Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 843

 

    2020       10          29                                   2020/ШЦТ/843

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч Б.Сод-эрдэнэ,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд, Н.Батцэнгэл,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гоёдэмбэрэл овогт Байгаль-Эрдэнийн Б.А, Хатагин овогт Н.Б нарт холбогдох эрүүгийн 1911 01653 0931 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 5-55Б тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Гоёдэмбэрэл овогт Б.А

2. Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 79-901 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хатагин овогт Н.Б

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Н.Б, Б.А нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 06 сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арвижих-Эрдэнэ” ХХК-ны  байранд иргэн Б.Атой ажлын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар төмрөөр цохиж эрүүл мэндэд нь баруун гарын 4-р хуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.А нь 2019 оны 06 сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арвижих-Эрдэнэ” ХХК-ны байранд иргэн Н.Быг оногдсон ажлаа сайн хийсэнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар зодож хүний эрүүл мэндэд баруун гарын зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, эрүү зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

            Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед намайг зодох болсон шалтгааныг би асуусан. Өмчийн асуудал тусдаа. Би найз нөхөд гэж итгэн олон жил хамт ажилласан. Одоо намайг өмч булаацалдсан гэж ярьж байна. Тухайн үед харсан гэрчүүд Б.Аын талд мэдүүлэг өгдөг. Надад өс санасан хүнтэй би эвлэрэх бодолгүй байна. Олон жилийн нөхөрлөлөө бодоод надаас уучлалт гуйвал би ойлгох байсан...” гэх.

            Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бид хоёрын маргааныг тухайн үед найз нөхөд учир эвлэрнэ гэж бодож байсан учир Н.Быг буруутгахгүй байсан. Миний хөрөнгө Н.Бын нэр дээр байдаг. Н.Б миний хөрөнгийг авах гэсэн санаатай маргаан үүсгэж байна гэж бодож байна. Одоог хүртэл би Н.Бтай эвлэрэх бодолтой байна...” гэх.

            Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэхдээ: “...2019 оны 06 сарын 07-ны өглөө 06 цагт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байранд  ирээд байж байтал Б.А миний өчигдөр хийсэн ажил буюу төмөр хаалганы тавцанг гагнасныг шалгахад төмөр гагнагдаагүй салсан байсныг голоод өөр хүнээр хийлгэх болсон. Тухайн үед би Б.Аод юм хэлээгүй. Компани удирдаж байгаа хүн гэж бодоод өнгөрсөн. Тэгээд би ажил дээрээ Давааням гэх туслах ажилтантай гагнуурын ажил хийж байтал Б.А надтай хамт ажил хийж байсан Даваанямыг Энхтөр гэдэг залууд нэмэлтээр ажилла, намайг гагнуурын ажлаа ганцаараа хий гэхээр нь би ганцаараа амжихгүй гэж хэлсэн чинь Б.А шууд намайг заамдаж аваад нүүрэн тус газар хоёр удаа цохиж, ажлын хамгаалалтын хүнд гутлаар гэдэс болон хөл рүү 2-3 удаа өшиглөсөн. Энэ үед Ганболд дундуур орж салгасан. Миний бие Б.Аод гар хүрсэн зүйл байхгүй. Тэгээд шууд гараад гадаа утсаар цагдаад дуудлага өгчхөөд үүдэнд байсан төмрийг аваад гартаа бариад дотогш ороход Ганболд дундуур орж миний гарт байсан төмрийг салгаж аваад Б.Атой маргалдаж “Б.Аыг чи яахаараа хүнийг доромжилж, зодож цохидог юм бэ” гээд бид хоёрыг салгасан. Тэгээд би буцаж гараад гадаа байж байтал цагдаа ирсэн. Тэрнээс би гартаа төмөр бариад Б.А руу дайрсан зүйл байхгүй. Цагдаа ирэхэд Б.А гараа боочихсон харагдсан. Гараа юунд урсныг би үнэхээр хэлж мэдэхгүй байна...” гэх /хх-ийн 19-20х/,

Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэхдээ: “ ...2019 оны 06 дугаар сарын 07-ны өглөө 06 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа ирж Н.Бын өчигдөр хийсэн төмөр гагнасан ажлын шалгахад гагнасан төмөр нь салсан байхаар нь би “нэг хийсэн юм олигтойхон хийгээч” гэж хэлээд Н.Бын хийсэн ажлыг өөр хүнээр хийлгэсэн. Тэгээд Н.Б ганцаараа хийх ажлыг Даваанямын хамтаар хийж байсан юм. Тэгсэн цаана нь Энхтөр гэх залуу хоёр хүний ажлыг ганцаараа хийж байхаар нь Даваанямыг Энхтөрд туслаад ажилла гэж хэлсэн чинь Н.Б надад уурлаад “чи ажил хийхийг заахгүй шүү” гээд над дээр ирээд хэрүүл маргаан үүсгээд ажил хийлгэхгүй байхаар нь би Н.Быг цааш нь түлхсэн чинь дахиад над руу ирээд хэрүүл маргаан үүсгээд дайраад байхаар нь би Н.Быг шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр харилцан бие биеэ заамдаж, харилцан бие бие өшиглөж, цохиж байгаад гараад явсан. Тэгээд намайг үүдэн хэсэгт өрөм дээр юм хийгээд сууж байсан чинь гаднаас Н.Б орж ирээд хогийн савны таг аваад толгой руу цохисон. Тэгээд үүдэн хэсэгт байсан төмрийг аваад над руу дайрахаар нь би гараараа хааж байгаад гараа урчихсан.  Энэ үеэр Ганболд дундуур орж салгасан. Тэгсэн Н.Б гараад явсан. Дараа нь цагдаад өргөдөл гаргасан байна лээ. Н.Б над руу төмөр барьж дайрахад нь би гараараа хамгаалж байгаад баруун гарын ядам хурууны дотор талын арьс нь шалбарч зүсэгдсэн...” гэх /хх-ийн 25-27х/,

Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Н.Б над дээр хүрч ирээд “чи хийх ажил заахгүй шүү” гээд натай хэрүүл маргаан үүсгээд дайраад байхаар нь би Н.Бын зүүн талын шанаа руу гараараа 1 удаа цохисон. Тэгээд би хажуугийн ширээн дээр ажлаа хийгээд сууж байхад гаднаас орж ирээд үүдэнд байсан хогийн савын тагийг аваад миний толгой руу цохисон. Тэгээд миний нүүрэн тус газарт гараараа цохиход нь би нээх тоогоогүй. Тэгсэн Н.Б үүдний таамбар дээр байсан төмрийг гартаа барьчихсан над руу дайраад ална гэхэд нь би гараараа хаасан. Тухайн үед би шалбарснаа мэдээгүй ажлаа хийж байтал гар хөндүүрлээд байхаар нь бээлийгээ тайлаад харахад баруун талын ядам хурууны дотор талын арьс урагдчихсан цус гарсан байсан...” гэх /хх-ийн 75-77х/,

Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Б.А шууд намайг заамдаж аваад нүүрэн тус газар 2 удаа цохиж, ажлын хамгаалалтын хүнд гутлаар гэдэс болон хөл рүү 2-3 удаа өшиглөсөн. Энэ үед Б.Ганболд орж салгасан. Сүүлд нь би уурандаа гаднаас орж ирээд үүдний хэсэгт байсан хогийн савны тагийг аваад шидсэн. Гэхдээ Б.Аын толгой дээгүүр нь гараад өнгөрсөн. Оноогүй...” гэх /хх-ийн 69-70х/,

Гэрч Д.Давааням мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Хэрүүл маргаан үүсгээд бие биеэ заамдаж харагдсан. Н.Б ах хогийн савны тагаар Б.А ахыг цохиход Б.А ах гараараа хааж байсан...” гэх /хх-ийн 37х/,

Гэрч Э.Энхтөр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны  06 сарын 07-ны өглөө ажлын байрандаа ирээд Н.Б ахын гагнасан төмрийг Б.А шалгахад гагнасан төмөр нь салсан байхаар нь Б.А нэг хийсэн ажлаа олигтойхон хийгээч гэж хэлсэн. Тэгсэн Н.Б ах ганцаараа хийх ажлыг Д.Давааням ахтай хамт хийж байсан. Би цаана нь гагнуурын ажлыг ганцаараа хийж байхыг Б.А харчхаад миний ажилд туслахаар Даваанямыг туслахаар өгсөнд Н.Б ах уурласан. Учир нь миний хийх ёстой гагнуурыг 2 хүн хийх ёстой байдаг юм. Н.Б ах уурлаад Б.А ахад “чи миний ажлыг заахгүй шүү” гээд хэрүүд хийгээд нүүрэн тус газраа баг зүүсэн байсан болохоор хэн хэнийгээ цохисныг сайн хараагүй. Намайг багаа дээш болгоод харахад Н.Б ах Б.А ах хоёр бие биеэ заамдсан, Н.Б ах хогийн савны тагаар Б.А ахыг цохиж байхыг харсан. Тэгээд дундуур нь Ганболд орж салгасан...” гэх /хх-ийн 32-33х/,

Гэрч Б.Ганболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 сарын 08-ны өглөө ажлын байрандаа ирээд Н.Б ахыг гагнасан төмрийг Б.А шалгахад гагнасан төмөр нь салсан байхаар нь Б.А “ нэг хийсэн ажлаа олигтойхон хийгээч” гэж хэлсэн. Би цаад талд нь ажлаа хийж байсан чинь гэнэтхэн хүмүүсийн дуу чанга сонсогдоод байхаар нь гайхаад очоод хартал Н.Б ах газар суучихсан, Б.А ахыг цааш түлхсэн чинь Н.Б ах гараад явсан. Ингээд буцаад очоод ажлаа хийж байтал ойролцоогоор  10-аад минутын дараа чанга чанга дуу гарахаар нь гайхаад очоод Н.Б.А наад талд нь зогсож байсан, Н.Б үүдний хаалганы дэргэд 1 метр урттай төмөр барин зогсож харагдаж байсан...” гэх / хх-ийн 41-42х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7042 дугаартай: “...Н.Бын биед баруун гарын зөөлөн эдийн няцрал , зүүн хацар, эрүү зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Баруун гарын зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 52х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7061 дугаартай: “...Б.Аын биед баруун гарын 4 дүгээр хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 57х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатанд оролцогч нарын эрхийг зөрчсөн зөрчил, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тус тус тогтоогдохгүй, хэргийг шүүхээр шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүгдэгч  Н.Б, Б.А нар нь өөрийн үйлдлийн улмаас учрах хор уршгийн талаар мэдэж байсан боловч зориуд хүсэж үйлдсэн, тэдний үйлдлийн улмаас учирсан хохирол болон үйлдлийн хооронд шууд шалтгаант холбоотой, прокуророос шүүгдэгч Н.Б, Б.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.Б, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч Н.Б, Б.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзээд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Б, Б.А нар нь  бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн полсо 8 сантиметрийн өргөнтэй төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гоёдэмбэрэл овогт Б.А, Хатагин овогт Н.Б нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Шүүгдэгч Б.А, Н.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Н.Б, Б.А нарт сануулсугай.

4. Шүүгдэгч Н.Б, Б.А нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн полсо 8 сантиметрийн өргөнтэй төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            П.АРИУНБОЛД