Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2018/00638

 

 

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2018/00638

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Б.Г-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: ҮҮТ-д холбогдох

 

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ч.М хариуцагчийн төлөөлөгч Э.З, Н.М, нарийн бичгийн даргад Э.Цолмон нар оролцов.

 

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие Б.Г нь нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд улсад 27 жил ажилласнаас 21 жилийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд тасралтгүй ажилласан.

 

Би 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл ажилаа хийж байгаад 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 3 хоног сургалтанд суух талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны харъяа Үйлдвэр үйлчилгээний төвийн захирал зөвшөөрсөн тул сургалтад суусан.

 

Б.Г би 2017 оны 10 дугаар сарын 02, 03,16-ны өдрүүдэд ажилдаа ирсэн болох нь баримтаар нотлогдож байна, 2017 оны 10 дугаар сарын 04, 05, 06-ны өдрүүдэд чөлөө авсан.

 

2017 оны 11 дүгээр сард ээлжийн амралт авах төлөвлөгөөтэй байсан боловч 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс амралтаа авмаар байна гэдгээ хүний нөөцийн ажилтанд хэлэхэд амаар зөвшөөрөөд 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл амрах юм байна гээд ярилцаад ажлаа дуусгаад амрахаар явсан.

 

Намайг амарч байх хугацаанд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр борлуулалтын асуудал гарсан ирээд ажиллаад өгөөч гэхээр нь ирсэн, мөн 16 өдөр ирээч гэхээр нь ирж ажилласан боловч би  бүртгүүлээгүй, 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Энхманлай захиралтай уулзахад  “та хэвлэл мэдээлэлд бид нарын тухай бичсэн байна үнэн үү” гэхэд нь би үнэн л гэсэн.

 

Би 33 дахь жилдээ үйлдвэрчний холбооны гишүүнээр явж байгаагийн хувьд эдгээр удирдлагуудын алдаатай ажлын талаар ерөнхий зөвлөлийн хуралд ярьж үзэл бодлоо илэрхийлж, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны харъяа үйлдвэр үйлчилгээний төв гэх байгууллагыг 1.8 тэрбум төгрөгийн өрөнд оруулчихаад байгаа тухай, хувь хүний үзэл бодлоо хэвлэлээр илэрхийлэх эрхээ эдлэж, ээлжийн амралттай байх үедээ санхүүгийн асуудлын талаар ярьсан нь үнэн.

 

Миний бие 100 жилийн түүхтэй Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллагынхаа сайн сайхны төлөө тасралтгүй 21 жил ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ҮЭ-ийн Соёлын төв ордонд зохион байгуулагдсан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны 22 дугаар их хуралд МҮЭХ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвших сонгуулийн ажилд, нэр дэвшин өрсөлдсөн.

 

Би Үндсэн хуулиар олгосон хэвлэн нийтлэх, мэдээллэх эрхтэй. Би байгууллагын төлөө л гэж явсан. Ерөнхийлөгчид нэр дэвшихэд 2 хоногийн өмнө мэдэгддэг нь үнэн, урьдчилаад би нэрээ дэвшүүлсэн.

 

 Нэр дэвшиж байх үед цалинтай чөлөө олгох дүрэмтэй байдаг, би чөлөө өгөөч гэсэн хүсэлтээ гаргаж өгч байсан манай байгууллагад ээлжийн амралтаа авахдаа хуудас аваад яваад байдаг зүйл байхгүй, би өмнөх жилд нь амраагүй байж байгаад 18 сарын дараа ээлжийн амралтаа авч байгаа нь энэ гэв.

 

2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авч, амарч байх хугацаанд надад мэдэгдэлгүй, захирлын зөвлөлийн хурлаар оруулалгүй МҮЭХолбооны харъяа Үйлдвэрлэл, үйлчилгээний төвийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 25- ны өдрийн 144 тоот тушаал гаргаж намайг үүрэгт ажлаас үндэслэлгүй халсан байна.

 

Би уг тушаалыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гардаж аваад шүүхэд хандсан.

 

Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү  гэв.

 

Хариуцагч шүүхэд  ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Үйлдвэр үйлчилгээний төвд нягтлан бодогч ажилтай Б.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш ажилдаа ирээгүй. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа ирээд сургалтанд сууж байгаа тул 3 хоногийн чөлөө хүсэхэд нь 3 хоногийн чөлөө өгсөн.

 

   Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны харъяа үйлдвэр үйлчилгээний төвтэй холбоотойгоор байгууллагын ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч нарыг өөрийн таамгаар, нотлох баримтгүйгээр гүтгэж мэдээлэл тараасан талаар мэдсэн.

 

Дараа нь Б.Г ээлжийн амралтаа авъя гэж өргөдөл өгсөн. Энхманлай захирал 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс ээлжийн амралтыг олго гэж цохолт хийсэн байгаа юмаа.

 

   Байгууллагын дотоод журамд ээлжийн амралтыг захирлын тушаалаар олгоно гэж заасан байдаг бөгөөд ээлжийн амралтын хуудас авч хүний нөөц болон ерөнхий нягтландаа танилцуулах үүрэгтэй байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь амаараа яриад л яваад байсан, мөн амрах тушаал гараагүй тул ажил тасалсан гэж үзнэ.

 

Захирлын зөвлөлийн талаар хөдөлмөрийн дотоод журмын 6.1.3 дахь хэсэгт заасан ажил гүйцэтгэдэг. Мөн журмын 6.1.1 дэх хэсэгт зааснаар захирал халах тушаал гаргах эрхтэй этгээд гэж үзэж байгаа. Ерөнхийлөгчид нэр дэвших үйл ажиллагаа нь 2017 оны 11 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд болсон, журмаараа 2 хоногийн өмнө нэр дэвших ажиллагаа дуусах ёстой байдаг. Дүрмээрээ бол ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, дэвших ажиллагааг Их хурал хуралдахаас ажлын 2 хоногийн өмнө дуусгадаг. Захирал Э- нь Г-г нэр дэвшиж байгаа  талаар мэдээгүй тул ерөнхийлөгчид нэр дэвшиж байна гэж ажлаас нь халаагүй.

 

Б.Г-г хөдөлмөрийн гэрээнд заасан дараах ноцтой зөрчлийг гаргасан тул ажлаас нь халсан. Байгууллагын талаар илтэд мушгин гуйвуулж нотлогдоогүй мэдээлэл тарааж, гүтгэсэн мэдээ өгсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, өөр байгууллагатай  хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан тул түүнийг ажлаас нь халсан.

 

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Био комбинат ТӨААТҮГазарт ажиллаж байсан нь тогтоогдсон, энэ нь ч ажил тасалсан үндэс нь болсон байх.

 

   Б.Г нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс Биокомбинат төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт ажиллаж эхэлсэн байдаг бөгөөд Б/132 тоот Биокомбинатын захирлын тушаалаар ажилд томилогдсон байдаг. МҮЭХ-ны ажилчдын цагийн бүртгэлийн системд бүртгүүлээгүй байсан үедээ өөр газар давхар ажиллаж байсан.

 

Түүнчлэн 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрөөс хойш ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, Хөдөлмөрийн гэрээний 6.1.ё-д “Хүндэтгэх шалтгаангүйгээр ажлын дараалсан 2 ба түүнээс дээш хоног ажил тасалсан” гэж заасан ноцтой зөрчлийг гаргасан.

 

Б.Г нь мөн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №223 дугаартай Өдрийн сонинд худал ярилцлага өгч Байгууллагын нэр төрийг гутаасан мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан учир 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 144 тоот тушаал нь үндэслэл бүхий юм.

 

Иймд ажлаас халсан тушаал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

 

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                      ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.  

 

            Нэхэмжлэгч Б.Г нь ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэж  маргажээ.

 

            ҮҮТ-Д нягтлан бодогч ажилтай Б.Г-г  “ноцтой зөрчил” гаргасан үндэслэлээр 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь зохигчдын тайлбар, тус байгууллагын 144 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, тус байгууллагын  дотоод журмаар тогтоогдож байна. /хх-ийн 6-31,58-69-р хуудас/

 

            Дээрх тушаал болон хариуцагчийн тайлбараас үзэхэд ажил олгогч нь ажилтан Б.Г-г “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын дараалсан 2 ба түүнээс дээш хоног ажил тасалсан, байгууллагын нэр төрд харш үйл ажиллагаа явуулсан, түүний үйл ажиллагааг санаатайгаар мушгин гуйвуулсан мэдээ, мэдээлэл тараасан” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

 

            Б.Г нь ажлаас буруу халсан /чөлөөлсөн/ тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан байна.

 

            Ажил олгогч нь ажилтан Б.Г-тай  2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр  Хөдөлмөрийн гэрээг байгуулж талууд гарын үсэг зурсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 6-7-р хуудас/

 

Ажил олгогч ажилтан Б.Г-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.- т “... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болох нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ҮҮТ-ийн захирлын тушаал болон бусад баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 6-8,9-31, 42, 48, 49, 54, 55, 57-69, 102, 106-110-р хуудас/

 

Ажил олгогч ҮҮТ, ажилтан Б.Г нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 4-ийн 1.-т “өдрийн ажлын 8 цаг, долоо хоногийн ажлын 40 цаг “ байна гэж,

 

Мөн зургаа дугаар зүйлд: Дараах тохиолдлыг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцална. Үүнд:  ...

 

б.байгууллагын нэр төрд харш үйл ажиллагаа явуулсан, эсвэл түүний үйл ажиллагааг санаатайгаар мушгин гуйвуулсан мэдээ, мэдээлэл тараасан,

 

ё. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын дараалсан 2 ба түүнээс дээш хоног ажил тасалсан бол... гэж харилцан тохиролцжээ.

 

НЭГ: Ажилтан Б.Г нь 2 ба түүнээс дээш хоног ажил тасалсан талаар:

 

Б.Г нь 2016 онд ҮҮТийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа нэг ч өдрийн ажил таслалгүйгээр ажиллаж 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 09-ны хооронд амарчээ./хх-ийн 111-123-р хуудас/

 

Ажилтан Б.Г нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 3 хоног мэргэшсэн нягтлан бодогчийн сургалтад суусан талаар талууд маргаагүй болно./хх-ийн 43-р хуудас/

 

Ажил олгогч ҮҮТ-ийн дотоод журмын 34 дүгээр зүйлийн 34.1.-т “Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн ажилтанд жил бүр ээлжийн үндсэн ба нэмэгдэл амралт, олговрыг зөвхөн захирлын тушаалаар олгоно” гэжээ.

 

1.1.Б.Г нь 2017 оны 11 дүгээр  сарын 19-нд Холбооны бүгд найрамдах Чех улс руу аялалаар явах болсон тул 2017 оны ээлжийн амралтыг  2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ээлжийн амралт олгоно уу гэсэн өргөдлийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ҮҮТийн захирал Н.Э-д гаргахад 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн олгох талаар уулзаж тохиролцоно гэсэн цохолтыг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бичжээ./хх-ийн 42-р хуудас/

 

Эндээс үзэхэд Б.Г нь 2017 оны 10 дугаар сарын 16, 11 дүгээр сарын 11-ний өдрүүдийн аль өдрөөс нь эхлэж 2017 оны ээлжийн амралт авсан болох нь тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл тус байгууллагын дотоод журамд зааснаар Б.Ггийн ээлжийн амралтыг олгох тухай захирлын тушаал гараагүй, 09-ний өдрөөс амралт олгоно уу гэсэн өргөдлийг 16-ны өдөр өгч байгаа нь ойлгомжгүй байх тул түүнийг уг хугацаанд ээлжийн амралтаа эдлэж байсан гэж үзэх боломжгүй юм.

 

1.2. Б.Г нь ҮҮТийн нягтлан бодогчийн ажлыг “өдрийн ажлын цаг 8 цаг, долоо хоногийн ажлын цаг 40 цаг “-т хийхээр Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байх үедээ Биокомбинат ТӨААТҮГ-ын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/132 дугаартай тушаалаар ажилд орж Биокомбинат ТӨААТҮГ-ын захиргаанд санхүү,  эдийн засгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажлыг “өдрийн 7 цаг 30 минут, долоо хоногийн 37 цаг 30 минут цаг”-т хийхээр тохирон Хөдөлмөрийн гэрээ хийж ажиллаад нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2017 оны 10-12 дугаар саруудад төлсөн байх тул түүнийг хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. /хх-ийн 6,7, 54, 55,106-110, 101,102-р хуудас/

 

Тодруулбал: ажилтан Б.Г нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойш хуанлийн 1 хоногт 2 өөр байгууллагад ажлын 8 цагт нэгэн зэрэг ажиллах боломжгүй тул ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил болох “2 ба түүнээс дээш хоног ажил тасалсан” шалтгаанаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

 

 ХОЁР: “байгууллагын нэр төрд харш үйл ажиллагаа явуулсан, эсвэл түүний үйл ажиллагааг санаатайгаар мушгин гуйвуулсан мэдээ, мэдээлэл тараасан” талаар:

 

Ажил олгогч ҮҮТ нь тус төвийн нягтлан бодогч ажилтай Б.Гтай 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр №18 дугаартай Нууц хадгалах гэрээ, №19 дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулжээ./хх-ийн 44-47-р хуудас/

 

Нууцын гэрээний 3.1.2.-т “Ажилтан тус төвд ажиллах хугацаандаа ажил үүргээ гүйцэтгэх шаардлагын дагуу эзэмшиж, ашиглаж байгаа баримт, бичиг, мэдээ, мэдээлэл, программ хангамж, байгууллагын харилцагч, үйлчлүүлэгчийн хувийн нууцад хамаарах мэдээлэл болон ажил олгогчийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээлэл зэрэг байгууллагын нууцад хамаарахаар Төвийн дүрэм, дотоод журамд заасан аман болон бичиг хэлбэрийн бүх төрлийн мэдээ, мэдээллийн нууцыг задруулахгүй байх, бусад этгээд олж авах, ашиглахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай бүх арга хэмжээг авах үүрэгтэй” гэжээ. 

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.-д зааснаар Монгол улсын иргэн нь   “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх … эрхтэй” ,  16 дугаар зүйлийн 14.-т “... гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...” гэжээ.

 

Ажилтан Б.Г нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Өдрийн сонин”-д Монголын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нар “Эв санааны нэгдлийн талбай байгуулахаар төлөвлөсөн газраа  хивсэнцэрээр сольчихсон” гэсэн гарчигтаа ярилцлага өгөхдөө “ ... би Монголын Үйлдвэрчний эвлэлийн хороонд 20 гаруй жил ажилласан, манай хороо асар их хөрөнгөтэй байлаа, зах зээлийн эхэн үед л гэхэд тэтгэвэр тэтгэмж тавьдаг, төв талбайг тойрсон хоёр ч оффистой, спорт заалтай, уулын ам болгонд шахуу нийт 130 гаруй зуслантай, аймаг болгонд контортой, ахмадын сувилалтай, хүнсний ногооны өргөн уудам талбайтай, 20 гаруй тэр бум төгрөгийн хөрөнгөтэй, 650 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй, 300 гаруй авто машинтай, адуу, үхэр, хонин сүргийн сууриудтай байсан. Гэвч үе үеийн дарга нар /Х.Амгаланбаатар, С.Эрдэнэбат, Г.Адъяа/  дээр дурдсан хөрөнгүүдийг хувьдаа завшаад дуусч байна ...”  гэсэн ярилцлага өгсөн боловч тэднийг гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдсон тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Б.Г нь тус байгууллагад 20 гаруй жил ажилласан ажилтаны хувьд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа мэргэжлийн үйл ажиллагааны дагуу танилцсан, олж мэдсэн, мэдээ мэдээлэлийг олж мэдсэн байх боломжтой ч түүнийг зохих байгууллагаар шалгуулж гэм буруутай нь тогтоогдоогүй байхад Өдрийн сонинд ярилцлага өгснийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн гэж үзэхгүй юм. 

 

Ажил олгогч ҮҮТ нь ажилтан Б.Г-г Хөдөлмөрийн гэрээнд заасан “ноцтой зөрчил” гаргасан үндэслээр Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. 

 

Иймд   ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Б.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

 

                                                                                                                      ТОГТООХ НЬ:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан  ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай Б.Г-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5.,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Г нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг  дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эртэйг  дурдсугай.

 

 

 

                      

 

ДАРГАЛАГЧ                            Ч.ИЧИНХОРЛОО