Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2022/0488

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ИДТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г

Нэхэмжлэгч “ИДТ” ХХК

Хариуцагч Орхон аймгийн Жаргалант сумын Засаг дарга, түүний орлогч дарга нар

Гуравдагч этгээд “М” дээд сургууль

Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаартай Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулж, сумын Засаг дарга болон Засаг даргын орлогч нарын газар эзэмших эрхээ хэрэгжүүлж газраа зориулалтын дагуу ашиглах эрхээ хэрэгжүүлэх, газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх үүргээ биелүүлэхэд саад болж буй үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ш, М.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 119/2021/0013/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ИДТ” ХХК нь Орхон аймгийн Жаргалант сумын Засаг дарга, түүний орлогч дарга нарт холбогдуулан “Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаартай Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулж, сумын Засаг дарга болон Засаг даргын орлогч нарын газар эзэмших эрхээ хэрэгжүүлж газраа зориулалтын дагуу ашиглах эрхээ хэрэгжүүлэх, газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх үүргээ биелүүлэхэд саад болж буй үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр:

2.1. “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006-12-15/-ийн 29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч ИДТ ХХК-ийн Орхон аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Засаг даргын орлогч нарт холбогдуулан гаргасан Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаартай Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулж, сумын Засаг дарга болон Засаг даргын орлогч нарын газар эзэмших эрхээ хэрэгжүүлж газраа зориулалтын дагуу ашиглах эрхээ хэрэгжүүлэх, газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх үүргээ биелүүлэхэд саад болж буй үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.1 “...Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаартай захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримталж "газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай" захирамж гаргасан байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх зүйн харилцааг зохицуулсан ба мен хуулийн 40.1-д аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно" гээд 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заажээ. Гэтэл уг маргаан бүхий актаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай хуулийн заалтыг баримталж, нэхэмжлэгчийг буруутгадаг атлаа захирамжлах хэсгийн 1 дэх заалтандаа “...эзэмшил газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй...” гэж буруутган улмаар газар эзэмшүүлэх шийдвэрээ хүчингүй болгохоор заасан байна. Энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан “...хууль дээдлэх ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагааны зарчим, түүний дотор мен зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зэрэг тусгай зарчмыг зөрчсөн акт болох нь анхан шатны шүүх хуралдаанд гаргасан оролцогчдын тайлбар, тус хэрэгт авагдсан маргаан бүхий акт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. Нэгэнт маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа ийнхүү Монгол улсын Үндсэн хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан тусгай зармыг зөрчсөн байгаа нь захиргааны актыг хууль бус, эрх зүйн зөрчилтэй акт болох нь хангалттай тогтоогдсон тул тус захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн бүрэн үндэстэй байна.

3.1.2. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь заалтуудыг баримталсан байх ба хариуцагчаас уг захиргааны актыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан атлаа манай компанид огт мэдэгдээгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т "энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ" гэж заасан ба уг маргаан бүхий актыг гарсанг мэдэгдээгүй байна. Харин нэхэмжлэгч уг захирамж гарсанг Газрын даамалаас өөрөө 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр олж мэдсэн ба улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ талаар хариуцагч огт маргаагүй байгаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчсөн. Ингэсгээр мөг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасан эрхийг хуульд заасан хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй болсон байдаг. Хэдйигээр уг хариуцагчийн хууль зөрчсөн үйл ажиллагаанаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөөгүй ч, захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаанаас болж хууль дээдлэх зарчим алдагдсан байгаа нь тухайн захиргааны үйл ажиллагаа хууль бусаар явагдсанг нотолж байна.

3.1.3 Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хариуцагчаас захирамжлах хэсгийн 1 дэх заалтандаа ...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дугаар заалтыг зөрчсөн байх тул...гэж заасан. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д заасныг зорчих боломжгүй ба хариуцагч Засаг дарга нь уг заалтыг өөрөө зөрчсөн тухай уг актандаа огт дурьдаагүй. Нөгөө талаас анхан шатны шүүхээс уг газрыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалтыг Жаргалант сумын Засаг дарга өөрөө зорчиж 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн А/73 дугаартай захирамжийг гаргасан талаар дүгнэсэн бегеед ингэхдээ тус газарт газар давхцуулан эзэмшүүлсэн гэх үндэслэлээр хариуцагчийн гаргаж байсан тайлбарыг анхааралгүй дүгнэсэн. Тодруулбал хариуцагч нь уг маргаан бүхий газрыг эзэмшүүлэхдээ иргэн н.Батсүхэд эзэмшүүлсэн газар болон М дээд сургуулийн эзэмшил газартай давхацсан гэж тайлбарлаж, улмаар уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн н.Батсүх болон “М” дээд сургууль нь уг хэрэгт тус тус гуравдагч этгээдээр оролцож гаргасан тайлбартаа хүнсний ногоо тариалдаг тухай тайлбарлаж байснаас уг газарт хүнсний ногоо тариалдаг, Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж ирсэн болох нь нотлогддог. Үүнээс үзвэл хариуцагч Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/73 дугаартай захирамжаар ИДТ ХХК-д эзэмшүүлсэн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан болоод бусдад эзэмшүүлсэн болох нь нотлогдсоор байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна.

3.1.4. Дээрх үндэслэлээр Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаартай захирамж нь эрх зүйн зөрчилтэй, хуульд үндэслээгүй болох нь нотлогдож байгаа тул нэхэмжлэгчийн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна

3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтыг үнэлээгүй тухайд:

3.2.1. Хариуцагч Жаргалант сумын Засаг дарга болон Засаг даргын орлогч нарын зүгээс газрын төлбөрийг гэрээ болон хуульд зааснаас өндөр тогтоож, нэхэмжилж, улмаар газрын төлбөр төлдөггүй гэж нэхэмжлэгчийг буруутгаж хариу тайлбар гаргасан. Гэтэл хариуцагч нарын зүгээс уг хуульд заагаагүй, гэрээнд заагаагүй төлбөр болох 2.706.300 төгрөг төлөхийг шаардаж байсан болох нь хэрэгт авагдсан. Энэ талаарх хариуцагчийн үйл ажиллагаа нь хууль бус болох нотлогдсон ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар маргаагүй байхад ийнхүү нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдөөгүй гэх байдлаар ерөнхий дүгнэлт хийж, улмаар захиргааны хууль бус үйл ажиллагааг нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэх байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.2.2. “ИДТ” ХХК-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийг зөрчсөн хариуцагчийн үйл ажиллагааг заасан атлаа нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Тодруулбал Захиргааны ерөнхий хуульд заасан эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг цуцлахдаа ч хуульд заасан үндэслэл, журмыг баримталж, хуульд нийцүүлэн шийдвэр гаргах учиртай. Гэтэл энэ гомдолд дурьдсанаар хуульд үндэслээгүй, эрх зүйн олон тооны зөрчилтэй захиргааны актыг гаргаж байгааг зөвтгөсөн нь үндэслэлгүй байна.

Иймээс Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны едрийн 18 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү. гэжээ.

4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.  

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч “ИДТ” ХХК нь Орхон аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Засаг даргын орлогч нарт холбогдуулан “Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаартай “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулж, сумын Засаг дарга болон Засаг даргын орлогч нарын газар эзэмших эрхээ хэрэгжүүлж газраа зориулалтын дагуу ашиглах эрхээ хэрэгжүүлэх, газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх үүргээ биелүүлэхэд саад болж буй үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгохоор” маргаж байх ба дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтыг зөв үнэлсэн, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн гэж үзлээ.

3.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/73 захирамжаар тус сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт “дөрвөн улирлын хүлэмж”-ийн зориулалтаар “ИДТ” ХХК-д 135315 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

3.3. Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаартай “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон байна.

3.4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 он/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно”, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, 48.3-д “.захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй” гэж тус тус зааснаар уг харилцааг зохицуулжээ.

3.5. Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаартай “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.5.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж зааснаар хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд маргаан бүхий акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх, мөн тухайн актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид сэргэх эрх ашиг байх шаардлагатай.

3.5.2. Хариуцагч анх нэхэмжлэгчид уг газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д “... тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу...”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “...илүү газар эзэмших хүсэлт гаргасан бол ... Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар эзэмшүүлэх...” гэж заасныг зөрчиж олгосон учир нэхэмжлэгчид эерэг нөлөөлөл бүхий 2019 оны А/73 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасны дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 он/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, .. өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хэрэгжүүлсэн хууль ёсны үйлдэл гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв байна.

3.5.3. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хууль, журамд заасны дагуу үүсээгүй, үүнд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй боловч хууль бус шийдвэрээ залруулан маргаан бүхий Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаар захирамж гаргасныг шүүхээс хүчингүй болгох, түүнчлэн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх боломжгүй.

3.5.4. Түүнчлэн маргаан бүхий Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2021 оны А/22 дугаар захирамжид нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутгасан боловч анхан шатны шүүхээс “энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй, 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад уг заалтыг баримталсан нь буруу боловч энэ нь тухайн актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй, ... анхнаасаа газар эзэмшүүлэх шийдвэр нь хууль зөрчиж гарсан... “ гэж зөв дүгнэсэн бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээж авах үндэслэлгүй. 

3.5.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр иргэн Н.Батсүх,  “М” дээд сургууль гуравдагч этгээдээр татагдан хэргийн оролцогч болсон боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “ИДТ” ХХК-д уг газрыг эзэмшүүлэхдээ гуравдагч этгээд  Н.Батсүхэд тус сумын Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 48 дугаар захирамжаар олгосон 28888,3 мкв газартай давхцсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн “М” дээд сургуулийн газартай бодит байдал дээр давхцаагүй болох нь тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй, гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

3.6. Орхон аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Засаг даргын орлогч нарт холбогдуулан сумын Засаг дарга болон Засаг даргын орлогч нарын газар эзэмших эрхээ хэрэгжүүлж газраа зориулалтын дагуу ашиглах эрхээ хэрэгжүүлэх, газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх үүргээ биелүүлэхэд саад болж буй үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.6.1. Анхан шатны шүүхийн “Хариуцагч газар эзэмшүүлэх гэрээнд заасан хэмжээнээс илүү төлбөр төлөхийг шаардаж байсан захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа боловч ... гэрээнд заасан төлбөрийг нэхэмжлэгч төлөх үүргээ хэрэгжүүлээгүй, мөн газрын төлбөрөө төлөөгүй үндэслэлээр газар эзэмших эрхэд халдсан шийдвэр гаргаагүй байх тул төлбөр төлөхөд саад болсон гэх үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн болох нь тогтоогдоогүй, мөн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг ... газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн, хуулиар эрх үүсээгүй этгээдийн хувьд заавал хийгдэх ажиллагаа биш ...” гэх дүгнэлт үндэслэлтэй.

3.6.2. Нэхэмжлэгчийн “...бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргахдаа урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах Үндсэн хуулийн болон Захиргааны ерөнхий хуулийн зарчмыг зөрчсөн, эрх зүйн зөрчилтэй актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаадлагыг хангах хууль зүйн бүрэн үндэстэй” гэх давж заалдах гомдлыг хүлээж авч, хангах боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ИДТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭл

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА