Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Сарангэрэл |
Хэргийн индекс | 119/2016/0027/З |
Дугаар | 06 |
Огноо | 2019-01-07 |
Маргааны төрөл | Газар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О.Б-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ОАЗД Д.Б-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газарт баригдаж буй барилгыг буулгаж, газрыг чөлөөлөх тухай захиргааны акт гаргахыг даалгах”,
“ОАЗД-ын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/280, 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/502 тоот захирамжууд илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2016/0027/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б, түүний өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: “О.Б миний бие Орхон аймгийн ** багийн ** гудамжинд 80 м2, 85 м2 газрыг худалдааны зориулалтаар эзэмшиж, үл хөдлөх хөрөнгийг барьж худалдааны зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсныг 2015.10.10-ны өдөр ОАЗД-ын 2015.10.07-ны өдрийн А/497 тоот захирамжийн дагуу хууль бусаар барилгыг маань буулгаж миний эрх ашгийг хохироосон болохыг захиргааны хэргийн шүүх тогтоож, миний эрх ашгийг хангасан. Өөрөөр хэлбэл ОАЗД-ын 2011.05.24-ний өдрийн 239 дүгээр захирамжаар Орхон аймгийн ** багийн ** гудамжны хүнсний захын ард 85 м2 газрыг, мөн ОАЗД-ын 2012.10.12-ны өдрийн 422 тоот захирамжаар 80 м2 газрыг тус тус хууль ёсны дагуу эзэмшиж байсныг тогтоож, газрын эзэмшил өнөөдрийг хүртэл миний эзэмшилд хэвээр үлдээсэн. Гэтэл миний хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газар дээр “**” ХХК нь барилга барьж эхлээд байна. Энэ байдлыг таслан зогсоож баригдаж буй барилгыг буулгаж газрыг маань чөлөөлөх тухай захирамж гаргаж, эрх ашгийг маань хамгаалах тухай өргөдлийг ОАЗД-д 2016.08.30-нд гаргасан боловч хариу өгөхгүй өдий болсон тул миний хууль ёсны дагуу эзэмшиж буй газарт баригдаж буй барилгыг буулгаж, газрыг чөлөөлөх тухай акт гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэжээ .
Нэхэмжлэгч 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Өмнө гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Мөн О.Б миний бие Орхон аймгийн ** багийн ** гудамжинд 80 м2, 85 м2 газрыг 2017, 2021 он хүртэл хууль ёсоор эзэмшихээр гэрээ байгуулж, уг газартаа худалдааны төв барьж үйл ажиллагаа явуулж байсныг ОАЗД-ын 2015.10.07-ны өдөр захирамж гарч эрх ашгийг минь хохироосон үндэслэлээр Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Уг асуудлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.03.02-ны өдрийн 147 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2016.05.16-ны өдрийн 175 тоот тогтоолоор миний эрх ашгийг хангаж, хууль бусаар үл хөдлөх хөрөнгийг буулгасныг тогтоож, ОАЗД-ын захирамжийг хүчингүй болгосон. О.Б миний хууль ёсны дагуу эзэмшиж байсан газарт барьсан худалдааны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ОАЗД буулгаж, газрыг бусдын эзэмшилд буюу ** гудамжны 1400 м2 газрыг “Ц” ХХК-д эзэмшүүлэхээр болж, миний газар эзэмших эрхийг хууль бусаар дуусгавар болгохдоо дахин хот төлөвлөлт хийгдсэн, худалдааны орчин үеийн барилга барих болсон гэх үндэслэлээр үл хөдлөх хөрөнгийг буулгасан гэж байгаа боловч миний газар дээр дахин хот төлөвлөлт хийх шаардлагатай байсан, дахин хот төлөвлөлтөнд орсон газар байсан гэдэг нь нотлогдоогүй. Харин ч хууль бусаар газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн болох нь захиргааны хэргийн шүүхэд үүсгэсэн маргааны явцад тогтоогдож, шийдвэрлэгдэж байсан. Өнөөдрийг хүртэл газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан 5 үндэслэлийн аль нөхцөл бий болж газар эзэмших эрх дуусгавар болсон нь нотлогдоогүй бөгөөд миний газар эзэмших эрх хэвээр байгаа. Газрын эзэмших эрх дуусгавар болоогүй байхад сонгон шалгаруулалт зарлаж, надад мэдэгдэлгүй бусдад эзэмших эрх олгож байгаа нь газар эзэмших эрхийг маань хөндсөн гэж үзэж байна. Хэрвээ газрыг тусгай хэрэгцээнд авах шаардлагатай буюу нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх үндэслэлийг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд тодорхой заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл Газрын тухай хуулийн 42 дугаар зүйл, 43 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөнөөс гадна эзэмших эрхийг дуусгавар болгож байгаа бол газар эзэмшигчтэй хуулийн дагуу урьдчилан тохиролцох талаар надтай байгуулсан газар эзэмших эрхийн гэрээний 5.4 дэх заалтыг ОАЗД зөрчсөн. Дээрх байдлаар миний эрх ашгийг зөрчиж Баян-Өндөр сумын ** гудамжинд худалдааны зориулалттай 80 м2, 85 м2 газрыг 2017, 2021 он хүртэл хууль ёсоор эзэмших эрхийг маань хууль бусаар бусдын эзэмшилд эзэмшүүлэх захирамж гаргаснаар миний газар эзэмших эрх дуусгавар болсон мэт үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, ОАЗД-ын 2014.05.16-ны өдрийн А/280, 2014.09.22-ны өдрийн А/502 тоот захирамж илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв.
Хариуцагч ОАЗД Д.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн нутаг дэвсгэрт ОАЗДын 2012 оны 422 дугаар захирамжаар 80 м2 газрыг, 2012 оны 498 дугаар захирамжаар 85 м2 газрыг тус тус иргэн О.Б-д худалдааны зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар хуралдааны 03 дугаар тогтоолоор “Газрын харилцааны талаар 2014 онд баримтлах бодлого” батлагдсан бөгөөд тус бодлогын 3.3.6-д “** гудамжны барилгажилтын төслийг иргэд тохилог орчинд үйлчлүүлэх нөхцлийг хангасан, хот төлөвлөлтийн оновчтой шийдэлдтэйгээр боловсруулж, батлуулан хэрэгжилтийг газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулна” гэж заасны дагуу ** гудамжинд үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдтэй 3 удаагийн уулзалт зохион байгуулан санал солилцсоны үндсэн дээр тухайн хэсэг талбайд орчин үеийн шаардлага хангасан 5 хүртэл давхаржилттай нэгдсэн нэг худалдааны төвтэй байхаар санал нэгдэн, шинээр байгуулах худалдааны төвийн газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг нээлттэй байдлаар зохион байгуулж, уг сонгон шалгаруулалтад “Ц” ХХК ялагчаар шалгарч аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/502 дугаар захирамжаар Орхон аймгийн Баян-Өндөр сум ** гудамжинд байрлах “**” захын ард 1400 м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай “Ц” ХХК-д эзэмшүүлсэн бөгөөд ** гудамжинд шинээр байгуулах барилгын ажлаа эхлүүлж, тус газар үйл ажиллагаа явуулж байсан иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, шинээр баригдах худалдааны төвд хамгийн ашигтай талбайг тухайн иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшиж байсан газрын хэмжээгээр ямар ч нэмүү өртөггүйгээр талбай худалдан авах зэрэг харилцан ашигтайгаар тохиролцож, энэ тухай саналыг иргэн О.Б-д удаа дараа албан бичгээр мэдэгдсэн байдаг ба үүний дараа байршлын газрыг чөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулсан болно.
Иргэн О.Б-ын нэхэмжлэлд баригдаж буй барилгыг буулгах болон газрыг чөлөөлөх тухай акт гаргах нэхэмжлэлийн шаардлага нь “Ц” ХХК-ийн баригдаж буй барилгыг иргэн О.Б-ын эзэмшиж буй газрын хэмжээгээр буулгах, мөн газрыг чөлөөлөх нь тухайн барилгын хийц болон бусад тухайн байгууламжид үйл ажиллагаа эрхлэх гэрээ болон холбогдох хэлцэл хийсэн иргэдийн эрх ашигт шууд нөлөөлөх магадлалтай байна. Иймд О.Б-ын эзэмшиж буй газарт баригдаж буй барилгыг буулгаж, газрыг чөлөөлөх тухай акт гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “Ц” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тайлбарт: “Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 25-ны №001257 тоот тогтоолоор О.Б-ын “** худалдааны төвийг албадан буулгаж, газар чөлөөлүүлэх” нэхэмжлэл хэрэгсэхгүй болгогдож эцэслэн шийдвэрлэгджээ. Иргэн О.Б-ын захиргааны хэргийн шүүхэд болон иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь “Ц” ХХК-ийн төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшиж байгаа 1400 м2 газар дээр баригдаж байгаа болон баригдсан барилгыг буулгаж газар чөлөөлөх нэг агуулгатай байна.
Нэхэмжлэгч тал Захиргааны хэргийн шүүхэд энэ талаар захиргааны акт гаргахыг Засаг даргад даалгахаар, иргэний хэргийн шүүхэд барилгыг буулгаж, газар чөлөөлөх шийдвэрийг шүүхээр шууд гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа томьёолжээ. Дээр дурдсан Дээд шүүхийн №001257 тоот тогтоол гарснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 заасан “нэхэмжлэлд заасан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоол байгаа” үндэслэл бий болж байна. Нөгөө талаар шүүхийн дээрх №001257 тоот тогтоол нь ЗХШХШТ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт хамаарч байна. Иймд энэ хэргийг ямарч байдлаар шийдвэрлэсэн “Ц” ХХК-ийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй хууль зүйн нөхцөл үүссэн гэж үзнэ” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 12 дугаар хуралдааны 03 тоот тогтоолоор “Газрын харилцааны талаар 2014 онд баримтлах бодлого” батлагдсан бөгөөд тус бодлогын 3.3.6-д “** гудамжны барилгажилтын төслийг иргэд тохилог орчинд үйлчлүүлэх нөхцөлийг хангасан, хот төлөвлөлтийн оновчтой шийдэлтэйгээр боловсруулж, батлуулан хэрэгжилтийг газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулна” гэж заасны дагуу ** гудамжинд үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдтэй 3 удаагийн уулзалт зохион байгуулан санал солилцсоны үндсэн дээр тухайн хэсэг талбайд орчин үеийн шаардлага хангасан 5 хүртэл давхаржилттай нэгдсэн нэг худалдааны төвтэй байхаар санал нэгдэн, шинээр байгуулах худалдааны төвийн газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг нээлттэй байдлаар зохион байгуулж, уг сонгон шалгаруулалтад “Ц” ХХК ялагчаар шалгарч аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/502 дугаар захирамжаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** баг ** гудамжинд байрлах “**” хүнсний захын ард 1400 м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай “Ц” ХХК-д эзэмшүүлсэн. Иймд иргэн О.Б-ын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “Ц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн тайлбартаа: “Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №00154 тоот шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь: хэсэгт /шүүхийн шийдвэрийн 10 дахь тал/ ... О.Б-ын газар эзэмших эрхийг сэргээхийн тулд “Ц” худалдааны төвийг бүхэлд нь буулгаж, О.Б-ын эзэмшлийн 165 м2 газрыг чөлөөлүүлэх үндэслэлгүй байна. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд О.Л, Б.Э, Р.А, Я.Б, Б.Б, С.Б, Н.А, М.С, Б.Э, А.Б, Л.Н, Б.Б, Т.Ч, Б.Н, Б.Б нар нь хариуцагч “Ц” ХХК-тай хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ хийж, өөрсдийн эзэмшлийн газраа чөлөөлж “**” худалдааны төвд талбай өмчилдөг болох нь тэдний тайлбар, хамтран ажиллах гэрээгээр тогтоогдож байгаа бөгөөд “**” худалдааны төвийн газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, худалдааны төв болон газрыг хуулийн дагуу өмчилж, эзэмшиж байгаа нь үндэслэлтэй” гэж дүгнэжээ.
2. Улсын Дээд шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №01257 тоот тогтоолын ХЯНАВАЛ хэсэгт “...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирлыг гэм буруутай талаас гаргуулах асуудлыг шийдвэрлэсэн байна.”, “ОАЗД-ын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/280 дугаар захирамжаар шинээр баригдах худалдааны төвийн газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт нээлттэй зохион байгуулагдсан ба уг сонгон шалгаруулалтад хариуцагч “Ц” ХХК шалгарч, ЗД-ын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/502 дугаартай захирамжаар Баян-Өндөр сумын ** баг, ** гудамжинд байрлах захын ард 1400 м2 талбай бүхий газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж, газар дээр худалдаа үйлчилгээний зориулалттай барилга барьсан байна. Аймгийн Засаг даргын дээрх захирамжууд хүчинтэй байгаа ба хариуцагч “Ц” ХХК-ийн газар эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч О.Б-ын газар эзэзмших эрхийн хугацаа дууссан гэж үзсэн 2 шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй болжээ” гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Эдгээр байдлаас дүгнэлт хийж үзэхэд:
1. Нэхэмжлэлийн нэмэлт шаардлагын үндсэн агуулга, шаардлагатай холбоотой асуудалд Улсын Дээд шүүхийн №01257 тоот тогтоол тодорхой дүгнэлт хийсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан нөхцөл байдал бий болж байна.
2. “**” худалдааны төвийн барилгажсан болон орчны нийтийн эзэмшлийн нийт 1400 м2 газар нь өмнө нь тэнд газар эзэмшиж байсан О.Б-аас бусад 16 иргэн, байгууллагын хууль ёсны эзэмшилд байсан ба тэд сайн дураараа эзэмшил газраа чөлөөлж уг газар дээр шинээр баригдсан худалдааны төвд тодорхой үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх замаар газрын болон хөрөнгийн эрхээ хэрэгжүүлсэн. Эдгээр хүмүүс болон байгууллага газар эзэмших талаар О.Б-аас дутуу эрхтэй буюу хуулийн өмнө ялгамжтай эрх зүйн байдал байхгүй, газрыг хууль ёсоор шударгаар эзэмшиж байгаа тул О.Б-ын шаардлагаар энэ эрхээ алдах учиргүй.
3. Иргэн О.Б-ын газар эзэмших эрх сэргээгдсэн, эсхүл үргэлжилж байгаа гэж үзнэ гэвэл түүний эрхийг өөр газар зохион байгуулалт хийгдсэн газарт хуульд заасан журмын дагуу газар эзэмшүүлэхийг даалгах, эсхүл Засгийн газрын 2018 оны 168 дугаар тогтоолд суурь үнээс тооцож нөхөн төлбөр 6 600 000 төгрөг гаргуулах эсэх нь шүүхийн шийдвэрлэх асуудал” гэжээ.
Гуравдагч этгээд “Ц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэж үзээд иргэний хэрэг дээр О.Л, Б.Э, Р.А, Я.Б, Б.Б, С.Б, Н.А, М.С, Б.Э, А.Б, Л.Н, Б.Б, Т.Ч, Б.Н, Б.Б нарыг шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр татсан. Миний хувьд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Өнөөдөр хэргийн материалд авагдсан баримтуудаас гадна Улсын дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолтой захиргааны хэрэг, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №1257 тогтоолтой иргэний хэрэг, Орхон аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан материал зэрэг баримтууд ирсэн байна. Эдгээр баримтуудыг харахад энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Төсөл сонгон шалгаруулалтад оролцож газар эзэмших эрх олж авсан. Нэр бүхий 16 хүний эрхийг хөндөх үндэслэл байна уу? гэдгийг шүүх анхаарах ёстой. Засаг даргын 2015 оны А/280 дугаартай захирамж гарсан. Аймгийн хэмжээнд 2013 онд газрын талаар баримтлах бодлогод иргэдийн оролцоотой тохиролцон тухайн газарт барилгажилт зохион байгуулах бодлого гарсан.
Энд газар болон үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байсан нөгөө иргэдээс төрийн бус байгууллага байгуулж эрх ашгаа хамгаалж явсан. Үүний эцэст нь хамтран хөрөнгө оруулж худалдааны төв барих асуудал дээр тохирсон. Иргэн О.Б худалдааны төвийг буулгаж өөрийн газраа чөлөөлүүлэх хүсэлт гаргасан. Энэ асуудал нь №1257 тоот тогтоолтой иргэний хэргээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ тогтоолд “Ц” ХХК хүчин төгөлдөр шийдвэрээр газар эзэмшиж байна, хамтран өмчлөх эрхтэй этгээдүүд байгаа учраас энэ газрыг буулгаж, газрыг чөлөөлөх нь үндэслэлгүй гэж үзсэн. 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ОАЗД-ын А/502 дугаартай захирамж байна. Төсөл сонгон шалгаруулах ажиллагаа хуулийн дагуу явагдаад асуудлыг шийдвэрлэсэн. Тэгэхээр өнөөдрийг хүртэл ОАЗД-ын төсөл сонгон шалгаруулалт хууль бус зарлагдсан, тус шийдвэр хууль бусаар гарсан гэх маргаан байхгүй. Тиймээс Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар барилга буулгах газар чөлөөлөх нь үндэсгүй гэж үзсэн. ЗД-ын А/280, А/502 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Энэ газар ганцхан Д.О гэх хүний газар байгаад давхцсан зүйл биш. Энэ хэсэгт газар эзэмшиж байсан 16 хүн бүгдээрээ худалдааны төв баръя гэж санал нэгдсэн. Газрын бодлогыг хүндлээд ингэж шийдвэрлэгдсэн. Гуравдагч этгээдүүд бичгээр тайлбар өгсөн. Иргэний хэрэг дээр энэ газрыг албадан чөлөөлөх асуудал буюу захиргааны шүүхийн 175 тоот тогтоолоор “Газар албадан чөлөөлах тухай” захирамж нь үндэслэл муу байна гэж шийдсэн байгаа. Энэ асуудалд шүүх дүгнэлт хийх ёстой байх. Энэ олон хөрөнгө оруулсан хүнийг хохирох уу, газар эзэмших эрхийн хугацаа зэргийг эргэж авч үзээд өөр газарт О.Б-д газар олгохыг даалгах, газрын үндсэн суурь үнийн хэмжээгээр буюу 1991 оны 97 дугаар тогтоолоор авч үзэх үү?
Одоо газрын суурь үнэ шинэчлэгдсэн. 6 600 000 төгрөгөөр шийдэх боломж байгаа. Түүнээс заавал маш олон үйл ажиллагаагаа явуулж байгаа хүмүүсийг хохироох, хэрэглэгчид, хотын төлөвлөлт, үйлчилгээний соёл гэх мэт маш олон асуудал хөндөгдөнө. Үүний эсрэг шийдвэр гаргах боломжгүй гэж иргэний хэргийн шүүхээс шийдвэрлэсэн” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газарт баригдаж буй барилгыг буулгаж, газрыг чөлөөлөх тухай акт гаргахыг даалгах”, ОАЗД-ын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/280 дугаар захирамж, ОАЗД-ын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/502 дугаар захирамжууд илт хууль бус болохыг тогтоох шаардлага гаргасан. Засаг даргын захирамжаар төсөл сонгон шалгаруулалтыг 1400 м2 газарт зарласан акт байгаа. Энэ маргаан бүхий захиргааны актын дагуу төсөл сонгон шалгаруулсан газарт О.Б-ын эзэмшлийн 165 м2 газар орсон байгаа. Сонгон шалгаруулалт зарлагдаж 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр А/502 дугаартай захирамжаар “Ц” ХХК газар эзэмших эрх олж авсан. Энэ нь 1400 м2 газарт орсон О.Б-ын газар эзэмших эрхийг хэрхэн хохироосон юм бэ гэхээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1–т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан байна. Зайлшгүй хэрэгцээтэй байсан бол иргэдийн Төлөөлөгчийн Хурлаар хэлэлцэх ёстой. Эзэмшүүлэх гэж байгаа төсөл сонгон шалгаруулалт зарлаж захиргааны акт гаргахдаа иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас баталсан төлөвлөгөөний дагуу батлуулах ёстой байсан. 2014 оны 03 тоот Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор энэ гудамжны асуудлыг авч хэлэлцсэн. Гэхдээ газрыг бусдад эзэмшүүлэх, төсөл сонгон шалгаруулах асуудал огт яригдаагүй. Харин тухайн газар эзэмшигч нартай хамтарч ажиллах талаар яригдсан. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг зөрчсөн. Тэр газрыг дуудлага худалдаагаар бусдад эзэмшүүл гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэр гараагүй байхад төсөл сонгон шалгаруулалт зарлаж бусдад эзэмшүүлсэн нь энэ захиргааны акт илт хууль бус болох нь нотлогдож байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан эрхийг зөрчиж гаргасан байгаа учраас илт хууль бус байна гэж үзэж байна.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хотын ерөнхий төлөвлөгөөнд шинэчлэл хийх, энэ гудамжны тохижилтыг сайжруулах асуудал яригдсан. Олон жил байрласан павилионууд байсан. Зарим хүмүүсийн газар эзэмших хугацаа дууссан байсан учраас үүнээс хамаарч тохижилтыг сайжруулах асуудал ярьсан. Газар эзэмшигч зориулалтын дагуу тухайн газраа эзэмшиж байхад газар эзэмших эрхийг нь дуусгавар болгосон. Тэгвэл өнөөдөр 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/280 дугаартай захирамж гарч байхдаа О.Б-ын эрх ашгийг хэрхэн хамгаалж зохицуулсан бэ? Энэ талаар ямар ч зохицуулалт байхгүй. Нөхөн олговрын дүгнэлт юу ч гараагүй. Газрыг хугацаанаас нь өмнө авах нэг л тохиолдол байдаг. Төрийн тусгай хэрэгцээний зориулалтаар авсан юм уу гэхээр тийм газар биш байсан. Засаг дарга иргэнтэй тохиролцож байж газрыг тусгай хэрэгцээнд авдаг. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно” гэж заасан байгаа. Үүнээс бусад тохиолдолд газар эзэмших эрхэд халдах үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/280 захирамж нь энэ хуулийн заалтыг зөрчсөн гэсэн үг. Юуг баримтлан газар эзэмших эрхийг зөрчөөд байгаа талаар ямар ч баримт байхгүй.
Үүнийг тайлбарлахдаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гэж хэлдэг. Энэ хурлын тогтоол нь газар эзэмших эрхийг зөрчих, сонгон шалгаруулалт зарлах тухай зүйл огт яриагүй. Энэ гудамжинд төсөл сонгон шалгаруулалт зарлаагүй. Тэгтэл Засаг дарга өөрөө сонгон шалгаруулалт зарлаад явсан. Энэ нь О.Б-ын эрхэд шууд халдсан. Гэрээний хугацаа дуусахаас өмнө халдах гэж байгаа бол Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлах ёстой байсан. Гэтэл шууд сонгон шалгаруулалт зарлаад бусдад эзэмшүүлсэн. Үүний үр дүнд А/502 дугаар захирамжаар “Ц” ХХК-д 1400 м2 газар эзэмшүүлсэн. Энэ захирамж өөрөө газар эзэмшигчийн эрхийг шууд зөрчсөн заалт болсон учраас илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. Мөн Газрын тухай хуулийн 43 дахь заалтыг зөрчсөн.
Эдгээр захирамж гарах үед О.Б-ын аль ч эрх ашгийг нь хангаагүй. 2015 оны 08 дугаар сард нэг удаа үнэлгээ хийсэн байдаг. Хойно нь нөхөн олговор олгодог юм уу гэхээр хуулинд 90 хоногийн дотор газраа чөлөөлөөд үүнээсээ өмнө эрхийг хангасан шийдвэр гаргаад явах ёстой байсан. Ингэсний дараа Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрхийг дуусгавар болгох байсан. Эрх дуусгавар болоогүй байхад захирамж гарч байгаа нь хууль бус байна. Тухайн үед “Ц” худалдааны төв 70%-ийн гүйцэтгэлтэй байсан. Уг барилга 2500 м2 газар дээр баригдсан, энэ барилгын 165 м2 газраас чөлөөлж барилгыг буулгах акт гаргахыг ОАЗД-д даалгах шаардлагатай байна. Иргэний хэргийн маргаанд энэ акт гаргах талаар огт яриагүй. Энэ барилгыг буулгаж О.Б-ын эрх ашгийг хангасан акт гаргуулж өгөөч. ОАЗД-ын 2014 оны А/280, А/502 дугаар захирамжууд хүчинтэй явж байгаа.
Мөн тэр хүчинтэй учраас О.Б-ын газар эзэмших эрх дуусгавар болсон мэт байна. Нөхөн олговрын асуудал байгаа. Мөн 16-17 хүний эрх ашиг байгаа учраас буулгах чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байсан. Үүнийгээ Засаг дарга ялсан мэт явж байгаа. Иргэний хэрэгт дуусгавар болсон мэт байгаа боловч Газрын тухай маргааныг ярьж шийдээгүй. Гэрээнээс өмнө дуусгавар болох нэг л тохиолдол байгаа. Барилгыг буулгах акт яагаад гаргуулах гээд байгаа юм бэ? гэхээр иргэний хэрэг шийдэгдэхээс өмнө энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байсан. Энэ асуудлыг иргэний хэрэг дээр шийдсэн мэт байгаа боловч актын тухай нэг ч шийдэлт байхгүй. Үүнийг буулгах гэж зүтгээд байгаа зүйл байхгүй. Газар эзэмшээд үйл ажиллагаагаа явуулах боломжийг нь хангаад өгөөч. Газрын хугацааг сунгаад өгөөч гэхээр сунгах үндэслэлгүй гээд өгдөггүй. Газар эзэмших хугацаа 2021 он хүртэл байгаа. Энэ хугацаа дуусгавар болсон баримт байхгүй учраас энэ эрхийг хангаж өгөөч. Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөж Засаг даргаас бидний газар эзэмших эрхийг ямар хэлбэрээр олгох гээд байгаа юм бэ? мөнгөн хэлбэр гэж байгаа бол 6 сая төгрөг юм уу? Өнөөдрийн зах зээлийн үнэлгээ юм уу? Яг үнэлгээ гаргуулах гэхээр өөр өөр үнэлгээ гарна гэсэн зүйл ярьдаг. Энэ нөхөн олговор ярих юм уу? энэ саналыг хэзээ ч гаргаагүй. Хэзээ ч энэ хүний эрхийн асуудлыг ярихгүй байгаа учраас өөрөө эрхээ зориулалтын дагуу эдлэх гээд ингээд явж байна. Энэ хүн хэдэн төгрөгийн орлого олох нь энэ хүний эрхэд үлдэх асуудал. Эрхээ хангуулах гээд явж байгаа нь гол асуудал. Засаг дарга нэгэнт шийдэхгүй гээд байгаа учраас нөхөн олговрын асуудал шийдэгдэхгүй байгаа учраас газар эзэмших эрхээ сэргээлгэх гээд явж байгаа. Захиргааны байгууллагыг хамааруулж гаргаж байгаа эрх зүйн зохицуулалт өөр байдаг. Иргэний хэрэг бол гэм хорын асуудал байсан. Энэ бол эзэмших эрхээ зориулалтын дагуу ашиглах гэж байгаа зүйл юм” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Б нь ОАЗД /Д.Б/-д холбогдуулан “Хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газарт баригдаж буй барилгыг буулгаж, газрыг чөлөөлөх тухай акт гаргахыг даалгах, ОАЗД-ын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/280, ОАЗД-ын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/502 дугаар захирамжууд илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч О.Б-аас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан бөгөөд нэхэмжлэгч нь “Хууль ёсоор эзэмшиж байсан нийт 165 м2 газрыг иргэн О.Б-д эзэмшүүлэх тухай захиргааны акт гаргахыг ОАЗД-д даалгах” гэж тайлбарласан ба уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн болно.
Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг шийдвэрлэв.
Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ дээрх маргаан бүхий захиргааны актууд гарах /ёсчлогдох/ үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн холбогдох зүйл, заалтуудыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
ОАЗД-ын 2011.05.24-ний өдрийн “Эзэмшиж буй газрын хэмжээ өөрчлөх тухай” 239[1] дүгээр захирамжаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** баг, ** гудамж, “**” хүнсний захын ард 85 м2 газрыг 10 жил, мөн ОАЗД-ын 2012.10.12-ны өдрийн “Эзэмшиж, ашиглаж буй газрын хэмжээ өөрчлөх тухай” 422[2] тоот захирамжаар 80 м2 газрыг 5 жилийн хугацаатайгаар иргэн О.Б эзэмшиж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон.
Иргэн О.Б-ын эзэмшил бүхий дээрх газрыг ОАЗД-ын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/497 тоот захирамжаар хүчингүй болгож, газрыг албадан чөлөөлсөн бөгөөд тус А/497 тоот захирамжийг О.Б өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзээд хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №147[3] тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №175[4] тоот тогтоолоор хүчингүй болгож, нэхэмжлэгч О.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж эцэслэн шийдвэрлэсэн байна.
Хэдийгээр нэхэмжлэгчийн дээрх газар эзэмших эрхийг Захиргааны хэргийн шүүхээс сэргээж, шийдвэрлэсэн боловч иргэн О.Б газар эзэмших эрх нь өнөөдрийг хүртэл бодитоор сэргэж хэрэгжээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэн О.Б нь ОАЗД, “Ц” ХХК-д холбогдуулан ОАЗД-аас “Үл хөдлөх хөрөнгийн үнэ 211 118 100 төгрөг, бусад хохирол болох 2015 оны 10 дугаар сарын 01-нээс олох ёстой байсан орлого 60 000 000, өмгөөллийн хөлс 500 000, замын зардал 200 000 төгрөг тус тус гаргуулах, “Ц” ХХК-иас 165 м2 газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүхэд гаргасан бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00154 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн ба энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон болох нь хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр[5], тогтоолоор[6] нотлогдож байна.
Нэхэмжлэгч О.Б иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох “Үл хөдлөх хөрөнгийн үнэ 211 118 100 төгрөг гаргуулах шаардлагаас Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаантай байгаа, “165 м2 газрыг эзэмших эрхтэй” гэдэг үндэслэлээр газрын үнэлгээ болох 15 209 400 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсан ба иргэний хэргийн шүүх газрын үнэлгээ болох 15 209 400 төгрөгийг хасч, 195 908 700 төгрөгийг ОАЗД-аас гаргуулахаар шаардсаныг хангажээ.
Мөн дээрх иргэний хэргийн шүүхийн 142/ШШ2018/00154 тоот шийдвэрт: “О.Б-ын газар эзэмших эрхийг сэргээхийн тулд “**” худалдааны төвийг бүхэлд нь буулгаж, О.Б-ын 165 м2 /80 м2, 85 м2/ талбай бүхий газрыг чөлөөлүүлэх үндэслэлгүй” гэж үзэн тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хэдийгээр дээрх иргэний хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон ч Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэл, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй байхад тухайн байршилд давхцуулан төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулж[7], өөр этгээдэд газрыг эзэмшүүлж[8], нэхэмжлэгч О.Б-ыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн газрыг албадан чөлөөлсөн ОАЗД-ын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А497 тоот захирамжийг үндэслэлгүй гэж дүгнэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №147[9] тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №175[10] тоот тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Улсын Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ...” Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй...” гэж зааснаар иргэн О.Б-ын газар эзэмших эрхийг хангах үндэслэл үүгээр сэргээгдэж, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н нарын шүүх хуралдаанд гаргасан /“**” худалдааны төв нэгэнт баригдсан тул худалдаа үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулахад тохиромжтой өөр газарт 165 м2 газар эзэмших боломжтой/ тайлбар, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00154 тоот /О.Б-ын газар эзэмших эрхийг сэргээхийн тулд “**” худалдааны төвийг бүхэлд нь буулгаж, О.Б-ын 165 м2 /80 м2, 85 м2/ талбай бүхий газрыг чөлөөлүүлэх үндэслэлгүй гэж үзсэн/ хүчин төгөлдөр шийдвэр зэргийг харгалзан үзэж, нэхэмжлэгч О.Б-д худалдаа үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулахад тохиромжтой байршилд 165 м2 газар эзэмшүүлэх тухай захиргааны акт гаргахыг ОАЗД /Д.Б/-д даалгаж, О.Б-ын 165 м2 талбай бүхий газар эзэмших эрхийг бодитоор хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу хууль ёсоор эзэмшиж байхад хариуцагчаас Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан /газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах/ зарчмыг баримтлалгүйгээр нэхэмжлэгчид шударга, тэгш бус хандан, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул шүүхээс уг зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үүрэгтэй. Харин нэхэмжлэгчийн “Хууль ёсоор эзэмшиж байсан нийт 165 м2 газрыг иргэн О.Б-д эзэмшүүлэх тухай захиргааны акт гаргахыг ОАЗД-д даалгах” шаардлагыг хангах үндэслэлгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Учир нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00154 тоот шийдвэрээр “О.Б-ын газар эзэмших эрхийг сэргээхийн тулд “**” худалдааны төвийг бүхэлд нь буулгаж, О.Б-ын 165 м2 талбай бүхий газрыг чөлөөлүүлэх үндэслэлгүй” гэж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул шүүхээс уг шаардлагыг дахин шүүх шийдвэрлэх боломжгүй юм.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь заалтаар зохицуулагдсан болно.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О-аас: “Ц” ХХК нь 2500 м2 газар эзэмшиж байгаа талаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Орхон аймгийн Прокурорын газраас ирүүлсэн баримтаас олж мэдлээ” гэх тайлбарыг гаргасан бөгөөд Ц” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн **[11] тоот газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 1400 м2 газар эзэмшдэг болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “**” худалдаа үйлчилгээний төвийн барилга болох 2500 м2 талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөд хуулийн хүрээнд /**/ бүртгэж хийж, гэрчилгээ олгосон байна.
Энэ нь үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ 2500 м2 болохыг нотлосон талаарх улсын бүртгэл[12] бөгөөд эзэмшил газрын хэмжээ биш болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн “ОАЗД-ын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/280, ОАЗД-ын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/502 дугаар захирамжууд илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч О.Б нь ОАЗД-ын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/497 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл /2015.11.03-ны өдөр/ гаргах явцад дээрх маргаан бүхий ОАЗД-ын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/280, 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/502 дугаар захирамж гарсан болохыг танилцаж мэдсэн, мөн энэ өдрийн шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар[13] тогтоогдож байна.
Иймд О.Б-ын нэхэмжлэлтэй ОАЗД-д холбогдох нь “ОАЗД-ын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/497 тоот захирамжийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийн шийдвэрлэсэн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны[14] өдрийг маргаан бүхий захиргааны актуудыг мэдсэн хугацаа гэж тооцно.
Үүнээс дүгнэхэд О.Б нь маргаан бүхий захиргааны актуудад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 он/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т зааснаар 30 хоногийн дотор буюу 2016 оны 02 дугаар 06-ны өдрийн дотор нэхэмжлэл гаргахаар байжээ.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дээрх хугацааг хэтрүүлсэн гэж үзвэл хугацаа сэргээлгэх хүсэлт гаргах эрхтэй ч энэ талаар ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаж байгаагүй байна.
Дээрх байдал нь 2016.07.01-ний өдрөөс мөрдөгдсөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиас өмнөх үйл явцтай холбоотой маргаанд хамаарч байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /2002 он/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б-ын “ОАЗД-ын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/280, 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/502 дугаар захирамжууд илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13, 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3, 12.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б-д худалдаа үйлчилгээний зориулалтаар 165 м2 газар эзэмшүүлэх тухай захиргааны акт гаргахыг ОАЗД /Д.Б/-д даалгасугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 он/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б-ын “ОАЗД-ын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/280, 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/502 дугаар захирамжууд илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч О.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллага болох ОАЗД-ын Тамгын газрын санхүүгээс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ
[1] ХХ-ийн 4, 5 дугаар тал
[2] ХХ-ийн 9 дүгээр тал
[3] ХХ-ийн 27-31 дүгээр тал
[4] ХХ-ийн 32-34 дүгээр тал
[5] ХХ-ийн 195-205 дугаар тал
[6] ХХ-ийн 94-100 дугаар тал
[7] ХХ-ийн 137, 138 дугаар тал
[8] ХХ-ийн 135, 136 дугаар тал
[9] ХХ-ийн 27-31 дүгээр тал
[10] ХХ-ийн 32-34 дүгээр тал
[11] ХХ-ийн 209 дүгээр тал
[12] Орхон аймгийн Прокурорын газраас ирүүлсэн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” баримтын 0000028 дугаар талд
[13] Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.06-ны өдрийн О.Байгалын нэхэмжлэлтэй Орхон аймаг Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд үйлдэгдсэн шүүх хуралдааны тэмдэглэл, мөн уг захиргааны хэргийн материалтай танилцсан талаарх баримт
[14] ХХ-ийн 146-150 дугаар тал