Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2015/0023/З |
Дугаар | 295 |
Огноо | 2016-10-10 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 295
“Тайгам-Алтай” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 276 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2016/0390 дүгээр магадлалтай, “Тайгам Алтай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Нэхэмжлэгч Тайгам Алтай” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 7/316 тоот улсын байцаагчийн албан шаардлага болон тус газрын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10,000,000 төгрөгийн торгууль шийтгэвэрийг тус тус бүхэлд нь хүчингүй болгуулах” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 276 дугаар шийдвэрээр: 1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Тайгам-Алтай” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0000185 дугаар шийтгэврийг хүчингүй болгож, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 7/316 тоот “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж,
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Тайгам-Алтай” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Тайгам- Алтай” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2016/0390 дугаар магадалалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 276 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 16 дугаар зүйлийн 16.1.7-д заасныг баримтлан Тайгам-Алтай ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар 05-ны өдрийн 7/316 тоот албан шаардлага, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0000185 дугаар шийтгэврийг тус тус хүчингүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, шинжээчийн зардал 383.640 төгрөг гаргуулж Динновэйшн ХХК-нд тус тус олгосугай гэж өөрчлөн, 3 дахь заалтыг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тэрбиш хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалд “тухайн тохиолдолд “Тайгам алтай” ХХК-ийг өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэхгүй, энэ талаар талууд маргаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тодруулбал,
“Тайгам алтай” ХХК-ийн хувьд стандартын шаардлагыг зөрчсөн энэ нь хэрэглэгчтэй байгуулсан гэрээнээс бага хэмжээтэй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн, тухайн асуудалд маргаагүй, харин өрсөлдөөнийг хязгаарласан талаар маргасан. Нэхэмжлэгч нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулиудын зорилго өөр, үүнтэй холбоотой хэрэглэгчийн зөрчил, өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил тус бүр тогтоогдох ёстой гэж маргасан. Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-д аж ахуй эрхлэгч “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглоно гэж заасан бөгөөд стандартын шаардлага хангаагүй бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлж байгаа өрсөлдөгч аж ахуй эрхлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг шууд хөндөх юм. Нөгөө талаар хэрэглэгч шууд хохирол хүлээж байгаа нь хуулийн дээрх заалтыг зөрчих үйлдэл болно гэж мөн маргасан.
Гэтэл “хохирол учруулсан гэдгийг иргэний шүүх тогтооно” гэж давж заалдах шатны шүүхийн магадлалд дүгнэсэн бөгөөд энэ тохиолдолд хэдийгээр шүүх хэрэг маргааныг шийдвэрлэж, эцсийн шийдвэр гаргах нь зүйн хэрэгч шүүхээс өмнөх шатанд захиргааны байгууллагын хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн зорилт нь зах зээлийн харилцаанд харьцангуй мэдлэг, мэдээлэл, ур чадварын худвд иргэн /хэрэглэгч/ аж ахуй эрхлэгч гэсэн 2 тэнцвэргүй этгээд харилцаанд ордогтой холбоотой энэхүү зөрүүтэй байдлыг тэнцвэржүүлэх зорилгоор төрийн эрх бүхий хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагад хуулиар эрх, үүрэг оноон хэрэгжүүлдэг байхад тодорхой хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр “зөвхөн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж байгаа нь хуулиар олгогдсон иргэн, төрийн захиргааны байгууллагын эрх, үүргийг хязгаарласан гэж үзэж байна.
Эдгээр үндэслэлээр Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиудыг давж заалдах шатны шүүх буруу хэрэглэсэн.
2. Шинжээчийн зардал 383,640 төгрөгийг тус газраас гаргуулан “Динновэйшн” ХХК-д олгуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь шүүх хуралдааны явцад шинжээч томилуулах хүсэлтийг нэхэмжлэгчийн зүгээс гаргасан, стандарт болон хэрэглэгчтэй байгуулсан гэрээтэй зөрчилдсөн талаар шинжээчийн дүгнэлт нийцэж байгаа, энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрсөн талаар тэмдэглэсэн, үүнтэй холбоотой анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд ч зөрчил тогтоогдож байгаа талаар дүгнэсэн атал шинжээчийн зардал 383,640 төгрөгийг тус газраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцэхгүй байна.
3. Стандарт болон хэрэглэгчтэй байгуулсан гэрээний улмаас учирсан хохирлыг барагдуулахыг шаардах эрх өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагад байгаа, харин яг тодорхой мөнгөн дүнгээр хохирол тодорхойлон шаардсан нь тухайн эрхээс давсан гэж шүүх үзэхэд хүрвэл үүнийг залруулах үүрэг хүлээх нь зүйн хэрэг гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ..
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 16.1.7-д тус тус зааснаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь xэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, тодорхой асуудлаар шалгалт явуулах, хэрэглэгчийн эрхийг ноцтой хохироосон тухай үндэслэл бүхий албан ёсны шаардлага бичих, уг шаардлагыг хүлээн авсан боловч арга хэмжээ аваагүй албан тушаалтанд зохих арга хэмжээ ногдуулах тухай саналыг холбогдох хяналтын байгууллагад тавих буюу шүүхэд нэхэмжлэл гаргахаар байна.
Тухайн тохиолдолд хариуцагч улсын байцаагч нар “Тайгам Алтай” ХХК нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн эсэх талаар хяналт шалгалтыг хуульд заасны дагуу хийлгүйгээр зөвхөн иргэдээс ирүүлсэн хүсэлт, түүнд хавсаргасан хэмжилт хийсэн компанийн дүгнэлтийг үндэслэн албан шаардлага бичсэн нь буруу юм.
Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулсан талуудын гэрээний үүрэг зөрчсөн буюу “борлуулсан орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас зөрүүтэй” талаарх маргааныг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар шүүх шийдвэрлэх ёстой байхад хариуцагч улсын байцаагч шийдвэрлэж, нэхэмжлэгчээс хохирлыг нөхөн төлүүлэхээр албан шаардлага бичсэн нь хуулиар олгогдсон чиг үүргээ буруу хэрэгжүүлсэн, тухайн байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудал болно. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүхийн дүгнэлтээр захиргааны байгууллагын шүүхийн өмнөх шатанд хяналт тавих хуулиар олгосон эрх хэмжээг хязгаарласан” гэх гомдол үндэслэлгүй.
Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх”, 12.1.10-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” үйл ажиллагааг аж ахуй эрхлэгчид хориглохоор заасан.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Тайгам Алтай” ХХК-ийг өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дээрх үйл ажиллагааг явуулсан гэдгийг улсын байцаагч нар нь хяналт шалгалтын үр дүнд тогтоогоогүй, зөвхөн иргэдээс ирүүлсэн гомдолд үндэслэсэн байх бөгөөд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан “... бараа, ажил үйлчилгээ нь стандартын шаардлагыг хангасан” байна гэсэн заалтыг зөрчсөн зөрчил нь өрсөлдөөнийг хязгаарлах, өрсөлдөөнд харш үйлдэл мөн” хэмээн тайлбарласан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заажээ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдсан учир шүүхээс шинжээчийн зардлыг дээрх хуулийн заалтын дагуу хариуцагчаас гаргуулсан нь зөв байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шинжээчийн зардлыг хариуцагчаас гаргуулсан нь буруу...” гэх гомдол үндэслэлгүй байна.
Дээр дурдснаар давж заалдах шатны шүүх Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2016/0390 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ