Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2020/0802/З |
Дугаар | 221/МА2022/0412 |
Огноо | 2022-06-09 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2022/0412
А.Д-ийн .гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч А.Е .,
Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0002122 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай”,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дүгээр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагч А.Е .,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С,
Нарийн бичгийн дарга Э.Н,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч А.Д нь “Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0002122 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.2 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 2, 10.20 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч А.Д-ийн .гомдлыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0002122 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дугаартай шийдвэрт 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002122 шийтгэлийн хуудсаар “А.Д нь Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн захирамжаар 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон боловч 14 дүгээр цэцэрлэгийн тамга, тэмдгийг 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд хэрэглэсэн, хадгалсан, 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон М.Н .14 дүгээр цэцэрлэгийн тамга тэмдгийг хүлээлгэж өгөөгүй “Тамга, тэмдэг баталгааны тэмдэг хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-ын 6.8 дахь “Байгууллагын удирдлага өөрчлөгдөх болон тамга, тэмдэг түших албан тушаалтан солигдох, чөлөө авах, ээлжийн амралт авах томилолтоор ажиллах, суралцах, эрүүл мэндийн шалтгааны улмаас эзэнгүй байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгч акт бүртгэлээр тамга тэмдгийг хамт хүлээлцэнэ” гэж заасныг зөрчсөн зөрчил гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдож байгаа боловч түүнд 500 нэгжээр торгох шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй гэж үзсэн нь хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэсэн, шударга ёсны шийдвэр бус гэж үзэж байна.
3.2. Уг шүүхийн шийдвэр нь Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэх, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2-т “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг акт хуулиар тогтооно”, 3-т “Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, 4-т “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж тус тус заасныг зөрчсөн байна.
3.3. Мөн Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5-д “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдэд түүний төрөл, хэлбэр, өмч хөрөнгө, оршин байгаа газар, үйл ажиплагааны чиглэлээс үл хамааран шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасны дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэг буюу 9006346 регистрийн дугаартай, Улсын бүртгэлийн 0270001006 дугаар бүртгэлтэй хуулийн этгээдийн итгэмжлэлгүй төлөөлөх этгээд буюу гүйцэтгэх удирдлага эрхлэгч албан тушаалаараа А.Д-г хуулийн этгээдээр зөв торгосон байхад шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүхийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь Зөрчлийн тухай хуулийн дээрхи заалтыг илт зөрчиж байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.3-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
3.4. 3өрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1-д “Тамга, тэмдэг үйлдвэрлэх хэрэглэх, хадгалах журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан бөгөөд одоогийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Д . /БЭ84021026/ нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэг буюу 9006346 рөгистрийн дугаартай, Улсын бүртгэлийн 0270001006 дугаарт бүртгэлтэй хуулийн этгээдийн итгэмжлэлгүй төлөөлөх этгээд буюу гүйцэтгэх удирдлага эрхлэгч нь болно.
3.5. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Хуулийн этгээд” гэж Иргэний хуулийн 25.1-д заасан шинжийг агуулсан зохион байгуулалтын нэгдлийг” гэж заасны дагуу Хуулийн этгээдийн улсын бүртгэлд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэг төрийн албан байгууллага нэрээр, хувийн хэргийн 0270001006 дугаартай, 9006346 регистрийн дугаартай байгууллагыг итгэмжлэлгүй төлөөлөх этгээд буюу гүйцэтгэх удирдлага эрхлэгч А.Д /БЭ84021026/ бүртгүүлсэн.
3.6. Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу 1 дүгээр хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд удирдан зохион байгуулах, эрх үүргийг хүлээсэн, тухайн цэцэрлэгийн үйл ажиллагаанаас болох үр дагаврыг хариуцдаг, нэхэмжлэгч хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, хүүхдийн цэцэрлэгийн төрийн үйлчилгээний үйл ажиллагааг тоггвортой хэрэгжүүлдэг, төрийн байгууллага хуулийн этгээдийн тамга, тэмдгийн хяналтын дугаартай, хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн тамга тэмдгийг түшиж гарын үсгээр баталгаажуулдаг, нийгмийн харилцаанд сургуулийн өмнөх болон бага боловсрол олгох төрийн үйл ажиллагааг эрхэлж оролцдог нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэг эрхлэгч А.Д болох юм.
3.7. Иймд Өлгий сумын 5 дугаар багийн иргэн А.Д . /БЭ84021026/ гэж үзэж 50 нэгжээр торгох ёсгүй, 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нь өөрөө байгууллагын нэрээр эрх үүсэж, үүрэг хүлээж буй, тухай цэцэрлэгийн тамга тэмдэг түших эрх, үүрэгтэй учраас хуулийн этгээдээр 500 нэгжээр торгосон нь хууль зүйн үндэслэлтэй болно.
3.8. Зөрчлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 2-д “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжзэний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно”, 3-д “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж заасны дагуу 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Д-д зөв шийтгэл оногдуулсан болно.
3.9. Гэтэл 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Д-ийн .өмнө нь Хуулийн этгээдийн хувийн хэргийн 02700С2040 дугаартай, байгууллагын регистрийн 3075923 дугаартай буюу 14 дүгээр цэцэрлэгийн тэмдгийг хүлээлгэж өгөөгүй, хэрэглэж байсан асуудал нь тогтоогдсон боловч Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1-т заасны дагуу хуулийн этгээдээр 500 нэгжээр торгуулах эрх зүйн үндэслэлийг зааж өгсөн байхад анхан шатны шүүгч хувь хүнээр торгох ёстой мэтээр Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарлан хууль зөрчсөн буруу шийдвэр гаргасан байна.
3.10. Жишээ нь жирийн иргэн хүний хувьд А.Д-д хуулийн этгээдийн тамга тэмдэг түших эрх үүсэхгүй, эрх үүрэг хүлээхгүй, зөвхөн хуульд заасны дагуу цэцэрлэгийн эрхлэгч албан тушаалд томилогдсон өдрөөс тухайн цэцэрлэгийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх үүрэг үүсдэг хариуцлагын хэлбэртэй юм. Зөрчлийн тухай хуулийн 1.3-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
3.11. ... А.Д . /БЭ84021026/ нь Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн захирамжаар 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон боловч 14 дүгээр цэцэрлэгийн тамга, тэмдгийг 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд хэрэглэсэн, хадгалсан, 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон М.Н-д .... тамга тэмдгийг хүлээлгэж өгөөгүй ... зөрчил гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан үйл баримт, гэрч нарын мэдүүлэг зэрэг бүх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хуулийн этгээдээр 500 нэгжээр торгуулах нь зүй ёсны, шударга ёсонд нийцсэн хууль ёсны болох юм.
3.12. Мөн уг зөрчлийг би шалган шийдвэрлэх явцад зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг прокурорт хянуулж, түүний зөрчил шалгах тодорхой ажиллагааг гүйцэтгүүлэхээр даалгаврын дагуу хуульд заасан эрх үүргийн дагуу зөрчил шалган шийдвэрлэж, төрийн албан үүргээ хэрэгжүүлж байхад өнөөдөр буруутай хүн болж нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.13. Хуульд заасан эрх үүргийн дагуу төрийн ажлыг үнэн ч шударгаар, прокурорын хяналтын доор хэрэгжүүлсний төлөө өнөөдөр 70200 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Энэ шийдвэр нь миний эрх ашиг сонирхлыг зөрчиж байна. Би Монгол улсын өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогоомжийн дагуу төрийн эрх үүргээ хэрэгжүүлж хуулийн этгээдийн хувийн хэргийн 0270002040 дугаартай, байгууллагын регистрийн 3075923 дугаартай буюу 14 дүгээр цэцэрлэгийн тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг итгэмжлэлгүй төлөөлөх этгээд буюу гүйцэтгэх удирдлага эрхлэгч А.Д-г Зөрчлийн тухай хуульд заасан “Шийтгэлийн эорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна”, “Зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдийг үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулж шийтгэл оногдуулсан нь уг үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасны дагуу хуулийн этгээдээр 500 нэгжээр торгосон болно.
3.14. Гэтэл ... А.Д . нь ... албан тушаалын байдлыг дураараа аашлан гүйцэтгэсэн, албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан, эсхүл зориуд хзрэгжүүлээгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй буюу Эрүүгийн тухай хуулийн 22.1, 22.11, 22.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй ... үйлдэлд оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож хуульд заасан эрх үүргийн дагуу зохих ажил хийж байгаа ажилтанд тэмдэгтийн хураамж төлүүлэх гэсэн шүүхийн шийдвэр үнэхээр хуульд нийцэхгүй, шударга бус миний болон төрийн ажлын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нөхцөл байдал зөрчил илт тогтоогдсон байхад түүний зөрчилд оногдуулсан торгуулийн шийтгэлийг шууд хүчингүй болгож 1-р цэцэрлэгийн эрхлэгч А.Д .д давуу эрх үүсгэсэн асуудал гэж үзэж байна.
... Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ .
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдол, тайлбарыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:
2.1. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002122 дугаартай шийтгэлийн хуудсаар “ ... 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон А.Д . нь ажлаа хүлээлгэж өгөхгүй, холбогдох хууль, журмын дагуу тамга, тэмдэг хүлээлцүүлэхгүй байна” гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгаад А.Д . нь “2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 14 дүгээр цэцэрлэгийн тамга, тэмдгийг хэрэглэсэн” гэж дүгнэж, Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тамга, тэмдэг үйлдвэрлэх,хэрэглэх, хадгалах журам зөрчсөн зөрчил гаргасан” гэж үзээд А.Д .д 500 нэгжтэй тэнцэх буюу 500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
2.2. Гомдол гаргагч А.Д . болон түүний өмгөөлөгч нар дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ “ ... Миний бие ажил олгогчийн шийдвэрийг хууль бус гэж үзэж эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан ... Өлгий сумын Засаг дарга намайг тамга, тэмдгийг хууль бусаар ашигласан, Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж байгаа мэтээр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст үндэслэлгүй гомдол, мэдээлэл гаргасан ... ажил хүлээлцүүлэх комисс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр миний ажлыг хүлээж авсан. Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж 500000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсанд гомдолтой байна ... Эрх бүхий албан тушаалтнаас ... холбогдогчийг хуулийн этгээд гэж үзсэн ... шийтгэлийн хуудас дээр А.Д-ийн .нэр, регистрийн дугаар бичиж ... 500000 төгрөгөөр торгосон нь хуульд нийцээгүй. Хуулийн этгээд, хүн гэсэн хоёр нэр томьёог зөв тодорхойлж чадаагүй ...” гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ “...Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаар захирамжаар 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч байсан А.Д .г Өлгий сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр сэлгэн ажиллуулах шийдвэр гарган, уг шийдвэрийг цэцэрлэгийн эрхлэгч А.Д .д танилцуулаад мэдэгдсэн боловч тэрээр хүлээн зөвшөөрөөгүйн улмаас 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажил үүрэг, тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг хүлээж аваагүй, мөн Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/49 дүгээр захирамжаар 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон М.Н .14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажил үүрэг, тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг хүлээлгэж өгөөгүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлтийг тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй, төрийн ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй, түүний улмаас 1 дүгээр цэцэрлэгийн нийт 34 албан хаагчид болон 14 дүгээр цэцэрлэгийн нийт 26 албан хаагчид цалин хөлсөө хууль, журмын дагуу тогтоосон хугацаанд аваагүй зэрэг нөхцөл байдал нь ирсэн гомдол мэдээлэл, холбогдох гэрч нарын тайлбар, хүсэлт, эрх бүхий этгээдийн шийдвэр, бусад холбогдох нотлох баримтаар тогтоогдож байсан тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.20 дугаар зүйлийн 1-д заасны дагуу шийтгэл ногдуулсан ... ” гэж тус тус тайлбарлан маргажээ.
2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаар захирамжаар Өлгий сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Д .г Өлгий сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Б/49 дүгээр захирамжаар Өлгий сумын 21 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч М.Н-ийг Өлгий сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус тус сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэж, мөн өдрийн А/22 дугаар захирамжаар Өлгий сумын хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарын ажлыг хүлээлцүүлэх ажлын хэсгийг ахлагч, 4 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, тус байгуулагдсан ажлын хэсэг нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр сумын Засаг даргын сэлгэн ажиллуулах тухай захирамжийг А.Д .д танилцуулсан боловч тэрээр тус шийдвэрийг эс зөвшөөрч, тамга тэмдгийг хүлээлгэн өгөөгүй байх тул гомдол гаргагч А.Д .д “сумын Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрч тамга, тэмдгийг хүлээлгэн өгөөгүй” гэх гомдол мэдээлэл гаргасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 0002122 дугаар шийтгэлийн хуудсаар А.Д .г “2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 14 дүгээр цэцэрлэгийн тамга, тэмдгийг хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үнэслэн 500 нэгжтэй тэнцэх буюу 500000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан үйл баримт тогтоогдсон байна.
2.4. Анхан шатны шүүх “ ... А.Д . нь Өлгий сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон М.Н .ажил олгогчийн тогтоосон хугацаанд ажлаа буюу цэцэрлэгийн тэмдгийг хүлээлгэн өгөөгүй үйл баримт тогтоогдож байгаа ... өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн нь ... тогтоогдсон боловч түүнд 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй байна ... гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна ... ” гэх зэрэг агуулга бүхий дүгнэлтүүдийг хийж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
2.5. Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1-д Тамга, тэмдэг үйлдвэрлэх хэрэглэх, хадгалах журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 226 дугаар тогтоолоор баталсан Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам-ын 6.8-д “Байгууллагын удирдлага өөрчлөгдөх болон тамга, тэмдэг түших албан тушаалтан солигдох, чөлөө авах, ээлжийн амралт авах, томилолтоор ажиллах, суралцах, эрүүл мэндийн шалтгааны улмаас эзэнгүй байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгч акт, бүртгэлээр тамга, тэмдгийг хамт хүлээлцэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
2.6. Гомдол гаргагч А.Д . нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
2.7. Тухайлбал, гомдол гаргагч А.Д . нь Өлгий сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон М.Н .ажил олгогчийн тогтоосон хугацаанд ажлаа буюу цэцэрлэгийн тэмдгийг хүлээлгэн өгөөгүй болох нь зөрчлийн хэрэгт авагдсан Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт хууль эрх зүйн мэргэжилтэн ажилтай М.Саулешийн хөтөлсөн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “ ... захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй ... шүүхэд хандаж хариу ирэх хүртэл би энд ажилмаар байна ... Улс төрийн зорилготой шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, одоогоор тамга тэмдэгийг өгөхгүй ... ” гэх хурлын тэмдэглэл, Өлгий сумын Засаг даргаас 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Цагдаагийн газарт хаягласан 1/74 дүгээр “Өлгий сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарыг сэлгэн ажилуулахаар ... захирамж гарсан боловч зарим цэцэрлэгийн эрхлэгч нар ажлаа хүлээлгэж өгөхгүй байна ... тамга, тэмдэг хүлээлцүүлж хамтран ажиллахыг хүсье ... ” гэх албан бичиг, Өлгий сумын Засаг даргаас 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хаягласан “ ... 1 дүгээр цэцэрлэгт томилогдсон А.Д . нь ... ажлын өрөө, тамга тэмдэг хүлээлгэн өгөлгүй ... эрх нь дуусгавар болсон 14 дүгээр цэцэрлэгийн тамга тэмдэгийг ашигласаар байна ... ” гэх 1/102 тоот албан бичиг, А.Д .гаас 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хяналтын улсын байцаагч А.Е .д гаргасан “ ... миний бие одоогоор ажил хүлээлгэж өгөөгүй, маргаантай асуудлыг шүүх шийдэх тул 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн тамга, тэмдэгийг хэн нэгэн этгээдэд хүлээлгэж өгөх, мөн удирдлага өөрчилсөн тухай бүртгэл хийлгэх хууль зүйн үндэслэлгүй ... ” гэх тайлбар, гэрч М.Нургүлийн өгсөн “ ... 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хүлээж авахаар ажил хүлээлцэх комиссын хамт очиход өмнөх эрхлэгч А.Д надад ажил, тамга тэмдэг, хуулийн этгээдийн гэрчилгээ, албан өрөөг хүлээлгэж өгөөгүй ... ” гэх, Гэрч Х.Нурболатын өгсөн “... А.Д . нь 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг М.Н .хүлээлгэж өгөхгүй, тамга тэмдэг, гэрчилгээг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл өгөөгүй ... дураараа хэрэглэж байгаа нь гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй байсан байсан учраас шалгуулахаар гомдол гарсан ... ” гэх, гэрч Т.Алмасбекийн өгсөн “ Би төрийн сангийн мэргэжилтний хувьд ...14 дүгээр цэцэрлэгийн нябо Р.Еркебуланы 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн цалин хөлсний гүйлгээ хийх тухай төлбөрийн хүсэлтүүдэд ... эрхлэгч байсан А.Д-ийн .гарын үсэгтэй баталгаажуулсан зөрчилтэй тул зөрчлийг таслан зогсоож Засаг дарга Д.Есболатад танилцуулсан ... ” гэх мэдүүлгүүд болон Өлгий сумын 14 дүгээр цэцэрлэгийн 2 дугаар сарын 14-ний өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх ажилчдын ирцийн бүртгэлийн хүснэгт, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн цалин олгох болон төлбөрийн хүснэгт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
2.8. Мөн Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Төрийн албан тушаалыг доор дурдсанаар ангилна:” 10.2-т “Төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байна”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна:” 14.1.2-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “хуулийн этгээд” гэж Иргэний хуулийн 25.1-д заасан шинжийг агуулсан зохион байгуулалтын нэгдлийг” гэж тус тус заажээ.
2.9. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Д . нь Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарах эрх бүхий төрийн албан хаагч байх бөгөөд түүнийг хэрэгжүүлж буй албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан хуулийн этгээд гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үнэслэн 500 нэгжтэй тэнцэх буюу 500000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг хуульд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн “ ... 14 дүгээр цэцэрлэгийн тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг итгэмжлэлгүй төлөөлөх этгээд буюу гүйцэтгэх удирдлага гэдэг утгаар түүний гаргасан зөрчлийг хуулийн этгээдээр торгох ёстой ... тэрээр хуулийн этгээд болно ... тамга тэмдэг нь хувь хүнийх биш ... эрхлэгч Динаг иргэнээр торгох боломжгүй ... тэрээр хуулийн этгээдийн нэрийн өмнөөс харилцаанд орж байгааг анхаарах хэрэгтэй ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Иймд шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ