Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/01382

 

Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/00638 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

          2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1060 дугаар магадлалтай,                                                                                                   

             Б гийн нэхэмжлэлтэй,

             МҮЭХ-ны харьяа Үйлдвэр үйлчилгээний төвд холбогдох

         Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, Н.Мөнхзул, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 2017 оны 09 сарын 29-ний өдрийг хүртэл ажлаа хийж байгаад Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны харьяа Үйлдвэр үйлчилгээний төвийн захирлын зөвшөөрлийн үндсэн дээр 2017 оны 10 сарын 03-ны өдөр 3 хоног сургалтад суусан бөгөөд 2017 оны 10 сарын 02, 03, 16-ны өдрүүдэд ажилдаа ирсэн болох нь баримтаар нотлогдож байгаа. 2017 оны 11 дүгээр сард ээлжийн амралт авах төлөвлөгөөтэй байсан боловч 2017 оны 10 сарын 09-ний өдрөөс амралтаа авмаар байна гэдгээ хүний нөөцийн ажилтанд хэлэхэд амаар зөвшөөрөөд 2017 оны 11 сарын 03-ны өдөр хүртэл амрах юм байна гээд ярилцаад ажлаа дуусгаад амрахаар явсан. 2017 оны 10 сарын 09-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авч, амарч байх хугацаанд надад мэдэгдэлгүй, захирлын зөвлөлийн хурлаар оруулалгүй МҮЭХ-ны харьяа Үйлдвэр үйлчилгээний төвийн захирлын 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 144 тоот тушаал гаргаж намайг үүрэгт ажлаас үндэслэлгүй халсан бөгөөд би уг тушаалыг 2017 оны 11 сарын 01-ний өдөр гардаж аваад шүүхэд хандсан. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нягтлан бодогч ажилтай Б  нь 2017 оны 09 сарын 29-ний өдрөөс хойш ажилдаа ирээгүй. 2017 оны 10 сарын 03-ны өдөр ажилдаа ирээд сургалтанд сууж байгаа тул 3 хоногийн чөлөө хүсэхэд нь 3 хоногийн чөлөө өгсөн. Байгууллагын дотоод журамд ээлжийн амралтыг захирлын тушаалаар олгоно гэж заасан байдаг бөгөөд ээлжийн амралтын хуудас авч хүний нөөц болон ерөнхий нягтлан бодогчдоо танилцуулах үүрэгтэй байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь амаараа яриад л яваад байсан, мөн амрах тушаал гараагүй тул ажил тасалсан гэж үзнэ. Б  нь 2017 оны 10 сарын 04-ний өдрөөс Биокомбинат төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт ажиллаж эхэлсэн байдаг бөгөөд Биокомбинатын захирлын Б/132 тоот тушаалаар ажилд томилогдсон байсан. МҮЭХ-ны ажилчдын цагийн бүртгэлийн системд бүртгүүлээгүй байсан үедээ өөр газар давхар ажиллаж байсан. Түүнчлэн 2017 оны 10 сарын 04-ний өдрөөс хойш ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, Хөдөлмөрийн гэрээний 6.1.ё-д Хүндэтгэх шалтгаангүйгээр ажлын дараалсан 2 ба түүнээс дээш хоног ажил тасалсан гэж заасан ноцтой зөрчлийг гаргасан. Мөн 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 223 дугаартай Өдрийн сонинд худал ярилцлага өгч байгууллагын нэр төрийг гутаасан мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан учир 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 144 тоот тушаал нь үндэслэл бүхий юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/00638 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай Б гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1060 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/00638 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/00638 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1060 дугаар магадлал зэргийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ИХШХШТХ-ийн 172.1, 167.5-д заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Ажил тасалсан гэх талаар: Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн хэргийг хянахдаа нэхэмжлэгч нь Биокомбинат ТӨАТҮГ-т давхар ажиллаж байсан нь өөрийнхөө үндсэн ажлыг таслах шалтгаан болсон мөн нэхэмжлэгч нь хэзээнээс амарсан нь тогтоогдохгүй, ээлжийн амралт олгох захирлын тушаал гараагүй байна гэж дүгнэж, хянасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д ажилтан хэд хэдэн ажил үүргийг зэрэг гүйцэтгэх боломжтойг хуульчилж өгсөн бөгөөд Б  нь ээлжийн амралттай байх хугацаандаа болон үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үедээ тус байгууллагад ажиллаж байсан. Нэхэмжлэгч нь 2017.10.06-нд ээлжийн амралт эдлэх хүсэлтэй байгаагаа МҮЭХ-ны ҮҮТ-ийн ерөнхий нягтлан бодогч У.Нарангэрэл, хүний нөөц Ч.Чимгээ, захиргаанд амаараа мэдэгдсэн бөгөөд эрх бүхий албан тушаалтнууд 2017.10.09-ний өдрийн даваа гарагаас эхлэн амрах зөвшөөрлийг өгсөн. Б  нь ээлжийн амралттай байсан нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь 2017.10.16-нд МҮЭХ-ны ҮҮТ-ийн захиралд бичгээр хандахад ээлжийн амралт дууссаны дараа таарч байгаа тул тохиролц хэмээн хүний нөөцийн менежерт шилжүүлсэн цохолт, мөн 2017.11.03-нд нэхэмжлэгчийн цалингийн дансанд ээлжийн амралтын цалин, түлээ нүүрсний хөнгөлөлтийн урамшуулал зэргийг бүрэн шилжүүлсэн зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Мөн хариуцагчийн төлөөлөгчдийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт нэхэмжлэгч нь амаараа яриад л яваад байсан гэх анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан тайлбар зэргээр нэхэмжлэгч нь ээлжийн амралттай байсан нь нотлогдож байна.

ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхээр хуульчилж өгсөн боловч МҮЭХ-ны ҮҮТ-ийн захиргаа, санхүүгийн алба нэхэмжлэгчийг ээлжийн амралт эдэлснийг хүлээн зөвшөөрч цалинг нь шилжүүлсэн баримтыг шүүх үнэлэхгүй, ҮҮТ-ийн захирлын цохолтыг буруу үнэлж байгаад туйлын гомдолтой байна. Ээлжийн амралт олгох тушаалыг ажилтан биш ажил олгогч болох захирал Н.Энхманлай гаргах үүрэгтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 79.4-т ажилтаны хүсэлтээр ээлжийн амралтыг биечлэн эдлүүлэхээр хуульчилсан тул уг тушаалыг бичгээр гаргаагүй нь нэхэмжлэгчийн буруу биш, хариуцагч байгууллагын удирдах албан тушаалтны эс үйлдэхүй юм.

2. Байгууллагын нэр төрд харш үйл ажиллагаа явуулсан, эсвэл түүний үйл ажиллагааг санаатайгаар мушгин гуйвуулсан мэдээ, мэдээлэл тараасан талаар: Анхан болон давж заалдах шатны шүүх нууцын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн гэж үзэхгүй хэмээн дүгнэж, хянаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Б  нь МҮЭХ-ны эд хөрөнгө, үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэл тараагаагүй бөгөөд МҮЭХ-ны удирдлага болох ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид хандан мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах тухай хуулийн 11.1, 6.1.1-д зааснаар үйл ажиллагаагаа идвэхитэн гишүүдэд ил тод байлгах талаар шаардсан байна. Мөн нэхэмжлэгч нь МҮЭХ-ны эсрэг ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд Б д МҮЭХ-ны үндсэн үйл ажиллагааны чиглэлээр болон эсрэг үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгогдоогүй болох нь хавтас хэрэгт байгаа нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайн хэргийн гол маргаан болж буй 2017.10.17-ны өдрийн “Өдрийн сонин”д нийтлүүлсэн ярилцлага нь МҮЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвших сонгуулийн үйл ажиллагаа, сурталчилгаатай холбоотой мэдээлэл байсан. Б  нь 2017.11.08-ны өдөр МҮЭХ-ны 22-р их хуралд МҮЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдсөнтэй холбоотойгоор 2017.10.25-ны 144 дугаартай тушаалаа гаргасан нь Үйлдвэрчний эвлэлийн тухай хуулийн 6.2-т заасан сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно гэсэн хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчсөн байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.21-ний өдрийн 181/ШШ2018/00638 дугаар шийдвэр, 2018.05.07-ны өдрийн 1060 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Б  нь МҮЭ-ийн холбооны харьяа Үйлдвэрлэл үйлчилгээний төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч,  ажилтан  хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Үйлдвэр үйлчилгээний төвд нягтлан бодогч ажилтай Б г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан.

Ажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын дараалсан 2 ба түүнээс дээш хоног ажил тасалсан, байгууллагын нэр төрд харш үйл ажиллагаа явуулсан буюу үйл ажиллагааг нь санаатайгаар мушгин гуйвуулсан мэдээ, мэдээлэл тараасан зөрчлийг гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч  Б  нь төвийн захирал Н.Энхманлайд хандан 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны ээлжийн амралт олгохыг хүссэн өргөдөл гаргасан, захирал нь 11 дүгээр сарын 11-ний өдрөөс амралтыг олгох талаар уулзаж тохиролцоно гэсэн цохолт хийгдсэн,  ээлжийн амралт олгосон шийдвэр гараагүй, 10 дугаар сарын ажлын цагийн бүртгэлийн системд ажилд ирсэн бүртгэл хийгдээгүй байна.

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 34 дүгээр зүйлийн 34.1, 34.6-д зааснаар ажилтанд ээлжийн амралт олгогдоогүй, 10 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажил олгогчоос ажилтанд олгосон чөлөөг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэн, тушаал гарах 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил тасалсан гэж ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээний 3.4.8-д заасан үндэслэлээр Б тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.  

Түүнчлэн ажилтан Б гийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагад байгууллагын нягтлан бодогчийн ажил үүргийн хувьд мэдэх боломжтой мэдээллийг дурдсан нь ажил олгогчтой 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 18 дугаартай “Нууц хадгалах гэрээ”-ний 3.1.2-т заасныг, тус төвийн хөдөлмөрийн дотоод журмын 57.1.5-д “албан үүрэгтэйгээ холбоогүй асуудлаар байгууллагыг төлөөлөн шийдвэр гаргах, бусад мэдээлэл, ярилцлага өгөх, албаны мэдээллийг ашиг олох зорилгоор бусдад зуучлах, ашиглахыг ажилтны үйл ажиллагаанд хориглосон”-ыг ажилтан зөрчсөн байна.

Анхан шатны шүүх Монголын үйлдвэрчний эвлэлийн харьяа Үйлдвэр үйлчилгээний  төвийн захирал 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 144 дүгээр тушаалаар нягтлан  бодогч ажилтай Б г ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасанд нийцсэн, шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т  зааснаар үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/00638 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1060 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН