Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 168

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би даргалж, тус шүүхийн танхимд  хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Эрдэнэбат /РД:

Хариуцагч: “Өнхрүүш бэйкери” ХХК

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 82 388 500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч М.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хишигзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие А.Эрдэнэбат нь гэр бүлийн хамт 1998 оноос хойш Барс зах болон бизнес худалдааны төвд одоог хүртэл гурил, сахар, будааны худалдаа эрхэлж байна. 2001 оноос хойш “Өнхрүүш бэйкери” ХХК-ийн захирал Г.Цэенмаагийн хүсэлтээр нарийн боовны түүхий эд нийлүүлэн 2014 оны 12 дугаар сарыг хүртэл хамтран ажиллсан. Энэ хугацаанд тухайн сар тутам бараагаа захиалсан хэмжээгээр нь нийлүүлж сардаа тооцоогоо дуусгадаг журамтай явж ирсэн, 2005 оноос эхлэн энэ үйлдвэр өргөжиж борлуулалт нь сайжирснаар сарын бараа таталт нь эрс нэмэгдэж сардаа 30-50 тонн гурил авдаг болсон. Үүнээс хойш энэ  үйлдвэртэй итгэлцэл улам нэмэгдэж тооцоо нийлсэн актыг тухай бүр үйлдэн, бараагаа нийлүүлдэг болсон. Ингээд 2012 оны сүүлчээр “Өнхрүүш бэйкери” ХХК-ийн үлдэгдэл өр ихээхэн нэмэгдэж бидний бизнесийн харилцаа хоорондын өглөг авлагаас шалтгаалан доголдож эхэлсэн ба нийлүүлсэн барааны өр төлбөр хуримтлагдсаар 2013 оны 6 дугар сарын 1-ний байдлаар үлдэгдэл тооцоо 184 300 000 төгрөг болсон. Би тус компаниас мөнгөө гаргуулахаар байнга шаардаж байсан ба 2013 он гаргаад Г.Цэенмаа нь өөрийн найз болох Б.Ганзориг, Ш.Түвшингэрэл нарт компаниа, үйлдвэрийн тоног төхөөрөмж, өрийн хамт бүхэлд нь шилжүүлж байгаа энэ хүмүүс бол мөнгөтэй, уул уурхай гарахаар асуудалгүй танай өрийг барагдуулна гэж хэлж байсан ба Б.Ганзориг, Ш.Түвшингэрэл нар ч бид танай өрийг төлж барагдуулна гэж амлалт өгсөн. Үүнээс хойш тус компани 2013 оны 5 дугаар сард 40 000 000, 2013 оны 8 дугаар сард 40 000 000 төгрөг, 2014 оны 3 дугаар сард 30 000 000 төгрөг, 2014 оны 4 дүгээр  сард 20 000 000 төгрөг гэх мэтээр төлөлт хийж бид ч үүнд итгэн өр авлагаа барагдуулан цаашид хэвийн ажиллах нөхцөл бүрдэх нь гэж  итгэн түүхий эд нийлүүлэлтээ дахин үргэлжлүүлсэн. Ингээд 2014 оны 11 дүгээр сарын 15-ны байдлаар тооцоо нийлж “Өнхрүүш бэйкери” ХХК нв 82 388 500 төгрөгийн өр төлбөртэй болохыг тогтоож акт үйлдсэн. Улмаар 2014 оны 12 дугаарр сард тус компанийн захирал Г.Цэенмаа, иргэн Б.Ганзориг нар нь компаниа болон үйлдвэрээ албан ёсоор эцсийн байдлаар хүлээлцэх гэж байна. хүрээд ир гэж үйлдвэр дээрээ дуудаж, бид ярилцан үлдэгдэл өрийг танилцуулж манайд өгөх 82 388 500 төгрөгийн өрийг компанийг шилжүүлэн авсан Б.Ганзориг төлөхөөр тохиролцож, тэрээр намайг түүхий эдээ үргэлжлүүлэн нийлүүлэхийг хүссэн. Хүсэлтийн дагуу “Өнхрүүш бэйкери” ХХК-д бараагаа үргэлжлүүлэн нийлүүлсэн мөн 2015 оны 1 дүгээр сараас эхлэн үйлдвэр дээр нь өөрийн биеээр байнга очиж одоо юу болж байна, хэдийд мөнгө орж ирэхийг нь асуухад удахгүй мөнгө ор ирэхээр хамгийн түрүүнд танай мөнгийг өгнө гэж хэлдэг байсан ч сүүлдээ ажил дээрээ ирэхгүй, утсаа авахгүй зугтах болсон. Ийнхүү намайг бүтэн жил хуурсний эцэст өмнөх захирал Г.Цэенмаагаас ав гэх болсон бөгөөд өр төлбөрөө төлөхгүй байгаа тул шүүхэд хандаж 82 388 500 төгрөгийг  хариуцагч “Өнхрүүш бэйкери” ХХК-иас гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Өнхрүүш бэйкери” ХХК-ийн захирал Б.Ганзориг нь иргэн Г.Цэенмаа, түүний нөхөр Б.Чойжилсүрэн нарт 2012 онд их хэмжээний мөнгө зээлдүүлсэн боловч тэд зээлээ буцаан төлөх ямар ч боломжгүй болсон тул 2013 оны 8 дугаар сарын 7-ныөдөр гэрээ байгуулж Г.Цэенмаагийн эзэмшиж байсан тус компанийн  хувьцааг 100 хувь, мөн түүний нөхөр Б.Чойжилсүрэнгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан. Тухайн үед уг компани бусдад төлөх төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс их хэмжээний өр төлбөр үүсээд байсныг бид Г.Цэенмаагийн бидэнд гарган өгсөн “Түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдэд төлөх өглөгийн тооцоо” гэх баримтанд заасан үнийн дүнгээр барагдуулсан. Уг тооцоонд зааснаар нэхэмжлэгч А.Эрдэнэбатад 104 000 000 төгрөгийн өглөгтэй байсныг бид бүрэн төлж дуусгасан. Тооцоо нийлсэн гэх баримтанд дурдсан 82 388 500 төгрөгийг 2014, 2015 онуудад бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтууд болон бидний гаргаж өгсөн баримтаар нотлогдоно. Эдгээр баримтаар дурдсан хугацаанд нийт 98 000 000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын  тайлбарыг  шинжлэн судлаад

     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Эрдэнэбат нь хариуцагч “Өнхрүүш бэйкери” ХХК-д холбогдуулан 82 388 500 /наян хоёр сая гурван зуун наян найман мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Хариуцагч “Өнхрүүш бейкери” ХХК нь талх, нарийн боов үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  бөгөөд нэхэмжлэгч А.Эрдэнэбат тус компанийг байгуулагдсан цагаас эхлэн нарийн боовны түүхий эд нийлүүлж, барааны  үнийг нь хариуцагч тухайн сардаа болон харилцан тооцоо нийлсэн  актыг үндэслэн  төлж ирсэн байна.

Талуудын хооронд 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 161, 279 700 төгрөг, 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр  138 640 200 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 115 837 500 төгрөг, 2010 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 137 293 800 төгрөг,  2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 122 951 100 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 184 400 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 82 388 500 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар харилцан тооцоо нийлж акт үйлджээ. /хх-ийн 6-12 дугаар тал/

Нэхэмжлэгч сүүлд 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тооцоо нийлсэн актын дагуу төлөх ёстой байсан 82 388 500 төгрөгийг хариуцагч төлөөгүй гэж, хариуцагч уг акт үйлдсэн, актаар тогтоосон төлбөрийн хэмжээний тухайд маргахгүй,  2014, 2015 онуудад төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарлан маргаж байна.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримтын журмаар гаргуулсан “Өнхрүүш бейкери” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ болон  холбогдох баримтаас үзэхэд тус компани нь 1 гишүүнтэй байх бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Г.Цэенмаа /РД: ЧГ72030807/-гаас Б.Ганзориг /РД:ЧИ71021310/-д бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжсэн, уг өөрчлөлтийг 2014 оны 12 дугаар сарын 15-ны  өдөр бүртгэжээ. /хх-ийн 91-100 дугаар тал/

Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсгүүдэд компанийн дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг байх, нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлэхээр заасан ба 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Г.Цэенмаагийн шийдвэрээр хувьцааг Б.Ганзоригт 100 хувь шилжүүлж, Б.Ганзоригийн 1 тоот шийдвэрээр компанийн дүрмийг  баталсан байна.

Нэхэмжлэгч талаас Г.Цэенмаа, Б.Ганзориг нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан “Өнхрүүш бейкери” ХХК-ийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээг гаргаж өгсөн ба энэхүү гэрээг байгуулснаар компани бүрэн шилжээгүй, компанийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч  Г.Цэенмаа  захирлаар 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах тухай гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд худалдагч тал буюу нэхэмжлэгч А.Эрдэнэбат нь худалдан авагч “Өнхрүүш бейкери” ХХК-ийн захиалгын дагуу бараа нийлүүлсэн, нийлүүлсэн барааныхаа үнийг худалдан авагчаас  харилцан тооцоо нийлсэн үнийн дүнгээр шаардах эрхтэй гэж дүгнэлээ. 

Хариуцагч “Өнхрүүш бейкери” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тооцоо нийлж 82 388 500 төгрөгийн акт үйлдсэнээс хойш нэхэмжлэгчид төлбөрийг бүрэн төлсөн гэж тайлбарласан хэдий ч нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5015220297, 5026040255 тоот дансны хуулга, кассын зарлагын ордер гэх баримтаас тооцож үзэхэд 2012 оны 12 дугаар сарын 1-нээс 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 146 296 000 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлэн өгсөн байна. /хх-ийн 115 дугаар тал/

Тухайлбал нэхэмжлэгчийн Хаан банк дах 5026040255 тоот дансанд 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 13 850 000 төгрөг,  5015220297 тоот дансанд 2014 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 7 000 000 төгрөг, 1 830 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 2 080 000 төгрөг, 5 100 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 3 000 000 төгрөг, 2 500 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 1 600 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2 360 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1 900 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 1 300 000 төгрөг, 1 700 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 30 000 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр 3 000 000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 8 000 000 төгрөг, 2015 оны 2 сарын 05-ны өдөр 7 000 000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 4 500 000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 14-ны өдөр 2 500 000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 7 520 000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 28-ны дөр 12 296 000 төгрөг, 7 000 000 төгрөг,  бэлнээр  2014 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 2 600 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 900 000 төгрөг, 2015 өдөр 1 760 000 төгрөгийг тус бүр шилжүүлэн өгчээ.

Нэхэмжлэгч А.Эрдэнэбат нь тооцоо нийлсэн актаас хойш хариуцагч компанийн захирал Б.Ганзоригийн хүсэлтийн дагуу дахин бараа нийлүүлж үнийг нь тухай бүр  авч байсан гэж тайлбарласан, энэхүү тайлбараа нотлохоор бараа нийлүүлж байсан 16 ширхэг зарлагын баримт гаргаж өгсөн ба уг баримтад хариуцагч компанийн тамга тэмдэг дарагдаагүй, хүлээн авсан гэх хэсэгт нярав Цэндээ гэж гарын үсэг зурсан, нэхэмжлэгч А.Эрдэнэбатын хувийн тэмдэг дарагдсан байх боловч нэхэмжлэгч тал уг баримтыг үгүйсгэж чадаагүй, мөн хариуцагчийн шилжүүлсэн мөнгөн дүнтэй тохирч байна. 

Хариуцагч “Өнхрүүш бейкери” ХХК нь энэхүү 146 296 000 төгрөгийг ямар учраас нэхэмжлэгч талд шилжүүлсэнтэй холбоотой баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй, ийм баримт тус компанид байхгүй гэж тайлбарласан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 13.6, 13.7, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дах хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Учир нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бүрдүүлэх, шалгаж нягтлах, санхүүгийн тайланд тусгах, хадгалах нь компанийн хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасан хариуцагч өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.

Иймд худалдан авсан барааны үнийн үлдэгдлийг  2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тооцоо нийлсэн актаар харилцан тогтоосон 82 388 500 төгрөгийг хариуцагч “Өнхрүүш бейкери” ХХК төлөөгүй байх тул хариуцагчаас гаргуулан  нэхэмжлэгч А.Эрдэнэбатад олгох үндэслэлтэй гэж үзэв.

Талуудаас гаргаж өгсөн баримтуудаас 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө хийгдсэн төлбөр тооцоотой холбоотой баримтуудыг үнэлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Өнхрүүш бейкери” ХХК-иас 82 388 500 /наян хоёр сая гурван зуун наян найман мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Эрдэнэбатад олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 569 893  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 569 893 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.БАТСҮХ