Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01907

 

Д.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00553 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 96 дугаар магадлалтай,

Д.Мын нэхэмжлэлтэй

Г.Гад холбогдох

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл, засвар үйлчилгээний төлбөр нийт 6.634.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Г.Гын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-17 дугаар байрны дэргэд байрлалтай Эрдэнэт булаг ХХК-ийн өмчлөлийн барилгын 366 м2 үл хөдлөх хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан. Энэ хугацаанаас хойш иргэн Г.Гтай харилцан тохиролцож хэлцэл аман тохирооны дагуу 216 м2 талбайг интернет РС тоглоомын үйлчилгээгээр ажиллуулж байсан 2017 оны 6 дугаар сар хүртэл 1.300.000 төгрөгний түрээсийн үлдэгдэлтэй болсон тул хэлцлийг баталгаажуулж бичгээр үйлдэж харилцан ярилцаж 6 дугаар сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэрээ байгуулсан боловч 2017 оны 6 сард 150.000 төгрөг, 9 сард 700.000 төгрөг, 10 сард 605.000 төгрөг, 11 сард 2.000.000, 12 сард 1.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард 200.000 төгрөг тус тус дутуу төлсөн. Нийт 5.955.000 төгрөг болчихлоо гэхэд байраа хөлслүүлэх гэж байгаа бөөнд нь өгнө гэсэн. Мөн ажиллах хугацаанд зарцуулсан тог усны төлбөр 205.000 төгрөг, алданги 24.600 төгрөгийг Эрдэнэт Ус ДТС ӨНӨХК-нд төлөөгүй. Иймд дээрхи төлбөрүүд дээр 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр эвлэрүүлэн зуучлалаар ороход тэмдэгтийн хураамж төлсөн 30.000 төгрөгийг нэмж нийт 6.214.600 төгрөгийг Г.Гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч Д.М би Г.Гаас түрээсийн төлбөрөө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд барилгын цонх, цонхны тавцангуудыг эвдэж гэмтээсэн байгаа тул тус материалын үнэ болох 420.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид анх интернет РС тоглоомын байрыг барилга баригдаж дуусч ашиглалтанд бүрэн аваагүй байхаас эхлээд Ц.Болдбаатар нартай 2013 оны 12 сарын эхээр харилцан тохиролцож түрээслэж авахаар ярилцсан. Ц.Болдбаатар нар тохиролцож бид үйл ажиллагаа явуулах зээл авах, тоног төхөөрөмжөө суурилуулах гэх мэт бэлтгэл ажлаа хангаж дуусаад үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс эхлэн түрээслэж авч төлбөрөө төлөхөөр тохиролцсон. Гэтэл Болдбаатар 2013 оны 12 сарын сүүлээр мөнгө хэрэг болоод байна гээд урьдчилгаа төлбөр өгөхийг хүссэн. Ингээд 2013 оны 12 сарын 25-ны өдөр гэрээгээ байгуулж 3.400.000 төгрөг урьдчилж өгсөн. Ингэхдээ гэрээнд 3 сарын 01-ний өдрөөс түрээсэлж ажиллахаар бичсэн. Бид 3 сарын 01-нд эхэлж чадахгүй бол яах вэ гэхэд эхэлсэн өдрөөс чинь төлбөрөө тооцъё гэсэн. Ингээд урьдчилгаа мөнгө 3.400.000 төгрөг өгчихөөд бид сарын 25-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гэтэл анх тохиролцсон тохиролцооноосоо буцаж төлбөрийг илүү тооцсон. Ингээд л энэ цаг мөчөөс эхлэн 2018 он хүртэл дарамттай явлаа. Ийнхүү 4 жил маш өндөр түрээс төлж нийтдээ 110.000.000 төгрөгийн төлбөр төлж ажиллажээ. Түрээсийг хөнгөлөх талаар удаа дараа хүсэлт гаргахад за за гэж тохиролцчихоод нэхэхээ болохоор тохиролцсоноосоо буцсан байна. Бидэнд түрээсийн төлбөрийн үлдэгдэл байхгүй. Харин ч илүү төлсөн байгаа. Хэрвээ үлдэгдэл байгаа гэж үзэж байгаа бол бид түрээсийн төлбөрийг сарын 600.000 төгрөгөөр ч тооцож тооцоо нийлнэ. Харин үүнийг Болдбаатар зөвшөөрөхгүй гэвэл бид гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж харин ч илүү төлсөн төлбөрөө буцаан нэхэмжлэх болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00553 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан хариуцагч Г.Гаас 5.304.600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.330.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114.500 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Г.Гаас 99.823 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 96 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00553 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтанд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 гэснийг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 292 дугаар зүйлийн 292.2 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Г.Гын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99.830 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Г хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 1. Шийдвэрт түрээслэгч буюу Г.Гад 4 655 000 төрөг, засвар үйлчилгээний зардал 420 000 төгрөг, 229 600 төгрөг цахилгаан усны төлбөрийг өгөх ёстой байна гэх дүгнэлтийг хийхдээ Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.5 заасан үндэслэлийг баримталсан өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гэх түрээсийн гэрээ хуульд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэн хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үүрэгтэй буцаан өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэх заалтыг баримтлан шийдвэрлэсэн гэсэн атлаа түрээслэгч буюу Г.Гаас 5 304 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Түрээслэгч Г.Г нь ажлын байрны түрээсийн төлбөрийн маргаан үүсэхээс өмнө буцаасан байсан тул 5 304 000 төгрөгний хохирол төлөх хууль зүйн үндэслэл байгаагүй. Уг байрыг буцаан өгснөөс 5 304 000 төгрөгний хохирол учирсан гэж түрээслүүлэгч буюу Д.М нотлоогүй. Мөн нэхэмжлэлийн шаардлага дутуу төлсөн түрээсийн төлбөрийг төлсөн гаргуулах гэх маргаан байсныг анхаараагүй. 2. Түрээсийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, харин хөлслөх гэрээ байжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Ингэж дүгнэхдээ уг түрээсийн гэрээ нь хуульд нийцээгүй байх тул хөлслөх гэрээ гэж үзнэ гэх дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй. Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нар түрээсийн гэрээ хийсэн талаар маргаангүй байхад уг гэрээний шинжид дүгнэлт хийж дутуу гэх түрээсийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 3. Түрээсийн гэрээг удаа дараа үнэ тогтоон талууд байгуулсан байдаг ба нэхэмжлэгч тал 2017.06.01-ний өдөр байгуулсан гэх түрээсийн гэрээний үүргийг биелүүлээгүй гэх маргаан үүсгэсэн ба түрээслэгч уг гэрээг хүчин төгөлдөр бус бидний хооронд байгуулсан жинхэнэ гэрээ бол 2015.01.01-ний өдөр байгуулсан сарын түрээсийн төлбөр 600 000 төгрөгийг төлөхөөр талууд байгуулсан /1-р хх 41-43-р хуудас/ гэрээ гэж мэтгэлцсэн. Түрээслүүлэгч уг хариуцагчийн мэтгэлцэж буй 600 000 төгрөгөөр тохиролцсон гэрээг жинхэнэ гэрээ гэж үзэн 2015 оноос 2017 оныг дуустал татварын байгууллагад санхүүгийн тайлангаа уг гэрээг үндэслэн гаргаж өгч байсан баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан. Өөрөөр хэлбэл нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар санхүүгийн тайлангаа үнэн зөв гаргаж өгөх үүргийн дагуу Д.М нь 2015.01.01-ний өдөр байгуулсан 600 000 төгрөгөөр тохиролцон түрээсийн гэрээний дагуу түрээс авдгаа үнэн зөв гэж нотолж санхүүгийн тайлангаа гаргаж өгч байсныг хариуцагч /1-р хх 234-248-р хуудас/ нотолсон байтал баримтыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.1, 40.2 заалтыг зөрчсөн. 4. Түүнчлэн Иргэний хуулийн 56-р зүйлд заасан үндэслэлээр 2017.06.01-ний өдрийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцсон гэрээ нь үнэн зөв гэрээ юу, эсвэл 2015.01.01-ний өдрийн 600 000 төгрөгөөр тохиролцсон гэрээ үнэн зөв эсэхийг шийдвэрлээгүй атлаа 2017.06.01-ны өдрийн түрээсийн гэрээг үнэлж хариуцагчаас төлбөр гаргуулсан нь үндэслэлгүй байхад давж заалдах шатны шүүх эрхзүйн баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь хариуцагчийн хуулиар олгогдсон эрх ашгийг хохироосон гэж үзэж байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Г.Гаас түрээсийн төлбөр 5 955 000 төгрөг, ус, цахилгааны төлбөр, алданги 229 600 төгрөг, эд хөрөнгөнд учирсан хохирол 420 000 төгрөг нийт 6 634 600 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 5 304 600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна. Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгоно.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг оновчтой сонгосон боловч зөв тайлбарлаж чадаагүй байх тул зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. “Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах”-ыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Д.М, Г.Г нарын хооронд  байгуулагдсан гэрээг анхан шатны шүүх түрээсийн гэрээ гэж үзсэнийг давж заалдах шатны шүүх эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж дүгнэжээ.

Д.М нь өөрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-өндөр сумын Уурхайчин багийн 3-17 дугаар байрны урд байрлах ...үйлчилгээний зориулалттай 366м2 талбайг 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31 хүртэл хугацаанд Г.Гад түрээсэлсэн, Г.Г нь тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар ашиглаж, тохирсон төлбөрөөс гадна цахилгаан, хэрэглээний усны төлбөрийг төлөх, хугацаа хэтрүүлбэл хоногийн 0.4 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулсан байна. Хариуцагч Г.Г урьд нь өмнөх өмчлөгч Ц.Болдбаатартай гэрээ байгуулж, талбайг эзэмшиж байсан ба Д.М өмчлөгч болсноор түүнтэй гэрээ байгуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Г.Г нь тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар, уг үйл ажиллагааг явуулах нөхцөл шаардлагыг хангасан үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашигласан байдал нь түрээсийн гэрээний шинжийг агуулсан байхад давж заалдах шатны шүүх эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж үзсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д нийцээгүй байна.

Анхан шатны шүүх зохигч талуудын хооронд үүссэн гэрээг түрээсийн гэрээ гэж үзсэн нь зөв боловч гэрээ хүчин төгөлдөр эсэхийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т заасан зохицуулалтын дагуу дүгнэхдээ эд хөрөнгийг аж ахуйн үйл ажиллагаа явуулж ашигласан тул гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.”, 318.4-т “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.” гэж заасан тул түрээсийн гэрээг байгуулах хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Хуульд ийнхүү гэрээг ямар хэлбэр, журмаар байгуулахыг заасан тул уг журмыг баримтлаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байх үр дагавартай бөгөөд түрээсийн зүйлийг эзэмшиж, ашигласан байдал нь гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болохгүй юм. Зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага хангаагүй тул хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсгийг буруу тайлбарласнаас гадна хэрэглэх ёсгүй зохицуулалтыг хэрэглэсэн нь учир дутагдалтай болжээ. 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байна. Д.М нь түрээсийн зүйлийг буцаан авсан ба гэрээний нөгөө тал болох Г.Г нь шилжүүлсэн мөнгийг буцааж авах эрхтэй боловч бусдын эд хөрөнгийг ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй тул түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөрийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заасан зохицуулалтын дагуу төлөх үүрэгтэй байна.

Анхан шатны шүүх 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи хугацааны төлбөр 4 655 500 төгрөг, гэрээгээр тохирсон хугацааны цахилгаан, усны төлбөр, алдангид 229 600 төгрөг, талбайг түрээсэлж байх үед цонхны тавцан, шил хагарсан түүнийг солиход гарсан зардал 420 000 төгрөг нийт 5 304 600 төгрөгийг хариуцагч Г.Гаас гаргуулж, Д.Мад олгож шийдвэрлэсэн нь хэрэгт байгаа баримтад тулгуурласан, уг нэхэмжлэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д зааснаар хангагдах тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 96 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00553 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “...318 дугаар зүйлийн 318.4, 227 дугаар зүйлийн 227.3..гэснийг ...56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 ...гэж өөрчилж,” шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА