Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 24

 

С.Нямсүрэнд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

         Даргалагч,

                                    Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

                                    Шүүгчид                             Ц.Амаржаргал                                       

                                                                            Д.Буянжаргал

                               Оролцогчид:

                                  Прокурор                            М.Энхбаатар

                                    Шүүгдэгч                               С.Нямсүрэн

                                    Шүүгдэгчийн өмгөөлөгч     Л.Доржпүрэв

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 45 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хашгар овогт Содномдоржийн Нямсүрэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1731001330114 дугаартай, 148/2018/0036/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Манхан суманд 1979 оны 09 дүгээр сарын 07-нд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол 1-10 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хашгар овогт Содномдоржийн Нямсүрэн /Регистрийн дугаар: ПЖ79090711/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Нямсүрэн нь 2017 оны 07 дугаар сараас 2017 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг болох Харганы ам Хүн чулуу гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлолт явуулан байгаль экологид 3.698.376 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх С.Нямсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 45 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Хашгар овогт Содномдоржийн Нямсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 5.400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.  

 

Шүүгдэгч С.Нямсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би буруутай үйлдэл хийсэндээ их гэмшиж байна, шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийг хүлээн зөвшөөрч байна. Шүүх надад тус торгуулийн ялыг оногдуулсны зэрэгцээ шийтгэх тогтоолын 7-р хэсэгт заахдаа: эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 4-д зааснаар ялтан С.Нямсүрэнгээс экскаваторын үнэ 47.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж заасан юм. Энэ төлбөрийг чөлөөлж өгнө үү гэж гомдол гаргаж байна. Би энэ хэрэгт холбогдох болсон байдлаа хэлэхэд: урьд өмнө нь иргэд, компаниуд ашиглаад хэрэглэсэн байсан шороог олон хүмүүс дахин ашиглаад байсан тул би ч гэсэн ашиглаж үзье гэж бодоод ашиглаж байгаад энэ хэрэгт холбогдсон юм. Би хүнээс экскаватор түрээслэн авч явсан боловч үнэндээ тэр экскаваторыг ажиллуулж хэрэглэж чадаагүй юм. Учир нь тус техникт эвдрэл гарч засвар хийх, сэлбэг хэрэгсэл авчрах зэргээр их хугацаа болж ажиллуулаагүй юм. Шүүх тус экскаваторыг өмчлөгч эзэнд нь олгоод экскаваторын үнэ 47.000.000 төгрөгийг надаас гаргуулахаар заасан юм. Би энэ их мөнгийг төлөх нөхцөл бололцоо байхгүй тул намайг энэ мөнгийг төлөхөөс чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна.

Анхан шатны шүүхээс экскаваторын үнэ болох 47 сая төгрөгийг гаргуулан, улсын орлогод оруулах тухай шийдвэр гаргасан. Би экскаваторын үнэ болох 47 сая төгрөгийг төлөх боломжгүй, тухайн үед экскаваторт эвдрэл гэмтэл гарсан учраас ашиглагдаагүй, олсон ашиг гэх зүйл байхгүй тул Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.  

 

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Нямсүрэнгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх 2 экскаваторыг хууль ёсны эзэмшигчдэд буцаан олгуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан экскаваторын үнэ болох 47.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. ...Богино хугацаанд өндөр ашиг олох зорилготойгоор өндөр үнэтэй тээврийн хэрэгсэл түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд эдгээр тээврийн хэрэгслүүдийг түрээсэлж авсан, байгальд учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч шийтгүүлдэг. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь ахин хууль бус үйл ажиллагаа явуулах магадлал өндөр байна. Тийм учраас энэ төрлийн гэмт хэргийг эдийн засгийн хувьд хязгаарлах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар зүйлд өөрчлөлт оруулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. 

...Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан байна. Харин тухайн Комацу маркийн экскаваторийг өөр хүний өмчлөлийн эд зүйл гэж тогтоогоод тухайн хүнд экскаваторыг буцаан олгосон. Тийм учраас шүүгдэгчээс экскаваторын үнэ болох 47.000.000 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар шүүх тогтоол гаргах үед иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх гэсэн байхад шүүхээс иргэний нэхэмжлэлтэй холбоотой шийдвэр гараагүй, мөн хуульд зааснаар шүүгдэгч С.Нямсүрэн нь прокурортой тохиролцсон. Прокурор нь экскаваторын үнэ болох 47.000.000 төгрөг гаргуулах санал гаргаагүй байхад Анхан шатны шүүх 47.000.000 төгрөгийг гаргахаар шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүгдэгч С.Нямсүрэн нь хохирлоо нөхөн төлж байгаа болон анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг үндэслээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дугаар зүйлд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

С.Нямсүрэн нь 2017 оны 07 дугаар сараас 2017 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг болох Харганы ам Хүн чулуу гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлолт явуулан байгаль экологид 3.698.376 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 45 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Хашгар овогт Содномдоржийн Нямсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 5400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан С.Нямсүрэнгээс Комацу ПС-200-71АТТ  маркийн 95-47 УБ улсын дугаартай экскаваторын үнэ 47.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Нямсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлын дагуу түүнд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:

С.Нямсүрэн нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасны дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаартай Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоолыг үндэслэн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар ямар нэгэн гомдол санал гаргаагүй байна.

 

Шүүгдэгч С.Нямсүрэнгийн давж заалдах гомдолд дурдсан “…Би хүнээс экскаватор түрээслэн авч явсан боловч үнэндээ тэр экскаваторыг ажиллуулж хэрэглэж чадаагүй юм. Учир нь тус техникт эвдрэл гарч засвар хийх, сэлбэг хэрэгсэл авчрах зэргээр их хугацаа болж ажиллуулаагүй юм. Шүүх тус экскаваторыг өмчлөгч эзэнд нь олгоод экскаваторын үнэ 47.000.000 төгрөгийг надаас гаргуулахаар заасан юм. Би энэ их мөнгийг төлөх нөхцөл бололцоо байхгүй тул намайг энэ мөнгийг төлөхөөс чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна…” гэсэн гомдлын үндэслэлийн хувьд хэдийгээр С.Нямсүрэнгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Комацу ПС-200-71АТТ  маркийн 95-47 УБ улсын дугаартай экскаваторын үнэ 47.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар зааж шийдвэрлэсэн нь зүйтэй боловч тухайн техник нь иргэн Н.Баянмөнхийн өмчлөлийн хөрөнгө болох нь хавтаст хэрэгт авагдсан техникийн гэрчилгээний хуулбар, иргэний нэхэмжлэгч Н.Баямөнхийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байхад  анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д “…Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна…” гэсэн заалтыг баримталж Комацу ПС-200-71АТТ  маркийн 95-47 УБ улсын дугаартай экскаваторын үнэ 47.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “…Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна…”, 7.5 дугаар зүйлийн 2-д “…”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно…” гэж заасныг баримтлан С.Нямсүрэнгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Комацу ПС-200-71АТТ маркийн 95-47 УБ улсын дугаартай экскаваторын үнэ 47.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байх тул С.Нямсүрэнгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 7 дугаар заалтад өөрчлөлт оруулж, зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 7 дугаар заалтад өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Нямсүрэнгийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9  дүгээр зүйлийн  1.5, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 7 дугаар заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:

 7 дугаар заалтыг:

 “7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч С.Нямсүрэнгээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Комацу ПС-200-71АТТ  маркийн 95-47 УБ улсын дугаартай экскаваторын үнэ 47.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ