Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баясахын Сугар |
Хэргийн индекс | 121/2018/0021/З |
Дугаар | 21 |
Огноо | 2018-11-22 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 21
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Сугар даргалж, шүүгч Б.Батчимэг, шүүгч Ц.Нэргүй нарын бүрэлдэхүүнтэйгээр, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийн
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Т.У-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Засаг дарга
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт холбогдох
“1. Т.У намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,
2. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/37 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох 7048-1111 нээлттэй утас, иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр томилохыг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгах,
3. Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, түүнтэй холбоотой эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгах,
4. “Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд нийт 2.970.500 төгрөг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.У, түүний өмгөөлөгч Б.Азжаргал нар цахимаар сүлжээгээр, хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.А, иргэдийн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын цагдаа, шүүх хуралдааны дэг сахиулагч цагдаагийн ахлагч Д.Батхишиг, ахлах ахлагч О.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
“Нэхэмжлэгч Т.У миний бие 2014 оноос эхлэн Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт томилогдон ажилласан бөгөөд 2015 онд тус аймагт зохион байгуулагдсан төрийн албаны мэргэжлийн шалгалтанд орж тэнцэж төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон. Улмаар аймгийн Засаг даргын нарийн бичгийн үүрэгт ажлыг эрхэлж байгаад 2015 оны 09 дүгээр сард аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Хууль зүйн хэлтэст 7048-1111 нээлттэй утас буюу иргэдийн гомдол мэдээллийг хүлээн авах мэргэжилтнээр ажиллах болсон. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/46 тоот тушаалаар ажлаас гэнэт халагдсан. Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор миний ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөж өөр газарт шилжсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны ажлаас чөлөөлсөн Б/46 дугаар тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт үндэслэн гаргасан байх ба уг заалтаас дүгнэхэд намайг ажилд буцаан томилохгүй байгаа нь өөрөө хууль бус үйлдэл бөгөөд миний эрх ашгийг зөрчиж байгаа юм. Учир нь Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/69 дүгээр захирамжаар миний ажлын байр байгаа. Миний ажлын үндсэн чиг үүрэг Төрийн захиргаа удирлагын хэлтэст шилжсэн. Мөн Төрийн албаны тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт төрийн байгууллага татан буугдсан эсвэл өөрчлөгдсөн зэргээс үл хамааран албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсийг нь бууруулахгүйгээр мэргэжил мэргэшлийнх нь дагуу өөр албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар дахин мэргэшиж болох бөгөөд энэ мэргэшлээр урьд эрхлэж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч хууль заасан эрхийнхээ дагуу ажлын байраар хангуулж эсвэл 3 сарын хугацаатай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж тухайн байгууллагаас олгоно гэж заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа хангагдахгүй байна гэж үзэж байна. Миний хувьд иргэдээс албан байгууллагад бичгээр гаргасан өргөдөл гомдол, мөн нээлттэй утас 7048-1111 дугаарын утас болон 70481111 гэсэн цахим сайтаар ирсэн өргөдөл гомдлыг хүлээн авч холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, иргэдэд эргэн хариу өгөх, мөн аймгийн хэмжээнд нийт төрийн байгууллагад ирсэн өргөдөл гомдлын мэдээг нэгтгэн дүгнэж Засгийн газрын 0848 тоот албан бичгийн дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газарт тайлан мэдээг хүргүүлэх ажлыг хийж байсан. Энэ ажлын үндсэн чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн байгаа бөгөөд Төрийн захиргаа удирдлагын хэлтэст энэ үүрэг очсон ба ажилтан нь бий, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд чиг үүрэг маань шилжсэн байгаа. Тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч миний бие Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар уг газрын даргын хууль бус ажиллагааны улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж 24 сар орчмын хугацаанд ажилгүй орлогогүй, шүүхээр хэрэг маргааныг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхээр хүлээж байгаа бөгөөд хөдөлмөрлөх эрх маань зөрчигдөж санхүүгийн болон сэтгэл санааны хувьд ихээхэн хохирч гомдолтой байгаа тул хэргийг тал бүрээс нь хянан үзэж үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Азжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгчийн хэлсэн тайлбар дээр нэмээд хэлэхэд Засаг даргын Тамгын газраас Т.Уыг эгүүлэн ажил албан тушаалд томилохгүй байгаа гол шалтгаан нь орон тоо цомхотгосон гэж ярьж тайлбарладаг. Орон тоог цомхотгосон гэж үзэхгүй. Яагаад гэхээр 2016 оны 8 дугаар сарын 09 тоот тогтоолоор аймгийн Засгийн газао орон тоог баталсан. Энэ орон тоог баталсны дагуу аймгийн Засаг дарга Б/69 тоот захирамж гаргасан. Уг захирамжинд аймгийн Тамгын газрын ажилчдын бүтэц, орон тоог баталсан байгаа. Тухайн журмаар баталсан чиг үүрэгт Төрийн захиргааны удирлагын хэлтэс нь иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авах шийдвэрлэлтийн биелэлтийг дүгнэх чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг. Орон тоонд нь нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан чиг үүрэг орж байгаа гэсэн үг. Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтэн нь аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоонд хамаарч байгаа. Үүнээс үзэхэд иргэдийн өргөдөл гомдол хүлээн авагчийн ажлын байр нь хэвээр хадаглагдаж байгаа гэсэн үг юм. Ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа байдал болон аймгийн Засаг дарга нь уг ажлын байранд эрх зүйч мэргэжилтэй хүн шаардлагатай тул энэ хүнийг үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй юм гээд ажилд нь эгүүлэн томилохгүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, нийлсэн, нэгтгэх, хуваах эсвэл зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүрэг хэвээр хадаглагдаж үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах ёстой гэсэн энэ хуулийн заалт зөрчигдөж байна. Мөн дээрээс нь Төрийн албаны тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан төрийн албан хаагч нь өөрөөс хамаарахгүй шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн бол дараах 3 баталгаагаар зайлшгүй хангагдах ёстой байдаг. Гэтэл энэ баталгаагаар алинаар нь ч хангагдаагүй. Энэ нь өөрөө аймгийн Засаг дарга болон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын хууль бус үйлдэл юм гэдгийг нь хэлмээр байна. Ажлаас үндэслэлгүй халагдснаас болж үүссэн хохирол ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, ажилд эгүүлэн томилохыг даалгах, мөн энэ асуудлаас болж учирсан хохирол болох 2.970.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.
3. Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлтэй холбогдуулж тайлбар хэлэхэд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/37 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхлэж байсан албан тушаал болох 7048-1111 нээлттэй утас, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авах мэргэжилтнээр томилохыг даалгасан ийм шаардлага гаргасан байна. Энэ албан тушаалын хувьд бол нэхэмжлэгчийн урьд өмнө нь эрхэлж байсан албан тушаал нь бол биш, тэрээр өмнө нь Хууль зүйн хэлтсийн Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Одоо бол тийм ажил албан тушаал байхгүй. Тиймээс урьд эрхэлж байсан ажил албан тушаал гэж байхгүй юм шүү. Төрийн үйлчилгээний нэгдсэн төв бол Засаг дарга нь төрийн төлөөлөгчийн хувьд хууль тогтоомж гүйцэтгэх засаглалын шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлдэг ийм субъект байгаа юм. Төрийн үйлчилгээний нэгдсэн төв бол Засгийн газрын 141 тоот тогтоолоор батлагдсан. Аймгийн Засаг даргын дэргэдэх зохион байгуулалтын нэгж. Аймгийн Засаг даргын захирамжийг үндэслээд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга баталдаг. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тоо нь 41 орон тоотой байдаг. Тэр 41 хүний баталсан ажлын байранд энэ 2 хүний буюу Эрдэнэсүрэн, Анхбаяр хоёрын ажлын чиг үүрэг багтаагүй. Үүнийг хэрэгт авагдсан нотлох баримтаас харж болно. Тэгэхээр урьд эрхлэж байсан ажил албан тушаалд гэж нэхэмжлэлийн шарадлагаа тодруулаад байгаа нь өөрөө ямар ч үндэслэлгүй юм. Гэтэл яг бодит байдал дээр бол орон тоо хасагдсан зүйл байдаггүй. Өмнө ажиллаж байсан ажлын байр нь Засгын газрын 09 дүгээр тогтоолоор Төрийн захиргаа удирдлагын хэлтэст шилжиж өргөжсөн гэж тайлбар хийгээд байгаа. Энэ нь Төрийн захиргааны удирдлагын хэлтэс нь харьяалах захиргааны нэгж нь Засаг даргын Тамгын газрын ажлын алба нь тухайн өргөдөл гомдлыг авч шийдвэрлэх зохицуулалт байгаа. Энэ зохицуулалтын талаар өмнөх шүүх хурал дээр ч яригдаж байсан. Одоо О гэж хүн дээр энэ ажил албан тушаал нь хавсаргагдаж явж байгаа. Нэг ёсондоо Ууганжаргалын урьд эрхэлж байсан Хууль зүйн хэлтэст харъяалагдаж байсан ажлын байр нь байхгүй болж Төрийн захиргаа удирдлагын хэлтэст шилжсэн байгаа гэсэн үг. Тэгэхээр орон тоо хасагдсан гэж үзнэ. Дараагийн асуудал Төрийн үйлчилгээний нэгдсэн төв болж уг бүтэц орон тооны өөрчлөлтөөр миний эрхэлж байсан ажил албан тушаал хасагдсан биш 2 албан тушаалд хуваагдаж өргөжсөн байна гэж яриад байна. Засаг даргын зүгээс журмын дагуу хяналт тавих эрхтэй. Энэ журмынхаа дагуу ажлын алба болон Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргад энэ хяналт тавих эрхээ шилжүүлсэн байгаа. Ямар нэгэн асуудал гаргаад биелүүлээгүй бол аймгийн Засаг дарга хариуцна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4. Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н шүүхэд мэдүүлэхдээ:
“Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлж оруулж ирсэн байна. Анх Б/46 тоот тушаал дээр нэхэмжлэл гаргаж байсан. Одоо нэмэгдүүлсэн нэхэмжлэлд өмнөх 2016 оны тушаал байхгүй болж харин аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын Б/37 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах гэсэн байна. Б/37 дугаартай захирамж нь хүчингүй болох ямар ч үндэслэл байхгүй. Уг захирамж нь үе шаттайгаар гарсан тушаалуудын дараа тэдгээрийг дагаж тэдний хуулийн үндэслэлийг зөвтгөж гарсан захирамж байгаа. Ажилд томилохдоо шаардлагатай тусгай шаардлагыг харгалзан үздэг болсон. Энэ хүний мэргэжил нь албан тушаалын ажлын байрны тодорхойлолтонд нийцэхгүй байгаа. Мөн дээрээс нь батлуулсан ажлын байр нь 2018 оны Засаг даргын захирамжаар зөрчиж батлагдсан ийм албан тушаал байгаа. Тийм учраас Тамгын газрын зүгээс төрийн албан хаагчид тавигдах ажлын байрны тусгай шаардлага хангасан хүмүүсийг эгүүлэн томилсон байгаа. Нөгөө талаасаа Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор бүтэц орон тоог батлаад өгсөн байгаа. Энэ орон тоонд багтааж бүтэц орон тоогоо батлах тушаал гаргах нь Тамгын газрын даргад олгогдсон бүрэн эрх байгаа. Мөн дээрээс нь Засгийн газрын 1404 тоот бичгээр энэ ажлын байр нь Хууль зүйн хэлтэст байхаа болиод Төрийн захиргаа удирдлагын хэлтэст шилжсэн байгаа. Нэхэмжлэгч нь 7048-1111 нээлттэй утасны мэргэжилтнээр томилуулахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Манай зүгээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэж үзэж байна. Яагаад гэхээр Тамгын газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн атлаа Засаг даргын томилсон ажлын байранд буюу өөр албан тушаалтны томилж чөлөөлөх албан тушаалд томилуулах гээд байгаа нь нэхэмжлэлийн шаардлага маань өөрөө эрх зүйн хувьд учир дутагдалтай гэж үзэж байна. Б/37 тоот захирамж нь Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд 2 ажилтанг томилсон захирамж байгаа. Энэ нь Засгийн газрын олгосон бүрэн эрхийн дагуу эрх бүхий этгээд нь томилсон учир үүнийг хүчингүй болгох боломжгүй юм. Мөн нэхэмжилж байгаа 2.970.500 төгрөгийг Захиргааны ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нь хэзээ ч өмгөөлөгч авах эрхтэй байдаг. Тийм учраас энэ маргаан нь нэхэмжлэлд хамааралгүй гэж үзэж байна. Мөн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх гэсэн байна. Энэ нэхэмжлэл нь тодорхой бус агуулгын хувьд зөрчилтэй байгаа тул үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой болсон тохиолдолд шийдэх боломжтой. Нэхэмжлэлийн шаардлага нь нь бүхэлдээ алдаатай байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Э шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа[1] болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
“Миний бие Т овогтой Э нь 2017 оны 02 сарын 01 ны өдөр Монгол улсын Засгийн газрын 2016 оны 141 дүгээр тогтоолоор баталсан журмын 1,6-д "аймаг нийслэлийн Засаг дарга нэгдсэн төвөөр үзүүлж байгаа үйлчилгээний стандарт, хүртээмжид байнгын хяналт тавьж ажиллана, мөн журмын 1.7-д Нэгдсэн төвийн угтах үйлчилгээний ажилтан, үйлчилгээний ахлах ажилтан. Мэргэжилтэн, менежерийг холбогдох хууль тогтоомжийн дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх бөгөөд мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллана, гэж тус тус журамлсаны дагуу нэгдсэн төвийн мэргэжилтэний ажлын байран дээр аймгийн Засаг даргын Б/37 дугаар захирамжаар томилогдсон болно. Тус журмын 1.8.6.-т мэргэжилтэн гэж: нэгдсэн төвөөс үзүүлж байгаа үйлчилгээний хугацаанд хяналт тавих үүрэг бүхий нэгдсэн төвийн албан хаагчийг" гэж томьёолсон байх ба төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтэн дээр дурьдсан чиг үүргийнхээ дагуу иргэдээ сонсох 7048-1111 нээлтгэй утсыг хариуцаж, төрийн байгууллагын үзүүлж буй үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажилладаг аймгийн Засаг даргын дэргэдэх зохион байгуулалтын нэгжийн мэргэжилтэн юм.
Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт: "Аймаг нийслэл, сум дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд дор дурьдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ. Мөн хуулийн 33.1.5-д зааснаар "Тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, байгууллага иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэх ажлыг зохион байгуулах гэж заасны дагуу иргэдийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн нь төрийн захиргааны удирдлагын хэлтсийн бичиг хэргийн эрхлэгч Н.О хариуцан ажиллаж байхад төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 7048-1111 нээлттэй утас, иргэдийн өргөдөл гомдол хариуцсан ажилтаны ажлын байранд томилуулахыг даалгаж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гаргасан гэж миний хувьд үзэж байна.
Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтэн нь холбогдох хууль тогтоомжийн дагуу томилогдсон мөн хүүхэд төрүүлж, хүүхэд асрах чөлөөтэй байгаа бөгөөд хөдөлмөрийн тухай хуулийн дагуу шийдвэрлэгдсэн болно.
Иймд томилох чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан 2 өөр субъектүүд нь өөр өөр байгаа болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч Т.У нь өмнө нь Засаг даргын Тамгын газарт Хууль зүйн хэлтэст харъяалагдан ажилладаг байсан. Миний эрхэлж буй ажил албан тушаал дээр эгүүлэн томилуулахаар нэхэмжлэл гаргасан гэж ярьж байна. Миний хувьд Засаг даргын Тамгын газарт ямар ч харъяалал байхгүй. Төрийн үйлчилгээний нэгдсэн төв гэж тусдаа байгууллагад ажиллаж байгаа. Тийм учраас Засаг даргын захирамжийг хүчингүй болгож намайг ажилгүй болгож өөрөө энэ ажлын байранд томилуулахыг хүссэн нэхэмжлэл нь үндэслэлгүй байна гэж үзэж байна” гэв.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Т.Э бид хоёрын ажлын байр нь аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоонд багтдаггүй, тэнд бүртгэлтэй байдаггүй. Засгийн газрын тогтоолоор Засаг дарга биднийг томилж чөлөөлдөг байгаа. Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар саналтай санал нэг байна. Эрдэнэсүрэн бид хоёр Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоонд байдаггүй. Аймгийн Засаг дарга томилж чөлөөлнө гэж Засгийн газрын тогтоол дээр маш тодорхой бичсэн байдаг болохоор энэ асуудалд ямар ч хамааралгүй, үндэслэлгүй” гэв.
6. Иргэдийн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:
“Нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй байна. Хуулийн дагуу зөв шийдвэрлэгдэх байх. Дүгнэлтээ шүүх бүрэлдэхүүнд бичгээр гаргаж өгнө” гэв.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтад тулгуурлан
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.У нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагуудаа дахин Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Т.У намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох 7048-1111 нээлттэй утас, иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилохыг даалгах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин болон түүний буруутай үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирол болох 2.970.500 төгрөгийг тус тус гаргуулах”, мөн аймгийн Засаг даргад холбогдуулан “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Ажилд томилж, ажил хариуцуулах тухай” Б/37 дугаар захирамжийг[2] хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн тул нэхэмжлэлийн сүүлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судлан үзэхэд нэхэмжлэгч Т.У нь 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс Говь-Алтай аймгийн Засаг даргын нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаад мөн оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс тус Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр шилжин ажилласан, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр энэхүү албан тушаалаасаа чөлөөлөгдсөн болох нь Т.Уын төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагийн хуудас[3] болон Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/14[4], 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/29[5], 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/46 дугаар тушаалуудаар[6] тус тус нотлогдож байна.
“Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Т.Уын ажлын байрны тодорхойлолт”-оос[7] харахад Т.Уын эрхэлж байсан ажлын байрны нэр нь “Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн” ба харьяалах байгууллага нь “Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар”, түүний ажлын байрны шууд харьяалан удирдах нэгж, албан тушаалтан нь Хууль зүйн хэлтэс, Хууль зүйн хэлтсийн дарга байжээ.
Нэг. Нэхэмжлэлийн Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын “...Т.У намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь “...Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаал хасагдаагүй...” гэж, харин хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь дээрх албан тушаалыг “...хасагдсан...” хэмээн мэтгэлцэж байна.
Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч тул энэхүү хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийг эдэлж, үүргийн хүлээнэ.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан баталгаагаар хангагдах бөгөөд төрийн байгууллага төрийн жинхэнэ албан хаагч /Т.У/-ийг уг баталгаагаа эдлэх боломжийг хангах үүргийг хүлээнэ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2-д тус тус зааснаар Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар нь мөн аймгийн Засаг даргын ажлын алба бөгөөд тухайн газрын аль ч хэлтэс болон тасгийн албан тушаал нь “Засаг даргын Тамгын газар” гэх байгууллагад хамаарна.
Маргаан бүхий үйл баримтын эрх зүйн үндэслэлийг судлан үзэхэд Монгол Улсын Засгийн газар нь 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 9 дугаартай “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолыг батлан гаргахдаа Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрыг 41 хүртэлх орон тоотой ажиллуулахаар заажээ.
Харин Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Говь-Алтай аймгийн Засаг дарга нь 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” Б/69 дүгээр захирамжийг[8] гаргаж Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталжээ.
Тиймээс энэхүү захирамжид нийцүүлэн тус Засаг даргын Тамгын газрын дарга нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/46 дугаарын тушаал /тус тушаалын хавсралт/-аар[9] тус Тамгын газрын нийт 29 албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Ингэхдээ Хууль зүйн хэлтсийн Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Т.Уыг өмнө эрхэлж байсан албан тушаалд нь томилоогүй байна.
Учир нь тус аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/69 дүгээр захирамж /уг захирамжийн хавсралт/-аар[10] тус Тамгын газрын Хууль зүйн хэлтэс болон бусад хэлтэс, тасгийн алинд нь ч “Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн” гэх албан тушаалын орон тоо, түүний чиг үүргийг батлаагүй хасжээ. Тодруулбал: Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоонд “Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн” гэх нэршил бүхий албан тушаалын орон тоо батлагдаагүй байна.
Харин тус Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст “Бичиг хэргийн ажилтан”[11] гэх албан тушаалын орон батлагдсан байх ба уг албан тушаал нь тус Тамгын газрын өмнөх бүтцэд ч байсан орон тоо байна. Мөн Засгийн газрын 2016 оны 141 дүгээр тогтоолын хавсралтын 1.2-т “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв (цаашид “нэгдсэн төв” гэх) нь төрийн үйлчилгээг төвлөрүүлэн иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх чиг үүрэг бүхий, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх зохион байгуулалтын нэгж бөгөөд тус төвийн үйл ажиллагааг харьяа нутаг дэвсгэртээ аймаг, нийслэлийн Засаг дарга удирдан зохион байгуулна” гэж заажээ.
Мөн “Уг төв нь Тамгын газрын бүтэц орон тоонд ордоггүй, харин Тамгын газраас санхүүждэг” гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын болон гуравдагч этгээдүүдийн тайлбар, мөн уг төвийн үйл ажиллагаанд Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга хяналт тавьдаг зэргээс үзэхэд уг төвийн мэргэжилтний эрх зүйн байдал тодорхойлогдож байгаа болно.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол, тус аймгийн Засаг даргын 2016 оны Б/69 дугаарын захирамжуудад заасан бүтэц, орон тооны хязгаар, батлагдсан албан тушаалын орон тоонд тохируулан тухайн шийдвэрүүдэд заасан албан тушаалтныг томилох эрхийг хэрэгжүүлэх үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь тус Тамгын газрын бүтэц, орон тоонд батлагдсан албан тушаалтнууд /албан хаагчид/-ыг томилох эрхтэй боловч батлагдаагүй буюу байхгүй албан тушаалд Т.Уыг томилсон шийдвэр гаргах эрхгүй байх тул шүүх түүнийг Т.Уыг Хууль зүйн хэлтсийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэж дүгнэх боломжгүй байна.
Учир нь нэхэмжлэгч Т.Уын урьд эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн “Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн” гэх албан тушаал тус Тамгын газар, түүний Хууль зүйн хэлтэст нэгэнт байхгүй болсон байна. Нэгэнт байхгүй болсон, одоо байхгүй ажил албан тушаал дээр буюу Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн “Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн” гэх албан тушаал дээр томилохгүй байгаа эс үйлдэхгүйг хууль бус гэж үзэх боломж хууль зүйн хувьд байхгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн “Т.У намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр. Нэхэмжлэлийн Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/37 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох 7048-1111 нээлттэй утас, иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгах”-ыг хүссэн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Т.У нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/14 дүгээр тушаалаар Хууль зүйн хэлтсийн Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр шилжин ажиллаж байгаад түүний эрхэлж байсан албан тушаал нэршлийн хувьд тус Тамгын газрын бүтэц, орон тооноос хасагдсан тул 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр чөлөөлөгдсөн талаар өмнө тэмдэглэсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 153 дугаар тогтоол /уг тогтоолын хавсралт/-оор иргэдийн төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг дороос, түргэн шуурхай, чирэгдэлгүйгээр авах боломжийг хангах үүднээс “Нэг цонхны үйлчилгээ” гэх үйлчилгээг нээн ажиллуулж эхэлсэн байна. Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 141 дүгээр тогтоол /уг тогтоолын хавсралт/-оор уг үйлчилгээний суурин дээр “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг шинээр байгуулан аймгийн Засаг даргын удирдлаган дор ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Ингэхдээ энэхүү төвд “Угтах үйлчилгээний ажилтан”, “мэргэжилтэн”-г ажиллуулахаар баталсан байна.
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар Ц.А-г Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн Иргэдийн өргөдөл, гомдол, угтах үйлчилгээ болон зохион байгуулалт хариуцсан ажилтнаар, мөн өдрийн Б/08 дугаар тушаалаар Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 7048-1111 нээлттэй утас, иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан ажилтнаар Т.Эрдэнэсүрэнг тус тус ажиллуулахаар шийдвэрлэж[12] хөдөлмөрийн гэрээ байгуулсан[13] байх бөгөөд мөн оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/23 дугаар тушаалаар[14] уг Б/07, Б/08 дугаар тушаалуудыг хүчингүй болгожээ.
Харин Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Ажилд томилж, ажил хариуцуулах тухай” Б/37 дугаар захирамжаар[15] Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн Угтах үйлчилгээний ажилтнаар Ц.А-г, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтнээр Т.Э-г тус тус дахин томилжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 567[16], 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 258 дугаар магадлалуудад[17] дурьдсанчлан нэхэмжлэгч Т.Уын нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс тодруулахад нэхэмжлэгч нь “Урьд эрхэлж байсан ажил албан тушаалын чиг үүрэг илүүтэй хадгалагдаж үлдсэн албан тушаал болох Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 7048-1111 нээлттэй утас, иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгах”-ыг[18] хүсч буйгаа 2018 оны 6 дугаар сарын 25-ын өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага тодруулсан тайлбартаа дурьдсан байх бөгөөд мөн удаа дараагийн шүүх хуралдаануудад энэхүү шаардлагаа дэмжиж оролцож байгаа болно.
Иймээс шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд багтаан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Ажилд томилж, ажил хариуцуулах тухай” Б/37 дугаар захирамжийн[19] Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн Угтах үйлчилгээний ажилтнаар Ц.А-г томилсон хэсгийг хянахгүй хэвээр үлдээж, харин Т.Э-г Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтнээр томилсон хэсгийн хууль зүйн үндэслэлийг хянаж үзэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Т.Уын нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж[20], шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байхад[21] Т.Э-г хариуцагч Тамгын газрын дарга ажилд анх томилж, улмаар чөлөөлж, Засаг дарга маргаан бүхий захиргааны акт болох 2017 оны Б/37 дугаар захирамжаар дахин уг албан тушаалд томилсон байна. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг харгалзан үзэж, түүний төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд баталгаатай эдлэх эрхийг нь эдлүүлэлгүйгээр түүний албан тушаалын чиг үүрэг шилжсэн байж болох өрсөлдөхүйц ажлын байрны томилгоог дахин хийхдээ төрийн жинхэнэ албан хаагч Т.Уын Төрийн албаны тухай хуульд заасан баталгааг мөн эдлүүлэлгүй нэхэмжлэгчийн эрхийг зөрчжээ.
Нэхэмжлэгч нь “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/37 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох 7048-1111 нээлттэй утас, иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгах”-ыг хүсч байх бөгөөд Т.Уын ажиллаж байсан Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байр нь хэдийгээр шинэ бүтэц, орон тоогоор байхгүй болсон боловч түүний гүйцэтгэж байсан чиг үүрэг өөр өөр ажил албан тушаалуудад шилжсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-н шүүх хуралдаанд гаргасан “...Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нь аймгийн Засаг даргын дэргэд ажилладаг төв. Уг төвд төрийн байгууллагуудын төлөөлөл болж нэг нэг мэргэжилтнүүд суудаг. ... 7048-1111 нээлттэй утас, иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан ажилтан нь аймгийн Засаг даргын Тамгын газраас цалинждаг... Тамгын газрын 41 орон тоонд орохгүй ч тус Тамгын газрын ажилтанд хамаарна...” гэх, хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н өмнөх шүүх хуралдаанд[22] гаргасан “...Т.Уын гүйцэтгэж байсан ажлыг чиг үүрэгт хамаарах 7048-1111 нээлттэй утсыг ажиллуулж байсан зориулалт, одоо Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд ажиллуулж байгаа 7048-1111 нээлттэй утсыг ажиллуулж байгаа зориулалт адил. Аль аль нь иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах зорилготой...” гэх тайлбаруудаар давхар нотлогдож байна.
Тухайлбал Т.Уын ажиллаж байх үед мөрдөгдөж байсан Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан иргэдийн өргөдөл, гомдол хүлээн авах болон 7048-1111 утсыг хариуцан ажиллаж байсан чиг үүрэг нь Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 7048-1111 утас, иргэдийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Ц.Э-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан зарим тодорхой чиг үүргүүдтэй давхцаж байна. Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Т.У нь мэргэжлийн шаардлага хангахгүй байгаа, эрх зүйч мэргэжилтэй хүн байх ёстой харин нэхэмжлэгч түүхч мэргэжилтэй...” гэж мэтгэлцэж байх боловч түүнийг чөлөөлсөн үндэслэлд нь энэ талаар тусгаагүй бөгөөд уг төлөөлөгчийн “...Хууль зүйн хэлтсийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан” гэх тайлбараар энэ тайлбар үгүйсгэгдэж байна.
Тодруулбал Т.Уын эрхэлж байсан ажил албан тушаалын зарим тодорхой чиг үүргүүд буюу түүний хариуцан ажиллуулж байсан 7048-1111 дугаарын утсаар иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлүүлэх ажлын чиг үүрэг Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтэн Ц.Э-н хийж гүйцэтгэх ажил үүрэгт нь шууд шилжин ирсэн болох нь тодорхой харагдаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага ...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж,
мөн зүйлийн 27.2.4-т “...өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж хуульчлан заасан байна.
Эрх зүйн энэхүү зохицуулалтаас харахад Т.У нь төрийн жинхэнэ албан хаагчийнхаа тухайд Төрийн албаны тухай хуульд заасан дээрх баталгаанаас аль баталгаагаар хангагдахаа сонгох эрхтэй бөгөөд хариуцагч тэрхүү баталгааг эдлэх боломжийг нь хангах үүрэгтэй байна. Нэхэмжлэгч Т.У нь ажлын байраар хангуулахыг хүсч хүсэл зорилгоо илэрхийлж байна.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн “Сонсох ажиллагааны тэмдэглэл”-д “...ажлын байраар хангах бодолтой байгаа...” хэмээжээ. Гэвч Т.Уыг өмнө эрхэлж байсан албан тушаалаас нь чөлөөлснөөс хойш шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хүртэлх өнгөрсөн бүхий л цаг хугацаанд нэхэмжлэгчийг ажлын байраар хангах ямар нэгэн идэвхи санаачлага гаргаагүй /идэвхитэй үйлдэл хийгээгүй/ байна. Хэдийгээр хариуцагч Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранбаатар нь“...Т.Уыг ажлын байр гарвал авахаар сумдаас ажлын байрны сул орон тооны судалгаа гаргуулан авсан боловч одоогоор тийм ажлын байр байхгүй байна...“ гэж тайлбарлаж байгаа ч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргасангүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснөөс өнөөг хүртэл даруй 2 жилийн хугацаа өнгөрсөн байхад хариуцагч нар /ялангуяа Засаг даргын Тамгын газрын дарга/ нь Т.Уын төрийн жинхэнэ албан тушаалтан байсныхаа хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасан баталгаануудаас сонгон эдлэх хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангах үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчсөн болох нь тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хийсэн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Б.Н-н “...Т.Уаас Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 7048-1111 дугаарын утас, иргэдийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байранд ажиллах эсэх саналыг аваагүй... Ц.А, Т.Э нарыг анх ажилд авахдаа шалгаруулж авсан. Ингэхдээ шалгаруулалт оролцож болох талаар Т.Уд мэдэгдээгүй... Т.У Төрийн албаны тухай хуульд заасан баталгаанаас алийг нь эдлэх талаарх саналыг аваагүй...” гэх, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-н “...Ц.А, Т.Э нарыг анх ажилд авахдаа өмнө нь ажиллаж байсан тул ажилд томилсон шийдвэр гаргасан...” гэх, нэхэмжлэгч Т.Уын “...надаас Төрийн албаны тухай хуульд заасан баталгаанаас алийг эдлэх талаарх саналыг минь асуугаагүй. Төрийн албаны тухай хуульд заасан 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг ч олгоогүй...” хэмээх утга агуулга бүхий тайлбаруудаар нотлогдож байна.
Зүй нь Т.Уын хариуцан ажиллаж байсан 7048-1111 дугаарын утсыг ажиллуулах чиг үүргийг гүйцэтгэх албан тушаалын орон тоо Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд батлагдсан байхад уг ажлын байранд ажиллах эсэх талаарх нэхэмжлэгчийн саналыг сонсох, шууд томилох боломжгүй бол түүний шалгаруулалтад оролцох нөхцлийг хангах, мөн хуульд заасан бусад баталгааг нь эдлүүлэх боломж хариуцагч Засаг даргын Тамгын газрын даргад байсаар байжээ.
Гэвч энэ талаар ямар нэгэн санаачлага гаргаагүй, төрийн жинхэнэ албан тушаалтныг ажлаас чөлөөлж байгаа бол Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан баталгаагаар хангах үүргээ биелүүлээгүй буруутай байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгийг Монгол Улсын Дээд шүүхээс 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 15 дахь заалтаараа “...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн ...” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ. ... мөн зүйлийн 27.2.4-т заасан “... орон тоо хасагдсан ...” гэдгийг “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2-т зааснаар тус тус ойлгоно.
Мөн хэсэгт заасан “... шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ” гэж дэлгэрүүлэн тайлбарлажээ.
Нэхэмжлэгч Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн Т.Уын хариуцан ажиллуулж байсан 7048-1111 дугаарын утсыг одоо Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтэн энэхүү хэргийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Эрдэнэсүрэн хариуцан ажиллуулж байна[23].
Дээрхээс дүгнэхэд Т.Уын гүйцэтгэж байсан өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаал нь түүнээс үл хамаарах шалтгаанаар Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн орон тооноос хасагдсан ч түүний энэхүү албан тушаалд ажиллаж байх үед гүйцэтгэж байсан 7048-1111 дугаарын утсыг хариуцан ажиллуулах чиг үүрэг нь Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтний ажлын чиг үүрэгт шилжин ирсэн байна.
Тиймээс 7048-1111 дугаарын утсыг ажиллуулах болон иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний гүйцэтгэж байсан чиг үүрэг тус аймгийн Засаг даргын ажлын албаны гүйцэтгэх чиг үүргээс бүрэн хасагдсан гэж үзэх боломжгүй байна. Учир нь Засаг даргын Тамгын газар нь аймгийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргээ хэрэгжүүлэхэд туслах, зохих мэдээллээр хангах үүргийг гүйцэтгэж байгаа төрийн байгууллага юм.
Харин Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нь аймгийн Засаг даргын дэргэдэх төрийн байгууллагуудын зохих албан тушаалтнуудыг нэг дор төвлөрүүлэн иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор ажиллуулж байгаа үйлчилгээний төв бөгөөд тухайн Засаг даргын Тамгын газар нь Хууль зүйн хэлтсийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний орон тоог тус төвд шилжүүлэн “7048-1111 дугаарын утас, иргэдийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн” хэмээх нэршлээр ажиллуулж байгаа болох нь хариуцагч нарын төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан “...Т.Эрдэнэсүрэн нь аймгийн Засаг даргын Тамгын газраас цалинждаг... Засаг даргын Тамгын газрын 41 орон тоонд орохгүй ч тус газарт хамаарагддаг... 7048-111 утсыг өмнөх зориулалтаар ажиллуулж байгаа...” гэх тайлбаруудаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь Т.Уын эрхэлж байсан “Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаал хасагдсан, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтний гүйцэтгэх чиг үүрэгт Т.Уын гүйцэтгэж байсан чиг үүргээс шилжүүлээгүй гэх агуулга бүхий тайлбараа нотолж чадахгүй байна.
Нөгөө талаар тус Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн нь 7048-1111 дугаарын утсыг хариуцан ажиллахаас гадна тодорхой бусад чиг үүргүүдийг гүйцэтгэж байсан болох нь түүний ажлын байрны тодорхойлолтоор нотлогдоно. Харин Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтэнд энэхүү ажлын бусад чиг үүрэг шилжиж ирээгүй байх тул уг албан тушаалыг Т.Уын өмнө эрхэлж байсан албан тушаал гэж шүүхээс шууд үнэлэх боломжгүй юм.
Тиймээс шүүх нэхэмжлэгчийн “...урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох 7048-1111 нээлттэй утас, иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр томилохыг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгах” шаардлагыг шууд хангах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэлийн “...Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/37 дугаар захирамжийг хүчингүй болгуулах...” шаардлагын тухайд Т.Уыг ажлаас чөлөөлсөн, Т.Эрдэнэсүрэнг ажилд томилсон тухайн цаг үеүүдэд үүссэн нөхцөл байдлыг тодруулан үзэхэд: Засаг даргын Тамгын газрын дарга болон аймгийн Засаг дарга нар нь нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан чиг үүрэгт хамаарах ажлын тодорхой хэсэг нь Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд шилжиж байхад
- Т.Уаас уг ажлын байранд ажиллах эсэх саналыг сонсох,
- Т.У нь уг мэргэжилтний албан тушаалд ажиллахыг зөвшөөрсөн бөгөөд
- бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Эрдэнэсүрэн нь Т.Утай мөнхүү ижил нөхцлөөр тухайн ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөөд энэхүү мэргэжилтний албан тушаалд томилогдох нөхцөл байдал бий болсон байхад уг 2 хүнийг сонгон шалгаруулсны эцэст сая уг албан тушаалд хэнийг нь томилох шийдвэрээ гаргасан бол Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д заасан шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчимд нийцэхээр байжээ.
Нөгөө талаар Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтнийг томилж, чөлөөлөх бүрэн эрхийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т зааснаар Засаг даргын Тамгын газрын дарга, харин Засгийн газрын 2016 оны 141 дүгээр тогтоол /уг тогтоолын хавсралтын 1.7 дахь хэсэг/-д зааснаар аймгийн Засаг дарга тус тус хэрэгжүүлэхээр байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Тамгын газрын дарга томилсон нь алдаатай буруу шийдвэр байсан тул хүчингүй болгож, аймгийн Засаг дарга дарга томилсон шийдвэр гаргасан гэсэн тайлбар хийж байгаа боловч шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэснээс хойшхи 4 сар 5 хоногийн дараа уг захирамжийг гаргасан байх бөгөөд уг захирамжийг гаргахдаа нэхэмжлэгчийн эрхийг харгалзан үзэж түүнд ямар нэгэн байдлаар энэхүү томилгооны талаар мэдээлэл өгөөгүй, мөн түүнд уг өрсөлдөхүйц ажлын байранд хийх сонгон шалгаруулалтад оролцох боломж бололцоог олгоогүй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ “...Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/37 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагыг хариуцагч Засаг даргад, бусад шаардлагыг хариуцагч Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн уг шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж шинээр бий болсон Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтнээр томилохыг шүүхээс хариуцагчид шууд даалгаж, Б/37 дугаар захирамжийг хүчингүй болгох боломжгүй байна.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг дэлгэргүүлэн тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-д “... шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ” гэсний дагуу хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга нь томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтан, албан хаагч /нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Т.Э-ийг сонгох ёстой болохыг хуульчлан заажээ.
Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор Монгол Улс нь хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлооно хэмээн зарласан. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Т.Э нь Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхээ эдэлж ажил албан тушаал эрхэлсэн нь түүний буруу үйлдэл, үйл ажиллагаанаас шууд шалтгаалан бий болсон асуудал биш бөгөөд мөн тэрээр нялх биетэй буюу 6 сартай нярай хүүхдээ асрах захиргааны чөлөө амралттай байгаа ажээ.
Нэг талаасаа бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Эрдэнэсүрэн нь Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтнээр томилогдоод 1 жил гаруйн хугацаанд ажилласан туршлагатай албан хаагч болсон байна. Дээрх албан тушаалд томилогдсонд Т.Э нь буруугүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхээ эдлэх эрх нь иргэн бүрт нээлттэй үндсэн эрх юм.
Нөгөө талаар Т.У нь төрийн жинхэнэ албан тушаалтныхаа хувьд Төрийн албаны тухай хуульд заасан баталгаагаар хангуулж, хуулийн дагуу эрхээ эдэлж өөрийнхөө урьд өмнө эрхэлж байсан албан тушаалынхаа гүйцэтгэх чиг үүргийг хамгийн илүү хадгалсан албан тушаалд томилуулахыг шаардах эрхтэй. Түүнд хуулиар ийм эрх олгогдсон байна.
Тиймээс шүүх Т.Э-н дээрх албан тушаалд томилогдсоноос хойш 1 жил гарангийн хугацаанд ажилласан байдал болон 6 сартай нялх нярай хүүхдийнх нь эрх ашгийг, Т.Уын төрийн жинхэнэ албан хаагч байсны тухайд хуульд заасан баталгаагаар хангагдах эрх зэргийг харгалзан үзэж нэхэмжлэгч Т.У, гуравдагч этгээд Т.Э нарын чухам хэн нь Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтэнд тавигдах шалгуур шаардлагыг илүү хангаж байгаа болохыг баримт бичгийн хүрээнд болон бусад ажил мэргэжлийн ур чадварын хүрээнд нягтлан шалгах үүднээс тэдний дунд сонгон шалгаруулалт явуулсны эцэст хэн илүү их шаардлага хангаж байгааг нь сонгон томилох нь илүү шударга шийдэл болно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэн үзсэн болно.
Харин нэхэмжлэгч Т.У, гуравдагч этгээд Т.Э нарын хэн нь шинээр бий болсон Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтэнд тавигдах шаардлагыг буюу үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа болохыг шүүхээс шууд тогтоох боломжгүй байна.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасан шалгаруулалтыг явуулах замаар хэргийн нөхцөл байдлыг тодруулах эрх шүүхэд байхгүй бөгөөд төрийн албан хаагчийг шалгаруулж авах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, тухайн захиргааны байгууллагын дотогшоо чиглэсэн харилцаанд хамаарна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх”, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж заасан байна.
Иймд шүүх Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Ажилд томилж, ажил хариуцуулах тухай” Б/37 дугаар захирамжийн[24] Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтэн Т.Э-д холбогдох хэсгийг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Говь-Алтай аймгийн Засаг даргад дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан 2 сарын хугацаанд багтаан сонгон шалгаруулалт явуулж Т.У, Т.Э нарын чухам хэн нь илүү шаардлага хангаж буйг шалгаруулалтын дүнг үндэслэн Говь-Алтай аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтний албан тушаалд томилсон шийдвэрийг шинээр гаргаагүй бол Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Ажилд томилж, ажил хариуцуулах тухай” Б/37 дугаар захирамжийн Т.Э-д холбогдох хэсэг хуулийн дагуу шууд хүчингүй болж, нэхэмжлэгч Т.У Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтнээр ажиллах эрх нээгдэх болохыг тайлбарлах нь зүйтэй байна.
Гурав. Нэхэмжлэлийн “Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, түүнтэй холбоотой эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч нар нь Т.У-г урьд эрхэлж байсан ажлаас нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр чөлөөлснөөс хойш шүүх хэргийг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд түүний төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаа эдлэх нөхцөл боломжоор хангаагүй байна. Харин ч түүний ажиллаж байсан албан тушаалын зарим тодорхой чиг үүрэг илүү хадгалагдсан орон тоонд саналыг нь асуулгүйгээр гуравдагч этгээд Т.Э-г 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр томилсон зөрчилтэй шийдвэрийг гаргасан байна.
Тиймээс шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Э-г ажилд томилсон хамгийн сүүлийн эрхийн акт болох маргаан бүхий Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны Б/37 дугаарын захирамж гарах хүртэлх буюу 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаан дахь нийт 6 сар 10 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзлээ.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно”, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Дундаж цалин хөлс тодорхойлох журам” батлах тухай 55 дугаар тушаал, уг тушаалтын хавсралтын 7 дахь хэсгийн а/-д заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаан дахь нийт 6 сар 10 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 3.229.670 /гурван сая хоёр зуун хорин есөн мянга зургаан зуун дал/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ. Харин 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойшхи хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор олгуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө”, Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2.е-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч Т.Уын ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх 6 сар 10 хоногийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, Т.Уын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойшхи хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Дөрөв. Нэхэмжлэлийн “Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд нийт 2.970.500 төгрөгийг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас гаргуулах”- шаардлагын тухайд:
Шүүх нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг шууд хүлээн авч шийдвэрлэх боломж хууль зүйн хувьд байхгүй байна.
Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн энэхүү шаардлагад холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй “...Монгол Улсын иргэн нь өмгөөллүүлэх нь түүний эрхийн асуудал тул Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даргын буруутайн улмаас учирсан хохирол биш...” хэмээн маргаж байна. Өөрөөр хэлбэл хохиролын асуудал нь маргаантай байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус хуульчлан заажээ.
Тиймээс шүүхээс энэхүү захиргааны хэргийг шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлтэй болсны дараа нэхэмжлэгч нь сая өөрт учирсан хохирол 2.970.500 төгрөг гаргуулах маргаанаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байх тул нэхэмжлэлийн уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.13, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, 33.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Уын гаргасан нэхэмжлэлийн “Т.У намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох 7048-1111 нээлттэй утас, иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Ажилд томилж, ажил хариуцуулах тухай” Б/37 дугаар захирамжийн Ц.А-т холбогдох хэсгийг хэвээр үлдээж, уг захирамжийн Т.Э-д холбогдох хэсгийг 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэ хэсэгт холбогдох асуудлаар шинээр дахин акт гаргахыг Говь-Алтай аймгийн Засаг даргад даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шинэ акт гаргах боломж олгосон 2 сарын хугацаанд багтаан хариуцагч Засаг даргаас сонгон шалгаруулалт явуулж Т.У, Т.Э нарын хэн илүү шаардлага хангаж буйг нь сонгон шалгаруулалтын дүнг үндэслэж Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтнээр томилох шийдвэрийг гаргаагүй бол Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Ажилд томилж, ажил хариуцуулах тухай” Б/37 дугаар захирамжийн Т.Э-д холбогдох хэсэг хуулийн дагуу шууд хүчингүй болж, нэхэмжлэгч Т.У-г Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтнээр ажиллуулахыг тайлбарласугай.
4. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.У-н ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх 6 сар 10 хоногийн цалин болох 3.229.670 /гурван сая хоёр зуун хорин есөн мянга зургаан зуун дал/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулан нэхэмжлэгч Т.У-д олгож, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойшхи хугацааны цалин гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Уын ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх 6 сар 10 хоногийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, Т.У-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойшхи хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн “Учирсан хохиролд 2.970.500 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
[1] II хавтаст хэргийн 201 дэх тал.
[2] I хавтаст хэргийн 117, II хавтаст хэргийн 131 дэх тал.
[3] I хавтаст хэргийн 26 дахь тал.
[4] I хавтаст хэргийн 67 дахь тал.
[5] I хавтаст хэргийн 68 дахь тал.
[6] I хавтаст хэргийн 18 дахь тал.
[7] II хавтаст хэргийн 164-165 дахь тал.
[8] I хавтаст хэргийн 21-23 дахь тал.
[9] I хавтаст хэргийн 18-20 дахь тал.
[10] I хавтаст хэргийн 21-23 дахь тал
[11] I Хавтаст хэргийн 22 дахь тал.
[12] I хавтаст хэргийн 88-89 дэх тал.
[13] I хавтаст хэргийн 90-93 дахь тал.
[14] I хавтаст хэргийн 116 дахь тал.
[15] I хавтаст хэргийн 117, II хавтаст хэргийн 131 дэх тал.
[16] I хавтаст хэргийн 180-185 дахь тал.
[17] II хавтаст хэргийн 68-72 дахь тал.
[18] III хавтаст хэргийн 69 дэх тал.
[19] I хавтаст хэргийн 117, II хавтаст хэргийн 131 дэх тал.
[20] I хавтаст хэргийн 2 дахь хуудасны арын нүүрэн дэх шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан тухай дардас бүхий албан тэмдэглэгээ.
[21] Т.Ууганжаргалын нэхэмжлэлийг захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч мөн оны 1 дүгээр сарын 19-ний өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.
[22] 2018 оны 11 дүгээр сарын 12-нд хийсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас.
[23] II хавтаст хэргийн 130 дахь тал. /Гуравдагч этгээд Т.Эрдэнэсүрэн нь жирэмсний болон амаржсаны амралттай байгаа бөгөөд түүнд уг амралтыг Говь-Алтай аймгийн Засаг дарга 2018.03.09-ний өдрийн Б/19 дүгээр захирамжаар олгожээ. Т.Эрдэнэсүрэн нь одоо 6 сартай хүүхдээ хардаг ажээ/
[24] I хавтаст хэргийн 117, II хавтаст хэргийн 131 дэх тал.