Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 19

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ц.Нэргүй   даргалж,

Нэхэмжлэгч: иргэн Ч.П, түүний өмгөөлөгч Б.Хандмаа

Хариуцагч:Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн

Гуравдагч этгээд: С.Ч түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Гэрчүүд: Ш.А, Л.Б, Б.Б, С.Б, Г.Г, Ц.Н, Д.Н, С.М, Ц.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар    Ч.П-н нэхэмжлэлтэй, Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн  хуралд холбогдуулан гаргасан “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/07дугаартай “Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ч.П-г үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Ч.П-г Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл Ч.П-н цалинг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар тутамд 1085859 төгрөгөөр тооцож нөхөн олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх“ гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч  нэхэмжлэлийнхээ талаар шүүхэд   гаргасан тайлбартаа: Монгол улсын засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар Иргэдийн хурлын төлөөлөгчдийн тэргүүлэгчид нь хуралдааны тов зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт үйл ажиллагаатай холбогдсон санал шийдвэрийн төслийг боловсруулах хэлэлцэх асуудлыг хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэдэг.

Иймд Өвөрхангай аймгийн Баян-Өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэгүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж ээлжит хурлыг товлон зарлахыг хэлэлцэж Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хурлыг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хуралдуулахаар баталсан.           Мөн тус хуралдаанаар хэлэлцэх асуудалдаа хурлаар санал авч баталсан. Уг хурлаар 5 асуудлыг хэлэлцэх болон 6-д нь бусад асуудал хэлэлцэх гэж 6 асуудлын хүрээнд хэлэлцэхээр тогтоол гарган ажилласан.

Бусад гэдэг нь ямар учиртай юм бэ? гэхээр төлөвлөгдөөгүй асуудал бөгөөд иргэдийн төлөөлөгч нараас шинээр санал гарч ирдэг. Үүнийг хэлэлцэх зорилгоор бусад гэсэн хэсэг оруулж өгсөн.

Ингээд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн 6 дугаар ээлжит хуралдаан эхлэн тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэний дараа бусад асуудалд Иргэдийн Төлөөлөгчийн хурлын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэж төлөөлөгч С.Ч санал оруулсан. Уг асуудал нь ямар ч хуулийн үндэслэлгүй билээ.

 Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.П намайг хууль зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашигласан гэдгийг нотлох баримтгүй байсан учир шат дараалж хуулийн дагуу шийдвэрлье гээд хэлэлцэхгүй орхиж бусад асуудлуудаа шийдвэрлэсэн тул миний бие хурал даргалагчийн хувьд хуралдааныг хаасан.

Гэтэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 07/06 дугаартай Зургаадугаар хуралдааны тэмдэглэлийн төгсгөлд "Хаалттай” хуралдаан үргэлжилж 16 цаг 50 минутад Монгол Ардын Намын бүлгийн гишүүдийн хүсэлтээр завсарлага авав" гэж худлаа бичсэн байсан.

Улмаар уг хуралдааныг хаагаад гараад явсны дараа Иргэдийн хурлын зарим тэргүүлэгч болон төлөөлөгчид үлдээд хуралдааныг үргэлжлүүлээд хурлын төлөөлөгч С.Б-г хуралдаан даргалагчаар томилоод "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад итгэл үзүүлэх, эсэх тухай" асуудлыг хэлэлцээд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.П надад 60 хувийн саналаар итгэл үзүүлэхгүй, Ч.П намайг 55 хувийн саналаар ажлаас чөлөөлөх тухай, С.Ч-г 55 хувийн саналаар Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар сонгох тухай зэрэг хууль бус шийдвэрүүдийг гаргасан байсан.

Энэ талаараа Ч.П надад 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2/13 тоот “Хуралдааны шийдвэр хүргүүлэх тухай” гэсэн албан бичиг өгч ажлаа С.Ч-д хүлээлгэж өгөхийг шахаж шаардан ажил тайван хийлгэхгүй Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ч.П надад Үндсэн хууль, Төрийн албаны хуулиар олгогдсон ажиллаж хөдөлмөрлөх эрхийг болон Монгол улсын засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удридлагын тухай хуулийн 22 дугаар зүйлээр олгогдсон Хурлын даргын нийтлэг бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Мөн төрийн албаны үйл ажиллагаа хэвийн ажиллахад саад учруулж байна гэж үзэж байна.Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ц.Э нь 2018 оны 6 сарын 28-ны өдөр хуралдсан хаалттай хуралдааныхаа тэмдэглэлийг Захиргааны хэргийн шүүхэд л өгнө гээд надад өгөөгүй ээ.

 Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ч.П намайг ажлаас чөлөөлөх тухай тогтоол гаргаагүй байж, Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С. Ч-г Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдсонд тооцох тухай гэсэн ямар ч дугааргүй, албан бланк дээр гаргаагүй, албан бичгийн шаардлага хангаагүй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргасан нь илт хууль бус акт гэж үзэж байна.

Энэхүү тогтоолоо надад 2/13 тоот “Хуралдааны шийдвэр хүргүүлэх тухай” гэсэн албан бичигтэй хавсарган хамт өгсөн болно.Ц.Э нь Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дарга хийдэг нам бус байх ёстой төрийн албан хаагч байтал хуралдаан хаагаад даргыгаа гарч явсан хойгуур дур мэдэн хуралдаан үргэлжлүүлж, дур мэдэн асуудал шийдэж хамтарч ажиллах ёстой даргыгаа намын нөлөөлөлд автаж чөлөөлөх, өөр хүнийг даргаар сонгох тухай шийдвэр гаргалцсан нь нам бус байх төрийн албан хаагчийн ажилдаа баримтлах зарчим, ёс зүйгээ зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна.

 Ингээд Баян-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 07/06 тоот Ч.П-г ажлаас чөлөөлсөн тогтоолыг хүчингүй болгуулах, Ч.П намайг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилох, шүүхийн шийдвэр гаргах өдрийг хүртэл Ч.П миний цалин 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар тутамын 1085859 төгрөгөөр тооцож нөхөн олгох, эрүүл мэнд болон нийгмгийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлээ бүхэлд нь дэмжиж байна.

2018 оны 07 дугаар сард байгууллагын нягтлан маань миний ээлжийн амралтыг бодож амралтын мөнгө олгосон тул ажилгүй байсан хугацааны цалингаа 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс тооцуулан 1150000 төгрөг байсныг 1085859 төгрөгөөр тооцуулан нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох хүсэлтээсээ татгалзаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцох болсон бичгийг хэрэгт өгч хавсаргаж байна.

Нэхэмжлэгч анх 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Содномын Чулууншагайг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсонд тооцох тухай гэсэн ямар ч хууль зүйн үндэслэлгүй, дугааргүй албан бичгийн шаардлага хангаагүй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг илт хууль бус захиргааны актад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 2018 оны 08 дугаар сарын 10-ны үед хариуцагч талаас хариу тайлбар гаргахдаа 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 07/06 тоот тогтоолыг нотлох баримтаар ирүүлсэн байсан. Хэргийн материалд Ч.П гуайг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тогтоол ирсэн үед л ийм тогтоол гарсан юм байна гэж мэдээд тэр тайлбартай холбогдуулж нэхэмжлэлээ өөрчилсөн.

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 07/06 тоот Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ч.П-г үүрэгт ажлаас чөлөөлсөн тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Ч.П-г Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, мөн шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл нэхэмжлэгчийн цалинг 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1085859 төгрөгөөр тооцож нөхөн олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай гэж нэхэмжлэлээ бүхэлд нь өөрчилсөн. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч маань дэмжиж байгаа гэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:Өнөөдрийн шүүх хуралдаанд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчийн хурлыг төлөөлж байгаа С.Ч-гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/08 тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэрэг үүсгээд явж байхад буюу 2018 оны 08 дугаар сарын 24-ны өдөр өөрчилсөн байдаг.

Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу өөрийн эрхийнхээ хүрээд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Үүнийг хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс үндсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэж үзэж байгаа.

Харин Ч.П-г Иргэдийн хурлын даргын ажлаас чөлөөлсөн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 08/06 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох тухай шинээр нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

Ийм учраас анхны нэхэмжлэл дээр тайлбар хийх шаардлагагүй. Ч.П-г чөлөөлсөн тогтоол дээр маргаж байна гэж ойлгож байна. Ийм учир энэ тогтоолтой холбоотой хууль зүйн тайлбараа хийе.

Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанд нийт ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 20 төлөөлөгч оролцсон буюу 95,9 хувьтай хуралдаан эхэлсэн байдаг. Хурлын хүрээнд 5 асуудал шийдэх байсан. Дээрээс нь бусад гэж асуудлыг оруулж ирсэн.

Тус хурал дээр Ч.П өөрөө 5 асуудлыг хэлэлцсэн хэрнээ өөр нэмж ярих асуудал байна уу? гэж өөрөө санал гаргасан байсан. Ч.П нь өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд нэмэлт асуудал хэлэлцэх санал гаргасан байгаа. Энэ бусад асуудалд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ч.П-д итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх асуудал байсан.

Ингээд хуралдаанд оролцогчдийн 55 хувь буюу 11 гишүүний итгэл үзүүлэх эсэх асуудлыг бусад гэх асуудалд оруулж үзье гэж санал өргөөд нийт гишүүдийн 100 хувийн саналаар эдгээр асуудлыг хэлэлцье гэсэн байдаг.

Үүнийг хавтаст хэргийн материалаас тодорхой харж болно. Энэ асуудлыг хэлэлцэж байгаа асуудал нь Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэгийн 15.1-д заасан хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар асуудлын 12.4 дэх хэсэгт хуралдаан даргалагчийн тавьсан асуудлыг биелүүлнэ гэснийг яг биелүүлсэн.

Энэ заалтыг зөрчөөгүй журмын хүрээнд үйл ажиллагаа явуулсан. Энэ 5 асуудлыг хэлэлцэж дуусаад 6 дахь асуудлыг хэлэлцэх үед тухайн гишүүдээс санал авч хурал хаалттай хуралдахаар болж хурал түр завсарлаад эргээд хаалттай хуралдсан байдаг. Энэ нь Баян-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэгийн 15.1-д заасан хуулийн заалт дүрмийг биелүүлсэн. Ийм учир энэ ажиллагаа ямар нэгэн хууль дүрэм зөрчөөгүй.

Хаалттай хуралдааныг Ч.П өөрөө эхлүүлсэн байдаг. Хаалттай хуралдааныг эхлүүлсэн байж хаалттай хуралдааныг хаяж гарсан байдаг. Ч.П-гийн энэ үйлдэл нь Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэгийн 4.9-д заасан хурлын төлөөлөл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хурлыг орхиж гарахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байдаг.

Хаалттай хуралдаан нь 65 хувьтай буюу 13 хүний ирцтэй хурал цааш үргэлжилсэн. Энэ нь мөн дэгийн 4.6-д заасан заалтанд зааснаар хууль ёсны дагуу явагдсан хаалттай хуралдаан гэдгийг тодорхой харж болохоор байна. Улмаар 65 хувийн ирцтэй хуралдаан үргэлжлээд нийт Ч.П-д итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцэхэд нийт гишүүдийн 55 хувийн саналаар итгэл үзүүлэхгүй гэсэн асуудлыг хэлэлцсэн.

Энэ нь өөрөө Монголын улсын засаг захиргаа,  нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын  тухай хуульд үндэслэсэн тогтоол болсон. Нэхэмжлэгч хэлсэн ямар нэгэн тамга тэмдэггүй, бланкгүй энэ нь өөрөө хууль бус байна гэв.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасан ямар нэгэн бланк дээр тамга тэмдэг дарахыг шаардаагүй юм. 25.2-т маш тодорхой зааж өгсөн байгаа.

Энэ тогтоолд зааснаар С.Б нь гарын үсэг зурснаар энэ тогтоол нь хүчин төгөлдөр болсон гэсэн үг юм. Дээрх миний дурьдсанчлан эдгээр асуудлууд нь С.Ч-+г Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад томилсонд тооцсон. Мөн Ч.П-г Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын ажлаас чөлөөлөх энэ процесс нь хуулийн дагуу явагдсан гэдгийг маш тодорхой харж болно.

Мөн нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөнтэй холбоотой тайлбар хэлье. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч сая ярьж байна. 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 07/06 тоот дугаартай Ч.П-г Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаас чөлөөлсөн тухай тооцсон тогтоолыг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр шүүх дээрээс ирээд мэдсэн гэж байна. Энэ нь үндэслэлгүй юм. Үүнийг үндэслэлгүй гэдгийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн үүнийг яагаад хүлээн зөвшөөрсөн гэхээр 06 дугаар сарын 28-ны өдрийн бичгийг надад гардуулж өгөөд ажлаа хүлээлгэж өг гэсэн гээд нарийн бичгийн дарга Ц.Э хэлсэн гэж хэлдэг.

Үүнийг гэрч Ц.Э ч нотлоно. 07 дугаар сарын 02-ны өдөр албан ёсоор гардуулж өгсөн байдаг. Гэтэл Ч.П-гийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь 08 дугаар сарын 02-ны өдөр дууссан байдаг.

Үүнээс үзэхэд шүүх нь нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн нэхэмжлэлийг хүлээн авах үндэсгүй байсан. Яагаад гэвэл нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөнтэй холбоотойгоор эрүүл мэнд, нийгмийн даатгалын бичилт хийлгэхийг даалгасан нэмэлт нэхэмжлэл гаргасан.

Иймд үндсэн нэхэмжлэлийг хүлээж авах үндэслэлгүй юм чинь нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээж авах үндэслэлгүй байгаа юм. Ийм учраас нэхэмжлэлийг үндсэн шаардлагаас татгалзсан, 2 дахь шаардлагыг хуулийн хүрээнд гаргах хугацаанд нь гаргаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг шүүхээс хүсч байна гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Давхцуулахгүй тайлбар хэлнэ. Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэл нь үндсэндээ хууль зөрчсөн нэхэмжлэл гэж үзэж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дэх хэсэгт шүүхэд хандахаасаа өмнө харъяалах дээд байгууллага, акт гаргасан байгууллагад гомдол гаргах ажиллагаа хийгдэнэ гэсэн байгаа.

Гэтэл уг актанд шүүхээс өмнө анхан шатны ажиллагаа хийгдээгүй. Захиргааны хуулийн 93 дугаар зүйлийн 1, 2-т иргэн хуулийн этгээд нь дээд шатны захиргааны байгууллага эсвэл адил шатны байгууллагад гомдол гаргана гэсэн байдаг.

Сумын нутгийн удирдлагын байгууллага нь байхгүй бол Захиргааны хуулийн 93.2 дахь заалтын хэрэглээд тухайн акт гаргасан байгуулагад нь гомдол гаргана. Шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө өөрөө сумын Иргэдийн хуралдаа гаргасан актанд гомдол гаргах ёстой байсан.

Өөрөөр хэлбэл шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө дээрх ажиллагаа хийгдээгүй байна гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэл нь эхнээсээ хууль бус байна.

 Анх 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлд өөрөө дурьдсан байгаа. Ч.П надад итгэл хүлээлгэхгүй 55 хувийн саналаар ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр гаргаж албан бичгээр мэдэгдсэн гэж байна.

Хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Шүүхийн өмнө худлаа ярихгүй шүү. Сая тайлбар хийхдээ шүүхэд энэ бичиг баримт ирсэнтэй үзэж танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж байна. Анхны нэхэмжлэл нь С.Ч-г томилогдсоныг эс зөвшөөрсөн эрх зүйн акт гэж маргаж гаргасан. Одоо гаргасан нэхэмжлэлийг харахаар С.Ч-г томилсоныг зөвшөөрч энэ асуудал дээр маргаан байхгүй юм байна гэж ойлгож байна.

Захиргааны хэрэг үүсгэсэн тогтоолын захирамжлах хэсэгт 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 08/06 дугаартай С.Чг томилсон актыг илт хууль бус болгох гэсэн захиргааны хэрэг үүссэн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн актын хүрээнд өөрчлөх ёстой гэж үзэж байна. Түүнээс биш Ч.П-тэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх үндэслэлгүй юм. Тухайн акттай холбоотой шүүхийн өмнөх ажиллагаа хийгдээгүй.

Шүүхэд гомдол гаргах хугацаа нь дуусчихсан. Тийм эрх зүйн актанд өөрчлөлт орсон гэж нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх нь сүүлийн үеийн өмгөөлөгч нарын заль болчихсон. Ийм арга хэрэглэсэн байна гэж үзэж байна.

Хурлын урилга гэж хэрэгт авагдсан байгаа тухайн урилгын дагуу 6 асуудал хэлэлцсэн. Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд тухайн асуудлыг хэлэлцэхийг мэдсэн. Тухайн актыг гардаж авсан зэргээ хүлээн зөвшөөрч байна. Хурал нь дэг журмын дагуу явагдсан. Тухайн үед хурлын даргад итгэл үзүүлэх талаар санал хэлэлцэнэ гээд 11 төлөөлөгч буюу 55 хувийн саналаар дэмжиж нийт 100 хувийн саналаар дэмжиж хэлэлцэхээр болсон. Хамгийн эхний 5 асуудлыг хэлэлцээд 6 дахь асуудал хэлэлцэх үед төлөөлөгч С.Ч нь хурлын даргын асуудал яригдах гэж байгаа учир хурлын даргаа сонгоод хурлыг эхлүүлье гэхэд Ч.П дарга агсан үгүй би өөрөө хурлаа удирдан явуулна үндэслэл тайлбараа та бүхэн тайлбарлаж ярь гэсэн байдаг.

Энэ бүх нотлох баримт нь хавтаст хэрэгт хурлын тэмдэглэлээр авагдсан байгаа. Ингээд хурлаа өөрөө удирдаад эхлүүлээд явсан. С.Ч үндэслэл тайлбараа гаргаад ярихад Ч.П агсан дарга хурлыг хаасан зүйлгүй орхиод гарсан.

Шүүхэд үнэн зөв тайлбар, мэдүүлэг өгөх үүрэгтэй.Тийм учир нэхэмжлэл нь эхнээсээ хууль бус ямарч үндэслэлгүй нэхэмжлэл байгаа учир бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.П нь анх Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч С.Ч-г Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдсонд тооцох тухай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий  нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү шаардлагаа Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/07дугаартай “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.П-г үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Ч.П-г Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл Ч.П-гийн цалинг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар тутамд 1085859 төгрөгөөр тооцож нөхөн олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” хэмээн нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилснийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Зургаадугаар хуралдаан 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт болжээ.Тус хуралдаанаар доорхи асуудлыг хэлэлцэхээр тусгагджээ.Үүнд:

1.Сумын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн эхний хагас жилийн биелэлт, явц, үр дүнгийн тухай

2.Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэдэх ажлын хороодыг шинэчлэн байгуулах тухай

3.Хүүхдийн хөгжил хамгааллын жилд хийж буй ажлын явц, үр дүнгийн тухай

4.Улсын төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж буй ажлын явцын тухай

5.Журам шинэчлэн батлах тухай

6.Бусад асуудал зэрэг болно.

Хуралдаан үргэлжилж бусад асуудлыг хэлэлцэх явцад Ардчилсан намаас сонгогдсон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч С.Ч “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад итгэл үзүүлэх эсэх талаар” хэлэлцэх санал оруулсан байна.

Энэ саналыг сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.П “Дэмжихгүй дараа нь тусад нь хурлаар хэлэлцье. Энэ удаагийн хуралд хэлэлцэх асуудалд байхгүй гэж татгалзан хурлыг хаалаа” гэж хэлээд Ардын намаас сонгогдсон нэр бүхий төлөөлөгчид хуралдааныг орхин гарчээ.

Ингэж гарсны дараа тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үлдсэн 11 төлөөлөгчид хаалттай хуралдаж хурал даргалах даргаараа С.Б төлөөлөгчийг сонгон маргаан бүхий захиргааны акт болох 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/07 дугаартай тогтоолыг уг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар буюу 11 төлөөлөгчийн саналаар батлан гаргажээ. Өөрөөр хэлбэл дээрх 06/07 дугаарын тогтоолоор Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.П-г үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Ч-г тус Хурлын даргаар томилжээ.

Шүүх дараахь хуулийн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.Үүнд:

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дугаарт: “Сонгуулийн дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй” гэсэн хуулийн заалтыг зөрчиж тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 13 төлөөлөгч хаалттайгаар хуралдаж маргаан бүхий захиргааны актыг гаргажээ. Тодруулбал: Хуулийн энэхүү хэсэгт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх давуу эрхийг заасан нь тус нам, эвслээс цөөн суудал авсан нам, эвслийн Хурлын даргад нэр дэвшүүлэх эрхийг хязгаарлаагүй байна. Тиймээс тухай иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суудал бүхий нам, эвслийн Хурлын даргад нэр дэвшүүлэх эсэх саналыг авсны эцэст сая Хурлын даргыг сонгох санал авах асуудлыг зохион байгуулах учиртай байна. Гэтэл Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зургаадугаар хуралдаанаар нэр бүхий 11 төлөөлөгч хаалттай хуралдаан хийн Ч.П-г тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна.

Нөгөө талаар Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зургаадугаар хуралдаанаар Хурлын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хуульд заасан журмын дагуу явуулж, хэлэлцсэн бол уг хуралдаанаас гаргах шийдвэр нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.б-д зааснаар Хурлын даргыг чөлөөлөх бус өөрчлөх шийдвэр гарах байсан байна.

2.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйл. Хуралд асуудал оруулах

-Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дүгээрт: Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудлыг санаачлан хуралд оруулах эрхтэй.

-Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дугаарт:Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн тухайн шатны Хуралд сум, дүүрэг, баг, хорооны Хурал зохих дээд шатны Хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал дэвшүүлж болно.

-Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дугаарт:Энэ хуулийн 24.1, 24.2 дугаарт заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж хуулинд заажээ.

Гэтэл Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит зургаадугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад “Хурлын дарга Ч.П-д итгэл үзүүлэх эсэх”  асуудлыг оруулаагүй байна.

Нөгөө талаар тус хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад “Бусад асуудал” хэмээн оруулсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасантай зөрчилдөж байна. Тодруулбал. Хуулийн энэхүү заалтад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулж буй саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсарган хуралдаан болохоос нэг хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараахыг шаардсан байгаа нь тухайн хуралдаанаар хэлэлцэх асуудал нь тодорхой байхыг хууль шаарджээ. Харин хуулийн энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй байхаар хуульчилсан байна.

Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тус сумын нутгийн өөрөө удирдах байгууллага бөгөөд үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг баримтлан ажиллах үүрэг бүхий төрийн байгууллага юм.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар тус Хурлын төлөөлөгч С.Ч нь Хурлын хуралдаанаар асуудал хэлэлцүүлэх санал оруулах эрхтэй. Хурлын төлөөлөгчид ч төлөөлөгчийн гаргасан саналыг хуралдаанаар хэлэлцэх эрхийг эдэлнэ.

Гэхдээ энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ хэн аль нь хуулийн дээрх зохицуулалтад заасан журмын дагуу саналаа гаргах, ингэж хуульд заасан журмын дагуу гаргасан саналыг хуралдаанаараа хэлэлцэх үүргийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нь давхар хүлээж байна.

Гэтэл тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь өөрийн санал болгож буй “Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад итгэл үзүүлэх эсэх” асуудлыг хэлэлцүүлэх саналынхаа үндэслэлийн талаарх тооцоо, судалгаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд хуульд заасан нэг хоногийн өмнө хүргүүлээгүй болох нь Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хийсэн зургаадугаар хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.

Ийнхүү хариуцагч нь “Бусад асуудал” гэдэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад итгэл үзүүлэх эсэх” асуудлыг оруулан хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн байх бөгөөд дахин энэ асуудлаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг бүгдийг нь  оролцуулан хуулийн дагуу хуралдаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хугацааг зөрчиж нэхэмжлэлийг хүлээж авсан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилснийг хүлээж авах боломжгүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй нэхэмжлэлийг хүлээн авсан гэж маргаж байна.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь тухайн сумынхаа хувьд дээд шатны байгууллага мөн бөгөөд тус Хурлын даргыг сонгох, өөрчлөх асуудал нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хурал ...-ын хууль бус шийдвэрийн улмаас иргэд ...-д учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэж, 41.2-т “Хурал ...гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэж тус тус заажээ.

Тиймээс шүүх энэхүү нэхэмжлэлийг урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзах боломжгүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч Ч.П нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 06/07 дугаар тогтоолыг эс зөвшөөрч тухайн маргаан бүхий захиргааны актыг гаргасан өдрөөс 20 хоногийн дараа буюу 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд тухайн нэхэмжлэлийг гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах... эрхийг эдлэхээр хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөхөд ямар нэгэн цаг хугацааны хязгаарлалтыг заагаагүй байна.

Тиймээс шүүх нэхэмжлэгчийг маргаан бүхий захиргааны актыг “илт хууль бусад тооцуулах тухай” нэхэмжлэлээ  “хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэж өөрчилснийх нь төлөө “хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” хэмээн татгалзах эрхгүй юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ч.П нь тус аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 06/07 дугаарын тогтоолын талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаж маргаан үүсгэсэн байх тул түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилсөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн зохицуулалт байхгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу нэр бүхий 9 хүнийг гэрчээр асуусан бөгөөд асуухдаа асуулт, хариултаар явагдсан тул шийдвэрт тусган бичих боломжгүй тул шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн бичигдсэн болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх  нь зүйтэй байх тул  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12,106.6 дугаарт зааснуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3 дугаарт тус тус зааснаар “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/07дугаартай “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.П-г үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” тогтоолыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.П-г өмнө эрхэлж байсан Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай.

2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дүгээрт тус тус зааснаар Ч.П-н ажилгүй байсан 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн нөхөн олговор   2888784 /хоёр сая найман зуун наян найман мянга долоон зуун наян дөрвөн/ төгрөгийг Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дүгээрт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч  Ч.П-д олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1 дүгээрт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.