Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2022/0410

 

 

 

 

 

 

 

 

         Х.Я-ын - нэхэмжлэлтэй,

     захиргааны хэргийн тухай

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Ц.О, Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах”,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 273 дугаар,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.Я-д ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М,

Хариуцагч Ц.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, Ш.У, Б.Г, Ж.Ч,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М,

Хэргийн индекс: 128/2022/0037/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Я-д нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Ц.О -т холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 273 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 17 дугаар зүйлийн 17.1.6, 18 дугаар зүйлийн 18.7.1, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найргуулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Я-ын - нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ц.О-ийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож, 2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль зүйн алдаатай дүгнэлт өгсөн.

3.2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5 дугаар заалтад “ ... хяналт шалгалтын улсын байцаагч нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлт, иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлын дагуу улсын бүртгэлийн үйл аижплагаанд хяналт шалгалт хийж, хяналт шалгалтаар илэрсэн тодорхой нөхцөл байдлыг нэг бүрчлэн тусгаж, зөрчил гаргасан этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаарх санал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх асуудлыг тусгасан улсын байцаагчийн дүгнэлт үйлдэхээр, энэ тохиолдолд тодорхой нөхцөл байдлыг тогтоож, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргах агуулгатай байна.” гэж дүгнэсэн мөртлөө үндэслэх хэсгийн 9 дүгээр заалтад “ ... улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч нь бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт бичих эрхтэй ба харин улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга буюу улсын бүртгэлийн ерөнхий байцаагч нь улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох бүрэн эрхтэй байна. Дээрхээс үзэхэд хариуцагч улсын байцаагч нь хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчиж, хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлж, өөрт тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргасан байх тул дээрх захиргааны актыг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна.” гэж дээр дурдсан дүгнэлттэйгээ зөрчилдсөн, алдаатай дүгнэлт хийсэн.

3.3. Өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Хяналтын улсын ахлах байцаагч болон хяналтын улсын байцаагч нь Засгийн газрын баталсан Улсын бүртгэлийн хяналтын дүрэмд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 47 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Улсын бүртгэлийн хяналтын дүрэм” /ЗГ-ын 2020 оны 31 дүгээр тогтоолоор хүчингүйд тооцсон/-ийн 2.1.3-т “Улсын бүртгэлийн ерөнхий хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, тухайн баримт бичигтэй холбоотой бусад баримт сэлтийг акт үйлдэн хураан авч зохих журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох тухай дүгнэлт гаргах;” гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;” гэж тус тус зааснаар хяналтын улсын байцаагчид улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчиж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох эрх олгогдсон бөгөөд өнөөдрийг хүртэл бүртгэлийн зөрчлийг шалган бүртгэл хүчингүй болгосон хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хуульд нийцсэн, хууль ёсны захиргааны акт болох талаар Захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр болж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад шүүх Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын бүрэн эрх болох 17.1.6-д ”улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;” гэсэн заалтад хамааруулан явцуу, бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

3.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12 дахь заалтад “Гэтэл хариуцагч нь хяналт шалгалтын явцын талаар тэмдэглэл үйлдээгүй, холбогдох бүртгэлийн ажилтнаас тайлбар аваагүй, хяналт шалгалтын дүнг хяналт шалгалтыг нэгжийн даргад илтгэх хуудсаар танилцуулаагүй байх ба ... зөвхөн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээлэл, улсын бүртгэлийн архивын баримтыг үндэслэн маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь дээрх журмыг зөрчсөн ...” гээд мөн “ ... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэсэн зарчмыг зөрчсөн гэж дүгнэсэн байх ба хяналтын улсын байцаагч миний бие нь хуулийн нотлох баримтад үндэслэх зарчмыг баримтлан иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээлэл, улсын бүртгэлийн архивын баримтад тулгуурлан дүгнэлт гаргасан бөгөөд шүүхийн энэхүү дүгнэлт нь өмнөх дүгнэлтээ үгүйсгэсэн болохыг дурдаж байна.

3.5. Ц.О миний бие нь бүртгэл хүчингүй болгох тухай 2021 оны 5686 дугаартай дүгнэлтийг иргэн Т.Г-ын гомдлын дагуу Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журмын 20 дугаар бүлгээр журамласан иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалтын ажиллагаа хийж, нөхцөл байдлыг тогтоон үйлдсэн байхад шүүх уг журмын 7, 8, 9 дүгээр бүлэгт заасан төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн хяналт шалгалтын дүнг танилцуулахаар журамласан 11.1-д “Хяналт шалгалтын дүнг тухайн хяналт шалгалтыг хийж дууссанаас хойш ажпын 5 өдөрт багтаан улсын ерөнхий байцаагч, хяналт шалгалтын нэгжийн даргад энэ журмын 13.1-д заасан илтгэх хуудсаар танилцуулна.” гэсэн заалтыг зөрчсөн гэж буруу тайлбарлажээ.

3.6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14 дэх заалтад “... Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд иргэний улсын бүртгэлийн төрөлд гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгох заалт тусгайлан тусгагдаагүй , харин гэрлэсний, гэрлэлт дуусгавар болсны, гэрлэлт сэргээсний бүртгэл хамаарахаар зохицуулсан, харин иргэний улсын бүртгэлийг хүчингүй болгоход Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн заалт хэрэглэгдэхээр байна” гэсэн байх ба үндэслэх хэсгийн 10 дахь заалтаар хариуцагчийн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан, хуульд нийцсэн, хууль ёсны шийдвэр гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн нь Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Улсын бүртгэгч нь иргэний улсын бүртгэлийг хүчингүй болгох бол шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн бүртгэнэ.” гэж заасантай харин нийцэж байгааг үгүйсгэсэн байна.

3.7. Үүнээс гадна шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хяналтын улсын байцаагчид олгогдсон бүртгэл хүчингүй болгох эрхийг тогтоосон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг баримталсан нь үндэслэх хэсгийн хууль зүйн дүгнэлттэй зөрчилдсөн байх ба энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэнтэй нийцээгүй.

3.8. Шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

3.9. Шүүх         хуралдаанд гэрчээр улсын бүртгэгч Б.Д, улсын бүртгэгчээр ажиллаж байсан Г.Б нарыг оролцуулсан боловч шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгийг шүүхийн шийдвэрт тусгаагүй, эрх зүйн дүгнэлт өгөөгүй бөгөөд гэрч Г.Баттулга “Нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Бат-Очирын гуйлгаар улсын бүртгэгч Э.Бат-Очир нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн цахим санд 4 дүгээр хорооны улсын бүртгэгч миний эрхээр нэвтэрч, иргэн Т.Г-ын, Х.Я-д нарын гэрлэлтийг бүртгэсэн, бүртгэсний маргааш өглөө нь би ширээн дээр байсан баримт бичгийг үндэслэн гэрлэлтийн бүртгэлийн дэвтэрт бүртгэсэн” гэсэн мэдүүлэг өгч, дээрх бүртгэл нь улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж, санаатай үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн байхад нөхцөл байдлыг бодитой үнэлж, дүгнээгүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, 34, 37, 42, 101 дүгээр заалтыг зөрчсөн.

3.10. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-д “Түүнчлэн хариуцагч нь маргаан бүхий актыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр албажуулж гаргасан атлаа иргэн Т.Г-д шийдвэр гарахаас нэг хоногийн өмнө буюу УБЕГ-ын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн огноотой 7/7178 дугаар албан бичгээр тус газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5686 дугаар дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн ... ” талаар хариу хүргүүлсэн нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй байна.” гэсэн бөгөөд энэ ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг шүүх үзлэг хийх, нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлснээр тодорхой болгох боломжтой байсан бөгөөд хариуцагч Ц.О миний шүүх хуралдаанд огноо бичилтийн алдаа байсан, цахим мэдээллийн санд 2020 оны 10 сарын 14-ний өдрөөр бүртгэлтэй байгаа талаар тайлбарласан болно. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсэгт заасан ажиллагааг хийгээгүй болно.

3.11. Шүүх үндэслэх хэсэгтээ “Монгол Улсын нэгдэн орсон “Сайн дурын үндсэн дээр гэрлэх, гэрлэх насны доод хязгаар болон гэрлэлтийг бүртгэх тухай конвенц”-ын 1 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий төлөөлөгч онцгой шалтгаантай гэж үзвэл аль нэг тал урьд өмнө эрх бүхий төлөөлөгчид хуульд заасан журмын дагуу гэрлэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн бөгөөд түүнээсээ татгалзаагүй байгаа тохиолдолд энэ зүйлийн 1 дэх хэсгийг үл харгалзан тэр тал заавал өөрийн биеэр байлцах албагүй” гэж дурдсан бөгөөд энэ заалтад заасан аль нэг тал нь өмнө нь бүртгэлийн байгуулллагад гэрлэлтээ хүлээн зөвшөөрсөн талаарх нотлох баримт хувийн хэрэгт авагдаагүй байхад хэргийг тал бүрээс нь шинжилж судлаагүй, онцгой шалтгаан гэдгийг тодруулж тогтоохгүйгээр нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн “ ... олон улсын гэрээ нь дотоодын хууль тогтоомжоос дээгүүр эрэмбийнх ...” гэж тодотгож хариуцагчийг буруутгасныг шууд дэмжиж шийдвэр гаргахдаа баримталсан нь мөн л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

3.12. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хуульд нийцүүлэн шударгаар шийдвэрлэлгүй, нэг талыг хэт барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

3.13. Шүүх “Гэрлэгсэд нь 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсад байгаагүй, гэрлэхийг хүсэгчид өөрийн биеэр ирж, иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, нэхэмжпэгч нь энэ үйл баримттай маргаагүй, мөн хариуцагч нь Иргэний бүртгэлийн тухай /1999 он/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасныг зөрчиж, гэрлэхийг хүсэгчдийг биеэр байлцуулахгүйгээр гэрлэлтийг бүртгэсэн буруутай” гэж дүгнэсэн атлаа маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6-д заасныг зөрчсөн гэж үзсэн нь нэхэмжлэгчийн талыг баримталсан шийдвэр, нөгөөтэйгүүр шүүхийн шийдвэрт нэхэмжпэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн тайлбарыг бүрэн гүйцэт, 4 хуудас бүхий тэмдэглэсэн, харин хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий улсын бүртгэлийн хууль тогтоомжийн талаарх тайлбарыг бүрэн гүйцэт тусгаагүй орхигдуулсан байдал нь хуульд нийцүүлэн шударгаар шийдвэрлээгүй, хараат бусаар шийдвэр гаргасан гэдэгт эргэлзээ төрүүлж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 273 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. “ ... Монгол Улсын Иргэний улсын бүртгэлийн тухай хууль болон Улсын бүртгэлийн ерөнхий хуулиудыг буруу тайлбарлаж, бодит байдалд нийцэхгүй хууль зүйн алдаатай дүгнэлт өгсөн гэж үзэж байна. Үүнд:

4.2. Огт гэрлэлт бүртгүүлэх хүсэлтээ сайн дураар илэхийлээгүй Т.Г-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11-д “Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ” гэж заасан эрх, эрх чөлөөг зөрчин хууль бусаар гэрлэлт бүртгэсэн байгаад Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-т “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасан эрхийн дагуу үйлдэл болно. Түүнийг шийдвэрлэсэн улсын байцаагчийн дүгнэлт ч түүний Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн үйлдэл болно.

4.3. Гэр бүл бүртгүүлсэн гэх тэр цаг хугацаанд нэхэмжпэгч болон гуравдагч этгээд хэн аль нь Монгол улсад байгаагүй тэд сайн дураар гэр бүлийн бүртгэл хийлгэх хүсэлтээ гаргаагүй, эрүүл мэндийн үзлэгт ороогүй, өргөдөл хүсэлт гаргаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт шүүххуралдааны хэлэлцүүлгээр бүрэн нотлогдон тогтоогдсон.

4.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... хяналт шалтгалтын улсын байцаагч нь эрх бүхий байгууллага, албан тушаалтын хүсэлт, иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлын дагуу улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хяналт шалтгалтаар илэрсэн тодорхой нөхцөл байдлын нэг бүрчлэн тусгаж, зөрчил гаргасан этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаарх санал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх асуудлыг тусгасан Улсын байцаагчийн дүгнэлт үйлдсэн тохиолдолд тодорхой нөхцөл байдлыг тогтоож, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах , түдгэлзэх, хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргах агуулагатай байна” гэж дүгнэсэн байтлаа “ ... улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч нь бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт бичих эрхтэй ба харин улсын бүртгэлийн ерөнхий байцаагч нь улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчиж, хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлж, өөрт тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргаасан байх тул дээрх захиргааны актыг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн нь алдаатай дүгнэлт гаргасан байна.

4.5. 2010 оны Монгол Улсын Засгийн газрын 47 дугаар тогтоолын хавсралтанд заасан “Улсын бүртгэлийн хяналтын дүрэм” /2020 оны Засгийн газрын 31 дүгээр тогтоолоор хүчингүйд тооцсон/-ийн 2.1.3-т “Улсын бүртгэлийн ерөнхий хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, тухайн баримт бичигтэй холбоотой бусад баримт сэлтийг акт үйлдэн хураан авч зохих журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох тухай дүгнэлт гаргах ”,

4.6. 2018 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д “Хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх , бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж тус тус зааснаар хяналтын улсын байцаагчид улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчиж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох эрх олгогдсон бөгөөд өнөөдрийг хүртэл бүртгэлийн зөрчлийг шалган бүртгэл хүчингүй болгосон хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хуульд нийцсэн, хууль ёсны захиргааны акт болох талаар Захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр болж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад шүүх Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлд заасан Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын бүрэн эрх болох 17.1.6-д “Улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх , хүчингүй болгох” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцэхгүй үндэслэлгүй болжээ.

4.7. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14 дэх заалтад “... Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд иргэний улсын бүртгэлийн төрөлд гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгох заалт тусгайлан тусгагдаагүй, харин гэрлэсний, гэрлэлт дуусгавар болсны, гэрлэлт сэргээсний бүртгэл хамаарахаар зохицуулсан, харин иргэний улсын бүртгэлийг хүчингүй болгоход Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн заалт хэрэглэгдэхээр байна” гэсэн байх ба үндэслэх хэсгийн 10 дахь заалтаар хариуцагчийн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан, хуульд нийцсэн, хууль ёсны шийдвэр гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн нь Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Улсын бүртгэгч нь иргэний улсын бүртгэлийг хүчингүй болгох бол шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн бүртгэнэ.” гэж заасантай харин нийцэж байгааг үгүйсгэсэн байна.

4.8. Шүүх хуралдаанд гэрчээр улсын бүртгэгч Б.Дэлгэрмаа, улсын бүртгэгчээр ажиллаж байсан Г.Баттулга нарыг оролцуулсан боловч шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгийг шүүхийн шийдвэрт тусгаагүй, эрх зүйн дүгнэлт өгөөгүй бөгөөд гэрч Г.Баттулга “Нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Бат-Очирын гуйлгаар улсын бүртгэгч Э.Бат-Очир нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн цахим санд 4 дүгээр хорооны улсын бүртгэгч миний эрхээр нэвтэрч, иргэн Т.Г-ын, Х.Я-д нарын гэрлэлтийг бүртгэсэн, бүртгэсний маргаан өглөө нь би ширээн дээр байсан баримт бичгийг үндэслэн гэрлэлтийн бүртгэлийн дэвтэрт бүртгэсэн” гэсэн мэдүүлэг өгч, дээрх бүртгэл нь улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж, санаатай үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн байхад нөхцөл байдлыг бодитой үнэлж, дүгнээгүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, 34, 37, 42, 101 дүгээр заалтыг зөрчсөн.

4.9. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-д “Түүнчлэн хариуцагч нь маргаан бүхий актыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр албажуулж гаргасан атлаа иргэн Т.Г-од шийдвэр гаргахаас нэг хоногийн өмнө буюу УБЕГ-ын 2021 оны 10 дугаар сарыэ 14-ний өдрийн огноотой 7/7178 дугаар албан бичгээр “... тус газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5686 дугаар хүснэгтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн ... ” талаар хариу хүргүүлсэн нь ойгомжгүй бөгөөд тодорхойгүй байна.” гэсэн бөгөөд энэ ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг шүүх үзлэг хийх, нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлснээр тодорхой болгох боломжтой байсан бөгөөд хариуцагч Ц.О миний шүүх хуралдаанд огноо бичилтийн алдаа байсан, цахим мэдээллийн санд 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөр бүртгэлтэй байгаа талаар тайлбарласан.

4.10. Шүүх үндэслэх хэсэгтээ “Монгол Улсын нэгдэн орсон “Сайн дурын үндсэн дээр гэрлэх, гэрлэх насны доод хязгаар болон гэрлэлтийг бүртгэх тухай конвенц”- ийн 1 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий төлөөлөгч онцгой шалтгаантай гэж үзвэл аль нэг тал урьд өмнө эрх бүхий төлөөлөгчид хуульд заасан журмын дагуу гэрлэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн бөгөөд түүнээсээ татгалзаагүй байгаа тохиолдолд энэ зүйлийн 1 дэх хэсгийг үл харгалзан тэр тал заавал өөрийн биеэр байлцах албагүй” гэж дурдсан бөгөөд энэ заалтад заасан аль нэг тал нь өмнө нь бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ хүлээн зөвшөөрсөн талаарх нотлох баримт хувийн хэрэгт авагдаагүй байхад хэргийг тал бүрээс нь шинжилж судлаагүй, онцгой шалтгаан гэдгийг тодруулж тогтоохгүйгээр нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн олон улсын гэрээ нь дотоодын хууль тогтоомжоос дээгүүр эрэмбийнх ...” гэж тодотгож хариуцагчийг буруутгасныг шууд дэмжиж шийдвэр гаргахдаа баримталсан нь мөн л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

4.11. Хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг талуудын тайлбараар Гэр бүл бүртгүүлэсэн гэх тэр цаг хугацаанд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд хэн аль аль нь Монгол улсад байгаагүй тэд сайн дураар гэр бүлийн бүртгэл хийлгэх хүсэлтээ гаргаагүй, эрүүл мэндийн үзлэгт ороогүй, өргөдөл хүсэлт гаргаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт шүүх хуралдааны хэлэлцүүлгээр бүрэн нотлогдон тогтоогдсон.

4.12. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, үнэн зөв эргэлзэлгүй талаас нь үнэлж, хуульд нийцүүлэн шударгаар шийдвэрлэлгүй, нэг талыг хэт барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.13. Шүүх “Гэрлэгсэд нь 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсад байгаагүй, гэрлэхийг хүсэгчид өөрийн биеэр ирж, иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч нь энэ зүйл баримттай маргаагүй, мөн хариуцагч нь Иргэний бүртгэлийн тухай /1999 он/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасныг зөрчиж, гэрлэхийг хүсэгчдийг биеэр байлцуулахгүйгээр гэрлэлтийг бүртгэсэн буруутай гэж дүгнэсэн атлаа маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6-д заасныг зөрчсөн гэж үзсэн нь нэхэмжлэгчийн талыг баримталсан шийдвэр, нөгөөтээгүүр шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн тайлбарыг бүрэн гүйцэд, 4 хуудас бүхий тэмдэглэсэн, харин хариуцагч, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий улсын бүртгэлийн хууль тогтоомжийн талаарх тайлбарыг бүрэн гүйцэд тусгаагүй орхигдуулсан байдал нь хуульд нийцүүлэн шударгаар шийдвэрлээгүй, хараат бусаар шийдвэр гаргасан гэдэгт эргэлзээ төрүүлж байна.

4.14. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодит ойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” мөн хуулийн 36 дүгээр зүйлийн 36.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна” гэсэн заалттай нийцэхгүй шийдвэр болжээ.

4.15. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 273 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож шийдэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч тус маргаанд хамаарах хуулийн зүйл, заалтыг шийдвэрт тусгаагүй нь буруу тул холбогдох хуулийн зүйл, заалтыг шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсэгт тусгасан өөрчлөлтийг оруулж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол, тайлбарыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:

2.1. Маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Ц.О -ийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 5686 дугаар дүгнэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/341 дүгээр тушаалаар баталсан Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журмын 14-д заасныг үндэслэн “иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд Т.Г-ын , Х.Я-д - нарын 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэрлэснийг бүртгэж, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр баталгаажуулсан 25 дугаартай гэрлэсний бүртгэлийг хүчингүй болгож,  Нийслэл дэх улсын бүртгэлийн газрын архивт буй Хан-Уул дүүргийн 2016 оны гэрлэсний бүртгэлийн дэвтрийн 26 дугаарт бүртгэсэн иргэн Т.Г-ын, Х.Я-д нарын гэрлэсний бүртгэлд хүчингүй тэмдэглэгээ хийх”-ээр тус тус шийдвэрлэжээ.

2.2. Нэхэмжлэгч Х.Я нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ц.О -ийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 5686 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “ ... гэрлэлтийн бүртгэлийг цуцалж байгаа нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн ... эрх ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа надад мэдэгдэлгүйгээр, захиргааны акт гаргаж миний үгүйсгэл, тайлбар гаргах боломжийг хязгаарласан ... Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах үүрэгтэй ... гэрлэлтийг хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах эрхтэй болохоос биш хүчингүй болгох талаар шийдвэр гаргах эрхгүй ... эрх хэмжээг хэтрүүлэн захиргааны акт гаргасан ... захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн ...” гэж, нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариуцагчаас “...Т.Г-ын -оос ирүүлсэн гомдлын дагуу гэрлэлтийн бүртгэлтэй холбоотой хяналт шалгалтын ажиллагаа хийгдсэн ... гэрлэхийг хүсэгчид өөрийн биеэр ирж иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй болох нь тогтоогдсон ... сонсох ажиллагаа хийсэн. Сонсох ажиллагаагаар Т.Г-ын, Х.Я-д нар Монгол улсад байгаагүй ... захиргааны акт нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Монгол Улсын гэр бүлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд нийцсэн хууль ёсны шийдвэр болно ... ” гэж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ ... 2008 оноос эхэлж гэр бүл болсон, хамтран амьдарсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Гэтэл 2009 онд анхны охин төрөхөд эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэж, Т.Г-ын -оор хүүхдийг овоглосон. Үүний дараа хүүхэд төрөх бүрд өргөдөл бичиж овог авч байсан. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт ямар ч гэрлэлтийн бүртгэл байгаагүй гэдгийн баталгаа. 2021 оны 8 дугаар сард гэр бүл цуцлах нэхэмжлэл Иргэний хэргийн шүүхэд гарсны улмаас гэрлэлтийн гэрчилгээ байсныг Т.Г-ын мэдэж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргахад гэрч Б.Дэлгэрмаа гэрлэлтийн гэрчилгээ алдаатай төлөвт байсныг засаж, баталгаажуулсан гэдэг нь тогтоогдсон. Үйл баримтын дарааллаар харахаар гэрлэлтийн бүртгэл анхнаасаа байгаагүй гэдэг нь тогтоогдож байна” гэж тус тус тайлбарлан маргажээ.

2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл гуравдагч этгээд Т.Г-ын, нэхэмжлэгч Х.Я-д нар нь 2016 оны 06 дугаар сард Нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлэхээр өргөдөл гаргаж, 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болсныг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 1122570025 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон, гэрлэгсдийн дундаас 2009 оны 02 дугаар сарын 07-ны өдөр охин Г.Ариунжаргал, 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.Амар, 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүү Г.Эгэл, 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүү Г.Заяат нар төрж, Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд иргэн Т.Г-ын, Х.Я-д нарын гэрлэсний бүртгэл алдаатай төлөвт шилжсэнийг нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу улсын бүртгэгч Б.Дэлгэрмаа нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр улсын бүртгэлийн эх нотлох баримт буюу гэрлэлтийн журналыг үндэслэн баталгаажуулж, хүчинтэй төлөвт оруулсан байх боловч гуравдагч этгээд Т.Г-ын -оос 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтэст “Хуурамч гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах” агуулга бүхий гомдол гаргасан, уг гомдлын дагуу хариуцагч нь гэрлэлтийн бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг явуулж, уг хяналт шалгалтаар Т.Г-ын, Х.Я-д нар нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсад байгаагүй, гэрлэхийг хүсэгчид нь өөрийн биеэр ирж, иргэний бүртгэлд бүртгүүлээгүй гэж үзэж маргаан бүхий актаар иргэн Т.Г-ын, Х.Я-д нарын гэрлэсний бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна.

2.4. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно:”, 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан;” 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, 48.2.3 “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй”, 48.2.5 “нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан”, 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж тус тус зааснаас үзвэл эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дээрх 4 тохиолдолд гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болохоор хуульчилжээ.

2.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч нь маргаан бүхий захиргааны актаар гуравдагч этгээд Т.Г-ын, нэхэмжлэгч Х.Я-д нарын гэрлэсний бүртгэлийг хүчингүй болгож шийдэрлэхдээ дээрх хуулийн заалтыг зөрчиж, хууль бус шийдвэр гаргасан байна.

2.6. Тодруулбал, гуравдагч этгээд Т.Г-ын, нэхэмжлэгч Х.Я-д нар нь 2016 оны 06 дугаар сард Нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлэхээр өргөдөл гаргаж, 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болсныг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 1122570025 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдсон ба тэдний гэрлэлтийн бүртгэлийг хийснээс хойш Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “... захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасан хуулийн хугацаа өнгөрсөн байхад хариуцагч нь маргаан бүхий актыг гаргаж тэдний гэрлэлтийг хүчингүй болгосон нь хууль бус байх бөгөөд уг хууль бус захиргааны шийдвэрийн улмаас нэхэмжлэгч Х.Я-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

2.7. Учир нь гэрлэгчид буюу нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь 2016 онд гэрлэлт бүртгүүлснээс хойш гуравдагч этгээд Т.Г-ын нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Г.Заяатыг иргэний /төрсний/ улсын бүртгэлд бүртгүүлэхээр Х.Я-тай хамтран Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яаманд 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өргөдөл гаргасан, мөн Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 19 дүгээр тойрогт бие даан нэр дэвшихдээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн “Нэр дэвшигчийн намтар”-ийн 1.6-д заасан “Гэр бүлийн байдал” хэсэгт эхнэр Х.Я-д гэж бичсэн зэргээс үзвэл гэрлэлтийг хүлээн зөвшөөрч байсан, гэрлэлтийн бүртгэл тэдгээрийн хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байсан гэж үзэх үндэслэлтэй.

2.8. Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох журам, нөхцлийг тогтоож, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаа, хүүхэд үрчлэх, гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг”, 3.1.2-т “ “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг” гэж тус тус зааснаас үзвэл насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг гэрлэлт гэж ойлгох, гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг “гэр бүл” гэж ойлгохоор байх бөгөөд гуравдагч этгээд Т.Г-ын нь нэхэмжлэгч Х.Я-д -тай хамтын амьдралтай байсан гэдгээ үгүйсгэж баримтаар няцаагаагүй төдийгүй, гэрлэлтийн бүртгэлийг хуурамч хэмээн гуравдагч этгээд үгүйсгэж байгаа ч нэхэмжлэгчтэй гэр бүл хэмээх гэрлэлтийн үндсэн дээр буй болсон эд хөрөнгийн бус харин амины болон эд хөрөнгийн эрх үүргээр холбогдож, хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийн хувьд харилцаатай байсан болохыг үгүйсгээгүй буюу нэгэнт хамтын амьдралтай байсан, тэдний дундаас хүүхдүүд төрсөн, төрсөн хүүхдүүдийг хамтран өсгөсөн, гэр бүлийн гишүүд гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч ирсэн зэргээр тогтоогдож байна.

2.9. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Гэрлэлтийг захиргааны буюу шүүхийн журмаар цуцалсан, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол гэрлэлт дуусгавар болно”, 11.3-т “Гэрлэлт дуусгавар болсныг бүртгэх журмыг хуулиар тогтооно” 12 дугаар зүйлийн 12.1-д Гэрлэлтийг хуульд заасан үндэслэлээр захиргааны буюу шүүхийн журмаар цуцална”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай тус тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт гаргана” гэж зааснаас үзвэл гэрлэлтийг захиргааны болон шүүхийн журмаар цуцалсан, эсхүл гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон тохиолдолд хуульд тусгайлан заасан журмын дагуу гэрлэлтийн бүртгэлийг дуусгавар болгох хууль зүйн боломжтой байна.

2.10. Мөн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд “Гэрлэлт дуусгавар болсны бүртгэл”-ийн талаарх харилцааг хуульчилсан байх бөгөөд мөн зүйлийн 8.1-т “Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан үндэслэлийг хангаж байгаа, гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн иргэн дараах баримт бичгийг бүрдүүлж, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлд өөрийн биеэр бүртгүүлнэ”, 8.1.1-т “тус тусдаа гаргасан өргөдөл”, 8.2-т “Гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулж байгаа иргэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр ирэх боломжгүй бол энэ хуулийн 8.1.1-д заасан өргөдлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж зааснаас үзвэл гэрлэлтийг дуусгавар болгох талаар гэрлэгсэд аль аль нь хүсэл сонирхлоо илэрхийлсэн тохиолдолд хуульд цуцлахгүй байх шалтгаан нөхцөл байхгүй тохиолдолд гэрлэлтийг захиргааны журмаар дуусгавар болгох боломжтой байхаар хуульчилжээ.  

2.11. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл гэрлэлт, гэрлэлтийн аливаа бүртгэл нь гэрлэгсдийн сайн дураар, тэгш эрхтэйгээр гаргасан хүсэл эрмэлзлэлийн үндсэн дээр хийгдэхээр байх бөгөөд гэрлэгсэд гэрлэлтийг захиргааны эсхүл шүүхийн журмаар дуусгавар болгохоор хандах боломжтой, улсын бүртгэлийн байгууллага нэгэнт бүртгэгдсэн, хамтын амьдралтай, тэр тусмаа гэрлэгсдийн дундаас хүүхэд төрсөн, хүүхдийг эцгээр нь овоглосон зэргээс үүдэлтэй иргэний улсын бүртгэл болон бусад дагалдах бүртгэлүүдийн хүчин төгөлдөр байдал хэрхэх, гэрлэгсдийн бусдын өмнө тухайлбал, хүүхдийн өмнө хүлээсэн үүргийг хэн хариуцах зэрэг дараа дараагийн үүсэн гарах үр дагаврын эрсдэлт байдлын улмаас гэрлэлтийн бүртгэлийг нэг талын хүсэл эрмэлзлэлийн хүрээнд хүчингүй болгох хууль зүйн боломжгүй юм.

2.12. Өөрөөр хэлбэл, гэрлэгсэдийн гаргасан хүсэлтийг үндэслэн захиргааны журмаар гэрлэлтийг дуусгавар болгох боломжтой ч энэ тохиолдолд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд хамтын амьдралтай гэр бүлийн гишүүд гэдгээ мэдэж, хүлээн зөвшөөрч байсан болох нь дээр дурдсанчлан  гуравдагч этгээд Т.Г-ын нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Г.Заяатыг иргэний /төрсний/ улсын бүртгэлд бүртгүүлэхээр Х.Я-тай хамтран Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яаманд 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өргөдөл гаргасан, мөн Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 19 дүгээр тойрогт бие даан нэр дэвшихдээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн “Нэр дэвшигчийн намтар”-ийн 1.6-д заасан “Гэр бүлийн байдал” хэсэгт эхнэр Х.Я-д гэж бичиж байсан зэргээр тогтоогдож байх тул гэрлэгсдийн нэг талын хүсэл эрмэлзлэлийг хүлээн авч эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох хуульд заасан хугацаа өнгөрсөн байхад гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр хууль бус байна.

2.13. Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шийдэл үндэслэлтэй болно.

2.14. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д “Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана”, 5.10-д “Шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана”, 5.16-д “Хяналт шалгалтын дүнгийн тухай танилцуулга, бусад баримт бичгийг зохих журмын дагуу үйлдэж, хяналт шалгалт хийсэн албан тушаалтан гарын үсэг зурна” гэж зааснаас үзэхэд хариуцагч нь хяналт шалгалтын явцын талаар тэмдэглэл үйлдээгүй, холбогдох бүртгэлийн ажилтнаас тайлбар аваагүй, хяналт шалгалтын дүнг хяналт шалгалтын нэгжийн даргад илтгэх хуудсаар танилцуулаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд анхан шатны шүүх “иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээлэл, улсын бүртгэлийн архивын баримтыг үндэслэн маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь ... журмыг зөрчсөн төдийгүй хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагаа нь … нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх ... хяналт шалгалт хийх эрх бүхий этгээдийн үйл ажиллагаа, шийдвэр хуульд нийцсэн ... байх зарчмыг тус тус зөрчсөн ...” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

2.15. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.2-т “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх”, 27.3-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана”, 27.3.1-д “сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл”, 27.3.2-т “захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт”, 27.3.3-д “захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл” гэж тус тус заажээ.

2.16. Хариуцагчаас маргаан бүхий дүгнэлтийг гаргахын өмнө 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн сонсох ажиллагаа явуулж, тэмдэглэл үйлдсэн гэх боловч дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгчид захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүйгээс гадна шийдвэр гаргахад хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийн судалж, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоох хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул хариуцагчийн “сонсох ажиллагааг зохих журмын дагуу” хийсэн гэх тайлбар үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна.

2.17. Мөн анхан шатны шүүхийн хариуцагч маргаан бүхий актыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр албажуулж гаргасан атлаа иргэн Т.Г-ын -од шийдвэр гарахаас нэг хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 14-ний өдрөөр огноолсон 7/7178 дугаар албан бичгээр “... хяналтын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5686 дугаар дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн ...” гэх хариу хүргүүлсэн нь ойлгомжгүй” гэх шүүхийн дүгнэлтийг үгүйсгэж хариуцагчаас “... ойлгомжгүй тодорхойгүй байдлыг шүүх үзлэг хийж тодруулах боломжтой байсан ... шүүх хуралдаан дээр энэ талаар тайлбарласан шүүх ... хуульд заасан ажиллагаа хийгээгүй ...” гэх зэрэг гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй.

2.18. Учир нь, хариуцагч нь өөрийн шийдвэртэй холбоотой хууль зүйн болон бусад шалтгаант үндэслэлийг өөрөө биечлэн хариуцах үүрэгтэйн хувьд дээрх дүгнэлтэд хамаарах шалтгаан үндэслэлд хамаарах тайлбар, баримт нотолгоог өөрөө шүүхэд гаргах боломжтойгоос гадна шийдвэр албажиж гарсан цаг хугацааны талаар зөрүүтэй хариу хүргүүлснээ “... бичилтийн алдаа байсан, цахим мэдээллийн санд 10 дугаар сарын 14-ний өдрөөр бүртгэлтэй байгаа ...” гэх гомдол тайлбарт дурдсан үндэслэлээс үзвэл тэрээр тухайн асуудалд хайхрамжгүй, хянамгай бус байдлаар хандсаныг илэрхийлэх бас нэг нөхцөл гэж үзэх үндэслэл болж байгааг дурдах нь зүйтэй байна.

2.19. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч маргаанд хамаарах Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дахь заалтыг шүүхийн шийдвэрт тусгаагүй нь буруу байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 273 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3” гэснийг нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ