Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 64

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01637/и

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 295 дугаар шийдвэртэй,  

            Нэхэмжлэгч Боржигон овогтой Б-ын А-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт холбогдох

            “Хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг цуцлуулах, дундын өмчлөлийн орон сууцнаас ногдох хэсгийг хүүхдийн тэтгэлэгт гаргуулах” тухай иргэний хэргийг

            Нэхэмжлэгч Б.А-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

            Нэхэмжлэгч Б.А-ээс:

            Би Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 167 тоот гүйцэтгэх хуудаст үндэслэн Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай уг өдөр шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах 0000095 тоот гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 369 тоот гүйэтгэх хуудаст үндэслэн 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах 0000242 тоот гэрээг тус тус байгуулсан. Гэрээнд зааснаар төлбөр авагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дуусанаар 6,5 хувиар, мөн 8,5 хувиар тооцон шийдвэр гүйцэтгэлийн урамшууллыг Дархан-Уул аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр тохиролцсон. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 65 тоот, 2013 оны 12 дугаар сарын 02-ны 35 тоот тогтоол гаргасан боловч надад танилцуулаагүй байна. Иймд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тусгай тэмдэглэлээр түдгэлзүүлсэн хууль бус шийдвэр гүйцэтгэлийн

ажиллагааг түдгэлзүүлэх, Дархан сум 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 4-******* тоот 3 өрөө орон сууцнаас *******т  ногдох  хэсгийг  хүүхдийн  тэтгэлэгт  гаргуулах, орон сууцны зээл болон цалингийн зээлийг хэвийн ангилалд оруулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах зэрэг ажиллагаануудыг даалгах, 0000242, 0000095 тоот шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ,Төрийн банкны нэхэмжлэлтэй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан тухай 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 87 тоот тогтоол зэргийг тус тус хүчингүй болгуулах, Гэм хорын хохирол 50.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.

            Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаас:

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 94 дугаар магадлалаар Лхагважавын *******аас гурван хүүхдийн тэтгэлэг гаргуулж, Б.А-т олгохоор, Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 143 дугаар шүүхийн шийдвэрээр *******аас төлөгдөөгүй хугацааны тэтгэлэг 2.596.750 төгрөг, мөн алданги 1.298.375 төгрөг нийт 3.970.426 төгрөгийг гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрүүдийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байх үед тэтгэлэг авагч Б.А- нь тэтгэлэг төлөгч *******, тэтгэлэг авагч *******, *******, ******* нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 16 дугаар байрны 39 тоот 1 өрөө орон сууцыг 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 34.500.000 төгрөгөөр худалдан борлуулж *******т ногдох хувь 6.757.000 төгрөгнөөс 1.000.000 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт суутган авсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тэтгэлэг төлөгч *******ыг удаа дараа дуудан уулзахад тэтгэлэг төлөх чадваргүй эрхэлсэн ажилгүй тогтсон хаяггүй, архи согтууруулах ундаа ихээр хэрэглэдэг орон гэргүй, тэнэмэл, байдлаар амьдрах болсон нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, багийн засаг даргын тодорхойлолт, мөн холбогдох байгууллагуудаас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхбаатараас:

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй хугацааны хуримтлагдсан тэтгэлэг 14.119.725 төгрөг байна. Улсын дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 992 дугаар тогтоолоор *******, Б.А- нарын дундын өмчлөлийн Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 4-******* тоот 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр *******, *******, ******* нарыг нэмж бүртгэхээр шийдвэрлэсэн тогтоолыг тус алба хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт дээрх шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлж үл хөдлөх эд хөрөнгийг 5 хүний өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгийг хязгаарлах хугацаа тогтоосон шийдвэр гаргана гэж заасны дагуу 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 03/2453 дугаар албан бичгээр *******, Б.А-, *******, *******, ******* нарын дундын өмчлөлийн орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 562/а дугаар шийдвэрээр Б.А-, *******, Л.Ариунтуяа нараас 27.705.715 төгрөг гаргуулж Төрийн банкны 102 дугаар салбарт олгох шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцааны хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан банкны барьцаа хөрөнгө болох Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 4-******* тоот 42 мкв 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураан авч үнийн санал авахад үнийн санал зөрөлдсөн тул хөндлөнгийн үнэлгээчнээр үнэлгээ хийлгэн төлбөр төлөгч авагч нарт танилцуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тасралтгүй явуулсан. Мөн Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 743 дугаар захирамжаар Дархан-Уул аймаг дахь Төрийн банкны 102 дугаар салбарт нэхэмжлэгч Б.А-ийн зээлийн ангиллын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж, шийдвэрийн дагуу Дархан-Уул аймаг дахь Төрийн банкинд 2016 оны 06 дугаар сарын 06-нд 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дээрх шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч “Активыг ангилах активын эрсдлийн сан байгуулж зарцуулах журмын дагуу хугацааны үзүүлэлтээр тогтмол ангилал бууруулж байсан бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр чанарын үзүүлэлтээр эргэлзээтэй ангиллаас муу ангилалд шилжүүлэн бүртгэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг биелүүлэн эргэлзээтэй ангилалд шилжүүлсэн” гэх хариуг удаа дараа ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 295 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 84 дүгээр зүйлийн 84.1, 143 дугаар зүйлийн 143.3-т дахь заалтуудыг баримтлан хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлийн шаардлагаас Дархан-Уул аймгийн Дархан сум, 11-р баг, 6 дугаар хороолол 4-******* тоот 3 өрөө орон сууцыг тусгай тэмдэглэлээр түдгэлзүүлсэн хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 6-р хороолол 4-******* тоот 3 өрөө орон сууцаас *******т оногдох хэсгийг хүүхдийн тэтгэлэгт гаргуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах, 2013.11.18-ны өдрийн 0000242 тоот шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2013.4.29-ний өдрийн 0000095 тоот шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын тухай гэрээг хүчингүй болгуулах, Төрийн банкны нэхэмжлэлтэй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай 2016.5.09-ний өдрийн 87 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, Орон сууцын зээл болон цалингийн зээлийг хэвийн ангилалд оруулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг шийдвэр гүйцэтгэх албанд даалгах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гэм хорын хохирол 50 сая төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.А-ийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70,200 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.А-  давж заалдсан гомдолдоо:

Хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлгийн хэмжээ 2017 оны 03 дугаар сарын байдлаар 20.957.390 төгрөг болон хуримтлагдсаны улмаас гурван хүүхдийн эрх ашиг хохирсон нь 2012 оны 09 дүгээр сарын 20-оос 2015 оны 01 дүгээр сарын хүртэл хугацаанд надад 25.355.000 төгрөг зээлдүүлсэн гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, шүүхийн шүүгч нарын хүнд суртлын улмаас 2016 оны 01 дүгээр сараас хойш 2021 он хүртэлх цалин тэтгэвэр байгаа бүхнээ барьцаалж 2 оюутан охиныхоо сургалтын төлбөрийг төлж, хүмүүсээс зээлсэн мөнгөний хүү, алдангийг төлж байгаагийн улмаас 37.868.316 төгрөгийн бодит хохирол, 2017 оны эхний 1, 2 дугаар  сарын байдлаар 3.186.942 төгрөг нийт 66.410.258 төгрөгийн алдагдалд орсон байна. 20112 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны хууль гэрээгээ зөрчиж энэ зээлийг зөвхөн надад олгосон гэж маргаан үүсгэсэн. Энэ маргааныг хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч хянаж энэ хооронд хуримтлагдсан 3.478.114 төгрөгийн хүү банк, шүүх хоёрын буруутай үйл ажиллагаанаас үүссэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдөр дээрх шийдвэрийг Б.А- би сайн дураараа биелүүлж хүчээр манай гэр бүлд өгсөн 1 өрөө байрыг худалдан борлуулж, 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Төрийн банкинд төлбөрт 9.010.300 төгрөгийг, Л.Ариубаярын өмнөөс 1.000.000 төгрөгийг тус тус төлсөн. Ингэснээр 2019 оны 07 дугаар сар хүртэлх зээл урьдчилан төлөгдсөн. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу 2025 онд гэрээний ерөнхий хугацаа дуусах зээлийг одоо төлөхийг шаардаж, гүйцэтгэх хуудас бичих, бусдын мөнгийг хүчээр Төрийн банкинд шилжүүлэх эрх байхгүй. 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд Төрийн банкнаас 155.715.959 төгрөг зээлсэн мөн 52.120.842 төгрөгийг өөрийн цалингаараа, шүүхээс 27.553.000, гэр бүлийн 1 өрөө байрыг худалдан борлуулсан нийт 88.873.842 төгрөгийг төлж барагдуулсан. 2012 оны 04 дүгээр сараас 2017 оны 03 дугаар сар хүртэлх 66.842.117 сая төгрөгийг банкны болон хувь хүмүүсийн зээлд төлөхөөр байна. Иймд дээрх гэмт хэргийг таслан зогсоож, хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, харъяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.А- Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 835 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр хүүхдийн тэтгэлэгийн төлбөрт тооцон хариуцагчаас гаргуулан авсан эд хөрөнгийг хүүхдийн тэтгэлэгт хуулийн дагуу шилжүүлэхийг даалгах, Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 4-******* тоот 3 өрөө орон сууцыг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тусгай тэмдэглэлээр түдгэлзүүлсэн хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг цуцлуулах, шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээнүүдийг хүчингүй болгох, Төрийн банкны нэхэмжлэлтэй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан тухай 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 87 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт холбогдуулж хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас учирсан гэм хорын хохиролд 50.000.000 төгрөг гаргуулах тухай нийт  7 шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж дараах дүгнэлтийг хийлээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар зохицуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг зөв шийдвэрлэсэн байна.  

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 835 дугаар шийдвэрийг биелүүлэхийн тулд тус аймаг дахь Улсын бүртгэл статистикийн газарт илгээсэн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн  03/2453 тоот албан бичгээр тэтгэлэг төлөгч *******ын дундын өмчлөлийн 3 өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байх бөгөөд энэ талаар тус байрны өмчлөгч нарын хэн алинд мэдэгдээгүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан дарааллаар битүүмжилсэн буюу барьцаалсан ямар нэгэн эрхийн акт гарсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, хариуцагч тал хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар ажиллагаа явуулсан гэж тайлбарлаж байгаа боловч хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан гэдгээ нотолж чадаагүй болно.

Битүүмжилсэн болон барьцаалсан эрхийн акт гараагүй байхад хөрөнгийг захиран зарцуулахыг хориглосон дээрх ажиллагааг нэхэмжлэгч Б.А-т 4 сарын дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 24-нд мэдэгдсэн, насанд хүрсэн бусад өмчлөгч нарт мэдэгдээгүй тэдний эрх ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн  дүгнэлт үндэслэл бүхий зөв байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1, 36.2, 53 дугаар зүйлийн 53.7-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тул 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 03/2453 тоот тусгай тэмдэглэлээр түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгон нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Б.А- үл хөдлөх эд хөрөнгөөс *******т ногдох хэсгийг хүүхдийн тэтгэлэгт гаргуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахыг нэхэмжлэлээр шаардсан бөгөөд Дархан-Уул аймгийн Дархан сумын11 дүгээр баг 6 дугаар хороолол 4 дүгээр байрны ******* тоотын 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр 5 хүн бүртгэгдсэн, өмчлөгч тус бүрийн ногдох хэсэг тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар үйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч гаргаж өгөөгүй, өөрөөр хэлбэл *******т ногдох хэсэг тодорхойгүй байхад энэ талаар дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй юм.

Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

Нэхэмжлэлийн бусад шаардлага болох шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээнүүд нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаатай холбоотой шаардлага  байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийн тулд талуудын хооронд хуулийн дагуу хийгдсэн хэлцэл бөгөөд уг хэлцэл биелэгдэж дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч энэ талаар шаардах эрхгүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр,  алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл / эс үйлдэл/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар болон Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулснаар нэхэмжлэгч Б.А-т ямар гэм хор хэрхэн учруулсан нь баримтаар нотлогдоогүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчидаас гэм хорын хохиролд 50.000.000 төгрөг нэхэмжилсэн нь хуулийн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гарсан байх бөгөөд мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн шүүгчид болон шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид нь хууль бус шийдвэр гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулснаар нэхэмжлэгчид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг таслан зогсоож, хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлж өгнө үү гэсэн давж заалдах гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “ Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүх харьяалан шийдвэрлэнэ” гэсэнтэй нийцээгүй, анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн маргааны зүйлд хамааралгүй тул давж заалдах шатны шүүх харьяалан шийдвэрлэх гомдол биш байна.

Иймд нэхэмжлэгч Б.А-ийн  давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Нэхэмжлэгч Б.А- болон хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны давж заалдсан гомдлуудыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 295 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар хэргийн зохигчид хэн аль нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          О.НАРАНГЭРЭЛ           

                                            ШҮҮГЧИД                                          С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                       Л.АМАРСАНАА