Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 0349

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан хийж, Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 5 удаа ял шийтгэл эдэлж байсан Б.Э

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Э-г эдлээгүй үлдсэн 01 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, хяналт тогтоосон хугацаандаа буюу 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “Теди” төвийн лангуун дээрээс “айпоне 7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Н.А-д 530.000 төгрөгийн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр жаахан архи уучихсан явж байгаад өөртөө байсан ажилладаггүй гар утсыг Теди төв дээр сэлбэгт зарах гээд лангууны хүмүүсээс сэлбэгийн утас авах уу? гээд асуугаад тойроод явж байгаад нэг эмэгтэйд нөгөө утсаа үзүүлсэн чинь авахгүй гэсэн. Тэгээд миний гар утсыг өөрийнхөө лангуун дээр утсан дээрээ давхарлаад тавьчихаар нь өөрийнхөө муу утастай хамт нөгөө эмэгтэйн гар утсыг авч гараад Үйлчилгээний төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг гар утас засварын хүнд 20.000 төгрөгөөр барьцаанд тавьж мөнгөөр нь архи уусан. Надаас тэр утсыг авсан хүн айпоне-7 маркийн гар утас байна гэж байсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Н.А мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн... Би “Теди” төвд лангуу түрээсэлдэг. 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр лангуун дээр ажлаа хийж байгаад өөрийн айпоне-7 маркийн гар утсаар тоо бодож байгаад лангуун дээрээ тавьчхаад эргэж хараад юм хийж байгаад харахад миний гар утас алга болсон байсан. Би дугаарынхаа үнийг нэхэмжлэхгүй, мобикомоос эхний удаа үнэгүй сэргээчихдэг юм... алдсан утсаа буцааж олж авсан тул цаашид гаргах гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5-р хуудас/

-Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “....надад зургийг нь харуулж байгаа хүнийг би танихгүй. Гэхдээ энэ залуу надад 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр айпоне-7 маркийн хар өнгийн гар утас зарсан. Гар утас зарахдаа бага зэрэг архи уучихсан, халамцуу ганцаараа орж ирээд сэлбэгийн утас авах уу гэж асуусан. Ямар утас байгаа юм гэхэд айпоне байна гээд хар өнгийн утас гаргаж ирээд манай эгчийн утас байгаа юм, сэлбэгт өгнө. 20.000 төгрөгт өгнө гэхээр нь үзсэн чинь дэлгэцийг нь ашиглаж болохоор утас байсан. Уг утас нь цэнэггүй байсан болохоор кодтой эсэхийг нь шалгаж үзээгүй, 20.000 төгрөг өгөөд авсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/

“Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 20/39 дугаартай...гар утасны үнэ 530.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 16-18-р хуудас/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 35, 37-р хуудас/

-Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаартай магадлалын хуулбар /хх-ийн 48-49-р хуудас/

-Шүүгдэгч Б.Э-ийн яллагдагчаар мэдүүлсэн “...Тэр өдөр архи уучихсан явж байгаад өөртөө байсан ажилладаггүй гар утсыг Теди төв дээр сэлбэгт зарах гээд лангууны хүмүүсээс утас авах уу гээд асуугаад тойроод явж байгаад нэг эмэгтэйд утсаа үзүүлсэн чинь авахгүй гэсэн. Тэгээд миний гар утсыг өөрийнхөө утсан дээр давхарлаад тавьчихаар нь өөрийнхөө утастай хамт нөгөө эмэгтэйн гар утсыг хамт авч гараад үйлчилгээний төвийн нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг гар утас засварын хүнд 20.000 төгрөгөөр барьцаанд тавьж архи авч уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах / хх 33 хуудас/

-Б.Э-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 21, 23-24-р хуудас/ зэрэг болно.

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Б.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “Теди” төвийн лангуун дээрээс “айпоне 7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Н.А-д 530.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Хохирол төлөгдсөн, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 сар 14 хоногийн ялыг нэмж нийт 1 жил 7 сар 14 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 107 хоногийг эдлэх ялд оруулан тооцох саналтай байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: “ЭХТА-ийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Эрдэнэсүрэнг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын хэмжээ, хохирлоо төлсөн зэргийг харгалзан үзлээ.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.Э тус шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний 237 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн   тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, ялаа эдэлж байгаад Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаартай магадлалаар 1 сар 14 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул эдлээгүй үлдсэн 1 сар 14 хоногийн ялыг Эрүүгийн хуульд заасан журмын дагуу оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн шийдвэрлэлээ.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч гар утсаа буцаан авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх бөгөөд энэ тухай тайлбар /хх-ийн 56-р хуудас/-т авагдсан. Мөн иргэний нэхэмжлэгчид 20,000 төгрөг төлөгдсөн тухай баримт /хх-ийн 37 хуудас/-т тус тус авагджээ. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, 107 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.