Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2017/0215

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2017/00215

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг, Эмнэлэгийн эмчийн байранд оршин суух Н.Намжилмаагийн нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Батсүмбэр сумын засаг даргад холбогдох, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Намжилмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа, Ж.Энх-Амгалан, хариуцагчийн төлөөлөгч Б.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Намжилмаа шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: ”-Батсүмбэр сумын эрүүл мэндийн төвд 2015 оны 3 дугаар сарын 4-нд ерөнхий эмчээр ажиллаж байгаад, 8 дугаар сарын 4-нд эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлыг түр гүйцэтгэж эхэлсэн. Мөн 8 дугаар сарын 25-ны өдөр  хүүхдийн эмчийг хавсран гүйцэтгэх тушаал гарч хавсран гүйцэтгэсэн. Эрүүл мэндийн эрхлэгч, хүүхдийн эмчийн цалинг хамтад нь авч байсан. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр надад халагдах тушаалыг авч ирж өгсөн. Уг тушаал нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гарсан байсан боловч 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр надад танилцуулан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. 2016 оны 9 сараас чөлөө авч 2016 оны 10 дугаар сарын 25-наас ажилдаа ороход халагдах тушаал буюу үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэсэн тушаал гарсан байсан. Тиймээс би өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан”  гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Төрийн албаны тухай хуулийн 11-р зүйлийн 11.1-т зааснаар ажил олгогч болон ажилтны хооронд гэрээ байгуулагдсан байдаг. Н.Намжилмаагийн ажиллаж буй ажлын байр нь гүйцэтгэх албан тушаалд хамаарагдаж байгаа. Тогтоосон норм, горимоор ажилтан Н.Намжилмаагийн ажилласан ажлын байрыг байнгын ажлын байр гэж үзэхээр байна. Иргэн Н.Намжилмаатай хуулийн тодорхойлолтоор хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. 2015 оны 3 дугаар сарын 3-наас 8-р сар хүртэл их эмчийн албан тушаалд ажилласан байдаг. Мөн 8-р сараас Н.Намжилмаа захиргааны акт гаргах хүртэл 2 цалин авч байсан. Ажил олгогч Эрүүл мэндийн төв нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1.4-т зааснаар эрх эдэлж байгаа. Ажилтан Н.Намжилмаа нь тус хуулийн 6.2-т зааснаар үүрэг хүлээж байгаа. А364 дугаартай захирамж гаргасан нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлагын тухай хуулийн 31.1.8, Эрүүл мэндийн тухай хуулийн 11.1.8-т зааснаар удирдах албан тушаалд хамрагдаж байгаа. Авлигын эсрэг хуулийн 4-р зүйлд зааснаар албан тушаалын ангилалд хамаарагдаж байгаа. Урт нэртэй хуулийн 15-р зүйл заалтыг зөрчсөн учраас үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгаа. Н.Тунгалаг гэдэг эмчээс мөнгө өөрийн дансанд авч, тус мөнгөө өөрийн эрх ашгийн хувьд ашигласан байгаа. Төсвийн тухай хуулиар төсвийн санд байршуулна гэсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн учраас удирдах албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Намжилмаа нь Төв аймгийн Батсүмбэр сумын засаг даргад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга нь Иргэн Н.Намжилмаагаас нэхэмжлэлтэй Төв аймгийн Батсүмбэр сумын засаг даргад холбогдуулан гаргасан “Ажилд эргүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах тухай” зэрэг шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь үл хүлээн зөвшөрч байна. Үүнд:

1.Албан хаагч Н.Намжилмаа нь Эрүүл мэндийн төвийн удирдах албан тушаалыг хашиж байсан тул түүний эрхэлж байсан ажил, албан тушаалтай холбоотой харилцааг Монгол улсын Төсвийн тухай хууль, Монгол улсын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонихрлыг зохицуулах, ашиг сонихрлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Монгол улсын Төрийн албаны тухай хуулиар зохицуулна.

2.Албан хаагч Н.Намжилмаа нь эрхэлж байсан ажил, албан тушаалтай холбогдох харилцааг зохицуулсан хуулийг зөрчсөн тул тэдгээр хуульд заасан үндэслэлээр албан хаагч Н.Намжилмааг үүрэгт ажлаас чөлөөлсөн гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Н.Намжилмаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69:1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр хэлэлцсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлахад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх дараах үндэслэл тогтоогдлоо.    

Нэхэмжлэгч Н.Намжилмаа нь Батсүмбэр сумын Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 4-ны өдрийн А/364 дугаартай захирамжаар тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож /хх-н 8/, мөн сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1049 дугаартай захирамжаар Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөгджээ. /хх-н 5/

Нэхэмжлэгч Н.Намжилмааг Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1049 дугаартай захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.3.4 гэсэн заалтуудыг удирдлага болгожээ.

Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10-т зааснаар нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд хамрагдах боловч төрийн жинхэнэ албан тушаалд хамрагдахгүй ба.  мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заажээ.

Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1049 дугаартай захирамжид удирдлага болгосон Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн заалтууд нь төрийн жинхэнэ албан тушаалтанд хамааралтай заалт бөгөөд төрийн үйлчилгээний албан тушаалтан буюу Н.Намжилмаагийн эрхэлж байсан Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалд дээрхи хуулийн заалт хамааралгүй байх ба харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд  29.3.4 гэсэн заалт байхгүй байна.

Иймээс Н.Намжилмааг Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тус сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1049 дугаартай захирамж нь хуульд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй захирамж болжээ.

Иймд нэхэмжлэгч Н.Намжилмааг Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг хариуцагч Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгээс гаргуулж нэхэмжлэгч Н.Намжилмаад олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг түүний ажлаас чөлөөлөгдсөн хугацаа буюу 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажлын 71 хоногийн нөхөн олговор 3 360 998 төгрөгөөр тооцож олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх Н.Намжилмааг чөлөөлсөн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1049 дугаартай захирамж  нь өөрөө хуульд нийцээгүй, үндэслэлгүй болсон тул оролцогчдын зүгээс гаргаж ирүүлсэн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас Н.Намжилмааг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Батсүмбэр сумын Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 4-ны өдрийн А/364 дугаартай захирамж /хх-н 8/, Н.Намжилмааг ажлаас чөлөөлсөн тухай мөн сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1049 дугаартай захирамжуудаас бусад бичгийн нотлох баримтуудыг үнэлээгүй болно.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нэхэмжлэгч Н.Намжилмааг ажлаас чөлөөлсөн тухай Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1049 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгөхийг дурдаж байгаа нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш, харин ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл тул уг захирамжийг хүчингүй болгох шаардлагагүй болно.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлвөл зохих 68 726 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.Намжилмааг Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эргүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 3 360 998 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Н.Намжилмаад олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Намжилмаад  олгох нөхөн олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварыг хуульд заасан хэмжээгээр суутган авч холбогдох байгууллагад шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр тус бүрд зохих бичилтүүдийг хийхийг Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчид үүрэг болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 68 726 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Л.МӨНХЦЭЦЭГ