Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 223/МА2017/00027

 

Н.Намжилмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 151/ШШ2017/00842 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Намжилмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад холбогдох

“Батсүмбэр сумын Эрүүл мэндийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг  2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Намжилмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа, Ж.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Намжилмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Батсүмбэр сумын эрүүл мэндийн төвд 2015 оны 3 дугаар сарын 4-нд ерөнхий эмчээр ажиллаж байгаад, 8 дугаар сарын 4-нд эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлыг түр гүйцэтгэж эхэлсэн. Мөн 8 дугаар сарын 25-ны өдөр хүүхдийн эмчийг хавсран гүйцэтгэх тушаал гарч хавсран гүйцэтгэсэн. Эрүүл мэндийн эрхлэгч, хүүхдийн эмчийн цалинг хамтад нь авч байсан. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр надад халагдах тушаалыг авч ирж өгсөн. Уг тушаал нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гарсан байсан боловч 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр надад танилцуулан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. 2016 оны 9 сараас чөлөө авч 2016 оны 10 дугаар сарын 25-наас ажилдаа ороход халагдах тушаал буюу үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэсэн тушаал гарсан байсан. Тиймээс би өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэсэн ба 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ...Төв аймгийн Батсүмбэр сумын эрүүл мэндийн төвийн даргын алба нь Төрийн үйлчилгээний албан тушаал би төрийн жинхэнэ албан хаагч биш. Миний хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн хуулийн ямар ч заалтыг удирдлага болгож баримтлаагүй байна. Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганбаяр нь анх намайг 2015 оны 8 сарын 4-ний өдөр Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр түр томилон А/364 тоот тушаал гаргасан.

Засаг дарга Д.Ганбаяр нь 2016 оны 11 сарын 22-ны өдөр надад хэлээд 2016 оны 11 сарын 23-ны өдөр Захиргааны нийгмийн ажилтан Аминбекээр намайг ажлаас халах тухай 2016 оны 11 сарын 22-ны өдрийн А/1049 тоот тушаалыг өгч явуулсан. Гэтэл Д.Ганбаярын дээрх тушаалаар Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүргийг орлон гүйцэтгэгч Н.Намжилмаа нь Төрийн албаны тухай хуулийн 25.1.1, Төсвийн хуулийн 40.2, 35.2, 44.1.3, мөн төсөвт байгууллагын мөнгөн кассын ажиллагааны 2.6, НАНБХАСЗ ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйл зэрэг үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Би 2016 оны 1 сард Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаал, ажлын байр зарлагдахад Төв аймагт Төрийн албан хаагчийн шалгалт өгч тэнцсэн. Гэтэл намайг энэ ажлын байранд жинхэлээгүй байсаар байгаад гэнэт нэг өдөр янз бүрийн шалтаг шалтгаан гаргаж гэнэт ажлаас халсанд гомдолтой байна. Би үндсэн цалин болох Эрүүл мэндийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ТҮЭМ-ийн6.1-ээр 649 960 төгрөг, 90-р тогтоолоор 129 992 төгрөг, илүү цаг 198 986, нийт 978 938 төгрөг авдаг юм. Энэд үр дүн оруулсангүй. Би Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж гэрээн дээрээ Төсвийн тухай хуулийн 40.2-т заасан тухайн төсвийн жилд хэрэгжүүлэх хөтөлбөр арга хэмжээ хүрэх үр дүнг дүгнэх талаар тусгасан. Энэ гэрээг 1-р улиралд дүгнүүлж 92 хувьтай дүгнэгдсэн. Гэтэл түүнийг дүгнэх талаар заагаагүй хангалтгүй ажилласан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Намайг хууль зүйн үндэслэлгүй халсан гэж үзэж байгаа тул Батсүмбэр сумын эрүүл мэндийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин болох 2016 оны 11 сарын 17-ны өдрөөс 2017 оны 5 сарын 17-ны өдөр хүртэлх нөхөн олговорт нийт 5 873 628 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Н.Намжилмааг төлөөлж түүний өмгөөлөгч С.Сувдмаа шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “2016 оны 11 сарын 22-ны өдөр А/1049 тоот Батсүмбэр сумын засаг даргын захирамжаар ажлаас халсан. Тушаалын дараа үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн тушаал гарсан. Төрийн жинхэнэ албан хаагчийг хөдөлмөрийн хуулиар, үйлчилгээний ажилтаныг Төрийн жинхэнэ албан хаагчид мөрдөгдөх төрийн албаны тухай хуулийн 25, төсвийн тухай хуулиудыг барьж халсан байгаа. Ажил олгогч өөрийн санаачлагаар, ажилтан өөрийн санаачлагаар хөдөлмөрийн хуулийн 40.2-р ажлаас халаагүй учраас хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас гомдол гаргаж байгаа. Төсвийн тухай хуулийг баримтлах нь хууль зүйн үндэслэлгүй учир ажилд эгүүлэн тогтоолгох хүсэлтэй байгаа. Мөн ажилгүй байсан үеийн цалин хөлсийг өнөөдрийн байдлаар бодож үзэхэд 7.831.504 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна. Энэ хүн дутагдалтай, зөрчилтэй зүйл гаргасан байхыг үгүйсгэхгүй. Тушаалд ажил олгогчийн санаачлага байгаагүй учраас тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах хүсэлтэй байна. Сахилгын арга хэмжээ авсан нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр халагдсан байхад 2016 оны 12 дугаар сарын 05-нд сахилгын шийтгэл дахин оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль дүрэмд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо хөдөлмөрийн хуулийг баримтлах байсан гэж үзэж байна.

Гэвч төсвийн тухай хууль гэх мэтчилэн өөр хууль ярьж байна. Хөдөлмөрийн хуулийн заалтыг баримтлаагүйгээ мэтгэлцэж хэлж чадахгүй байна. Нөгөө талаар эрүүл мэндийн төвийн их эмчийн албан тушаалд томилогдсон. 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлыг түр орлон гүйцэтгэсэн. Хөдөлмөрийн хуулинд түр ажилд авна гэсэн зүйл байхгүй. Гэтэл Н.Намжилмаа жил гаран эрхлэгчийн ажлыг хийж байсан. Эрхлэгчийн албан тушаалаас хууль зүйн үндэслэлээр халсан тушаал биш гэж үзэж байгаа. Сүүлд гаргаж өгсөн тушаал нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. Даргын ажлыг хавсран гүйцэтгэж байсан учраас их эмчийн албан тушаалтай хамааралгүй гэдэгтэй маргаагүй. А/1049 тоот тушаалтай холбогдуулан гомдол гаргасан. Хөдөлмөрийн хуулиа баримтлаагүй учраас энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинцэцэгийг төлөөлж түүний өмгөөлөгч Б.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн албаны тухай хуулийн 11-р зүйлийн 11.1-т зааснаар ажил олгогч болон ажилчины хооронд гэрээ байгуулагдсан байдаг. Намжилмаагийн ажиллаж буй ажлын байр нь гүйцэтгэх албан тушаалд хамаарагдаж байгаа. Тогтоосон норм, горимоор ажилтан Намжилмаагийн ажилласан ажлын байрыг байнгын ажлын байр гэж үзэхээр байна. Иргэн Намжилмаатай хуулийн тодорхойлолтоор хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. 2015 оны 3 дугаар сарын 3-наас 8-р сар хүртэл их эмчийн албан тушаалд ажилласан байдаг. Мөн 8-р сараас Намжилмаа захиргааны акт гаргах хүртэл 2 цалин авч байсан. Ажил олгогчоор бол Эрүүл мэндийн төв нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1.4-т зааснаар эрх эдэлж байгаа. Ажилтан Намжилмаа нь тус хуулийн 6.2-т зааснаар үүрэг хүлээж байгаа. А364 дугаартай захирамж гаргасан нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлагын тухай хуулийн 31.1.8, Эрүүл мэндийн тухай хуулийн 11.1.8-д зааснаар удирдах албан тушаалд хамрагдаж байгаа. Авлигын эсрэг хуулийн 4-р зүйлд зааснаар албан тушаалын ангилалд хамаарагдаж байгаа. Урт нэртэй хуулийн 15-р зүйл заалтыг зөрчсөн учраас үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгаа. Тунгалаг гэдэг эмчээс мөнгө өөрийн дансанд авч, тус мөнгөө өөрийн эрх ашгийн хувьд ашигласан байгаа. Төсвийн тухай хуулиар төсвийн санд байршуулна гэсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн учраас удирдах албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг. Их эмчийн албан тушаалын эрх зүйн харилцааг хөндөөгүй. Тиймээс манай тушаал үндэслэлтэй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.Намжилмааг Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 5 873 628 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Н.Намжилмаад олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Намжилмаад олгох нөхөн олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварыг хуульд заасан хэмжээгээр суутган авч холбогдох байгууллагад шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр тус бүрд зохих бичилтүүдийг хийхийг Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчид үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 108 928 төгрөг гаргуулж төрийн санд оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж,

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинцэцэг давж заалдах гомдолдоо: “Гомдлын шаардлага: Төв аймаг дахь Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 151/ШШ2017/00842 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож.

Гомдлын утга: Иргэн Н.Намжилмаагаас нэхэмжлэлтэй Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад холбогдох Ажилд эгүулэи тогтоолгох, ажшгуй байсаи хугацааиы олговорт 5,873,628 (таван сая найман зуун далан гурван мяига зургаан зуун хорин найм) төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг Төв аймаг дахь Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 151/ШШ2017/00842 дугаартай шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд,

  1. Нэхэмжлэгч Намсрайн Намжилмаа "Төв аймгийн Сатсүмбэр сумын Эрүүл Мэндийн Төв" Улсын Төсөвт Үйлдвэрийн Газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 15 дугаартай тушаалаар тус эрүүл мэндийн төвинн ерөнхий мэргэжлийн их эмчээр ажилд орсон. Ийнхүү хөдөлмөрийн харилцаа тогтоосон бөгөөд тус хөдөлмөрийн харилцаанд ажил олгогчоор "Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл Мэндийн Төг" Улсын Төсөвт Үйлдвэрийн Газар байна;
  2. Улмаар ажилтан Н.Намжилмаа "Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл Мэндийн Төв" Улсын Төсөвт Үйлдвэрийн Газрын ерөнхий мэргэжлийн их эмчээр ажиллаж байх хугацаанд түүнийг тус төвийн эрхлэгч буюу даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Монгол Улсын Эрүүл Мэндийн тухай Хууль (цаашид "ЭМтХ" гэх)-ийн 11.3 -т заасны дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 4-ны одрийн А/364 дугаартай захирамжаар томилон ажиллуулсан.
  3. Ингэснээр ажилтан Н.Намжилмаа нь ерөнхий мэргэжлийн их эмчийн үндсэн ажлаа гүйцэтгэхийн зэрэгцээ эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан бөгөөд хавсран гүйцэтгэж буй эрхлэгчийн албан тушаал нь ТАтХ-ийн 7.10, 9.2-т заасны дагуу батлагдсан Албан Тушаалын Ангилал, Зэрэглэлийн 4-т заасны дагуу Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд ангилагдах бөгөөд Монгол Улсын Нийтийн Албанд Нийтийн болон Хувийн Ашиг Сонирхлыг Зохицуулах, Ашиг Сонирхлын Зөрчлөөс Урьдчилан Сэргийлэх тухай Хууль (цаашид "НАНбХАСЗАСЗУСтХ" гэх)-ийн 4.1-т Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд[1] заасан албан тушаалтан хамаарна гэж заасны дагуу эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Намжилмаа нь тус хуулийн 3.1.4-т "нийтийн албан тушаалтан"-д хамаарна.

4.            Гэтэл ажилтан Н.Намжилмаа нь эрхлэгчийн үүргипг түр орлон гүйцэтгэх явцдаа төрийн санд төвлөрүүлэх ёстой төсвийн буюу эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаагаар олсон мөнгөн хөрөнгийг өөрийн хувийн дансанд төвлөрүүлсэн нь Монгол Улсын Төсвийн тухай болон НАНбХАСЗАСЗУСтХ-ийн 15 дугаар зүйлд заасныг зөрчсөн тул түүнийг эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон этгээд нь тухайн ажил, албан тушаалаас нь чөлөөлөх тухай Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1049 дугаартай захирамж гаргасан байна. Түр орлон гүйцэтгэгчээр томилох болон буцаан чөлөөлөх тухай ХтХ-д зохицуулаагүй тул Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгүүлэх А/364 дугаартай захирамжийг ХтХ-ийг үндэслэж бус Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, түүний Удирдлагын тухай Хууль (цаашид "ЗЗНДНтУтХ" гэх)-ийг үндэслэн гаргасан тул түр орлоп гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай ХтХ-ийг бус нийтийн эрх зүйн хэм хэмжээний эх сурвалжийг үндэслэл болгосон байна.

  1. Тус захирамжаар ажилтан Н.Намжилмаагийн үндсэн ажлынхаа хажуугаар хавсран гүйцэтгэж байсан эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажил, албан тушаалаас чөлөөлсөн нь тухайн тушаалын тушаах хэсгийн 1-т "ЭМТ-ийн эрхлэгчийн үүргийн түр орлон гүйцэтгэгч Н.Намжилмаа нь ... зэрэг үндэслэлээр 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй" гэснээр илэрхийлэгдэж байна. Учир нь тухайн тушаалд ажилтан Н.Намжилмаагийн үндсэн ажил болох ерөнхий мэргэжлийн их эмчийн албан тушаалд холбогдох нэг ч үг, үсэг байхгүй тул тус үндсэн ажилд холбогдох хөдөлмөрийн харилцааг огт хөндөөгүй. Учир нь ажилтан Н.Намжилмаагийн үндсэн ажил болох еронхий мэргэжлийн их эмчийн албан тушаалын хувьд ажил олгогч нь "Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл Мэндийн Төв" Улсын Төсөвт Үйлдвэрийн Газар бөгөол Төв аймгийн Батсүмбэх сумын Засаг дарга нь ажил олгогч биш тул ажилтан Н.Намжилмааг ерөнхий мэргэжлийн их эмчийн үндсэн ажлаас ажил олгогч биш Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга халах боломжгүй.
  2. Гэтэл ажилтан Н.Намжилмаа нь Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1049 дугаартай захирамжийн дагуу "Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл Мэндийн Төв" Улсын Төсөвт Үйлдвэрийн Газрын эрхлэгчийн ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлгэж огөөд тухайн өдрөөс хойш ажилдаа нрэлгүй, үндсэн ажил болох ерөнхий мэргэжлийн их эмчийн ажлыг орхиж явсан. Ийнхүү ажлаа тасласан нь "Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл Мэндийн Төв" Улсын Төсөвт Үйлдвэрийн Газрын Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар сахилгын зөрчилд тооцогддог тул түүнийг ХтХ-ийн 131.1.3-т зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Учир нь ажилтан Н.Намжилмаа нь 2016 оны 4 дүгээр сард сахилгын зөрчил гаргаж шийтгэл хүлээсэн бөгөөд сахилгын шийтгэлтэй байх жилийн хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан тул удаа дараад тооцогдож байна.
  3. Нэгэнт үндсэн ажлаас сахилгын зөрчлөөр халагдсан тул үндсэн ажлын хажуугаар хавсран гүйцэтгэж байсан эрхлэгчийн ажлыг гүйцэтгэх боломжгүй болсноор ажилтан Н.Намжилмаа шаардах эрхээ алдсан. Хэрэв иргэн Н.Намжилмааг хавсран гүйцэтгэж байсан түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний үндсэн ажлаас сахилгын зөрчлөөр халсан "Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл Мэндийн Төв" Улсын Төсөвт Үйлдвэрийн Газрын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө. Тиймээс Иргэн Н.Намжилмаагаас нэхэмжлэлтэй Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагатай иргэний хэрэгт Гуравдагч этгээдээр ажил олгогч "Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл Мэндийн Төв" Улсын Төсөвт Үйлдвэрийн Газрыг оролцуулах хүсэлтийг Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан боловч хэрэгт хамааралгүй, тус эрүүл мэндийн төвийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэсэн үндэслэлээр хангахгүй орхисон нь Монгол Услын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай Хууль (цаашид "ИХШХШтХ" гэх)-ийг зөрчиж байна. Учир нь шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон иргэн Н.Намжилмааг тус эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллуулахын тулд эхлээд түүнд ногдуулсан сахилгын шийтгэлээр ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, иргэн Н.Намжилмааг ерөнхий мэргэжлийн их эмчээр ажилд буцаан авч, дараа нь тус ажлын хамт эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгүүлэх шаардлагатай болж буй нь "Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл Мэндийн Төв" Улсын Төсөвт Үйлдвэрийн Газрын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. 8. Ажилтан Н.Намжилмаагаас зөвхөн хавсран гүйцэтгэж байсан "Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл Мэндийн Төв" Улсын Төсөвт Үйлдвэрийн Газрын эрхлэгчийн ажлыг хүлээж авсан, ерөнхий мэргэжлийн их эмчийн үндсэн ажлыг хүлээж аваагүй тухай болон түүнийг үндсэн ажлаа орхин явж, ажил тасалсан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан ажил олгогчийн тушаал, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон хөдөлмөрийн дотоож журам, бусад шаардлагатай бичгийн нотлох баримтуудыг бүрэн, хангалттай гаргаж өгсөн боловч шүүх үнэлээгүй нь хэтэрхий нэг талыг баримтлаж ИХШХШтХ-ийг зөрчсөн.

 

Иймд Төв аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны Шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 151/ШШ2017/00842 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэв. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан бөгөөд хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Анхан шатны шүүхээс Н.Намжилмааг Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлаас халсан үйл ажиллагаа нь хууль зөрчиж явагдсан, хуулийн үндэслэлгүйгээр халсан гэж үзсэн нь үндэслэлтэй байхаас гадна хариуцагчийн зүгээс Н.Намжилмааг халах үндэслэл болсон зөрчлүүдийг сумын засаг даргын захирамжид заасан байх боловч түүнийгээ нотлосон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, өөрийн шийдвэр үйл ажиллагааг хуулийн шаардлагын дагуу нотлох ажиллагаа хийгээгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын мэтгэлцээнд үндэслэн шийдвэрлэсэн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд гарсан шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын үндэслэлээр өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Н.Намжилмаа нь сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэлээ 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тодруулж, Батсүмбэр сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5 873 628 төгрөгийг гаргуулах шаардлага тавьж, шүүх хуралдаанд энэхүү нэхэмжлэлээ дэмжин оролцсон байна.

Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа нь ажилгүй байсан хугацааны цалинг нэмэгдүүлж, 7 831 504 төгрөг гаргуулахаар шаардсан байх бөгөөд нэхэмжлэгч Н.Намжилмаа шүүх хуралд оролцох үедээ өөрөө хүсэл зоригоо илэрхийлж, энэхүү шаардлагыг гаргаагүй байх тул анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгч Н.Намжилмаа нь шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговрыг хуульд заасан журмын дагуу нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй бөгөөд энэхүү эрх нь нээлттэй болно.

 Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг  удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 151/ШШ2017/00842 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.БОЛОРМАА                                 

               ШҮҮГЧИД                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР  

                                                                   Ш.ТӨМӨРБААТАР