Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 130/2013/00458/И |
Дугаар | 001/ХТ2018/01146 |
Огноо | 2018-09-11 |
Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2018/01146
Б ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 638 дугаар шийдвэр
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 212/МА2016/00025 дугаар магадлалтай
Бийн нэхэмжлэлтэй
Х.М, Б.Г, Б.Р нарт холбогдох
Бийн эзэмшил бүхий газрыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг
Хариуцагч Х.Мы өмгөөлөгч Х.Бакений хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бнь 1999 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Өлгий сумын Засаг дарга асан Ы.Хуатайгийн захирамжаар 4540 м2 газрыг эзэмших эрхийг 30 жилийн хугацаатай эзэмшиж байсан. Гэтэл уг газрыг цэцэрлэгийн эрхлэгч байсан Б.Г нь албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, 3 удаагийн үйлдлээр газрын зураг кадастр хариуцсан хүмүүстэй хуйвалдан багасгаж, улмаар аймгийн Засаг дарга нарыг залилан мэхэлж хууль бус шийдвэр гаргуулан нөхөр Х.Мтай хамт хувьдаа завшиж, мөн нөхрийн хамсаатан болох Б.Р нарт хууль бус эзэмшүүлсэн нь иргэн Б.Муратын гомдлын дагуу шалгасан шалгалтын явцад нотлогдон тогтоогдсон талаар аймгийн прокурорын 5/327 тоот тогтоолд тодорхой дурджээ. Энэ асуудлын талаар аймгийн удирдлагад хүсэлт тавихад дээрх хууль бус захирамжуудыг хүчингүй болгож, 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 336 тоот захирамж гаргасан болно. Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн хууль бус хасагдсан нийт 1250,9 м2 газрыг Х.М, Б.Г нар хашаа татаж, байшин хаус барьж өдөр тутмын гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байна. Бид уг газарт наадмаас өмнө хүүхдийн тоглоомын талбай тохижуулахаар төлөвлөөд байна. Бийн эзэмшлийн 3930 м.кв бүхий газрыг үндэслэлгүй багасгаж, хариуцагч Х.Мд 243 м.кв газрыг хууль бусаар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 14 дүгээр захирамж, хариуцагч Б.Рад 397 м.кв газрыг хууль бусаар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 501 дугаартай захирамжууд болон 0304860, 0404671 дугаартай газар эзэмших гэрчилгээг тус тус хүчингүй болгох тухай аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 336 дугаартай захирамж гарсан.
Иймд гарч байгаа эрхийн актуудыг үндэслэн цэцэрлэгийн хүүхдүүдийн тоглож наадах дээрх эзэмшил газруудыг Х.М, Б.Г, Б.Р нарын эзэмшлээс Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мурат нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан нэмэгдүүлэн шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Х.М, Б.Г, Б.Р нарын хууль бус эзэмшиж байсан цэцэрлэгийн газрын хэмжээ, хилийн зааг, зураглалыг тодорхой болгож Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 3 тоот шийдвэр, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 19 тоот захирамж гарч хүчин төгөлдөр болсон. Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар хэргийн оролцогчид болон хэн ч маргах эрхгүй. Одоогоор Б.Раас чөлөөлүүлэх 397 м.кв газарт Х.Мы авто гарааш байрлаж байгаа ба мөн тус газрын доод хоёр өнцгийг холбосон газарт Х.М хашаа татсан байгаа. Өөрөөр хэлбэл Б.Раас чөлөөлүүлэх газарт Х.М авто гарааш барьж, 18.94 м хашаа татсан байгаа. Харин Х.М, Б.Г нараас чөлөөлүүлэхээр шаардаж буй 243 м.кв цэцэрлэгийн эзэмшил газарт тэдний зуны амбаар баригдсан байгаа ба мөн доод хоёр өнцгийг холбосон 11,8 м газарт тэд хашаа татсан байна. Хариуцагч Б.Раас хууль бус эзэмшиж буй цэцэрлэгийн эзэмшил бүхий 397 м.кв газраас авто гарааш болон 18,94 м хашааг албадан нүүлгэж, Х.М, Б.Г нараас цэцэрлэгийн эзэмшиж бүхий 243 м.кв газарт байгаа зуны амбаар 11,8 м хашааг тус тус албадан нүүлгэж урьд нь газрыг албадан чөлөөлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан нэмэгдүүлж байна гэжээ.
Хариуцагч Х.М, Б.Г, Б.Р нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид хэнтэй ч хуйвалдаагүй, эрх мэдлээ хэтрүүлээгүй, хуулийн дагуу эрх бүхий хүмүүсийн шийдвэрээр уг газрыг эзэмшсэн. Уг цэцэрлэг 4540 м2 газрын гэрчилгээтэй байсан нь үнэн. Харин хажуу талд байсан хуучин номын сангийн одоо Е.Мауейгийн эзэмшилд байгаа байр нь 2005 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 74 тоот Өлгий сумын Засаг дарга Х.Хайсанайн захирамжаар 1225 м2 газар эзэмшиж байснаа аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 тоот захирамжаар Бийн газрын хэмжээг 3930 м2 болгон багасган цэцэрлэгийн газраас 600 м2 газрыг Е.Мауейд нэмж, Е.Мауейн газрыг гэр бүлийн хэрэгцээний газар гэж бүгд 1825 м2 болгон нэмэгдүүлсэн. Энэ үед Б.Г цэцэрлэгийн эрхлэгч байгаагүй. Иймд бидний эзэмшлийн газар цэцэрлэгт огт хамаагүй бөгөөд уг маргаан одоо Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа тул шийдвэр гартал уг нэхэмжлэлийг түдгэлзүүлж өгөхийг хүсье гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 638 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-ийг баримтлан нэхэмжлэгч Өлгий сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эзэмшлийн 3930 м.кв газрын 397 м.кв талбайд Б.Рын хууль бус барьсан 13,14 м урттай хашаа болон Х.Мы эзэмшлийн 22,95 м.кв талбайтай авто гарааш, мөн тус цэцэрлэгийн эзэмшлийн газрын 243 м.кв талбайд Х.М, Б.Г нарын хууль бусаар барьсан 11,35 м урттай хашаа болон 13.0 м.кв талбайтай амбаарыг тус тус албадан нүүлгэж эзэмшил бүхий газрыг чөлөөлж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Бнь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Х.М, Б.Г нараас 35 100 төгрөг, Б.Раас 35 100 төгрөгийг тус тус гаргуулан, нийт 70 200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 212/МА2016/00025 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 638 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-ийг баримтлан” гэснийг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4.-т заасныг баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Х.Мы давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Х.Мы өмгөөлөгч Х.Бакен хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 212/МА2018/00025 дугаартай магадлалаар хариуцагч Х.Мы давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.Энэ хэргийг өмнө нь Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр авч хэлэлцээд мөн өдрийн 212/МА2016/00039 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.
Дээрх магадлалд зааснаар анхан шатны шүүх дахин үзлэг хийж маргаж буй газрын зураглалыг тодорхой хэмжээстэй үйлдэх, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан баримтаар бодитой тогтоох ёстой байсан. Анхан шатны шүүх маргаан бүхий газарт үзлэг хийсэн боловч энэ ажиллагаанд хариуцагч Х.Мыг биечлэн оролцуулж үзлэгийн тэмдэглэлд гарын үсэг зуруулаагүй.
Энэ нь хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхийг нь зөрчсөн. Давж заалдах шатны шүүх үүнийг анхаарч үзээгүй.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр энэ хэргийг хянан шийдвэрлээд 638 дугаартай шийдвэр гаргахдаа хариуцагч Х.Мы эрхийг ноцтой зөрчсөнийг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй.
Хариуцагч Х.М нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Казахстан улсад амьдардаг төрсөн ээж Солтанмуратын Алтыниягийн тархинд цус харваж биеийн байдал хүнд байгааг дуулж яаралтай тус улсад явсан.
Улмаар тэнд хэдэн сар ээжийгээ сахиж байсан ба 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр ээж нь нас барсан. Х.М нь ээжийнхээ ажил явдалд оролцоод Монгол улсад 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ирсэн байдаг.
Түүний бие Монгол улсад байхгүй байхад анхан шатны шүүх өөрт нь огт мэдэгдэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.
Энэ нь хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан “Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох”, 25.1.4-т заасан “энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч, ...шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах”, 25.1.5-д заасан “шүүх хуралдааны бусад оролцогчдод асуулт тавих”, 107 дугаар зүйлийн 107.3-т заасан “Хариуцагч ... нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах”, 110 дугаар зүйлд заасан “бичмэл болон эд мөрийн баримтыг шинжлэхэд оролцох” эрхүүдийг ноцтой зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасан “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэсэн заалтыг зөрчиж байна.
Иймд Бийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцээд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 638 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 212/МА2018/00025 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцжээ.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Бнь өөрийн эзэмшил газрыг иргэн Х.М, Б.Г, Б.Р нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар Өлгий сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт Баян-Өлгий аймгийн Засаг даргын 1999 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн захирамжаар 4540мкв газрыг эзэмших эрхийг 30 жилийн хугацаатай олгосныг 2012 оны 266 дугаар захирамжаар эзэмшил газрын хэмжээг 3289.1мкв болгож, 2014 оны 2/527 захирамжаар 3686.3мкв хэмжээтэй болгож, 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/498 дугаар захирамжаар 3930 мкв талбай бүхий газрыг 51 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон тул 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай Газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, нэгж талбарын 8312008201 дугаар бүхий Газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургаар баталгаажуулсан байх тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1.-д зааснаар Бнь тус газрын шударга эзэмшигч болох нь тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т зааснаар өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй бөгөөд энэ эрх нь эзэмшигчид мөн нэгэн адил хамаарахаар хуулийн 106 дугаар зүйлийн 106.4. дэх хэсэгт зохицуулсан байх тул нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардах эрхтэй.
Нэхэмжлэлд дурдсан газар нь хариуцагч Б.Рын эзэмшил газар, Х.Мы эзэмшил газрын зарим хэсэгтэй давхацсан талаар зохигчид маргаагүй байна.
Хариуцагч нар өөрсдийн газар эзэмших эрх хууль зөрчөөгүй гэж маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэргийн шүүхээр маргаанаа шийдвэрлүүлсэн дараах үйл баримт тогтоогджээ.
1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 266 дугаар шийдвэрээр Өлгий сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эзэмшил газрын хэмжээ 3930 мкв байсныг “кадастрын зураглалын дагуу” гэж тодорхой бус үндэслэлээр багасгаж 3289мкв болгож, улмаар 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 501 дүгээр захирамжаар хүүхдийн цэцэрлэгийн баруун талаас 397мкв газрыг хариуцагч Б.Рад эзэмшүүлсэн байсныг Аймгийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 336 дугаар захирамжаар хүчингүй болгосон нь хууль зөрчөөгүй болохыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай шийдвэрээр тогтоож, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул хариуцагч Б.Рын газар эзэмших эрх хууль бус болох нь тогтоогдсон байна.
2. Хариуцагч Х.М маргаж буй газрыг 2011 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Аймгийн Засаг даргын 140 дүгээр захирамжаар эзэмшиж байсан боловч 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 336 дугаар захирамжаар Х.Мд газар эзэмшүүлсэн тус захирамжийг хүчингүй болгосныг эс зөвшөөрч Х.М захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хэрэг шүүхэд хянагдах явцад Х.Мы эзэмшлийн 580мкв газрын зарим хэсэг буюу 243мкв талбай нь хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эзэмшил газартай давхацсан үндэслэлээр уг давхацсан 243мкв газрыг цэцэрлэгийн эзэмшилд үлдээж, үлдэх газрыг Х.Мы эзэмшилд эзэмшүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн тул Улсын Дээд шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 19 дүгээр захирамжаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх эвлэрлийн гэрээнд дурдсан 243 мкв газар нь нэхэмжлэгчийн чөлөөлүүлэхээр шаардаж буй талбай тул хариуцагч Х.Мы эзэмшил хууль бус байна.
Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.-д зааснаар шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгийг буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн эзэмшил газрыг чөлөөлж өгөх үүрэгтэй.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг оновчтой зөв хэрэглээгүй байсныг давж заалдах шатны шүүхээс өөрчилсөн нь зөв байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцсэн байна.
“Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6.-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно” гэж, “зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ” гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2., 77 дугаар зүйлийн 77.8. дахь заалтаар зохицуулсан.
Анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу хариуцагчид хурлын товыг мэдэгдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул шүүх Х.Мы Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.-д заасан “шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргах, нотлох баримтыг шинжлэн судлах хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн...” гэх гомдол үндэслэлгүй, мөн хариуцагч нь маргаан бүхий газарт үзлэг хийхэд оролцсон атлаа үзлэг хийсэн тухай тэмдэглэлд гарын үсэг зураагүйг үзлэгт оролцуулаагүй гэж үзэх боломжгүй тул дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 212/МА2016/00025 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Х.Мы өмгөөлөгч Х.Бакений хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Х.Мы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД