Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2022/0471

 

 

Б.Д-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн Г.У

Нэхэмжлэгч Б.Д

Хариуцагч Төв аймгийн Сүмбэр сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/40 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.У

Хариуцагч Төв аймгийн Сүмбэр сумын Засаг дарга Д.Бг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 123/2022/0012/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Д- нь Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/40 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх”-ээр маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр:

2.1. “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-ын Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/40 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Б.Д- дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Маргаан бухий захиргааны акт нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ алба хаших субьектив эрхийг нь ноцтой зөрчөөд байгаа болно.

3.1.1. Төв аймгийн Сүмбэр сумын Засаг дарга маргаан бүхий захиргааны актыг эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан хэдий ч шийдвэр гаргах ажиллагааны тусгай журмыг зөрчсөн. Үүнд:

3.1.2. 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаартай Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дурмийн 4.1-д "Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэнэ", 6.1-д "Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар эцэслэн дүгнэж, шийдвэр гаргах эрх бүхий Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын дэргэд ажиллана", 6.3-д "Ёс зүйн зөвлөл нь төрийн албан хаагч ёс зүйн зерчил гаргасан тухай гомдол, мэдээллийг энэ дүрмийн 5 дахь хэсэгт заасны дагуу шалгаж ирүүлсэн танилцуулга, материалыг гишүүдийн ердийн олонхын ирцтэй хуралдан хэлэлцэж, шалгалтын дүнг үндэслэлтэй гэж үзвэл зөрчлийн шинж байдлыг харгалзан, зөрчил гаргагчид энэ дүрмийн 4.2-т заасан хариуцлагыг хүлээлгэх тогтоол гаргана" гэж тус тус заасан байна.

3.1.3. Энэхүү журам ёсоор тухайн захиргааны байгууллагын дэргэд ажиллах Ёс зүйн зөвлөл 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, нэхэмжлэгч Засаг даргын Тамгын газрын дарга Б.Д-ын ёс зүйн зөрчил гаргасан үйлдлийг эцэслэн шийдвэрлэж, хариуцлага хүлээлгэсэн тогтоол 2021 оын 12 дугаар сарын 27-ны өдөр гаргасан байдаг.

3.1.4. Тус хурлын тэмдэглэлд: "...Засаг даргын орлогч Б.Б: Би эхлээд ярьчих уу. Энэ хуралд заавал энэ хүнийг оролцуулах хэрэг байсан юмуу. Би л архи ууж ирээд энэ хүнийг дуудсан, чанга орилж, ярьсан, энэ хүнийг уруу татаж, бид 2 архи ууж, эхэндээ жоохон муудалцсан, сүүлдээ эвлэрсэн, би л буруутай юм чинь, намайг л энэ хурлаар оруулах ёстой ш дээ" гэсэн тайлбар, түүнчлэн ёс зүйн зөвлөлийн нэр бүхий 3 гишүүн 100 хувийн саналтайгаар дараах шийдвэрийг гаргасан байна. “ёс зүйн зөвлөлөөр ажлын байран дээрээ архи согтууруулах ундаа хэрэглэж, бие биетэйгээ муудалцаж харьцсан ч эргээд хоорондоо эвлэрснийг нь харгалзан үзэж мөн өөрсдийн буруутай үйлдлээ ухаарч дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ хэлсэн тул Засгийн газрын 33 дугаар тогтоолын 4.2-ыг үндэслэн хамт олон удирдах албан тушаалтнаасаа уучлал гуйхыг үүрэг болголоо. Цаашид ийм үйлдэл давтахгүй байхыг сануулж хурлыг өндөрлөлөө” гэсэн байна.

3.1.5. Тус сумын Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 тогтоолын Хоёрт: Засаг даргын орлогч Б.Б, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Д нарыг алдаатай үйлдэл гаргасан ч бие биетэйгээ эвлэрч өөрсдийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч дахин ийм үйлдэл давтахгүй гэдгээ амласан тул зөвлөлийн олонхийн саналаар Засгийн газрын 33 дугаар тогтоолын 4.2.1-ийг үндэслэн удирдах албан тушаалтан, хамт олноосоо уучлал гуйхыг үүрэг болголоо хэмээн шийдэрлэж тусгасан байдаг.

3.1.6. Эндээс үзвэл ёс зүйн зөвлөл нэхэмжлэгчийг ёс зүйн үйлдэл гаргасан асуудлыг эцэслэн шийдвэрлэж, зөрчлийн шинж байдлыг харгалзан удирдах албан тушаалтан, хамт олноосоо уучлал гуйхыг үүрэг болгож хариуцлага тооцсон арга хэмжээ авсан. Нэхэмжлэгчийг ажлаас халах асуудал огт яригдаагүй бөгөөд тухайлан халах асуудлаар сонсох ажиллагаа явагдаагүй байдаг. Гэтэл Төв аймгийн Сүмбэр сумын Засаг дарга нь Ёс зүйн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслээгүй, тогтоол гараагүй байхад нэхэмжлэгч Б.Д-ыг үүрэгт ажлаас нь шууд халж улмаар шийдвэр гаргах тусгай журмыг зөрчсөн болно.

2. Төв аймгийн Сүмбэр сумын Засаг дарга маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа захиргааны акт гаргахад тавигдах хэлбэрийн шаардлагыг хангаагүй болно. Үүнд: Маргаан бүхий захиргааны акт бичгэн хэлбэрээр гарсан хэдий ч ажил хүлээлцэх хугацааг захирамж гарсан өдрөөр тасалбар болгож Улсын Дээд Шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 3-ны тайлбар тогтоолыг зөрчсөн.

3. Маргаан бүхий захиргааны акт нь эрх зүйн үндэслэл муутай, алдаатай болно. Үүнд:

3.3.1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг болон мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “захиргааны акт... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэснийг зөрчсөн байгаа болно.

3.3.2. Мөн Төв аймгийн Сүмбэр сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Б.Д-ыг ажлаас халах захирамж гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3 дахь хэсэг, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргийг зөрчсөн гэсэн заалтанд үндэслэсэн байдаг. Гэтэл уг зөрчлийг тогтоосон Ёс зүйн зөвлөлийн хурлын тогтоол гараагүй байхад Төв аймгийн Сүмбэр сумын Засаг дарга нэхэмжлэгч Б.Д-ыг үүрэгт ажлаас нь өмнө халсан байна. Иймд шийдвэр гаргасан эрх зүйн үндэслэлийн урьдчилсан нөхцөл нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байгаа тул уг Засаг даргын захирамж нь эрх зүйн алдаатай гэж үзэж байна.

3.3.3. Мөн маргаан бүхий захиргааны актын 1 дэх, 3 дахь хэсэгт Ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээгүй, тогтоогоогүй асуудлыг тусгаж нэхэмжлэгч Б.Д-ыг ажлаас халах шалтгаан болгосон нь эрх зүйн үндэслэлгүй байгаа болно.

3.4. Засаг Дарга маргаан бухий захиргааны актыг гаргахдаа үзэмжээр шийдэх, сонгох боломжийг буруу хэрэглэсэн. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар Засаг даргад сахилгын шийтгэл ногдуулахдаа сонгох боломжийг олгосон байна.

3.4.1. Нэхэмжлэгч Б.Д- нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Б/01 тоот захирамжаар томилогдсон. Ингэхдээ 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Төрийн албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж 70-аас дээш үнэлгээтэйгээр тэнцсэн. Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргаар тасралтгүй 4 жил ажиллах явцдаа үүргээ нэр төртэй биелүүлж, үр дүнгийн гэрээг жил тутам А үнэлгээтэйгээр дүгнүүлж ирсэн.

3.4.2. Ёс зүйн зөвлөл 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, нэхэмжлэгч ЗДТГ-ын дарга Б.Д-ын ёс зүйн зөрчил гаргасан үйлдлийг эцэслэн шийдвэрлэж, зөрчлийн шинж байдлыг харгалзан удирдах албан тушаалтан, хамт олноосоо уучлал гуйхыг үүрэг болгож хариуцлага тооцсон арга хэмжээ авсан байхад Төв аймгийн Сүмбэр сумын Засаг дарга Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан сахилгын шийтгэл дундаас шууд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь бодит нөхцөл байдалд тохироогүй, тогтоогдоогүй нөхцөл байдлыг хамруулсан, удирдах албан тушаалтны эрхийг зөрчсөн сонгох боломжтой шийдвэрийг буруу хэрэглэсэн гэж үзэх байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/40 тоот захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэгч Б.Д-ын урьд эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд хэвээр үлдээн, ажилгүй байсан хугацааны цалин хелсийг олгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.  

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч Б.Д-ын давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчнгүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

3.1. Төв аймгийн Сүмбэр сумын Засаг дарга 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Б.Д-ыг үүрэгт ажлаас нь халах тухай” Б/40 дугаар тушаалаар Засаг даргын Тамгын газрын дарга Балсангийн Дагважамц нь Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, Төрийн албаны нэр хүндийг дээдлэх үүргээ умартсан, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй зэргээр хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлүүдээр 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

3.2. Нэхэмжлэгч Б.Д- дээрх хариуцагчийн шийдвэрийг эс зөвшөөрч тухайн тушаалд заасан үндэслэлүүдийг хууль бус гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар маргаж байх ба анхан шатны шүүх “Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/40 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар захиргааны шүүх шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулж, нөхцөл байдлыг бүрэн тогтоосны үндсэн дээр харьцуулан дүгнэх замаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэх үүрэгтэй.

3.4. Энэ тохиолдолд Төв аймгийн Сүмбэр сумын Засаг дарга 2021 оны 12 дүгээр сарын 22-ны өдөр “Б.Д-ыг үүрэгт ажлаас нь халах тухай” Б/40 дугаар тушаалаар үндэслэл болсон нөхцлүүдийг шүүх бүрэн тогтоох шаардлагатай бөгөөд хэдийгээр анхан шатны шүүхээс уг ажиллагааг хийсэн боловч бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүйн улмаас дараах ойлгомжгүй нөхцөл үүссэн байна.

3.5. Тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална:” 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь 3 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол халах үндэслэл ба мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:”, 48.1.3-д “төрийн албанаас халах” шийтгэлийг оногдуулна.

3.6. Нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлүүдийг бүрэн тогтоосны үндсэн дээр Төрийн албаны тухай хуульд заасан шийтгэлийг оногдуулсан хариуцагчийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгах бөгөөд Б.Д- нь Төрийн албаны хууль, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэмд заасан үүргээ зөрчсөн эсэх нь уг маргааны гол нөхцөл байтал анхан шатны шүүх “...зэрэг нөхцөл байдал нь нотлох баримтаар нотлогдохгүй байх бөгөөд Ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар эдгээр асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргаагүй байх тул нэхэмжлэгчийг эдгээр зөрчлийг гаргасан гэж буруутгах үндэслэлгүй ...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай.

3.7. Өөрөөр хэлбэл шүүхээс маргаан бүхий актад дурьдагдсан “2021 оны 12 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд Холбоо толгойн постод хариуцлагатай жижүүрээр ажиллах хугацаандаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 2021 оны 9 дүгээр сарын 13, 11 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд чөлөө аваагүй, бүртгүүлдэггүй, Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн орчинд согтуугаар зүй бус харилцаа хандлага гаргасан, сургуулийн нийгмийн ажилтан П.М-ыг хувийн ашиг сонирхлын үүднээс дарамталсан” гэх нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй байхад нэхэмжлэгчийн хөндөгдөж буй эрх ашгийг сэргээх боломжтой эсэхийг тогтоох, маргаан бүхий захиргааны актын хууль үндэслэлийг хянах боломжгүй.

3.8. Иймд нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актад дурьдагдсан зөрчлүүдийг гаргасан эсэх нөхцөл байдлыг бүрэн тодруулсны үндсэн дээр тодорхой дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэвэл зохино.

Ийнхүү дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй учир шийдвэрийг хүчингүй болгон анхан шатны шүүхэд буцааж, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА