Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2017/00245

 

 

 

 

 

  2017 оны 01 сарын 17 өдөр

     Дугаар 101/ШШ2017/00245

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С.Б нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Н.Э

 

Хариуцагч: С.Б нарт холбогдох

 

С.Батбаяр, Н.Эрдэм нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 44-6 дугаар байрны 103 тоот 51.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган, хариуцагч С.Батбаяр, Н.Эрдэм, хариуцагч Н.Эрдэмийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нар оролцов.                           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

              

          Нэхэмжлэгч С.Бямбасүрэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Нэхэмжлэгч С.Бямбасүрэн миний бие 2009 онд өөрийн өмчлөлийн орон сууцтай болох хүслийн дагуу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 44-6 дугаар байрны 103 тоот 51.7 м.кв талбайтай 2 өрөө байрыг баригдаагүй байхад нь “Тэдмэнт” ХХК-тай 2009 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өөрийн төрсөн дүү С.Батбаярын нэр дээр “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”-г байгуулсан билээ. Өөрийн төрсөн дүү С.Батбаярын нэр дээр гэрээг байгуулж, түүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг авсан учир нь тухайн үед би Япон улсад ажиллаж амьдарч байсан тул Монголд байнга байж чадахгүй, гэрчилгээ авахад хөөцөлдөж явж чадахгүй юм байна гэдэг үүднээс еөрийн дүүгийн нэр дээр гэрээ байгуулж өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан. Одоо би нутагтаа байнга байх болсон учир өөрийн нэр дээрээ өөрийн орон сууцыг шилжүүлэн авах гэтэл миний дүү өөрийн найзтайгаа хамтран бизнес эрхлэх гэж байгаа гээд миний байрыг худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийж өмчлөгчийг нь өөрчилсөн байна. Хэдийгээр Улсын бүртгэлд өмчлөгч нь өөрчлөгдөн бүртгүүлсэн боловч анхны өмчлөгч нар тухайн орон сууцандаа урьдын адил оршин сууж байгаа болно. Үүнээс харахад тэдний байгуулсан худалдах, худалдан авах гэрээг нь анхнаасаа байгуулах зорилгогүй, зөвхөн худалдсан гэх дүр эсгэж банкнаас орон сууцны зээл авсан байгаа юм. Энэ нь тэдний зээл авсан мөнгөө банкнаас авмагцаа бие биедээ буцаан шилжүүлсэн банкны баримтаар тод харагддаг. Миний бие өөрийн орон сууцаа өөрийн нэр дээрээ шилжүүлэн авах гэхэд дээрх хуурамч, дүр үзүүлэн, өөр гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөгч солигдсон байгаа нөхцөл байдал бий болсон тул миний бие өөрийн үнэ хөлсийг төлж худалдан авсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 44-6 дугаар байрны 103 тоот 51.7 м.кв талбайтай 2 өрөө байраа өөрийн нэр дээр шилжүүлэн авах боломжгүй болж миний өмчлөх эрх ноцтой зөрчигдөж байна.

Иймд С.Батбаяр, Н.Эрдэм нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 44-6 дугаар байрны 103 тоот 51.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгаж, иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

 Хариуцагч С.Батбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Хариуцагч С.Батбаяр би Сүхбаатарын Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие 1999 оноос хойш Улаанбаатар хотод тогтвор суурьшилтай амьдарч ирсэн бөгөөд 2003 оноос Хас банкинд тогтмол ажиллаж байсан. Миний төрсөн эгч С.Бямбасүрэн нь 2002 оноос Япон Улсад ажиллаж, амьдарч ирсэн. С.Бямбасүрэн нь цалингаа тогтмол ээж С.Алимаад шилжүүлж байсан бөгөөд Голомт банкинд Японы иений дансанд хуримтлуулж ирсэн. С.Бямбасүрэн нь 2009 онд өөрийн байртай болох зорилгоор Монголд ирсэн бөгөөд тухайн үед дөнгөж баригдаж байсан Американ дэнж хотхонд 2 өрөө байр авахаар болсон. Энэхүү байр нь баригдаж байсан тул “Тэдмэнт” ХХК-тай байр бариулах захиалгын гэрээ хийх шаардлагатай болсон. Энэхүү гэрээний дагуу байрыг ашиглалтанд бүрэн хүлээлгэн өгсөний дараа байрны гэрчилгээ гарахаар байсан. Иймд С.Бямбасүрэн нь Япон Улс руу буцаж авах тул өөрийн төрсөн дүү С.Батбаяр надад итгэн захиалгын гэрээг миний нэр дээр хийж Япон Улсаас ирсэнийхээ дараа буцааж өөрийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцож бэлнээр 75,000,000 төгрөг төлсөн болно. Улмаар Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Американ дэнж хотхон, 44-6 дугаар байр, 103 тоот 51.7 м.кв 2 өрөө байрны гэрчилгээ С.Батбаяр миний нэр дээр гарсан. Улсаас ипотекийн 8 хувийн зээлийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой 2013 онд өөрийн сайн найз Нанзаддоржийн Эрдэмтэй ярилцаж ипотекийн 8 хувийн зээлд хамрагдан амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор миний нэр дээр байсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 44-6 дугаар байрны, 103 тоот, 2 өрөө байрыг Н.Эрдэмд, Н.Эрдэмийн аав Ж.Нанзаддоржийн нэр дээр байсан Баянзүрх дүүрэгт байрлах ХД 75/А-75 тоот 2 өрөө байрыг би худалдан авч байгаа болон дүр эсгэсэн гэрээ хийж ипотекийн 8 хувийн зээлд хамрагдсан. Энэхүү гэрээ нь дүр эсгэсэн гэрээ байсан бөгөөд одоо Американ дэнж хотхоны 2 өрөө байрыг Ж.Энхбаатар гэдэг хүнд түрээслэн, түрээсийн төлбөрийг улирал болгон С.Бямбасүрэн нь авч байгаа, Баянзүрх дүүргийн ХД 75/А-75 тоот байрны 2 өрөө байранд Н.Эрдэмийн дүү сууж байгаа болно гэв.

 

Хариуцагч Н.Эрдэм, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нанзаддорж овогтой Эрдэм миний бие нь 2013 оны 8 дугаар сард Сүхбаатар овогтой Батбаяр /РД:СЮ81110678/-тай 2 жилийн хугацаанд буцааж нэр дээр нь болгохоор аман яриагаар харилцан тохиролцож миний аав Жамбалдорж овогтой Нанзаддоржийн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/, ХД-75А дугаар байрны 75 тоот байрыг С.Батбаярын нэр дээр шилжүүлж, мөн С.Батбаярын нэр дээрх Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 44/6 дугаар байрны 103 тоот орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн банкнаас тус тусдаа зээл авсан болно. Нэр дээр шилжүүлэхдээ орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулсан боловч хоорондоо төлбөр мөнгө өгөлцөж авалцаагүй. Ингээд 2 жил болж ярилцсан ёсоороо банкнаас авсан зээлээ төлж дуусгавар болгон барьцаанд тавьсан 2 байрыг чөлөөлж анхны өмчлөгчдийн нэрүүд дээр буцаан болгох гэтэл С.Батбаяр, Б.Оюунсайхан /РД:ФА87012901/ нараас шалтгаалан 1 жил гаруй хугацаа хэтрээд байгаа юм. Одоо миний аав Ж.Нанзаддорж өөрийн байраа хэлсэнээрээ гэрчилгээг өөр дээрээ аваад С.Батбаярын нэр дээр шилжүүлэхэд бэлэн болоод байна. Иймд С.Батбаяр, Б.Оюунсайхан нарыг миний аав Ж.Нанзаддоржийн байрыг анх тохиролцсоны дагуу банкнаас авсан зээлээ хааж гэрчилгээг нь авч, аавын нэр дээр буцаан болгохыг шаардаж байгаа билээ. С.Батбаяр, Б.Оюунсайхан нар нь банкны зээлээ хаагаад гэрчилгээг гаргаж авах анх тохиролцсоноо биелүүлчихвэл дээрх 2 байрыг анхны өмчлөгч нарын нэр дээр болгох бүрэн боломжтой. Анх С.Батбаяртай л тохиролцож, С.Батбаярын л нэр дээрх байрыг хуулийн дагуу шилжүүлж авсан тул миний зүгээс шалтгаалан нэхэмжлэгч С.Бямбасүрэнгийн эрх, эрх чөлөөнд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй гэх зүйл байхгүй тул Н.Эрдэм миний бие хариуцагч болох үндэслэлгүй юм. Худалдах, худалдан авах гэрээ хийж шилжүүлсэн боловч хоорондоо төлбөр мөнгө өгөлцөж аваагүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Бямбасүрэн нь С.Батбаяр, Н.Эрдэм, Ж.Нанзаддорж нарт холбогдуулан С.Батбаяр, Н.Эрдэм нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”, Ж.Нанзаддорж, С.Батбаяр нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 44-6 дугаар байрны 103 тоот 51.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Нанзаддоржид холбогдуулан гаргасан Ж.Нанзаддорж, С.Батбаяр нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай шаардлагаа нэхэмжлэгч нь татан авсан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШЗ2016/32614 дугаартай захирамжаар татан авсныг баталж, хариуцагч Ж.Нанзаддоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч С.Бямбасүрэн нь “миний бие Япон Улсад ажиллаж амьдарч байсан бөгөөд 2009 онд өөрийн өмчлөлийн орон сууцтай болох хүслийн дагуу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 44-6 дугаар байрны 103 тоот 51.7 м.кв талбайтай 2 өрөө байрыг баригдаагүй байхад нь “Тэдмэнт” ХХК-тай 2009 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өөрийн төрсөн дүү С.Батбаярын нэр дээр “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”-г байгуулсан, уг орон сууц нь миний хөрөнгөөр авсан, миний өмчлөлийн орон сууц юм” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Хариуцагч С.Батбаяр нь “Тэдмэнт” ХХК-тай 2009 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 43/09 дугаартай “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”-г байгуулж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Американ дэнж-2 хотхоны 16 давхар орон сууцны 2 дугаар орцны 9 дүгээр давхрын 103 тоот, 51.7 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалж, байрны үнийг 100 хувь төлсөн буюу байрны үнийн 1 мкв-ийг 930 ам.доллароор бодож нийт 48,081 ам.доллар буюу 75,674,686 төгрөгийг С.Батбаяр төлсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Улмаар Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол /13344/, Энхтайваны өргөн чөлөө 44-6 дугаар байрны 103 тоот, улсын бүртгэлийн Ү-2204028452 дугаарт бүртгэгдсэн, 51.7 мкв талбайтай, 2 өрөө орон сууц нь нэг хүний өмчлөлд буюу С.Батбаярын өмчлөлд бүртгэгдэж, 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл гэрчилгээ олгогдсон бөгөөд ийнхүү ашиглалтанд орсноос хойш н.Энхбаатар гэгч нь түрээслэн сууж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч С.Батбаяр, Н.Эрдэм нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдаж, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол /13344/, Энхтайваны өргөн чөлөө 44-6 дугаар байрны 103 тоот, улсын бүртгэлийн Ү-2204028452 дугаарт бүртгэгдсэн, 51.7 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг 5,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохирч, уг гэрээг үндэслэн мөн өдрөө хариуцагч Н.Эрдэмийн өмчлөлд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.

 

Н.Эрдэм нь ХААН банктай 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ¹ЗГ/2095 дугаартай “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ”-г байгуулж, 80,000,000 төгрөгийг зээлсэн байх бөгөөд уг гэрээний үүрэг дуусгавар болсон гэж хариуцагч Н.Эрдэм тайлбарлаж байна.

 

Дээрх цаг хугацаанд буюу 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч С.Батбаяр нь хариуцагч Н.Эрдэмийн эцэг Ж.Нанзаддоржтой түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/, ХД-75А дугаар байрны 75 тоот, улсын бүртгэлийн Ү-2204042070 дугаарт бүртгэгдсэн, 39.82 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг 5,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирч “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулж, уг гэрээг үндэслэн 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр С.Батбаяр, Б.Оюунсайхан нарын өмчлөлд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.

 

 С.Батбаяр нь ХААН банктай 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ¹ЗГ/179 дугаартай “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ”-г байгуулж, 69,685,000 төгрөгийг зээлсэн байх бөгөөд уг гэрээний үүрэг дуусгавар болоогүй гэж хариуцагч С.Батбаяр тайлбарлаж байна.

 

 Хариуцагч С.Батбаяр, Н.Эрдэм нар нь эдгээр орон сууц худалдах-худалдан авах гэрээнүүдийг хийхдээ худалдан авах зорилгогүй, өөрсдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор орон сууцнуудын өмчлөх эрхийг шилжүүлсэн, гэрээгээр тохирсон 5,000,000 төгрөгийг харилцан шилжүүлээгүй гэж тайлбарлаж байна.

 

Эдгээрээс үзвэл С.Батбаяр, Н.Эрдэм нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ” нь орон сууцыг худалдан авах хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд гэрээнд бичигдсэн үнэ болох 5,000,000 төгрөгийг хүлээлцээгүй, өөр өөрийн орон сууцыг эзэмшиж, ашиглаж байсан, уг үнэлгээ зах зээлийн үнэлгээнээс доогуур гэж үзэхээр байна.

Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч Н.Эрдэмийн өмчлөлд 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр олгогдсон 000264709 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцох үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн хариуцагч С.Батбаяр нь “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”  байгуулж, 48,081 ам.доллар буюу 75,674,686 төгрөгийг төлсөн бөгөөд миний хувьд тухайн үед уг орон сууцыг худалдан авах хөрөнгийн эх үүсвэргүй байсан, эгч С.Бямбасүрэн нь орон сууц худалдан авах зорилгоор мөнгө шилжүүлж худалдан авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд С.Алимаагийн 1102851285, С.Бямбасүрэнгийн 1102705354 дугаарын Голомт банкны Японы иений дансны хуулгыг ирүүлсэн бөгөөд уг баримтыг үндэслэн С.Бямбасүрэн нь орон сууц худалдан авах зорилгоор өөрийн дүү С.Батбаярт 48,081 ам.доллар буюу 75,674,686 төгрөгийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Бямбасүрэнгийн хөрөнгөөр Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол /13344/, Энхтайваны өргөн чөлөө 44-6 дугаар байрны 103 тоот орон сууцыг С.Батбаяр худалдан авсан болох нь тогтоогдохгүй байна.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр С.Батбаяр, Н.Эрдэм нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Н.Эрдэмийн өмчлөлд 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр олгогдсон 000264709 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 44-6 дугаар байрны 103 тоот 51.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч С.Бямбасүрэнг тогтоолгох, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн хариуцагч Н.Нанзаддоржид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 585,500 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШЗ2016/32614 дугаартай захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгосон болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д тус тус заасныг баримтлан С.Батбаяр, Н.Эрдэм нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Н.Эрдэмийн өмчлөлд 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр олгогдсон 000264709 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч С.Бямбасүрэнгийн нэхэмжлэлээс Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 44-6 дугаар байрны 103 тоот 51.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч С.Бямбасүрэнг тогтоолгох, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Батбаяр, Н.Эрдэм нараас улсын тэмдэгтийн хураамжид 94,950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Бямбасүрэнд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ