох гэж байгаа нь буруу. Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.9, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Б ын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэр төрд халдсан хэлбэр болох мэдэгдэл хийх хэлбэрээр няцаалт хийж, түүнийг тараасан арга хэрэгсэл болох хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон өөрийн ашигладаг олон нийтийн сүлжээ фэйсбүүк хуудсаар дамжуулан тарааж, уучлал гуйхыг хариуцагч Ж д даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Юуны өмнө Улсын Их Хурлын гишүүн Ж нь Б тай холбоотой асуудлаар ямар нэг ор үндэсгүй зүйлийг өөрөө зохиож, хувийн хандлагаар мэдээлээгүй бөгөөд олон жил хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд илэрхий болсон, нийгмийн зүгээс байнга харддаг, тодорхой болгохыг шаарддаг үйл баримтыг Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хүрээнд Нийтийн сонсголын хуулийн дагуу томилгооны сонсгол хийж, нэхэмжлэгчийн талаарх нийгэмд үүссэн сөрөг мэдээллийг тодорхой болгох, олон нийтээр хэлэлцүүлж нээлттэй байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр сууринаас хандаж ярьсан. Нэхэмжлэгч “...Дамирангийн Энхбат гэдэг хүнийг хууль бусаар хулгайлсан бол миний бие Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу хүн хулгайлах гэмт хэрэгт буруутгагдан шийтгэгдэх байсан. Ж намайг зөвхөн үндэслэлгүй зүйлд гүтгээд зогсохгүй гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж байна” гэжээ. Энэхүү мэдээлэл нь олон жил яригдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд ил болсон, хардлага, хариуцлага яригддаг мэдээлэл гэдгийг дахин дурдмаар байна. Дээрх асуудлаар талийгаач Д.Энхбатын гэр бүл, үр хүүхдүүдээс удаа дараа гомдол гаргаж, шийдвэрлэж өгөхийг хүссэн бөгөөд түүнийг нь Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд хүлээлгэж өгсөн. Тухайн хэрэгтэй холбоотойгоор Б нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга байхдаа 2010 оны 09 сарын 17-ны өдөр Их Британийн нисэх онгоцны буудлаас тусгай албаныханд баривчлагдаж 10 гаруй сар саатуулагдсан байдаг бөгөөд түүний хэргийг 2011 оны 02 сарын 03-ны өдөр Английн Вестминстерийн магистратын шүүх анхан шатны журмаар, мөн оны 06 сарын 23-24-ний өдрүүдэд Уэльсийн дээд шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн. Хүний эрхийг дээдэлдэг, хуулийг чандлан сахидаг улсын хууль, шүүхийн байгууллага ямар ч шалтгаангүй Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтныг барьж хорьж, шалгана гэж байхгүй хэмээн үзэж байна. Дээрх үйл баримт болсон эсэхэд хэн ч эргэлзэхгүй, шүүх, хэргийн оролцогчдод илэрхий, нэхэмжлэгч өөрөө ч хүлээн зөвшөөрдөг, нийтэд илэрхий үйл баримт тул түүнийг дахин нотлох шаардлагагүй юм. Түүнчлэн нэхэмжлэлд “Тагнуулын дарга С.Зоригийн хэргийг илрүүлснийхээ төлөө генерал цол хүртсэн байдаг хэмээн гүтгэсэн” гэжээ. С.Зоригийн хэрэг бол зөвхөн миний төдийгүй маш олон хүмүүсийн, хуульчдын эргэлзээг төрүүлсэн хэрэг бөгөөд энэ талаар нийгэмд олон таамаглал, үзэл бодол, ойлголтын зөрүү байдаг. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ талаар маш ноцтой мэдэгдлүүд хийсэн. Хамгийн сүүлд гэхэд л С.Зоригийн хэрэгт шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр нь Тагнуулын ерөнхий газар ажилтан байсан хүнийг оруулсан гэдгийг Засгийн газрын хуралдаан дээр танилцуулсан. Б нь 2014 оны 12 сард Тагнуулын ерөнхий газрын даргаар томилогдсон бөгөөд түүний дараа С.Зоригийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч прокурорт шилжүүлсэн байдаг. 2015 оны 12 сард бригадын генерал цолыг алгасч хошууч генерал цол хүртсэн. Дээрх үйл явдал цаг хугацааны хувьд давхцаж, шалтгаант холбоо байх хардлагыг төрүүлж байгаа болно. Мөн “...Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх ажиллагааг хийсэн хэмээн гүтгэсэн гэсэн” байна. Тэгвэл яг энэ асуудлаар 2017 оны 11 сарын 20-ны өдөр даваа гарагийн 21 цагаас С1 телевизээр гарсан Цензургүй яриа нэвтрүүлэгт сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай ярилцахдаа Эрдэнэтийн 49 хувийн талаар Оросын төлөөлөлтэй уулзсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн “олон хүн айдастай амьдарч байна хэмээж байгаа бол айлгах, сүрдүүлэх нь гэмт хэрэг тул намайг мөн л гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж байна” гэжээ. Улсын Их Хурлын нээлттэй сонсголын үеэр Б албан тушаалаа далайлгаж бусдыг хэрхэн дарамталж, айлган сүрдүүлж байсныг Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого хяналтын газрын Эрсдлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсийн дарга асан Д.Энхбат, Тагнуулын Ерөнхий Газрын сөрөг тагнуулын хэлтсийн дарга асан Д.Цогтбаатарын өмгөөлөгчийн мэдүүлгээс үзэж болно.
Тагнуулын ерөнхий газрын сөрөг тагнуулын хэлтсийн дарга асан Д.Цогтбаатар хоригдож байхдаа 2014 оны 05 сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбатад хандсан ил захидал, түүнчлэн Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого хяналтын газрын Эрсдлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсийн дарга асан Д.Энхбатын Өдрийн сонин-д өгсөн ярилцлага дээр тов тодорхой ярьсан байдаг. Мөн энэ баримтууд нь өмнө нь тараагдсан, нийтэд илэрхий баримтууд болно. “...Миний бие ямар ч компанийн бие төлөөлөгч, менежерээр ажилладаггүй. Төрийн албаны тухай болон бусад холбогдох хууль тогтоомжоор Тагнуулын ерөнхий газрын дарга хүн тийм ажил хийх боломжгүй. Мөн Улсын Их Хурлын гишүүдэд ямар нууц баримт бичиг үзүүлж явсан хэмээж байгааг огт ойлгохгүй байна. Хэрвээ нууц баримт бичиг зохих журам зөрчин танилцуулсан бол төрийн нууц задруулсан гэмт хэрэгт холбогддог. Тэгэхээр ...мөн л гэмт хэрэгт гүтгэж байна” гэжээ. Б нь Худалдаа хөгжлийн банкыг төлөөлж Эрдэнэтийн 49 хувийн талаар Оросын төлөөлөлтэй уулзсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг гэдгийг дээр дурдсан. Түүнчлэн нэхэмжлэгч Б ыг МИАТ ХК-тай холбоотой, түүнийг далдаас удирддаг, тагнуулд хамт ажиллаж байсан хүн, найз, хамаатан саднаа МИАТ-ын удирдлагад оруулдаг, эхнэрийнхээ компанийн бизнесийг МИАТ-аар дамжуулж хийдэг талаарх мэдээллүүд мөн л хэвлэлээр удаа дараа цацагдсан, нийтэд илэрхий үйл баримтууд юм. Харин Улсын Их Хурлын гишүүдэд үзүүлсэн нууц баримт бичгийн хувьд энэ нь Төрийн нууцтай холбоотой тул тайлбар өгөх боломжгүй болно. Дээрх бүх үйл баримтууд нь шүүхэд болон хэргийн оролцогчдод илэрхий болсон эсэхэд нь хэн ч эргэлзэхгүй, нийгэм улс төрийн амьдралын үйл явдлууд ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан нийтэд илэрхий үйл баримтууд хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой тул хариуцагчийн зүгээс нотлох шаардлагагүй гэж үзэж байна. Мөн хариуцагч нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасан бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутаасан мэдээ тараагаагүй гэж үзэж байна. Учир нь дээрх мэдээнүүд олон жил хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд илэрхий болсон, нэгэнт тараагдсан мэдээнүүд байсан. Харин хариуцагч түүнийг Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хүрээнд Нийтийн сонсголын хуулийн дагуу томилгооны сонсгол хийж, нэхэмжлэгчийн талаарх нийгэмд үүссэн сөрөг мэдээллийг тодорхой болгох, олон нийтээр хэлэлцүүлж нээлттэй байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр сууринаас асуудалд хандсан болохоос нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутаах зорилго огт агуулаагүй болно. Иймд Б ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/00549 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б ын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл буюу мэдэгдэл, хэвлэлийн хурал, хариуцагчийн өөрийн ашигладаг нүүр ном /фэйсбүүк/ хуудсаар няцаалт хийхийг хариуцагч Ж д даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас уучлал гуйхыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж гаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ад олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 878 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/00549 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 878 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалын Хянавал хэсэгт "... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Улсын ерөнхий прокурорын газраас нэхэмжпэгч Б ад генерал цол хэрхэн олгосон эсэх талаарх мөн С.Зоригийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хаагдсан талаар, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын эстминстерийн магистратын шүүх, Англи Уэльсийн Дээд шүүхээс Б ыг ямар хэрэгт холбогдуулан баривчлан саатуулж хорьсон, ямар байгууллагын шийдвэрээр сулласан, уг хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн эсэх, одоо ямар шатанд байгаа талаарх лавлагаа гаргуулах хүсэлт нь иргэний талаар бодит байдалд нийцсэн үнэн зөв мэдээ мэдээлэл хүргэх хуулийн зохицуулалттай нийцэхгүй байх ба шүүхээс уг хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна." гэж дүгнэжээ. Харин тус магадлалд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн хэрэгт хамаарал бүхий 5 видео бичлэгтэй флаш, нийт 37 хуудас интернет сайтуудын мэдээ бүхий нотлох баримт болон уг нотлох баримтуудад үзлэг хийлгэх хүсэлт болон уг нотлох баримтыг шүүх хуралдааны явцад судлаагүй талаар огт дурдалгүй, дүгнэлгүй орхигдуулсан байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлд заасан “Шүүхийн өмнө эрх тэгш байх”, “Мэтгэлцэх” зарчмыг бүхэлд нь ноцтойгоор алдагдуулсан болно. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.3-т “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ”, 6.4-т “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно”, 6.5-т “Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” хэмээн тус тус заасныг зөрчиж шийдвэр гаргасан. Мөн хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт бүрэн цуглуулаагүй, зарим баримтыг шүүх санаачлагаараа нотлох баримтаар үнэлэхээс татгалзаж нэг талаас гаргасан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн тул дараах үндэслэлүүдээр хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй гэж үзэж байна. Үүнд:
1. Хариуцагч тал 2018 оны 02 сарын 08-ны өдөр анхан шатны шүүхэд хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий 5 видео бичлэгтэй нэг флаш /8СВ/, мөн нийт 37 хуудас интернет сайтуудын мэдээ бүхий нотлох баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд 2018 оны 02 сарын 12-ны өдрийн шүүх хурал дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг үндэслэн дээрх нотлох баримтуудад хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах, тухайн мэдээллүүд цахим хуудсуудад тавигдсан эсэхийг бэхжүүлэхийн тулд үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх ямар нэг тайлбаргүйгээр хүсэлтийг хангаагүй бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх огт дүгнээгүй болно. Тодруулбал, шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн гүтгэсэн гэх дүрс бичлэгт үзлэг хийж нотлох баримтаар бэхжүүлсэн боловч хариуцагч талаас гаргасан гүтгэсэн гэх Европын холбооны улсад баривчлагдсан, хоригдсон, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар ТЕГ-ын даргын албан үүрэг гүйцэтгэж байхдаа ямар нэг албан даалгаваргүйгээр ОХУ-ын талтай уулзсан гэж хариуцагч биш харин эсэргээрээ нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч ярьсан бичлэгийг хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гарган өгч бичлэгийн аль аль хэсэгт ямар баримт байгаа талаар тодруулан өгсөөр байхад үзлэг хийхээс татгалзсан болно. Мөн дээрх бичлэгт гүтгэсэн гэх асуудлын талаар болон гүтгэсэн гэх асуудал нь бодит байдал дээр болсон үйл явдал болохыг нотолсон бусад этгээдийн ярьсан баримтыг гаргаж өгсөн боловч анхан шатны шүүх үзлэг хийхээс татгалзсан. Уг бичлэгт үзлэг хийснээр маргаж буй гүтгэсэн гэх хэд хэдэн асуудлын ихэнх хэсгийг нэхэмжлэгч Б өөрөө хүлээн зөвшөөрч ярьсан болох нь тогтоогдох бөгөөд улмаар нэхэмжлэгчийн гүтгэсэн гэх үндэслэл няцаагдах байсан юм. Эдгээрээс анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-д заасан үүрэг, мөн хуулийн 25.1.3, 48.1-т заасан эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Түүнчлэн нэхэмжлэгч талын хүсэлтээр бичлэгт нь үзлэг хийж бэхжүүлсэн боловч хариуцагч талын бичлэгт үзлэг хийхээс татгалзсанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 зүйлд заасан “Шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг ноцтойгоор алдагдуулсан бөгөөд цаашилбал мөн хуулийн 6.3 дах “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ”, 6.4 дэх “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Дээр дурдсан үзлэг хийлгэх хүсэлт гаргасан нотлох баримтууд ямар агуулгатай байсныг товч дурдвал бичлэгийн хувьд нэхэмжлэгч Б ын оролцож, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хууль сахиулах байгууллагын ажилтнуудад баривчлагдаж, шүүгдсэн, мөн Эрдэнэтийн 49 хувийг ХХБ-нд шилжүүлэхийн тулд Оросын талтай уулзсанаа хүлээн зөвшөөрсөн түүний ярилцлагатай “Цензургүй яриа” нэвтрүүлгийн бичлэг, түүнчлэн Б ад дарамтлуулсан гэх Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого хяналтын газрын Эрсдлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсийн дарга асан Д.Энхбат, Тагнуулын ерөнхий газрын сөрөг тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарын өмгөөлөгч, мөн С.Зориг агсаны хэрэгт шүүгдэгчдийн ар гэрийнхний ярилцлагатай бичлэгүүд байсан болно. Харин 37 хуудас бүхий интернет цахим хуудасны мэдээллүүдийн хувьд иргэн Д.Энхбат агсаныг Франц улсаас хулгайлан авчирсан талаарх нийтэд илэрхий баримтууд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн ярилцлага, мөн нэхэмжлэгчид дарамтлуулсан гэх хүмүүсийн ярилцлага, нийтлэл зэрэг хэргийг бодит үнэнийг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд байсан юм.
2. Мөн хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6, 39.1, 39.2-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Б ын хэргийг хянасан Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Вестминстерийн магистратын шүүх, Англи Уэльсийн Дээд шүүхээс 2011 оны 02 сарын 03, мөн 2011 оны 06 сарын 23-24-ний өдрүүдэд болсон шүүх хурлын Монгол Улсын иргэн Б ыг ямар хэрэгт холбогдуулан баривчлан саатуулж хорьсон, ямар эрх бүхий байгууллагын шийдвэрээр сулласан, уг хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн эсэх, одоо ямар шатанд байгаа талаарх баримт, лавлагааг гаргуулж авах тухай хүсэлтийг гаргасан юм. Гэтэл энэхүү хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлээгүй болно. Хариуцагчийн хувьд дээрх хүсэлтийг шүүх ханган шийдвэрлэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Хэдийгээр Монгол Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байхгүй боловч 1976 оны Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хоорондын консулын конвенцийн хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.2-т заасны дагуу дипломат шугамаар Гадаад харилцааны яам, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан баримтыг гаргуулах боломжтой байсан. Энэхүү хүсэлт нь хэрэгт чухал ач холбогдолтой бөгөөд дээрх нотлох баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, уг нотлох баримтыг бүрдүүлэхгүйгээр хариуцагч нь нэхэмжлэгчийг гүтгэсэн, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан эсэхийг тогтоох аргагүй ба хэргийг бүхэлд нь үнэн зөв, бодитойгоор шийдвэрлэх боломжгүй байсан гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч өөрөө Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хууль сахиулах байгууллагын ажилтнуудад баригдан хоригдож, хоёр шатны шүүхээр шүүгдсэн гэдгээ зөвшөөрсөн байдаг. /Хариуцагчаас гаргаж өгсөн "Цензургүй яриа” нэвтрүүлгийн бичлэгт бичигдсэн байсан/.
Мөн хариуцагчаас гаргаж өгсөн цахим хуудсуудад гарсан мэдээллүүд болон нийтэд илэрхий баримтуудаас харахад нэхэмжлэгч нь хүн хулгайлах гэмт хэрэгт шалгагдсан гэж ойлгогдож байгаа. Хариуцагч өөрийн тайлбарыг мөн адил цахим хуудсуудад тавигдсан 37 хуудас бүхий баримтаар нотолсон боловч анхан шатны шүүх уг баримтыг үнэлж үзээгүй. Анхан шатны шүүх албан ёсоор нийтэлсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичигдсэн зүйлийг нотлох баримт биш гэж үзэж байгаа бол, мөн уг асуудал маргаантай бол Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Вестминстерийн магистратын шүүх, Англи Уэльсийн Дээд шүүхээс нэхэмжлэгч Б ыг шалгасан хэргийн талаарх лавлагаа авснаар зохигчдын хэн нь худал, үнэн ярьж буйг тогтоох цорын ганц боломж байсан юм. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтгүйгээр хариуцагч талын хэлсэн, бичсэнээр хэргийг хянан шийдвэрлэж шийдвэр гаргасан нь хэргийн бодит байдлыг тогтоогоогүй бөгөөд давж заалдах шатны шүүх үүнийг дүгнэж үзээгүй болно.
3. Нэг зүйлийг нэмж хэлэхэд Улсын дээд шүүхийн 2017 оны 01 дугаартай зөвлөмжид "... Нотлох баримт бүрдүүлэх талаар хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ шүүх дараах байдлыг анхаарна.
а. Нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй байдал, учир шалтгааныг тодруулж, тогтооно.
б. Нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харгалзана. Гэхдээ энэ дүгнэлтийг шүүх хийхдээ хэргийн оролцогчдын эрх хязгаарлагдаж, мэтгэлцэх зарчим зөрчигдөх эсэхийг анхаарах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, зохигчдын маргаанд илтэд хамааралгүй, ач холбогдолгүй хүсэлт байхыг үгүйсгэхгүй” гэж тусгасан байна. Нотлох баримтыг хаа нэг газраас гаргуулна гэдэг нь шүүгч ч тэр, зохигчид ч тэр тухайн нотлох баримтыг хараагүй, үзээгүй байдаг тул шүүгчээс шууд хэрэгт хамааралгүй гэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь учир дутагдалтай. Зүй нь, ямар утга агуулгатай баримт вэ, үүгээрээ юуг, ямар нөхцөл байдлыг, үйл баримтыг нотлох гээд байгаа юм бэ гэдгийг хүсэлт гаргагч тал болон бусад оролцогчдоос тодруулсны үндсэн дээр хүсэлтийг шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Түүнчлэн Улсын дээд шүүхийн 2017 оны 01 дугаартай зөвлөмжид “Эрхийг нь хязгаарласан, боломж олгохгүй атлаа нотлох баримтаа гаргаагүй, нотлоогүй гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасантай нийцэхгүй" гэсэн байгааг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарах ёстой байсан. Энэхүү хяналтын шатны гомдлоо бичихдээ давж заалдах болон хяналтын шатны шүүхээс “...нотлох баримт гаргуулах нэхэмжлэгч /хариуцагч/-ийн хүсэлт үндэслэлтэй байсан байна. Тэрхүү нотлох баримтыг авалгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна” гэсэн агуулгаар хүчингүй болсон олон шийдвэр, магадлалд дүн шинжилгээ хийсэн гэдгээ энд дурдах нь зүйтэй болно.
Эцэст нь дүгнэж хэлэхэд дээр дурдсан хяналтын гомдлын үндэслэлүүд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа анхнаасаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжээгүй, хэт нэг талыг барьсан, шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчим алдагдсан, хариуцагч талд нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзлын үндэс болох нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах боломж олгоогүй, хариуцагчийн хуулиар олгосон хүсэлт гаргах, үзлэг хийлгэх эрхийг хангаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн болохыг харуулж байгаа болно. Дээрх үндэслэлийг нэгтгэн дүгнэвэл давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 сарын 09-ний өдрийн 878 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Ингэхдээ дээр дурдсан баримт нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай тул хариуцагчид өөрийн тайлбарыг нотлох боломж олгож, эдгээр баримтын талаар тогтоолдоо тусгаж өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжпэгч Б нь хариуцагч Ж д холбогдуулан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэр төрд халдсан хэлбэр болох мэдэгдэл хийх хэлбэрээр няцаалт хийж, түүнийг тараасан арга хэрэгсэл болох хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон өөрийн ашигладаг олон нийтийн сүлжээ фэйсбүүк хуудсаар дамжуулан тарааж, уучлал гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...ямар нэг ор үндэсгүй зүйлийг өөрөө зохиож, хувийн хандлагаар мэдээлээгүй, ... гишүүний бүрэн эрхийн хүрээнд томилгооны сонсгол хийж, ...олон нийтээр хэлэлцүүлж нээлттэй байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр сууринаас хандаж ярьсан” тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б ын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл буюу мэдэгдэл, хэвлэлийн хурал, хариуцагчийн өөрийн ашигладаг нүүр ном /фэйсбүүк/ хуудсаар няцаалт хийхийг хариуцагч Ж д даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас уучлал гуйхыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх “...хариуцагчийн тараасан мэдээ, мэдээлэл нь бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг нотолж чадаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт заасантай нийцсэн” гэж дүгнэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.
2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын ордонд хариуцагч Ж нь хэвлэлийн хурал хийсэн, уг хуралд нэхэмжлэгчтэй холбоотой мэдээллийг хийсэн тухайд зохигчид маргаагүй, харин дээрх мэдээлэл нь бодит байдалд нийцсэн эсэх, хариуцагчийн тараасан мэдээ, мэдээлэл нь нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан эсэх талаар маргасан байна.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Иргэний нэр, нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж зохицуулжээ.
Шүүх эдийн бус баялгийн эрх зөрчигдсөн, гэм хор учирсан гэсэн үндэслэлээр гарсан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд зохигчдын нотолгооны үүргийн хуваарилалтад анхааралтай хандах нь маргааны үйл баримтыг үндэслэл бүхий тогтооход чухал ач холбогдолтой юм.
Хариуцагч нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар өөрийн буруугүй гэдгээ нотлохын тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар гаргасан хүсэлтийг шүүх хангаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.
Хэрэгт хамаарал бүхий 5 видео бичлэгтэй нэг флаш /8СВ/, мөн нийт 37 хуудас интернет сайтуудын мэдээ бүхий нотлох баримтуудыг хариуцагч шүүхэд ирүүлж, үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан байна. Анхан шатны шүүх энэ хүсэлтийг хангаагүй үндэслэл нь ойлгомжгүй, нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн дүрс бичлэгт үзлэг хийж нотлох баримтаар бэхжүүлсэн байх тул шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын тэгш байдлын зарчмыг алдагдуулсан, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.4 заасан зарчмыг хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж дүгнэх боломжгүй байна.
Хариуцагч өөрийн гэм буруугүй гэдгээ нотлох зорилгоор шүүхэд гаргасан хүсэлтүүдийг анхан шатны шүүх хангаагүй атлаа хариуцагчийг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар буруугүй гэдгээ нотлоогүй гэж буруутган, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзнэ.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/00549 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 878 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаярын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН