Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01046

 

А.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2017/02803 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 523 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч А.Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Ө” ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 82 388 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Э-, нээмжлэгчийн өмгөөлөгч М.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга, нарийн бичгийн даргаар Э.Боролдой  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие гэр бүлийн хүний хамтаар 2001 оноос хойш “Ө” ХХК-д нарийн боовны түүхий эдийг бэлтгэн нийлүүлж байсан. Удаан хугацааны турш ажилласан болохоор тооцоо нийлсэн актыг үйлдэж, дараа нь төлбөр тооцоог төлж ирсэн юм. 2012 оны сүүлээр “Ө” ХХК-ийн өр их хэмжээгээр хуримтлагдах болж 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үлдэгдэл тооцоо 184 300 000 төгрөг болсон. 2013 он гараад “Ө” ХХК бусдад төлөх төлбөрөө төлөх боломжгүй болсныг мэдэж, улмаар тус компанийн үүсгэн байгуулагч Г.Цэенмаа нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хувьцаагаа өөрийн найз Б.Ганзориг, Ш.Түвшингэрэл нарт компаниа өрөндөө тооцож өгсөн байдаг.

Үүнээс өмнө буюу 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар бид тооцоо нийлэхэд 82 388 500 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан юм. 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шинэ хувьцаа эзэмшигч Б.Ганзориг нь компанийг шилжүүлэн авснаас хойш надтай уулзаж, уул уурхайн бүтээгдэхүүн удахгүй гарна, үлдэгдэл төлбөр тооцоог төлж барагдуулна, компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах шаардлагатай тул цаашид үргэлжлүүлэн нарийн боовны түүхий эдийг нийлүүлэх хүсэлт гаргасан юм. Би хүсэлтийг хүлээн авч 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 03 дугаар сарыг хүртэл 146 376 000 төгрөгийн түүхий эдийг нэмж нийлүүлсэн.

Б.Ганзориг нь сүүлд авсан энэ төлбөр тооцоог төлж дуусгаад 2015 оны 04 дүгээр сараас хойш надтай уулзахаас зайлсхийж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар тус компанид нийлүүлсэн төлбөр тооцооноос 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хуримтлагдсан өр төлбөр болох 82 388 500 төгрөг огт төлөгдөөгүй байгаа тул уг мөнгийг хариуцагч “Ө” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Б.Ганзориг миний бие иргэн Г.Цэенмаа, түүний нөхөр Б.Чойжилсүрэн нарт 2012 онд их хэмжээний мөнгө зээлдүүлсэн боловч тэд зээлээ буцаан төлөх ямар ч боломжгүй болсон тул 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулж, Г.Цэенмаагийн 100 хувь хувьцааг нь эзэмшдэг “Ө” ХХК-ийн хувьцааг авсан. 

Тухайн үед уг компани нь бусдад төлөх төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс их хэмжээний өр төлбөр үүссэн байсныг Г.Цэенмаагийн бидэнд гарган өгсөн түүхий эд материал бэлтгэн нийлүүлэгчдэд төлөх өглөгийн тооцоонд заасан дүнгээр барагдуулсан. Уг тооцоонд зааснаар 2013 оны 07 сарын байдлаар нэхэмжлэгч А.Э-ад 104 000 000 төгрөгийн өглөгтэй байсныг бид бүрэн төлж дуусгасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2017/02803 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан “Ө” ХХК-иас 82 388 500 төгрөгийг гаргуулан А.Э-ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 569 893 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ө” ХХК-иас 569 893 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Э-ад олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 523 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2017/02803 дугаар шийдвэрийн хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 569 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар хуулийн этгээдийн нягтлан бодогч, аж ахуйн үйл ажиллагааны хөрөнгийн эх үүсвэрийн хөдөлгөөн өөрчлөлт, өглөг, авлагын тооцоог, санхүүгийн анхан шатны баримтанд үндэслэн хөтлөх эрх зүйн зохицуулалттай. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл болсон талуудын хооронд хийгдсэн гэх 82 388 500 төгрөгний актын тооцоог хариуцагч “Ө” ХХК-ийн нягтлан бодогч, байгууллагын санхүүгийн анхан шатны баримтанд үндэслэн гаргаагүй, актаар төлөгдөх 82 388 500 төгрөгний өглөг тус компанийн 2014, 2015, 2016, 2017 онуудын санхүүгийн тайланд тусгагдсан үйл баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байдаг. Нэхэмжлэгч А.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангасан талуудын хооронд хийгдсэн гэх 82 388 500 төгрөгний тооцоо нийлсэн акт нотлох баримтын шаардлага хангаагүй, давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан шаардлагыг хангалгүй хууль зүйн үндэслэлгүй магадлал гаргасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтээ хуралдаан эхэлсэнээс хойш өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх, шүүгчийн туслах О.Болормаагийн хавтас хэргийн 177 талд авагдсан тэмдэглэлээр нотолдог. Шүүгчийн туслах О.Болормаагийн тэмдэглэл хэзээ хаана, хэдэн цагт ямар үйл явдал болсон, түүнээс илэрсэн нөхцөл байдлыг бүрэн тусган бичих Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй баримтаар хэргийн оролцогчийн шүүх хуралдаан биеэр оролцон мэтгэлзэх эрхийг хязгаарлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч А.Э-, түүний өмгөөлөгч нарын анхан шатны шүүхэд хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах бичгээр гаргасан хүсэлт нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байдал нь тэднийг хүсэлт гаргаагүй байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг явуулсан үйл баримт тогтоогдож байна. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралд биеэр оролцон мэтгэлзэх эрхийг хязгаарлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчин, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан шаардлагыг хангалгүй хууль зүйн үндэслэлгүй магадлал гаргасан байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч А.Э- нь хариуцагч “Өнхрүүш бэйкери” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 82 385 500 төгрөг шаардсан бол хариуцагч “Өнхрүүш бэйкери” ХХК нь нэхэмжлэгчид төлөх төлбөрийг бүрэн барагдуулсан гэж марган, нэхэмжлэлийг татгалзсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээний гэж үзсэн нь хууль зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч А.Э- нь 2001 оноос хойш хариуцагч “Өнхрүүш бэйкери” ХХК-д нарийн боовны түүхий эд нийлүүлсэн ба “Өнхрүүш бэйкери” ХХК нь төлбөрийг хэсэгчлэн төлж, тогтмол тооцоо нийлдэг байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн актаар хариуцагч компани 82 388 500 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байх ба хариуцагч төлбөрөө бүрэн барагдуулсан гэх тайлбар болон татгалзлаа баримтаар нотлоогүй гэж шүүх үзсэн байна. Маргааны үйл баримт, нотлох баримтын бүрдлийн талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

Хариуцагч “Өнхрүүш бэйкери” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, өмчлөгч өөрчлөгдсөн явдал нь тухайн хуулийн этгээдийг бусдад төлөх төлбөр, хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Энэ талаар шүүх эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан ба давж заалдах шатны шүүх энэ талаар хийсэн дүгнэлтээ магадлалд тодорхой тусгасан байна. Хоёр шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасан журмыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг тухай эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2017/02803 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 523 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 569 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН