Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00622

 

Н.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00841 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1720 дугаар магадлалтай,

Н.Сын нэхэмжлэлтэй

“Т Х”ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 12 377 910 төгрөг, алданги 1 074 403 төгрөг нийт 13 452 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Жы гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, хариуцагчийн төлөөлөгч Ц.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Н.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн Мөрөн сумын төвд баригдсан 50 хүүхдийн цэцэрлэг барилга-ын гадна цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, холбооны шугамын угсралтын ажлыг гүйцэтгэхээр “Т Х”ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Манай зүгээс гэрээгээр тохирсон ажлыг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр захиалагч талд 100 хувь гүйцэтгэж үр дүнг хүлээлгэн өгсөн. Хэнтийгээс Улаанбаатарын хооронд ажлын хөлсөө авахаар 2 жил хөөцөлдөхдөө маш их цаг хугацаа, зардал зарцуулсан байна. Иймд ажлын хөлсний үлдэгдэл 12 377 910 төгрөгийг, нэг хоногийн алданги 1237 төгрөг байгаа ба үүргийн гүйцэтгэлийг 868 хоног хэтрүүлсэн нь 1 074 403 төгрөг, нийт 13 452 300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Хэнтий аймаг Мөрөн суманд 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гадна цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, гадна холбооны шугамын угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр Гансүхийн Н.Стай хамтран ажиллахаар тохирсон, Н.Сын эцэг Б.Гансүх нь тухайн үед манай компанид ерөнхий менежерээр ажил эрхэлдэг бөгөөд Ц.Ж надаас хүү маань банкнаас зээл авах гэсэн юм, ажил гүйцэтгэх гэрээг 19.026.000 төгрөгөөр байгуулаад өгөөч гэж гуйсны дагуу 2015 оны 06/15 тоот гэрээг байгуулсан байдаг. Материалын менежер Д.Мөнгөнтулга нь гэрээнд гарын үсэг зурах этгээд биш юм. Н.С нь гадна цахилгааны ажил гүйцэтгэхдээ өөрийн эцэг Б.Гансүхийн заавраар хамтран ажиллаж байсан бөгөөд материалын урьдчилгаанд 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр эцэг Б.Гансүхийн данс руу 5 000 000 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэгч тал гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ төсвөө гаргаж өгөөгүй бөгөөд аман гэрээгээр 9 500 000 төгрөгт тохирсон. Үүнийг дотор заслын ажлын бригадын ахлагч Б.Алтангадас гэрчлэх болно. Н.Сын бодит гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ нь барилгын зургийн дагуу хяналтын төсвийн тоо хэмжээнээс бага ажил гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажлаа албан ёсоор бичиж өгөөгүй болно. Манай компани урьдчилгаа 5 000 000 төгрөг эцэг Б.Гансүхийн дансанд, 100 000 төгрөг Б.Гансүхэд бэлнээр, 700 000 төгрөгийг Н.Сын дансанд, 1 000 000 төгрөг Н.Сын дансанд, 200 000 төгрөг Н.Ст бэлэн, 520 000 төгрөг Болдбаатарт /Гадна гэрэлтүүлэг угсарсаны төлбөр/, 2 000 000 төгрөг Н.Сын дансанд тус тус ажлын хөлсийг тохирсны дагуу нийт 9 520 000 төгрөг төлсөн болно. Иймд манай компани Н.Ст төлбөрийн үлдэгдэлгүй болно. Б.Гансүх нь албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн хүүд давуу эрх олгон хяналтын төсөв харуулан зээл авах нэрээр хуурамч гэрээ хийж манай компанийг хохироож байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн182/ШШ2018/00841 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “Т Х”ХХК-аас 8.351.626 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ст олгож, Д.Н.Сын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 100 687 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 148 576 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1720 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00841 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “Т Х”ХХК-аас 13 452 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ст олгосугай гэж, 2 дах заалтын 148 576 гэснийг 225 211 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 148 576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргилоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Ж хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. 1. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хариуцагчийн зүгээс 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Т Х”ХХК, иргэн Н.С нарын хооронд хийсэн “Барилгын гадна цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, гадна холбооны шугамын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ №06/15 тоот гэрээг хууль бус, нэхэмжлэгчийн гуйлтаар хийсэн гэрээ гэдгийг хариуцагч тайлбартаа дурдсан. Үүнийгээ нотлох зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэрч асуулгах болон шинжээч томилуулахаар хүсэлт шүүхэд гаргасан. Шүүх хариуцагчийг хоёр хүсэлтийнхээ нэгийг нь л өг, нэг хүсэлтээсээ татгалз гэж тулган шаардаж, хүсэлтээс татгалзуулж, хэрэг хянан шийдвэрлэсэн үйлдлээс болж хэрэг маргаан үнэн шударгаар шийдэгдэх боломжгүй болж, зохигчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон төдийгүй анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль бус болсон. 2. Хариуцагч хариу тайлбартаа амаар тохирсон гэрээний дагуу гэрээ байгуулах болоход нэхэмжлэгч зээл авахад өндөр төлбөрийн дүнтэй гэрээ хэрэгтэй байна, үүнийг банкинд үзүүлж, зээл аваад бусад асуудлаа амаар тохирсон ёсоор шийдэж, ажил гүйцэтгэх болон төлбөрийн асуудлыг шийднэ гэж байсан. Гэтэл зээлийн асуудлаа шийдэж, ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа дууссаны дараа уг хуурамч үнийн дүнтэй гэрээг ашиглан шүүхээр өөрт ашигтай шийдвэр гаргуулсан нь хуулийн байгууллагыг хуурч мэхлэн ашиглаж байгаа, шүүх зөвхөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтанд үндэслэн, хариуцагчийн нотлох баримтаар гэрч асуулгах хүсэлтийг хангалгүй шийдсэнээр хэн арга зальтай нь шүүх хуулийн байгууллагыг ашиглаж чадсан үйлдэл болсон гэж үзэж байна. 2. Амаар анх тохирсон ажил гүйцэтгэгчид төлөх ёстой гүйцэтгэсэн ажлын төлбөрийг бүрэн барагдуулснаа дурдсаар байтал шүүх энэ асуудлыг огт үнэлж үзэлгүй, нэхэмжлэгчийн талд шийдвэрлэсэн. Хариуцагч гүйцэтгэсэн болон гүйцэтгэх ажлын зураг төслөө ажил гуйцэтгүүлэгч талд өгөхийг тухайн ажил гүйцэтгэх явцад шаардаж байхад юу ч гаргаж өгөлгүй, ажлаа дутуу хийж гүйцэтгэсэн гэх мэт олон асуудал хөндөгдөж, үүнээс болж хариуцагч шинжээч томилуулах хүсэлт гаргасаар байтал шүүх хүсэлтийг хангалгүй шийдсэн нь хууль бус болсон. Учир нь хэдийгээр шүүхийн үнэлсэн “Ажил гүйцэтгэх гэрээ” хэрэгт байгаа боловч, тухайн гэрээ нь хүчин төгөлдөр эсэх, хариуцагч яагаад энэ гэрээг хуурамч гэрээ гэж үзээд байгаа талаар шүүх үнэлэлт дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл гэрээ хуурамч эсэх асуудлаар хариуцагч гэрч асуулгах тухай хүсэлтээс шүүгч шахалтаар татгалзуулж, асуудлыг шийдсэн нь хэрэг маргаан шийдвэрлэх асуудал үнэн шударга байх бүхий л боломжийг хааж, шийдвэр, магадлал хууль бус болох үндэслэл болсон. 4. Мөн нэхэмжлэгч Гансүх манай “Т Х”ХХК-д ерөнхий менежер хийдэг албан тушаалаа ашиглаж, гэрээ хийсэн гэдгийг хариуцагч тал тайлбартаа дурдаж, холбогдох гэрч оролцуулах хүсэлтийг хангаагүй нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль бус болох бас нэг үндэслэл болсон. 5. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа “Цэцэрлэгийн зориулалтаар ашиглахад бэлэн болсон гэж үзэж ашиглалтад ... оруулахыг зөвшөөрсөн байна” гэж үзсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй. Үүнийг ямар нотлох баримтаар шүүх үнэлснээ заагаагүй нь шүүх асуудлыг зөвхөн нэхэмжлэгчийн тайлбараар шийдсэн. Дээрх бүхий л нөхцөл байдал буюу хэргийн оролцогчийн хариу татгалзлаа нотлохын тулд өгсөн хүсэлтийг хангаагүй шийдсэн нь шийдвэр, магадлал хууль бус болсон гэж үзэх үндэслэл байгаа учраас магадлалыг хэрэгсэхгүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцсэн үнэн зөв шийдэх боломжоор хангаж, анхан шатны шүүхрүү хэргийг буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй  байна.

Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч “Т Х”ХХК-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 12 377 910 төгрөг, алданги 1 074 403 төгрөг, нийт 13 452 300 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...нэхэмжлэгч болон түүний аав Б.Гансүх нар нь зээл авах зорилгоор, гэрээнд, ажлын хөлсийг өндөр тусгуулахыг хүссэн тул “...19 026 000 төгрөг...” гэж заасан, бодит байдалд хөлсийг 9 520 000 төгрөгөөр тохирч, бүрэн төлснөөр үүргээ биелүүлсэн ...” гэж маргажээ.

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцаа, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний гол нөхцөл зэрэг эрх зүйн асуудлаар хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийсэн боловч хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээг буруу тогтоосныг хэрэгт байгаа баримтад үндэслэн залруулах боломжтой гэж үзэв.

Зохигч талууд 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Н.С нь цэцэрлэгийн барилгын гадна цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, гадна холбооны шугамын угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч “Т Х”ХХК нь ажлын хөлсийг төлөхөөр харилцан тохирсон, гэрээний дагуу ажлыг хүлээлгэн өгсөн үйл баримтыг маргаагүй байна.

Харин гэрээгээр тохирсон ажлын хөлсний хэмжээ, хариуцагчаас төлсөн мөнгөний дүнг маргажээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл хариуцагч “Т Х”ХХК нь гэрээний дагуу 2015 оны 08 сарын 07-ны өдөр 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн аав Б.Гансүхийн дансанд, 2016 оны 03 сарын 17-ны өдөр 700 000 төгрөг, 2016 оны 03 сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 04 сарын 01-ний өдөр 200 000 төгрөг, 2016 оны 04 сарын 08-ны өдөр 520 000 төгрөг, 2016 оны 04 сарын 22-ны өдөр 2 000 000 төгрөг, 2017 оны 03 сарын 07-ны өдөр 100 000 төгрөг нийт 9 520 000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг шүүхэд ирүүлжээ. /хх8, 9, 10, 20, 21, 24, 25/

Үүнээс 2015 оны 08 сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн аав Б.Гансүхийн дансанд шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг энэ гэрээнд хамааралгүй гэдгийг нэхэмжлэгч нотлоогүй, Б.Гансүх нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байхдаа хариуцагчийн гаргасан баримтыг үгүйсгээгүй тул 5 000 000 төгрөгийг гэрээний дагуу ажлын хөлсөд төлсөн мөнгө гэж үзнэ. Хоёр шатны шүүх 5 000 000 төгрөгийг тооцоогүй нь хэрэгт байгаа баримтад нийцээгүй байна.

Мөн хариуцагч нь 2016 оны 04 сарын 08-ны өдөр 520 000 төгрөгийг Д.Бямбаад  шилжүүлсэн, уг ажлыг Д.Бямбаа гүйцэтгэсэн талаар нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь маргаагүй ба уг мөнгө нь ажлын хөлс 19 026 000 төгрөгт багтсан байна.

Талуудын байгуулсан гэрээний 4.2-т ...гадна цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, угсралтын ажлын хөлс 10 870 000 төгрөг, гадна холбооны шугамын угсралтын ажил 8 156 000 төгрөг...гэж заасан нь ажлын хөлсийг талууд энэ хэмжээнд тохирсныг нотолсон байна. Гэрээний гол нөхцөл буюу ажлын хөлсийг гэрээнд ойлгомжтой, тодорхой тусгасан  байхад 9 520 000 төгрөгөөр тохирсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд ажлын хөлс 19 026 000 төгрөгөөс хариуцагч нь 9 520 000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 9 506 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, магадлалд өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т нийцнэ. Хариуцагч ажлын хөлс төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй боловч үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээнд тодорхой заагаагүй тул алданги тооцох үндэслэлгүй болно.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй байна. Хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын өртгийг тогтоохын тулд шинжээч томилуулах, ажлын хөлсийг 9 520 000 төгрөгөөр тохирсныг нотлох зорилгоор гэрч асуулгах хүсэлт тус тус гаргасныг анхан шатны шүүх хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчөөгүй байв. /хх-53, 72, 76, 82/ Зохигч талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээ байгуулсан, гэрээнд ажлын хөлсийг тусгасан баримт, нотолгоо байгаа тул шинжээч томилох, гэрч асуулгах нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай баримт гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байв. Гэрээ байгуулсан талууд гэрээний хариуцлагыг хүлээх ёстой болно.

Иймд нотлох баримт бүрдүүлэх эрхийг хязгаарласан гэж үзэж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхийг хүссэн хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй боловч алдангийг хэрэгсэхгүй болгож байгаа тул гомдлын зарим хэсгийг хангасан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1720 дугаар магадлал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00841 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан 9 506 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 946 300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтад ...148 576...гэснийг 167 046 гэж тус тус өөрчилж, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225 211 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.УНДРАХ

         ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА