Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 118/ШШ2019/0001

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, шүүгч Н.*******, шүүгч Э.Золбадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******-ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн *******, ******* сумдын Засаг дарга нарт холбогдох

*******-ХХК-ийн Дааган дэл уул нэртэй талбайд гүйцэтгэх 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа *******, ******* сумдын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг *******, ******* сумдын Засаг дарга нарт даалгах, *******-ХХК-ийн Тоглойн худаг нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай байгаа тодорхойлолтыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст, мөн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх тухай тодорхойлолтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргаж өгөхгүй байгаа *******, ******* сумдын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох тодорхойлолтуудыг гаргаж өгөхийг *******, ******* сумдын Засаг дарга нарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******,

хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг дарга Г.*******,

******* сумын Засаг дарга Ч.*******,

иргэдийн төлөөлөгч Б.*******

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Алтансолонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******-ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Ашигт малтмалын газраас зарласан сонгон шалгаруулалтад оролцон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 109 тоот шийдвэрээр Завхан аймгийн *******, ******* сумдын нутагт орших Дааган дэл уул нэртэй XY-017981 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна. Энэ тусгай зөвшөөрлийг бид хуулийн дагуу авсан, өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байна. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй байдаг. XY-017981 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хоёрдох удаагийн 3 жилийн сунгалт хийлгэх хугацаа нь 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр дуусч байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу манай компани хайгуулын тусгай зөвшөөрлийн хоёрдох удаагийн 3 жилийн хугацаа сунгуулах өргөдлөө 2018 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн дотор Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргаж өгөх юм. Иймээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, *******, ******* сумуудын Засаг даргаар батлуулахаар 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр манай ажилтан М.******* биечлэн авч Завхан аймагт ирсэн. Энэ үед сумуудын Засаг дарга нар Завхан аймгийн төвд хуралтай цугларсан байсан. Гэтэл Засаг дарга нар баталж өгөөгүй бөгөөд, суман дээр ирж уулз, иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн байсан. 6-ны өдөр ******* сумын Засаг даргатай суман дээр очиж уулзахад иргэдийн хурлын дарга, байгаль орчны байцаагч нар байхгүй, эхлээд ******* сумаар шийдүүл гэсэн. Үүний дагуу ******* сум дээр ирж Засаг даргын орлогч болон байгаль орчны байцаагч нартай уулзахад манайх тусгай зөвшөөрлийг ер нь дэмжихгүй, хурлын дарга байхгүй, ярьж байж шийднэ гээд байгаль орчны байцаагч нь мал тооллогын ажлаар явсан байна. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 17-ны өдөр хуралдахаар шийд гарсан, манай компаний асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээр танилцуулж байж шийднэ гэж байсан тул манай ахлах геологич Д.*******Улаанбаатар хотоос гарч *******, ******* сумуудын хуралд оролцохоор явсан. Хэдийгээр асуудлыг Хурлаараа хэлэлцсэн боловч ямар нэгэн шийд гаргаагүй, тогтоол өгөөгүй ба тусгай зөвшөөрлийг дэмжихгүй гэсэн чиглэл барьж байгаа гэсэн нэг л зүйлийг аль аль сум хурлаараа ярьсан, ******* сум нь Засаг даргагүй байгаа, байгаль орчны байцаагч тамгагүй гэсэн тайлбар хийсэн, ******* сум болохоор ******* сум бичгээ хийж өгвөл бид хийж өгнө гэсэн байна. Манай компанийн 2 ажилтан 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймаг, Завхан аймгийн *******, ******* суманд асуудлаа шийдвэрлүүлэхээр томилолтоор ажиллаж, нааш цааш явсан бөгөөд нийт 2 сая орчим төгрөгийн зардал гаргасан. Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө шинэчлэн боловсруулсан төлөвлөгөөгөө сумын Засаг даргад хүргүүлэх. /АМТХуулийн 40.1/, Засаг дарга төлөвлөгөөг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэхээр /АМТХуулийн 38.2/ хуульчлан үүрэг болгосон. Энэ нь Засаг даргад олгогдсон бүрэн эрх ба Засаг дарга нь Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах эрхтэй. /АМТХуулийн 12.1.1/ *******, ******* сумуудын Засаг дарга нар энэхүү үүргээ биелүүлэхгүй, өөрт олгогдсон эрхээ хэтрүүлж, үйл ажиллагаа явуулахыг дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлж, үндэслэлгүй шалтаг гаргаж байгаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлөө 3 удаа 3 жилээр сунгуулах хуульчилсан эрх зөрчигдөж байна.

Хоёр. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөлтөй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй. Тоглойн худаг нэртэй 11200 Х тоот тусгай зөвшөөрлийг анх 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хуулийн дагуу олгосон. Үүнээс хойш нийт 968.206.470 төгрөг зарцуулан хайгуулын ажил гүйцэтгэж ирсэн. Тухайн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгээр ордын нөөцийн тайланг боловсруулж 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж нөөцөө баталгаажуулсан. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө Ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдлөө онцгой эрхийн дагуу гаргах юм. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх материалыг Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д заасан хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт-ыг АМГТГ-ын Кадастрын хэлтэст сумын байгаль орчны байцаагч, Засаг дарга нар албан бичиг хэлбэрээр өгдөг. Мөн 25.1.7-д заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ-г авч ирэхийг шаарддаг. Дээрх тодорхойлолтуудыг авчрахгүй бол ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Кадастрын хэлтэс хүлээн авахгүй бөгөөд тусгай зөвшөөрөл цуцлагдах үр дагавартай юм. Манай компанид шаардлагатай байгаа тодорхойлолт бичгүүдийг хийж өгөхгүй байх ямар нэгэн хуулийн үндэслэл *******, ******* сумуудын Засаг дарга нарт байхгүй. Бид хуулийн дагуу хайгуулын ажлаа явуулж ирсэн, нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгөө сумын дансанд байршуулж байсан. Тусгай зөвшөөрлийн төлбөрөө ч төлж, орон нутагт хэрэгтэй байгаа хандив тусламжийг ч өгч ирсэн. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай бичгүүдийг гаргаж өгөхгүй байгаагаас манай компаний хайгуулын тусгай зөвшөөрөлтөй талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авах онцгой эрхийг /АМТХуулийн 24.1/ зөрчиж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******компани нь *******, ******* сумын нутаг дэвсгэрт орших Дааган дэл, Тоглой худаг нэртэй газруудад хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Дааган дэлийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах, Тоглой худаг дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авахтай холбогдуулаад холбогдох бичиг баримтуудыг батлуулах, бичиг баримтаа авах ажлын дагуу тус компанийн ажилтан *******, *******нар 2017 оны 12 дугаар сард Улаанбаатар хотоос ирсэн байдаг. Ирээд эдгээр сумдын Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудтай уулзахад сумынхаа иргэдийн төлөөлөгчдийн Хурлаар оруулж байж шийдвэр өгнө гэсэн байдаг. Тэгээд сумынхаа Хурлаар оруулаад манай сум татгалзсан тул хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан тухай тодохойлолт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх шаардлагатай тодорхойлолтууд, *******-ХХК Дааган дэл нэртэй талбайн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй гэсэн хариу өгсөн байдаг. Энэ дагуу батлаагүй буюу холбогдох баримт өгөөгүй учраас *******-ХХК захиргааны хэргийн шүүхэд хандсан. Ингээд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж нэхэмжилж байгаа.

Нэгдүгээрт: *******-ХХК-ийн Дааган дэл нэртэй талбайд гүйцэтгэх 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа *******, ******* сумдын Засаг дарга нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг *******, ******* сумдын Засаг дарга нарт даалгах.

Хоёрдугаарт: *******-ХХК-ийн Тоглой худаг гэдэг газар ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай байгаа тодорхойлолтыг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст, мөн байгаль орчны үнэлгээний ерөнхий үнэлгээ хийлгэх тодорхойлолтыг Байгаль орчны аялал жуулчлалын яаманд гаргаж өгөхгүй байгаа *******, ******* сумдын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, холбогдох тодорхойлолтуудыг гаргаж өгөхийг *******, ******* сумдын Засаг дарга нарт даалгах.

Энэхүү *******, ******* сумдын Засаг дарга нар сумын хурлын шийдвэрээр хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж өөрсдөө тайлбарлаж байгаа. Энэ нь өөрөө хуульд заасан үндэслэл биш тул эдгээр сумдын Засаг дарга нарын эс үйлдэхүй нь хууль бус байна. Тийм учраас энэхүү шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

Хариуцагч ******* сумын Засаг дарга Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******-ХХК нь кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 109 дүгээр шийдвэрээр *******, ******* сумын нутаг дэвсгэрийг дамнасан ХҮ-017981 тоот тусгай зөвшөөрлийн талбайг эзэмшиж байна. Тус компанийн нэхэмжлэлийн агуулгатай танилцаад хууль эрх зүйн хувьд үндэслэл муутай, компанийн эрх ашиг сонирхлыг түрүүнд тавьсан, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ ноцтой зөрчсөн байна гэж үзэж дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: *******-ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үүрэг, хариуцлагаа хангалтгүй биелүүлж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг баримтлан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг орон нутагтай харилцан боловсруулж, батлуулан мөрдөж ажиллаагүй, 3 жил тутамд сунгалт хийлгэн зөвшөөрөл орон нутгаас авах журмыг зөрчсөн үйлдлүүдийг удаа дараа гаргасан. Тухайлбал: Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д байгаль орчны албанаас зөвшөөрөл авалгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, энэ хуулийн 35.4-т заасан комиссын шийдвэргүйгээр ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд тухайн асуудлаар маргаан гаргавал мэргэжлийн хяналтын газар гомдол гаргаж болно гэж заасныг зөрчиж, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сумын Засаг дарга, сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаас зөвшөөрөл авалгүйгээр ашигт малтмал эрэн хайсан, 38 дугаар зүйлийн 38.1.1-д Тусгай зөвшөөрөл авсанаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах гэж заасны дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж батлуулаагүй болно. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д Энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхитэй ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 2 удаа сунгуулах гэсэн заалтыг хэрэгжүүлэхдээ 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн байна. Дээрх зөрчлүүдийг удаа дараа гаргаж Монгол улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлээр гаргасан ******* сумын Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг ******* сумын Засаг даргад даалгах, *******-ХХК-ийн Тоглойн худаг нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай байгаа тодорхойлолтыг АМГТГ-ын кадастрын хэлтэс, мөн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх тухай тодорхойлолтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргаж өгөхийг сумын Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт даалгасан нэхэмжлэлийг хүчингүй болгуулах саналтай байна гэжээ.

Хариуцагч ******* сумын Засаг дарга Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас 2017 оны 12 сард менежментийн төлөвлөгөө батлуулах ажлаар ирсэн. Тухайн үед сумын иргэдийн Хурал хуралдаж байсан. Энэ асуудлыг Хурлаар оруулж хэлэлцүүлэхэд тухайн компани дээр дэмжих боломжгүй гэсэн саналыг тавьсан. Сумын Засаг дарга нар ерөнхийдөө сумын иргэдийн Хуралд ажлаа тайлагнаж, сумын иргэдийн Хурлаас томилогдож, сонгогддог учраас төлөөлөгч нарын эсрэг байр суурийг гаргах боломжгүй байсан. Тийм учраас тухайн үед менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан гэв.

Хариуцагч ******* сумын Засаг дарга Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******-ХХК-ийн зүгээс энэ хоёр лицензтэй холбоотой материалаа тухайн үед ирүүлж байсан. Энэ компани хайгуулынхаа талбай дээр хайгуулын үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар явуулж байгаагүй энэ талаар хуучин ажиллаж байсан байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч, холбогдох мэргэжилтнүүдээс асууж тодруулсан. Ямар нэгэн байдлаар манай сумд үйл ажиллагаа явуулж байгаагүй, өмнө нь баримт бичгээ авч ирж батлуулж байгаагүй гэдэг шалтгаанаар хайгуулын лицензийн сунгалтын хугацааг бид нар зөвшөөрөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед *******-ХХК Ашигт малтмалын газраас өмнөх Засаг дарга нарын үед байгаль орчны менежментийн төлөвлөгөө баталж байсан баримтыг өөрсдөө гаргаж ирсэн. Энэ материал манай сумын архивт байгаагүй болохоор тухайн үед бид нар мэдэх боломж байхгүй байсан. Төлөвлөгөөгөө өмнө нь батлуулаад явж байсан байна лээ. Сумд хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан болж таараад байгаа. Дээд шүүх дээр энэ материал гарч ирсэн. Ашиглалтын лицензийн тухайд гэвэл иргэдийн Хурлаас дэмжихгүй гээд шийдвэр гаргасан байсан. Иймд сумынхаа Хурлын шийдвэрийг хүндэтгээд ийм шийдвэр гаргаж татгалзсан. *******-ХХК үйл ажиллагааны явцад гарсан зардал бүх зүйлээ хуралдаан дээр аваачиж өөрсдөө танилцуулсан гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Миний бие энэ хэрэгтэй танилцаж, шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбаруудыг сонссоны үндсэн дээр *******-ХХК нь хуулийн дагуу хайгуул судалгаагаа хийх гэж байгаа юм байна гэж үзээд тус орон нутагт хайгуул судалгаа хийх үндэслэлтэй гэж дүгнэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч *******-ХХК нь Завхан аймгийн *******, ******* сумдын Засаг дарга нарын хууль бус эс үйлдэхүйн улмаас тус компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ньхангаж шийдвэрлэлээ.

1. *******-ХХК-ийн Дааган дэл уул нэртэй талбайд гүйцэтгэх 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа *******, ******* сумдын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг тус сумдын Засаг дарга нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь ...*******, ******* сумдын Засаг дарга нар *******-ХХК-ийн XV-017981 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд зааснаар батлахгүй, хууль бус эс үйлдэхүй гаргаж байна гэж, хариуцагч нар ...Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг баримтлан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг орон нутагтай харилцан боловсруулж, батлуулан мөрдөж ажиллаагүй, 3 жил тутам сунгалт хийлгэн, орон нутгаас зөвшөөрөл авах журмыг зөрчсөн гэж тус тус маргажээ.

Нэхэмжлэгч *******-ХХК нь Завхан аймгийн *******, ******* сумдын нутаг дахь Дааган дэл уул нэртэй газрын 5695,48 гектар талбайд хайгуулын ХV-017981 дугаар тусгай зөвшөөрлийг[1] 2015оны 03 дугаар сарын 11-ний өдөр авсан байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй, уг эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана: ... гэж заасны дагуу угтогтоосон хугацааг баримталж, 22 дугаар 22.1.3-т заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт-ыг бүрдүүлж өгөхөөр байна.

Нэхэмжлэгч нь XV-017981 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 онд авч, 2015, 2016, 2017 онуудад хайгуулын ажлын төлөвлөгөөг боловсруулж 2015, 2016 оны хайгуулын ажлын тайланг гаргаж хянуулсан болох нь геологи хайгуулын ажлын тайлан[2], Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 02 сарын 19-ны өдрийн 7/1751 дүгээр албан бичиг, тодорхойлолтоор[3] тогтоогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж, батлуулахаар, 38.2-д зааснаар сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэхээр байна.

Нэхэмжлэгч компани Дааган дэл уул нэртэй талбайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг *******, ******* сумдын Засаг дарга нарт биечлэн хүргүүлсэн боловч сумдын Засаг дарга нар дээрх хуульд заасан үүргээ биелүүлэлгүй байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нь батлахаас үндэслэлгүйгээр татгалзсан байх тул уг төлөвлөгөөг батлахыг ******* болон ******* сумдын Засаг дарга нарт даалгах нь зүйтэй байна.

Тодруулбал, хариуцагчийн дээрх татгалзал нь хуульд нийцээгүй, байгалийн нөөц баялгийг ашиглах явцад байгаль орчныг доройтохоос урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах арилгах зэрэг агуулгатай холбоогүй байх бөгөөд төлөвлөгөөг бодитойгоор хянан үзэлгүйгээр сумын иргэдийн Хурлаар хэлэлцүүлэхэд зөвшөөрөөгүй тул батлах боломжгүй байсан гэх үндэслэлээр дээрх төлөвлөгөөг батлахгүй байгаа тэдний эс үйлдэхүй хууль бус байна

Учир нь нэхэмжлэгч *******-ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа учраас хайгуулын үйл ажиллагаа явуулах эрхтэй бөгөөд байгаль орчныг хамгаалах талаар хуульд заасан үүргээ биелүүлэх зорилгоор менежментийн төлөвлөгөө боловсруулж батлуулахаар ирүүлсэн байхад уг үүргээ биелүүлэхтэй нь холбоогүй шалтгаанаар баталж өгөхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй нь сумын Засаг даргын байгаль орчныг хамгаалах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, биелэлтэд нь хяналт тавих зорилгод нийцээгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшигч *******-ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17/07[4], 17/08[5] дугаар албан бичгүүдээр уг төлөвлөгөөг*******, ******* сумдын Засаг дарга нарт хүргүүлсэн болох нь хариуцагч нарын тайлбар, ******* сумын Засаг даргын Тамгын газрын архив, бичиг хэргийн ажилтан Д.Эрдэнэцэцэгийн цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэлээр[6] нотлогдож байна.

Нэхэмжлэгч *******-ХХК-иас Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар XV-017981 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлснийг хүлээн авсан талаар хариуцагч *******, ******* сумдын Засаг дарга нар маргаагүй хүлээн зөвшөөрч байгаа болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2. *******-ХХК-ийн Тоглойн худаг нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай байгаа тодорхойлолтыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст, мөн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх тухай тодорхойлолтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргаж өгөхгүй байгаа *******, ******* сумдын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох тодорхойлолтуудыг гаргаж өгөхийг *******, ******* сумдын Засаг дарга нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Завхан аймгийн *******, ******* сумдын нутагт орших Тоглойн худаг нэртэй 11200 Х хайгуулын тусгай зөвшөөрөл нь анх 2006 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Магнайдаваа ХХК-д олгогдож түүнээс хойш Голден тайга ХХК-д шилжиж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 140 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч *******-ХХК-д шилжсэн болох нь ашигт малтмалын хайгуулын 11200X дугаар тусгай зөвшөөрөл, түүний хавсралтаар[7] тогтоогдож байна. *******-ХХК нь уг хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 88 дугаар шийдвэрээр 2018 оны оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал буюу 3 дахь удаагийн 3 жилийн сунгалт хийлгэсэн байна.

Улмаар 11200 Х хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөр дуусгавар болж байгаагийн улмаас нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан эрхийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын тулд тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 25.1.7-д заасан баримт, саналыг авахаар *******, ******* сумдын Засаг дарга нарт 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 17/07, 17/08 дугаартай хүсэлтээр, мөн Завхан аймгийн ******* сумын нутагт орших Тоглойн худаг-ийн алт-зэсийн үндсэн орд бүхий талбайнуудын товч танилцуулгыг ******* сумын байгаль хамгаалагч М.Алтансүхэд, мөн уг баримтыг болон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ******* сумын Засаг даргаас гэсэн агуулга бүхий албан бичгийн төслийн хамт ******* сумын Засаг дарга Ч.*******, ******* сумын Засаг дарга Г.******* нарт хүлээлгэн өгч, холбогдох танилцуулгыг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 4 дүгээр хуралдаанд, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанд тус тус танилцуулжээ.

Тухайн хуралдаанаар нэхэмжлэгч компаний зүгээс өөрийн эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар танилцуулга хийсэнтэй холбоотойгоор Хурлаас ямар нэгэн тогтоол шийдвэр, чиглэл гаргаагүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих эрх нь нутгийн захиргааны байгууллага болон нутгийн өөрөө удирдах байгууллага болох *******, ******* сумдын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана гээд мөн зүйлийн 25.1.6-д хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт, 25.1.7-д байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэж заажээ.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д төсөл хэрэгжүүлэгч нь ... тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн ... байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ гэж заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д заасан баримт, 25.1.7-д заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хавсаргахаар заасан байна. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөө нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө байх ба тус компани нь 11200 Х хайгуулын тусгай зөвшөөрлийн 2015 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж *******, ******* сумдын Засаг дарга нараар батлуулсан болох нь хэрэгт авагдсан 11200Х хайгуулын тусгай зөвшөөрлийн 2015 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө[8]болон 11200Х хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтанд заагдсан сунгалтаар нотлогдож байна.

Хариуцагч нараас нэхэмжлэгч компанийг сум орон нутагтай хамтарч ажиллаагүй, хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газартаа хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй гэж маргаж байх боловч Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 03 сарын 09-ны өдрийн 3/2157 дугаар албан бичгээр[9] *******-ХХК нь XV-011200 тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд 2007-2016 онуудад геологи хайгуулын ажил хийж тайлан ирүүлсэн болох нь тогтоогдож байна.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн е заалтад нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх-өөр заасны дагуу сумын Засаг дарга нар нь *******-ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөхөөр байна.

Тодруулбал нэхэмжлэгч *******-ХХК нь 11200Х хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан эсэх, байгаль орчинд сөрөг нөлөөлөл учруулсан эсэх, уг нөлөөллийг хэрхэн арилгасан, цаашид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаарх тодорхойлолт, саналыг холбогдох байгууллагад гаргаж өгөхөөр байна. Гэтэл хариуцагч нар нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцээд дэмжихгүй байгаа, сум орон нутагтай хамтарч ажиллаагүй, нөхөн сэргээх зардлын тодорхой хувийг байршуулаагүй тул тодорхойлолт, санал гаргах боломжгүй байсан гэж татгалзаж байгаа нь хуульд нийцэхгүй байх тул холбогдох тодорхойлолт, саналыг эрх бүхий байгууллагад гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч *******-ХХК нь 2016 оны 09 сарын 12-ны өдөр Дааган дэл уул нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг нөхөн сэргээх зардалд 200 000 төгрөг, Тоглойн худаг нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газрын байгаль орчныг нөхөн сэргээх зардалд 200 000 төгрөгийг******* сумын сум хөгжүүлэх сангийн дансанд байршуулсан болох нь мөнгөн шилжүүлгийн баримт[10], Тоглойн худаг нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2016 онд хийсэн байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын мэдээ[11]-гээр нотлогдож байна. Харин нэхэмжлэгч компаниас байгаль орчныг нөхөн сэргээх зардалд ******* суманд ямар нэгэн мөнгө байршуулсан нь тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******-ХХК-ийн эзэмшлийн XV-017981 дугаартай, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн Дааган дэл уул нэртэй талбайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Завхан аймгийн *******, ******* сумдын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг *******, ******* сумдын Засаг дарга нарт даалгасугай.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн е заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******-ХХК-ийн эзэмшлийн XV-011200 дугаартай, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн Тоглойн худаг нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай байгаа тодорхойлолтыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст, мөн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх тухай саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргаж өгөхгүй байгаа *******, ******* сумдын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох тодорхойлолт, саналыг гаргаж өгөхийг *******, ******* сумдын Засаг дарга нарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч*******-ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* сумын Засаг даргаас 35100 төгрөг, ******* сумын Засаг даргаас 35100 төгрөг тус тус гаргуулж, *******-ХХК-д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛБАДРАХ

Н.АМАРЗАЯА

 


[1] 1-р хавтаст хэргийн 14-р хуудас

[2] 2-р хавтаст хэргийн 75-79-р хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 77,78-р хуудас

[4] 1-р хавтаст хэргийн 29-р хуудас

[5] 1-р хавтаст хэргийн 30-р хуудас

[6] 2-р хавтаст хэргийн 223, 224-р хуудас

[7] 1-р хавтаст хэргийн 7-12-р хуудас

[8] 2-р хавтаст хэргийн 44-51-р хуудас

[9] 1-р хавтаст хэргийн 233-р хуудас

[10] 2-р хавтаст хэргийн 234-р хуудас

[11] 1-р хавтаст хэргийн 206-р хуудас