Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 827

 

С.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00245 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Эрдэм, С.Батбаяр нарт холбогдох

 

С.Батбаяр, Н.Эрдэм нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 44-6 дугаар байрны 103 тоот 51.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган,

Хариуцагч Н.Эрдэм, С.Батбаяр,

Хариуцагч Н.Эрдэмийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Бямбасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Бямбасүрэн нь 2009 онд өөрийн өмчлөлийн орон сууцтай болох хүслийн дагуу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 44-6 дугаар байрны 103 тоот 51.7 м.кв талбайтай 2 өрөө байрыг баригдаагүй байхад нь “Тэдмэнт” ХХК-тай 2009 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өөрийн төрсөн дүү С.Батбаярын нэр дээр “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”-г байгуулсан билээ. Түүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг авсан учир нь тухайн үед би Япон улсад ажиллаж амьдарч байсан тул Монголд байнга байж чадахгүй, гэрчилгээ авахад хөөцөлдөх боломжгүй гэж өөрийн дүүгийн нэр дээр гэрээ байгуулж өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан. Одоо би нутагтаа байнга байх болсон учир өөрийн нэр дээрээ өөрийн орон сууцыг шилжүүлэн авах гэтэл миний дүү өөрийн найзтайгаа хамтран бизнес эрхлэх гэж байгаа гээд миний байрыг худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийж өмчлөгчийг нь өөрчилсөн байна. Хэдийгээр улсын бүртгэлд өмчлөгч нь өөрчлөгдөн бүртгүүлсэн боловч анхны өмчлөгч нар тухайн орон сууцандаа урьдын адил оршин сууж байгаа болно. Үүнээс харахад тэдний байгуулсан худалдах, худалдан авах гэрээг нь анхнаасаа байгуулах зорилгогүй, зөвхөн худалдсан гэх дүр эсгэж банкнаас орон сууцны зээл авсан байгаа юм. Энэ нь тэдний зээл авсан мөнгөө банкнаас авмагцаа бие биедээ буцаан шилжүүлсэн банкны баримтаар тод харагддаг. Миний бие өөрийн орон сууцаа нэр дээрээ шилжүүлэн авах гэхэд дээрх хуурамч, дүр үзүүлэн, өөр гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөгч солигдсон байгаа нөхцөл байдал бий болсон тул Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 44-6 дугаар байрны 103 тоот 51.7 м.кв талбайтай 2 өрөө байраа өөрийн нэр дээр шилжүүлэн авах боломжгүй болж миний өмчлөх эрх ноцтой зөрчигдөж байна.

Иймд С.Батбаяр, Н.Эрдэм нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 44-6 дугаар байрны 103 тоот 51.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгаж, иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Батбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Эгч С.Бямбасүрэн нь 2002 оноос Япон Улсад ажиллаж, амьдарч ирсэн. С.Бямбасүрэн нь цалингаа тогтмол ээж С.Алимаад шилжүүлж байсан бөгөөд Голомт банкинд Японы иений дансанд хуримтлуулж ирсэн. С.Бямбасүрэн нь 2009 онд өөрийн байртай болох зорилгоор Монголд ирсэн бөгөөд тухайн үед дөнгөж баригдаж байсан Американ дэнж хотхонд 2 өрөө байр авахаар болсон. Энэхүү байр нь баригдаж байсан тул “Тэдмэнт” ХХК-тай байр бариулах захиалгын гэрээ хийх шаардлагатай болсон. Энэхүү гэрээний дагуу байрыг ашиглалтанд бүрэн хүлээлгэн өгсөний дараа байрны гэрчилгээ гарахаар байсан. Иймд С.Бямбасүрэн нь Япон Улс руу буцаж авах тул надад итгэн захиалгын гэрээг миний нэр дээр хийж Япон Улсаас ирсэнийхээ дараа буцааж өөрийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцож бэлнээр 75 000 000 төгрөг төлсөн болно. Улмаар Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Американ дэнж хотхон, 44-6 дугаар байр, 103 тоот 51.7 м.кв 2 өрөө байрны гэрчилгээ С.Батбаяр миний нэр дээр гарсан. Улсаас ипотекийн 8 хувийн зээлийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой 2013 онд өөрийн найз Н.Эрдэмтэй ярилцаж ипотекийн 8 хувийн зээлд хамрагдан амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор миний нэр дээр байсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр xopoo, 15 дугаар хороолол, 44-6 дугаар байрны, 103 тоот, 2 өрөө байрыг Н.Эрдэмд, Ж.Нанзаддоржийн нэр дээр байсан Баянзүрх дүүрэгт байрлах ХД 75/А-75 тоот 2 өрөө байрыг би худалдан авч байгаа болон дүр эсгэсэн гэрээ хийж ипотекийн 8 хувийн зээлд хамрагдсан. Энэхүү гэрээ нь дүр эсгэсэн гэрээ байсан бөгөөд одоо Американ дэнж хотхоны 2 өрөө байрыг Ж.Энхбаатар гэдэг хүнд түрээслэн, түрээсийн төлбөрийг улирал болгон С.Бямбасүрэн нь авч байгаа, Баянзүрх дүүргийн ХД 75/А-75 тоот байрны 2 өрөө байранд Н.Эрдэмийн дүү сууж байгаа болно гэжээ.

 

Хариуцагч Н.Эрдэм, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2013 оны 8 дугаар сард С.Батбаяртай 2 жилийн хугацаанд буцааж нэр дээр нь болгохоор аман яриагаар харилцан тохиролцож миний аав Ж.Нанзаддоржийн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/, ХД-75А дугаар байрны 75 тоот байрыг С.Батбаярын нэр дээр шилжүүлж, мөн С.Батбаярын нэр дээрх Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 44/6 дугаар байрны 103 тоот орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн банкнаас тус тусдаа зээл авсан болно. Нэр дээр шилжүүлэхдээ орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулсан боловч хоорондоо төлбөр мөнгө өгөлцөж авалцаагүй. Ингээд 2 жил болж ярилцсан ёсоороо банкнаас авсан зээлээ төлж дуусгавар болгон барьцаанд тавьсан 2 байрыг чөлөөлж анхны өмчлөгчдийн нэрүүд дээр буцаан болгох гэтэл С.Батбаяр, Б.Оюунсайхан нараас шалтгаалан 1 жил гаруй хугацаа хэтрээд байгаа юм. Одоо миний аав Ж.Нанзаддорж өөрийн байраа хэлсэнээрээ гэрчилгээг өөр дээрээ аваад С.Батбаярын нэр дээр шилжүүлэхэд бэлэн болоод байна. Иймд С.Батбаяр, Б.Оюунсайхан нарыг миний аав Ж.Нанзаддоржийн байрыг анх тохиролцсоны дагуу банкнаас авсан зээлээ хааж гэрчилгээг нь авч, аавын нэр дээр буцаан болгохыг шаардаж байгаа билээ. С.Батбаяр, Б.Оюунсайхан нар нь банкны зээлээ хаагаад гэрчилгээг гаргаж авах анх тохиролцсоноо биелүүлчихвэл дээрх 2 байрыг анхны өмчлөгч нарын нэр дээр болгох бүрэн боломжтой. Анх С.Батбаяртай л тохиролцож, С.Батбаярын л нэр дээрх байрыг хуулийн дагуу шилжүүлж авсан тул миний зүгээс шалтгаалан нэхэмжлэгч С.Бямбасүрэнгийн эрх, эрх чөлөөнд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй гэх зүйл байхгүй тул Н.Эрдэм миний бие хариуцагч болох үндэслэлгүй юм. Худалдах, худалдан авах гэрээ хийж шилжүүлсэн боловч хоорондоо төлбөр мөнгө өгөлцөж аваагүй болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д тус тус заасныг баримтлан С.Батбаяр, Н.Эрдэм нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Н.Эрдэмийн өмчлөлд 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр олгогдсон 000264709 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч С.Бямбасүрэнгийн нэхэмжлэлээс Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 44-6 дугаар байрны 103 тоот 51.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч С.Бямбасүрэнг тогтоолгох, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Батбаяр, Н.Эрдэм нараас улсын тэмдэгтийн хураамжид 94 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Бямбасүрэнд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч С.Бямбасүрэн нь 2002 оноос 2014 он хүртэл Япон улсад ажиллаж амьдарч байсан бөгөөд дээрх хугацаанд буюу 2009 онд өөрийн гэсэн орон сууцтай болох зорилгоор ажиллаж хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө /75 000 000 төгрөг/ дээрх орон сууцыг худалдан авсан бөгөөд өөрөө байнга байж, барилгын ажлыг дуустал оролцож чадахгүй байсан учир өөрийн дүү С.Батбаярынхаа нэр дээр уг байрыг худалдан авч өмчлөх эрхийн гэрчилгээг мөн түүний нэр дээр гаргуулсан байдаг.

Нэхэмжлэгч С.Бямбасүрэн нь уг байрны мөнгийг төлөхдөө Голомт банкинд өөрийн нэр дээр хуримтлал бий болгосон 30 гаруй сая төгрөгийг авч, үлдсэнийг нь өөрийн гар дээр байсан мөнгийг нийлүүлж бэлнээр төлсөн тухайгаа шүүх хуралдаанд тайлбарласан.

Мөн хариуцагч С.Батбаяр нь түүнийг баталж шүүхэд тайлбар өгсөн бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, дээрх үйл баримтын талаар үнэн зөвөөр шүүх хуралдаан дээр тайлбар өгсөн байтал шүүх хариуцагчийг Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгааг нотлох үүрэггүй, харин ч шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр мөн хуулийн 74, 75, 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д заасан байдаг.

Иймд нэхэмжлэгч С.Бямбасүрэн намайг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 44-6 дугаар байрны 1030 тоот 51.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Н.Эрдэм давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн.

1. С.Батбаяр, Н.Эрдэм нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар сонирхогч этгээд нэхэмжлэл гаргаж хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож болох хуулийн зохицуулалттай.

Сонирхогч этгээд гэж хэн болох талаар Монгол улсын дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 5.8-д зааснаар хэлцэл хийсэн тал эсхүл гуравдагч этгээдийн аль аль нь хамаарахаар заасан. Гуравдагч этгээд нэхэмжлэл гаргаж болохоор заасан ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн байхыг шаардаж байна.

2. С.Батбаяр, Н.Эрдэм нар болон эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гуравдагч этгээдийн хэн нь ч 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргаагүй.

Дээрх үндэслэлүүдээс харвал нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчигдөөгүй болох нь шүүхийн шийдвэр, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00245 дугаар шийдвэрийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д тус тус заасныг баримтлан С.Батбаяр, Н.Эрдэм нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Н.Эрдэмийн өмчлөлд 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр олгогдсон 000264709 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцсон хэсгийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч С.Бямбасүрэн нь хариуцагч С.Батбаяр, Н.Эрдэм, Ж.Нанзаддорж нарт холбогдуулан С.Батбаяр, Н.Эрдэм нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ, Ж.Нанзаддорж, С.Батбаяр нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 44-6 дугаар байрны 103 тоот 51.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Нанзаддоржид холбогдуулан гаргасан Ж.Нанзаддорж, С.Батбаяр нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай шаардлагаа татан авсан байна.

 

Хариуцагч С.Батбаяр нь “Тэдмэнт” ХХК-тай 2009 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 43/09 дугаартай Орон сууц захиалгаар барих тухай гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Американ дэнж-2 хотхоны 16 давхар орон сууцны 2 дугаар орцны 9 дүгээр давхрын 103 тоот, 51.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалж, байрны үнэд 48 081 ам.доллар буюу 75 674 686 төгрөгийг С.Батбаяр төлж, уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /хэргийн 15-19, 10 дугаар тал/

 

Хариуцагч С.Батбаяр, Н.Эрдэм нар нь 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол /13344/, Энхтайваны өргөн чөлөө 44-6 дугаар байрны 103 тоот, улсын бүртгэлийн Ү-2204028452 дугаарт бүртгэгдсэн, 51.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 5 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохирч Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг орон сууцны өмчлөгчөөр Н.Эрдэм бүртгэгджээ. Түүнчлэн хариуцагч Н.Эрдэм нь ХААН банктай 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ЗГ/2095 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээг байгуулж, 80 000 000 төгрөгийг зээлсэн байх бөгөөд уг гэрээний үүрэг дуусгавар болсон гэж хариуцагч Н.Эрдэм тайлбарласныг талууд үгүйсгээгүй байна. /хэргийн 83-84 дүгээр тал/

 

Мөн хариуцагч С.Батбаяр нь хариуцагч Н.Эрдэмийн эцэг Ж.Нанзаддоржтой түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/, ХД-75А дугаар байрны 75 тоот, улсын бүртгэлийн Ү-2204042070 дугаарт бүртгэгдсэн, 39.82 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 5 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирч 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээг үндэслэн 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр С.Батбаяр, Б.Оюунсайхан нарыг өмчлөгчөөр бүртгүүлжээ. Улмаар С.Батбаяр нь ХААН банктай 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/179 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 69 685 000 төгрөгийг зээлсэн байх бөгөөд уг гэрээний үүрэг дуусгавар болоогүй нь хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 74-75 дугаар тал/

 

Хариуцагч нар нь дээрх Орон сууц худалдах-худалдан авах гэрээнүүдийг хийхдээ орон сууцыг бодитой худалдан авах, худалдах зорилгогүй, банкнаас ипотекийн зээл авах зорилгоор орон сууцнуудын өмчлөх эрхийг шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж, гэрээгээр тохирсон 5 000 000 төгрөг, орон сууцнуудын эзэмшлийг харилцан шилжүүлээгүй гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд С.Батбаяр, Н.Эрдэм нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн, үнийг төлөн харилцан хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч С.Батбаяр, Н.Эрдэм нар 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр уг үл хөдлөх хөрөнгийг бодитойгоор өмчлөлдөө шилжүүлэх зорилго байгаагүй, харилцан зээлд хамрагдах зорилгоор уг хэлцлийг хийсэн гэх үндэслэлийн талаар зохигчид маргаагүй тул хариуцагч Н.Эрдэмийг Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол /13344/, Энхтайваны өргөн чөлөө 44-6 дугаар байрны 103 тоот, 51.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг бодитоор эзэмшилдээ аваагүй, зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр өмчлөгч болсон гэж үзэхээр байх тул тэдгээрийн хооронд байгуулагдсан дээрх гэрээг шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсныг буруутгах боломжгүй.

 

С.Батбаяр, Н.Эрдэм нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.” гэж заасны дагуу хариуцагч Н.Эрдэмийн өмчлөлд 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр олгогдсон 000264709 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг анхан шатны шүүх хүчингүйд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч С.Бямбасүрэн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “миний бие Япон Улсад ажиллаж амьдарч байсан бөгөөд 2009 онд өөрийн өмчлөлийн орон сууцтай болох хүслийн дагуу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 44-6 дугаар байрны 103 тоот 51.7 м.кв талбайтай 2 өрөө байрыг баригдаагүй байхад нь “Тэдмэнт” ХХК-тай 2009 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өөрийн төрсөн дүү С.Батбаярын нэр дээр Орон сууц захиалгаар барих тухай гэрээг байгуулсан, уг орон сууц нь миний хөрөнгөөр авсан, миний өмчлөлийн орон сууц” гэж тайлбарлаж байх ба уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ. Түүнчлэн, хариуцагч Н.Эрдэмийн хувьд уг орон сууцыг хариуцагч С.Батбаярын өмчлөлийнх биш, нэхэмжлэгч С.Бямбасүрэнгийнх гэдгийг мэдэх боломжгүй байсан болно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч С.Батбаярт орон сууц худалдан авах зорилгоор 48 081 ам.доллар буюу 75 674 686 төгрөгийг шилжүүлсэн гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй ба хариуцагч С.Батбаяр нь “Тэдмэнт” ХХК-тай Орон сууц захиалгаар барих тухай гэрээг байгуулсан өдөр буюу 2009 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч С.Бямбасүрэн нь Монгол Улсад байсан болох нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хэргийн 54 дүгээр тал/

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.Бямбасүрэнгийн нэрийн өмнөөс Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол /13344/, Энхтайваны өргөн чөлөө 44-6 дугаар байрны 103 тоот орон сууцыг С.Батбаяр худалдан авсан буюу өөрийн нэрээр хэлцэл хийх боломжгүй байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч, түүний эх С.Алимаа нарын нэр дээрх “Голомт банк” ХХК-ийн 1102851285, 1102705354 дугаарын Япон улсын мөнгөн тэмдэгт болох иенийн дансны хуулга нь хариуцагч С.Батбаярын маргаан бүхий орон сууцыг худалдан авахдаа “Тэдмэнд” ХХК-д төлсөн 75 674 686 төгрөгт хамаарах нотлох баримт болохгүй байх ба уг орон сууцны төлбөрийг нэхэмжлэгч төлсөн эсэх нь хариуцагч С.Батбаярыг уг орон сууцны өмчлөгч буюу түүнийг өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болохгүй.

 

Иймд нэхэмжлэгч С.Бямбасүрэнг хариуцагч С.Батбаяр, Н.Эрдэм нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй этгээд гэж үзэхгүй. Нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00245 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч С.Бямбасүрэн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 562 250 төгрөгийг, хариуцагч Н.Эрдэмийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ        

 

                                             ШҮҮГЧИД                             Ц.ИЧИНХОРЛОО

                       

                                                                                         С.ЭНХТӨР