Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2022/0486

 

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.И

Нэхэмжлэгч “Д” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 339 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.И

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2022/0200/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Д” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 339 дүгээр шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.И дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 339 дүгээр шийдвэрийнг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

3.2. Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт "...нэхэмжлэгч нь газрын төлбөрөө бүрэн төлсөн байхад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 2731 тоот албан бичигт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийг дурдсан нь буруу байсны дээр нэхэмжлэгчийг газраа ашиглаагүй нь дээр дурдсан нотлох баримтуудаас үзэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан гэж шууд дүгнэх боломжгvй байхад хариуцагч тухайн захиргааны акт гаргахын өмнө нөхцөл байдлыг тогтоолгүй шууд Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй, бодит нөхцөлд тохироогүй, уг хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна..." гэж, "...уугуул суугуул иргэд манай газрыг булаацалдаад, саад учруулдаг байсан...дүүргийн газрын алба, хамгаалалтын захиргаа болон прокурорт гомдол гаргаж байсан боловч шийдвэрлэж өгөөгүй... гэсэн тайлбар өгсөн болох нь тогтоогдов" гэж, "...хариуцагч захиргааны актыг гаргахын өмнө тухайн актад хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг, тухайлбал нэхэмжлэгчид ашиглах эрх үүссэнээс хойш тухайн газрын хувьд үйл ажиллагаа явуулсан эсэх, явуулсан бол ямар үйл ажиллагаа явуулсан, явуулаагүй бол энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг нарийвчлан тогтоох үүрэгтэй байхад энэ үүргээ биелүүлээгүй атлаа нэхэмжлэгч компанийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж дүгнэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй" гэж анхан шатны шүүх дүгнэжээ.

3.3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" А/50 дугаар тушаалаар нийт 104 иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон бегеед тус тушаалын хавсралтад иргэн, аж ахуйн нэгж тус бүрийн гаргасан зөрчил, газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлийг тусгайлан заасан. Тус тушаалын хавсралтын 13 дахь хэсэгт "Д" ХХК-ийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 буюу "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэсэн үндэслэлээр дуусгавар болгосон бөгөөд газрын төлбөр төлөөгүй гэх асуудал хөндөгдөөгүй талаарх тайлбарыг бичгээр мөн шүүх хуралдааны үеэр ч шүүхэд гаргасан. Хэдийгээр хамгаалалтын захиргааны саналд газрын төлбөр төлөөгүй үндэслэлийг дурдсан боловч тус яамнаас бодит нөхцөл байдлыг тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд “төлбөр төлөөгүй” үндэслэл тогтоогдоогүй тул тус заалтыг баримтлаагүй болно.

3.4. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан байна.

3.5. Нэхэмжлэгч “Д” ХХК нь анх тухайн газрыг ашиглах эрх авахдаа батлуулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан, өөрсдийн боловсруулсан "Аялал жуулчлалын төв” төсөлдөө “Тусгай уулзалт, хүлээн авалтын танхим, ажил хэргийн болон бизнесийн уулзалтын танхим, гадаад, дотоодын амрагч жуулчдад үйлчлэх бэлэг дурсгалын болон үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг сурталчлах, худалдах төв, теннис биллъяард тоглох өрөө бүхий 3 давхар зочид буудал 2 ширхэг, ази болон европ хоолны зоогийн газар, люкс, хагас люкс болон энгийн гэр зочид буудал, цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур, харуул хамгаалалтын байр, ариун цэврийн байгууламж, биеийн тамирын талбай, автомашины зогсоол гэх мэт байгууламж бүхий аялал жуулчлалын төвийн үйл ажиллагаа явуулна, төслөө 2011 оноос эхлэн хэрэгжиж 2013 онд барилга байгууламжаа бүрэн баригдаж дуусна” гэж тусгасан боловч 2008-2021 оныг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй, дээрх төслийн хүрээнд хийгдсэн ажил байхгүй болно.

3.6. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, сансрын болон фото зургаас харахад "газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй" гэдэг нь маш тодорхой байна.

3.7. Гэтэл нэхэмжлэгч “Д" ХХК нь нэгдүгээрт, газар ашиглах эрхтэй байх хугацаандаа "тухайн газраа анх авсан зориулалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулсан" гэх баримт байхгүй, хоёрдугаарт, үйл ажиллагаа явуулаагүй үндэслэлээ “хүндэтгэн үзэх шалтгаантай" байсан гэх нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон шүүхэд огт гаргаж өгөөгүй, гуравдугаарт, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д "Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж заасны дагуу бусдын хууль бус эзэмшил, ашиглалт байсан бол дүүргийн Засаг дарга, цагдаагийн байгууллага, шүүхэд хандаж газрыг чөлөөлүүлэх бүрэн эрх нэхэмжлэгчид байсан атал энэ талаар ажиллагаа хийсэн гэх нэг ч нотлох баримт гаргаж өгөөгүй байхад шүүх "нэхэмжлэгчийг газраа ашиглаагүй нь дээр дурдсан нотлох баримтуудаас үзэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан гэж шууд дүгнэх боломжгүй” гэж дүгнэсэн нь шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашигласан эсэх, ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхэд тодорхой дүгнэлт хийгээгүй бөгөөд, шийдвэрт "шууд дүгнэх боломжгүй” гэсэн нь шүүх өөрөө “хүндэтгэн үзэх шалтгаантай байсан" эсэхийг тогтоож чадаагүй байж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн гэх үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 339 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв

3. Шүүх дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Үүнд:

3.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/108 дугаар тушаалаар “Д” ХХК-д Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 1,0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, улмаар Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 727 дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож, 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэрчилгээний хугацааг 5 жилийн хугацаагаар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/508 дугаар тушаалаар газар ашиглах эрхийн хугацааг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаагаар тус тус сунгаж гэрчилгээнд тусгасан байжээ.

3.2. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар 104 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр цуцалж шийдвэрлэсэн бөгөөд уг тушаалын хавсралтын 13 дугаарт нэхэмжлэгч “Д” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай багтсан тул уг тушаалын холбогдох хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан байна.

3.3. Хариуцагчаас “Д” ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” хэмээн буруутгаж байхад нэхэмжлэгчээс зохих журмаар хүсэлтээ гаргаж байсан боловч биднээс үл хамаарах шалтгаанаар төслөө хэрэгжүүлэх боломжгүй байсан хэмээн маргаж байна.

3.4. Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх заалт нь гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх болон ийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байхыг тус тус шаардана. Өөрөөр хэлбэл дээрх хоёр нөхцөл хамт бүрдсэн тохиолдолд уг зохицуулалт хэрэглэгдэнэ.

3.5. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тусгайлан заасан.

3.6. Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан маргаан бүхий захиргааны актыг гаргахын өмнө тухайн актад хамааралтай нөхцөл байдлыг буюу газар ашиглах эрх үүссэнээс хойш тухайн газар дээрээ 2 жилийн хугацаанд дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг шалгаж тогтоох үүрэгтэй байсан боловч уг үүргээ биелүүлэлгүй Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 09 сарын 24-ний өдөр 11И-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмж болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот саналыг тус тус үндэслэн шууд шийдвэрлэсэн нь алдаа болжээ.

3.7. Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаас үзвэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1748 дугаар албан бичгээр “...танай газар ашиглах эрхийг 2019 оны А/508 дугаар тушаалаар сунгасан байна, 2,0 га газарт...гэрээ байгуулж ажиллана уу...гэрээ байгуулсны дараа хашаа барих зөвшөөрөл хүсэхийг мэдэгдэж байна, ...стандарт мөрдөж ажиллахыг анхааруулж байна” гэх хариуг хүргүүлсэн байна.

3.8. Харин нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “...хажуу талд барилга барьсан “Б” ХХК нь суурийн бүх шороог манай газар дээр асгасан,...11 дүгээр хорооны хэсэг иргэд гэр барьчихаад газрын маргаан үүсгээд байгаа, орц гарц таглаж зөвшөөрөлгүй айлууд буусан...энэ жил хашаагаа шинэчлэх зөвшөөрөл олгож...туслалцаа үзүүлнэ үү”, 2012 оны 11 дүгээр сарын 13, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрүүдэд “...гуравласан гэрээг нөхөж хийж өгнө үү” гэх хүсэлт, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “...газрын төлбөрөө бүрэн төлсөн тул гуравласан гэрээг дүгнэж акт гаргаж өгнө үү” гэх хүсэлт, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “...гуравласан гэрээний хугацаа 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр дууссан тул шинэчлэн гаргаж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргаж байсан.

3.9. Гэтэл захиргааны байгууллага болох Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Г, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Шнартай “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” 2008/727 дугаар гэрээг 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан ба 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөр огноолсон “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” гэрээг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулж, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсгээ зурсан зэргээр нэхэмжлэгчээс газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхийн тулд захиргааны байгууллагуудад удаа дараа хандаж асуудлаа шийдвэрлүүлж ирсэн болох нь нотлогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...бусдын хууль бус эзэмшил, ашиглалт байсан бол дүүргийн Засаг дарга, цагдаагийн байгууллага, шүүхэд хандаж газрыг чөлөөлүүлэх бүрэн эрх нэхэмжлэгчид байсан” гэх гомдол нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

3.10. Мөн давж заалдах гомдолд тайлбарлаж буй “...нэхэмжлэгч нь тухайн газраа анх авсан зориулалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулсан" гэх баримт байхгүй, үйл ажиллагаа явуулаагүй үндэслэлээ “хүндэтгэн үзэх шалтгаантай" байсан гэх нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон шүүхэд огт гаргаж өгөөгүй...” зэрэг нөхцлийг захиргааны байгууллагаа өөрөө шалган тогтоож шийдвэрлэх байтал нэхэмжлэгчийг буруутган газар ашиглах эрхийг хүчингүй болгох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл үүсээгүй байхад тухайн нөхцөл байдлыг нарийвчлан тогтоолгүйгээр газар ашиглах эрхийг цуцалсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 339 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА