Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 181/2017/02828/И |
Дугаар | 001/ХТ2018/01156 |
Огноо | 2018-09-13 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2018/01156
Е.Д, С.Знарын
Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00059 дүгээр шийдвэр
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 743 дугаар магадлалтай
Е.Д, С.Знарын нэхэмжлэлтэй
“Ө” ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн үүрэгт 86 210 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очирын хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очир, хариуцагчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч Е.Д, С.Знарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Е.Д, С.Знар 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр №D/05 дугаартай “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан. Уг гэрээний дагуу гүйцэтгэгч тал болох хариуцагч Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, Orgil star town хотхоны D блок, 1-р орц, 5 давхарт 3 өрөө 92.6 м.кв талбай бүхий орон сууц, нэг автомашины зогсоолын хамт 2012 оны 03-р улиралд багтаан ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, захиалагч тал гэрээний төлбөр болох 172 420 000 төгрөгийг тохирсон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгчийн хувьд гэрээнд заасан хугацаанд гэрээний төлбөр болох 172 420 000 төгрөгийг бүрэн төлсөн. Гэвч хариуцагч “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.4 “Орон сууц 2012 оны 3-р улиралд ашиглалтад орно” гэж заасан хугацаандаа барилгыг ашиглалтад оруулаагүй бөгөөд бидэнд 2014 оны 08 дугаар сард байрандаа нүүн орох боломж олгосон. Орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн улсын бүртгэлээс авсан ба автомашины зогсоолын өмчлөх эрхээ өнөөдрийг хүртэл баталгаажуулж чадаагүй байна.
Зохигчдын хооронд байгуулсан “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.2-т “Гүйцэтгэгч гэрээний 1.4-д заасан хугацаа 90 хоногоос илүү хугацаа хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө” гэж заасан.
Хариуцагч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй бөгөөд гэрээний 5.2-т заасан алдангийн хэмжээ гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн боловч Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анзын нийт үнийн дүн нь гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй” гэсний дагуу гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувь буюу 86 210 000 төгрөгийн алдангийг гаргуулахаар шаардаж байна.
Иймд “Ө” ХХК-иас “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-ний алданги болох 86 210 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: “Ө” ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ө” ХХК нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт нийт 540 айлын “Оргил стар хотхон” цогцолбор хорооллын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд ингэхдээ иргэд, захиалагч нартай орон сууц захиалгын гэрээ байгуулан, тэдний хөрөнгө оруулалт, идэвхи санаачлага, оролцоотойгоор барилгын бүтээн байгуулалтын ажлыг дуусгасан. Дээрх жишгийн дагуу иргэн Е.Д нь Оргил стар хотхоны D блокын 1 орц, 5 давхарт 3 өрөө 92.6 м.кв талбай бүхий орон сууцыг захиалж, 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г манай компанитай байгуулсан бөгөөд захиалагч тал гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээж бидэнтэй хамтран ажилласан.
Манай компани нь өөрийн ажиллах хүч, боломж бололцоог дайчлан барилга угсралтын ажлыг аль болох түргэн хугацаанд дуусгахаар шаргуу ажилласан бөгөөд биднээс шалтгаалахгүй хүчин зүйлс, нөлөөллийн улмаас болон зарим захиалагч нарын хөрөнгө оруулалт удааширсан зэргээс шалтгаалан барилгыг ашиглалтад оруулах ажил тодорхой хэмжээгээр хойшлогдсон.
Тухайлбал, Нийслэлд хийгдсэн зам засварын ажлуудын улмаас зам хаах, тээврийн хэрэгслийн маршрут чиглэл өөрчлөгдөх, Нийслэлийн Авто Замын газраас 2012.06.01-ний өдрөөс эхлэн хүнд даацын автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон шийдвэр гаргасан, мөн анхны барилгын зураг, техникийн нөхцлийн дагуу Суруга Монгол ХХК-ийн 400 мм-ийн шугамаас татсан холболт өөрчлөгдөж, барилгын гадна дулааны шугамыг 100м-ийн зайтай газраас шинэчлэн татах асуудлыг эрх бүхий байгууллагаас шийдвэрлэсэн зэргээс шалтгаалж барилга угсралт, бараа материал татах ажлууд төлөвлөгөө графикаас хоцорч биелэгдэх шалтгаан нөхцөлийг бий болгосон.
Нэхэмжлэгч нар нь төлбөрөө гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй үүргээ зөрчсөн бөгөөд манай компаниас тухайн байрыг акт үйлдэж хүлээлгэн өгсөн байтал нэхэмжлэгч нар байрыг хүлээн авсан актаа гаргаж өгөөгүй, хөрөнгө хүлээж авсан эсэх нь нотлогдохгүй байна. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч төлбөрийг төлөх хугацаагаа хэтрүүлсэн учраас мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-д зааснар алданги шаардах эрхээ алдсан.
Иймд биднээс хамааралгүй шалтгаан нөхцөлийн улмаас барилга ашиглалтанд оруулах хугацаа хойшлогдсон, нэхэмжлэгч нар өөрсдөө төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлж алданги шаардах эрхээ алдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00059 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343,1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар “Ө” ХХК-иас алданги 43 105 000 /дөчин гурван сая нэг зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Е.Дд олгож, нэхэмжлэлээс 43 105 000 төгрөг гаргуулах болон С.Золзаяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Е.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 589 000 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ө” ХХК-иас 373 475 /гурван зуун далан гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулж Е.Дд олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 743 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00059 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00059 дугаартай шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 сарын 21-ний өдрийн 743 дугаартай магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байгаа тул дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
1. “Ө” ХХК нь Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутагт байрлах 471 айлын “ Оргил стар” цогцолбор хотхоны барилгыг 2009 оноос барьж эхэлсэн бөгөөд иргэн Е.Д нь 2011 оны 12 сард уг барилгад хөрөнгө оруулж, орон сууц авахаар тохиролцож тус компанитай “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан.
Уг гэрээг байгуулахдаа захиалагч Е.Д нь хөрөнгө оруулалтыг урьдчилж 100% төлөх үүргийг гүйцэтгэгчийн өмнө хүлээсэн бөгөөд энэ тухай гэрээний 4.1-т “Захиалагч энэхүү гэрээг батлагдмагц орон сууцны нийт үнийн дүнгийн 100% болох 172 420 000 төгрөгийг төлнө” гэж тодорхой зааж талууд тохиролцсон. Учир нь гүйцэтгэгч компани нь нийт 471 айлын цогцолбор барилгын ажлыг барьж дуусгахад захиалагчдаас оруулах хөрөнгө оруулалтыг хэсэгчилж бус 100% урьдчилан авах шаардлага үүссэн бөгөөд ингэснээр графикт хугацаанд барилгын материалаа бүрэн татаж дуусгах, ажилчид болон туслан гүйцэтгэгч нарын цалингийн зардлыг бүрдүүлэх, банкны зээлийн хүүг хугацаанд нь төлөх зэрэг нөхцөл үүсэх юм. Үүнийг ч Е.Д сайтар ойлгож хөрөнгө оруулалтыг гэрээ байгуулагдмагц 100% төлөхөөр хүлээн зөвшөөрч гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулсан байдаг.
Гэвч захиалагч Е.Д нь дээрх үүргээ зөрчиж хөрөнгө оруулалтыг 2 хувааж төлсөн бөгөөд төлбөрийн хугацааг 5 сараар хэтрүүлсэн юм. “Ө” ХХК нь улс оронд үүссэн эдийн засгийн хямрал, валютын ханш болон бараа материалын үнийн огцом өсөлт зэрэг эрсдэлийг даван туулж, өөрийн ажиллах хүч, боломж бололцоог дайчилан барилгыг аль болох түргэн хугацаанд дуусгахаар шаргуу ажилласан бөгөөд Е.Д болон зарим захиалагч нарын зүгээс хөрөнгө оруулалт удааширсан зэрэг гүйцэтгэгчээс шалтгаалахгүй хүчин зүйлс, нөлөөллийн улмаас барилгыг барьж дуусгах хугацаа саатаж байсан юм.
Иймд хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 болон 224 дүгээр зүйлийн 224.2.3-д тус бүр заасныг үндэслэн нэхэмжлэгч Е.Дыг төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тул алданги шаардах эрхээ алдсан гэж маргасан боловч анхан шатны шүүх нь “нэхэмжлэгч Е.Д барилгын ажлыг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээгээгүй, талууд төлбөрөө төлсний дараа орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхээр тохиролцоогүй байна” гэх тодорхой бус үндэслэлээр хариуцагч талын тайлбарыг няцааж, Иргэний хуулийн 223.2 дахь заалтыг нэхэмжлэгч талд ашигтай байдлаар зөвхөн өөрийн үзэл бодол, үзэмжээр мушгин тайлбарлаж, гэрээний утга санаа, агуулга, талуудын хүсэл сонирхол, бие биенийхээ өмнө хүлээсэн үүргийг буруу тайлбарласанд хариуцагч талын зүгээс гомдолтой байна.
Талууд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д “...ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж заасны дагуу захиалагч нь орон сууцны үнийг гэрээ батлагдсан өдөр 100% урьдчилж төлнө гэж хүлээн зөвшөөрч хэлцэл байгуулсан боловч захиалагч Е.Д нь гэрээний уг үүргээ зөрчиж, 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 150 000 000 төгрөг, 2012 оны 04 сарын 16-ны өдөр 22 420 000 төгрөгийг тус тус төлсөн нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-д заасны дагуу Үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө хугацаа хэтрүүлсэн буюу үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх үүргээ зөрчсөн тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасны дагуу алданги шаардах эрхээ алдсан гэж бид үзэж байна.
Нэхэмжлэгч Е.Д нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа захиалсан орон сууцаа 2014 оны 08 дугаар сард хүлээн авсан тул гүйцэтгэгч компаниас алданги гаргуулна гэж шаардлага гаргасан боловч орон сууцыг 2014 оны 08 сард хүлээн авсан гэх нотлох баримт, материалыг шүүхэд гаргаж өгөөгүй юм. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00059 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 743 дугаар магадлал тус бүрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Е.Д, С.Знар нь “Ө” ХХК-д холбогдуулан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр гэрээгээр тохирсон алданги 86 210 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Е.Д нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нь орон сууцыг 2012 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулахаар үүрэг хүлээсэн боловч гэрээний дээрх заалтыг зөрчиж, 2014 оны 08 дугаар сард байрыг хүлээлгэн өгсөн тул гэрээний 5.2.-т заасныг үндэслэн, хугацаа хэтэрсэн хоног тутам алданги тооцож, алдангийн хэмжээ гэрээний нийт үнийн дүнгийн 50%-иас хэтэрсэн тул хуульд зааснаар хязгаарлаж, гэрээний үнэ 172 420 000 төгрөгийн 50% 86 210 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж тайлбарлаж, хариуцагч нь: “...хариуцагчаас шалтгаалахгүй хүчин зүйлс, нөлөөллийн улмаас болон зарим захиалагч нарын хөрөнгө оруулалт удааширсан зэргээс шалтгаалан барилгыг ашиглалтад оруулах ажил тодорхой бус хугацаагаар хойшлогдсон боловч өөрийн хүч, боломж бололцоог дайчлан, шаргуу ажилласны хүчинд барилгыг ашиглалтад оруулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 43 105 000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг, нэхэмжлэгч С.Золзаяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, гэрээний заалтыг буруу тайлбарласнаас хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдзвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйийн 167.1.1., дэх заалтад нийцээгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Е.Д нь хариуцагч “Ө” ХХК-тай 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр D/05 дугаартай “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж, тус гэрээгээр гүйцэтгэгч “Ө” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил стар таун хорооллын D блокны 1 дүгээр орцны 5 давхрын 3 өрөө орон сууцыг, 1 автомашины зогсоолын хамт гэрээнд заасан хугацаанд хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгөх, хөрөнгө оруулагч /захиалагч/ Е.Д нь орон сууцны үнийн дүн 172 420 000 төгрөгийг энэхүү гэрээг батлагдмагц 100% төлөхөөр харилцан үүрэг хүлээж тохиролцсон, гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хоёр шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар зөв тодорхойлсон байна.
Талууд гэрээний үүргийг биелүүлж, гэрээний дагуу хөрөнгө оруулагч орон сууцны үнийг төлсөн, гүйцэтгэгч орон сууцыг ашиглалтад оруулж, хөрөнгө оруулагч буюу захиалагчид хүлээлгэн өгсөн боловч гэрээнд заасан хугацаанд хэн аль нь үүргээ гүйцэтгээгүй үйл баримт тогтоогджээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Гэрээний 1.4. дэх заалтад “орон сууц 2012 оны 3 дугаар улиралд ашиглалтанд орно”, 5.2.-т “гүйцэтгэгч гэрээний 1.4.-т заасан хугацаа 90 хоногоос илүү хугацаа хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0.2%-тай тэнцэх алдангийг захиалагчид төлнө” гэж тохиролцжээ.
Дээрх заалтаас үзэхэд гүйцэтгэгч орон сууцыг 2012 оны 09 дүгээр сард ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн ба энэ хугацааг 90 хоногоос илүү хугацаа хойшилсон бол 91 дэх хоногоос буюу 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн алданги тооцох шаардах эрх үүссэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар алданги нь анзын нэг төрөл бөгөөд 232.1.-д зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэж тодорхойлсон тул анз нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага юм.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж, 76 дугаар зүйлийн 76.1.-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж тус тус зохицуулжээ.
Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгчийн алданги шаардах эрх 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүссэн бөгөөд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон, нэхэмжлэгч 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.
Хоёр шатны шүүх үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлоогүйгээс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх үүргээ биелүүлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзнэ.
Дээр дурсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00059 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 743 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д зааснаар хариуцагч “Ө” ХХК-иас 86 210 000 төгрөг гаргуулахыг хүссэн Е.Д, С.Знарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очироос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 376 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД